Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 119/ШШ2024/0018

 

                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Болормаа даргалж, тус шүүхийн  107 тоот танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “И” ХХК /гүйцэтгэх захирал Н.С/

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч:  А.А, Ц.М

            Хариуцагч: “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц

            Хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганчимэг нарын хоорондын

             ““И” ХХК-ийн Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй “Е” төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актад үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурахыг даалгах”,

             “Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барихад зориулж “Ф” ХХК-иас зээлсэн зээлийн хүү 19,506,422 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” тухай маргааныг хянан хэлэлцэв.

             

            Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А, Ц.М, хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганчимэг, хариуцагч Д.Содномжамц, гэрч Ч.М, А.Г /цахим/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Пунсалдулам нар оролцов.       

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “И” ХХК нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц нарт холбогдуулан “Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй “Е “төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актад үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурахыг даалгах”, “Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барихад зориулж “Ф” ХХК-иас зээлсэн зээлийн хүү 19,506,422 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”-аар маргасан.

            2. 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

            3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ:  

            1) Орхон аймагт хэрэгжүүлж буй “Е” төслийн хүрээнд баригдсан 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвчийн барилгыг ашиглалтанд хүлээн авахгүй татгалзсан үндэслэл нь ..... хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн ажлын батлагдсан зураг төслийг “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК өөрсдөө дур мэдэн өөрчлөн бохир усны гаргалгаа шугамыг өөрчилсөн асуудал байгаа бөгөөд энэ нь 2015 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн бохир усны шугамын ачаалалд шууд нөлөөлсөн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд гэмтэл үүссэн шугамаа элдэв үндэслэлгүй шахалт үзүүлж бусдаар засварлуулах солиулах гэсэн хууль бус үйл ажиллагаа гэж тодорхойлжээ.

4. Нэхэмжлэгч “И” ХХК  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ““И” ХХК-ийн Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжүулж буй “Е” төслийн хүрээнд 2023 оны 10 сарын 06-ны өдөр 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилга ашиглалтад орж барилга ашиглалтад хүлээн авах комисс ажилласан. Барилга ашиглалтад оруулах комиссийн гишүүнээр “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-аас Ерөнхий инженер Д.Содномжамц оролцсон бөгөөд комиссын актыг баталгаажуулж гарын үсэг зурахаас татгалзаад байна. Татгалзсан үндэслэл нь ..... хорооллын урд хэсгийн бохирын 25Ом шугамыг бүхэлд нь дахин шинэчлэхгүй бол тус фитнес үйлчилгээний барилгыг ашиглалтад хүлээн авах боломжгүй гэсэн шаардлага тавьсан. “И” ХХК-иас тус шаардлагыг хүлээн авах боломжгүй бөгөөд 2014 онд Барилга хот байгуулалтын яам болон “Ф” ХХК-ийн хооронд байгуулагдсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний үндсэн дээр ..... хорооллын дэд бүтцийн ажил гүйцэтгэгдсэн бөгөөд тус бохирын шугамын ажлыг “Н” ХХК болон “Н” ХХК нар нь “Ф” ХХК-тай байгуулсан Ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр гүйцэтгэн, 2015 оны 12 сард бүрэн ашиглалтад оруулж захиалагчид хүлээлгэн өгсөн. Дээрх ажлыг гүйцэтгэж байх үед захиалагч БХБЯ-аас Барилгын хөгжлийн  төв, Орхон аймгаас Хот байгуулалт, барилга захиалагчдын алба тус тусын хяналт тавьж ажилласан. Барилга байгууламжийг ашиглалтад оруулахыг холбогдох бүх байгууллагууд зөвшөөрч актанд гарын үсэг зурсан бөгөөд ажил гүйцэтгэлийн үеийн далд ажлын акт зэрэг шаардлагатай бүх баримт бичгийг “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хүлээлгэн өгсөн. Дэд бүтцийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2018 оны 12 сард баталгаат хугацаа дуусгавар болсон байдаг. Тус бохирын шугамыг ашиглалтад орсон 2015 оны 12 сараас эхлэн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хариуцан хэрэглэгч, оршин суугчидтай гэрээ байгуулан төлбөр мөнгийг нь авч өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа бөгөөд засвар үйлчилгээ, засан сайжруулалтыг “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК өөрөө хариуцах үүрэгтэй. Хэрэв үүнийг зөвшөөрөхгүй байгаа бол хуулийн байгуулагад хандан шийдвэрлүүлэх боломжтой.

Манай компанийн шинээр барьж ашиглалтад оруулж байгаа үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах комиссын акт баталгаажаагүй нөхцөл үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулж, худалдан борлуулах боломжгүй болгон манай компанийн эрх ашигт ноцтой хохирол учруулж байгаа бөгөөд тус үйлчилгээний барилгыг ашиглалтад оруулах асуудал нь 2015 онд гүйцэтгэсэн дэд бүтцийн ажлын чанар гүйцэтгэлтэй огт хамааралгүй бөгөөд гарын үсэг зурахаас татгалзах үндэслэл болохгүй юм. Мөн ..... хорооллын ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан дэд бүтцийн ажлын батлагдсан зураг төслийг “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК өөрсдөө дур мэдэн өөрчлөн бохир усны гаргалгаа шугамыг өөрчилсөн асуудал байгаа бөгөөд энэ нь 2015 онд ашиглалтад хүлээлгэн өгсөн бохир усны шугамын ачаалалд шууд нөлөөлсөн өөрсдийнх нь буруутай үйл ажиллагаанаас болсон бөгөөд гэмтэл үүссэн шугамаа элдэв үндэслэлгүй шахалт үзүүлж бусдаар засварлуулах солиулах гэсэн хууль бус үйл ажиллагаа гэж үзэж байна. Энэ талаар “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д албан ёсоор мэдэгдэн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь үндэслэлгүй байх тул барилга ашиглалтад оруулах комиссын актыг 2023 оны 11 сарын 17-ны өдрийн дотор баталгаажуулж өгөхийг хүсч албан тоот хүргүүлсэн боловч хариу өгөхгүй та бүхэн хууль шүүхийн байгууллагадаа ханд гэж “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Бүүвэйбаатар өөрөө хэлсэн болно. Иймд “Е” төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсгийн барилга буюу Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад оруулах комиссын актанд гарын үсэг зурахгүй байгаа эс үйлдэхүй нь үндэслэлгүй тул барилга ашиглалтад оруулах комиссын актанд гарын үсэг зурахыг даалгаж өгнө үү.

“И” ХХК нь Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй “Е” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа барилгуудыг БНЧУ-ын “Ф” ХХК-иас жилийн 18,9 хувийн хүүтэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулдаг бөгөөд 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барих нийт төсөв нь 617,440,000 төгрөгийн өртөгтэй. Зээлийн хөрөнгөөр барьж байгаа барилгуудыг бид ашиглалтад оруулж захиалагчид нь худалдан борлуулж зээлээ хүүгийн хамт төлөх үүрэгтэй. Гэтэл “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын үндэслэлгүй шаардлага, эс үйлдэхүйн улмаас барилга ашиглалтад оруулах комисс ажилласан 2023 оны 10 сарын 06-ны өдрөөс хойш 2 сар буюу 60 хоногийн хугацаанд 19,506,422 төгрөгийн зээлийн хүү төлөхөөр, энэ асуудал шийдвэрлэгдэхгүй удах тусам мөн хүүгийн хэмжээ нэмэгдэхээр бодит хохирол амсаж байна.

Иймд бидэнд учирч байгаа зээлийн хүүгийн алдагдал нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 19,506,422 төгрөг болоод байгааг хариуцагч нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.

5. Нэхэмжлэгч “И” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанитай холбоотой нэхэмжлэл нь манай 1.., 1.. дүгээр байрны хүзүүвч хэсэгт фитнесс хийхээр төлөвлөсөн байгаа. Бид үүнтэй холбоотойгоор нэхэмжлэл гаргасан. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженер Д.Содномжамц нь комиссын акт дээр ямар ч үндэслэлгүйгээр татгалзсан. Үүнтэй холбоотой “И” компанид үүсээд байгаа хохирлыг нэхэмжлэх, хоёрдугаарт манайд шаардаад байгаа хууль бус шаардлагатай нь эвлэрэхгүй учраас нэхэмжлэл гаргасан. Манайхтай ямар ч холбоогүй 250 метр бохирын шугам хоолойг соль гэсэн хууль бус шаардлага тавьсан. Манайх хэрэгжүүлэгч болохоос биш тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулдаг компани биш. Бид тусгай зөвшөөрөлтэй компанитай гэрээ байгуулсны үндсэн дээр тэр ажлаа хийгддэг юм.” гэв.

6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““И” компаниас гаргасан нэхэмжлэл нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” орон нутгийн өмчит компанийн инженер Д.Содномжамцын эс үйлдэхүйтэй холбоотой нэхэмжлэл байгаа юм. 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр “И” компанийн барьсан 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт нь ашиглалтад орсон барилга байгууламжийг улсын комисс хүлээж авах эсэх талаарх улсын комиссын хуралдаан болсон. Энэхүү улсын комисст оролцсон гишүүд үүрэг даалгаврын биелэлтийн хуудас дээрээ үүрэг даалгавраа өгөөд ашиглалтад хүлээж авах эсэх талаар өөрсдийн саналаа тодорхойлсон. Энэ тодорхойлолт дээр улсын комиссын бүрэлдэхүүнд 16 хүн оролцсоноос 15 хүн нь үүрэг даалгаврын биелэлтийг хүлээж аваад ашиглалтад хүлээн авахыг зөвшөөрч гарын үсэг зурж өгсөн, хуулбарыг хэрэгт нотлох баримтаар өгсөн байгаа. Мөн комисст оролцсон нэг хүн үүрэг даалгаврын биелэлтийн хуудсаа өгөөгүй, дээрээс нь гарын үсгээ зурж өгөөгүй. Шалтгаан нь “И” компанийн хэрэгжүүлж байгаа Эрдэнэт ..... хорооллын “Е” урд хэсэгт нь байгаа бохир усны шугам сүлжээний хэвийн үйл ажиллагаатай холбоотойгоор хэвийн ашиглалтад байхгүй, олон дахин гэмтэл үүсэж байгаа учраас үүнийгээ засан сайжруулсны үндсэн дээр 1.., 1.. дүгээр барилгын голд ашиглалтад оруулж байгаа барилгыг ашиглалтад хүлээж авахыг зөвшөөрнө гэж комиссын хуралдаан дээр хэлсэн, тухайн хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Энэ шаардлагыг бид хүлээн зөвшөөрөхгүй гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Энэ шаардлага нь тухайн барилгыг улсын комисс хүлээж авахдаа ямар ч хамааралгүй шаардлага байна. Магадгүй шугам сүлжээний ажлыг засан сайжруулахтай холбоотой асуудал нь тусдаа шийдвэрлэгдэх ёстой болохоос биш шинээр ашиглалтад орж байгаа фитнесийн үйлчилгээний зориулалтаар төлөвлөсөн барилгад хамаарахгүй юм. 2023 оны 10 дугаар сарын 6-ны өдөр улсын комисс ажилласнаас хойш өнөөдрийг хүртэл тухайн барилга улсын комиссын акт баталгаажихгүй байгаатай холбоотойгоор улсын бүртгэлээс үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авч чадахгүй, тухайн барилгыг захиалан бариулсан захиалагчид нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг нь гаргаж өгч чадахгүй байдалтай байна. Мөн тухайн барилгыг бариулахын тулд “И” компани Ф гээд компаниас тодорхой хувийн хүүтэй, тодорхой нөхцөлтэйгөөр, тухайн төсөл нь зээлийн нөхцөлөөр хэрэгждэг, зээлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл учраас бид төлөвлөсөн төлөвлөгөөнийхөө дагуу тухайн барилгаа ашиглалтад оруулаад захиалагчаасаа төлбөрөө авахад үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарахгүй байгаатай холбоотой, дээрээс нь төлбөр нь төлөгдөхгүй байгаатай холбоотой бид зээлийн хүүгийн хохирол амсаж байна. Энэ хугацаанд буюу нэхэмжлэл гаргах хүртэлх хугацаанд гээд 2 сарын хугацааны нэхэмжлэлийг тухайн фитнесийн барилгын төсөвт үндэслээд хүүг нь тооцоод 19.506.422 хүү төлөөд байна. Энэ нь  захиргааны байгууллагын ажилтны эс үйлдэхүйгээс болж тухайн байгууллагад хохирол учраад байна. Мөн цаашид тухайн барилгыг захиалан бариулсан захиалагчид бид заасан хугацаандаа ашиглалтад оруулж өгч чадаагүйтэй холбоотой алдангийн асуудал, цаашлаад гэрээ цуцлагдах юм бол тухайн барилга дээр хөрөнгө оруулалт хийгээд үйл ажиллагаа явуулахтай холбоотой тоног төхөөрөмж байрлуулаад явж байгаатай холбоотой асуудал давхар яригдаад хохирол нэхэмжлэх асуудал үүсэх хэмжээнд хүрчихээд байна. Энэ нөхцөл байдлаас болоод “И” компанид үүсээд байгаа хохирлын асуудал, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженерийн тавьж байгаа шаардлага нь үндэслэлгүй байна, мөн фитнесийн зориулалттай барилгыг улсын комисс хүлээж авах талаар шүүхээс даалгаж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан байгаа.” гэв.

7. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хариуцагч талын гаргасан тайлбараар нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор тайлбар хийхгүй байна гэж харж байна. Яагаад вэ гэхээр манай нэхэмжлэлийн шаардлага нь Орхон аймгийн Баян-Өндөр сум, .... хороолол, Е төслийн 1.., 1.. дүгээр барилгын хүзүүвч үйлчилгээний барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах комиссын актад гарын үсэг зурахгүй байгаа “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож гарын үсэг зурахыг даалгах гэсэн шаардлага байгаа. Энэ шаардлагын үндэслэл нь Барилгын тухай хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу тухайн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах комиссын актад нэг л гарын үсэг зураагүй тохиолдолд хүлээж авдаггүй. Энэ комиссын нийт 16 гишүүдээс зөвхөн Д.Содномжамц л гарын үсэг зураагүй, манайх нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн байгаа. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын үүрэг даалгаврын биелэлтийн хуудас гээд, гишүүд болгон энэ үүрэг даалгаврын биелэлтийн хуудас гэж өгч байгаа. Тэгэхээр Д.Содномжамц биелэлтийн хуудас өгөөгүй. Энэ нь эс үйлдэхүйтэй холбоотой, манай нэгдүгээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл гол нь энэ байгаа юм. Хоёрдугаар шаардлагын тухайд сая хариуцагч талаас ашиглаж байгаа тохиолдолд ямар хохирол учрах юм бэ гэж яриад байна. Энэ нь цаанаа маш их үр дагавартай. Улсын комиссын актад хүлээж авна гэдэг нь тухайн барилгыг өмчлөх эрх үүснэ, тэр өмчлөлийн эд хөрөнгөөр барьцаанд тавих, худалдах тэр боломж нээгдэнэ гэсэн үг. Барилгыг худалдах тухай гуравдагч этгээдтэй худалдах, худалдан авах гэрээг байгуулсан байдаг. Гэрээн дээр комиссын акт хүлээж авсны дараа төлбөр мөнгөө төлнө гэж талууд тохиролцсон байгаа. Гэтэл комиссын акт хүлээж аваагүйн улмаас хоёр ч үр дагавар бий болж байгаа. Нэгдүгээрт нэхэмжлэгч тал зээлээ төлж чадахгүй, үүний улмаас хүүгийн алдагдалд орж байгаа юм. Тэгэхээр манай нэхэмжлэлийн хоёр дахь шаардлага нь зээлийн хүүгийн төлбөрийг гаргуулъя гэдэг ийм шаардлага байгаа. Энэ хүүг гаргуулах үндэслэлтэй болж байна гэдэг шаардлагыг тавьж байгаа. Бага хэмжээний төлбөр биш, хэчнээн зуун сая, тэрбум төгрөгийн үнэлгээтэй хөрөнгийг авахаар саналаа гаргаад гэрээгээ байгуулсан. Гэтэл энэ гэрээ цуцлагдах үр дагавар бий болох гээд байна. Ийм үндэслэлээр хоёрдугаар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байгаа юм.” гэв.

  1. Хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Д.Ганчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И” компанийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн шүүх дээр яригдаж байгаа асуудал дээр нэхэмжлэгч тал 2 шаардлага тавьсан байна. Нэг нь ерөнхий инженер Д.Содномжамцын .....-12 хүзүүвчний барилга дээр улсын комисс ажиллахдаа гарын үсэг үндэслэлгүйгээр зураагүй гэсэн эс үйлдэхүйг тогтоох нэхэмжлэлийн шаардлага тавьсан. Энэ нь үндэслэлгүйгээр хүлээж авсан зүйл байхгүй. Учир нь “И” хэрэгжүүлэгч гэж байгаа боловч туслан гүйцэтгэгч буюу гүйцэтгэгч, тухайн бохирын шугамтай холбоотой гүйцэтгэгч Н гэдэг компани байгаа. Тэгэхээр ямар ч хамаагүй 2 байгууллагын асуудлаас болоод гарын үсэг зураагүй асуудал биш. Улсын комисс хүлээж авах хурлын тэмдэглэл дээр Д.Содномжамцын хэлсэн үг байгаа. “И” компанийн Е хорооллын хотхоны иргэдийн бохирыг гадагшлуулж байгаа төв бохирын шугам байгаа. Энэ шугамыг Н хийсэн. Одоо Н компани нь “И” ХХК-ийн бохирын шугам болон цэвэр усны шугам дээр гүйцэтгэгч компаниар явж байгаа. Энэ бохирын шугамын гэмтэлтэй холбоотой, үүнийгээ засаж янзлаач гэсэн үүрэг даалгаврыг өмнөх барилга дээр мөн өгч байсан. Энэ асуудлаа хийчих юм бол зураад өгье гээд ийм асуудал гарсан. Түүнээс ямар ч хамааралгүй 2 компанийн асуудлыг хооронд нь холиод гарын үсэг зураагүй гэсэн зүйл байхгүй. Акт дээр гарын үсэг зураагүй, өгөөгүй гэж байна. Энэ нь анхнаасаа гүйцэтгэгч компани буюу байгууллага нь өөрсдөө тухайн нотлох баримтыг хадгалах үүрэгтэй байдаг. Улсын комисст хүлээлгэж өгсний дараа бусад байгууллага буюу төв архив, захиалагч байгууллага, ашиглагч байгууллага гээд нийтдээ 5, 6 байгууллагад өөрсдөө хүлээлгэж өгөөд явдаг. Гэтэл үүрэг даалгавар өгсөн акт нь байхгүй байна гээд байгаа. Энэ хадгалалтын асуудал манайд хамааралгүй, хурлынхаа тэмдэглэл дээр ийм үүрэг даалгавар өгч байна гэдгээ хэлээд акт дээрээ зурсан байсан. Дундаас нь байхгүй болчихсон байгаа нь бид хадгалах эрх, үүрэггүй. Танай байгууллага өөрсдөө хадгалж байгаа учраас манайхаас акт дээрээ ийм үүрэг даалгавар өгч байгаа, энэ үүрэг даалгаврыг биелүүлсэн тохиолдолд зураад өгье гэсэн. Хоёр дахь нэхэмжлэлийн шаардлага буюу фитнесийн зориулалттай хүзүүвчний барилга байсан. Үүн дээр хүү, алданги тооцно гэж байгаа. Танайх 10 дугаар сараас эхлээд фитнесийн үйл ажиллагаа эхлээд явчихсан байгаа. И гэсэн гэрээтэйгээр манай дээр явж байгаа. Мөн танайхаас гүйлгээгээр орж ирж байгаа дансны хуулга ч мөн адил танай дансаар орж ирсэн. Усны хэрэглээ болон дулааны тоолуур тавигдчихсан байгаа. Усны тоолуур тавигдчихсан байгаа. Ус дулааныхаа тоолуураар тооцогдоод сардаа сая гаран төгрөгийн нэхэмжлэл гараад төлөгдөөд явж байгаагаас харахад  фитнесийн үйл ажиллагаа хийгдээгүй гэж үзэхгүй. Улсын комисс хүлээж аваагүй ч гэсэн тухайн барилга дээр одоо хүртэл фитнесийн үйл ажиллагаа явагдаж байгаа гэдгийг хэлмээр байна.” гэв.

            9. Хариуцагч “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Зарчмын хувьд өнөөдөр ийм нөхцөл байдалд хүрээд байгаа нь нэг талаасаа харамсалтай байна. Төсөл хэрэгжүүлж байгаа компани зөв зарчмаараа явсан бол эднийх манайх хоёр нэг ширээнд суугаад, эдний төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой энэ шугам сүлжээг нь төрөөс мөнгө аваад хийсэн компани нэг талдаа суугаад, төслийг хэрэгжүүлэгч болон хангагч байгууллага 2 нь нөгөө компанийг чи энэ шугамаа, сүлжээгээ найдвартай чанартай хий, манай дараачийн барилгын бохирын усыг татан зайлуулах асуудал танай энэ асуудлаас болоод гацаад байна гэдэг асуудлаар нэг талдаа байх байсан. Гэвч “Н” гэдэг компани нь “И” ХХК-тай  одоог хүртэл хамаарал бүхий буюу орон сууцны барилгын шугам сүлжээний туслан гүйцэтгэгчээр одоог хүртэл ажиллаж байгаа компани болохоор энэ төсөл хэрэгжүүлж байгаа компани маань гүйцэтгэгч, хамгийн анхны шугам сүлжээний төрийн мөнгөөр хийсэн компанийн зөв зүйтэй юм хийсэн гэдэг талаас өмгөөлөөд байж байгаад харамсалтай байна. Төр “И” компанийг энэ төслийг хэрэгжүүлээд төрийн газар дээр орон сууц бариад ашгаа олоод яв гэсэн үүднээс  дэд бүтэц, бохир усны шугам сүлжээн барихад мөнгө гаргаад хийж өгсөн. Үүнийг анхнаас нь “Н” ХХК чанартай, стандартын дагуу хийсэн бол одоо ийм асуудал үүсэхгүй байсан. Мөн тайлбарыг бичгээр хүргүүлсэн байгаа, газар доорх шугам сүлжээ хүний нүдэнд харагддаггүй. “И” ХХК-ийн 1.. дэх байр нь ашиглалтад орсон, өмнөх байр нь орсон, хүзүүвч ч гэсэн ашиглалттай явж байгаа. Бохир зайлуулах шугам нь технологийн дагуу хийгдээгүйгээс шалчийгаад ус нэвтрүүлэх чадварыг хавчаад боогоод байгаа юм. Энэ шугам дээр хэзээ ч аваар гарахад бэлэн. Аваар гарахаар энэ байрнуудаас ирж байгаа бүх бохир ус нь  худгаар бүр хөрсөн доор явж байх ёстой юм чинь дээшээгээ худгаар нь гараад халиад газар зүйн байрлал нь төв замынхаа ард талд, бохирын шугам байдаг болохоор шууд төв зам руугаа урсаад бүр урагшаагаа 6 дугаар микрийн урд талын мянганы зам хүртэл урсдаг. Эрүүл ахуйн асуудалдаа ч тэр их асуудалтай. Газар доороо шалчийхсан, бага хэрэглээтэй болохоор тэр хэмжээний бохирыг дамжуулаад одоохондоо болгоод байна. Бид хэд 2 худгийнх нь хооронд байнга бөглөрдөг болохоор тэр хооронд тороос гаргаад худагт нь бэхлээд, дунд нь зараа гэж хэлдэг юм, шугамыг лайддаг, сар тутам зараагаа лайдаж шугамынх нь доторх бөглөрөл, цэвэрлэгээг сүүлийн 3 жил хийж явж байгаа. Би хамгийн анхны үг дээрээ хэлсэн, зөв зарчмаараа явсан бол эднийх манайх хоёр “Н” гэдэг компанийг шахаад энэ асуудлаа цэгцлээд дараачийн байрнуудаас янзлаад явчих байсан. Шугам шалчийж нэвтрүүлэх чадвар буюу тэр бохирын хоолойгоор урсаж байгаа бохирын хэмжээг бага байх тусам л бөглөрөх нь гайгүй болно. Сүүлийн 2 байрны хүзүүвч хэсэг нэмэгдвэл үүнийгээ дагаж усны хэмжээ нэмэгдэж байгаа. Нэгэнт улсын байцаагчийн дүгнэлт гарчихсан. Бид хэд энэ 2 байрыг ашиглалтад аваагүй байсан бол эрсдэл нь нэмэгдэх, энэ шугамын ачаалал нь бүр л гэмтэх магадлалтай юм. Ашиглалтын шаардлага хангахгүй шугам сүлжээн дээр нэмэлтээр шинээр барилга байгууламж барихыг хориглодог, тэгэхээр нэгэнт эвдэрчихсэн юман дээр дахиад барилга байгууламж нэмэх гээд байгаа нь болохгүй юм гэдэг өнцгөөс ярьж байгаа юм.” гэв.

            10. Гэрч Ч.М шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Е” төсөл намайг Эрдэнэт амьдралын ерөнхий инженер байхад “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” компанийн ерөнхий инженер хийж байхад хотын инженерийн бүх албадууд сууж байгаад Чех улсын хөрөнгө оруулалтаар манай хотод “Е”  гэдэг төсөл хэрэгжих юм байна. Үүн дээр нь мэргэжлийн бүх инженерүүд цугларч байгаад ажлын даалгавраа бэлдээд Е хорооллын анхны төлөвлөлтийг нь хийхэд инженерийнх нь шугам, сүлжээ дэд бүтцийнх нь ажлуудын зураг гарч байхад би оролцсон. Барилгуудыг улсын комисс хүлээж авах бүх процессуудад би өөрийн биеэр оролцсон.

            Дэд бүтцийн ажил улсын төсвийн хөрөнгө оруулалттай, өөрөөр хэлбэл Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалттай Эрдэнэт хотын дэд бүтцийн салбарыг Е төслийг хэрэгжүүлэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлсэн. Энэ ажлыг нь “Н” гэдэг компани хүлээж аваад ажлаа хийсэн. Барилга хот байгуулалтын яам өөрөө яаман дээрээ том хяналтын инженерүүдтэй, улсын төсвийн хөрөнгө оруулалттай ажилд бид хяналт тавьдаггүй, орон нутгаас хяналт тавьдаггүй юм. Орон нутагт яамны хийж байгаа ажил дээр хөндлөнгөөс орж хяналт тавина гэсэн ойлголт байдаггүй. Энэ төсөл нь төслөө хийгээд төсвөө батлуулаад зураг схем нь экспертиз гээд Монгол улсын хэн ч давшгүй, хэн ч өөрчилшгүй, хяналтын систем байдаг. Үүгээр батлагдаад ирсэн зургийн дагуу инженерийн шугам, сүлжээ хийгдэж явах ёстой, үүнийг хэн ч өөрчилдөггүй юм.

            Энэ ажлыг эхний ээлжинд Барилга хот байгуулалтын яам өөрийнхөө төлөөлөгчийг тавиад, хяналтын инженерүүд ажлыг хянаж гүйцэтгэж явдаг. Манай байгууллага ямар үүрэгтэй гэвэл бид улсын комиссоос өгсөн даалгаврын дагуу улсын комисст ороод, объектыг орон нутгийн өмчлөлд шилжүүлээд өгөхөд нь манай байгууллага хүлээж авна, улсын комиссын даалгаварт тусгагдсан байдаг.  Үүнээс хойших ашиглалтыг танай байгууллага хариуцаж явна шүү гээд актынхаа 2, 3 дугаар заалт дээр ч байна уу, төгсгөл рүүгээ тийм зүйл бичдэг. Бид орон нутагт хүлээж авсан юмыг л ашиглах үүрэгтэй болохоос биш гүйцэтгэлд нь оролцох шаардлага байхгүй, яам нь өөрсдөө хяналт тавиад явдаг.  

            Баталгаат тохируулгын хугацаа дууссан тухайн барилга байгууламж, дэд бүтэц, инженерийн дэд бүтцийн барилга байгууламжийн бүрэн бүтэн байдал, засвар үйлчилгээг цаашид орон нутгийн өмч, орон нутгийн өмчийн хариуцсан байгууллага хариуцдаг.

            Шугам сүлжээг  орон нутгийн өмчид өгсөн бол бид өмчөө бүртгээд бүрэн бүтэн байдлыг хараад тандаад явах үүрэгтэй, улс орон нутгийн өмчид өгсөн. Орон нутгийн өмч нь Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ гээд өөрийнхөө харьяа байгууллагад өгсөн. Насжилтын хугацааны хувьд 1 жил болоод ч эвдэрч болно, ашиглалт муу, хяналт байхгүй, хаях л юм бол гэмтэнэ, эвдэрнэ. Энэ шугамыг ийм паспортын дагуу үзлэгээ хийнэ шүү гээд ашиглагч байгууллага хариуцаад явах ёстой. Зөв хийсэн зөв ашиглаад явж байгаа шугам нормоосоо 15-20 жил ч илүү явах тохиолдол ч бий. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар орж байгаа том төсөл объектууд орон нутгийн өмчид ирдэг.” гэв.

            11. Гэрч А.Г шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: “Монгол улс болон Чех улсын засгийн газар хоорондын гэрээ хийгээд, Чех улсын компани концессын гэрээ байгуулсанаар хийгдсэн төсөл. Монгол талын компани нь “И”  компани, манайх “И”  компанитай 2013 онд гэрээ хийгээд тухайн ажлыг авч эхэлсэн. Бид 2015 онд яг энэ яригдаад байгаа шугамыг барьж гүйцэтгээд, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн шугам. Барилга хот байгуулалтын яам захиалагч, Барилгын хөгжлийн төвөөр дамжаад Сангийн яамнаас төсөв хөрөнгө нь орж ирсэн.” гэв.

 

                                                                        ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Нэхэмжлэгч “И” ХХК нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц нарт холбогдуулан ““И” ХХК-ийн Орхон аймаг Эрдэнэт хотод хэрэгжүүлж буй “Е “төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актад үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурахыг даалгах”, “Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барихад зориулж “Ф” ХХК-иас зээлсэн зээлийн хүү 19,506,422 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн.

            2. Хариуцагч нар Барилгын тухай хуулийн 14.3-д “Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна.” 14.4-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсон тохиолдолд гүйцэтгэгч, зураг төсөл зохиогч, захиалагч болон ашиглагч тухайн барилга байгууламжид хамтарсан үзлэг хийж, зөрчлийг арилгах талаар тэмдэглэл үйлдэнэ.”, 14.5-д “энэ хуулийн 14.4-т заасны дагуу зөрчлийг арилгаснаар энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсонд тооцно.”, 14.6-д “ Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш байрилга байгууламжийн гадна, дотно засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаа, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” гэж заасны дагуу ашиглалтын хугацаа дуусаагүй байна гэж маргасан. 

            3. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн  нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбаруудыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэлээ.

            1. “И” ХХК нь..... хороололд орон сууцны “Е” төслийг 2013 оноос эхлэн хэрэгжүүлж, төслийн хүрээнд “И” ХХК нь 2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 1..-1.. дугаар байрыг холбосон хүзүүвч хэсгийн барилгыг ашиглалтад оруулж, барилга ашиглалтад хүлээн авах комисс ажиласан байна.

            2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тушаалаар баталсан “Барилга байгууламж ашиглалтад оруулах дүрэм”-ийн 5.1 дүгээр зүйлийн 5.1.7-д “энэ дүрмийн 6.1-т заасан техникийн комисс ажилласан тохиолдолд техникийн комиссын дүгнэлт, илэрсэн зөрчил дутагдал арилгасан эсэх, комиссын гишүүдийн даалгаварын биелэлтийг хянах” гэж заасны дагуу техникийн комиссын үүрэг даалгавар биелүүлээгүй учраас улсын комисс ажиллах боломжгүй гэж үзжээ.  

            3. Техникийн комиссын үүрэг даалгаварт “Е” хотхоны бохир ус татан зайлуулах 300 мм-ийн голчтой төв шугаманд бөглөрөлт, гэмтэл гардаг, энэ тухай албан бичгээр “И” ХХК-д албан шаардлага хүргүүлдэг боловч шаардлагатай арга хэмжээ авдаггүй гэж хариуцагч тал тайлбарласан болно.

            4. Барилгын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “барилга байгууламж гэж” орон сууц, иргэн, үйлдвэр, эрчим хүч, харилцаа холбоо, ус, нефтийн барилга, ус суваг, далан хаалт зэрэг байгууламж түүний инженерийн шугам сүлжээг”, 4.1.35-д ”инженерийн шугам сүлжээ гэж” ус хангамж, цахилгаан, дулаан, ариутгах татуурга, цэвэрлэх байгууламж, газрын тос болон төрөл бүрийн хий дамжуулах хоолой, харилцаа холбооны төвлөрсөн байгууламжийг”, 14.6-д “ Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш байрилга байгууламжийн гадна, дотно засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаа, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” гэж заажээ.

            5. Орон сууцны ..... хорооллын гадна инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн ажлыг Барилга, хот, байгуулалтын яамны захиалгаар улсын төсвийн хөрөнгөөр 2013 оны 09 дүгээр сарын 03-ны өдрөөс “Н” ХХК барилгын ажлыг гүйцэтгэж эхэлсэн ба 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын 15/15 дугаар актаар аймгийн өмчийн харилцааны газрын мэдэлд шилжүүлэн ашиглалтад оруулахыг зөвшөөрсөн байна.

            6. Энэ нь Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Хот, суурины ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, цэвэр ус дамжуулах, түгээх, бохир ус цуглуулах, татан зайлуулах шугам сүлжээ, цэвэрлэх байгууламж нь төрийн болон орон нутгийн өмчид байна.” заасны дагуу ..... хорооллын бохир ус татан зайлуулах шугамыг 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Н” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулсан бөгөөд “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-д хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, гэрчийн мэдүүлгээр нотлогдож байна.

            7.  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.10-д ““бохир ус татан зайлуулах шугам” гэж барилгын гадна талын эхний худгаас бохир ус татан зайлуулах шугамд холбогдож байгаа худаг хүртэлх шугам сүлжээг”, 3.1.14-д “хангагч” гэж цэвэр усыг олборлох, цэвэршүүлэх, дамжуулах, түгээх, хэрэглээнээс гарсан бохир усыг цуглуулах, татан зайлуулах, цэвэрлэх үйлчилгээг бүхэлд нь эсхүл аль нэгийг нь үзүүлэх тусгай зөвшөөрөл бүхий хуулийн этгээдийг”, 13 дугаар зүйлийн 13.1-д “Хангагч, хэрэглэгчийн хоорондын ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээтэй холбоотой харилцааг энэ хууль, цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир ус татан зайлуулах гэрээгээр зохицуулна”, 14 дүгээр зүйлийн 14.2.4-д “өөрийн ашиглалт, өмчлөлд байгаа инженерийн барилга байгууламж, шугам сүлжээ, тоног төхөөрөмжид технологийн шаардлагын дагуу засвар үйлчилгээ, шинэчлэлтийг тогтоосон хугацаанд нь хийх” гэж заасан.

            8. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Энэ хуулийн 14.3-т заасан хугацаа дуусгавар болсноос хойш байрилга байгууламжийн гадна, дотно засал, бүх төрлийн материал, үндсэн хийц, цэвэр, бохир ус, уур, хий, дулаан, цахилгаа, харилцаа холбооны тоног төхөөрөмж, тоноглолын хэвийн ашиглалтын хугацаа гурваас доошгүй жил байна.” заасан 3 жилийн хугацаа 2018 онд дууссан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.14-д зааснаар хангагч байгууллага болох “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК  хэрэглэгчийг цэвэр усаар хангах, хэрэглээнээс гарсан бохир усыг татан зайлуулах үйл ажиллагааг гэрээний үндсэн дээр хэрэгжүүлж байгаа нь хариуцагч нарын тайлбараар тогтоогдож байна.

            9. Мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4-д зааснаар нь “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ашиглалтад байгаа Орон сууцны ..... хорооллын гадна инженерийн шугам сүлжээний барилга байгууламжийн ашиглалтад хяналт тавьж, тоног төхөөрөмжид технологийн дагуу засвар үйлчилгээг тогтоосон хугацаанд хийдэг болохыг хариуцагч тайлбарласан болно.  

            10. Түүнчлэн Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 14-07-026/55 дугаар “Ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” дүгнэлтийг гаргаж, Е хотхоны бохир ус татан зайлуулах шугамыг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Н” ХХК хийж гүйцэтгэн “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хүлээлгэн өгсөн, “Е” хотхоны бохир ус зайлуулах БУХ133-аас БУХ139 дугаартай худаг хүртэл 300 мм-ийн голчтой бохирын шугам хоолой байнга бөглөрч байгаа нь ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гэсэн дүгнэлтийг гаргасан байна.    

            11. Мөн гэрч Ч.М-ийн “ ....Барилга хот байгуулалтын яамны хөрөнгө оруулалттай Эрдэнэт хотын дэд бүтцийн салбарыг Е төслийг хэрэгжүүлэхдээ улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийж эхэлсэн. Энэ ажлыг нь “Н” ХХК гүйцэтгэсэн. Улсын хөрөнгө оруулалтаар хийж, орон нутгийн өмчид өгсөн. Орон нутгийн өмч нь өөрийнхөө харьяа байгууллага болох  “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК ашиглалтанд нь хяналт тавьж ажиллуулахаар хүлээлгэн өгсөн ...”  гэж , гэрч А.Г-ын “ ...Бид 2015 онд яг энэ яригдаад байгаа шугамыг барьж гүйцэтгээд, 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр улсын комисст хүлээлгэж өгсөн шугам. Барилга хот байгуулалтын яам захиалагч, Барилгын хөгжлийн төвөөр дамжаад Сангийн яамнаас төсөв хөрөнгө нь орж ирсэн ...” гэж тус тус мэдүүлсэн мэдүүлгээр “Е” төслийн бохирын ус татан зайлуулах шугам нь орон нутгийн өмч, түүний ашиглалт, үйлчилгээг “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хариуцдаг болох нь тогтоогдож байна.

             12. Барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “зураг төслийн дагуу баригдсан байх”, 14.1.2-т “барилга байгууламжийн норм, нормативын баримт бичгийн шаардлагыг хангасан байх”, 14.1.3-д “байгаль орчинд сөрөг нөлөөгүй байх”, 14.1.4-д “зэргэлдээ орших барилга байгууламжийн ашиглалтын хэвийн нөхцөлийг алдагдуулахгүй байх” шаардлагыг хангасан байхаар хуульчилсан.

            13. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны ....сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсаралтаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 7.1-д “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс нь барилга, байгууламжийг ашиглалтад оруулахтай холбоотой асуудлыг хуралдаанаар хэлэлцэж дүгнэлт гаргах”, 7.5.4-д “комиссын гишүүд хариуцсан асуудал тус бүрээр хийж гүйцэтгэх шаардлагатай ажил, нэмэлт мэдээлэл зөвлөмж, саналаа өөрийн биеэр уншиж танилцуулах бөгөөд барилга байгууламжийг ашиглалтад оруулах боломжтой эсэхэд дүгнэлтэй тодорхой мэдэгдэх:”, 8.1-д “Захиалагч, гүйцэтгэгч талууд илэрсэн зөрчил дутагдлыг ажлын 14 өдөрт багтаан арилгаж, комиссын хуралдаанаас даалгасан үүрэг даалгаврын биелэлтийг хангаж, шаардлагатай баримт бичгийг бүрдүүлнэ.”, 8.2-т “Комиссын гишүүдийн үүрэг даалгаварын биелэлтийг үндэслэн 8.1-д заасан хугацаанд багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана:”, 8.2.1-д “барилга байгууламж нь ашиглалтад оруулах шаардлагыг хангасан гэж комиссын бүх гишүүд үзсэн тохиолдолд  ... барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүгнэлт:”, 8.2.2-т “энэ дүрмийн 5.1, 6.1-д заасан шаардлага хангаагүй, 8.1-д заасан хугацаанд үүрэг даалгаварын биелэлт хангагдаагүй тохиолдолд татгалзсан дүгнэлт”-ийг гаргахаар зохицуулжээ.  

            14. “И” ХХК-ийн 1..-1.. дүгээр байр хоорондын хүзүүвчний барилгыг ашиглалтад оруулах комисст нийт 16 комиссын гишүүн ажилласан ба  “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц нь комиссын гишүүнээр ажиллахдаа “ ...бохирын 300-гийн төв шугамын суулттай хэсгүүдийг шалгаж хэвийн байдалд оруулах шаардлагатай ...” гэсэн үүрэг даалгавар өгсөн нь “И” ХХК-д хамааралгүй асуудлаар даалгавар өгч барилга байгууламжийг ашиглалтад хүлээн аваагүй болох нь “...... баг ..... хороолол “Е” төслийн 1..,1..-р барилгын хүзүүвч үйлчилгээний барилгын ажлыг ашиглалтад оруулах комиссын хурлын тэмдэглэл”-ээр нотлогдож байна.

            15. Энэ нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Барилгын ажлын зөвшөөрөлд заасан нөхцөл, зураг төслийн дагуу гүйцэтгэснийг баталгаажуулан энэ хуулийн 35 дугаар зүйлд заасан эрх бүхий байгууллага барилга байгууламжийг ашиглалтад оруулна.” гэснийг зөрчсөн байна.

             16. Иймд Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн “Е” хотхоны бохир ус татан зайлуулах шугамыг 2015 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар “Н” ХХК хийж гүйцэтгэн ашиглалтад оруулан  “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК хүлээлгэн өгсөн байхад тухайн бохир ус татан зайлуулах шугамын эвдрэл гэмтэл зэрэг ашиглалтын шаардлага хангахгүй байгаа гэдэг үндэслэлээр “И” ХХК-г буруутган 1..-1.. дугаар байрны хүзүүвч барилгыг ашиглалтанд хүлээн авах комиссын актад гарын үсэг зурахгүй эс үйлдэхүй нь хууль бус байна гэж шүүх үзлээ.

            17. Нэхэмжлэгч “И” ХХК нь “Е” төслийн хүрээнд баригдаж ашиглалтад орж байгаа барилгуудыг БНЧУ-ын “Фенип Злехов” ХХК-аас жилийн 18.9 хувийн хүүтэй зээлийн хөрөнгөөр барьж байгуулдаг, 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт фитнес үйлчилгээний төвийн барилгыг барих нийт төсөв нь 614.440.000төгрөгийн өртөгтэй.

             18. “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамцын үндэслэлгүй шаардлага, эс үйлдэхүйн улмаас барилга ашиглалтад ороогүй тул хариуцагч нараас хохирол 19.506.422 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

            19. Нэхэмжлэгч нь 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Зээлийн гэрээнд оруулах нэмэлт 8 дугаар өөрчлөлтийг, тус компанийн нягтлан бодогчийн гаргасан зардлын тооцоог, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 08 дугаар “үйлчилгээний талбай захиалгын гэрээ”-г тус тус үндэслэн хохирол нэхэмжилсэн боловч зээлийн гэрээний 8 дугаар өөрчлөлтөд хүүгийн хувь хэмжээ тодорхойгүй байна.

            20. Мөн зээлийн гэрээний 8 дугаар өөрчлөлтөөр зээлийн гэрээний дүн, төлөгдсөн төлбөрийн дүн нь валютаар тусгагдсан байгаагаас үзэхэд 614.440.000 төгрөгийг хэдэн ам доллараар тооцсон нь тодорхойгүй шүүх төлбөрийн хүүг 19.506.422 төгрөг гэж үзэн хариуцагч нараас гаргуулан шийдвэрлэх боломжгүй байна гэж үзлээ.

            21. Тиймээс хохирол гаргуулах нэхэмжлэлээ холбогдох нотлох баримтыг бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй байна. 

            22. Дээрхи байдлуудаас дүгнэхэд нэхэмжлэгч “И” ХХК-ийн нэхэмжлэлийн “Е “төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актад үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурахыг даалгах” шаардлагыг хангаж, үлдэх “Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барихад зориулж “Ф” ХХК-иас зээлсэн зээлийн хүү 19,506,422 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах”шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13  дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.6, 48 дугаар зүйлийн 48.1, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.4, 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсэгт тус тус зааснаар “И” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК, “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн ерөнхий инженер Д.Содномжамц нарт холбогдуулан гаргасан “Е “төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа 1..-1.. дүгээр барилга хоорондын хүзүүвч хэсэгт Фитнес үйлчилгээний төвийн барилгыг ашиглалтад хүлээн авах комиссын актад үндэслэлгүйгээр гарын үсэг зурахаас татгалзсан “Эрдэнэт ус, дулаан түгээх сүлжээ” ОНӨХК-ийн Ерөнхий инженер Д.Содномжамцын эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, гарын үсэг зурахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх “Фитнес үйлчилгээний төвийн барилгыг барихад зориулж “Ф” ХХК-иас зээлсэн зээлийн хүү 19,506,422 төгрөгийг хариуцагч нараас гаргуулах” шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ....зүйлийн 7.1.2,  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4....зүйлийн 47.2, 51 дүгээр зүйлийн 51.1 дэх заалтуудыг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулан “И” ХХК-д олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч “И” ХХК нь хохирол 19.506.422 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэргийн шүүхээр шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдсугай.

            4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                     Б.БОЛОРМАА