Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 2017/ШЦТ/76

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,

улсын яллагч Э.Нямбилэгт,

шүүгдэгч С.Энхбаатар, Д.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Хардал овогт Сүхээгийн Энхбаатар, Боржигин овогт Догмидын Баяржаргал нарт холбогдох эрүүгийн 1717000640033 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Хардал овогт Сүхээгийн Энхбаатар /РД:СУ69072071/ Хэнтий аймгийн Өндөрхаан суманд 1969 оны 07 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 75 дугаар байрны 60 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Догмидын Баяржаргал /РД:ЕЙ79031501/ Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1979 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Төгрөгийн 1-11 тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй, бүрэн дунд боловсролтой, худалдагч мэргэжилтэй, ам бүл 6, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг,

Урьд 2006 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн,

- 2007 онд Говьсүмбэр аймаг дахь Сум дундын шүүхийн 10 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3-т зааснаар оногдуулсан 5 жил 6 сарын хугацаагаар хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2-т зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялын зарим болох 1 жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 6 жил 6 сарын хугацаагаар тогтоосон.

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч С.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 133 дугаар байрны 17 тоотод иргэн Д.Баяржаргалыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

 

Яллагдагч Д.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 133 дугаар байрны 17 тоотод иргэн С.Энхбаатарыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч С.Энхбаатар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 14 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, 133 дугаар байрны 17 тоотод Д.Баяржаргалыг виза карт аваад явсан байна гэж хэрүүл маргаан үүсгэн нүүр лүү нь мөргөсний улмаас түүний нүүрэн тус газарт шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

- шүүгдэгч Д.Баяржаргал нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ С.Энхбаатарыг виза карт авч яваад их мөнгө авлаа гэж хэрүүл маргаан үүсгэн улмаар түүний нүүрэн тус газарт мөргөж, хоолны халбагаар зүүн гарт нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1.1. Шүүгдэгч С.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Байгаль, Баяржаргал бид 3 төмөр замын 5 давхарт Улаанаагийнх гэдэг айлд очиж 2 шил архи уусан. Архиа ууж дуусаад би Баяржаргалын картыг аваад дахин архинд явсан. Яваад ирэхэд Д.Баяржаргал карт аваад алга болчихлоо гэж уурлахаар нь би карт чинь энд байгаа гээд бид 2 маргалдсан. Баяржаргал бид 2 барилцаж авахад намайг мөргөсөн. Тэгэхээр нь би архи аягалж байсан аягаараа цааш түлхсэн. Түлхэхдээ арай хүчтэй түлхээд хацарнаас нь цус гарсан. Баяржаргал уурлаад миний гар дээр хоолны халбагаар 2 удаа цохисон. Манай ээж 80 нас гарсан хэвтрийн хөгшин байдаг. Би ээжийгээ асраад хамт байдаг. Ээжийгээ амьд дээр нь баярлуулж байя гэж бодож байна. Би өөрөө ч нас тогтож байна. Дахин ийм гэмт хэрэгт холбогдохгүй гэв.   

 

1.2. Шүүгдэгч Д.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Энхбаатар ах Байгалиа бид гурав 5 давхарт айлд очиж 2 шил архи уусан. Бид хэд 2 шил архиа ууж дуусаад Энхбаатар ах, Байгалиа 2 миний картыг аваад архинд явсан. Энэ 2 миний картнаас мөнгө уншуулсан байхаар нь би карт аваад алга болчихлоо гээд уурлаад Энхбаатар ахтай маргалдсан. Энхбаатар ах намайг заамдаад авахаар нь би Энхбаатар ахыг мөргөөд хоолны халбагаар гар луу нь цохисон. Энхбаатар ах миний хацар луу аягаар цохисон. Би архинаас хол явъя гэж бодож байна. Дахин гэмт хэрэгт холбогдохгүй. Өөртөө зав гаргахаар л буруу зүйл хийчих гээд байна. Хэдэн хүүхдийнхээ төлөө сайхан амьдаръя гэж бодож байна гэв.

 

1.3. Хохирогч С.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Баяржаргал миний нүүр рүү 1 удаа мөргөж, гар дээр 2 удаа цохисон гэв.

 

1.4. Хохирогч Д.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр маргаан гараад Энхбаатар ах бид 2 муудаад Энхбаатар ах аягаар миний баруун хацар дээр цохисон. Эмнэлэгт очиж 3 оёдол тавиулсан гэв.

 

1.5. Гэрч Б.Ууганбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...Гэрт нь ороход Улаанаа 2 хүүхдийн хамт байсан ба гэрийн зүүн орон дээр нэг тарган эмэгтэй унтаж байгаад удалгүй босож ирээд банкны картаа Улаанаагаас асуугаад Улаанаагийн утсаар нэг хүн рүү яриад картаа асуугаад та хоёрыг ална гээд элдвээр харааж байгаад тэр эмэгтэй гараад явсан. Удалгүй согтуу эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гаднаас архи бариад орж ирээд сууж байтал дахиж хаалга нүдсэн ба гэрт орж ирсэн эрэгтэй хаалга тайлсан чинь нөгөө Улаанаагийн гэрээс гардаг тарган эмэгтэй орж ирээд хаалга тайлсан ахыг гараараа нүүр лүү нь цохиод “та хоёр хүний картыг аваад явчихдаг ямар дураараа юм” гээд нөгөө сандал дээр сууж байсан эгчийг гараараа нүүр, гар, хөл рүү нь цохиод байсан. Тэр цохиулдаг эгч нүүрээ дараад өөдөөс нь хөдлөхгүй байсан. Тэд нарын дундуур Улаанаа ороод салгаж байгаа харагдсан. Тэгээд намайг нэг харахад үүд орчим аяга хагарчихсан бүдүүн эгчийн нүүрнээс цус гарч байсан. Нөгөө эгчийн гар зүсчихлээ гэсэн үү нэг юм яриад байсан. Тэр эгчийн гар нь цус болчихсон байсан. Тэгээд тэд нар зодолдохоо больсон. Би гэрийн үүдэнд хагарсан аягануудын хэлтэрхийг гал тогооны өрөөний хогийн саванд хийсэн. Тэд нар авсан архиа уугаад үлдсэн. Би хүүхдээ аваад тэдний гэрээс гарсан. Би хүүхдүүд харж байсан болохоор хэн нь хэнийгээ аягаар цохисныг хараагүй. Бүдүүн эмэгтэй хэн намайг аягаар цохисон бэ гээд хашгираад байсан. Тэр ах нилээн согтуу бүдүүн эгчийг түлхэхэд унаад байсан. Тэр ахын шүд уначихлаа гээд байх шиг байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23 хуудас/

 

1.6. Гэрч О.Байгалмаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төмөр замын 5 давхарт Баяржаргалын найз эмэгтэй Улаанаагийн гэрт Энхбаатар, Баяржаргал, Дарханбаатар бид нар 2 шил архи уусан. Баяржаргал Энхбаатарт карт өгөөд дахиж архи аваад ир гэсэн ба Энхбаатар бид хоёр гарч дэлгүүрээс Баяржаргалын картыг уншуулаад 2 шил архи аваад буцаад нөгөө айлдаа ирсэн. Би нилээн согтсон байсан. Би Баяржаргал, Энхбаатар нарыг юунаас болж муудалцсаныг мэдэхгүй байна. Ямар ч байсан би цагдаа дуудсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

1.7. Гэрч Ц.Отгонтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр гэртээ байж байхад манай хаалгыг хүчтэй нүдэхээр нь би хэн бэ гэсэн чинь Баяржаргал байна гэсэн. Тэгээд хаалгаа тайлсан чинь Баяржаргал үл таних эрэгтэй, эмэгтэй 2 хүний хамт орж ирээд тэд нар 1 шил архи уусан. Баяржаргал тэр эмэгтэй, эрэгтэй хоёр хүнд өөрийн картаа өгөөд архи, тамхинд явуулаад орон дээр унтсан. Тэгэхэд гаднаас Ууганаа хүүхэдтэйгээ орж ирсэн. Баяржаргал босож ирээд карт яасан бэ гээд пиздаагаар нь хараагаад картаа өгсөн эрэгтэй, эмэгтэй 2 хүний утас руу залгаж байгаад гараад явсан. Удалгүй нөгөө хоёр гаднаас тортой юм бариад ороод ирсэн. Мөн Баяржаргал удаагүй араас нь орж ирээд карт аваад ир мөнгө уншуулсан байна гээд нөгөө ах руу дайраад шоронгоор харааж байгаад арай гайгүй болж байснаа дахиад нөгөө ах руу дайраад байхаар нь би та хоёр гэрт битгий хэрүүл хийгээд бай гарч хэрэлд гэж хэлээд газар байсан гудас юмаа янзлаад хойшоо хараад байж байхад Баяржаргал муухай орилохоор нь эргээд харсан чинь хацарнаас нь цус гарсан байсан. Би тэд нарыг гар гэж гэрээсээ хөөхөд нөгөө хоёр эрэгтэй, эмэгтэй гараад явсан. Баяржаргал орон дээр хацраа дараад сууж байхад цагдаа нар орж ирээд тэд нарыг аваад явсан. Би хэн цохисныг хараагүй. Тэд нар гаднаас орж ирэхдээ нилээн согтуу байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/

 

1.8. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Д.Баяржагралд учирсан тархи доргилт, баруун хацрын төвгөр, духны баруун төвгөрт учирсан шарх нь тус тусдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Д.Баяржаргалд үүссэн духны баруун төвгөрт үүссэн шарх нь духаараа хүний шүдэнд цохих үед үүсэх боломжтой” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/

 

1.9. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 388 дугаартай дүгнэлтэнд: Д.Баяржаргалын биед тархи доргилт, баруун хацрын төвгөр, духны баруун төвгөрт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 34 хуудас/

 

 1.10. Шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 389 дугаартай дүгнэлтэнд: С.Энхбаатарын биед зүүн бугуй, зүүн гарын долоовор хурууны 3 дугаар үенд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 37 хуудас/

 

1.11. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 3-5 хуудас/

 

1.12. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 7-11 хуудас/

 

1.13. Эд мөрийн баримт түр хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтанд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тэмдэглэл /х.х-ийн 14-16 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч С.Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Д.Баяржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч С.Энхбаатар, Д.Баяржаргал нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч С.Энхбаатар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.2. Хохирогч Д.Баяржаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

 

2.3. Гэрч С.Энхтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С.Энхбаатар нь манай төрсөн ах байгаа юм. Багадаа цэцэрлэгээр хүмүүжээд 1977 онд Өндөрхаан сумын 1 дүгээр арван жилийн сургуульд орж 1987 онд төгсөөд Дорноговь аймгийн 068 дугаар ангид цэргийн алба хаасан. Тэгээд ойр зуурын ажил хийж байгаад 2002 онд Хорих 425 дугаар ангид хянагчаар ажиллаж байгаад 2008 онд ажлаасаа гарсан. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ээжийн хамт амьдардаг. Манай ээж 83 настай хэвтэрт байнгын эмчийн хяналтанд байдаг. С.Энхбаатар нь зан байдлын хувьд маш их даруухан, ямар нэгэн ааш гаргаад байдаггүй. Хүнтэй нийтэч, их цэвэрч нямбай, хааяа архи уудаг, тамхи татдаг. Архи уухаараа хүнтэй мууддаггүй мөрөөрөө хүн байгаа юм. Бөх барилдаж байсан. Сагсан бөмбөг, гар бөмбөг, ятга хөгжим тоглодог” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/

 

2.4. Гэрч Ж.Мэндсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “С.Энхбаатар бид хоёр 2002 онд Хорих 425 дугаар ангид хянагчаар хамт ажиллаж байсан.  Энхбаатар 2012 онд хувийн шалтгаанаар ажлаасаа гарсан. Хамт олны дунд нэр хүнд сайтай, ажилдаа хандах хандлага сайн байсан. Нийгмийн идэвхи сайтай, урлаг спортын тал дээр их авъяастай. Сагсан бөмбөг, гар бөмбөг, шагайн харваагаар сайн байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/

 

2.5. Гэрч Д.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Д.Баяржаргал нь манай төрсөн эгч байгаа юм. Д.Баяржаргал нь нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Нөхөр нь мах шулаад гадуур ажил хийдэг. Өөрөө хүүхдээ хараад гэртээ байдаг. Баяржаргал нь шударга, шулуун зантай гэрийн ажилд сайн. Гэрээ Баяржаргал эгч авч явдаг. Хааяа архи уудаг. Архи уухаараа ямар нэг ааш гаргаад байдаггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/

 

2.6. Хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 57 хуудас/

 

2.7. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар /х.х-ийн 59-60, 62-70 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Энхбаатар нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нарыг  учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурорын санал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Мөн гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан ял шийтгэлийг ялгамжтай оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч С.Энхбаатар, Д.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хардал овогт Сүхээгийн Энхбаатарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигин овогт Догмидын Баяржаргалыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Энхбаатарыг 250 /хоёр зуун тавь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, шүүгдэгч Д.Баяржаргалыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч С.Энхбаатар, Д.Баяржаргал нар нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Энхбаатар, Д.Баяржаргал нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА