Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 24 өдөр

Дугаар 917

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

У.А- нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 3 сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00488 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: У.А- нэхэмжлэлтэй,                                                  

Хариуцагч: “Н-” ХХК-д холбогдох

                                                                                               

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговорт нийт 4 582 905.66 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны болон 2019 оны 1-4 сарын нийгмийн даатгалын, 2019 оны 1-3 сарын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай маргаантай хэргийг

 

Зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: В.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Б нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 1 сарын 21-ний өдөр нийтийн сүлжээний худалдааны агентлаг “Н-” ХХК-д 3 сарын туршилтын хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулж, 500 000 төгрөгийн цалинтай маркетерийн ажилд орсон. Туршилтын хугацаа дууссаны дараа буюу 2019 оны 4 сарын 21-ний өдрөөс 1 сарын цалинг 700 000 төгрөг болгож, үргэлжлүүлэн ажилласан. Гэтэл 2019 оны 9 сарын 05-ны өдөр тус компанийн захирлын 0905/2019 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасныг үндэслэн ажлаас халсан. Миний бие 19 долоо хоногтой жирэмсэн бөгөөд энэ талаар компанийн захирал Ч.Б 2019 оны 8 сарын дундуур мэдсэн. Учир нь миний биеийн байдал сайнгүй байсан буюу эхэс ховхролтой, тонус ихтэй байсан талаараа захиралд хэлж байсан. Гэвч тэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг зөрчсөн тул ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговорт 4 582 905.66 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны болон 2019 оны 1-4 сарын нийгмийн даатгалын, 2019 оны 1-3 сарын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч У.А- хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн. Талуудын хооронд хөдөлмөрийн харилцаа үүссэн нь үнэн. Энэ тухай маргах зүйл байхгүй. Хөдөлмөрийн харилцаа нь гэрээний үндсэн дээр үүсдэг бөгөөд Иргэний хуулийн үүргийн эрх зүйн нийтлэг зохицуулалтаар зохицуулагдана. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл энэ нь нэхэмжлэгч У.А- хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ шударгаар гүйцэтгэх үүрэгтэйг илэрхийлнэ. Гэтэл нэхэмжлэгч нь ажиллаж байх хугацаандаа байнга ажлаас хоцордог, хүндэтгэх шалтгаангүйгээр 9 өдөр ажлаа тасалсан байдаг. Үүний улмаас компанийн үйл ажиллагаа доголдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 1 сарын дотор шүүхэд гаргахаар хуульчилсан. Гэтэл нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 2019 оны 12 сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан байдаг. Ажлаас халсан тушаал нь 2019 оны 9 сарын 05-ны өдөр гарсан. Өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан хугацаа нь 2019 оны 10 сарын 05-ны өдөр дууссан байгаа. Нэхэмжлэгч нь өөрийгөө ажлаас үндэслэлгүйгээр халагдсан гэж үзэж байсан бол тушаал гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дах хэсэгт хөөн хэлэлцэх хугацааг хуульчилсан. Нэхэмжлэгч нь хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэхээр хүсэлт гаргаагүй. Нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу нэхэмжлэгч У.А- “Н-” ХХК-ийн маркетерийн ажилд эгүүлэн тогтоож, мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 2 330 893 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 252 012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийн баталгаажуулахыг хариуцагч “Н-” ХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдан мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасны дагуу хариуцагчаас 52 244 төгрөгийг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэсэн хэрнээ нэхэмжлэлийн шаардлагаас 1 334 201 төгрөгийг үндэслэлгүйгээр хасаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангаагүй, мөн анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргаагуй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д “ажилтны дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцно” гэсний дагуу шүүх тооцох бөгөөд тус журмын 9-д “Дундаж цалин хөлсийг   тодорхойлох   үндсэн   баримт   нь ажилтны цалин хөлсний цэс, данс, бүртгэл байна” гэж заасны дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болох нэхэмжлэгч У.А- Хаан банкны 5077315722 тоот депозит дансны хуулгаар буюу 6 дугаар сарын цалин 663 833 төгрөг, 7 дугаар сарын цалин 613 833 төгрөг, 8 дугаар сарын цалин 683 833 төгрөг ба 3 сарын нийт цалин нь 1 961 499 төгрөг тул 1 сарын дундаж цалинг 653 833 төгрөгөөр тооцох ёстой. Иймд нэг өдрийн дундаж цалин хөлс нь 29 720 (653 833:22-29 720) төгрөг буюу ажилгүй хугацаа болох 5 сар, 2 хоногийн цалинд нийт 3 328 604 (653833х5+29720х2) төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй. Мөн 2020 оны 02 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 1-4 сарын нийгмийн даатгалын, 1-3 сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тус тус төлөөгүй тул нөхөж төлүүлэх, холбогдох дэвтэрт бичилт хийлгүүлэх гэж нэмэгдүүлсэн боловч тус нэхэмжлэлийн шаардлагын талаар анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт дурдсан 1 334 201 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг өөрчилж хариуцагчаас 3 328 604 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Хөдөлмөрийн харилцаа нь гэрээний үндсэн дээр үүсдэг бөгөөд Иргэний хуулийн үүргийн эрх зүйн нийтлэг зохицуулалтаар зохицуулагддаг. Иргэний хуулийн 206 зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан. Өөрөөр хэлбэл. нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зохих есоор шударгаар гүйцэтгэнэ гэсэн үг. Гэтэл нэхэмжлэгч нь ажиллаж байсан хугацаанд ажилдаа байнга хоцорч ирдэг, 9 удаа бүтэн өдрөөр ажил тасалж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажилдаа ирээгүй бөгөөд энэ хугацаанд компанийн үйл ажиллагааг алдагдуулсан, компанийн үйлчлүүлэгчийн өмнө хүлээсэн үүргийг зөрчихөд хүргэсэн. Нэхэмжлэгч ажлаа удаа дараа тасалсан талаар тушаал гардаж авсны дараа нэхэмжлэгч болон түуний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь хариуцагчтай хийсэн уулзалтын үеэр үгүйсгээгүй, зөвшөөрч 1 сарын тэтгэмж авч ажлаасаа гарах санал гаргасан ба түүнийг нь хүлээн зөвшөөрч зохих бүртгэлийг хийж эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн нь нотлох баримтаар тогтоогдож байхад шүүх энэхүү нотлох баримт, үйл явдлыг үнэлээгүй шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж хуульчилсан байдаг. Нэхэмжлэгч нь 2019 оны 12 сарын 19 өдөр шүүхэд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Ажлаас чөлөөлөх тушаал нь 2019 оны 9 сарын 5 өдөр гарсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 зүйлийн 129.1-т заасан хугацаа нь 2019 оны 10 сарын 5 өдөр дууссан. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь түүнийг ажлаас нь хууль бусаар, үндэслэлгүйгээр чөлөөлсөн гэж үзэж байсан бол тушаал гардаж авсан өдрөөс хойш 1 сарын дотор өөрийн зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргах үүрэгтэй байсан бөгөөд хуулийн хугацаанд нэхэмжлэл гараагүй. Нэхэмжлэгч нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг сунгах талаар хүсэлт гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар   хэтрүүлсэн талаар нотлоогүй байна. Хугацаа хэтэрсэн хуулийн заалт нь иргэний бусад харилцаа, тэр тусмаа шүүхэд гомдол гаргахад үйлчилдэг атлаа хөдөлмөрийн эрх зүйн маргаан дээр шүүх хэрэглэхгүй байгаа нь ажил олгогч нарыг хохироож байгаа нь шударга бус байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 7 сарын 3 өдрийн 33 тоот тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарласан. сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа  гаргасан байхыг ойлгоно. Зөрчил бүр тус тусдаа тогтоогдсон байх шаардлагатай боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жилээс, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна. Мөн хэсэг дэх түүнд хүлээлгэх хариуцлага гэдэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлд заасан сахилгын шийтгэл, 134, 135 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн хязгаарлагдмал ба бүрэн хариуцлага хамаарах бөгөөд ажилтан контрактад тусгагдсан үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүйд гэм буруутай байх нөхцөлийн аль хэлбэрт нь сахилгын ямар шийтгэл ногдуулах болон бусад хариуцлагыг ямар хэмжээгээр хүлээлгэхийг талууд контрактаар тохиролцон тогтооно. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн харилцаанд орсон байх хугацаанд ажилдаа хайнга хандаж, хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй. Ажилдаа хоцордог, ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 9 удаа тасалсан. Дээрх зөрчил тус бүр дээр ажил олгогч нь сахилгын шийтгэл аваагүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-т заасан эрхийн дагуу 131.3-т заасан сахилгын шийтгэл авсан. Нэхэмжлэгчийн гаргасан зөрчлүүд нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хамаарч байгаа тул ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т заасанд нийцэж байна. Гэтэл давтан гаргасан зөрчлийг ноцтой зөрчил мөн гэж үзэж ноцтой зөрчлийн төрлийн талууд тохироогүй байна гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч У.А- нь хариуцагч “Н-” ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор, ээлжийн амралтын олговорт нийт 4 582 905.66 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны болон 2019 оны 1-4 сарын нийгмийн даатгалын, 2019 оны 1-3 сарын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч У.А- нь 2019 оны 1 сарын 21-ний өдрөөс эхлэн хариуцагч “Н-” ХХК-д маркетерээр ажиллаж байгаад тус компанийн 2019 оны 9 сарын 05-ны өдрийн 0905/2019 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажлаас чөлөөлөгдсөн болох нь зохигчдын тайлбар, ажлаас чөлөөлөх тухай тушаал зэргээр тогтоогдсон байна. Зохигчид хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй боловч талууд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн талаар маргаагүй. /хх-ийн 4-р тал/

 

Ажлаас чөлөөлсөн дээрх тушаалыг нэхэмжлэгч У.А- нь эс зөвшөөрч 2019 оны 10 сарын 04, 2019 оны 11 сарын 07-ны өдөр 2 удаа шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангаагүй үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзжээ. Нэхэмжлэгч У.А- нь ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг 2019 оны 9 сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дах хэсэгт заасан шаардлагад нийцсэн. Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 19-22-р тал/

 

Нэхэмжлэгч У.А- нь 2019 оны 8 сарын 31-ний өдөр жирэмсний хяналтад орж, тухайн үед 8-9 долоо хоногтой жирэмсэн байсан болох нь хэрэгт авагдсан амбулаториор эмчлүүлэгсдийн карт, эмчийн тодорхойлолт зэргээр тогтоогджээ. /хх-ийн 8-10 дугаар тал/

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж заасан байна. Нэхэмжлэгчийг ажлаас халах үед тэрээр жирэмсэн байсан боловч ажил олгогчийн зүгээс ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас халсан байхад анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байна.

 

Хариуцагч “Н-” ХХК нь нэхэмжлэгч У.А- Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т зааснаар буюу хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх үндэслэлээр ажлаас чөлөөлсөн боловч нэхэмжлэгч У.А- нь сахилгын зөрчлийг давтан гаргасан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй талаар дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч У.А- хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан гэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

 

Иймд нэхэмжлэгч У.А- хариуцагч “Н-” ХХК-ийн маркетерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Н-” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 330 893 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч У.А-д олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалган шийдвэрлэх нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт заасантай тус тус нийцнэ. Харин ээлжийн амралтын олговорт 917 811 төгрөг гаргуулах тухай шаардлагад анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2020 оны 2 сарын 07-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж, 2019 оны 1-4 сарын нийгмийн даатгалын, 1-3 сарын эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх шийдвэрлэлгүй орхигдуулжээ. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дах хэсэгт зааснаар ажил олгогч нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлж, бичилт хийх үүрэгтэй байх тул энэхүү шаардлагыг хангаж, энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо ажилгүй байсан хугацааны олговрыг тооцохдоо нэхэмжлэгч У.А- Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг үндэслэх ёстой гэх боловч тухайн дансны хуулга нь дундаж цалин хөлсийг эргэлзээгүй нотлох баримт биш байх тул нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн сүүлийн 3 сарын цалингийн дунджаар цалин хөлсийг тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй болно.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь давж заалдах гомдолдоо нэхэмжлэгч У.А- 9 удаа ажил тасалсан гэх боловч энэхүү тайлбар, гомдлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь  заалтыг удирдлага болгон, ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2020/00488 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг “Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч У.А- хариуцагч “Н-” ХХК-ийн маркетерийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Натхауз” крейтив” ХХК-иас ажилгүй байсан хугацааны олговорт 2 330 893 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч У.А-д олгон, нэхэмжлэгчийн 2019 оны 1-4 дүгээр сарын нийгмийн даатгалын, 2019 оны 1-3 дугаар сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, холбогдох дэвтэрт бичилт хийхийг хариуцагч “Н-” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 252 012 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 52 245 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 36 300 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

.

 

 

              ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                Ж.ОЮУНТУНГАЛАГ                                             

                                         ШҮҮГЧИД                                                Д.БАЙГАЛМАА

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ