Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 880

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“У-” ХХК-ийн

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Б.Нармандах, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00392 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “У-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “С-” ХХК, Я.Б-, Я.С, Я.Г, А.О, Г.Б, Б.Б нарт холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт нийт 238 424 516.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Т.Б, Б.А,

Хариуцагч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Н.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Т.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “С-” ХХК болон Я.С- нар нь У-тай 2016 оны 1 сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 175 300 000 төгрөгийг, 60 сарын хугацаатай, жилийн 18,6 хувийн хүүтэйгээр зээлсэн. Уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож мөн өдрийн зээлийн барьцааны гэрээгээр эд хөрөнгүүдийг барьцаалуулсан. Хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд 2016 оны 5 сарын 26-ны өдрөөс зээлийн эргэн төлөлтийн хуваарь зөрчигдөж, 2019 оны 7 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 81 191 955,10 төгрөг, хүүний төлбөрт 65 687 506,85 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 903,01 төгрөг, нийт 148 364 364,96 төгрөгийн зөрчил үүссэн байна. Банкны зүгээс дээрх хугацаанд зээлийн гэрээний үүргээ биелүүлж, зээлийн төлбөрийн зөрчлөө арилгах хугацаа, боломжийг олгосон ч тогтоосон хугацаанд зөрчлийг арилгаагүй, мэдэгдэл, шаардлага хүргүүлсэн боловч ямар ч үр дүн гарахгүй байна. Иймд зээлдэгч “С-” ХХК, Я.С- нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 7 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 171 165 296,42 төгрөг, хүүгийн төлбөрт 65 774 730,87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1 484 488, 98 төгрөг, нийт 238 424 516,28 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Уг үүргээ сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд “С-” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол, ХД-73 байр 161 тоот Ү- 2204077277 дугаартай орон сууц, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б-, Б.Б- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 53А дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Ганзориг А.Отгонсүрэн нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, баруун баян уул 15 гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Ганзоригийн өмчлөлийн Г-2201016851 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах талаар шүүхийн шийдвэрт тусгаж өгнө үү. Буцаан төлсөн зээлийн талаар хариуцагч нар банкин дээр очоод тооцоо нийлнэ гэдэг боловч шүүхэд ойлгомжгүй, баримтгүй тайлбар гаргадаг. Бидний дотоод системээр бодож гаргаж ирсэн тооцоололд ямар нэгэн алдаа байхгүй. Төлсөн гэх бүх төлбөр тооцоо нийлэхээр таардаг. Бид Монгол банкнаас гаргасан тусгай зөвшөөрлийн дагуу зээлийн үйл ажиллагаа эрхэлдэг, мэргэжлийн хуулийн этгээд. Энэ утгаараа бидний гаргасан тооцооллын энэ нь буруу гэх баримтыг гаргаад ирсэн тохиолдолд бид татгалзал гэж ойлгоно. Иймд нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэжээ.

 

Хариуцагч “С-” ХХК-ийн төлөөлөгч болон хариуцагч Я.С- нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, ойлгомжгүй байна. 2019 оны 7 сарын 26-ны өдрийн байдлаар 81 191 955 төгрөгийн үндсэн зээлийн төлбөртэй хэмээн нэхэмжлэлд бичсэн байна. Харин шаардагдсан үндсэн зээлийн төлбөрт  171 165 296 төгрөг хэмээн бичсэн нь үл ойлгогдож байна. “Сутай хишиг” ХХК нь үндсэн зээл 175 300 000 төгрөгөөс 110 541 618,20 төгрөгийг төлсөн байхад нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүн зөрүүтэй байна. Я.Б-ын данснаас 7 402 147.47 төгрөг, Я.С-гийн данснаас 51 081 406.93 төгрөг төлсөн байхад үнийн дүн нь яагаад 171 165 296 төгрөг болж байгааг тодруулах хэрэгтэй байна гэжээ.

 

Хариуцагч Г.Б-, Б.Б- нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид гэр бүлийн бусад гишүүдийн хамт улсын бүртгэлийн Ү-2204051473 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүрэг 5 дугаар хороо, 15 хороолол, Лхагвасүрэнгийн гудамж 53а байрны 66 тоотод байрлах 32,37 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцандаа амьдардаг бөгөөд “С-” ХХК-ийн захирал Я.Б-ын хүсэлтээр 3 жилийн хугацаатай У-инд зээлийн гэрээний барьцаанд тавьсан. Я.Б- нь Г.Б- миний танил бөгөөд орон сууцыг 3 жилийн хугацаанд банкны барьцаанд тавиулбал ямар нэгэн асуудал үүсгэхгүйгээр барьцаанаас чөлөөлж эргүүлэн өгнө, зээлээ хугацаанд нь төлчих учраас та бүхэнд эрсдэл үүсэхгүй гэж хэлж гуйсан болохоор У-инд зээлийн гэрээний барьцаанд тавихыг бид зөвшөөрсөн. Харин “С-” ХХК У-наас хэдэн төгрөгийн зээлийг хэзээ хүлээн авсан талаар бид огт мэдээгүй бөгөөд энэ талаар асуухад зээлээ төлж байгаа гэж Я.Б- хэлдэг байсан. Гэтэл бид шүүхэд дуудагдан ирж “С-” ХХК болон захирал Я.Б- нь У-наас авсан зээлээ төлөөгүйг болон барьцаа хөрөнгүүдийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг гаргасныг мэдсэн. “С-” ХХК болон захирал Я.Б- түүний эхнэр Я.С- нар нь Г.Б- Б.Б- бид нарыг болон манай гэр бүлийн бусад гишүүдийг маш их хохироон, 2 өрөө орон сууцыг минь банкны барьцаанаас чөлөөлж өгөхгүйгээр нөхцөл байдлыг хүндрүүлж, сэтгэл санаа эд хөрөнгийн асар их дарамт, эрсдэл үүсгэн, хохироож байгаад гомдолтой байна. Мөн түүнчлэн бид нэхэмжлэлтэй танилцахад Г.Б-, Б.Б- бид нараас У- ямар учраас мөнгө нэхэмжилж, хариуцагчаар татаж байгаа нь огт ойлгомжгүй байх бөгөөд нэхэмжлэлд зээлдэгч “С-” ХХК, Я. Сүглэгмаа нараас зээлийн үүргийн гүйцэтгэлд нийт 23 424 516 төгрөг гаргуулах гэж бичсэн байна. Г.Б-, Б.Б- бид нар У-тай ямар нэгэн зээлийн гэрээ байгуулаагүй, тус банкнаас 175 300 000 төгрөгийн зээл хүлээн аваагүй бөгөөд энэхүү хэргийн хариуцагч нар биш юм. Мөн нэхэмжлэлд биднээс нэхэмжилж байгаа ямар нэгэн төлбөрийн талаар огт дурьдаагүй байна. Иймд Г.Б-, Б.Б- биднийг хариуцагчаар татан нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Я.Ганзориг, А.Отгонсүрэн нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Бид анх эд хөрөнгөө 3 жилийн хугацаатай барьцаалсан. Гэвч одоо хугацаа нь дуусчихсан учраас энэ хэрэгт хамааралгүй. Бид У-наас зээл аваагүй. Зээлийн болон барьцааны гэрээнд гарын үсэг зураагүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч “С-” ХХК, Я.С- нараас үндсэн зээл 171 165 296.42 төгрөг, зээлийн хүү 65 774 730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 1 484 488.98 төгрөг, нийт 238 424 516.28 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч “У-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч нар шүүхийн шийдвэрийг сайн дураар эс биелүүлвэл барьцааны зүйл болох “С-” ХХК-ийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 дугаар хороолол, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн Ү-2204077277 дугаартай ХД-73 байрны 161 тоот, Ү-2204077276 тоот дугаартай 162 тоот орон сууцууд, Г.Б-, Б.Б- нарын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15 хороолол /13343/, Лхагвасүрэнгийн гудамж 53А дугаар байр, 66 тоот Ү-2204051473 дугаартай орон сууц, Я.Ганзориг А.Отгонсүрэн нарын өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо, Баруун баян уул 15-р гудамж, 35 тоот Ү-2201012403 дугаартай амины орон сууц, Я.Ганзоригийн өмчлөлийн Г-2201016851 дугаар гэрчилгээтэй, 498 м.кв өмчлөх эрхтэй газрыг тус тус албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 420 273  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 1 420 273 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч “С-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хариуцагч 2016 оны 1 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээг байгуулахдаа урьд байгуулсан 2015 оны 1 сарын 15-ны өдрийн зээлийн гэрээний талаар маргаж, зээлийн гэрээг яаж дуусгавар болгосон, үлдэгдэл төлбөрийг яаж тооцоолсон дээр маргасан. Мөн 175 300 000 төгрөгийг “С-” ХХК-ийн дансанд оруулсан өдрөө урьдах зээлийн төлбөрт татаж авсан. Энэ талаар шүүхийн хэлэлцүүлэгт маргалдаж шүүгч ажиллагааг зогсоож тооцоо нийлүүлж байсан. Гэтэл шүүх энэ талаар маргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд шүүгч нь итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарт шүүхийн хэлэлцүүлгийн үед энэ зээлийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуул та нар урьдах өндөр хүүтэй зээлийг төлөх болно гэж хэлж байснаар шүүхийн шийдвэрийг хөдөлшгүй урьдчилан гаргасан байсан гэж үзэхээр байна. 2020 оны 2 сарын 02-ны өдөр шүүх хуралд хариуцагч Я.С- халуунтай байсан учир өрхийн эмчид үзүүлэн магадлал авсан байсан ба тухайн үед хятад улс руу зорчиж ирээд удаагүй байсан тул өөрийн энэ байдлаа өмгөөлөгч Ш.Буянжаргалд хэлсний улмаас өмгөөлөгч өөр шүүх хурал руу явсан Гэтэл шүүх өрхийн эмчийн магадлалыг хуулийн шаардлага хангахгүй байна гэж үзэн шүүх хурлыг хэргийн оролцогч болон “Сутай хишиг” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчдийг оролцуулахгүйгээр шүүх хурлыг хийсэн. Хэргийн оролцогч Я.Б- нь өмгөөлөгчтэй оролцмоор байна гэсэн хүсэлтийг удаа дараа тавьсан боловч хүсэлтийг хангаагүй нь талуудын тэгш эрхийг ноцтой зөрчсөн. Анхан шатны шүүх шийдвэртээ 175 300 000 төгрөгийг зээлдэгчийн өмчлөлд шилжүүлсэн талаар болон зээлийн гэрээний зүйлийг хариуцагч нар хүлээн авсан болон гэрээний хавсралтаар баталсан эргэн төлөлт хуваарийн дагуу зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ зөрчсөн зэрэг үйл баримтад маргаагүй хэмээн санаатайгаар бодит байдлыг гуйвуулж бичсэн. 175 300 000 төгрөгийн захиран зарцуулалт “Сутай хишиг” ХХК-ийн дансанд шилжүүлсэн гэх 175 300 000 төгрөгийг хэн чек бичиж, гарын үсэг зурж, захиран зарцуулсныг мэдэх зорилгоор шүүхэд хандаж, 175 300 000 төгрөгийг захиран зарцуулсантай холбоотой санхүүгийн баримтыг У-наас гаргуулахыг хүссэн удаа дараагийн хүсэлтийг шүүх хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. 2015 оны 1 сарын 15-ны өдөр “С-” ХХК-ийн өмнөх зээлийг хаасан байтлаа яагаад “С-” ХХК-ийн дансанд 175 300 000 төгрөг шилжүүлж, “С-” ХХК-ийн өмнөх зээлийг хаасан хэмээн нэхэмжлэлийн шаардлагадаа бичсэн. 142 769 000 төгрөгөөр зээл хаагаад зөрүү 32 531 000 төгрөгийг хэн юунд зарцуулсан. Зээлийн төлбөрт шилжүүлсэн 30 000 000 төгрөгөөс 13 000 000 төгрөгийг зээлийн төлбөрт суутган аваад үлдсэн 17 000 000 төгрөгийг яагаад зээлийн төлбөрт аваагүй юм. Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү математикийн шинжлэх ухаанаас гадуур тооцоо гаргасан зэрэг байдлууд ойлгомжгүй байна. Хөндлөнгийн шинжээч томилуулж, дүгнэлт гаргах аргачлалаар хэрэг маргааныг нэг мөр шийдвэрлүүлэх талаар удаа дараа хүсэлт гаргасан байхад уг хүсэлтийг хүлээн авсан байтлаа эргэн төлөлт дээр маргаангүй гэж бичсэнийг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнээс гадуур хийгдсэн дүгнэлт хэмээн үзэж хариуцагч тал гомдол гаргаж байна. Шүүх хуралдааны товыг хариуцагчийн төлөөлөгчид мэдэгдээгүй байтлаа мэдэгдсэн болгож, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй хэмээн шүүх хуралдааныг хариуцагч, өмгөөлөгч, төлөөлөгч нарын эзгүйгээр явуулж, хэрэг маргааныг шийдвэрлэсэнд хариуцагч тал гомдолтой байгаа болно. Хариуцагч Я.Б-ын данснаас 7 402 147 төгрөг, Я.С-гийн данснаас 51 081 406 төгрөг гарч зээлийн төлбөр төлөгдсөн удаа дараа хуралдсан шүүх хуралдаан дээр талууд дээрх төлөлтийн талаар маргахгүй хэмээн мэтгэлцсэн байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагаас дээрх төлбөрийн нийлбэр дүн болон 58 483 553 төгрөгийг хасаж тооцохгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагч тал зээлийн төлбөрийг 175 300 000 төгрөгөөс биш, зээл хаасан 142 769 000 төгрөгөөс тооцон төлөх үндэстэй. “С-” ХХК-иас гадуур учир битүүлэг байдлаар захиран зарцуулагдсан 175 300 000-142 769 000=32 531 000 төгрөг болон хариуцагч нарын төлсөн 51 081 406 төгрөгийг хасан тооцох үндэстэй. Иймд нэхэмжлэхийн шаардлагаас 83 612 406 төгрөгийг хасч тооцож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “У-” ХХК нь хариуцагч “С-” ХХК,  Я.Б-, Я.С-, Я.Ганзориг, А.Отгонсүрэн, Г.Б-, Б.Б- нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 238 424 516.28 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасны зарим хэсгийг хариуцагч нар эс зөвшөөрч, зээлийн тооцоололд маргажээ.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, зээлийн тооцоолол тодорхойгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн, мөн хэргийн оролцогчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

 

Тодруулбал, нэхэмжлэгч “У-” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “... 2019 оны 7 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 81 191 955.10 төгрөг, хүү 65 687 506.85 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 903.01 төгрөг, нийт 148 364 364.96 төгрөг” гэсэн атлаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 2019 оны 7 сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээл 171 165 296.42 төгрөг, хүү 65 774 730.87 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1 484 488.98 төгрөг, нийт 238 424 516.28 төгрөг гаргуулахаар шаарджээ. /хх-ийн 1-3-р тал/

 

Түүнчлэн зээлийн гэрээний хугацаанд хариуцагч “С-” ХХК, Я.С- нарын төлсөн мөнгөн хөрөнгийг зээлийн гэрээний үүргээс хэрхэн хасч, хүү, нэмэгдүүлсэн хүү тооцсон нь ойлгомжгүй байна. /хх-ийн 116-132-р тал/

 

Үүнээс гадна нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 2016 оны 1 сарын 07-ны өдрийн зээлийн гэрээнээс гадна талууд 2014 оны 12 сарын 24, 2015 оны 1 сарын 15-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан гэж зохигчид тайлбарласан боловч хэрэгт авагдсан зээлийн дансны хуулга болон орлогын мэдүүлгээр, мөнгө төлсөн баримт нь аль гэрээний үүрэгт хамаарч тооцогдох нь тодорхойгүй. Анхан шатны шүүх энэ талаар зохигчдыг мэтгэлцүүлж, тодруулах ажиллагааг хийгээгүй, маргааны үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг шийдвэрлэсэн байна.

 

Хариуцагч Я.С- нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж, эмнэлгийн магадлагааг шүүхэд баримтаар ирүүлсэн байхад хүсэлтийг хангахгүй орхисон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зөрчилд хамаарна. /хх-ийн 195-196, 201-р тал/

 

Түүнчлэн, энэхүү зөрчил нь шүүхийн өмнө талуудын эрх тэгш байх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх талаар зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 6 дугаар зүйлд заасантай нийцэхгүй юм.

 

                        Дээрх алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах байдлаар хэргийн үйл баримтад дүгнэлт өгөх боломжгүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1, 168.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/00392 дугаар шийдвэрийг шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 580 000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                                                                     

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.ТУЯА

 

                               ШҮҮГЧИД                                  Б.НАРМАНДАХ

 

Г.ДАВААДОРЖ