Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 210/МА2020/00752

 

“ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Мөнхзул , Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00204 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Ут холбогдох 7 839 457 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагч Э.У, түүний өмгөөлөгч Б.Баярмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Эрхэмбаяр нар оролцов.

            Нэхэмжлэгч “ГБ” ХХК-ийн төлөөлөгч А.Энхбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Бат-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э.У нь 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “ГБ” ХХК-тай ЗГ120746505 дугаартай кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийг жилийн бэлэн бус гүйлгээний 24 хувь, бэлэн мөнгө авсаны 42 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаатай, зохих хүүгийн хамт эргүүлэн төлөх үүргийг хүлээн зээлийн эрхтэй карт нээлгэн зарцуулалтыг хийсэн. Зээлдэгч нь кредит карт ашиглан гүйлгээ хийсэн зарцуулалтын төлбөрөө гэрээний нөхцөлд заасны дагуу төлөхгүй банкийг хохироож байна. Иймд зээлдэгч Э.Утэй байгуулсан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлан иргэн Э.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл шаардсан нэхэмжлэл гаргасан. Э.Уээс зээлийн үндсэн төлбөр 5 029 923.13 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 2 023 273.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486 680.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299 579.73 төгрөг, нийт 7 839 457.18 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр “ГБ” ХХК-тай ЗГ120746505 дугаарт кредит карт эзэмших гэрээ байгуулан 5 000 000 төгрөгийн зээлийн эрхтэй зэс карт нээлгэсэн. 2018 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр 3 700 000 төгрөгийг “ГБ” ХХК-ийн Ард салбараас бэлнээр авсан. Мөн өдрөө 1 290 000 төгрөгийг бэлэн бусаар авсан. Нийтдээ 4 990 000 төгрөгийг авч зарцуулсан. Гэрээний дагуу 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр 575 000 төгрөгийг төлсөн. 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 632 900 төгрөгийг төлсөн. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 662 000 төгрөгийн нэхэмжлэл ирсэн ба мөн өдөр нь төлсөн. Би 2018 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр ажлаас чөлөөлөгдсөн тул 2018 оны 5 дугаар сараас зээлийн төлөлт хийж чадаагүй, энэ байдлаа банкинд мэдэгдэж, хүүг зогсоож өгөхийг хүссэн. Банкны зээл хариуцсан мэргэжилтэн шүүх л хүүг зогсооно, бид хүүг зогсоох боломжгүй гэсэн. Зээлийн хүүгийн төлбөрт 2 023 273.66 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь би төлбөрийн чадваргүй боллоо, хүүг зогсоож гэрээ цуцалж өгөөч гэж банкнаас удаа дараа хүссэн. Бидний хооронд 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.1-д Кредит картын зарцуулалтаа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд зарлагын гүйлгээ гаргах эрх энэхүү гэрээний 2.1 дэх хэсэгт заасан нөхцлийн дагуу системд автоматаар хаагдана гэж заасан Гэрээний 2.1 дэх хэсэгт Зээлийн эрхийн зарцуулалтыг хугацаандаа төлөөгүй тохиолдолд карт системд автоматаар хаагдах хугацаа 1 сар байна гэж заасан. Гэтэл намайг төлбөрийн чадваргүй болсныг банк мэдсээр байж бүтэн 13 сарын хүү нэхэмжилсэн нь миний эдийн засгийн байдлыг улам дордуулж байна. Би сард бэлнээр авсан 3 700 000 төгрөгтөө 3.5 хувиар 129 500 төгрөг, бэлэн бусаар авсан 1 290 000 төгрөгтөө 2 хувиар 25 800 төгрөг, нийтдээ 155 300 төгрөгийн хүү төлөх ёстой. Иймд үндсэн зээл 4 990 000 төгрөг, 1 сарын хүү 155 300 төгрөг, нийт 5 145 300 төгрөгийг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486 680.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299 579.73 төгрөг, зээлийн хүүд илүү нэхэмжилсэн 1 867 973.66 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э.Уээс 4 093 571 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 3 745 886 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч ГБны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140 381 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Уээс 80 447 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “ГБ” ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Энхтүвшин давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Талуудын хооронд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан ЗГ120746505 дугаартай кредит картын гэрээний 2 дугаар зүйл 2.1 дэх хэсэгт бэлэн бус гүйлгээний 2 хувь, бэлэн мөнгө авсны хүү нь сараар 3.5 хувь байхаар тохиролцон заасан. Хариуцагч Э.Уийн зээлж авсан мөнгөн хөрөнгийг бэлнээр авсан, хүүг 3.5 хувиар бодож шүүхэд нэхэмжилсэн. Гэтэл шүүхээс талуудын хооронд зээлийн гэрээгээр тохиролцсон хүүг 2 хувиар тооцон дүнг багасган бодсон нь нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулсан гэрээний зохицуулалт, Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасан харилцагчтай тохиролцсон хүү авах зээлсэн мөнгөн хөрөнгөө гаргуулан авах эрхийг ноцтой зөрчиж байна. Банкны зүгээс зээлдэгчийн хүү тооцооллын хүснэгтийг нотлох баримтаар шүүхэд өгсөн ба энэхүү хүү тооцоололтой холбоотой тайлбарыг бүрэн өгсөөр байтал нотлоогүй гэх үйлдэл нь өөрөө бодит байдалтай нийцэхгүй байна. Иймд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.

Хянавал

Шүүх талуудын хоорондын маргааны үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Нэхэмжлэгч “ГБ” ХХК нь хариуцагч Э.Ут холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн төлбөр 5 029 923.13 төгрөг, хүү 2 023 273.66 төгрөг, зээлийн эрх хэтрүүлсэний төлбөр 486 680.66 төгрөг, зээлийн хугацаа хэтрүүлсэний төлбөр 299 579.73 төгрөг нийт 7 839 457.18 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн зээлийн 4 990 000 төгрөг, 1 сарын хүү 155 300 төгрөг нийт 5 145 300 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг эс зөвшөөрөн маргажээ.

 

Зохигчид 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр №ЗГ/120746505 тоот “Кредит карт эзэмшигчтэй байгуулах гэрээ” байгуулж, Э.У нь 5 000 000 төгрөгийг 2 жилийн хугацаатай, жилийн хураамж 35 000 төгрөг, бэлэн бус гүйлгээний хүү сараар 2%, бэлэн мөнгөний гүйлгээний хүү сараар 3.5%, зээлийн эрх хэтрүүлсэн хүү 2%, зээлийн хугацаа хэтрүүлсэний нэмэгдүүлсэн хүү 1% байхаар тохиролцсон байна. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт зөв болжээ.

 

Хариуцагч Э.У нь 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр бэлнээр 3 700 000 төгрөгийг, бэлэн бусаар 1 290 000 төгрөг нийт 4 990 000 төгрөгийг авсан, 2018 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Э.У 575 000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 15-ны өдөр 632 900 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр 662 000 төгрөг нийт 1 869 900 төгрөг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. /хх.10/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт “Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна” гэж заасан бөгөөд хариуцагч Э.У нэхэмжлэлийн шаардлагаас 5 145 300 төгрөг төлөхийг зөвшөөрсөн тайлбар өгсөн байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “...анхан шатны шүүх зээлийн хүүг 2%-иар тооцсон нь буруу болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулна” гэсэн үндэслэл заажээ. Анхан шатны шүүх зээлийн гэрээний хүүг нийтэд нь 2%-иар тооцож бодсон нь буруу байгаа боловч талуудын гэрээний тохиролцоо болох бэлэн бусаар авсан мөнгийг 2%-иар, бэлэн мөнгийг 3.5%-иар үндсэн зээл, хүүд 5 139 000 төгрөг төлөх тооцоо гарч байна. Уг тооцоо нь нэхэмжлэгчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнээс бага байх тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлэх бөгөөд давж заалдах шатны шүүхээс талуудын мэтгэлцэх зарчмын хүрээнд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй байна гэж үзлээ. 

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 101/ШШ2020/00204 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн төлөөлөгчийн төлсөн 140 382 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                           ШҮҮГЧИД                                    А.МӨНХЗУЛ

                                                                                               Ц.ИЧИНХОРЛОО