Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 119/ШШ2024/0013

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “К” ХХК /захирал Б.Н/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: З.Ж

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх, Ц.Батцэнгэл, Ж.Энхцоож

Гуравдагч этгээд: “Э” ХХК

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Б

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч: Т.М нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн шийдвэр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301847 дугаар “Э” ХХК-ийн гэрээ байгуулж, эрх олгосон шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагатай маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Ц.Батцэнгэл, Ж.Энхцоож, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б /цахим/, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Э” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “ЭҮТӨҮГ/202301847 дугаар тендер “Э” ХХК-ийн гэрээ байгуулж, эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах”  тухай нэхэмжлэлийг гаргасан.

2.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар тушаалаар ЭҮТӨҮГ/202301847 дугаартай “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж  “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах нээлттэй тендер шалгаруулалтыг зарлажээ.

3. Нэхэмжлэгч “К” ХХК “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэх нээлттэй тендерт оролцсон байна.

4. “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/202301847 тоот тендерт Үнэлгээний хорооны гишүүдийн 66.6 хувийн саналаар шаардлагад  нийцсэн тендер ирүүлсэн “Э” ХХК-ийн DDP-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 606.526.239 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэв.” гэж шийдвэрлэсэн  ба  2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/105 тоот “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “К” ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” заасныг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж Үнэлгээний хороо дүгнэсэн”-ийг мэдэгдсэн байна.

5. 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

6. Нэхэмжлэгч “К” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

1. “Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг” хэлнэ гэж заасны дагуу хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй, “Э” ХХК-ийн санал болгосон тендерийн ирүүлээгүй, алдаатай ирүүлсэн мэдээлэл дээр ТББ-ийн ТШЗ-ийн 13.1-т заасан үндэслэлийг хангахгүй байхад үнэлгээг хийж давуу эрх олгосон, “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хянан үзэх шаардлагатай материалын тодруулга мэдээлэл ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад тэдэнд давуу байдал бий болгож шалгаруулсанд гомдолтой” гэж тодорхойлжээ. 

7. Нэхэмжлэгч “К” ХХК-ийн захирал Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ ...Манай компанийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/202301847 дугаартай Цахилгаан үүсгүүр нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон боловч 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн СЭ/112-12/7443 тоот дугаартай албан бичгээр “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн /цаашид “тендерийн хууль” гэх/ 28 дугаар зүйлийн 28.3-д заасны дагуу “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” хэсгийн үндэслэн манай компанийг шалгаруулаагүй болохыг мэдэгдсэн.

Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч, тендер шалгаруулалтын үр дүнтэй санал нийлэхгүй байсан тул холбогдол зөрчлийг нэрлэн зааж Тендерийн хуулийн 55-р зүйлийн 55.1 дэх хэсгийн дагуу “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу “САНГИЙН ЯАМ”-нд гомдол гаргасан.

Манай гаргасан гомдлыг Сангийн яамны эрх бүхий албан тушаалтан хянаад 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9384 өдрийн албан бичгээр "...

1. Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийн СЭ/112-12/7443 тоот шийдвэрийг хүчингүй болгох гэж заасныг,

2. “Э” ХХК худал мэдээлэл бүхий тендер бэлтгэн оролцсон бол хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийн дагуу холбогдох баримт бичгийг бүрдүүлэн худалдан авах ажиллагааны улсын байцаагчид тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг ирүүлнэ үү” гэж заасныг,

3. “Э” ХХК-ийн санал болгосон “<ЗР\Л/11-200А<ЗЕ" загварын зөөврийн цахилгаан үүсгүүрийн зөрүүтэй мэдээллийг нягтлан үзэх шаардлагатай байна” гэж заасныг,

5. “Э” ХХК-ийн санал болгосон 4ТМ4000 загварын зөрүүтэй мэдээллийг нягтлан үзэх шаардлагатай” гэж заасныг,

6. “Э” ХХК-ийн санал болгосон 1ЕЭ4ТМ\/А4000 загварын гэрэлт цамхагийн мэдээлэл байхгүй тухай дурдсаныг нягтлан үзэх нь зүйтэй” байна гэж дүгнээд тус тендер сонгон шалгаруулалтыг алдаатай хууль бус явагдсан болохыг тогтоон...”, дахин үнэлгээ хийлгэхийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301847 дугаартай “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтын Үнэлгээний хороонд даалгасан.

Улмаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тендер сонгон шалгаруулалтыг дахин явуулж, үнэлгээ хийсэн боловч 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ/112-12/105 тоот албан бичгээр Тендерийн хуулийн 28-р зүйлийн 28.3-т заасны дагуу “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” хэсгийн үндэслэн манай компанийг тендер сонгон шалгаруулалтад шалгаруулалгүй, харин өмнө нотлох баримтаа ирүүлээгүй, хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн байж болзошгүй “Э” ХХК-ийн “хамгийн сайн” тендер ирүүлсэн компаниар шалгаруулсан болохыг мэдэгдсэн.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг Тендерийн хуульд заасан журмын дагуу шалгаруулж, чадаагүй өмнө Сангийн яамнаас олж тогтоосон зөрчил арилаагүй байхад дахин “Э” ХХК-ийг тодруулсанд гомдолтой байна.

Нэхэмжлэгч “К” ХХК-ийн хувьд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас тендер сонгон шалгаруулах Үнэлгээний хороог хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг Тендерийн хуульд заасан журмын дагуу шалгаруулж, чадаагүй өмнө Сангийн яамнаас олж тогтоосон зөрчил арилаагүй байхад дахин “Э” ХХК-ийг тодруулсанд гомдолтой байна.

“Э” ХХК-ийн санал болгосон тендерийн ирүүлээгүй, алдаатай ирүүлсэн мэдээлэл дээр ТББ-ийн ТШЗ-ийн 13.1-т заасан үндэслэлийг хангахгүй байхад үнэлгээг хийж давуу эрх олгосон. “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хянан үзэх шаардлагатай материалын тодруулга мэдээлэл ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад тэдэнд давуу байдал бий болгож шалгаруулсанд гомдолтой байна.

Хэдийгээр шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ хэдий ч Тендерийн тухай хуулийн 27 дугаар зүйл болон тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, шалгуур үзүүлэлтийг нэн тэргүүнд хангасан эсэхийг хянасны дараа үнийн саналыг харгалзан үзэх ёстой.

Гэтэл Үнэлгээний хороо зөвхөн хамгийн бага үнийн саналыг удирдлага болгон бусад шалгуур үзүүлэлтийг үл ойшоож, Сангийн яамны олж тогтоосон зөрчлийг үл харгалзан өмнөх хууль бус шийдвэрээ хамгаалан дахин “Э” ХХК-ийг шалгаруулж байгаа нь өөрөө Тендерийн сонгон шалгаруулах үйл ажиллагааг хууль бус, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлд заасан захиргааны үйл ажиллагаа “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмуудад нийцсэнгүй.

Мөн Үнэлгээний хорооны хууль бус шийдвэрийг шүүхээс тогтоовол түүнийг дагаж гарсан гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр нь хууль бус болох тул үндсэн нэхэмжлэлд илүүтэй ач холбогдлыг өгч нэхэмжлэлийн үндэслэлийг бичсэн болохыг цохон тэмдэглэе. Харин Үнэлгээний хорооноос “Э” ХХК-д захиалагчтай гэрээ байгуулах эрхийг олгосон, нэгэнт захиалагчтай гэрээ байгуулан гарын үсэг зурсан тул Тендерийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу энэхүү хууль бус үйл ажиллагааг нэн даруй шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргалаа.

Харин Үнэлгээний хорооноос “Э” ХХК-д захиалагчтай гэрээ байгуулах эрхийг олгосон, нэгэнт захиалагчтай гэрээ байгуулан гарын үсэг зурсан тул Тендерийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу энэхүү хууль бус үйл ажиллагааг нэн даруй шийдвэрлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргалаа” гэжээ.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:” “К” компани тендерийн баримт бичгийн шаардлагад нийцсэн бараа бүтээгдэхүүн нийлүүлэхээр саналаа хүргүүлсэн. Гэтэл тендерийн Үнэлгээний хороо зөвхөн бага үнийн санал гэдгээр тендерийг хүчингүй болгосон. 30 сая төгрөгийн үнийн зөрүүтэй. Гол нь Япон, Германд үйлдвэрлэсэн чанартай бараа бүтээгдэхүүн нийлүүлэх санал хүргүүлсэн. Гуравдагч этгээдийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь Хятад Улсад үйлдвэрлэсэн. 12 сарын 27-ны өдрийн Үнэлгээний хорооны тэмдэглэл дээр Батцэнгэл гээд Үнэлгээний хорооны гишүүн тайлбартаа Сангийн яамнаас гомдлыг хянаад хууль бус байна гэдэг дүгнэлтээ ирүүлсэн. Дахиж үнэлгээ явуул гэсэн. Дахиад үнэлгээ явуулахдаа гуравдагч этгээдийн бараа бүтээгдэхүүн нь монгол хэлээр ирүүлэх ёстой байсныг монгол хэл дээр ирүүлээгүй гэдгийг нь хүлээн зөвшөөрсөн. Гадаад хэл дээр байгаа орчуулгатай бол заавал монгол хэл дээр хавсаргасан байх ёстой. Монгол хэл дээр орчуулаагүй бол тендерээс татгалзах үндэслэл болно гээд өөрсдөө хүлээн зөвшөөрчихсөн.  Тэгээд дээрээс нь гуравдагч этгээдийн нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүнийг шалгасан. Техникийн тодорхойлолтод нь нийцэхгүй байна. Зарим бараа бүтээгдэхүүн нь тодорхойгүй байна, олдохгүй байна гэсэн ийм тайлбарыг өөрсдөө ирүүлчихээд шалгаруулсан нь хууль бус гэж үзэж байна.

Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгох, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/105 дугаартай “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шаардлага гаргасан гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “”Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 тоот тушаалаар цахилгаан үүсгүүр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хороо 2023 оны 8 сарын 8-ны өдөр тендерийн баримт бичгийг баталж 8 сарын 10-ны өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг зарласан. 2023 оны 9 дүгээр сарын 31-ний өдөр тендерийг нээхэд 7 оролцогч материал ирүүлсэн ба бүгд тендерийн шаардлагад нийцээгүй тул мэдэгдлийг хүргүүлж 2023 оны 10 дугаар сарын 18-ны өдөр тус тендерийг 2 дахь удаагаа зарласан. Тендерийг 2023 оны 11 сарын 20-ны өдөр нээхэд 5 оролцогч буюу “А” ХХК, “А” ХХК, “М” ХХК, “Э” компаниуд тендерт оролцсон. Үнэлгээний хороо 2023 оны 11 сарын 24-ний өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу тендерт оролцогчдын ирүүлсэн материалуудыг хянан үзээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасныг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Э” компанид гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газрын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 7439, 7440, 7441, 7442, 7443 тоот албан бичгээр бүх оролцогч нарт мэдэгдлийг хүргүүлсэн. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан цахилгаан үүсгүүр нийлүүлэгчийг сонгон шалгаруулах “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар 202301847 дугаартай тендерт оролцсон “К” компаниас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 03/9107 албан тоот бичгээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай албан бичиг ирүүлсэн. Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9384 тоот албан бичгээр гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хуралдаж дахин үнэлгээ хийж, “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас 2024 оны 1 сарын 8-ны өдөр “Э” компанид гэрээ байгуулах эрх олгох тухай СЭ-112-12/101 тоот мэдэгдлийг хүргүүлж, бусад оролцогчдод тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг хүргүүлсэн. 2024 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр БТ/20240102-1 тоот мониторингийн дүгнэлт гарсан. “К” компани нь 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр 2406, 2407 дугаартай гомдол гаргах албан бичгийг захиалагчид ирүүлсэн ба захиалагч 2024 оны 1 дүгээр сарын 24-ний өдөр СЭ-112-12/373 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. Захиалагч 2024 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр тус үйлдвэрийн газрын 24080034 дугаартай гэрээг “Э” ХХК-тай байгуулсан. Үнэлгээний хорооны ажил хуульд заасны дагуу ажиллагаа явагдаж дууссан.

Иймд “К” компаниас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны “Э” ХХК-ийг тендерт шалгаруулсан шийдвэр мөн “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар “Э” ХХК-тай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгох тухай гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгож өгнө үү.”гэв.

10. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Батцэнгэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны гомдол хянасан 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9384 дугаартай албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн 7 гишүүн оролцсон. Үнэлгээний хорооны олонхийн саналаар буюу 5 хүн дэмжиж, 2 хүн эсрэг санал өгсөн. Сангийн яамнаас шийдвэрийг хэвээр үлдээсэн. Сангийн яамны албан бичигт 7 үндэслэл байсан. 1 дүгээр үндэслэлд захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гэж гарсан. 2-т гомдол үндэслэлгүй гэсэн шийдвэр ирсэн байна 3-т захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, 4 дүгээр заалтад захиалагчийн шийдвэр үндэслэлтэй, гэхдээ ТШЗ 13.1-д монгол хэл дээр биш байна гэдгийг Үнэлгээний хороо хянан үзээд энэ заалтыг хүлээж аваагүй. 5 дугаар заалтад нягтлан үзэх нь зүйтэй гэсэн. Үнэлгээний хороо 5 дугаар заалтын дагуу техникийн тодорхойлолтод заасныг нь нягтлан үзээд “Э” ХХК-ийн ирүүлсэн техникийн тодорхойлолт нь захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж байна гэж үзсэн. 6 дугаар заалтад мөн нягтлан үзэх зүйтэй гэсэн нягталж үзээд Үнэлгээний хороо техникийн тодорхойлолт 1 дээр захиалагчийн шийдвэр захиалагчийн техникийн тодорхойлолтын шаардлагыг хангаж байна гэсэн. 7 дугаар заалтыг мөн нягтлан үзэх зүйтэй гэсэн нягталж үзээд мөн шаардлага хангаж байна гэж үзсэн.” гэв.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхцоож шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тайлбартаа веб сайтаас зөрүүтэй байна гэсэн байсан. Бид нар веб сайтаар ингэж үнэлнэ гэж заагаагүй, зөвхөн ирүүлсэн материалыг үнэлэх үүрэгтэй. 30 сая төгрөгийн зөрүүтэй Германы зүйл санал болгосон байхад хямд үнэтэй Хятад Улсын зүйл шалгарууллаа гэж байна. Бид нар нэг төгрөгийн хямд байсан ч шаардлага хангаж байвал шалгаруулна. Сангийн яамны ирүүлсэн албан тоотын 7-д заасан “Э ХХК-ийн санал болгосон зөөврийн цахилгаан үүсгүүрийн хүснэгт орчуулгатай байгаа. Сангийн яамнаас ирүүлсэн санал дээр энэ веб сайт руу ороод таарсан загварынх орчуулга байхгүй байна гэсэн. Техникийн үндсэн үзүүлэлт монгол хэл дээр байна гэж үзсэн.” гэв.

12. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмнө нь шүүхэд хүргүүлсэн тайлбараа дэмжиж байна. Бараа интернэтээс олдохгүй байна гэж байна. Захиалагчийн шаардлагын дагуу үйлдвэрлэж байгаа. Дэлгүүр биш үйлдвэрлэгч компани учраас бид нар шаардлагын дагуу тоног төхөөрөмж угсарч, сэлбэг эд ангиудаа хийгээд чанарын баталгаа өгдөг. Тиймээс заавал интернетийн сайт, дэлгүүр дээр тавигдах албагүй. Хятадын бараа чанаргүй гэсэн утгатай зүйлийг зөвшөөрөхгүй байна. Олон Улсын стандартын дагуу угсрагдаад үйлдвэрлэгдэж байгаа. Баталгаагүй барааг 1 удаа нийлүүлээд орхихгүй. Араас нь чанарын баталгаа дагалдаж байгаа. Техникийн үзүүлэлтийн тухайд тендерийн баримт бичгийн шаардлагын дагуу шаардлагад нийцсэн барааг нийлүүлэхээр бичиг баримтаа бүрдүүлэн хүргүүлсэн.  Захиалагчийн шаардаж байгаа бараа бүтээгдэхүүний стандартад манай нийлүүлж байгаа бараа нийцнэ гэдгийг баталгаатай хэлж чадна. Одоо 500.000.000 гаруй сая төгрөгийн бараа хилээр нэвтэрч орж байгаа. Зураг, бичлэг, схемээр нотлогдож байгаа.” гэв.

13. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.М  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бидний гаргасан хүсэлтийг хүлээж аваагүй үндэслэлийг тайлбарлахдаа өмнөх шүүх хуралдаан 03 дугаар сарын 22-ны өдөр болсон талаар тайлбарлаад байна. Би 03 дугаар сарын 22-ны өдөр байгаагүй, 04 сарын 01-ний өдөр хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулаад хүсэлтээ өнөөдөр гаргаж байгаа болохоос өмнөх шүүх хуралдаан дээр гаргасан хүсэлт биш. Үүнийг шийдвэрлээгүй нь өмгөөлөгчөөр оролцож байгаа миний мэтгэлцэх эрхийг бүрэн хангасангүй гэдгийг тусгуулъя. Нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар талуудын хооронд эрх бүхий албан тушаалтны гаргасан шийдвэрийн дагуу манай зүгээс гэрээнд заасан гэрээний үүргээ биелүүлээд нийт 606 сая төгрөгийн бодит худалдан авалт хийгдээд тодорхой хэмжээний үнийн дүнтэй бараа бүтээгдэхүүнийг нийлүүлчихсэн байгаа.

Хуульд заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрээний биелэлтийг түдгэлзүүлэх гэдэг ч юм уу, илтэд хохиролтой нөхцөл байдал үүсэж магадгүй гэдэг нөхцөл байдал байсан бол манайх гэрээнд заасан үүрэг болох 606 сая төгрөгийн тендерийн техникийн тодорхойлолтод заасан бараа бүтээгдэхүүнийг худалдан авах, цаашид захиалгаа өгөх, захиалагчид нийлүүлэх шаардлага үүсэхгүй байх байсан. Гэтэл энэ нөхцөл байдал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийгдээгүй учраас манайх нэгэнт гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу худалдан авалтуудыг хийж бараг бэлэн болгосон. Ямар шийдвэр гарахаас шалтгаалаад манайх дээрх хэмжээний хохирол үүсэх үндэслэл бүрдчихээд байна. Эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ дагуу хохирлыг төлөх хуулийн үр дагавар үүсэж магадгүй. Манайх худалдан аваад Эрдэнэт үйлдвэрт нийлүүлэх гээд байгаа бараа бүтээгдэхүүн бол манайд зайлшгүй шаардлага байхгүй. Гэрээгээр хүлээсэн үүргийнхээ дагуу бусдад нийлүүлэх гэж байгаа эд хөрөнгө байгаа. Нэхэмжлэгчийн хувьд хуульд заасан процесс журмыг баримталдаггүй. Хэргийн материалтай танилцаагүй учраас сайн мэдэхгүй байгаа ч гэсэн манай үйлчлүүлэгчийн хэлснээр өмнө Сангийн яаманд хандсан. Үүний дагуу тендерийн үнэлгээ хийгдсэн. Энэ үнэлгээтэй холбоотой дахин манайхыг шалгаруулсан учраас шүүхэд хандсан гэдэг нөхцөл байдлыг илэрхийлж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу тендерийн маргаантай холбоотой асуудал дээр шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдэх ёстой. Гэрээ байгуулах шийдвэр гарахаас өмнө нь холбогдох газар болох Сангийн яаманд хүсэлт, гомдлыг гаргах ёстой. Өмнө нь гаргасан гэдэг байдлаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзэхгүй байна. Тиймээс нэхэмжлэгчийн гаргаж байгаа нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй ийм нөхцөл байдалтай байна. Тэгэхээр тухайн гэрээ байгуулсан шийдвэрийг хүчингүй болгосноор манайд үүсэх хохирол үлэмж хэмжээний их байх юм. Нэхэмжлэгчийн гаргаад байгаа хүсэлт нь хуульд заасан дүрэм журмын дагуу гаргаагүй байна гэдэг нөхцөлүүдийг үндэслэж хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “К” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “Э” ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301847 дугаар тендер “Э” ХХК-ийн гэрээ байгуулж, эрх олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

2. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

 Тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 “тендер шалгаруулалт” гэж энэ хуульд заасан журмын дагуу зарлал нийтлэх, урилга хүргүүлэх, тендер хүлээн авах, нээх, хянан үзэх, үнэлэх, захиалагч шийдвэр гаргах үйл ажиллагааг” хэлнэ гэж заасны дагуу хянан үзэх үүргээ хэрэгжүүлээгүй,

“Э” ХХК-ийн санал болгосон тендерийн ирүүлээгүй, алдаатай ирүүлсэн мэдээлэл дээр ТББ-ийн ТШЗ-ийн 13.1-т заасан үндэслэлийг хангахгүй байхад үнэлгээг хийж давуу эрх олгосон,

“Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн хянан үзэх шаардлагатай материалын тодруулга мэдээлэл ирүүлсэн эсэх нь тодорхойгүй байхад тэдэнд давуу байдал бий болгож шалгаруулсанд гомдолтой гэж тодорхойлжээ. 

3. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

3.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/98 дугаар “Үнэлгээний хороод байгуулах тухай” тушаалын 121 дугаар хавсаралтаар ЭҮТӨҮГ/202301847 дугаартай “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан байна.  

3.2. Тендерийн Үнэлгээний хороо анх 2023 оны 08  дугаар сарын 02-ны өдөр хуралдаж тендерийн баримт бичгийг хэлэлцэн нийлүүлэх бараа нь техникийн тодорхойлолт, стандартад нийцсэн байхаар  боловсруулсан байна.

3.3.  2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Үнэлгээний хороо хуралдаж, 02 дугаар шийдвэрээр “К” ХХК-ийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

3.4. Дээрх Үнэлгээний хорооны шийдвэрт захиалагч 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр мониторинг хийж, “К” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг  нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэсэнтэй нийцэхгүй байх тул дахин үнэлгээ хийлгэх саналтай байна.” гэсэн дүгнэлтийг гаргажээ.  

3.5. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр дахин хуралдаж Үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар бүх тендерээс татгалзаж, дахин тендер шалгаруулалт явуулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэж, энэ тухайгаа тендерт оролцсон бүх компаниудад албан тоотоор мэдэгдсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. Уг Үнэлгээний хорооны болон захиалагчийн гаргасан шийдвэрт тендерт оролцогчид гомдол гаргаагүй байна.

3.6. Ингээд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг шалгаруулах  ЭҮТӨҮГ/202301847 тоот тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хуралдаж, үнэлгээний хорооны гишүүдийн 100 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Э” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 606.526.239  төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэн шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн,  захиалагчаас тендерт шалгарсан “Э”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендерт оролцогч компаниудад тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.

3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шийдвэрийг   “К” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9384 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг мэдэгдье.” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр дахин хуралдаж, тендерт үнэлгээ хийн, үнэлгээний хорооны гишүүдийн 66.6 хувийн саналаар шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “Э” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 606.526.239  төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулах саналыг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна.

 3.8. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах” заасны дагуу тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлтэнд захиалагч мониторинг хийж “Оролцогчдоос ирүүлсэн тендерийг хянан үзэхэд: тендерт оролцогч “Э” ХХК, “М” ХХК, “К” ХХК-ийн ирүүлсэн тендер нь батлагдсан тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан байна.” гэж үзээд, “ Тендерт оролцогчоос ирүүлсэн тендерийг хянан үзэхэд Үнэлгээний хорооны “хамгийн сайн” тендерээр үнэлсэн “Э” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-д “Тендер энэ хуулийн 27.1-д заасан бүх шаардлагыг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ.” гэсэнтэй нийцэж байна. Үнэлгээний хорооны шийдвэртэй санал нэг байна.” гэж дүгнэж,  “Э” ХХК-тай гэрээ байгуулахыг зөвшөөрсөн захиалагчийн шийдвэр гарч, “Э” ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендер оролцогчид болон “К” ХХК-д тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн байна.

3.9. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/105 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “К” ХХК-ийн ирүүлсэн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж зааснаар тендерт шалгараагүй болохыг мэдэгджээ.

3.10. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Э” ХХК-аас ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтэд нийлүүлэхээр санал болгосон “4ТN4000” загварын гэрэлт цамхагийн зөрүүтэй мэдээллийг нягтлан үзээгүй  гэж тайлбарласан ба энэ нь Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9384 дугаар албан бичгийн 6-д тодорхой заасан гэж тайлбарласан.

3.11. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг байна.

3.12. “Техникийн тодорхойлолт”-д тавигдах шаардлагыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай хэрэглээ, ашиглалт, чанарын түвшин, техникийн болон тухайн бараа, ажил, үйлчилгээ нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох” гэж заасан ба үүний дагуу захиалагчаас  “техникийн тодорхойлолт”-ыг гаргасан байна.   

3.13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 16 дугаар зүйлийн 16.2-т “Энэ хуулийн 16.1-д заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх шаардлагатай баримт бичиг, тэдгээрт тавигдах шаардлагыг тендерийн баримт бичигт заана” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулан баталдаг.

3.14. Техникийн тодорхойлолтын дагуу тендерийн өгөгдлийн хүснэгтийн тендер шалгаруулалтын зааварчилгааны 19.4-т “Тендерт оролцогч, түүний нийлүүлсэн бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэж тусгажээ.

3.15. Мөн тендерийн баримт бичгийн 3 дугаар бүлэгт “Техникийн тодорхойлолт, тавигдах шаардлага”-д техникийн тодорхойлолтыг боловсруулахад ашиглах санамж, нийлүүлэх 6 төрлийн барааны техникийн тодорхойлолтыг хүснэгт хэлбэрээр гарган “Цахилгаан үүсгүүр гэрэлт цамхаг”-ийн ерөнхий шаардлагуудыг тодорхойлсон байна.

3.16. Гэрэлт цамхагийн загвар нь “Himoinsa APOLO AS4006 эсхүл түүнтэй дүйцэх” гэж тодорхойлсон ба “Э” ХХК “Himoinsa APOLO AS4006” загварын гэрэлт цамхагтай дүйцэх “4MN400” загварын зөөврийн гэрэлт цамхгийг санал болгосон ба техникийн тодорхойлолтын өгөгдлийн хүснэгт, зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичигт тусгасан байгаа нь тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-ын 19.4-д “тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ.” гэсэнтэй нийцсэн байна.    

3.17. Монгол Улсын Сангийн яамны “Гомдол хянасан тухай” 03/9384 дугаар албан бичгийн 6 дугаарт “...гомдолд холбогдох цахим хуудас (www.storike.com/en/web/product.asp1?id=1338 ttps://www.globalsources.com/Mobile-light/Mobile-lighting-Tower-199419122p.htm)-т 4MN400 загварын гэрэлт цамхгийн мэдээлэл зөрүүтэй байна” гэснийг  нягтлан үзээгүй гэж нэхэмжлэгч тайлбарладаг боловч тухайн цахим хуудастай холбоотой мэдээлийг нягтлах тухай тендерийн баримт бичигт тусгагдаагүй, гэрэлт цамхагийн загвар нь  Himoinsa APOLO AS4006 загвар байх ба эсхүл түүнтэй дүйцэх үзүүлэлтэй ижил төрлийн загвар байж болохоор техникийн тодорхойлолтод тусгагдсаны дагуу “Э” ХХК  4MN400 загварын зөөврийн гэрэлт цамхагийг санал болгосон, санал болгосон загвар нь техникийн үзүүлэлтийн шаардлагыг хангасан болох нь гуравдагч этгээдээс тендерт ирүүлсэн техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгт, хүснэгтээр үзүүлсэн тухайн техникийн зураг, тайлбараар  нотлогдож байна.

3.18. Мөн техникийн тодорхойлолтын 5-д хээрийн судалгаанд хэрэглэх зориулалттай, “Зөөврийн цахилгаан үүсгүүр”-ийн үзүүлэлтийн талаар “Э” ХХК-ийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүсэнгтийн ТШЗ 13.1-д “Тендер шалгаруулалтын урилга, тендерийн баримт бичгийг гадаад хэлээр давхар нийтэлсэн эсэхээс үл хамааран тендерийн баримт бичиг, тендер шалгаруулалттай холбогдох албан бичиг, захидал, бусад баримт бичиг, тендерт оролцогчдын ирүүлэх тендер Монгол хэлээр байх ба өөр хэлээр үйлдсэн тендер, түүний доторх баримт бичиг, мэдээллийг зохих ёсоор орчуулсан орчуулгыг тендерт оролцогч бэлтгэн ирүүлнэ. Тендерийн материалыг Монгол хэл дээр ирүүлээгүй тохиолдолд тендерээс татгалзах үндэслэл болно.” гэсэнтэй нийцээгүй байхад тендерт “Э” ХХК-ийг шалгаруулсан нь хууль зөрчсөн гэж нэхэмжлэгчийн өмгөөлөгч маргасан.

3.19. Захиалагч зөөврийн цахилгаан үүсгүүр-гагнуур /САК/ RID RS5221 S  эсхүл түүнтэй дүйцэх загварын цахилгаан үүсгүүрийг худалдан авахаар техникийн тодорхойлолтыг боловсруулсан ба тендерт оролцогч “Э” ХХК нь “GFW11-200AGE” загварын техникийг санал болгон ирүүлсэн тендерийн баримт бичгүүдийг шинжлэн судлахад /сиди бараа-5/ санал болгосон техниктэй холбоотой баримт бичгүүдийг албан ёсоор орчуулсан орчуулгыг ирүүлсэн байгаа нь тендерийн үнэлгээний хороог хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.  

3.20. Түүнчлэн тендерийн Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2. техникийн тодорхойлолт; 27.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заасныг зөрчөөгүй байна гэж шүүх үзлээ.

 3.21. Мөн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаануудыг хуульд заасны дагуу хийсэн болох нь тогтоогдож байна.  

3.22. Дээрхи байдлуудаас дүгнэхэд “Цахилгаан үүсгүүр” нийлүүлэгчийг шалгаруулах ЭҮТӨҮГ/202301847 тоот тендерийн Үнэлгээний хороо “Э” ХХК-аас ирүүлсэн тендерийг хянан үзсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны шийдвэр зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмыг хангасан гэж үзлээ.

3.23. Мөн тендерийн Үнэлгээний хороо болон захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтлана.” гэж зааснаар тендер сонгон шалгаруулах ажиллагааг хурдан шуурхай зөв шударга зохион байгуулж, тухайн ажил үйлчилгээг хийх чадвар чадамжийг үнэлэн шалгаруулах, эдийн засгийн болоод цаг хугацааны хэмнэлттэй байх зарчмыг баримталсан байна.   

3.24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэн мөн хуулийн 47 дугаар 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ийг гаргасан.

3.25. Тендерийн Үнэлгээний хороо “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт зааснаар хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж дүгнэн, 606.526.239 төгрөгийн үнийн санал ирүүлсэн “Э” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлж, тендерт шалгаруулж, 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/101 дугаар албан бичгээр “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдсэн байна.  

3.26.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна” гэж заасныг үндэслэн  “К” ХХК-ийн тендерийг шалгаруулаагүй  тухай 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/105 дугаар мэдэгдэл хүргүүлжээ.

3.27. Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27, 28  дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчдын бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж, тендерийг үнэлэн, шаардлагад нийцсэн тендерийг шалгаруулсан тендерийн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй юм.  

3.28. Иймд “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шалгаруулсан  Үнэлгээний хорооны шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1. энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3. тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага;”, 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, гэж тус тус заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

 3.29. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-т “Нэг үе шаттай тендер шалгаруулалтын үед энэ хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянаж, шаардлагад нийцсэн гэж үзсэн бүх тендерт үнэлгээ хийнэ” гэж зааснаар тендерийн Үнэлгээний хороо тендерт оролцогч компаниудын ирүүлсэн тендерийг мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу хянан үзэж, шаардлагад нийцсэн тендер гэж үзэн үнэлгээ хийж, шалгарсан тендертэй гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь Үнэлгээний хорооны 2023 оны 12 дугаар  сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон.

3.30. Тендерийн Үнэлгээний хорооны дээрх шийдвэрийн дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/105 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг “К” ХХК-д хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-т “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна.” гэснийг үндэслэн тендерт шалгараагүй талаар бичгээр мэдэгдсэн нь  хуульд нийцжээ.

  3.31. Мөн Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/101  дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-т “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ.” гэж зааснаар “Э” ХХК-д хүргүүлсэн байна.

3.32. Ингээд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, гүйцэтгэгч “Э” ХХК нарын хооронд 2024/08-Н-0034 дугаар “худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан нь үндэслэлтэй.  

3.33.  Иймд нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хорооны “Э” ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Э” ХХК-ийн гэрээ байгуулах, эрх олгосон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/101 дугаартай мэдэгдэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

3.34. Гуравдагч этгээд “Э” ХХК-ийн өмгөөлөгч Т.М нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж тайлбарласан.

3.35. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан  хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана.” зааснаар “К” ХХК гомдол гаргасны дагуу Монгол Улсын сангийн яам 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 03/9384 дугаар албан бичгээр хариу өгсөн, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн  учраас гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн тайлбар үндэслэлгүй байна гэж шүүх үзлээ.

Мөн гуравдагч этгээд болох “Э” ХХК-д өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа авах боломжит хугацаагаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдааныг хойшлуулж байсан, дахин шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлгүй, хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа дууссан зэргээр гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр 29.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “К” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын тендерийн Үнэлгээний хорооны “Э” ХХК-ийг шалгаруулсан 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301847 дугаар тендер “Э” ХХК-ийн гэрээ байгуулах, эрх олгосон 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн СЭ-112-12/101 дугаартай мэдэгдэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “К” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА