Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/850

 

 

 

 

 

 

2022               08               25                                       2022/ДШМ/850                        

 

Г.Н-, С.М-, Б.А- нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Н.Батсайхан, М.Пүрэвсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Цогтгэрэл,

шүүгдэгч Г.Н-, түүний өмгөөлөгч Д.Халзан,

шүүгдэгч Б.А-, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа,

шүүгдэгч С.М-, Б.А- нарын өмгөөлөгч Б.Балжидмаа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08ы өдрийн 859 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Н-, Б.А- нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Г.Н-, С.М-, Б.А- нарт холбогдох эрүүгийн 2102001880214 тоот хэргийг 2022 оны 08 дугаар сарын 02ы өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

1. М-,

2. А-,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 951 дүгээр магадлалаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсан.

3. Н-,

2009 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2 дахь хэсгийн 91.2.15 дахь заалтад зааснаар 17 жил хорих ял шийтгүүлж, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.7 дахь заалтад заасан хорих ялын хэмжээнд дүйцүүлэн хасч 13 жил 7 сар 9 хоногийн хорих ял болгон өөрчилж, 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр эдлээгүй үлдсэн 3 жил 2 сар 2 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.

С.М-, Г.Н- нар бүлэглэн 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Park view” хотхоны *****тоот орон сууцанд НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 1,3145 грамм бодисыг, С.М- нь ганцаараа дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй 2,0709 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт,

Б.А- нь 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Park View” хотхоны *****тоот орон сууцанд байхдаа гар цүнхэндээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1136 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.  

Нийслэлийн прокурорын газраас: С.М-, Г.Н- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн, С.М-г хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр оролцсон, шүүгдэгч Г.Н-ыг хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэгчээр хамтран оролцсон, бусдад өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д 2 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Г.Н-т 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэж, тус бүрийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-, Б.А-, нарын урьд цагдан хоригдсон 3 хоногийг, шүүгдэгч Г.Н-ын урьд цагдан хоригдсон 61 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулж, түүнд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.М-д согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж буй энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хужирт гэсэн бичигтэй, дотроо устай, хажуу хэсэгтээ соруул мэт зүйлээр цоолсон, дээд хэсэгтээ тогоо хэлбэртэй соруул мэт зүйлтэй сав 1 ширхэг, №2, №3 гэж дугаарласан 2 тусдаа 2 ширхэг гялгар ууттай 0,2370, 0,2150 грамм мөс гэх зүйл, №4 гэж дугаарласан Б.А-гийн цүнхнээс хураан авсан 0,0112 грамм мөс гэх зүйл, №5 гэж дугаарласан шар өнгийн цүнхнээс хураан авсан 0,1024 грамм мөс гэх зүйл, Ченж платинум тамхины хайрцаг дотор байсан хагархай тарианы шил 1 ширхэг, хуйлсан 100-тын мөнгөн дэвсгэрт 1 ширхэг, №6 гэж дугаарласан 2,0709 грамм “өвс” гэх зүйл, NJ90011314 сери дугаартай 100-тын дэвсгэрт 1 ширхэг, №7 гэж дугаарласан шар өнгийн хагарч бутарсан хуванцар сав, 4 ширхэг тус тусдаа зиплок ууттай “мөс” гэх зүйлийг, №1 гэж дугаарласан 0,2222 грамм “мөс” гэх зүйл, №2 гэж дугаарласан 0,2138 грамм “мөс” гэх зүйл, №3 гэж дугаарласан 0,2408 грамм “мөс” гэх зүйл, №4 гэж дугаарласан 0,1857 грамм “мөс” гэх зүйл, мөн цаасан соруул мэт зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц утсгахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 3 ширхэг “CD-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч С.М-, Б.А-, Г.Н- нь бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.  

            Шүүгдэгч Г.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд заасан шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийг тайлбарлахдаа ... хэргийг сэргээн шалгах үндэслэлд шүүх хэргийг шийдвэрлэх үед бий болсон байсан боловч мэдэгдээгүй байгаад одоо илэрсэн бөгөөд шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдал хамаарна. Мөн шинээр илэрсэн нөхцөл байдал нь шүүхийн шийдвэр үндэслэлтэй, хууль ёсны буюу шударга гарсан эсэхэд бодитой эргэлзээ төрүүлэх хэмжээнд байж хэргийг дахин шинээр хэлэлцэх үндэслэл болж чадна гэжээ. Тэгвэл энэ хэргийг би иргэн М-гаас үнэ тохиролцон худалдаж авсан юм. Тайлбарлавал би М-гаас 50,000,000 төгрөгөөр хийсэн хэргийг нь даахаар тохиролцон мөрдөн байцаах шат, прокурорын хяналтын шат, шүүхийн шатанд тус тус худал мэдүүлэг өгснөөс болж надад шүүхээс 2 жил 1 сар хорих ял оногдуулсан. Худал мэдүүлэг өгсний учир нь М- надад хэлэхдээ “Танд хөдөлгөөн хязгаарлах ял буюу цахим гав зүүлгээд өгнө” гэж худал хэлсэн ба мөнгөө өгөөгүй тул шүүхээр ял автлаа худал мэдүүлж ирсэн болно. Ямар учраас хүний хэрэг дааж, мөнгө олох хэрэг гарсан гэхээр миний эхнэр намайг 10 жил шоронд суугаад гарч ирэхэд элэгний хорт хавдартай болсон. Нарийн шинжилгээ өгөхөд бас савны хорт хавдартай болох нь тогтоогдсон юм. Эхнэртээ ядаж нэг удаа тус болж, савны хорт хавдрыг нь эмчлүүлэх гэж ийм алхам хийсэн боловч мөнгө ч үгүй, бүр ял авлаа. Би амьдралдаа нэг ч удаа хар тамхи хэрэглэж байгаагүй бөгөөд хэзээ ч архи зарж яваагүй болно. Хөл хорионы үед би машингүй байсан бөгөөд 2022 оны 5 сарын сүүлээр өөрийн машиныг банк бус санхүүгийн байгууллагын зээлээр авсан. Сая 461 дүгээр ангид цагдан хоригдож байх хугацаанд машиныг минь хурааж аваад зарчихсан. М- нь анх надтай 2021 оны 9 дүгээр сарын дундуур уулзсан. Тэр өдөр миний дансанд дугуйны үнэ гэсэн утгатайгаар мөнгө хийсэн. Мөн 88403773 гэх дугаарыг хоорондоо ярьж байна гэж авч өгсөн. Миний дугаар бол 85112849 гэж байдаг. Тэгээд 7 дугаар сарын Өршөөлийн хуулийн өмнө та олж авсан байх шаардлагатай гэхээр нь би “5 дугаар сарын 11, би хэзээ ч мартахгүй” гэхэд “Яг зөв 6 сард Тэрэлж орчим том ажиллагаа явагдсан юм. Тэрний нэг гэж бодогдоно” гэсэн. Хаан банкны миний дансны хуулга авч харвал дугуйн үнэ гэсэн хэд хэдэн гүйлгээг олж харна. Иймд тохирсон мөнгөө авч чадаагүй, мөн цахим гав зүүх ял аваагүй тул энэ хэргийг үнэн зөвөөр нь мэдүүлж байна.

2. Мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд худал мэдүүлэг өгсөн хэрэгтээ зохих шийтгэлийг хүлээхэд бэлэн байна. Гэхдээ би хэн нэгэн үл таних хүнийг хилс хэрэгт гүтгэж ялд унагаагүйдээ баяртай байна. Иймд надад холбогдох хуурмаг хэргийн үнэн зөвийг олж, холбогдолгүй болохыг минь тогтоон, цагаатгаж өгнө үү” гэв.

Шүүгдэгч Б.А- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэм буруугийн талаар маргаагүй. Би умайн хүзүүний хорт хавдраар удаан хугацаанд өвдөж, байнгын эмчийн хяналтад байдаг бөгөөд ойрын хугацаанд мэс ажилбарт орох шаардлагатай гэж оношлогдсон. Хоригдож эхэлсэн цагаас хойш эмчилгээ хийлгэж чадахгүй байгаа учраас эрүүл мэндийн байдал доройтож байна. Иймд миний эрүүл мэндийн байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж, хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч Г.Н-ын өмгөөлөгч Д.Халзан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна.” гэв.

Шүүгдэгч Б.А-гийн өмгөөлөгч Н.Нарантуяа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүгдэгч Б.А- эрүүл мэндийн хувьд умайн хүзүүний хорт хавдарын эмчилгээг хийлгэж байсан талаарх акт зэрэг 5 хуудас нотлох баримтыг шинээр гаргаж өгье. Миний үйлчлүүлэгчийн эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.М-, Б.А- нарын өмгөөлөгч Б.Балжидмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “С.М-гийн хувьд шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч Б.А- нь 90 настай эмэг эх, 70 настай ээжийгээ ганцаараа асардаг бөгөөд эгчийнхээ компанид ажилладаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог. Иймд Б.А- эрүүл мэндийн асуудалтай байгаа учраас заавал нийгмээс тусгаарлахгүйгээр зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэх боломжтой.” гэв.

Прокурор Г.Цогтгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Г.Н-тай мөрдөн шалгах ажиллагааны үед болон прокурорын шатанд уулзахад гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн. Мөн шүүхийн хэлэлцүүлэгт болсон асуудлын талаар мэдүүлэг өгсөн. С.М-, Б.А- нар Г.Н-ын мэдүүлгийг нотолж давхар мэдүүлсэн байдаг. Г.Н- хурал хойшлох үед 10 орчим хоног цагдан хоригдсон. Цагдан хоригдож байгаад гарч ирээд шүүх танхимын үүдэнд мөнгө авсан, өгсөн гэх зэрэг асуудал ярихаар нь “Тэгвэл тэр баримтаа гаргаж ирээд ярь” гэхэд шүүхийн хэлэлцүүлгийн үеэр “Тийм зүйл болоогүй. Энэ бол миний үйлдсэн гэмт хэрэг” гэсэн. Г.Н-ын гаргасан давж заалдах гомдолд бичигдсэн зүйлс ямар ч нотлох баримтгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүхийн хэлэлцүүлэг, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болно” гэж заасан. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судалсан нотлох баримтуудыг үнэлж, дүгнээд шийдвэр гаргасан. Б.А- өмнө нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэхэд нь төрөөс түүнд боломж олгож, тэнсэж албадлагын арга хэмжээ хэрэглэсэн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн. Иймд Б.А-гийн үйлдсэн гэмт хэрэг, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг харгалзан үзэхэд оногдуулсан ял нь тохирсон байх тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх хуралдаанаар С.М-, Б.А-, Г.Н- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч нарын давж заалдсан гомдлуудын үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагаагаар шүүгдэгч С.М-, Б.А-, Г.Н- нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн шалгаж тодруулсны зэрэгцээ оролцогчдын эрхийг хасаж, хязгаарласан, эсхүл бусад байдлаар шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргаагүй байх тул яллагдагчийг шүүхэд шилжүүлж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь хууль ёсны, үндэслэл бүхий байна.

Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас үзэхэд 2021 оны 09 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Park view” хотхоны *****тоот орон сууцанд Г.Н- нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 1,3145 грамм бодисыг С.М-д өгсөн гэмт хэрэг

С.М- нь тухайн бодисоос гадна дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай “өвс” нэршилтэй 2,0709 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг тус байранд хадгалсан гэмт хэрэг,

Б.А- нь гар цүнхэндээ НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан метафетамины агууламжтай “мөс” гэх нэршилтэй 0,1136 грамм хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хадгалсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх 113-120/, мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /1-р хх 134-135/, эд мөрийн баримт хураан авах тогтоол /1-р хх 166-174/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, биологийн дээж авсан тухай тэмдэглэлүүд /1-р хх 125-128, 129-132/, Б.А-гийн гар утсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх 140-147/,

хэргийн газрын үзлэгээр бэхжүүлэн, хураан авсан эд мөрийн баримтуудад шинжилгээ хийхэд “1” гэж дугаарласан цэнхэр өнгийн таглаатай, дотроо тунгалаг өнгийн шингэн зүйл, “2” гэж дугаарласан хэлбэртэй мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт үйл, “4” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№4” гэж дугаарласан үзүүр хэсэгтээ тарианы шилний толгой мэт зүйлийг бэхэлсэн гуурс 2 ширхэг, зиплок гялгар уут, “5” гэж дугаарласан талстлаг хэлбэртэй мөс мэт зүйл, “№7” гэж дугаарласан зиплок гялгар ууттай “1” гэж дугаарласан мөс мэт зүйл, “2” гэж дугаарласан мөс мэт зүйл, “3” гэж дугаарласан мөс мэт зүйл, “4” гэж дугаарласан мөс мэт зүйл, “8” гэж дугаарласан гялгар ууттай хагархай тарианы шил, хуйлсан “NZ5699002” гэсэн серийн дугаартай 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт тус бүрээс метамфетамин ..., “№6” гэж дугаарласан гялгар ууттай ургамал мэт зүйлээс делта-9 тетрагидроканнабинол,  шүүгдэгч “2021.09.4 М- УК95122124”, “Б.А- ШБ78081761 2021.09.04” гэсэн хаягтай шээснээс метамфетамин тус тус илэрсэн болохыг тогтоосон шинжээчийн 4092, 4093, 4094 тоот дүгнэлтүүд, /1-р хх 177-181, 204-205, 198-199/,

шүүгдэгч Г.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс минийх байгаа юм... Би Шарга морьтоос М-г очиж аваад, замдаа тамхи асуухаар нь “татдаг нь ч байна, сордог нь ч байна” гэхэд М- гэрт очьё гэсэн... Тэгээд хамт хэрэглэсэн. Дараа нь ирж хэрэглээд бэлгийн харьцаанд орохоор болж шкаф руу нь хийсэн. Би зарим нэг мөсийг ширээн дээр нь тавьсан...” /2-р хх 56-57/,

шүүгдэгч С.М-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “...Миний оршин суудаг Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Park view” хотхоны 752 байрны 267 тоотоос хураагдсан эд зүйлс надтай хамт манай гэрт орж ирсэн Н-ынх байгаа юм. Би тухайн үед сандарсандаа Уранзаяагийн цүнх гээд хэлчихсэн. Тийм хүн байхгүй. 09 дүгээр сарын 02-03 шилжих шөнө Шарга морьтоос гэртээ хүргүүлэхээр Г.Н- ахыг дуудсан. Би нилээн согтсон байсан, юу болсныг сайн санахгүй байна. Гэрт хамт орж хэрэглэсэн нь үнэн. Маргааш нь сэрээд хартал гал тогооны шүүгээнд бонго хийчихсэн байсан...” /2-р хх 61-62/,

шүүгдэгч Б.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “... 09 дүгээр сарын 03-нд М-гийн гэрт амрахаар орсон... үүнээс 2 хоногийн өмнө метамфитамин нэртэй мөс хэрэглэсэн. “Их Монгол” ресторанд Эдо гэх залуу сэргэх үү гээд мөс гаргаж ирсэн...” /1-р хх 231/ гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч Г.Н-ын хориглосон сэтгэцэд нөтөөт бодисыг С.М-д өгч хадгалуулсан, шүүгдэгч С.М- нь түүний өгсөн бодис болон өөр нэр төрлийн хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг гэртээ хадгалсан, шүүгдэгч Б.А- нь хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг гар цүнхэндээ хадгалсан үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэргийн шинжтэй байна. Шүүгдэгч нар тухайн бодисоо худалдаалах зорилготой хадгалж байсан нь мөрдөн байцаалтаар тогтоогдоогүй тул гэмт хэргийн үндсэн шинжээр хэргийг зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь шүүгдэгч нарын үйлдэл, оролцоо, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон байна. Шүүгдэгч С.М- нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хүүхэд төрүүлээд удаагүй байгаа, бага насны хоёр хүүхдийн хамт амьдардаг зэрэг нь баримтаар тогтоогдсон тул анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан нь Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 11 дэх хэсэгт “... Гэр бүл, эх нялхас, хүүхдийн ашиг сонирхлыг төр хамгаална;” гэж заасантай нийцсэн шийдвэр болжээ.  

Шүүгдэгч Б.А- өмнө нь сэтгэцэд нөлөөт бодис хадгалсан гэмт хэрэг үйлдэж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 1081 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлснийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 951 дүгээр магадлалаар хянаад эрүүл мэндийн байдлыг нь харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ болгон хөнгөрүүлэн өөрчилсөөр байтал тэнссэн хугацаанд дахин мансууруулах бодис хадгалсан гэмт хэрэг үйлдсэн байх тул “... эрүүл мэндийн байдлыг харгалзан өөр төрлийн ялаар сольж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол, тайлбаруудыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.  

Шүүгдэгч Г.Н- нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг хэрхэн олж авч, хэнд өгсөн, хаана хадгалсан талаар тогтвортой мэдүүлсэн байх бөгөөд шүүгдэгч С.М-гийн мэдүүлэг, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд мөрийн баримтаар давхар батлагдаж, гэм буруутайд тооцох үндэслэл болжээ. Энэхүү тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үгүйсгэх, няцаах, шүүгдэгч С.М-гийн амлалт, гуйлтаар хэрэг хүлээсэн байж болзошгүй гэсэн эргэлзээ төрүүлэхүйц баримтад мэдээлэл хэрэгт авагдаагүй байна. 

Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахыг хүссэн шүүгдэгч Г.Н-ын, өөр төрлийн ялаар солихыг хүссэн шүүгдэгч Б.А-гийн давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж заасан байх тул шүүгдэгч Г.Н-, Б.А- нар шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 78 хоногийг тэдний ял эдлэх хугацаанд оруулан тооцлоо.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 859 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Н-, Б.А- нарын давж заалдсан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н-, Б.А- нарын 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 78 хоногийг тус тусын эдлэх ялд нь оруулан тооцсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            М.ПҮРЭВСҮРЭН