| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 165/2017/0077/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/80 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | Э.Нэргүй |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ШЦТ/80
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.Батцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Гөрөөчин овогт Батдоржийн Батцэцэгт холбогдох эрүүгийн 1717000110008 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Гөрөөчин овогт Батдоржийн Батцэцэг /РД:РЙ87033020/ Хөвсгөл аймгийн Тариалан суманд 1987 оны 03 дугаар сарын 30-ны өдөр төрсөн, 30 настай, эмэгтэй, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Одонт 15 гудамжны 29 тоотод оршин суух, “МАК” ХХК-ний цемент шохойн үйлдвэрт байгаль орчны мэргэжилтэн ажилтай, дээд боловсролтой, хэрэглээний физик, экологич мэргэжилтэй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгүүлж байгаагүй гэх,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/
Шүүгдэгч Б.Батцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг, Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн авто замын 240/433 дугаартай километрийн шонгийн орчимд Toyota auris маркийн 00-67 УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөний улмаас онхолдож, зам тээврийн осол гарган зорчигч М.Гарьдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Т.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.Батцэцэг нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн 19 цагийн орчим Улаанбаатар Замын-Үүд чиглэлийн хатуу хучилттай замаар Toyota auris маркийн 00-67 УНУ улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр 240/433 дугаартай шонгийн орчимд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 2.3.б-д “Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх,” 9.2-т “Жолооч хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас түүний тээврийн хэрэгсэлд зорчин явсан Т.Эрдэнэцэцэгийн эрүүл мэндэд хүнд хохирол, М.Гарьдын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.Батцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүүхэд Чойроос гарахдаа зайрмаг авсан байсан. Зайрмагаа идэж байгаад газарт унагаад авч өг гээд уйлаад байхаар нь хурдаа хасаад тонгойгоод зайрмагийг нь авч өгсөн. Гэтэл замынхаа баруун талын төмөрт тулсан байсан. Сандраад жолооны хүрдээ ханатал зүүн тал руугаа дараад эсрэг урсгалд ороод машин бүтэн эргээд зогсохдоо бөгс нь нүхэн гарц руу орж замын хажуу тал руу унасан. Замд явж байсан хүмүүс зогсоод цагдаа, эмнэлэг дуудаж өгсөн. Чойрын эмнэлэг ээжийг маань хөл нь дээгүүрээ хугарсан байна, манай эмнэлэг эмчлэх боломжгүй, яаралтай Улаанбаатар хот руу яв гэсэн. Ээж, хүүхэд хоёроо аваад шөнийн 4 цагт Улаанбаатар хотын гэмтлийн эмнэлэг дээр очсон. Өглөө нь холбогдох эмч нар ээжийг маань үзээд дэлүүндээ шингэнтэй байна гээд хагалгаанд оруулсан. Хагалгаанд ороход дотуур цус алдсан байсан. 7 хоногийн дараа хугарсан хөлөө хадуулсан. Гэмтлийн эмнэлгээс гараад “Ачтан” хувийн эмнэлэгт хэвтэж гараад 25 дугаар зөрлөгт ирээд 10 хоноод бие нь сайжрахгүй байхаар нь эргээд Улаанбаатар хот руу авч явсан. Хотод “Ачтан” эмнэлгийн сэхээнд байж байгаад өнгөрсөн. Би 2011 онд жолооч болсон ба 6 жил автомашин жолоодож байна. Би согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. 80 километр цагийн хурдтай явж байгаад хурдаа хассан. Хүү бид 2 урд талын суудал дээр бүсээ бүслээд явсан. Харин ээж ар талын судал дээр бүсээ бүслээгүй явж байсан. Би өөрөө самбаачлах хугацааг буруу тооцоолсон. Жаахан дарсан бол гарах байсан. Сандраад жолоогоо тултал дараад замын эсрэг тал руу гарсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Анхаарал болгоомжгүйгээс болоод энэ ослыг гаргасандаа харамсаж байна. Ажил төрөлтэй, гэр бүлтэй, хүүхэд маань жаахан байна. Энэ байдлыг минь харгалзан үзэж ялыг минь хөнгөрүүлж өгнө үү гэв.
1.2. Хохирогч Т.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Бид нар баяр наадмын амралтаар гэр бүлээрээ Улаанбаатар хотод очоод 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр манай охин Батцэцэг, зээ хүү Гарьд бид гурав гэр лүүгээ 25-р зөрлөг рүү явж байгаад осолд орсон. Манай охин Батцэцэг автомашинаа жолоодоод Батцэцэгийн хүү 2 настай Гарьд урд талын суудал дээр ганцаараа сууж явсан. Би жолоочийн арын суудал дээр зорчиж явсан. Чойроос урагшаа засмал замаараа явж байхад манай охин Батцэцэг хүү Гарьдын юмыг авч өгөх гээд тонгойгоод өндийхөд автомашин замын баруун гар тал руу гарсан. Тэгээд Батцэцэг ээжээ яанаа гээд зүүн гар тал руугаа жолоогоо дарахад автомашин тэр чигээрээ замаас гараад замын хоолой руу унасан. Би автомашины ард болон урд суудлын хооронд хавчуулагдсан байдалтай, зээ хүү Гарьд автомашины гадна талд уйлчихсан байсан. Харин охин Батцэцэг шоконд орсон уу яасан жолооны хүрдний ард нэг хэсэг хөдөлгөөнгүй сууж байгаад босч ирээд хүү хаана байна гэсэн. Тэгээд автомашинаас гараад хүүгээ авсан. Замын хүн ирээд эмнэлэг, цагдаа дуудсан. Тухайн үеийн юмыг би сайн санадаггүй юм. Намайг замын хүмүүс татаж гаргасан байх. Батцэцэг эрүүл байсан. Би хурдыг нь хараагүй бөгөөд ойролцоогоор 80-90км цагийн хурдтай явсан байх. Би байн байн 100 милл хүргэхгүй шүү гэж сануулж явсан. Би хамгаалах бүс бүслээгүй байсан. Батцэцэг, Гарьд 2 хамгаалах бүстэй байсан байх. Надад дэлүүний язрал, хэвлийн битүү гэмтэл, зүүн дунд чөмөгний хугарал гэмтлүүд учирсан. Миний хувьд охиндоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-21 хуудас/
1.3. Хохирогч Т.Эрдэнэцэцэгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Ослын улмаас манай эгчийн дунд чөмөг нь хугарсан бөгөөд ослоос болж үүссэн гэмтэл нь гайгүй болж байсан. Манай эгч Эрдэнэцэцэг осолд орохын өмнө уургийн дутагдал гэсэн оноштойгоор турж эцээд эмчилгээ хийлгэдэг эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Тэгээд өвчний учир Улаанбаатар хотод “Ачтан” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад 2017 оны 08 сарын 18-ны өдөр нас барсан. Манай эгч ослоос болж нас бараагүй бөгөөд бид нарын зүгээс түүний охин Батцэцэгт ямар нэгэн гомдол санал байхгүй. Нэхэмжлэх зүйлгүй, цаашид гомдол гаргахгүй гэдгээ үүгээр хэлж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28-29 хуудас/
1.4. Насанд хүрээгүй хохирогч М.Гарьдын хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Одоо манай хүү Гарьдын биеийн байдал зүгээр болсон бөгөөд миний хувьд эхнэр Батцэцэгт ямар ч гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. 00-67 УНУ улсын дугаартай автомашин нь эхнэр Батцэцэг бид хоёрын автомашин байгаа юм. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ нь манай төрсөн эгч Отгонтуяагийн нэр дээр байдаг бөгөөд 2016 оны 10 сард 8 сая төгрөгөөр худалдаж аваад одоог хүртэл нэрийг нь шилжүүлээгүй байгаа. Автомашинд учирсан хохирлын талаар ямар ч маргаан байхгүй. Манай эхнэрийн өөрийнх нь өмч. Манай хадам ээж Эрдэнэцэцэг нь бие муутай өвчний учир ослоос өмнө эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Тэгээд уг өвчнөөрөө 2017 оны 08 сарын 18-ны өдөр эмнэлэгт нас барсан. Уг нас барсан шалтгаан нь осолд орсон гэмтэлтэй ямар ч холбоогүй гэж эмчлэгч эмч Төмөрбаатар хэлсэн байдаг” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/
1.5. Гэрч Г.Отгонтуяа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Toyota Auris” маркийн 00-67 УНУ улсын дугаартай автомашин нь миний автомашин байсан бөгөөд би уг автомашиныг 2016 оны 10 сард өөрийн төрсөн дүү Мөнхболд болон түүний эхнэр Батцэцэг нарт 8 сая төгрөгөөр зарсан учир надад нэхэмжлэх зүйл байхгүй. Манай хоёр дүү Дорноговь аймгийн Даланжаргалан суманд хөдөө ажиллаж амьдардаг учир тээврийн хэрэгслийн гэрчилгээний нэрийг одоо хүртэл солиулаагүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24-25 хуудас/
1.6. Гэрч Б.Төмөрбаатар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Эрдэнэцэцэг нь одоогоос 8-9 жилийн өмнө тархинд нь цус харвасан юм. Түүнээс хойш эмчилгээ хийлгэж явсаар өөрийн хөл дээрээ явдаг болсон. 2015-2016 оны үед явганаас халтирч унаад зүүн талын гар нь шуугаараа хугарсан. 2017 оны хавар гаднаас гэр лүүгээ нүүрс оруулах гэж байгаад унаад сүүжнийхээ ясыг хугалж байсан. Эрдэнэцэцэгийн яс нь их амархан хугардаг хүн байсан болохоор эмч хүний хувьд би ясны сийрэгжилттэй байсан гэж боддог байсан. Сүүжний яс нь зөрүүгүй хугарал байсан болохоор 2 сар гаруй гэртээ хэвтсэн. Хэвтэж байхдаа Эрдэнэцэцэг нь ер нь эцэж тураад, гүйлгээд байдаг болсон бөгөөд эмнэлгээр их явсан. 2017 оны 07 сард Говьсүмбэр аймагт авто осолд орохоосоо өмнө Эрдэнэцэцэг нь бодисын солилцооны гүн хямрал гэсэн оноштойгоор манай эмнэлгийн хяналтанд байдаг байсан. Бодисын солилцооны гүн хямрал гэдэг нь хүний биед байдаг уураг, эрдэс бодис, сахар гэх мэт бодис нь нөхөгдөж чадахгүй байгааг хэлнэ. Эрдэнэцэцэг осолд орсныхоо дараа ГССҮТ-д хүргэгдэж ирээд хавсарсан гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад хагалгаанд орж дэлүүний цус тогтолт хийлгэсэн. 7-8 хоногийн дараа дунд чөмөгний хугарлыг хадуулсан. Эрдэнэцэцэг нь ГССҮТ-д 11-12 хоног хэвтэн эмчлүүлээд манай “Ачтан” эмнэлэгт ирж хэвтсэн. Манай эмнэлэг дээр чөмөгний хугарлыг хадуулсан шархыг эмчилсэн. Уураг, эрдэс бодис нөхөх эмчилгээ хийгээд 7 хоноод гарсан. Батцэцэг над руу утсаар яриад ээж гүйлгээд болдоггүй гэсэн. Тэгэхээр нь сумын эмнэлэгт хэвтүүлээд жаахан юм хийлгэчих гэсэн. Тэгээд 2017 оны 08 дугаар сарын 17-ны өглөө Батцэцэг над руу дахиж яриад сумын эмнэлэг авдаггүй гэж байна, ээж гүйлгээд бие нь муудаад байна гэхээр нь тэгвэл хот руу аваад ир гэсэн. Тэгээд Батцэцэг Эрдэнэцэцэгийг 2017 оны 08 дугаар сарын 17-ны орой манай “Ачтан” эмнэлэгт авч ирсэн. Талийгаач Эрдэнэцэцэг манай эмнэлэгт ирэхдээ бараг ухаангүй шахуу комонд орсон байсан. Тасагт оруулаад шингэн нөхөөд, цусны сахарын хэмжээ үзэхэд бага байсан. Энэ нь бодисын солилцооны хямрал юм. Өвчтөн өөрөө юм идэж уухгүй гүйлгээд ирэхээр цусан дахь сахарын хэмжээ буурч байгаа юм. Тэгээд эрчимт эмчилгээний тасагт оруулан сахар нөхөх, зүрх судасны системийн үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийсэн боловч ухаан оролгүй амьсгалын дутагдалд орсон. Тийм учраас зохиомол амьсгалын аппаратанд оруулсан. Эмчилгээ хийсээр байхад даралт нь буугаад, зүрх судас, амьсгалын системийн үйл ажиллагаа даамжиран муудсаар 2017 оны 08 дугаар сарын 18-ны шөнө нас барсан. Эрдэнэцэцэг нь Говьсүмбэр аймгийн нутагт 2017 оны 07 сарын 14-ний өдөр осолд ороод дунд чөмөг хугарч, дэлүү задарч бага хэмжээгээр цус алдсан. ГССҮТ-д хагалгаа хийгээд дэлүүний цус алдалтыг зогсоосон. Дунд чөмгийг хадсан. Энэ нь амь настай ямарч холбоогүй гэмтэл юм. Эрдэнэцэцэгийн үхлийн шалтгаан нь бодисын солилцооны гүн хямрал болж цусны бүлэгнэлтийн түгээмэл хам шинж үүсэж нас барсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 85 хуудас/
1.7. Гэрч Ё.Одончимэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Эрдэнэцэцэг гэх өвчтөнд 003638 дугаартай өвчний түүх нээж арьс харшлын тасагт хэвтүүлж байсан байна. Онош: арьсны өнгөц түүхий өвчин, дагалдах онош нь харвалтын дараах саажилт, хийсэн эмчилгээ, дархлаа сэргээх хордлого тайлах, хэсэг газарт тосон түрхлэг зэрэг эмчилгээ хийгдсэн байна. Зовиур зүүн хавирган доогуур өвдөнө, духанд тууралт өгнө гэсэн байна. Хавар физик нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байсан байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 203-204 хуудас/,
1.8. Гэрч Б.Ариунболд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр нээгдсэн 5130 дугаартай өвчний түүхээс харахад Т.Эрдэнэцэцэг нь цус харвалтын дараах үлдэц, зүүн талын гар, хөлийн саажилт оношоор уламжлалтын тасагт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн байна. Өвчний түүхийг Хонгорзул эмч нээсэн боловч эмчилгээг би хийсэн байна. Хийсэн эмчилгээний талаар Эрдэнэцэцэг нь 2012 онд тархинд цус харваж байсан бөгөөд тан, бариа, бумба, зүүн эмчилгээ, шивүүр, элсэн жин, физик эмчилгээ зэрэг хийгдсэн байна. Эрдэнэцэцэг нь гар, хөл бадайрч өвдөнө, толгой өвдөнө, зүрхний хэм алдагддаг гэсэн зовиуртай байжээ. Өвчний түүхээс харахад 2014 оны 11 сард, 2015 оны 07 сард, 2016 оны 06 сард буюу жилдээ 1 удаа, нийт 3 удаа хэвтэн эмчлүүлж байсан байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 205-206 хуудас/,
1.9. Гэрч Ц.Цэнд-Очир мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Товуудоржийн Эрдэнэцэцэг нь хэвлийн битүү гэмтэл, зүүн дунд чөмөгний хугаралтай 2017 оны 07 дугаар сарын 15-ны өдөр ГССҮТ-д хүргэгдэж ирсэн. Эрдэнэцэцэгт хэвлийн хагалгаа хийсэн байдаг. Мөн зүүн дунд чөмөг хадах 2 мэс заслын хагалгаа хийсэн байна. Миний хувьд Эрдэнэцэцэг гэж хүнийг санахгүй байгаа учир 07921 дугаартай өвчний түүхийг харж байгаад мэдүүлэг өгч байна. Тухайн үед авагдсан шинжилгээнд өвчтөн Эрдэнэцэцэг маш их цус алдалттай, цусны шинжилгээний үзүүлэлтүүд маш багассан байна. Цус багадалтанд гэмтэл тодорхой хэмжээгээр нөлөөлөх боловч Эрдэнэцэцэгийн тухайд ар гэрийн хэлснээр урьд цус харваж байсан, олон удаа үзлэг шинжилгээнд орж эмнэлэгт үзүүлж байсан нь уг өвчний улмаас архаг цус багадалттай байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 207-208 хуудас/,
1.10. Гэрч Б.Батзаяа мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Манай ээж Товуудоржийн Эрдэнэцэцэг нь 2012 онд тархиндаа тал цус харваад түүнээс хойш уламжлалт болон бариа заслаар жил бүр Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Сүүлдээ ээж Т.Эрдэнэцэцэг уургаа алдаад нөхөн төлжихгүй байна гээд “Ачтан” эмнэлгээр эмчлүүлсэн. Ер нь ээжийн биеийн байдал тааруу осолд орохын өмнө л турж эцээд их ядарсан байсан. Эмчилгээ сайн авахгүй манай эгч Батцэцэг ээжийг 2017 оны 07 сард Дорноговь аймгийн Даланжаргалан сум руу авч явж байгаад осолд орсон. Ээж Эрдэнэцэцэг ослоос болоод бие нь муудсан зүйл байхгүй. Ээж минь өвчнөөр нас барсан гэдгийг шалгаж тогтоогоод энэ хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэж хүсэж байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 210 хуудас/,
1.11. Шинжээч Т.Чимэд-Очир мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Талийгаач Эрдэнэцэцэг нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр нас барсан. Талийгаачийг хоргонд оршуулсан байсан. Талийгаачид задлан шинжилгээг 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хийсэн. Энэ хугацаанд талийгаачийн дотор эрхтэн, тархи илжирч муудсан учраас задлан шинжилгээгээр талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоох боломжгүй байсан. Шинжилгээний явцад хуучин гэмтлүүд болох дэлүүний язрал сорвижиж наалдсан, дунд чөмөгний хугарлыг метал ялтсаар бэхэлж хадсан байсан. Цээж хэвлий болон гавлын хөндийд хурсан цус хуралтгүй. Эрхтнүүд улбайж дундарсан байдалтай байсан. Иймээс талийгаач Эрдэнэцэцэгийн биед учирсан гэмтлийг /авто ослын улмаас учирсан/ нь үхэлд хүргээгүй гэж үзсэн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 139-140 хуудас/
1.12. Говьсүмбэр аймаг дахь Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Батхуягийн 2017 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 20 дугаартай дүгнэлтэнд: “00-67 УНУ улсын дугаартай автомашины жолооч Б.Батцэцэг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5/ Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 2.3.б/хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх, 9.2. Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн гэх үндэслэлтэй байна.
Замын цагдаагийн зохицуулагч, цагдаагийн ахмад Д.Батхуяг гэжээ. /х.х-ийн 34 хуудас/,
1.13. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 9186 дугаартай дүгнэлтэнд: “Т.Эрдэнэцэцэгийн биед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал. Хагалгааны дараах байдал. Зүүн дунд чөмөгний хугарал, гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц, эдгэрэл төгсгөлөөс шалтгаална.
Шинжээч эмч С.Одончимэг гэжээ. /хх-ийн 40 хуудас/
1.14. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9187 дугаартай дүгнэлтэнд: “М.Гарьдын биед тархи доргилт, духанд зулгаралт, баруун шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл мохоо зүйлийн 2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын үед үүсэх боломжтой. Дээрхи гэмтэл хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /хх-ийн 45 хуудас/
1.15. Шинжээчийн 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн 9188 дугаартай дүгнэлтэнд: “Б.Батцэцэгийн биед баруун бугалга, баруун шуу, баруун чамархай, зүүн бугалга, зүүн шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Авто ослын үед үүсгэгдэх боломжтой. Дээрхи гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Шинжээч эмч М.Аригуунтөгс гэжээ. /хх-ийн 49 хуудас/
1.16. Шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 1128 дугаартай дүгнэлтэнд: Талийгаач Т.Эрдэнэцэцэгт тухайн үед хэвлийн битүү гэмтэл, дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа, зүүн дунд чөмөгний хугарал, гарын зөөлөн эдийн няцрал гэмтэл учирчээ. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи дэлүүний язрал, хэвлийн хөндийн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Шүүх эмнэлгийн цогцос шинжилгээгээр цогцос ялзарч муудсан тул архаг хууч өвчтэй байсан болон үхлийн шалтгааныг нарийвчлан тогтоох боломжгүй байна. 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн авто ослын улмаас үүссэн дээрхи гэмтэл нь үхэлд хүргээгүй байна. Өвчний түүхэнд тэмдэглэснээр талийгаач нь О (I)-р бүлгийн цустай байна.
Шинжээч эмч Т.Чимэд-Очир, Т.Сэргэлэн, Ш.Цэцэгмаа гэжээ. /х.х-ийн 131-133/,
1.17. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 6-13 хуудас/
1.18. Согтолтын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /х.х-ийн 14 хуудас/,
1.19. Бичиг баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, бичиг баримт хураан авсан тэмдэглэл /х.х-ийн 16-17 хуудас/,
1.20. “Ашид билгүүн” ХХК-ны 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан /х.х-ийн 60 хуудас/,
1.21. Цогцсыг оршуулсан газраас гарган, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 124-130 хуудас/,
1.22. Т.Эрдэнэцэцэгийн нас барсны гэрчилгээний хуулбар, өвчний түүхүүдийн хуулбар /х.х-ийн 83, 142-181, 184-202/ зэрэг болно.
Иймд шүүгдэгч Б.Батцэцэгийг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.Батцэцэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг үнэлэв. Үүнд:
2.1. Хохирогч Т.Эрдэнэцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ: “Миний хувьд охиндоо ямар нэгэн гомдол, санал байхгүй” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 21 хуудас/,
2.2. Хохирогч Т.Эрдэнэцэцэгийн хууль ёсны төлөөлөгч Т.Батхуяг мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай дүү Б.Батцэцэг нь “МАК” ХХК-нд ажилд ороод одоогийн нөхөр Мөнхболдтой танилцаж гэр бүл болсон. Тэд нар одоо Гарьд гээд 2 настай хүүтэйгээ гурвуулаа хамт амьдардаг. Зан байдлын хувьд иймээ тиймээ муухай зан ааш байхгүй. Өөрт оногдсон ажлаа сайн хийдэг, спортын авъяас чадвартай хүүхэд байгаа юмаа. Энэ хүүхдийг ял шийтгэлгүй байлгамаар байна” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 18-19 хуудас/,
2.3. Насанд хүрээгүй хохирогч М.Гарьдын хууль ёсны төлөөлөгч Г.Мөнхболд мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б.Батцэцэг нь зан байдлын хувьд төлөв даруу ажилсаг, шударга, хамт олондоо нэр хүндтэй сагсан бөмбөг тоглодог. Спортын тэмцээн уралдаанд байгууллагын аварга болж байсан. Миний хувьд эхнэр Батцэцэгт гомдол санал байхгүй. Манай эхнэрийг бага насны хүүтэй, хохирол төлбөргүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгааг хүлээн авч хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 32 хуудас/,
2.4. Гэрлэлтийн гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /х.х-ийн 74, 77 хуудас/,
2.5. “Монгол Алт” ХХК-ний МАК цементийн үйлдвэрийн байгаль орчны мэргэжилтэн Б.Батцэцэгийн ажил байдлын тодорхойлолт /х.х-ийн 91 хуудас/,
2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 80 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч Б.Батцэцэг нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид эмнэлгийн болон бусад туслалцаа үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Б.Батцэцэгийг хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хор уршигийг арилгасныг болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Батцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолохыг, шүүгдэгч Б.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.
Энэ хэрэгт бичгийн баримтаар хугаадан ирсэн шүүгдэгч Б.Батцэцэгийн 743016 дугаартай В ангилалын тээврийн хэрэгслийн жолоодох жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хохирогч Т.Эрдэнэцэцэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүгдэгч Б.Батцэцэгт тус тус шилжүүлэхээр шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Гөрөөчин овогт Батдоржийн Батцэцэгийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахыг 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгуулагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Батцэцэгт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялыг үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолсугай.
6. Шүүгдэгч Б.Батцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Энэ хэрэгт бичгийн баримтаар хугаадан ирсэн шүүгдэгч Б.Батцэцэгийн 743016 дугаартай В ангилалын жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, хохирогч Т.Эрдэнэцэцэгийн амбулаториор эмчлүүлэгсдийн картыг шүүгдэгч Б.Батцэцэгт тус тус шилжүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Батцэцэгт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТТУЛГА