Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 119/ШШ2024/0017

 

                                          МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Ууганцэцэг даргалж, шүүгч Д.Сарангэрэл, Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Мөнхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн 107 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: “Т” ХХК /гүйцэтгэх захирал Ж.У/

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Н

            Нэхэмжлэгчийн өмгөөөгч: Т.П

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нарын хоорондын

Нэхэмжлэлийн шаардлага: ““Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У, итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Маралмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазрын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГазарт “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах” нэхэмжлэлийг шүүхэд анх гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061167 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Дээрх нэхэмжлэлийг тус шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 119/ШШ2024/0001 дугаар шийдвэрээр хянан шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 221/МА2024/0077 дугаартай магадлалаар хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

3. Нэхэмжлэгч нь дээрх нэхэмжлэлийн шаардлагаа ““Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах” гэж өөрчилсөн.

4. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ж.У шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлага болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдаанд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны ТБ-134-12/6252 тоот мэдэгдэлд дурдсан Үнэлгээний хорооны дүгнэлт, 2023 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн ЭҮТӨҮГ/2023061167 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах тухай” гэх нэхэмжлэл гаргасныг “2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариулт өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах тухай.” гэж өөрчлөв.

Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарлагдсан ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай “Үйлдвэрийн дүүргийн ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ” тендерт оролцож 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдөр холбогдох материалыг зохих журмын дагуу бүрдүүлж, цахимаар илгээсэн. Энэхүү тендерт заалаар болон хүргэлтээр халуун хоолны үйлчилгээ үзүүлэх сонгон шалгаруулалт зарлагдсан бөгөөд тэдгээрийн дэлгэрэнгүй задаргаа, мэдээллийг Тендерийн баримт бичгийн Техникийн даалгаврын 1.1-1.8 дугаар зүйл /1-ХХ 119 дэх тал/-д дурдсан бөгөөд хавсралт 1 дэх хүснэгтчилсэн мэдээллээр гагцхүү дээрх 2 төрлийн үйлчилгээг нийт 1300 хүнд, 9 цэгт үзүүлэхдээ төлөвлөгөөт цэсийг ямар норм стандарт, тоо хэмжээ, хэдэн нэр төрлийн дагуу хэрхэн боловсруулах тухай тусгайлан тодорхойлсон. /1-ХХ 123 дах тал/.

Гэтэл “Техникийн даалгаврын 16 дугаар зүйлд “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх өгүүлбэр байсан. Бид үүнийг үнэхээр сонгон шалгаруулалтын бодит шаардлага мөн эсэх, хэрэв тийм бол хэдэн хүнд, хэрхэн, яаж, ямар илчлэг бүхий хоолоор энэ төрлийн үйлчилгээг үзүүлэх талаар мэдээлэл гаргуулах, хэрэв бодит шаардлага биш бол тендерийн баримт бичигт энэ талаарх зохих өөрчлөлтийг оруулуулах зорилгоор 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах тухай хүсэлт гаргасан. Гэвч захиалагч тал энэхүү тодруулгад ямар нэгэн хариу өгөх эсхүл тендерийн баримт бичигт залруулга хийх зэргээр шаардлагатай арга хэмжээг авалгүйгээр Тендерийг нээсэн. Ингээд Үнэлгээний хорооноос манай тендерийг “хамгийн сайн” гэж дүгнэсэн тул гүйцэтгэгчээр шалгарсан болохыг мэдэгдэж 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447 дугаартай албан бичгээр ажил, үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх олгосон. /1-ХХ 15 дах тал/

Гэтэл Захиалагч тал 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн ТБ-134-12/5891 тоот албан бичгээр “тус тендерт оролцогч өөр этгээд болох “О” ХХК Сангийн яаманд гомдол гаргасан тул гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийг түр хугацаагаар түдгэлзүүлсэн” талаар мэдэгдсэн. Сангийн яам энэхүү гомдлыг хянан шалгахдаа Үнэлгээний хороо манай компанитай холбогдуулан 2 асуудлыг үндэслэлгүй дүгнэсэн гэж үзээд 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 03/7375 тоот бичгээр “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг ТБОНӨХБАҮХХтХ /2005 он/-ийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэх хариу хүргүүлсэн. /1-ХХ 47-50 дах тал/.

Үүний дагуу Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, дээрх 2 асуудлаар санал хураалт явуулаад Сангийн яамнаас “одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй ажил, үйлчилгээтэй бол ... гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ гэх шаардлага хангаагүй” гэх дүгнэлтийг 100 хувийн саналаар эсэргүүцэж, шаардлага хангасан гэж үзсэн. Харин “Техникийн даалгаврын 16-д “...гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх шаардлагыг хангаагүй тул ... тендерт шалгаараагүй” гэх шийдвэрийг 85.7 хувиар гаргаж, энэ талаар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ/134/12/6252 тоот мэдэгдлийг илгээсэн. /1-ХХ 13 дах тал/

Үүнийг эсэргүүцсэн бид зөрчигдсөн эрхээ шүүхийн байгууллагаар буцаан сэргээлгэх зорилгоор урьдчилан шийдвэрлэх ажиллагааны шаардлага хангаж 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 01/129 тоот гомдлыг Сангийн яаманд гаргасан. /1-ХХ 8-10 дах тал/ Тус яамнаас 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 тоот баримт бичгээр “захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна... ” гэх хариу ирүүлсэн. /1-ХХ 11-12 дах тал/

Тодруулбал уг албан бичигт “ ... Т” ХХК нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдөр цахим системээр тодруулга авах хүсэлт гаргасан байх боловч хуулийн 22 дугаар зүйлийн 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно” гэж заасан байхад захиалагч тодруулгад хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан нь хууль зөрчсөн байна. Түүнчлэн дээрх үйлдэл нь “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээлэх журам”-ын 3.2.4-д “Тендерт оролцогчоос тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт гаргасан бол хариу албан бичгийг гарсан өдөр нь цахим системд нийтлэх, шаардлагатай бол тендерийн баримт бичигт нэмэлт, өөрчлөлт оруулах”, 3.9-д “Захиалагч тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийн хариуг хүсэлт гаргагчийн нэрийг дурдалгүйгээр албан бичгээр гаргаж, түүний хуулбарыг цахим систем дэх тендерийн баримт бичгийн "тодруулга" хэсэгт нийтэлнэ. Ийнхүү нийтэлсэн даруйд тус тодруулга, нэмэлт мэдээллийг бүх тендерт оролцогчдод нэгэн зэрэг хүргүүлсэнд тооцно”, мөн “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.7.7-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичгийн талаар тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлт албан бичгийг эх хувиар, эсхүл цахим системээр гаргасан бол энэ хүсэлтийг тендер шалгаруулалтын хавтаст хэрэгт хадгалж, захиалагчийн хариу албан бичгийг тендерт оролцогчдод хүргүүлэх, цахим системд байршуулах арга хэмжээ авах” гэж заасныг тус тус зөрчсөн ... “Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд техникийн даалгаварт гэр кемп үйлчилгээ гэж байхгүй, алдаа гарсан байна. Нэгэнт алдаа гаргаж тендерийн баримт бичигт хавсарган зарласан тул... гэж; дурдсанаас үзэхэд захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна” гэж дүгнэсэн. /1-ХХ 11- 12 дахь тал/

Нийт 1300 хүнд, 9 цэгт гагцхүү заалаар болон хүргэлтээр халуун хоолоор үйлчлэх тендерийн баримт бичигт гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх гэх шаардлага тусгагдсан нь захиалагч талаас урьд зарласан тендерийн баримт бичгийн төслийг энэ удаагийн тендерт дахин ашиглахдаа шаардлагагүй хэсгийг арилгалгүй орхисон техникийн шинжтэй, хэлбэрийн төдий, хайхрамжгүй алдаа болох нь, энэхүү алдаатай холбоотойгоор тодруулгад хариулт өгч, тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулаагүй нь, алдааг Үнэлгээний хорооны гишүүд 2023 оиы 9 дүгээр сарын 12-ны өдрийн анхны Үнэлгээний хорооны хурлаас эхлэн мэдэж байсан ч 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хууль зөрчиж үнэлгээ хийсэн болох нь дараах баримтуудаар тус тус нотлогдоно. Үүнд:

-2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон “... Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаас асуухад “цахимаар тодруулга ирсэн юм байна лээ, тухайн үед өвчтэй байсан учир тодруулгад хариу өгөх хугацаа өнгөрсөн” гэж хэлсэн” гэх тайлбар /2-ХХ 124 дэх тал/

-2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын үеэр гишүүн Ц.Оюунгэрэл “Өмнөх хурал /2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурал/ дээр багц-2 тендерийн техникийн даалгаварт гэр-кемп гэсэн үйлчилгээ байхгүй талаар дурдаж байсан. Техникийн даалгаварт техникийн алдаа гарсан байна ... Гэхдээ гэр-кемп гэх үйлчилгээ бидний зарлаж буй тендерт байхгүй” /2-ХХ-ийн 71 дэх тал/

-2024 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч Д.Сүрэн “...тухайн үед өмнөх тендер шалгаруулалттай холбоотой гэр кемп гэсэн үг үсэг, шалгуур орсон байсан... Үнэлгээний хороо үнэлэх явцдаа гишүүд гэр кемп байхгүй юм чинь 2 компанийг байхгүй гэдгээр үнэлгээ хийгээд явах нь зүйтэй гэж 9 дүгээр сарын 12-ны өдрийн хурлаар ярилцсан ... Сангийн яамнаас ... хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийгээрэй гэсэн шийдвэр ирсэн ... техникийн даалгаварт нэгэнт тусгагдсан байгаа асуудлыг “Т” ХХК ирүүлээгүй учраас шаардлагад нийцээгүй гэж дүгнэсэн” гэх /ЗХДЗШШ-ийн хурлын тэмдэглэл, 7 дахь тал/;

-2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шүүх хуралдааны үеэр хариуцагчийн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон “тодруулгад хариулт өгсөн бол өнөөдрийн энэ асуудал үүсэх байсан уу гэх асуултад “Үүсэхгүй байсан” гэх хариулт /2-ХХ133 дах тал/.

Эдгээрээс нэгтгэн дүгнэвэл: заалаар болон хүргэлтээр халуун хоолны үйлчилгээ үзүүлэх ЭҮТӨҮГ/2023061167 тоот сонгон шалгарүулалтад гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх гэх шаардлага оруулсан нь техникийн шинжтэй, хэлбэрийн төдий алдаа байсан бөгөөд Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга өвчтэй байсан учраас тодруулга авах цахим хүсэлтийг мэдээгүй, мэдээгүй учраас уг хүсэлтийг тендерийн баримт бичигт хавсаргаагүй, тендер нээхээс өмнө тендерийн баримт бичигт зохих өөрчлөлт оруулж, алдааг засаж залруулаагүй болох нь харагдаж байна.

Хамгийн гол нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 тоот бичигт “Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг... мэдэгдье” гэж дурдсан дагуу Үнэлгээний хороо тендерийг хуулийн дагуу, үнэн шударгаар дүгнэх ёстой байтал “гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах” гэх алдаатай, бодит биш шаардлагыг биелүүлээгүй гэж дүгнэсэн нь ТБОНӨХБАҮХХтХ /2005 он/-ийн 27 дугаар зүйлийг зөрчсөн үйлдэл юм.

/2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах хүсэлтийг захиалагч тал цахим санд нийтлээгүй болон тендер шалгаруулалтын хавтаст хэрэгт хавсаргаж, Сангийн яаманд хүргүүлээгүй эс үйлдэхүй нь тус яамнаас 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 тоот бичгийн дагуу үнэлгээг дахин хийх шийдвэр гаргахад нөлөөлсөн байж болзошгүйг энд цохон тэмдэглэж байна/

Товчхондоо захиалагчийн удаа дараагийн техникийн шинжтэй алдаа болон хайхрамжгүй үйлдэл, эс үйлдэхүйгээс бид бүхний Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д заасан “шударгаар хувийн аж ахуй эрхлэх” үндсэн эрх цаашилбал тендерт шударгаар оролцож, шалгарах, ажил үйлчилгээ гүйцэтгэх гэрээ байгуулах эрх зөрчигдөөд байна.

Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасны дагуу 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариулт өгөөгүй эс үйлдэхүйг хууль бус байсныг тогтоож, 106.3.1-д заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгож, 106.3.4-д заасны дагуу “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 тоот тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгаж, захиргааны дээрх хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн тендер сонгон шалгаруулалтад шударгаар оролцож, үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулах эрхийг маань сэргээж өгнө үү.

Хариуцагч тал удаа дараагийн шүүх хуралдаанд Үнэлгээний хороо алдаа гаргаж, хууль зөрчсөн болохыг хүлээн зөвшөөрсөн ч танай ирүүлсэн тендерийн хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болсон тул Сангийн яам 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн албан бичгийн дагуу тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэх байр суурийг баримталж байгаа. Бидний хувьд тендерийн хүчинтэй хугацаа дуусгавар болсон үйл баримттай маргахгүй ч дээр дурдсанчлан буруутай үйл ажиллагааг тогтоолгох, урьдчилан шийдвэрлэх ажиллагаагаар зөрчигдсөн эрхээ сэргээлгэх явцад уг хугацаа дуусгавар болсныг цохон тэмдэглэж байна.

Мөн түүнчлэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хуульд заасан хугацаанд хариу өгч, зохих арга хэмжээг аваагүй хирнээ 2023 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны дараа буюу 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр тодруулгад хариу өгсөн гэх төлөвт шилжүүлсэн болох нь Төрийн худалдан авах ажиллагааны 2024 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн А-2/1140 тоот албан бичгээр нотлогдоно. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.  

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Сангийн яамны 10 дугаар сарын 31-ний бичиг дээр ямар агуулга тусгагдсан бэ гэхээр тодруулгад хариу өгөөч, шаардлагатай бол нэмэлт өөрчлөлт оруулах ёстой байсан байна. Хавсаргах ёстой байсан байна, хавтаст хэрэгт нь хадгалах ёстой байсан байна гэх мэт журмын заалтуудыг зөрчсөн байна. Техникийн даалгаварт алдаа гарсан гэдэг дүгнэлтийг Сангийн яамны 10 дугаар сарын 31-ний бичиг дээр хийсэн байна. 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт үйлдвэрээс өгсөн мэдэгдэл дээр хуулийн 27.4 дэх хэсгийг үндэслээд тендер шалгараагүй гэж үзсэн. Хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-27.1.3-т чадавхын шаардлагыг хангасан техникийн тодорхойлолт бусад тендерийн баримт бичигт байгаа нөхцөл шаардлагыг хангасан байх юм бол тухайн тендер шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэсэн байгаа. Хуулийн 3 заалтад байгаа шаардлагыг манай тендер бүгдээрээ хангаж байсан. 9 дүгээр сарын 19-ний өдөр бид нартай гэрээ байгуулахаар манайхыг хамгийн сайн тендерээр шалгаруулсан. Тэгэхээр манайхыг шаардлага хангаагүй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн техникийн даалгаварт гэр кемп гэдэг үйлчилгээ зөвхөн нэгхэн өгүүлбэр орсон. Энэ нь техникийн алдаа гэдгийг хурлын явцад 2 тал хоёулаа хүлээн зөвшөөрч байгаа. Хүснэгт дээр нийт хүний тоо 1300 гэж байгаа. Хэрэв гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх үйлчилгээ нэмэгдэх юм бол 1300 гэдэг тоо дахиад нэмэгдэнэ. Бидний хувьд тендерийн баримт бичгээ яг л боловсруулах ёстойгоор нь боловсруулаад хүргүүлсэн. Хариуцагчийн хэлж байгаа шиг гэр кемп гэдэг үйлчилгээ байгаа юм чинь байгаагаар нь ирүүлэх ёстой гэх юм бол нэг талаараа 1300 хүнээс дахиад давсан хүнийг яаж мэдэж, хэрхэн тендерийн баримт бичигтээ боловсруулах вэ гэдэг нь маш харанхуй ойлголт. Бодитоор ажил үйлчилгээ үзүүлэхгүй зүйлийнхээ мөнгийг тендерийн баримт бичигтээ тусгаад захиалагчаас авч байгаа нэг талаараа хууран мэхлэх шинжтэй үйлдэл болно. Тухайн гэр кемп гэдэг үйлчилгээ үнэхээр байх ёсгүй, бодитоор бид нар тийм үйлчилгээ үзүүлэхгүй гэж үзэж байгаа учраас тэрийг боловсруулж ирүүлэхгүй байх нь зөв гэж харж байна. 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл дээр 2 асуудлын талаар ярьдаг. Нэг нь гэрээтэй холбоотой асуудлаар хэлбэрт биш агуулгаар нь үнэлэх нь зүйтэй. Тийм учраас Сангийн яамны дүгнэлт буруу байна, анх үнэлснээрээ үнэлээд явъя гэдэг дүгнэлтийг хийсэн байдаг. Тиймээс зөвхөн хэлбэрийг барьж явах боломжгүй. Үнэлгээний хорооны Эрдэнэдалай гишүүн гэр кемп гэх үйлчилгээ байхгүй учраас “Т” ХХК шаардлага хангасан гэж үзэж байна гэх байдлаар байр сууриа илэрхийлсэн байгаа. Нэг талаараа Сангийн яамны үгэнд ороод явах ёстой гэдэг байдлыг няцааж байна. Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хуралдаан дээр хариуцагч талын байр суурь, өмнөх шүүх хурлуудад ямар байр суурьтай оролцож байсан талаар шинжлэн судлуулсан. Төрийн худалдан авах ажиллагааны газрын 3 дугаар сарын 5-ны өдрийн хариу хүргүүлэх тухай албан бичигт 8 дугаар сарын 16-нд өгсөн тодруулгад хуулийн хугацаанд хариу өгөөгүй атлаа 2024 оны 1 дүгээр сарын 4-ний өдөр хариу өгсөн үйлдлүүдийг тус тус шинжлэн судлуулсан байгаа. Нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй байна.” гэв.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон, З.Сүрэн нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Пүрэв-Отгон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Т” ХХК-аас 2024 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөн гаргасантай танилцаад эс зөвшөөрч дараах тайлбарыг гарган хүргүүлж байна. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай цахим тендерийг зарлаж, тендерийг 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр нээхэд “Т” ХХК, “О”ХХК-иуд цахим тендер ирүүлсэн. Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр тендерийг үнэлж, “Т” ХХК-ийн тендерийг хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай ” ТБ-134-12/5447 тоот албан бичгийг тус компанид хүргүүлсэн юм. Тендерт оролцогч “О” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан бөгөөд Сангийн яам гомдлыг хянан үзээд, 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7375 дугаар албан бичгийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн байна.

“Сангийн яамны 03/7375 тоот албан бичигт: ...

1. “Т” ХХК-ийн тендерт хавсарган ирүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 133/135 дугаартай тодорхойлолтод хэрэгжиж байгаа гэрээний гүйцэтгэлийн талаар тусгаагүй нь тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 17.7, 17.6.4-ийн 2-т “Одоо гүйцэтгэж байгаа дуусаагүй үйлчилгээ байгаа бол тайлбар болон гүйцэтгэлийн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.” гэсэн шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна.

2. “Т” ХХК-ийн тендерийн материалын 10.ТД 16 ...” нэртэй файлыг хянан үзэхэд гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй нь тендерийн баримт бичгийн техникийн даалгаврын 16-д “... гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах ...” гэсэн шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна. Иймд захиалагчийн тус тендер шалгаруулалтад холбогдуулан 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447, ТБ-134-12/5448 тоот албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.1 дэх заалтын дагуу хүчингүй болгож байна. Тендер шалгаруулалтын үнэлгээг хуульд нийцүүлэн дахин хийхийг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэж тус тус заасан.

Үнэлгээний хороо Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/7375 тоот албан бичгийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаж, тендерийг дахин үнэлж, “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер шаардлага хангаагүй тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай ” ТБ-134-12/6252 тоот албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Тендерт оролцогч “Т” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай ” ТБ-134-12/6252 тоот албан бичигтэй холбогдуулан 2023 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 01/129 тоот албан бичгээр Сангийн яаманд гомдол гаргасан байдаг. Монгол Улсын Сангийн яамнаас тус компаниас гаргасан гомдлыг хянан үзээд, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 03/8009 дугаар шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн.

Сангийн яамны 03/8009 дугаар шийдвэрт:...

1. “Захиалагчийн тендерийн баримт бичгийн ажлын даалгаврын 16-д “Тендерт оролцогч хуулийн этгээд багцад 3 долоо хоног буюу өдөр орой шөнийн цагийн хуваарийн дагуу энгийн болон эрүүл мэндийн /чихрийн шижингээс урьдчилан сэргийлэх/ хоол, гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах иж бүрдэл хоолны үндсэн шимт бодис амин дэм С, Е, эрдэс бодис, Са, Р, Мg тооцож ирүүлэх” гэж заасан байх бөгөөд Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлээс үзэхэд техникийн даалгаварт гэр кемп үйлчилгээ гэж байхгүй, алдаа гарсан байна. Нэгэнт алдаа гаргаж тендерийн баримт бичигт хавсарган зарласан тул ... гэж дурдсанаас үзэхэд захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан байна. Тус тендер шалгаруулалтын хүчинтэй хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3. дахь заалтад үндэслэн мэдэгдье” гэж тус тус заасан.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.-ын 3.1.1-д “Захиргааны байгууллага гэж” Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд заасан байгууллагыг” гэж заасан бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-ын 5.1.2-д “хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага” нь захиргааны байгууллага байна гэж заасан. Сангийн яам нь дээрх хуулийн заалтад хамаарах захиргааны байгууллага бөгөөд тус яамнаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаар, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар албан бичгүүд нь дээд шатны захиргааны байгууллагаас гаргасан захиргааны акт бөгөөд хүчин төгөлдөр байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ... гомдлыг авч хэлэлцээд захиалагч энэ хуулийг зөрчсөн гэж үзвэл дараах шийдвэр гаргана”, 55.3.3 дахь заалтад “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах” гэж тус тус заасан бөгөөд захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаар албан бичгийн дагуу хуулийн шаардлагыг биелүүлж, 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай цахим тендерт үнийн санал авах урилгыг Төрийн худалдан авах ажиллагааны www.tender.gov.mn -д дахин байршуулсан болно. Мөн Сангийн сайдын 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 131 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам”-ын 1.3-т “Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчдоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ.” гэж заасан. Сангийн яамны дээрх 03/8009 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийг гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгаагүй болно.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5. дахь хэсэгт “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 30 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна.” гэж заасан. Тендерт оролцогч “Т” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 08- ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т ирүүлсэн “Тендер илгээх тухай” 01/160 дугаар албан бичгийн 5-д “Тендер нь тендерийн баримт бичигт заасны дагуу тендер нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй байна.” гэж мэдэгдсэн бөгөөд тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ”-ний ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай цахим тендер нь 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээгдэхэд нэхэмжлэгч “Т” ХХК болон “О” ХХК-иуд цахим тендер ирүүлсэн. Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Т” ХХК болон “О” ХХК-иудын ирүүлсэн тендерүүдийг шаардлага хангаагүй гэж шийдвэрлэсэн. Тендерт оролцогч нарт ирүүлсэн тендер нь шаардлага хангаагүй тухай “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий инженерийн 2024 оны 02 дугаар сарын 26- ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/678 дугаартай албан бичгийг “Т” ХХК, 2024 оны 02 дугаар сарын 26-ний өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ТБ-134-12/679 дугаартай албан бичгийг “О” ХХК-д тус тус хүргүүлсэн.

Дээрх албан бичгүүдэд: “Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болох”-ыг дурдсан бөгөөд тендерт оролцогч “О” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасан тухай тус яамнаас мэдээлэл ирүүлсэн болно. Харин тендерт оролцогч “Т” ХХК нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрч хуулийн хугацаанд Сангийн яаманд гомдол гаргаагүй бөгөөд энэ нь захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгч “Т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү”

Манай зүгээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009, 2023 оны 10 сарын 06-ны өдрийн 7375 дугаартай шийдвэрийг судлуулсан. Учир нь Сангийн яам аливаа гомдлыг шийдэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйл, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх тухай журамд заасны дагуу гомдлыг чинь хянан үзлээ гээд дурдаад байгаа. Тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 1.3 дэх хэсэгт хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн захиалагчийн шийдвэр, үйл ажиллагаатай холбогдуулан тендерт оролцогчоос гаргасан гомдлыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг нь захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ гэж заасан. Бид нар мэтгэлцэх явцад захиалагч нар тухайн тендерийг алдаатай боловсруулсан гэдгийг Сангийн яам ч ярьж байгаа. Гэхдээ алдаатай тендер боловсруулсан мөртлөө яагаад үнэлчихээд байгаа вэ гэдэг асуудал яригдаж байгаа. Манай тендерийн Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга тодорхой мэс ажилбар хагалгаанд орчихсон байсан учраас цахим системд ирсэн зүйлийг мэдээгүй байж байгаад тендер нээгдсэн. Мэдсэн бол хариу өгөөд өөрчлөлт оруулаад явах боломж байсан. Тендер нээгдсэний дараа өөрчлөлт оруулна гэдэг ойлголт угаасаа байдаггүй. Энэ процесс алдагдсан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлд тендер үнэлэх гэдэг заалт байгаа. Тендерийг аль болох богино хугацаанд хийнэ. Шаардлагад нийцсэн тендерийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ ханш байна. Агуулгаар нь үнэлчихээрэй гэдэг зүйл байхгүй байсан. Шүүгчийн асуусан асуултад нэхэмжлэгчийн өмгөөлөгч хариулсан. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хуралдаад танайх шалгарсан бол 13-ны өдрийн дотор амжаад гэрээ байгуулах боломжтой байсан уу гэхэд боломжтой гэж байгаа юм. Энэ шиг худлаа юм байхгүй. Аливаа тендерт оролцогчтой холбоотой тендерийг хянаад үзчихээд шалгараагүй компанид мэдэгдэл хүргүүлдэг. Үүнд та энэ шийдвэрийг эс зөвшөөрч байгаа бол ажлын 5 өдрийн дотор гомдол гаргах эрхтэй. Нэг оролцогчтой биш, хоёр оролцогчтой. 10 дугаар сарын 11-ний өдөр бүгдийг нь шалгаруулчихлаа. Эд нар бүгд гүйж ирээд мэдэгдлээ авчихна гэдэг зүйл байхгүй. Үнэлгээний хороонд захиалагч хяналт тавьдаг. Үнэлгээний хороо үнэн зөв шийдсэн үгүйг хянаж үзэж байгаа. Захиалагчийн зөвшөөрлийн хуудас байгаа. Энэ ямар учиртай хуудас вэ гэхээр Үнэлгээний хороо хууль зүйн үндэслэлтэй байна уу үгүй юу гээд хянаад жаахан эргэлзээтэй байвал мониторинг буюу хөндлөнгийн хяналт оруулна. 10 дугаар сарын 11-нд хурал хийгээд 10 дугаар сарын 13-нд мэдэгдлээ өгсөн байгаа. Мэдэгдэл протокол хэлбэрээр гарч ирж байгаа. Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр гомдол хянасан тухай бичигт тендерийн хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусчихсан байна. Тендер дахин зохион байгуул гэсэн. 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн 03/7375 дугаар шийдвэр дээр хэд хэдэн асуудал байгаа. Шүүх хурал дээр өмнө нь яриагүй юм. Зөвхөн гэр кемп ч биш хэд хэдэн асуудал дахиад дурдсан. Сангийн яам “Т” компанийн тоног төхөөрөмжийн мэдээллийг цахим системийн лавлагаа хэсгээс хянан үзэхэд 4072 УЭО дугаартай автомашины лавлагаагаар одоогийн бизнес эрхлэгч Худалдаа хөгжлийн банк, зээлдэгчийн мэдээлэл хэсэгт Ч-ын Б гэж байхад түрээсийн гэрээ байгуулсан Б барьцаанд тавьсан тухайн автомашины ашиглагч, өмчлөгчийг төлөөлөн гэрээ байгуулах эрхтэй байсан эсэхийг тухайн гэрээтэй банкнаас тодруулах шаардлагатай байна гээд дурдчихсан. Үүнтэй холбоотой нотлох баримтуудыг шүүх шинжлэн судалж үзнэ үү. Нэхэмжлэгч тайлбартаа тусдаа нэг процесс яваад байгаа гээд байна. Гэтэл тусдаа процесс биш. Энэ тендер чинь үргэлжлээд л яваад байгаа. Энэ дугаартай тендер 2 дахь нь зарлагдаад үр дүн нь гараад Сангийн яамнаас дахиад зохион байгуул гээд бичиг ирчихсэн. 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн хурлаар гэрээ байгууллаа гэж бодоход тендерийн хүчинтэй хугацаа дуусаад энэ компанитай гэрээ байгуулах боломжгүй байсан. Яагаад гэвэл 5 хоногийн гомдол гаргах хугацаа заачихсан байгаа. Нотлох баримт шинжлэн судлахтай холбоотой хэлэхэд 2 дахь тендертэй холбоотой нотлох баримтыг шүүхээс шаардаж авсан. Бид нар алдаатай юм хийчихсэн байж болно. Бид нар үгүйсгэхгүй байгаа. Гэхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдах худалдан авах тухай хуульд Эрдэнэт үйлдвэр нь өөрөө 100%-ийн төрийн өмчит үйлдвэрийн газар. Бүх тендер хуулиараа явж байгаа. Бид нар төлөвлөгөө зохион байгуулаад тэрийгээ хянуулаад ЭҮТӨҮГ 2023, ЭҮТӨҮГ 2024 гэдэг дугааруудыг бид нар зохиохгүй. Сангийн яамнаас энэ кодыг өгнө. Хуулиараа бол дээд шатны байгууллага буюу Сангийн яам төрийн захиргааны төв байгууллага нь шийдчихэж байгаа. Шийдвэртээ заавал биелүүл гээд заачихсан байгаа. Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг шийдвэрлэх журмаар шийдсэн гомдлыг зөв ч бай, буруу ч бай заавал биелүүлэх ёстой. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага биелэх боломжгүй нөхцөл үүссэн тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Сүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тендерийн хүчинтэй хугацааг тендерт оролцогч компани санал болгох эрхтэй байдаг. 30, 45, 60, 90 хоногийг санал болгох эрхтэй. Худалдан авах ажиллагааны цахим сайтад Сангийн яам болон манай газар дээр явагдаж байгаа бүх тендерийн явц, мэдээлэл ил тод харагддаг. Гомдол гарсан байвал тендер нээхэд тухайн нарийн бичигт нууц код ирдэг. Түүний дагуу бүх нээлттэй байгаа тендерийг харж болно. Тухайн кодоор орж холбоотой цахим болон бусад мэдээллүүдийг нээлттэйгээр хардаг. Үнэлгээний хорооны эхний хурал дээр гэр кемпийг Сангийн яамны мэргэжилтэн үзсэн бол аль талаас нь уян хатан үзэх байсан байна гэж хэлж байна. Эхний хурал дээр дурдагдсан асуудал байгаа. Сангийн яамны шийдвэр дээр хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийе гээд 10 дугаар сарын 6-ны өдрийн албан бичгийг хуульд нийцүүлэн дахин үнэлгээ хийх байсан, үнэлгээ хийсэн байна гээд дурдагдаж байна. Сангийн яамны тус албан бичгийн 9, 10, 11 дэх заалтаар захиалж хэрэгжүүлж байгаа ажлыг хангасан гэсэн захиалсан шийдвэр үндэслэлгүй байна гэсэн. 11 дээр гэр кемптэй холбоотой асуудал шаардлагыг хангасан гэж хянан үзсэн захиалагчийн шийдвэр үндэслэлгүй байна гэсэн. Үүнийг Үнэлгээний хороо авч хэлэлцээд дээд шатны байгууллагын шийдвэрийг дагаж мөрдөнө гэдгээрээ хуралдаад шийдвэр гаргахаар болсон” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хуралдаанд сонгогдсон иргэдийн төлөөлөгч Д.Б нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй бөгөөд хэргийн оролцогч нар түүнийг байлцуулахгүйгээр шүүх хуралдааныг үргэлжлүүлэх санал гаргасан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.7-д “Иргэдийн төлөөлөгч нь энэ хуулийн 71.1-д заасны дагуу мэдэгдсэн байхад хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бол хэргийн оролцогчийн зөвшөөрлөөр  түүний эзгүйд шүүх хуралдааныг явуулж болно” гэж зааснаар түүний эзгүй шүүх хуралдааныг явуулахаар шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч “Т” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин зарласан ЭҮТӨҮГ/2023061167 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах шийдвэрийг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. /I хавтаст хэргийн 1-4, 53-56 дэх тал, II хавтаст хэргийн 98 дахь тал/

3. Дээрх нэхэмжлэлийн шаардлагаа 2024 оны 03 дугаар сарын 13-ны өдөр “Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах” гэж өөрчилж, энэхүү өөрчилсөн шаардлагаа шүүх хуралдаанд дэмжиж мэтгэлцсэн. /III хавтаст хэргийн 148-154 дэх тал/

4. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн А/452 дугаартай тушаалаар “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус байнгын хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар байнгын бус ажиллагаатай байна. /II хавтаст хэргийн 108-109 дэх тал/

5. Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна.” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцна.  

6. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Нэг. Хэргийн үйл баримтын талаар:

            6.1.  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны газраас Хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагааны бодлогын газарт “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын тендерийн багц II-ын техникийн даалгаврыг 2023 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 133/264 дугаартай албан бичгээр хүргүүлжээ. /I хавтаст хэргийн 118-126 дахь тал/

6.2 Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хуралдаж “Тендерийн өгөгдлийн хүснэгт” болон “гэрээний тусгай нөхцөл”-ийг боловсруулан хэлэлцэж, 01 дугаартай тэмдэглэлээр тендерийн баримт бичгийг баталж тендерийн урилгыг www.tender.gov.mn цахим системд байршуулсан байна. /I хавтаст хэргийн 127-209 дэх тал/

6.3. “Т” ХХК дээрхи тендерийн баримт бичигт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргаж, тус газар гомдлыг хянан 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн “Тендерийн баримт бичиг хянасан тухай” 03-02/1142 дугаар албан бичгээр тендерийн баримт бичигт өөрчлөлтийг оруулж, тендер шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулахыг  мэдэгдсэн бөгөөд уг албан бичгийн дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулан тендер сонгон шалгаруулалтын ажиллагааг үргэлжлүүлжээ. / I хавтаст хэргийн 10-47 дахь тал/

6.4. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хуралдаж, хуралдаанаар “Т” ХХК-ийн 06-... УЕМ улсын дугаартай автомашины зориулалтын талаархи лавлагааг Автотээврийн үндэсний төвөөс авахаар шийдвэрлэж, уг сонгон шалгаруулалтын ажиллагаанд мониторингийн дүгнэлт гаргуулж, тодруулга авсны үндсэн дээр 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр дахин хуралдсан. / I хавтаст хэргийн 48-57 дахь тал/

6.5. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 03 дугаар шийдвэрээр “Т” ХХК-ийн ирүүлсэн тендерийг хянан үзэж, тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан шаардлагад нийцсэн тендер гэж үзэж тендерт шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн. /I хавтаст хэргийн 61-63 дахь тал/

6.6. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” мэдэгдлийг “Т” ХХК-д, тендерт оролцсон “О” ХХК-д тендерт шалгараагүй тухай 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5448 дугаартай мэдэгдлүүдийг тус тус хүргүүлсэн бөгөөд уг шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК нь Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж шийдвэрлүүлсэн. /I хавтаст хэргийн 59-60, 64/

6.7. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн ТБ-134-12/5447, мөн өдрийн ТБ-134-12/5448 дугаартай шийдвэрүүдийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийлгэхээр шийдвэрлэжээ. /II хавтаст хэргийн 111-114 дэх тал/

6.8. Тендерийн Үнэлгээний хороо Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03/7375 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр дахин хуралдаж, тендерт дахин үнэлгээ хийж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэх үндэслэлээр нээлттэй тендер шалгаруулалт дахин явуулах 03 дугаартай дүгнэлтийг захиалагчид хүргүүлэхээр шийдвэрлэсэн байна. /II хавтаст хэргийн 66-69 дэх тал/

6.9. Дээрх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр мэдэгдэж, татгалзсан үндэслэлээ “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер нь “Гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулж ирүүлээгүй тул шаардлага хангаагүй“ гэжээ /II хавтаст хэргийн 70 дахь тал/

6.10. “Т” ХХК-ийн тендерээс татгалзсан Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн шийдвэрийг “Т” ХХК эс зөвшөөрч Монгол Улсын Сангийн яаманд гомдлоо гаргаж, Монгол Улсын Сангийн яам гомдлыг хянан шийдвэрлэж, 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 03/8009 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр хариу хүргүүлжээ. /II хавтаст хэргийн 115-116 дахь тал/

6.11. Монгол Улсын Сангийн яам гомдол хянасан албан бичгээр  “...Тус тендер шалгаруулалтын тендер хүчинтэй байх хугацаа 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, тухайн тендер нь хүчингүй болсон байна. Иймд тендер шалгаруулалтыг хуульд нийцүүлэн дахин зохион байгуулахыг хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3 дахь заалтад үндэслэн мэдэгдье.” гэж шийдвэрлэсний дагуу захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр дахин ЭҮТӨҮГ/2023061167 тоот тендер сонгон шалгаруулалт явуулах тендер зарласан. /II хавтаст хэргийн 240-250, III хавтаст хэргийн 67-139 дэх тал/

 6.12. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, “гэр кемп” гэснийг хасаж, дахин тендер сонгон шалгаруулалт зарласан бөгөөд уг тендерт “Т” ХХК, “О” ХХК-иуд оролцож, захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн ТБ-134-12/678, мөн өдрийн ТБ-134-12/679 дугаартай албан бичгээр уг хоёр тендерээс татгалзсан мэдэгдлийг тендерт оролцогч нарт хүргүүлсэн. Уг шийдвэрийг эс зөвшөөрч “О” ХХК нь Сангийн яаманд гомдлоо гаргаж, Сангийн яамны  албан бичгээр гомдлыг хянасан зэрэг үйл баримтууд тогтоогдож байна. /II хавтаст хэргийн 238-239, III хавтаст хэргийн 186-188 дахь дэх тал/

6.13. Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч нар нь “Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулж, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах” гэсэн өөрчилсөн шаардлагын хүрээнд эрхээ хамгаалуулах бүрэн боломжтой тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр зарласан тендер, уг тендер сонгон шалгаруулсан шийдвэрүүдтэй маргахгүй гэдгээ шүүх хуралдаанд тайлбарлав.

Хоёр: Нэхэмжлэлийн талаар:

6.14.  “Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байсныг тогтоох” нэхэмжлэлийн тухайд: “Т” ХХК нь 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдөр тендерийн баримт бичигт хавсаргасан “Ажилтнуудад халуун хоолоор үйлчилгээ үзүүлэх тендерийн техникийн даалгавар”-т “гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх” гэсэн талаар тодруулга авахаар хүсэлтээ www.tender.gov.mn цахим системээр хүргүүлсэн.

6.15. Уг хүсэлтэд тендерийн Үнэлгээ хороо хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулж, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр тендерийг нээсэн байх бөгөөд 2024 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр цахим системээр хариу өгсөн, тендер нээхээс өмнө хүсэлтийг шийдвэрлэж хариу өгөөгүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, Төрийн худалдан авах ажиллагааны газрын 2024 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн А-2/1140 дугаарай албан бичиг, www.tender.gov.mn цахим системд хүсэлт хүргүүлсэн талаарх баримтуудаар тогтоогдож байна. /III хавтаст хэргийн 145 дахь тал, хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн CD/

6.16. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-д “Тендерт оролцогч тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээллийг тендер хүлээн авах эцсийн хугацаанаас ажлын таваас доошгүй хоногийн өмнө захиалагчаас авах хүсэлтийг бичгээр гаргаж болно, 22.4-д “Захиалагч энэ хуулийн 22.3-т заасан хүсэлтийн хуулбарыг түүнд өгсөн хариу тодруулга, нэмэлт мэдээллийн хамт тендерийн баримт бичиг худалдан авсан бүх сонирхогчдод нэгэн зэрэг бичгээр илгээх бөгөөд уг бичгийг шуудангийн байгууллагад хүлээлгэн өгснөөр, эсхүл худалдан авах ажиллагааны цахим системд нийтэлснээр хариу тодруулга, нэмэлт мэдээллийг хүргүүлсэнд тооцно гэж зааснаар захиалагч тодруулга мэдээллийг хүлээн авч шийдвэрлэх ажиллагааг хийгээгүй орхигдуулсан “эс үйлдэхүй” гаргасан байна.

6.17. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй” гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно гэж заасан.

6.18. Иймд “Т” ХХК-ийн цахим хүсэлтэд хариу өгөөгүй, шийдвэрлээгүй орхигдуулсан эс үйлдэхүйг хууль бус гэж үзлээ. Учир нь тендерийн баримт бичигт тусгагдсан “гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх”-тэй холбоотой тодруулгыг хүлээн авч, хуульд заасан хугацаанд тендер нээхээс өмнө тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулах, шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргээ захиргааны байгууллага хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл тогтоогдож байх тул уг эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна.

6.19. “Тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн тухайд: Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай тэмдэглэлээр “Т” ХХК-ийн тендерээс татгалзах дүгнэлтийг захиалагчид хүргүүлж, захиалагчийн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн ТБ-134-12/6252 дугаартай мэдэгдлээр “Гэр кемпид үйлчилгээ үзүүлэх цэсийг боловсруулж ирүүлээгүй тул шаардлага хангахгүй” гэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4-т зааснаар тендерээс татгалзсан мэдэгдлийг хүргүүлжээ.

6.20. Нэхэмжлэгч талаас “Тендерийн баримт бичигт “гэр кемп” гэсэн техникийн шинжтэй алдаа гаргасан, өмнөх тендерийн баримт бичигт боловсруулалт хийхдээ техникийн даалгаврын 16 дугаар зүйлд байсан гэр кемп гэсэн хэсгийг хасаагүй орхигдуулсан тул уг үндэслэлээр татгалзсан нь хууль бус, энэ талаар тодруулгад хариу өгөөгүй, хэрвээ гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх талаар оруулж байгаа бол ямар цэгт, хэдэн хүнд, өдрийн хэдэн удаа, ямар төрлийн хоолоор үйлчилгээ үзүүлэх  цэсийг тогтоож өгөх ёстой байтал тендерийн баримт бичигт ийм зүйл байгаагүй” гэж;

хариуцагч талаас “Тендерийн баримт бичигт “гэр кемп” гэж оруулсан нь алдаа гаргасан бөгөөд дахин үнэлгээ хийхэд нэгэнт хүчин төгөлдөр тендерийн баримт бичигт “гэр кемп” гэсэн үйлчилгээний техникийн даалгавар орсон тул энэ үндэслэлээр татгалзсан, тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагын дагуу үнэлгээ хийсэн” гэж тус тус мэтгэлцэв.

6.21. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.5-д “Тендерийн баримт бичиг” гэж захиалагчаас тендерт оролцогчдод зориулан гаргасан тендер шалгаруулалтын нөхцөл, шаардлагыг тодорхойлсон баримт бичгийг”, 5.9.1-д “техникийн тодорхойлолт” гэж захиалагч худалдан авах бараа, ажил, үйлчилгээний техникийн үзүүлэлт, үйлдвэрлэл, үйл ажиллагааны арга, технологи, түүнд тавих технологийн шаардлагыг тодорхойлсон бүрдүүлбэрийг”, 11 дүгээр зүйлийн 11.1.1-д “тухайн бараа, ажил үйлчилгээг гадаад шинж чанарын үзүүлэлтээр бус, зориулалт, эрчим хүч, байгалийн нөөцийн хэмнэлттэй, эдийн засгийн үр ашигтай, хэрэглээ, ашиглалт, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, хүлэмжийн хийн ялгарал болон хаягдал багатай, ногоон орчныг бүрдүүлэхэд чиглэсэн шалгуур үзүүлэлтээр тодорхойлох”  гэж тус тус заасан.

6.22. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ” ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай тендерийн баримт  бичгийн “Тендерийн техникийн даалгавар”-ын 16-д ...”гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах, ...” гэж заасан нь захиалагч тендерийн баримт бичгийн техникийн даалгаврыг алдаатай боловсруулсан болох нь Үнэлгээний хорооны хуралдааны тэмдэглэл, хэргийн оролцогчдын тайлбар, Сангийн яамны гомдол хянасан тухай шийдвэр, мөн тендерийн баримт бичгийн тендерийн техникийн даалгаварт гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэс боловсруулах талаар хүснэгт 1-3-т тусгаагүй, техникийн даалгаврын 1.1-1.8-д заалаар болон хүргэлтээр үйлчилгээ үзүүлэх талаар тусгасан зэргээр нотлогдож байна.

6.23. Тендерийн Үнэлгээний хороо нь тендерийн баримт бичигт “гэр кемп” гэсэн тухайн тендерт хамааралгүй үйлчилгээг оруулж, уг асуудлаар тодруулга авах хүсэлтэд хариу өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй орхигдуулсан хууль бус үйлдэл гаргасан бөгөөд тухайн “гэр кемп” гэх ганцхан үндэслэлээр “Т” ХХК-ийн тендерээс татгалзсан нь бодит байдал дээр үндэслэлгүй шийдвэр болжээ.

6.24. “Т” ХХК нь “Үйлдвэрийн дүүрэгт ажилладаг ажилтнуудын халуун хоолны үйлчилгээ” ЭҮТӨҮГ/2023061167 дугаартай тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл шаардлагыг бүрэн хангасан болох нь тендерийн Үнэлгээний хорооны дүгнэлт, захиалагчийн мэдэгдэлд “Тендерийн техникийн даалгавар”-ын 16-д ...”гэр кемпэд үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөт цэсийг боловсруулах, ...” гэсэн шаардлагыг хангаагүй гэснээр тогтоогдож байна. Тодруулбал, “Т” ХХК-ийн тендерээс “гэр кемпээр үйлчилгээ үзүүлэх” гэснээс өөр нөхцөл шаардлага хангаагүй гэж татгалзаагүй байна.

6.25. Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ: 27.1.1.энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхийн шаардлага; 27.1.2.техникийн тодорхойлолт; 27.1.3.тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага” гэж зааснаар “Т” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заасан бүх нөхцөл шаардлагыг хангасан гэж дүгнэх үндэслэлтэй байна.  

6.26. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т “Тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ” гэж зааснаар “Т” ХХК-ийн ирүүлсэн тендер тендерийн баримт бичигт заасан шаардлагуудыг хангасан байх тул алдаатай боловсруулсан “гэр кемп” гэсэн үндэслэлээр татгалзсан нь үндэслэлгүй байжээ.

6.27. Иймд тендерийн Үнэлгээний хорооны 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 03 дугаартай Үнэлгээний хорооны дүгнэлт нь хууль бус бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол уг захиргааны актын улмаас зөрчигдсөн байх тул уг актын “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

6.28. “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг даалгуулах” нэхэмжлэлийн тухайд: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д “Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж зааснаар “Т” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж тендерт шалгаруулж, гэрээ байгуулах үндэслэлтэй.

6.29. Гэтэл захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас тендерийн баримт бичигт “гэр кемп” гэсэн үйлчилгээг оруулсан техникийн даалгавар алдаатай байсныг мэдсээр байж энэ үндэслэлээр тендерээс татгалзаж, хуульд заасан тендерийн хүчинтэй хугацаа захиалагчийн буруутай үйл ажиллагааны улмаас хэтэрсэн гэж үзэхээр байна. Иймд уг алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, тендерийн баримт бичигт заасан нөхцөл, шаардлагыг хангасан “Т” ХХК-тай гэрээ байгуулахыг захиалагчид даалгах нь зүйтэй гэж үзлээ.

6.30. Дээрх үндэслэлүүдээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан тендер үр ашигтай байх, хариуцлагатай байх, хэмнэлттэй байх зэрэг худалдан авах ажиллагааны зарчимд нийцээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6.31. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 28 дугаар зүйлийн 28.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2 дахь заалтуудыг баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, ““Т” ХХК-ийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн тодруулга авах цахим хүсэлтэд хариу өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Үнэлгээний  хорооны дүгнэлтийн “Т” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “Т” ХХК-ийг ЭҮТӨҮГ/2023061167 дугаар тендерийн гүйцэтгэгчээр шалгаруулж, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

    ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                П.УУГАНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ

                           ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Б.МӨНХЖАРГАЛ