Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ШЦТ/79

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга О.Мөнхдэлгэрэх,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Н.Биндэръяа, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржиргон овогт Наранбатын Биндэръяад холбогдох эрүүгийн 1717000400019 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржиргон овогт Наранбатын Биндэръяа /РД:ЗБ78032713/ Дундговь аймгийн Баянжаргалан суманд 1978 оны 03 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 7 дугаар байрны 2-22 тоотод оршин суух, хэрэгт холбогдох үедээ Говьсүмбэр аймгийн Прокурорын газарт жижүүрээр ажиллаж байсан, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Шүүгдэгч Н.Биндэръяа нь согтуугаар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-13 тоотод иргэн Ж.Амарсайхантай маргалдан түүний хэвлий тус газар хөлөөрөө өшиглөж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ. Шүүгдэгч Н.Биндэръяа нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Рэгцэгийн 1-13 тоот хашаанд Ж.Амарсайхантай маргалдан улмаар нүүр лүү нь 2 удаа цохиход нь түүний цээжин хэсэгт нь нэг удаа өшиглөн эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Н.Биндэръяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 09 дүгээр сарын 08-ны орой Ванчинсүрэн гэх айлд очсон. Ванчинсүрэн, Амарсайхан хоёр хоорондоо маргалдаад байхаар нь би Амарсайханд айлд ууж, идэж байж битгий маргалдаад байгаач гэхэд чамд хамаагүй, чамайг танихгүй юм байна гэж хэлсэн. Тэгтэл хажуу талаас Даваадорж ах наадах чинь манай сумын хүүхэд шүү дээ Гантулга, Ганзориг нарын төрсөн ах нь гэж хэлтэл тэр хоёрыг таньж байна, чамайг бол танихгүй гээд чи наашаа гараад ир би майжиг ч гэсэн сайхан зодолдоно гээд намайг авч гараад нүүрний шанаа хэсэгт хоёр удаа цохихоор нь би цээжин тус газарт нь нэг удаа өшиглөсөн. Даваадорж ах салгаад цааш нь аваад явсан. Болсон асуудлыг мэдэж байгаа. Согтолт гайгүй байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Эмчилгээний зардал, эмнэлгийн ор хоногийн мөнгө гээд 340 000 төгрөг төлсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, хөнгөн ял оноож өгнө үү гэв.  

 

1.2. Хохирогч Ж.Амарсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Гантулга гэх залуутай 2 шил архи уучихаад Түвшинжаргалтай хамт Ганбаагийн гэрт очсон. Тэнд Ганбаа эхнэртэйгээ, Ванчинсүрэн, Түмэндэмбэрэл, Биндэръяа нар архи уугаад дуусаж байсан. Тэгээд Түвшинжаргал бид хоёр тэд нар дээр нэмэгдээд бүгдээрээ Ванчинсүрэнгийн гэр лүү явсан. Бид нар бүгдээрээ Ерөөл архи уусан. Урьд нь Ванчинсүрэн манай төрсөн дүү Алтанхуягийг зодож байсан. Тийм учраас би Ванчинсүрэнд тэр талаар хэлж уурласан. Тэгсэн Биндэръяа урдуур орж ирээд намайг гэрээс гаргаад гэдэс рүү өшиглөхөд унасан. Түвшинжаргал гарч ирээд бид хоёрыг салгаад намайг гэрт хүргэж өгсөн. Миний нарийн гэдэс цоорсон гэж хагалгаанд орсон. Тэр өдөр Гантулга гэдэг залуутай зүгээр архи уугаад л салсан, ямар нэгэн зодоон, муудалцсан зүйл байхгүй. Тэр өдөр би Биндэръяагаас өөр хүнтэй маргалдаж муудсан зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-12 хуудас/

 

1.3. Гэрч Г.Гүррагчаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өглөө 07 цаг 40 минутын үед манай ээжийн дүү Дашдаваа над руу залгаад Амараа ахыг эмнэлэгт хүргэж өгөхгүй бол болохгүй байна гэхээр нь би  очсон. Намайг очиход Амараа ах өөрөө босч чадахгүй хэвтээд байсан. Өөрөө  гэдэс дээгүүр өвдөөд байна гэсэн. Урьд шөнө 01 цагт Амараа ахыг гаднаас орж ирээд гэдсэндээ зовиурлаад ёолоод хэвтээд байхаар нь түргэн тусламжид дуудлага өгөхөд эмч ирж үзээд өглөө болтол харъя гээд явсан юм билээ. Амараа ахыг аймгийн нэгдсэн эмнэлэг рүү авч очоод ЭХО-д харуулсан. Мэс заслын эмч Наранбаатар, Минжүүр нар үзээд Амараа ахын хэвлий дотроо гэмтэл байна, хагалгаа хийлгэх шаардлагатай гэсэн. Хагалгааны дараа Эрдэнэбилэг эмчтэй уулзахад Амараа ахын нарийн гэдэс цоорсон, ялгадас нь хэвлийдээ тархсан хүнд хагалгаа боллоо, 2 хоног сахиуртай байна гэж хэлсэн. Амараа ах өөрөө ярихдаа 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Ванчинсүрэнгийн гэрт архи уусан гэж хэлж байсан бөгөөд хэнд, хаана зодуулсан тухайгаа хэлж мэдэхгүй байна лээ. Газар хэвтэж байхад гэдэс рүү хүн өшиглөөд байсан гэсэн. Мөн мөр нь эмзэглэлтэй байна гэсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 13-14 хуудас/

 

1.4. Гэрч Ж.Жаргалсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Амарсайхан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр хөдөө яваад ирлээ гээд нэг ямаатай гэрт ирсэн. Түүнийгээ өөрөө зараад эргээд гэрт ирэхдээ архи үнэртүүлчихсэн ирсэн. Тэгээд байж байхад манай Төгрөгийн гудамжны Түвшинжаргал орж ирсэн. Жаахан халамцуухан байсан бөгөөд их согтуу бол байгаагүй. Амарсайхан өөрөө Түвшинжаргалд бид хоёрыг Ванчинсүрэн дуудаад байна гэж хэлж байсан. Шөнө 01 цагийн орчим Амарсайхан ганцаараа согтуу орж ирж байгаа бололтой байсан бөгөөд өглөө нь Амарсайхан нь Түвшинжаргал намайг хүргэж ирсэн. Харьж чадсан болов уу гээд архи нь гараагүй согтуу хэлэхээр нь урьд шөнө Амарсайханыг Түвшинжаргал хүргэж ирж дээ гэж бодсон. Шөнө нь Амарсайхан унтмаар аядаж байснаа ходоод өвдөөд байнаа хоол өгөөчээ гээд байсан. Би 80 настай ээжтэйгээ байдаг юм. Амарсайхан нь согтохоороо ганцаараа яриад байдаг болохоор ээж бид хоёр нэг их тоогоогүй. Тэгээд Амарсайхан ёолоод байхаар нь түргэн дуудъя олгой ургаж байгаа юм болов уу гээд нөгөө гэр лүү ороод дүү Дашдаваагаар түргэн  дуудуулсан. Тэгээд жижүүрийн намхан цагаан эрэгтэй эмч ирж Амарсайханыг үзээд хэл цагаан болсон байна. Шингэн юм сайн уу, олгой бол эм ууж болохгүй шүү өглөө болтол түр харъя гэж хэлээд явсан. Тэгэхэд 03 цаг болж байсан байх. Тэгээд Амарсайхан жаахан унтсан. Өглөө 06 цаг болж байхад Амарсайхан ёолоод байхаар нь би 103 дуудсан чинь яаралтай л биш бол өглөө эмчид ирж үзүүл гэж хэлээд ирээгүй. Тэгээд өглөө 07 цаг өнгөрч байхад такси байхгүй учир би Гүррагчааг дуудсан. Гүррагчаа Амарсайханыг аваад аймгийн нэгдсэн эмнэлэг рүү яваад Амарсайханыг хагалгаанд орохоор боллоо гэсэн. Амарсайхан хаана, хэнд зодуулсан талаараа өөрөө хэлж мэдэхгүй байна лээ. Түвшинжаргал, Ванчинсүрэн нартай архи уусан гэж хэлсэн. Ванчинсүрэн нь 2017 оны 07 сард байх манай төрсөн дүү Алтанхуягтай хамт архи уугаад зодоод тархи толгойг нь хагалаад явуулсан байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 15-16 хуудас/

 

1.5. Гэрч Д.Ванчинсүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Ханангийн гудамжинд байдаг Дэнж гэдэг дэлгүүрээс 0,75 литрийн Хараа нэртэй архи аваад буцаж байтал Биндэръяа, Даваа хоёр замд таараад бид 3 Ганбаагийн гэрт очоод тэр архийг хувааж уусан. Архи арай дуусаагүй байтал манай нутгийн Амарсайхан миний утас руу залгаад танай гэрт ирчихлээ хаана байна гэхээр нь байгаа газраа зааж өгсөн. Амарсайхан, Түшинжаргалтай хамт 0,75 литрийн Ерөөл нэртэй архитай ирсэн. Бид нар үлдсэн архийг ууж дуусаад Ганбаагийн гэрээс гараад манай гэрт очоод Амарсайханы авч ирсэн архийг хувааж уусан. Шөнө болсон байхад Даваа гэртээ харилаа гээд явсан. Биндэръяа, Түмэндэмбэрэл 2 манай гэрт хоносон. Өглөө нь босоод 08 цагийн үед Биндэръяа ажилдаа явлаа гээд би цай чанасан. Тэр үед Биндэръяа өчигдөрийн намхан бор нөхрийг чинь хэн гэдэг юм бэ Амараа билүү тэр чинь орой далчиганаад байхаар нь би нэг цохичихсон, тэгээд өөдөөс бариад зуураалдаад байхаар нь ганц нэг цохиод хөөгөөд явуулсан гэж ярьсан. Тэр орой Амарсайхан бид 2 хоорондоо муудалцсан эсэхийг би сайн санахгүй байна. Ер нь Амарсайхан хүнтэй юм ярихдаа их шооч, хүний дургүйг хүргэхээр ярьдаг. Ил харагдах зүйл байгаагүй, хувцас хунар нь шороо болсон зүйл байгаагүй. Миний санаж байгаагаар Амарсайханы дүү Хуягаа 2017 оны 07 дугаар сард манай гэрт согтуу орж ирээд гутал хувцастайгаа орон дээр унтаад согтуурахаад над руу янз бүрийн юм яриад хоорондоо маргалдаад би дарж байгаад ганц нэг удаа цохисон. Тэгээд Хуягаа өөрөө маргааш нь надтай ирж уулзаад би өөрийг чинь янз бүрээр хэлсэн юм байна, уучлаарай гэж хэлээд явсан. Тэнд байсан хүмүүс ярихдаа Амарсайхан над руу чи манай дүү Хуягааг зодсон байна лээ шүү гэж дайрсан гэж байсан. Түүнээс болоод Амарсайхан, Биндэръяа хоорондоо муудсан юм уу даа. Миний хувьд бол Амарсайхан над руу дайрсан талаар санахгүй байгаа юм. Тухайн үед Биндэръяагийн дүү Гантулга Түвшинжаргалд хэлэхдээ өдөр ямаа хийгээд архи уусан. Тэгэхэд Амарсайханыг Хүчит хартай муудсан гэж ярьсан байсан. Эрдэнэбаатарыг хүчит хар гэж дууддаг юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-20 хуудас/

1.6. Гэрч А.Түвшинжаргал мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны үдээс хойш Амарсайханы гэрт очсон. Амарсайхан Гантулгатай архи уусан гэж байсан. Бид хоёр цуг гараад Ванчинсүрэнгийн гэрт нь очсон чинь хүн байгаагүй. Амарсайхан Ванчинсүрэнтэй утсаар ярьсан чинь паль Ганбаагийн гэрт байна чи хэнтэй явж байгаа юм гэхээр нь Амарсайхан анги жав Түвшинжаргалтай гэсэн чинь Ганбаагийн гэрт хүрээд ир гэж байсан. Амарсайхан бид хоёр "Чандмань" дэлгүүрээс худалдаж авсан 0.75 литрийн Ерөөл архиа аваад паль Ганбаагийн гэрт нь очсон. Тэгсэн тэнд Ванчинсүрэн, Ганбаа, түүний эхнэр, бас Түмэндэмбэрэл өвгөн, Биндэръяа нар архи уугаад сууж байсан. Тэд нар ууж байсан архиа дуусгаад Ванчинсүрэнгийн гэр лүү явцгаасан. Бүгдээрээ Ванчинсүрэнгийн гэрт очоод миний авч явсан Ерөөл архийг уусан. Тэгээд Биндэръяа нэг 0.5 литрийн архи авсныг мөн хувааж уусан. Түмэндэмбэрэл өвгөн  унтаад өгсөн. Ганбаа эхнэртэйгээ гэр лүүгээ харьсан. Дараа нь Амарсайхан согтчихоод чанга чанга яриад байсан. Тэр дунд Амарсайхантай хамгийн ойр дотно хүн нь би байгаа юм. Амарсайхан Ванчинсүрэн рүү манай дүүг урьд нь зодож байсан гэх утгатай юм яриад муудах гээд байсан. Мөн Амарсайхан Биндэръяаг хэн юм гээд байхаар нь би Амарсайханд Биндэръяаг энэ манай Баянжаргалан сумын Наранбат гуайн хүү гэж хэлсэн чинь Амарсайхан Биндэръяагийн дүү Гантулга, Ганзориг хоёрыг таних юм байна, чам шиг бандийг танихгүй юм байна гээд согтуурахаад байсан. Тэгээд Биндэръяад Амарсайхан би бол сайхан зодолдоно шүү гээд томорч байгаад гэрээс аваад гарсан. Араас нь Даваадорж бид хоёр гарсан чинь Амарсайхан Биндэръяаг хацар луу нь 2 удаа гараараа шанаадаж цохисон. Тэгсэн Биндэръяа Амарсайханы цээж рүү нь тийрч өшиглөсөн. Тэгэхээр нь би анги жавыг яах гээд байгаа юм гээд тэр хоёрын дундуур нь орж салгасан. Биндэръяад Амарсайханаар цохиулаад гэмтэл учраагүй. Би Амарсайханыг авч яваад хашааных нь хажууд үлдээгээд өөрөө гэр лүүгээ явсан. Амарсайхан автомашины ойролцоо зогсож байсан бөгөөд өшиглүүлээд автомашин түшээд зогссон шиг санаж байна. Амарсайхан Биндэръяагаар өшиглүүлээд зүгээр байх шиг байсан. Ямар нэгэн эмзэглэл бий болоогүй. Гэртээ харьсаны дараа өвдсөн гэж байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29-31 хуудас/,

 

1.7. Гэрч Н.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Амарсайхан ах хөдөөнөөс нэг ямаа авч ирээд намайг хийгээд өг гэсэн. Би Амарсайхан ахын хашаанд очиж ямааг хийж өгсөн. Дараа нь Амарсайхан ах нэг шил архи аваад хашааны гадаа нь сууж байгаад уусан. Тэгэхэд Амарсайхан ах хүнтэй муудаж маргалдсан зүйл болоогүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 33 хуудас/,

 

1.8. Гэрч Н.Эрдэнэбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Намайг хүмүүс хүчит хар гэж хочилж дууддаг юм. Би Амаа буюу Амарсайханыг Чойрт байх үеэс нь мэднэ. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр би Амарсайхан, Гантулга хоёртой таарсан. Хамт ганц шил архи уучихаад салсан. Тэгэхэд би Амарсайхантай муудаагүй. Харин Амарсайхантай хамт явсан Гантулгатай хэрэлдээд салсан. Зодоон болоогүй. Гантулга л өөрөө том том юм яриад байсан байх” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 34-35 хуудас/,

 

1.9. Гэрч Д.Наранбаатар мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр би эмнэлэг дээр дуудагдаж ирээд 10 цагт Амарсайханд үзлэг хийсэн. Үзлэгээр гэмтлийн шинж илэрсэн. Тийм учраас ЭХО-д хараад яаралтай хагалгааны баг дуудаж, Эрдэнэбилэг эмчийн хамт Амарсайханд хагалгаа хийсэн. Хагалгаа хийхэд Амарсайханы нарийн гэдэс нь ойролцоогоор 2х1 см хэмжээтэй язарч цоорсон байсан. Тийм учраас гэдэсний агууламж хэвлийн хөндийгөөр тархсан байсныг соруулж цэвэрлээд гэдэсний цоорсон шархыг өөлж шинэ шарх үүсгэж оёсон. Согтуу үедээ гэмтэл авсан даруйдаа мэдэхгүй байх боломжтой. Учир нь Амарсайханы нарийн гэдэс бага хэмжээгээр цоорсон байсан. Гэдэсний цооролт том байвал төдий чинээгээрээ баас буюу гэдэсний агууламж хэвлийн хөндийд тархаж өөрт мэдэгдэнэ. Нарийн гэдэсний агууламж хэвлийн хөндийд хэдий хэмээнд тархсан хугацаанаасаа хамаараад өөрт мэдэгдэх хугацаа өөр өөр байж болно. Өөрөөр хэлбэл шарх том байвал мэдэх хугацаа богино, шарх жижиг байвал нилээдгүй хугацааны дараа өөрт мэдэгдэж болно. Гэмтэл авсан хүн согтуу байсан бол өвдөлт бага илэрнэ. Илрэх шинж тэмдэг бүдэг байж болно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 36-39 хуудас/

 

1.10. Шинжээч Б.Сэргэлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би шинжилгээ хийлгэх тогтоолын дагуу Амарсайханы биед болон өвчний түүхэнд үзлэг хийж 328 тоот дүгнэлтийг гаргасан. Амарсайханы биед нарийн гэдэсний урагдал (нарийн гэдэс тайрах мэс заслын дараах байдал 2017-09-09), хэвлийн хөндий дэх шингэн хуралт, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл, биеийн ерөнхий хордлого гэмтэл тогтоогдсон. Энэ нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүнд гэмтэл юм. Амарсайхан нь гэмтэл авсан үедээ хэр их хэмжээний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хамаарч өвдөлтийг хүчтэй мэдрэх хугацаа өөрчлөгдөх боломжтой. Эрүүл хүнд тухайн гэмтлийг авсан даруйд хүчтэй өвдөлт мэдрэгдэнэ. Харин архи, согтууруулах ундаа хэрэглэсэн хүн тухайн өвдөлтийг мэдрэхгүй яваад байх боломжтой юм. Цээж болон хэвлий рүү нэг удаа өшиглөх болон жийх үед нарийн гэдэсний урагдал гэмтэл үүсэх боломжтой. Энэ гэмтлийн хүндрэл нь хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл, хэвлийн хөндий дэх шингэн хуралт, биеийн ерөнхий хордлого зэрэг нь орно” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 72-73 хуудас/,

 

1.11. Шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн 328 дугаартай дүгнэлтэнд: Ж.Амарсайханы биед нарийн гэдэсний урагдал /нарийн гэдэс тайрах мэс заслын дараах байдал 2017-09-09/, хэвлийн хөндий дэх шингэн хуралт, хэвлийн гялтангийн цочмог идээт үрэвсэл, биеийн ерөнхий хордлого гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд бусдад өшиглүүлэх үед үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /х.х-ийн 46 хуудас/,

 

1.12. Яаралтай тусламжийн хуудасны хуулбар /х.х-ийн 49-71 хуудас/ зэрэг болно.

 

Иймд шүүгдэгч Н.Биндэръяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Н.Биндэръяад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:

 

2.1. Хохирогч Ж.Амарсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Одоо биеийн байдал зүгээр болсон. Ямар нэгэн зовиургүй бүрэн эдгэсэн гэж ойлгож болно. Миний эмчилгээний зардалд 400000 гаруй төгрөг гарсан гэж байсан бөгөөд уг мөнгийг Биндэръяа бэлнээр авч ирээд Эрдэнэбилэг эмчид өгч хаалгасан гэсэн. Биндэръяа намайг эмнэлэгт байхад байнга эргэж ойр зуурын хэрэгцээтэй эм, тариа, нэгж дөхүүлж өгдөг байсан. Би Биндэръяагаас бэлнээр бол мөнгө аваагүй. Одоо би Биндэръяагаас мөнгө нэхэмжлэхгүй. Гомдол санал байхгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 8-12 хуудас/

 

2.2. Гэрч Н.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай ах одоо Хонхорт 3 охины хамт амьдардаг. Эхнэр Саранцэцэг нь Солонгос улсад эмнэлэгт хэвтэн эмчүүлж байгаа. Том охин нь Улаанбаатар хотод нэг дүгээр курсын оюутан. Ах Биндэръяа архи уучихаараа хүнтэй хэрүүл ам хийгээд байдаггүй, архи уувал унтаад өгдөг даруу хүн байгаа юм” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/,

 

2.3. Гэрч Г.Төмөрсайн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Биндэръяаг хүүхэд байхаас нь мэднэ. Би Биндэръяагийн аав Наранбат, ээж Бадамханд нартай найз нөхдүүд юм. Биндэръяагийн хувьд хүнд их тусархуу, муу зан байхгүй. Надтай нутаг болоод тэгдэг үү ахаа гээд сайхан харьцаатай байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/,

 

2.4. Гэрч Ц.Тунгалаг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Биндэръяа нь манай дунд охин Саранцэцэгийн нөхөр нь байгаа юм. Тэр хоёр 4 охинтой бөгөөд том охин Анужин одоо Улаанбаатар хотод 1 дүгээр курссын оюутан. Дараагийн 2 охин ихэр бөгөөд Анунгоо, Анударь нар одоо 5 дугаар сургуулийн 10 дугаар ангид сурдаг. Бага охин Ану-Үжин 5 дугаар сургуулийн 2 дугаар ангид сурдаг. Манай охин Саранцэцэг одоо Солонгос улсад байдаг. Тэндээ 2 жил болж байна. Би одоо хүргэн Биндэръяа болон түүний охидуудтай нь хамт амьдарч байгаа. Биндэръяа зан байдлын хувьд даруу төлөв, хүнтэй муудаад байдаггүй хүүхэд байгаа юм. Хүргэнээ ийм хэрэгт холбогдсон талаар мэдээд ар гэрийнхэн бидний зүгээс их харамсаж байна. Биндэръяагийн хувьд эхнэр нь эзгүй, охидуудаа харж ханддаг хүн учир хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү л гэж хүсэж байна даа. Торгуулийн ял оногдуулахад Биндэръяагийн хувьд төлөх бололцоотой гэж үзэж байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/

 

2.5. Гэрч Н.Ганзориг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай ах Биндэръяа их даруу хүн бөгөөд бусдын дунд биеэ авч явах чадвар сайтай, хамт олонтойгоо нийтэч, ямар ч хүнтэй хэл амаа эв зүйгээр ололцож чаддаг юм. Ахуй амьдралын хувьд Биндэръяа ах4 охинтой. Эхнэр Саранцэцэг нь Солонгос улсад байдаг. Том охин нь Улаанбаатар хотод оюутан. Бага 3 охин нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Ах одоо ганцаараа 4 охиноо харж хандаж байгаа бөгөөд ахын хадам ээж Тунгалаг амьдралд нь тус нэмэр болж явдаг юм билээ. Манайхны зүгээс бол бид нар эхээс зургуулаа бөгөөд хамгийн том нь Биндэръяа ах юм.  Миний хувьд өөрөө 600 гаруй толгой малтай, манай ах дүү нарын зүгээс Биндэръяа ахын хохирол, төлбөрт нь туслахад бэлэн байгаа” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 44 хуудас/

 

2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 91-92 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Н.Биндэръяаг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батчимэг нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналдаа шүүгдэгч Н.Биндэръяа нь торгуулийн ялыг төлөх боломжгүй тул түүний гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг барагдуулсныг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хорих ялын доод хэмжээнээс доош хорих ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ. Учир нь: шүүгдэгч Н.Биндэръяа нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэх үндэслэлтэй байна.

 

Мөн дээрхи нөхцөл байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэв.

 

Шүүгдэгч Н.Биндэръяа нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржиргон овогт Наранбатын Биндэръяаг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Биндэръяаг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Биндэръяад оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Н.Биндэръяа нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Биндэръяад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Б.БАТТУЛГА