Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 143

 

         

            Г.А, Н.Б нарт холбогдох

           эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Насанбат, шүүгдэгч Г.А- болон түүний өмгөөлөгч Л.Батаа, шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Н.Оюунчимэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 142 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалтай, Г.А-, Н.Б- нарт холбогдох 1736000000105 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Г.А- болон түүний өмгөөлөгч Л.Батаа нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 22-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, С овогт Г-н А,

2. Монгол Улсын иргэн, 1995 оны 02 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Дуут суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, О овогт Н-н Б.

1. Г.А- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2017 оны 12 дугаар сарын 23-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн нутаг дэвсгэрт өөрийн эзэмшлийн Приус-20 загварын *** УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох явцдаа зам тээврийн осол гаргаж, улмаар Э.Оюунболдын амь насыг хохироож, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан,

2. Н.Б- нь 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Ховд аймгийн Магсаржав багийн нутаг дэвсгэрт Э.О-той маргалдаж улмаар түүний нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх прокуророос шүүгдэгч Г.А-д эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон өөрчилж,

шүүгдэгч Г.А-г Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохирсон, Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-г 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан ялыг тус тусад нь эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.А- Н.Б- нарт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд нь буцааж, хэрэг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Г.А-, Н.Б- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.А-, түүний өмгөөлөгч Л.Батаа нар хамтран гаргасан гомдолдоо “.... Г.А-д холбогдох хэрэгт давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт болгон өөрчилсөн.  Г.А- нь анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлгийн шатанд гэм буруу дээрээ маргаагүй бөгөөд шүүгдэгч Г.А- нь 42,000,000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Ц-ид төлсөн, ...хохирол төлсөн тухай харилцан тохиролцсон баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн тухайд тус хуулийн 16.3 дугаар зүйлийн 2, 8.3-д зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайг нотлох нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй гэж заасан байхад давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Г.А-гийн өгсөн мэдүүлгээр согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон гэдэг нь үндэслэлгүй байна.

Магадлалын тогтоох хэсэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т “тухайн шүүхийн шийдвэрийг бүхэлд нь, эсхүл зарим хэсгийг хүчингүй болгоно” гэснийг удирдлага болгохдоо шүүгдэгч Г.А-гийн 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 23-нд шилжих шөнө холбогдсон хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-т зааснаар дууссан байгааг дурдаагүй байна.

Анхан шатны шүүх нь шүүгдэгч Г.А-гийн согтолтын зэргийг тодорхойлсон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Үүнд гэрч Л.Х-н, Г.А-гийн ...Н нэгэнт ийм зүйл болсон юм чинь та хоёр тайван байгаарай. Бүгд тайван байхыг хичээгээрэй гэж хэлээд пиво задалж өгсөн пивоноос уусан, Н.Н тал шилтэй Болор нэртэй архийг задлаад надад болон Б.У-д өгсөн, мөн би уусан” гэх мэдүүлэг зэргээр Г.А- архи уусан гэх цаг хугацаа нь хэрэг учрал үйл явдлын дараа болсон нь тогтоогдож байна. Химийн шинжээч мөрдөгчийн тогтоол, цусны дээжийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр лац ломбогүй ирүүлсэн, цусанд шинжилгээ хийсэн Н.Б-, Б.Учрал, Г.А- нарын хэний цус гэдэг нь тогтоох боломжгүй байхад согтолтын зэрэгт хамаарна гэх нь эргэлзээтэй. Гэтэл шүүгдэгч Н.Б-н амьсгал дахь спиртийн агууламж 0,00 промиль хувь, илэрсэн атал цусан дахь спиртийн агууламж 1 промиль буюу хөнгөн зэргийн согтолт илэрсэн нь эргэлзээтэй, мэдүүлэг өгөгч нар мэдүүлгийнхээ /шүүгдэгч Г.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн талаар/ эх сурвалжаа зааж чадаагүй. Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан журмын 1.6 дахь хэсэгт “гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансуурах эм сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно" гэж хуульчилсан бөгөөд дээжийг авч шалгасан лац, ломбогүй ирүүлсэн цус Г.А-гийнх мөн үү гэдгийг яаж тогтоосон нь тодорхой бус байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.А-г согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэл нь мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д "... тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...“ гэсэн байх тул шүүгдэгч Г.А-г хэрэг учрал гарахын өмнө түүнийг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн талаарх баримт мэдээлэл хэрэгт авагдаагүй. Харин хэрэг учрал болсны дараа архи согтууруулах ундаа уусан талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Б.Э, Б.У, Н.Н, Д.Г нар болон хэргээс шинжлэн судалсан бусад нотлох баримтуудыг үнэлбэл шүүгдэгч Г.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж шүүх дүгнэлт гаргасан нь үндэслэлтэй байна. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүхэд шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Д.Энхжаргал гаргасан гомдолдоо “...Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. Энэ нь шүүгдэгч Н.Б-, гэрч Д.Г, насанд хүрээгүй гэрч Г.Э нарын мэдүүлэг, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 348 дугаартай шинжээчийн дүгнэлт, мөн хохиролд нийт 8,000,000 төгрөг төлсөн зэрэг баримтуудаар нотлогдоно. Анхан шатны шүүхээс Н.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д заасан гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгч Г.А-гийн өмгөөлөгч Л.Батаа хэлсэн саналдаа “Анхан шатны шүүх шүүгдэгч Г.А-гийн согтолтын зэргийг тодорхойлсон нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар үгүйсгэгдэж байна. Г.А- нь тухайн гэмт хэрэг гарахаас өмнө жижүүрт гарах талаар зааварчилгаа аваад архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, хэрэглэсэн талаар хэн ч гэрчийн мэдүүлэг өгөөгүй. Харин гэмт хэрэг гарсны дараа шинэ жилийн арга хэмжээнээс үлдсэн архи, пиво зэргээс уусан юм. Бүгд тайван байхыг хичээгээрэй гэж хэлээд пиво задалж өгсөн пивоноос уусан, Н.Н тал шилтэй “Болор” нэртэй архийг задлаад надад болон Б.Учралд өгсөн, мөн би уусан” гэх мэдүүлэг зэргээр Г.А- архи уусан гэх цаг хугацаа нь хэрэг учрал үйл явдлын дараа болсон тогтоогдож байна.

Химийн шинжээч мөрдөгчийн тогтоол, цусны дээж зэргийг 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдөр лац ломбогүй ирүүлсэн, цусанд шинжилгээ хийсэн Н.Б-, Б.У, Г.А- нарын хэний цус гэдэг нь тогтоох боломжгүй байхад согтолтын зэрэгт хамаарна гэх нь эргэлзээтэй. Гэтэл шүүгдэгч Н.Б-н амьсгал дахь спиртийн агууламж 0,00 промиль хувь, илэрсэн атал цусан дахь спиртийн агууламж 1 промиль буюу хөнгөн зэргийн согтолт илэрсэн нь эргэлзээтэй. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь зааснаар Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгч Г.А-г согтуурсан үедээ замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь хохироосон гэх үйлдэл тогтоогдохгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх үндэслэлтэй гэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Н.Оюунчимэг хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Прокурорын эсэргүүцлийн гол үндэслэл нь шүүгдэгч Г.А-д оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлсэн үндэслэлээ анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо дурдаагүй байна гэсэн байдаг. Гэтэл анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо нотлох баримтуудыг хангалттай дурдсан. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн гээд байгаа боловч шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйлчлэлийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй болно. Анхан шатны шүүхээс Н.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй. Мөн энэ хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна” гэв.

Прокурор Ц.Насанбат хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Анхан шатны шүүхээс Г.А-гийн үйлдлийн нийгмийн аюултай шинжийг тодорхойлохдоо болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлөөр авч үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Харин хүний амь нас хохироосон, согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөнийг нийгэмд аюултай шинж гэж тодорхойлсон бол хууль зүйн үндэслэлтэй болох байжээ.

Г.А-гийн үйлдлийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхдээ илт үндэслэл муутай дүгнэлт хийж, гэм буруугийн хэлбэрт нь огт тохироогүй шийдэл гаргасан. Энэ талаар магадлалд зөв дүгнэлт хийж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь хууль зүйн үндэслэл бүхий шийдвэр болсон. Иймд Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дугаартай магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч болон тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн Г.А-, Н.Б- нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх хэргийн бодит байдлыг хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн сэргээн тогтоохдоо нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, харилцан зөрүүтэй нотлох баримтыг тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн төвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон логик дүгнэлтэд түшиглэн үнэлдэг билээ.

Хэрэг гарсан бодит байдал, оролцогч бүрийн гэм буруугийн талаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлалгүй, хэргийн талаарх дүгнэлтэд ноцтой нөлөөлж болох нөхцөл байдлыг анхааралгүй орхигдуулан, хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж, шүүгдэгч Г.А-гийн үйлдсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, шийдвэр үндэслэлтэй болжээ.

Иймд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг

хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын “Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү”, гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Хэргийг бүхэлд нь дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасантай холбогдуулан шүүгдэгч Н.Б-д холбогдох хэргийн талаар эцэслэн дүгнэлт хийгдээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, хэргийг Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Шүүгдэгч Н.Б-н өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч Г.А- болон түүний өмгөөлөгч Л.Батаа нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

                             

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       С.БАТДЭЛГЭР

                                                                                                                Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН