Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 119/ШШ2024/0016

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “А” ХХК

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Н

Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазар

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Э.Батбаяр, Д.Гантулга нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2/-12/5669 дугаартай албан бичигт дурдсан “тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах” үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэмэгдүүлсэн  шаардлагатай тендерийн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н /цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаатар, Д.Гантулга, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бямбахишиг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2/-12/5669 дугаартай албан бичигт дурдсан “тендерт шалгараагүй гэх Үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгуулах

 Нэхэмжлэлийн шаардлагыг “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” гэж нэмэгдүүлэн маргасан.

2. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/206 дугаар тушаалаар “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан ба нээлттэй тендер шалгаруулалтыг 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр төрийн худалдан авах ажиллагааны цахим системд зарлажээ.  

3. “А” ХХК нь уг “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл”-ийг нийлүүлэх нээлттэй тендер сонгон шалгаруулалтад оролцсон байна.   

4. “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрээр “А” ХХК-ийг шалгаруулж, захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас “А” ХХК-д 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн СЭ-112-12/5104 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон боловч захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч тендер сонгон шалгаруулалтад оролцогч нараас гомдол гаргасны дагуу Монгол улсын Сангийн яам хянаад 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/6896 дугаар шийдвэрээр захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн СЭ-112-12/5104 дугаартай “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгажээ.

5. 2023 оны 10 дугаар сарын 25-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр захиргааны хэрэг үүсгэсэн байна.

6. Нэхэмжлэгч “А” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:

“ ...Манай компани хууль, дүрэм журмын дагуу уг сонгон шалгаруулалтад оролцсон бөгөөд компанийн эдийн засаг санхүүгийн чадамж тус тендерээр захиалсан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх бүрэн боломжтой төдийгүй зээлжих чадвар хөрөнгө оруулалт хийхэд хангалттай. Санхүү, эдийн засгийн чадвар чадамж, банкнаас авах зээлийн хэмжээ зэрэг нь манай компанийн 2021, 2022 оны жилийн эцэс, 2023 оны хагас жилийн тайлан болон банкны тодорхойлолтуудаар нотлогдсон байдаг.” гэж тодорхойлжээ.

7. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2023 оны 07 дугаар сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай тендерт оролцох материалаа журмын дагуу хугацаанд нь бүрдүүлж оролцсон бөгөөд худалдан авах ажиллагаанд 4.160.333.567.00 төгрөгийн саналыг хүргүүлсэн байдаг. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2023.08.29-ний өдрийн СЭ-112-12/5104 дугаартай албан бичгээр танай компаниас ирүүлсэн 4.160.333.567.00 төгрөгийн саналыг хамгийн сайн гэж үнэлгээний хороо үнэлсэн тул гүйцэтгэгчээр шалгарсныг мэдэгдье гэсэн албан бичиг ирүүлсэн. Гэвч удалгүй 2023.09.26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай албан бичгийг уг ажлын гүйцэтгэгчээр танай ирүүлсэн тендерт дараах шаардлага хангахгүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнд хүрэхгүй байх тул шаардлагад нийцэхгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсгийг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж үнэлгээний хорооны дүгнэснийг мэдэгдэж байна.” гэх албан бичгийг ирүүлсэн. Манай компани “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023.09.26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай албан бичигт дурдсан тендерийг шалгаруулаагүй гэж үнэлгээний хорооны дүгнэсэн дүгнэлттэй танилцаагүй бөгөөд энэ боломжийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас бидэнд олгоогүй байдаг. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-т заасны дагуу уг асуудлаар Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яамнаас 2023.10.16-ны өдрийн 03/7604 дугаартай албан бичгээр гомдлыг хүлээн авах боломжгүй гэх хариуг ирүүлсэн. Учир нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас манай компанитай гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрийг Үнэлгээний хороо цуцалж, ийнхүү цуцалсан гэх дүгнэлтийг хуулийн хугацаанд танилцуулаагүй шалтгаанаас болж Сангийн яамны зүгээс бидэнд хугацаа хожимдсон гэх хариуг ирүүлсэн байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 93.1-т заасны дагуу тендер сонгон шалгаруулах ажиллагаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55.1-т заасны дагуу гэрээ байгуулах эрх шийдвэрийг цуцалсантай холбоотой гомдлыг холбогдох дээд шатны байгууллага Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Сангийн яаманд гомдол гаргаж урьдчилан шийдвэрлэх ажиллагааг явуулсан байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 56.1-т заасны дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023.09.26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай албан бичигт дурьдсан тендерт шалгараагүй гэх үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулахаар шүүхэд гомдол гаргаж байна. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023.09.26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай албан бичигт дурдсан Тендер шалгараагүй гэх үнэлгээний хорооны дүгнэлт-ийг хүчингүй болгож бидний хууль ёсны эрх ашиг сонирхолыг сэргээж өгнө үү.” гэжээ.

8. Нэхэмжлэгч “А” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шүүх хуралдааныг шууд үргэлжлүүлж байна, манайх албан ёсоор тендерийн маргааныг шийдвэрлэж дуусахаар энэ хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан. Үнэлгээний хорооны шийдвэрийг манайх зөвшөөрөх боломжгүй байгаа. Үнэлгээний хорооны шийдвэр анх гэрээ байгуулах боломжтой гэсэн хариу өгсөн. 2023 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр шаардлага хангаагүй гэж татгалзсан шалтгаан нь банкны зээлжих эрхийн тодорхойлолт нь тодорхой бус гэж татгалзсан байгаа. Манай байгууллагын зүгээс Төрийн банкны 4.000.000.000 төгрөгийг зээллэх боломжтой гэсэн тодорхойлолтыг явуулсан байгаа. Мөн Эрдэнэт үйлдвэрээс 2.140.000.000 төгрөгийн авлагатай байсан энэ нь хавтаст хэрэгт өгсөн баримтуудаар болон санхүүгийн тайлангаар нотлогддог.

Мөн 2021, 2022 оны хагас жилийн тайлангуудаа явуулж батласан. Тухайн тендерийн шалгаруулалтанд 4.000.000.000 төгрөгийн банкны зээлжих чадвар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2.140.000.000 төгрөгийн авлагатай гээд нийт 6.000.000.000 төгрөгийн зээлжих чадвартай гэж баримтаа өгсөн байхад санхүүгийн нөхцөл байдал шаардлага хангахгүй байна гэж татгалзаж байгаа нь үндэслэлгүй байна. Тэгэхээр үнэлгээний хороог хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байгаа учраас нотлох баримтуудыг үзэж шүүх шийдвэр гаргах байх.” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “А” ХХК-аас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцсан. Тайлбараа гаргаж өгсөн. “

            “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын 2022 оны 04 сарын 18-ны өдрийн А/206 дугаар тушаалаар “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн үнэлгээний хороог байгуулсан. Тендер шалгаруулалтыг төрийн худалдан авах ажиллагааны цахим системд 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр зарлаж, 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдөр нээсэн. Үнэлгээний хорооны 2023 оны 08-р сарын 22-ны өдрийн шийдвэрээр “А” ХХК-ийг шалгаруулж, бусад тендерт оролцогч нарын тендерийг шаардлагад нийцээгүй гэж үнэлсэн.  Уг үнэлгээний хорооны шийдвэрийг захиалагч хүлээн зөвшөөрч, захиалагчаас “А” ХХК-д 2023 оны 08-р сарын 29-ний өдрийн СЭ-112-12/5104 дугаартай албан бичгээр гэрээ байгуулах эрх олгох тухай, бусад оролцогч нарт 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдөр тендерт шалгараагүй үндэслэлийн талаар бичгээр мэдэгдсэн.  Захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогч нараас гомдол гаргасан бөгөөд Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/6896 дугаар шийдвэрээр захиалагчийн 2023 оны 08-р сарын 29-ний өдрийн СЭ-112-12/5104 дугаартай “А” ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан.  Үнэлгээний хороо Сангийн яамны дээрх шийдвэрийн дагуу дахин үнэлгээ хийхэд захиалагчийн баталсан тендерийн баримт бичгийн ТШЗ 18.2.5-д “Санхүүгийн чадавхийн талаар энэ зүйлд заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах бусад баримт: “Шаардана” 1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн: Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. Үүнд: 1.1. Байгууллагын банкан дахь дансны бэлэн мөнгө болон бусад валютын үлдэгдлийн тодорхойлолт, 1.2. Арилжааны банкнаас олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт 2. Харилцагч банк тус бүрээс хугацаа хэтэрсэн зээлийн өргүй талаарх тодорхойлолтыг ирүүлнэ. Дээрх тодорхойлолтыг тендер зарлагдсан өдрөөс хойш авсан байна. 3. Тендерт оролцогч нь 2020, 2021 он тус бүр ашигтай ажилласан байна” заасан байхад “А” ХХК-ийн түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнд хүрэхгүй байсан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар шаардлагад нийцээгүй тендер ирүүлсэн гэж үзэж, тус компанийн тендерээс татгалзан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-112-12/5669 дугаар албан бичгээр мэдэгдэл хүргүүлсэн.  Уг шийдвэрийг эс зөвшөөрч “А” ХХК-аас Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 03/7604 тоот албан бичгээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан хугацаа өнгөрсөн байх тул гомдлыг хүлээн авах боломжгүй” гэх үндэслэлээр хүлээн авахаас татгалзаж, гомдлыг буцаасан байдаг. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т “нэхэмжлэл гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг”, 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт хүчингүй болгуулах, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хэрхэн зөрчигдсөн” болохыг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгана гэж зааснаар захиргааны байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны улмаас иргэн, хуулийн этгээдийн эрх, ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, тухайн захиргааны актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх нь нэхэмжлэлийн үндэслэлд тодорхой байх учиртай. “А” ХХК нь нэхэмжлэлдээ “... тендерт шалгараагүй гэх үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, бидний эрх, ашиг сонирхлыг сэргээж өгнө үү гэх боловч шаардлагад нийцээгүй тендерийг шалгаруулах хууль зүйн үндэслэл байхгүй байхад хууль бус шаардлага гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцэхгүй байна.

            Иймд  “А” ХХК-ийн шүүхэд гаргасан Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-112-12/5669 дугаартай албан бичигт дурдсан “тендерт шалгараагүй гэх үнэлгээний хорооны дүгнэлт”-ийг хүчингүй болгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг “А" ХХК-тай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах нэхэмжлэлийн шаардлагын гаргасан.

 Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “... эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн талаар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлох” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь захиргааны акт гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг захиргааны байгууллагад даалгах нэхэмжлэлийг гаргахаар байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах түхай хуулийн 27 дүгаар зүйлд зааснаар тендерийг хянан үзэж, шийдвэр гаргаж, эс үийлдэхүй гаргаагүй тул даалгах нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд “А” ХХК-аас 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 1/23 дугаар албан бичгээр гаргасан нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-т зааснаар хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

9. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Гантулга шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Авлага гэж буруу яриад байна. 1 дүгээрт тендерийн баримт бичигт авлага гэж байхгүй. Үнэлгээний хороо эхний хурал дээр авлага гэдэг зүйлийг үнэлээгүй. Түргэн хөрвөх чадвартай зүйлд үндсэн хөрөнгийг борлуулалтын орлогыг түргэн хөрвөх чадвартай юм байна гээд эхлээд шаардлагад нийцүүлсэн.

Авлагын асуудлыг ярих юм бол 2023 оны асуудал яригдах болно. Тэгэхээр 2021 оны тендерт заасан материал дээр үнэлгээний хороо яаж үнэлсэн бэ гэхээр үндсэн хөрөнгийн мөнгөн орлогын дүнг түргэн хөрвөх чадвартай дээр нэмээд санал болгож байгаа 4.160.000.000 төгрөгийг үндсэн хөрөнгийн борлуулалтын орлого гээд 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн тайлангаар 162.991.117,20 төгрөг байгаа. Үүнийг бид 2021 оны борлуулалтын орлого дээр нэмээд санал болгож байгаа мөнгөн дүнд хүрч байгаа юм байна. Түргэн хөрвөх чадварын шаардлага хангаж байна гэж үзэж эхний хурлаар үзсэн байгаа. Ингээд банкнаас гарах 4.000.000.000 төгрөгт нэмээд 4.162.000.000 төгрөг болоод санал болгож байгаа үнийн дүнд хүрчихээд байна гэж үзсэн. Гэтэл Сангийн яам үүнийг зөвшөөрөөгүй, үнэлгээний хорооны шийдвэрийг хүчингүй болгосон. Үнэлгээний хороо дахин хуралдаад ТШЗ 18.2.5-д заасан шаардлагыг хангаагүй гэж үзсэн.” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч “А” ХХК-иас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т холбогдуулан ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан.

            2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

3. Иймд нэхэмжлэлийн үндсэн  шаардлага болоод нэмэгдүүлсэн шаардлагын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэв.

4. “Эрдэнэт үйлдвэр “ ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А/206  дугаартай тушаалаар тендерийн Үнэлгээний хороог байгуулсан байх бөгөөд уг Үнэлгээний хороо нь “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр ” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцахаар байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн А/50 дугаартай тушаалаар “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог шинэчлэн байгуулсан нь өмнөх тендерийн хороо татан буугдсан, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захиралын 2024 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн ГЁ-117-12/362 дугаар албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг томилсон  байна. 

7. Шүүхээс нэхэмжлэгч “А” ХХК-ийн гаргасан ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах”, “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

8. Тендерийн үнэлгээний хорооны 2023 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хуралдаанаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” худалдан авах ЭҮТӨҮГ/2022031002 тоот тендерт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шаардлагад нийцсэн тендерүүдээс хамгийн бага үнийн санал ирүүлсэн “А” ХХК-ийн DDP-Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын агуулах нөхцөлөөр нийлүүлэх 4.166.333.567.00 төгрөгийн тендерийг “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж үзэж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд захиалагчаас тендерт шалгарсан “А”  ХХК-д гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл, бусад тендерт оролцогч компаниудад тендерт шалгараагүй тухай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлжээ.  

9. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д зааснаар Тендерийн Үнэлгээний хорооны  2023 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэрийг “Б” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасны дагуу Сангийн яам 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/6896 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “ ...захиалагчийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн СЭ-112-12/5104 болон СЭ-112-12/5105 тоот шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтад үндэслэн хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн үүгээр мэдэгдье.” гэж шийдвэрлэсний дагуу тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр дахин хуралдаж, “шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендерээс татгалзаж, дахин зарлахаар шийдвэрлэв.” гэжээ.

10. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “А” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнд хүрэхгүй байх тул шаардлагад нийцэхгүй байна. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсгийг үндэслэн танай тендерийг шалгаруулаагүй гэж үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдэж байна.” гэжээ.

11.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-т “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчид зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг ойлгохоор заасан бөгөөд тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт /ТШӨХ/ болон тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/, түүнд заасан маягтууд бүхэлдээ тендерийн баримт бичиг байна.

12. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 15 дугаар зүйлийн 15.4-т “Энэ хуулийн 15.3-т заасан баримт бичгээс тухайн тендер шалгаруулалтад ирүүлэх баримт бичгийг тендерийн баримт бичигт заана.” гэж тус тус зааснаар Үнэлгээний хороо тендерийн баримт бичгийг боловсруулан баталдаг.

13. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар тендерийг хянан үзэхээр хуульд заасан.

 14. Захиалагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 15 дүгээр зүйлийн 15.1-д “Захиалагч тендерт оролцогчоос гэрээний үүргийн биелэлтийг хангах санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоо ирүүлэхийг шаардаж болно.”, 15.2-т “Захиалагч санхүүгийн чадавхийн шаардлагыг тендерийн эсхүл урьдчилсан сонголтын баримт бичигт тусгана” гэж заасны дагуу “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2.5-д “ ...1. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүн:Санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна. Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг дараах шалгуур үзүүлэлтүүдийг аль нэгээр эсвэл тэдгээрийн нийлбэрээр нь тодорхойлно. 1.1. Байгууллагын банкан дахь дансны бэлэн мөнгө болон бусад валютын үлдэгдлийн тодорхойлолт, 1.2. Арилжааны банкнаас олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолт ирүүлнэ. ...”  гэж тусгажээ.

             15. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 03/6896 дугаар “Гомдол хянасан тухай” албан бичгийн 2 дугаарт “А” ХХК  тендер шалгаруулалтад 4.160.3 сая төгрөгийн үнийн санал ирүүлсэн байна. “А” ХХК-ийн тендерт Төрийн банкны 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 19/07-489 тоот албан бичгээр тус компани 4.0 тэрбум төгрөг хүртэлх зээлжих боломжтой тухай тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн байна. Тус компанийн 2022 оны жилийн эцсийн санхүүгийн тайлангаас үзэхэд түргэн хөрвөх чадвартай хөрөнгийн хэмжээ 48.4 сая төгрөг байна. Захиалагч “А” ХХК-ийн тендерийг тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2.5-д заасан “ ...Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байна...” гэсэн шаардлагыг хангасан гэж үнэлсэн шийдвэр үндэслэлгүй байна.” гэж үзсэн.

16.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хэрэгцээт “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” худалдан авах ЭҮТӨҮГ/2022031002 тоот тендерт “А” ХХК 4.160.333.667 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, Төрийн банкны  19/07-489 тоот албан бичгээр  4.0 тэрбум төгрөг хүртэлх зээлжих боломжтой тухай тодорхойлолтыг хавсарган ирүүлсэн нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 18.2.5-д зааснаар  түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ нь санал болгож буй үнийн дүнгээс багагүй байх  нь шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.

17. Өөрөөр хэлбэл “А” ХХК нь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн нийт дүнг  байгууллагын банкан дахь дансны бэлэн мөнгө болон бусад валютын үлдэгдлийн тодорхойлолт, арилжааны банкнаас олгох зээлийн мөнгөн дүн бүхий тодорхойлолтоор эсвэл дээрхи хоёр тодорхойлолтын нийлбэрээр   тодорхойлох байсан боловч зөвхөн  Төрийн банкны тодорхойлолтоор 4 тэрбум төгрөг хүртэлх зээлжих боломжтой тухай тодорхойлолтыг тендерт ирүүлсэн нь захиалагчийн шаардсан санхүүгийн чадавхтайгаа баталсан нотолгоогоо ирүүлээгүй  байна гэж шүүх дүгнэлээ.

18. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “А” ХХК 2023 онд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2 тэрбум гаран төгрөгийн авлагатай / хэрэгт нотлох баримтаар хавсаргасан/, 2020, 2021 оны санхүүгийн тайлан, төрийн банкны тодорхойлолт зэрэг нийт 6 тэрбум төгрөгийн санхүүгийн чадвартай байхад манай тендерээс татгалзсан нь үндэслэлгүй гэж маргасан.

19. Тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгийн ТШЗ 18.2.5-д санхүүгийн чадавхын талаар заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангах талаар тусгахдаа тендерт оролцогч нь 2020, 2021 он тус бүр ашигтай ажилласан байна гэж, ТШЗ 18.3-д тендерт оролцогчийн санхүүгийн чадавхийг хянан үзэхэд үндэслэл болгохоор 2020, 2021 оны санхүүгийн тайланг аудитын дүгнэлтийн хамт ирүүлэхийг шаардсан ба 2023 онтой холбоотой санхүүгийн баримтууд, мөн авлагатай  холбоотой баримтуудыг шаардаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа учраас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй болно.   

 20.  Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн Хоёрдугаар бүлгээр  худалдан авах ажиллагааны хэд хэдэн үе шатууд /тендер нээх, тендер хянан үзэх, тендерийг үнэлэх, гэрээ байгуулах эрх олгох/-ыг зохицуулсан байх бөгөөд тухайлбал, хуулийн 27 дугаар зүйлд “Тендерийг хянан үзэх”, ийнхүү тендерийг хянан үзээд мөн хуулийн 27.3-т зааснаар тухайн тендер шаардлагад нийцсэн тохиолдолд дараагийн буюу хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д заасан “Тендер үнэлэх”,  29 дүгээр зүйлийн 29.1-д заасан “Гэрээ байгуулах эрх олгох” зэрэг тендерийн бусад шат дараалсан ажиллагаанууд хийгддэг.

21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгнө” гэж зааснаар Үнэлгээний хороо нь тендерийг хянан үзэн мөн хуулийн 47 дугаар 47.7-д “Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр /цаашид “үнэлгээний дүгнэлт” гэх/ нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна” гэж зааснаар хурлын тэмдэглэл /Үнэлгээний дүгнэлт/-ийг гаргасан.

22. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ:”, 27.1.1-д “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага:”, 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.”, 30 дугаар зүйлийн 30.1.1-д шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй:” бол бүх тендерээс татгалзахаар хуульчилсан учраас бүх тендерээс татгалзсан тухай шийдвэрийг захиалагчид хүргүүлсэн нь Үнэлгээний хорооны 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 03 дугаартай хурлын тэмдэглэл буюу үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон.

23.  Үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу тендерт оролцогчдын бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичгийг хянан үзэж шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хороог буруутгах үндэслэлгүй юм.  

24. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-т “үнэлгээний хорооны үйл ажиллагаа, үнэлгээний дүгнэлт холбогдох хууль тогтоомжид нийцсэн эсэхэд хяналт тавьж, гарсан зөрчлийг арилгуулах:”, 27 дугаар зүйлийн 27.4-д “Энэ хуулийн 27.3-т зааснаас бусад тендерийг шаардлагад нийцээгүй гэж үзэж захиалагч уг тендерээс татгалзана.” зааснаар Үнэлгээний хорооны дээрх дүгнэлтэнд захиалагч 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр мониторинг хийж үнэлгээний хорооны гаргасан дүгнэлтийг дэмжин “А” ХХК-д 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай тендерт шалгараагүй тухай “Мэдэгдэл”-ийг хүргүүлсэн нь хуульд нийцсэн байна.

25. Нэгэнт тендерт оролцогч “А” ХХК бэлтгэн ирүүлсэн тендерийн баримт бичигт санхүүгийн чадавхтайгаа баталсан баримт бичгүүд нь  шаардлагад нийцээгүй бусад тендерт оролцогч нар ч тендерт шалгараагүй учраас тендерийн үнэлгээний хорооны  2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдаанаар бүх тендерээс татгалзаж, дахин тендер зарлахаар шийдвэрлэсэн Үнэлгээний хорооны шийдвэр үндэслэлтэй, хууль зөрчөөгүй гэж шүүх дүгнэлээ. 

26. “А” ХХК-ийн тендер нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д заасан “энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага:” тендерийг хянан үзэх шатанд мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан санхүүгийн чадавхийн шалгуурыг хангаагүй учраас 29 дүгээр зүйлийн 29.1-д  заасан гэрээ байгуулах үндэслэлгүй учраас “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах үндэслэлгүй гэж шүүх үзлээ.

27. Иймээс нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14  дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 15 дугаар зүйл, 27 дугаар зүйлийн 27.1.1, 30 дугаар зүйлийн 30.1.1, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч “А” ХХК-ийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан гаргасан  “ЭҮТӨҮГ/2022031002 дугаартай “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх тендерт шалгараагүй болохыг мэдэгдсэн 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн СЭ-1/2-12/5669 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, “Тайзны гэрэл болон дуу шуумны техник, дагалдах хэрэгсэл” нийлүүлэх гэрээг “А” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.  

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1, 50 дугаар зүйлийн 50.1,  Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож,  “А” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.БОЛОРМАА