Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 119/ШШ2024/0015

 

                                                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Х” ХХК /захирал Б.Д/,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Г,

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Хамтран хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Гансүх, Д.Мөнх-Эрдэнэ нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/5433 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах”, “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлтэй тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Д.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК нь:

1.1. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/5433 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”,

1.2.“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах”, “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар,

1.3. Хариуцагч талаас: “Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод Хэмжээ 86-148 см гэж заасан бөгөөд Захиалагчийн техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй тендер ирүүлсэн учир Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргав.

 

Хоёр. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

2.1. Захиалагчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5433 тоот мэдэгдлээр “Санал болгож буй текникийн тодорхойлолтод: Хэмжээ: 86-148 см гэж заасан нь шаардлагад нийцэхгүй” гэжээ. Манай компаниас уг шалгаруулалтанд оролцохдоо нийт гурван ширхэг бүсний загвар хүргэсэн тухайгаа тендерийн бичиг баримтын ТЕХНИКИЙН ТОДОРХОЙЛОЛТ хэсэгт 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 09/043 болон 09/044 “Тендерийн загвар бэлтгэж хүргэсэн тухай” албан тоот мэдэгдэл бичиж уг албан бичигт техникийн тодорхойлолтын харьцуулсан хүснэгтийн хамт загвар зургууд болон түүний хэмжээсийг авсан фото зургийн хамт хүргэсэн. Гэтэл загварт хүргэсэн гурван бүсний 2 ширхэг бүс нь тендер шалгаруулалтын үнэлгээ хийхээс өмнө алга болсон.

2.2. Тус тендерт шалгарсан “М” ХХК-ийн бичиг баримттай tender.gov.mn-ээр орж танилцахад дараах шалгууруудыг хангаагүй болон илт зөрчилтэй бичиг баримтууд мөн өмнөх шалгаруулалтад илгээсэн манай компанийн зарим баримтууд шалгарсан “М” ХХК-ийн бичиг баримтаас гарч ирсэн.

2.3. ТШЗ-ын 18.6.2 дахь заалтад “Үйлдвэрлэгчийн зөвшөөрөл: “Шаардана” Зөвхөн дотоодын үйлдвэрлэгч байна. Тухайн барааг Монгол Улсын гарал үүсэлтэй бараа гэдгийг нотлох баримтыг ирүүлнэ” гэсний дагуу нотлох баримт ирүүлээгүй байсан.

2.4. ТШЗ 19.4 дэх заалт “Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ” гэж заасны дагуу үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зураг болон хэмжээ, харагдах байдал арьс ширний лабораторийн бичиг тодорхойлолт ирүүлээгүй. ЖДҮ эрхлэгч гэсэн тодорхойлолт байх боловч хүчинтэй 45 хоногийн хугацаа нь 1 жилээр хэтэрсэн буюу хүчингүй болсон баримт өгсөн байсан.

2.5. Олон зөрчилтэй баримт ирүүлсэн компанийг шалгаруулж манай компанийн бичиг баримт, загварыг хоёр удаа шалгаруулахдаа хоёр өөр дүгнэлтээр тендер шалгаруулалтаас хассанд маш их гомдолтой байна. Жич: Тохирлын гэрчилгээ гэсэн үг өгүүлбэр байхгүй түүний стандартаа заагаагүй мөртлөө манай компанийг хассан, дахин шалгаруулахдаа Тохирлын гэрчилгээ мөн л ирүүлээгүй компани шалгаруулсан” гэжээ.

 

3. Нэхэмжлэгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарлаж ярина” гэв.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулж, тус хороо 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендерийн баримт бичгийг баталж, 07 дугаар сарын 21-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу тендерийг ажлын 07 хоногийн хугацаатай зарласан. 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээхэд нэг оролцогч буюу “Х” ХХК-д тендерийн шаардлагад нийцэхгүй гэдэг мэдэгдлийг хүргүүлж, 2013 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ТШОЖ. ГШБ ажлын 14 хоногийн хугацаатай дахин зарласан. Тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээхэд 7 оролцогч буюу “Х” ХХК, “С” ХХК, “Т” ХХК, “М” ХХК, “С” ХХК, “Ш” ХХК, “К” ХХК-иуд тендерт оролцсон.

Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу тендерт оролцогчдийн ирүүлсэн материалуудыг хянан үзсэн бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т заасныг үндэслэн шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, зөвлөмжийг захиалагчид хүргүүлсэн. Захиалагчаас үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5433 тоот албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, ДҮ-112-12/5434, 5432,5431, 543054295428 тоот албан бичгүүдээр “Х” ХХК-д болон бусад тендерт оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301328 дугаартай тендерт оролцсон “Х” ХХК, “С” ХХК, “С” ХХК-иас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-д заасны дагуу Сангийн яаманд гомдол гаргасан. Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 03/1043, 03/7184, 03/7293 тоот албан бичгээр гомдол хянасан тухай албан бичиг ирүүлсэн.

Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хуралдаж, дахин үнэлгээ хийж, “С” ХХК-ийн дээжид ирүүлсэн бүсийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвд шинжилгээнд өгөх шийдвэр гарч, тус төв 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/98, 2023/99 хариу бичиг ирүүлсэн боловч дүгнэлт гаргах боломжгүй тул 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус үйлдвэрийн газрын ДҮ-112-12/6642 тоот албан бичиг явуулж 11 дүгээр сарын 07-ны өдөр №16 тоот Монгол улсын зөвлөх инженерийн дүгнэлт шийдвэр ирсэн. Гэвч 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан тул 11 дүгээр сарын 08-ны өдөр үнэлгээний хороо хуралдаж, бүх тендерээс татгалзах шийдвэр гарч, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” гэж тус тус заасан байдаг. Нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргахаар байгаа юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж тус хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т заасны дагуу шийдвэр гаргаж, эс үйлдэхүй гаргаагүй байх тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Хоёрдугаарт: нэхэмжлэлдээ дурдсаны дагуу 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5431 тоот шийдвэрийг хүчингүй болгуулах ийм нэхэмжлэл гаргасан. Тендерийн хүчинтэй хугацаа дууссанаар Үнэлгээний хорооны шийдвэрүүд хүчингүй болсон. Үнэлгээний хороо хуралдаад бүх тендерээс татгалзаад өмнөх шийдвэрүүдээ бүгдийг нь хүчингүй болгочихсон учир нэхэмжлэгчийн нэхмэжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Гуравдугаарт Үнэлгээний хорооноос гаргасан мэдэгдлүүд нь захиргааны акт биш юм. Үнэлгээний хорооны гаргасан шийдвэрийг албан бичгээр дамжуулж захиалагчаас тендерт оролцогч нарт албан бичгээр дамжуулж мэдэгдэж байгаа мэдэгдэл юм. Тэгэхээр Үнэлгээний хороо эцсийн шийдвэр гаргадаггүй. Үнэлгээний хороо нь тендерт оролцогчдын материалд үнэлгээ хийснийг үндэслэж захиалагч шийдвэр гаргадаг. Тийм учраас мэдэгдэл нь захиргааны акт биш учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.  

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Мөнх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тус “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарласан. 2 дахь удаагийн тендерийг 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээхэд 7 компани тендерт оролцсон. Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, захиалагчийн баталсан баримт бичгийн дагуу тендерт оролцогчдийн ирүүлсэн материалуудыг хянан үзээд шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, “Х” ХХК болон бусад тендерт оролцогч нарт тендерт шалгараагүй талаар мэдэгдсэн. Нэхэмжлэгч “Х” ХХК-ийн хувьд санал болгож буй текникийн тодорхойлолтод заасан бүсний хэмжээг 86-148 см гэж  ирүүлсэн. Тус компани хэд хэдэн удаа гомдол гаргасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Худалдан авах бодлогын газрын дарга Энхмандахад гомдол гаргасныг манай дотоод Аудитын хэлтэс уг гомдлыг хянасан. Мөн Сангийн яаманд гомдол гаргаж, Сангийн яам гомдлыг хянаж үзээд захиалагчаас санал болгосон бүсний хэмжээг гомдол гаргасан компани ирүүлээгүй байх тул захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна гэсэн хариуг ирүүлсэн. Бид бүхэн ерөнхий захирлын түвшинд хэлэлцүүлээд 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 131/753 тоот албан бичгээр 3 хавсралт бүхий файл бичгийг явуулсан байгаа, мөн шуудангаар явуулсан санагдаж байна. Энэ тендер үргэлжлээд 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Захиалагчийн шийдвэр үндэслэлтэй гээд Сангийн яамны дүгнэлт гарчихсан. Үнэлгээний хороон дээр танай компанийн ирүүлсэн бүснүүд болон бусад оролцогчийн ирүүлсэн бүснүүд байгаа.

Маргаад байгаа энэ тендерт танай 1 л бүс ирсэн. 3 бүс өгөөд 2 бүс алга болсон гэдэг зүйл үндэслэлгүй. Өмнөх тендерт ирүүлсэн 2 бүс тусдаа асуудал. Тэр тендерт тендер шалгараагүй учраас дахин тендер зарлагдсан. Өмнөх тендерт ирүүлсэн 2 бүсний тухайд “эргэж буцаахгүй” гэсэн нөхцөлтэй байсан учраас буцаагаагүй гэж бодож байна. Түүнээс нэхэмжлэгч талын яриад байгаа шиг алга болсон, аваад зүүчихсэн юм байхгүй.

Мөн “М” ХХК-ийн тендерийг Сангийн яам хянан үзэж зарим нэг зүйл нь шаардлагад нийцэхгүй байна гэж дүгнэсэн. Тухайн үед Орхон аймагт Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа шинжилгээ хийдэг газар байхгүй байсан учир Үнэлгээний хороо хуралдаж “С” ХХК-ийн дээжид ирүүлсэн бүсийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвд шинжилгээнд өгөх шийдвэрийг гаргасан.

Тус төв 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2023/98, 2023/99 хариу бичиг ирүүлсэн боловч дүгнэлт гаргах боломжгүй гэсэн тул 2023 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр тус “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ДҮ-112-12/6642 тоот албан бичиг явуулж, 11 дүгээр сарын 07-ны өдөр 16 тоот Монгол улсын зөвлөх инженерийн дүгнэлт шийдвэр ирсэн. Тендер хэлэлцэх хугацаанд хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаа дууссан учир ирүүлсэн бүх тендерээс татгалзсан. Мөн дээрээс нь Сангийн яамны бичигт “М” ХХК-ийн тендер шаардлага нийцэхгүй байна гэсэн.

Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж бүх тендерээс татгалзах шийдвэр гаргаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

6. Хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэмөнх шүүхэд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2023 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн А/96 дугаар тушаалаар “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо байгуулагдсан ба тус хороо нь 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр тендерийн баримт бичгийг баталж, тус оны 07 дугаар сарын 21-ний өдөр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу ажлын 7 хоногийн хугацаатай тендерийг зарласан.

Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 08 дугаар сарын 10-ны өдөр тендерийг нээхэд нэг оролцогч болох “Х” ХХК оролцсон ба Үнэлгээний хороо тус компанийн тендерийн материал дээр ажиллаж, шаардлагад нийцэхгүй байна гэсэн мэдэгдлийг Үнэлгээний хорооны зүгээс хүргүүлж, тус тендерийг 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр ажлын 14 хоногийн хугацаатай дахин зарласан.

Тендерийг тус оны 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нээхэд 7 оролцогч оролцсон ба “Х” ХХК мөн оролцсон байсан. Дээрх тендерт оролцогч нараас Сангийн яаманд гомдол гаргасан учир тус яамны гомдол хянасан тухай албан бичгийн дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр, 11-р сарын 08-ны өдөр хуралдаж бүх тендерээс татгалзах шийдвэр гаргаж, тендерийг дахин зарлахаар шийдвэрлэсэн. Иймд “Х” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гансүх, Д.Мөнх-Эрдэнэ нарын Орхон аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн тайлбарыг тендерийн Үнэлгээний хорооны зүгээс дэмжиж байгааг илэрхийлье.” гэжээ.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301328 дугаартай тендерт “Х” ХХК оролцсон. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5433 тоот албан бичгээр “М” ХХК-д гэрээ байгуулах эрх олгож, ДҮ-112-12/5434 тоот албан бичгүүдээр “Х” ХХК-д болон бусад тендерт оролцогч нарт шалгараагүй үндэслэлийг мэдэгдсэн. Мөн “Нурууны хамгаалах бүс нийлүүлэх” тендерт оролцсон манай компанийн тендерийн баримт бичиг, тендерийн загвар бэлтгэж илгээсэн мэдэгдэл, нийлүүлэх барааны техникийн тодорхойлолтын харьцуулсан албан тоот зэрэг баримтуудыг нэг ч үг үсгийн зөрөөгүй “М” ХХК хуулж хавсаргасан байсан. Уг баримтуудыг хуулбарлаж хавсаргасан талаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргаж, үүний дагуу эрүүгийн хэрэг үүсгэж, одоо яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж ирсэн байгаа. Дээрх байдлаар олон зөрчилтэй баримт ирүүлсэн компанийг шалгаруулж манай компанийн бичиг баримт, загварыг хоёр удаа шалгаруулахдаа хоёр өөр дүгнэлтээр тендер шалгаруулалтаас хассанд маш их гомдолтой байна.

Тохирлын гэрчилгээ гэсэн үг өгүүлбэр байхгүй түүний стандартаа заагаагүй мөртлөө манай компанийг хассан мөртлөө, дахин шалгаруулахдаа тохирлын гэрчилгээ мөн л ирүүлээгүй компани шалгаруулсан байдаг. Ингээд манай компанийн зүгээс 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн албан бичгээр Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд тус Сангийн яам хянаад Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.6.2-т “... Зөвхөн дотоодын үйлдвэрлэгч байна. Тухайн барааг Монгол Улсын гарал үүсэлтэй бараа гэдгийг нотлох баримтыг ирүүлнэ” гэж, ТШЗ 18.6.8-д “... Жижиг дунд үйлдвэрлэгчийн тодорхойлолт” гэж тус тус заасан байх ба “М” ХХК-ийн тендерт санал болгосон барааны гарал үүслийг нотлох баримт ирүүлсэн эсэх, тус компанийн тендерт ирүүлсэн  Жижиг үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчээр бүртгэсэн тодорхойлолтын хүчинтэй хугацаа дууссан нь шаардлагад нийцэх эсэхэд Үнэлгээний хороо дүгнэлт хийгээгүй байх тул хянан үзэх шаардлагатай гэсэн ийм дүгнэлтийг хийж “М” ХХК-д эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож дахин үнэлгээ хийхийг даалгасан. Ингээд захиалагчийн зүгээс дахин үнэлгээ хийхдээ “С” ХХК-ийн дээжид ирүүлсэн бүсийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвд шинжилгээнд явуулж байна гэж маш их хугацаа алдаж, эцэст нь тендерийн хугацаа дууссан үндэслэлээр бүх тендерээс татгалзсан шийдвэрийг гаргасан.

Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир манай компани 2023 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр манайх нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Одоо манай нийт нэхэмжлэлийн шаардлага нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5433, мөн оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн ДҮ-112-12/5431 тоот “Гэрээ байгуулах эрх олгох тухай” шийдвэрийг тус тус хүчингүй болгож, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах” гэсэн шаардлага гаргасан. Мөн нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэмэгдүүлж “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар тэмдэглэл /шийдвэр/-ийг хүчингүй болгуулах”  нэхэмжлэлийн шаардлагуудаа дэмжиж байна.

 

Тендерийн баримт бичиг дээр 76 см-ээс багагүй урттай байна гэж ирүүлсэн. Тэгэхээр бидний ойлгож байгаагаар бол хамгийн багадаа 76 см-ээс доошоо байж болохгүй гэсэн үг болохоос биш дээшээ хэд см байна гэсэн тийм зүйл байхгүй байсан. Тиймээс манай явуулсан бүсний хэмжээ буюу 86-148 см гэдэг нь шаардлагад нийцэж байна гэж үзэж байна. Манай компаниас шинжилгээнд явуулж байгаа бүснүүд нь эцсийн бүтээгдэхүүн биш гэдгийг хэлсэн. Хэрвээ тендерт шалгарсан тохиолдолд хэнд, ямар хэмжээтэй бүс зүүх юм гэдгийг хэмжиж үзэж байгаад гэрээндээ заасан хугацаандаа нийлүүлдэг ийм тодорхой зохицуулалттай. Бүх тендерийг хүчингүй болгосон. “С” ХХК нь өөр компанийн шинжилгээний баримтыг ирүүлсэн байсан гэдгийг бид сая нотлох баримт шинжлэн судлахдаа харсан. Тухайн баримт дээр нь манай хийж байгаа бүсний чанар стандарт, лабораторийн арьс ширний шинжилгээг хийлгэсэн гээд явуулсан баримт байсаар байтал дахин шинжилгээ хийлгэх гээд зориуд цаг хугацаа алдсан нь үндэслэлгүй гэж харж байна. Та бүхэн бидний оронд өөрсдийгөө тавиад нэг үзээрэй. Ганцаараа тендерийн оролцогчоор ороод бүх матераилаа явуулаад байж байтал тендерийн баримт бичгийг нь хулгай хийж, бусдад тарааж нөгөө хүмүүс нь тэр баримтыг нь ашиглаж тендерт оролцсон.

Тендер шалгаруулж байгаа Үнэлгээний хороонд итгэх итгэл байхгүй болчихсон. Бид юунд гомдоод байна вэ гэхээр өмнөх тендерт манай компани яг адилхан бүсээр оролцож байхад бүсний хэмжээний талаар алдаа дутагдал ярьсан ийм зүйл байгаагүй. Хэмжээний тухайд 76 см-ээс багагүй гээд заасан нь хэлбэлзэлтэй хэмжээ байсан. Дээрээс нь бид бүхэн эцсийн бүтээгдэхүүн биш загвар бүтээгдэхүүн гэдгийг маш тодорхой байдлаар албан бичгээр мэдэгдэж байхад үндэслэлгүй шалтгаанаар татгалзсан. Эхний тендер дээр “М” ХХК гээд давуу байдал бий болгосон компанийг шалгаруулж, дараагийн тендерт “С” ХХК-ийг шалгаруулсан. Энэ компани нь өөр компанийн баримт явуулчихсан байсан, уг нь тэр баримтыг хараад татгалзах үндэслэл хангалттай байсан гэтэл тийм зүйл болоогүй. “С” ХХК нь өөр компанийн баримт бичиг ирүүлсэн байна гээд тухайн үед татгалзсан бол бид өнөөдрийг хүртэл ингэж маргаж явахгүй байх байсан. Зориуд тендерийн хүчинтэй хугацааг дуусгах гээд байгаа юм шиг 2-3 удаа “С” ХХК-ийн бүс нь дээр шинжээч томилуулж, шинжээчийн дүгнэлт  гаргуулах гээд байгаа нь үндэслэлгүй байсан. Дахиад Монгол Улсын гавьяат гээд нэг хүнийг шинжээчээр томилсон байсан. Тухайн хүн шинжилгээ хийх эрх бүхий этгээд мөн үү?, биш үү? гэдэг нь эргэлзээтэй. бид үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

                                                               ҮНДЭСЛЭХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “Х” ХХК нь анх 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан

Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/5433 тоот албан бичгийг тус тус хүчингүй болгуулах,

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2024 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр /2 дахь хх-ийн 43-45 дугаар тал/

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. 1.2.сНэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн дээрх  шаардлагуудыг дэмжин, шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцов.

Хоёр. Шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарууд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Гурав. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  ДҮ-112-12/5433 дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

3.1. “Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” худалдан авах тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдээс “М” ХХК-иас  ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооны бүх гишүүдийн саналаар “хамгийн сайн” тендер гэж үнэлжээ.  /1 дэх хх-ийн 115-118 дугаар тал/

3.2. Дээрх шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431 дугаартай албан бичгээр “Х” ХХК-д, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  ДҮ-112-12/5433 дугаартай албан бичгээр “М” ХХК-д тус тус мэдэгдсэн байна. /1 дэх хх-ийн 88, 109 дүгээр тал/

3.3. Нэхэмжлэгч болон тендерт оролцогчдоос дээрх шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасныг тус Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичгээр “...“Х” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэхэд санал болгосон бүсний техникийн тодорхойлтод “хэмжээ... 86-148 см, урттай гэсэн нь тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлтод “хэмжээ: 116-125, Хэмжээ-2, 90-115, Хэмжээ-2: 126-146” гэсэн шаардлагад нийцэхгүй гэж тус компанийн тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна”, “...М ХХК-ийн 2021, 2022 оны санхүүгийн тайлангаас үзэхэд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2-т заасан “2021, 2022 онд гүйцэтгэсэн нийт борлуулалтын орлогын нийлбэр нь батлагдсан төсвийн 50 хувиас багагүй байх” шаардлагыг хангахгүй байна. Иймд захиалагчийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн  “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/5433 тоот албан бичгийг хүчингүй болгожээ. /1 дэх хх-ийн 32-33 дугаар тал/

3.4. Дээрх Сангийн яамны шийдвэрийг хүлээн авч, тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 16, 10 дугаар сарын 26-нд тус тус хуралдаж “С” ХХК-ийн ирүүлсэн бүсний дээжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн шинжилгээний лабораторид “үхрийн шир мөн эсэхэд дүгнэлт гаргуулах”-аар, мөн 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлахаар тус тус шийдвэрлэсэн байна. /1 дэх хх-ийн 72-73, 79-80, 85-86 дугаар тал/

3.5. Тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичгийг хүлээн авч, 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр  хуралдаж  үнэлгээ хийсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т /энэ хуулийн 98.1-д заасан захиргааны актыг холбогдох захиргааны байгууллага заавал биелүүлнэ/ заасныг зөрчөөгүй бөгөөд маргаан бүхий “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  ДҮ-112-12/5433 дугаартай албан бичгийг хүчингүй болгосон, тус захиргааны актын эрх зүйн үйлчлэл дуусгавар болсон байна.

3.6. Мөн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431 албан бичгийг Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичигт: “...тендерээс татгалзсан захиалагчийн шийдвэр үндэслэлтэй” гэж үзсэн, Сангийн яамны тус шийдвэр хүчинтэй, үндэслэл бүхий байна. Өөрөөр хэлбэл, Захиалагчаас тавьсан  техникийн тодорхойлолтод “...захиалагч бүс нь 15 см өргөн, 76 см-ээс багагүй урттай... байна гэж заасан. “Х” ХХК-ийн санал болгож буй техникийн тодорхойлолтод 86-148 см урттай гэж оруулсан нь техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэж үнэлсэн тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/ЭҮТӨҮГ/202301328 тоот шийдвэр үндэслэлтэй болжээ. /хэрэгт авагдсан CD, тендерийн баримт бичигт/

 3.7. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 5.1.19-д техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай, хэрэглээ, ашиглалт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”  гэж тус тус заасан.

3.8. Иймд дээрх үндэслэлүүд болон Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ”,  27.1.1-тэнэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага”,  27.1.2-ттехникийн тодорхойлолт”,  27.1.3-ттендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага”, 47 дугаар зүйлийн 47.7 /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байнагэж тус тус заасанчлан тендерийн Үнэлгээний хорооны “Х” ХХК-ийн ирүүлсэн тендер харьцуулсан техникийн тодорхойлолтод заасан шаардлагад нийцэхгүй” гэж дүгнэсэн 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 02/ЭҮТӨҮГ/202301328 тоот шийдвэр үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5431, мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  ДҮ-112-12/5433 дугаартай албан бичгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв. /1 дэх хх-ийн 115-118 дугаар тал/

Дөрөв. Нэхэмжлэлийн Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгах”  шаардлагын тухайд:

4.1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоногэж заасан.

4.2. Тендерийн Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичгийг хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 16, 10 дугаар сарын 26-ны өдөр  тус тус  хуралдаж “С” ХХК-ийн ирүүлсэн бүсний дээжийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Судалгаа хөгжлийн төвийн  шинжилгээний лабораторид “үхрийн шир мөн эсэхэд дүгнэлт гаргуулах”-аар, мөн 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар “тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах”-аар тус тус шийдвэрлэж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан тус тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрүүдээр тогтоогддог. /1 дэх хх-ийн 32-33, 72-73, 79-80, 85-86 дугаар тал/

4.3.Өөрөөр хэлбэл,  ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг үнэлэх Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичгийн дагуу өөрийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 04/ЭҮТӨҮГ/202301328 тоот шийдвэр /хурлын тэмдэглэл/-лэсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 дахь хэсэгт заасантай нийцжээ.

4.4. Түүнчлэн, захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой тул ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэх тендер сонгон шалгаруулалтыг  үнэлж шийдвэрлэсэн байхад дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.

4.5.Иймд нэхэмжлэгчийн Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг тендерийн Үнэлгээний хороонд даалгахшаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Тав.  Нэхэмжлэлийн “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1. Тендерийн Үнэлгээний хороо нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7346 дугаартай албан бичгийг хүлээн авч, хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар “тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон тул бүх тендерээс татгалзаж, тендер шалгаруулалтыг дахин зарлах” 04/ЭҮТӨҮГ/202304328 дугаартай шийдвэр гаргасан.

5.2. Энэхүү тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202304328 дугаартай тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан “Х” ХХК нь дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гомдлоо гаргаагүй, шууд шүүхэд нэхэмжлэлээ гаргажээ.

5.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 “...захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана” заасан.

            5.4. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 /Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой/-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            5.5. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендер сонгон шалгаруулалттай холбоотой захиргааны шийдвэр гаргах ажиллагааг дахин явуулсан байх тул дараагийн шийдвэр гаргах ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзсэн этгээд Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд зааснаар тухайн шийдвэр, үйл ажиллагааны талаар гомдлоо эрх бүхий байгууллагад гаргаж хянуулсаны дараа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагааг Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдснээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана” гэж зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байхаар хуульд зохицуулсан.

            5.6. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлэх шаардлагыг биелүүлээгүй байх тул “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулахнэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж үзэв.

           

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1.14 , 106.4, 109 дүгээр зүйлийн 109.2 дахь заалтыг тус тус удирдлага болгон

                                                    ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 5.1.9, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 27.1.3,  47 дугаар зүйлийн 47.7, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар болон “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДҮ-112-12/5433,  мөн өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай”  ДҮ-112-12/5431 дугаартай албан бичгийг тус тус хүчингүй болгуулах”, Сангийн яамны шийдвэрийн дагуу тендерийг дахин үнэлээгүй тендерийн Үнэлгээний хорооны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, дахин үнэлж, тендерт шалгарсан компанитай гэрээ байгуулахыг даалгах”, “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т зааснаар “Х” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301328 дугаартай “Нурууны хамгаалах бүс” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороонд холбогдуулан гаргасан “тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 04/ЭҮТӨҮГ/202301328 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгчид  буцаасугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1,  51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Д.САРАНГЭРЭЛ