| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2017/0192/Э |
| Дугаар | 191 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхжаргал |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 191
2017 оны 12 сарын 18 өдөр 2017/ШЦТ/191 Хэрлэн сум
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:180/2017/0192/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Н.Энхзул
Улсын яллагч Д.Энхжаргал
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл
Шүүгдэгч А.А, Б.Г нарыг оролцуулан
Тус Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А, Г нарт холбогдох эрүүгийн 1739000000063 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1987 оны 08 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа мал малладаг, ам бүл , Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Баянзүрх багт оршин суух А
Монгол улсын иргэн, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр суманд 1996 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, ахын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар багт оршин суух хаягтай Г.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/
Шүүгдэгч А.А, М.Г нар нь хамтран 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газар оршин суух иргэн Л.С гэрт нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Ддиш станц, бэлнээр 200.000 төгрөгийг авч 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Л.С-н: Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр байх Э гэх айлд хонь хүлээлгэн өгөөд сумын төв явсан. Тэр үед надтай А, Ж гэх жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна тэр хоёр намайг хонь туугаад “Тэнхлэг” гэх газарт явган явж байхад ирсэн. Тэгээд тэр хоёр хурга, ишиг зарах уу гээд асуусан. Надтай эхнэр хамт явж байсан. Тэгээд тэр хоёрт өртөг таарахгүй юм байна гээд буцаад явсан. Дахин тэр залуутай уулзаагүй. Тэр өдөр гэрээрээ оролгүй сумын төв явсан. Тэгээд орой сумын төвд явж байхад эхнэр надтай утсаар яриад манай ДДиш станц алга байна, мөн авдарны ард талыг хөшиж онгойлгосон байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би битгий юм оролдоорой би маргааш очно гэж хэлсэн. Сумын төвөөс ирэхэд авдарыг ар талаас нь онгойлгосон байсан. Дотор нь хүрэн өнгийн савхин түрийвч дотор байса 200.000 төгрөг байхгүй болсон байсан. Тэгээд би тэр хоёр залууг манай гэрээр очсон болохоор миний юмыг эргүүлж өгнө байх гээд өдий хүртэл цагдаад хэлэлгүй харлаа. Одоо болтол өгөхгүй байна. Тэр хоёрыг манай гэрээр орсоныг Доржсүрэн гэх ах харсан байсан. Өөр хүн тэр өдөр манай гэрээр ороогүй байсан. Гэрээ би гаднаас нь хүлээд явсан. ... би тэр хоёр залууг сэжиглэж байна гэх мэдүүлэг. /хх-ийн 3-4хуу/
Гэрч Д-ийн: 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр би гэрийнхээ хаяанаас дурандаад байж байтал мотоцикльтой хоёр хүн С-ийн гэрийн гадаа очиж байсан. Удалгүй манай хойгуур, хажуугаар яваад байсан. Тэгээд манайд А-ийн хүү А ганцаараа ирсэн. Тэгэхээр нь чи хоёулаа яваагүй юм нэгийгээ яагаа вэ гэхэд хашаан дээр нохойгоо хараад үлдсэн та адуу харсан уу гэж сураад яваад өгсөн. Түүний маргааш Сүхээ манайд хулгай ороод гэж хэлэхээр нь А нэг залуутай орж байсан гэдгийг нь хэлсэн гэх мэдүүлэг. /хх-ийн 5хуу/
Гэрч Э.Ө-н: ... С ах Б эгч хоёртой уулзсан мотоциклтой хоёр хүн уулзчихаад С ахын гэр рүү очиж байсан. Тэгээд би Сүхээ ах руу очоод таньтай уулзсан хоёр хүн хэн юм бэ танай гэр рүү орж байна гэж хэлэхэд А, Ж хоёр гэрийн гаднаас нохойгоо авах гэж байгаа юм байх гэхээр нь тоогоогүй гэх мэдүүлэг. /хх-ийн 6хуу/
Алдагдсан эд зүйлийн үнэлгээ. /хх-ийн 18хуу/
Шүүгдэгч А.А-ий: Би 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Өмнөдэлгэр сумын хөдөөгүүр өөрийн эхнэрийн төрсөн дүү болох Гантулгын хамтаар морь хайж яваад Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газарт нутаглах С гэх айлынх руу очиж морио асуух санаатай очсон чинь Сүхээ гэх айлд хүн байхгүй гэр нь цоожгүй байсан. Тэгээд би Гантулгын хамтаар Сүхээ гэдэг хүний гэр лүү нь ороод гэрийн хойд авдар дээр байсан хар өнгийн “Ддиш ТВ” –н станц аваад авдарны арыг нь сүхээр хөшиж онгойлгосон чинь дотор нь бараан өнгийн түрүүвчинд бэлэн 200.000 төгрөг байсан. Тэгээд би Г-н хамтаар тэр мөнгийг зуу, зуун мянгаар нь хувааж аваад гэр лүүгээ явсан гэх мэдүүлэг. /хх-ийн 29-30хуу/
Шүүгдэгч М.Г-ын: ... нутгын айл хохирогч С-н гэр лүү адуугаа асуух санаатай очсон юм. Тэгээд гэрт нь очиход С-ийн хүн байхгүй гэр нь цоожгүй байхаар нь А ах бид хоёр гэр лүү орсон. Тэгээд эзэнгүй айлд байж байгаад гэрийн хойд талд байсан авдарыг араар нь сүхээр онгойлгоод дотор нь байсан бараан өнгийн түрүүвчинээс 200.000 төгрөг аваад 100.000 төгрөгийг нь А ах надад өгөхөөр нь би авахгүй гэж хэлсэн чинь авчихаа гэж хэлсэн. Тэгээд би тэр мөнгийг нь авсан. Тэгээд авдар дээр байсан хар өнгийн “Ддиш Тв”-н станцыг А ах бас аваад гарсан гэх мэдүүлэг /хх-ийн 31-32хуу/ зэрэг болно.
Шүүгдэгч А.А, М.Г нар нь хамтран 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 2 дугаар баг “Тэнхлэг” гэх газар оршин суух иргэн Л.С-н гэрт буюу хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нууцаар, хууль бусаар нэвтрэн орж Ддиш станц, бэлнээр 200.000 төгрөгийг авч нийт 330.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, алдагдсан эд зүйлийн үнэлгээ, шүүгдэгч нарын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдож байна.
Иймд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул А.А, М.Г нарт ял оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, бусдад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг нь харгалзан үзэж дээрх үйлдэлд оногдуулах хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч А, М нарыг хүн байнга амьдрах зориулалт бүхий орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3, 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А 01 /нэг/ жил 03 /гурав/ сар хорих ял, шүүгдэгч М.Г 01 /нэг/ жил 01 /нэг/ сар хорих ял оногдуулсугай.
3.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-д оногдуулсан 01 жил 03 сарын хорих ял, шүүгдэгч М.Г-д оногдуулсан 01 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
6.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд ялтан, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА