| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02174/И |
| Дугаар | 102/ШШ2024/04287 |
| Огноо | 2024-09-12 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2024/04287
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, байршилтай Х б ХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух Х овогтой Б б,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, тоотод оршин суух Х овогтой Т У,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, өөрийн байранд оршин байрлах Н ХХК-д холбогдох,
Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагч нар шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Х бХК нь хариуцагч Б.Х б, Т.У, НХХК-д холбогдуулан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Зээлдэгч Б.Х б, Т.У нар нь Х бХК-ийн Андууд тооцооны төвтэй 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ байгуулж 100,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай бизнесийн зээлийн зориулалтаар зээл авсан. Тус зээлийн гэрээнд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/201944439593-1 тоот, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр ЗГ/201944439593-2 тоот, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр ЗГ/201944439593-3 тоот, 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр ЗГ/201944439593-4 тоот гэрээнүүдээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж зээлийн гэрээний хугацаа болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн болно.
Талуудын хооронд байгуулсан дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944439593 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 34/1 тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх хөрөнгө, НХХК-ийн эзэмшлийн Э-*дугаартай эзэмших эрхтэй газар зэргийг барьцаалуулсан.
Мөн 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулж Н ХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, *тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.
Зээлдэгч нь зээлийн гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа хэтэрч, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул банк зээлийн гэрээнд заасны дагуу зээлийн төлбөрийг хугацаандаа төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээнд заасан арга хэмжээ авах талаар мэдэгдэж нэмэлт хугацаа тогтоож өгсөн боловч зээлийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч Х бХК нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/01395 дугаартай шийдвэрээр зээлдэгч Б.Х б, Т.У нараас 136,070,743 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг "НХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, *тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, НХХК-ийн эзэмшлийн 3-*дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг барьцаа хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан үнээс нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг хариуцагч Т.У нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулахгүйгээр Х бХХК-ийн гаргасан шаардлагаар НХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалт /барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэх хангуулах/-ыг хүчингүй болгох нь үндэслэлтэй байна. Нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг дахин гаргахад энэ магадлал саад болохгүй, нэхэмжлэл гаргах эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр, магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон боловч зээлдэгч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа тул талуудын хооронд байгуулсан 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ/201944439593 тоот зээлийн гэрээ болон түүний нэмэлт өөрчлөлтийн гэрээний үүргийг 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр БГҮ/201944439593 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээгээр барьцаалуулсан барьцаа хөрөнгө болох НХХК-ийн эзэмшлийн Э-*дугаартай эзэмших эрхтэй газар, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр барьцаалуулсан НХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн 1 хороо, *тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг зэрэг барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Б.Х б, Т.У, НХХК шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2019.4.25-ны өдрийн Зээлийн гэрээ, 2020.5.13-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2020.12.10-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2021.6.30-ны өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2022.01.31-ний өдрийн Зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 2019.4.25-ны өдрийн Барьцааны гэрээ, 2022.02.01-ний өдрийн Барьцааны гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ, Мөнгөн шилжүүлгийн баримт, Дансны дэлгэрэнгүй хуулга, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Баянгол дүүргийн Бүртгэлийн хэлтсийн тодорхойлолт, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Итгэмжлэл, Зээл хүссэн өргөдөл, Зээл хүсэгчийн анкет, Зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх хүсэлт, Зээл төлөх мэдэгдэл, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас НХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Х бХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Хариуцагч нар зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул барьцааны гэрээгээр барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн Үйлдвэрийн төвийн бүс 34/1, 34/2 тоот хаягт байршилтай 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрх, мөн хаягт байршилтай 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч, хариуцагч НХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Б.Х бд шүүх 2024 оны 5 дугаар сарын 06-ны өдөр, мөн хариуцагч Т.Ут 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулан эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Талуудын хооронд 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч тал болох Х бХХК нь 100,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 21.6 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч тал болох Б.Х б, Т.У нар нь зээлийн үндсэн төлбөр болон хүүг буцаан төлөх үүргийг хүлээжээ. Талууд 2020 оны 05 дугаар сарын 13-ны өдөр, 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр, 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдөр тус тус Зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах гэрээ байгуулж, гэрээний хугацааг 2024 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл байхаар өөрчлөлт оруулж, зээлийн гэрээний хугацааг сунгасан байна.
4.2 Зээлдэгч нар зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944439593 тоот Барьцааны гэрээгээр дараах хөрөнгийг барьцаалсан байна. Үүнд:
-Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 34/1 тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгө,
-Эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн Үйлдвэрийн төвийн бүс 34/1, 34/2 тоот хаягт байршилтай 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрх,
2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээгээр Баянгол дүүргийн 01 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж 34/1 тоот хаягт байршилтай, 893 м.кв талбайтай үл хөдлөх хөрөнгийг өөрчлөн
-НХХК-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай, Баянгол дүүргийн 1 хороо, *тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцож, дээрх гэрээнүүдийг бичгээр байгуулан нотариатаар гэрчлүүлж, улмаар улсын бүртгэлд бүртгүүлсэн байна.
4.3. Х бХК-аас зээлдэгч Б.Х б, Т.У нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 136,070,743 төгрөг гаргуулах, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, уг хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2023 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад 2023 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 210/МА2023/01648 тоот магадлалаар Барьцааны эрхийн материаллаг эрх зүйн шинжийг барьцаалуулагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцон мэтгэлцэх процессын эрхээс ялгаж ойлгох учиртай бөгөөд өмчлөгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулалгүйгээр Х бХХК-ийн гаргасан шаардлагаар НХХК-ийн өмчлөлийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй тул барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэл хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. гэж шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.
5. Хариуцагч Б.Х б, Т.У нар нь дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон ба энэ үйл баримтын талаар маргаагүй.
6. Нэхэмжлэгч Х бХК, хариуцагч Б.Х б, Т.У нарын хооронд зээлийн болон барьцааны гэрээний харилцаа үүссэн байна.
7. Талуудын хооронд үүссэн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой маргааныг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д зааснаар түүнийг дахин нотлох шаардлагагүй.
8. Зохигчид дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн БГҮ/201944439593 тоот Барьцааны гэрээ, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн БГҮ/201944439593-1 тоот барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дах хэсэгт заасан бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлэх шаардлагыг хангасан хүчин төгөлдөр байна гэж дүгнэлээ.
8. Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1-д Үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй,
Мөн хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн буюу үүргийн гүйцэтгэлийг хангах хугацаа өнгөрсөн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 158.2-т үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгүүлэгчид зохих төлбөр хийснээр барьцаалагчийн шаардлагыг хангасан гэж үзнэ,
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д үүрэг гүйцэтгэгч болон барьцаалуулагч нь үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүй бол барьцаалагч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй, 41.2-т энэ хуулийн 41.1-д заасан барьцаалагчийн шаардлагыг биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс хангуулахаар барьцааны зүйлийг худалдахыг шаардах эрхтэй гэж тус тус зохицуулсан.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Б.Х б, Т.У нар нь зээлийг төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээний 7 дугаар зүйлийн 7.4, 2 дугаар зүйлийн 2.2, 2.11.4, 5.1-д зааснаар барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байна.
Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3 дах хэсэг, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дах хэсэгт зааснаар барьцааны зүйл бусдын өмчлөлийн хөрөнгө байж болох бөгөөд итгэмжлэлийн үндсэн дээр бусдын өмчлөлийн хөрөнгийг барьцаалан гэрээ байгуулж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь барьцааны гэрээний нэг тал болох өмчлөгчид холбогдуулан шаардах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь барьцааны гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг хариуцагч Б.Х б, Т.У, НХХК-аас шаардах эрхтэй гэж үзнэ.
9. Түүнчлэн, хариуцагч НХХК-ийн төлөөлөгч, мөн хариуцагч Б.Х б нь 2024 оны 6 дугаар сарын 27-ны өдөр өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлт ирүүлснийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 7 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч хариуцагч өмгөөлөгч аваагүй бөгөөд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаантай гэх үндэслэлээр дахин хойшлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан. 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч, хариуцагчийн төлөөлөгч Б.Х б өмгөөлөгч аваагүй ба шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн нь үндэслэлгүй байсан тул хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн болно. Мөн хариуцагч Т.У шүүх хуралдааныг товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч нар үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Б.Х б, Т.У, НХХК нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нар нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
10. Иймд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасны дагуу барьцааны зүйл болох хариуцагч НХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаартай Баянгол дүүрэг, Үйлдвэрийн төвийн бүс 34/1, 34/2 тоот хаягт байршилтай, нэгж талбарын 1681210095 дугаар бүхий 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрх, НХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Үйлдвэрийн төвийн бүс гудамж, 34/2 тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг албадан худалдан борлуулах замаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
11. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х бХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч НХХК-ийн эзэмшлийн эрхийн улсын бүртгэлийн Э-*дугаартай Баянгол дүүрэг, Үйлдвэрийн төвийн бүс 34/1, 34/2 тоот хаягт байршилтай, нэгж талбарын дугаар бүхий, 9,783 м.кв талбайтай, газар эзэмших эрх, НХХК-ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*дугаартай Нийслэлийн Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, тоот хаягт байршилтай, 325 м.кв талбайтай, конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр Х бХК болон Б.Х б, Т.У нарын байгуулсан 2019 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн ЗГ/201944439593 дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ