Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/856

 

 

Б.Чхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Билгүүн,  

хохирогч Ц.Цөмгөөлөгч Т.Мөнхдэлгэр,

шүүгдэгч Б.Ч, түүний өмгөөлөгч Ц.Монгол,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,   

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Болдбаатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 000000321 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 580 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 10.667.500 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Н” баарны караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Цэрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг шилэн сав болон гараараа олон удаа цохиж зодон “баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн  эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Чын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч н Б.Чыг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Ч800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь энэ тогтоолоор оногдуулсан 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Ч нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлаж, Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Чаас 24.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ц (РД)-д олгож, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Чавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Шүүгдэгч Б.Ч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн БНСУ-д ажилладаг тухай хөдөлмөрийн гэрээ, цалин хүлээж авдаг дансны хуулга зэрэг нотлох баримтын шаардлагыг хангаагүй баримт байсаар байтал шүүх үнэлж хохирогчийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь, тухайн баримтууд нь хуулийн шаардлага хангасан буюу БНСУ-н эрх бүхий байгууллагаар баталгаажуулж, албан харилцааны шугамаар шүүхэд ирүүлсэн байх шаардлагатай. Мөн хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн БНСУ-д ажилладаг тухай нотлох баримтан дотор тухайн улсын эрх бүхий байгууллагаас гаргасан хүчин төгөлдөр баримт болох нийгмийн дааатгалын шимтгэл, хувь хүний албан татвар төлдөг тухай тодорхойлолт, ямар ангилалын ажлын визээр БНСУ-д ажиллаж амьдардаг тухай баримт хэрэгт авагдаагүй байхад шүүх зөвхөн хохирогчийн нэг талын гаргасан баримтыг үндэслэж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шинжээчийн №253 дүгнэлтэд “... Ц.Цгэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэж дүгнэсэн байдаг. Гэтэл шүүх хохирогчийг энэ хугацаанд эрүүд мэндийн улмаас хөдөлмөрлөж, ажлаа хийгээгүй гэж үзэж хохирогчийн нэхэмжилсэн 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болох 24.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй нотлогдохгүй байхад хангасанд гомдолтой байна. Энэ хугацаанд Ц.Ц нь ажил хөдөлмөрөө тасралтгүй хийж байсан эсэхийг шүүх тогтоож дүгнэх ёстой байсан. Ц.Ц нь монголд тоглолт зохион байгуулахаар байнга ирж ажиллаж байгаа. Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад заасан Ц.Ц2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болох 24.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг Б.Чаас гаргуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож, шийтгэх тогтоолын бусад заалтыг нь хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

          Шүүгдэгч Б.Чын өмгөөлөгч Ц.Монгол тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч Б.Ч нь үйлдсэн хэрэгтээ харамсаж, гэмшдэг. Ял шийтгэл болон үйлдэл дээрээ маргаагүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан бүх эмчилгээний зардлыг барагдуулсан. 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн шүүх хуралдаанд хохирогчоос 24.150.000 төгрөгийн нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлийг нь анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэсэн. Уг шийдвэрт бидний зүгээс гомдол гаргасан. Хохирогч 24.150.000 төгрөгийг нэхэмжлэхдээ шүүхийг хуурч  мэхэлсэн. Хавтас хэрэгт авагдсан эмчийн үзлэгээр “2 дугаар сарын 18-ны өдөр оёдлыг авсан. Эдгэрээд эмнэлгээс гарсан” гэж тэмдэглэсэн байдаг. Мөн хоёр шинжээчийн дүгнэлтэд “хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэж дурдсан. Гэтэл нэхэмжлэл дээрээ хохирогч “нүд хавдсан, эмчилгээтэй байсан учраас би Солонгос улс руу явж чадаагүй” гэж бичсэн байдаг. Хохирогч 3 дугаар сард “Орбита” эмнэлэгт үзүүлсэн. “Орбита” эмнэлгийн эмчийн тэмдэглэлд “хэвийн, зүгээр” гэж тэмдэглэсэн байдаг. Солонгос улс руу явж чадаагүй гэдэг нь үүгээр няцаагдаж байна. Хавтас хэрэгт авагдсан Солонгос хэл дээрх эхний гэрээ 3 хуудас байдаг. Гэтэл орчуулга нь 1 хуудас тал орчуулга байдаг. Энгийн хүний нүдээр харахад л эргэлзээ төрүүлж байна. Мөн эхний гэрээн дээр Солонгос талын гарын үсэг байдаггүй. 4 дүгээр сарын 13-ны өдөр гэрээ дууссан харагддаг. Инчёон буюу Сөүл хотоос 300 км-ийн зайтай байдаг “Тэгү” гэх хотод найруулагчаар ажиллаж байсан гэх тодорхойлолт байдаг. Тэгэхээр 300 км-ийн зайтай нэг газарт найруулагчаар ажиллаад, Инчёонд баллетчинаар ажилладаг гэхээр эргэлзээтэй. Яаж энэ хоёр ажлыг хавсарч хийж байсан юм бэ. Солонгос улсад нийгмийн даатгал төлж байсан юм уу, хөдөлмөрийн гэрээтэй байсан уу, эсхүл ажил гүйцэтгэх гэрээгээр ажиллаж байсан уу, мөн цаг бүртгэлийн хүснэгт нь хаана байна гэхэд тодорхойлолт л гаргаж өгсөн. Тодорхойлолт дээр нь гарын үсэг байдаггүй. Солонгос хүний гарын үсэг өөр өөр байдлаар бичигдсэн байдаг. Солонгос хэл дээрх хоёр дахь гэрээ нь 2 хуудас байдаг. Гэтэл орчуулга нь маш бага бичиглэлтэй хийгдсэн. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэв.

Хохирогч Ц.Цөмгөөлөгч Т.Мөнхдэлгэр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. 2 дугаар сарын 18-ны өдөр эмнэлгээс эдгэрээд гарсан гэж байна. Бүрэн дүүрэн эдгэрээгүй. Гэмтлийн зэрэг хөнгөн гэмтэл гэж гарсан боловч нүдтэй холбоотой, өөрийнх нь ажил мэргэжилтэй холбоотой гэмтэл учраас хүнд гэмтэл байсан. Биеийн хүчний дасгал хөдөлгөөн хийх боломжгүй болсон. Шинжээч дүгнэхдээ цаашдын эмчилгээнээс хамаарч эдгэрэлт явагдана гэсэн. Солонгос бичигтэй 3 хуудас гэрээг орчуулахдаа 1 хуудас тал байдлаар орчуулсан гэж байна. Орчуулсан байгууллага нь тусгай зөвшөөрөлтэй, орчуулгын эрхтэй байгууллага байдаг. Гэрээний хувьд ямар нэгэн маргаан байхгүй. Цагийн бүртгэл байхгүй гэж байна. Хохирогч өдөр болгон цагаа бүртгүүлдэг ажил хийдэггүй. Гарын үсэг өөр, өөр байдаг гэж байна. Үүнийг нүдээр хараад тогтоох боломжгүй. Шүүгдэгчийн талаас гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.” гэв.

Прокурор Э.Билгүүн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Иймд хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.  

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Н” баарны караоке дотор согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Ц.Цэрүүл мэндэд хүч хэрэглэн халдаж түүнийг шилэн сав болон гараараа олон удаа цохиж зодон “баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн  эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Ц“...Удалгүй Б.Ч гэх Тод-Одын их сургуулийн найз залуу намайг солонгос дуу дуултал гадаадууд, Монголдоо ажилладаггүй гэх зэргээр доромжилж хажууд суугаад миний хүзүүнээс зуураад согтуу хүний гаргадаг үйлдэл гаргаж агсарсан бөгөөд би “би солонгос хүн биш, Монгол хүн” гэж тайлбарлаж хэлтэл “Солонгосжсон халх байна” гэж хэлээд ууж байсан Хужирт усны шилээр миний баруун талын нүдний доод хэсэг, хацарт цохиж би хойшоо толгойгоо савах хөдөлгөөн хийхэд миний араас хэд хэдэн удаа гараараа цохиж гэмтээсэн. Үүний дараа хамт байсан хүмүүс биднийг салгаж би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Баруун хацрын яс хугарсан, 3 оёдол тавиулсан, ар шилэн хүзүү болон баруун өвдөг хөндүүртэй байна.” /хх 9-10/,

гэрч Н.Тод-Одын: “...Миний бие тухайн өдөр найз болох Б.Ч, Дүгэрсүрэн, Баянмөнх, Ариунболд, Ганболд, Гантөгс, Мөнхжаргал, Чинтөгс нартай хамт Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Н” баарны 2 дугаар давхрын караокед уулзаж, архи ууж дуулж байгаад, миний бие Солонгост ажиллаж амьдардаг найз Ц.Цыг гадаадаас ирсэн учир бөөнөөрөө гарсан дээрээ дуудаж уулзахаар шийдэж Ц.Цыг утсаар ярьж байгаа газраа дуудсан, энэ дагуу Ц.Ц удалгүй ирж бид хамтдаа архи ууж дуу дуулж байгаад Ганболд, Баянмөнх, Мөнхжаргал нар гэр рүүгээ харьж үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлээд дуулж, ууж байгаад 00 цаг өнгөрч байхад би дуулж байтал Б.Ч, Ц.Ц нар асуудал үүсгэж Б.Ч, Ц.Цыг цохисон байсан ба би ширээн дээр очиж тэднийг салгасан..” /хх 20/,

гэрч Б.Дүгэрсүрэнгийн: “...би диван дээр аягүй микрофон бариад дуулж, миний хажууд Ц.Ц, Б.Ч, Ариунболд сууж байтал гэнэт Б.Ч босож ирээд Ц.Цын нүүр рүү 1 удаа цохисон бөгөөд би араас нь очиж Б.Чыг татаж салгасны дараа Б.Ч, Ариунболд нар караокены өрөөнөөс гарсан бөгөөд караокены өрөөнд Ц.Ц, Гантөгс, Тод-Од нар үлдэж Ц.Цын хацраас гарсан цусыг тогтоож байгаад Ц.Ц цагдаа дуудсан.” /хх-24-25/,

гэрч Б.Гантөгсийн: “...Үлдсэн хүмүүс нь үргэлжлүүлээд дуулж, ууж байгаад 00 цагийн орчимд караокены цаг дуусаж аягүй дуулж, би өөрөө тооцоо хийхээр өрөөнөөс гарч тооцоо хийгээд орж иртэл Ц.Ц цохиулчихсан байдалтай байхаар нь юу болсон бэ гэж асуутал Б.Ч, Ц.Цыг цохьчихсон гэж хэлсэн.” /хх 27-28/ гэх мэдүүлгүүд,

Хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 02 дугаар сарын 01- ний өдрийн №2319 дугаартай:

1. “...Ц.Цбиед баруун нүдний ухархайн доод хананы гайморын хөндий рүү цөмөрсөн хугарал, баруун этмойд хөндий болон хоншоорын хөндийд цус хуралдалт, баруун нүдний өөхөн эдийн эслэгт хий хуралдалт, хамар болон нүдний эргэн тойрон зөөлөн эдийн хаван, баруун нүдний доод зовхинд шарх, баруун өвдөг, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдсон.

2. Дээрхи гэмтлүүд нь ирмэгтэй болон мохоо зүйлийн цохих, цохигдох, үрэх, нидрэгдэх олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл шинэ гэмтэл. ...Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдалтанд нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..." гэх дүгнэлт /хх 30/,

Хавтаст хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн №253 дугаартай:

1. Ц.Цбиед баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндий цус хуралт, баруун доод зовхинд шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал, баруун өвдөг шилбэнд зулгарал тогтоогдлоо.

2. Баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндийд цус хуралт, баруун доод зовхинд шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь хатуу ирмэгтэй зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, баруун өвдөг шилбэний зулгарал нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь шинэ гэмтэл байна.

4. Баруун ухархайн доод ханын хугарал, баруун нүдний өөхөн эслэг, хоншоорын болон этмоид хөндийд цус хуралт, баруун доод зовхины шарх, хамар болон нүдний эргэн тойрны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэргийн гэмтэл, баруун өвдөг шилбэний зулгарал нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй гэмтэл байна.

5. Баруун доод зовхины шарх гэмтэл соривжиж эдгэрэх ба сорив нь ердийн явцаараа арилж бүдгэрэхгүй, бусад гэмтлүүд нь цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.

6. Шинжээчийн 2319 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна...” гэх дүгнэлт /хх 80-81/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Чыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Б.ЧЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна. 

Шүүгдэгч Б.Ч “...хохирогчийг энэ хугацаанд эрүүл мэндийн улмаас хөдөлмөрлөж, ажлаа хийгээгүй гэж үзэж хохирогчийн нэхэмжилсэн 2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болох 24.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг үндэслэлгүй нотлогдохгүй байхад хангасанд гомдолтой байна. Иймд шийтгэх тогтоолын 5 дугаар заалтад заасан Ц.Ц2022 оны 3, 4 дүгээр сарын цалин болох 24.150.000 төгрөгийн нэхэмжлэлийг Б.Чаас гаргуулах тухай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Анхан шатны шүүх “...хохирогч Ц.Ц нь балетчин мэргэжилтэй байх бөгөөд тэрээр БНСУ-ын Инчон хотын балетын театртай балетын гоцлол бүжигчинээр гэрээтэй ажиллаж байсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Б.Чаас 24.150.000 төгрөгийг гаргуулж хохирогчид олгож, мөн хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардал болон бусад зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Учир нь, хохирогч Ц.Цгаргаж өгсөн “Бүжигчинтэй хийх хөдөлмөрийн гэрээ, ажлын тодорхойлолт, санхүүгийн хуулга, хөдөлмөрийн гэрээ” /хх 115-131/ зэрэг баримтууд хэрэгт байх ба эдгээр баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй, албан бус орчуулгатай, хэдэн төгрөгийн цалинтай зэрэг нь тогтоогдохгүй байна.

Мөн хохирогч Ц.Ц нь  2022 оны 3, 4 дүгээр сард ажлаа хийж чадаагүй гэх боловч түүнийг 2022 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “Улаанбаатараас Сөүл-Инчеон” нислэгийн тасалбараар Солонгос улс руу явж байсан зэргээр энэхүү нөхцөл байдал үгүйсгэгдэж байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг хүчингүй болгож, хохирогч Ц.Ц нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлэн шүүгдэгч Б.Чаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 2022/ШЦТ/534 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

6 дахь заалтын “Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэснийг “хохирогч Ц.Ц нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Б.Чаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шүүгдэгч Б.Чын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоолын 5 дахь заалтын “Иргэний хуулийн 497, 505 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Чаас 24.150.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Ц (РД:ЧТ84051676)-д олгосугай.” гэснийг хүчингүй болгосугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ