Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 364

 

Малайз Улсын иргэн Ч Т Л-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын нэхэмжлэлтэй,

Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                                     Л.Атарцэцэг

                                                    Б.Мөнхтуяа

                                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:                            Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга:              Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага: “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах”

Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0335 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ц, М.Б,

Гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Н.Т нарыг оролцуулж,

Гуравдагч этгээд Б.М, түүний өмгөөлөгч Н.Т нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, 11 дүгээр зүйлийн 11.5.1, 12 дугаар зүйлийн 12.4, 12.5, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2.1, 12 дугаар зүйлийн 12.16, 12.17, Гэр бүлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4, 24 дүгээр зүйлийн 24.3-т заасныг тус тус баримтлан Э-г Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны Булган сумын төрөлтийн 165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0335 дугаар магадлалаар: Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол      

3. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох хүү Э-г Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны Булган сумын төрөлтийн 165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгон шийдвэрлэсэн Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 06 дугаар шийдвэр, анхан шатны шүүхийн эл шийдвэрийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0335 дугаар магадлалыг тус тус эс зөвшөөрч энэхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна.

4. Анхан шатны шүүх захиргааны акт-улсын бүртгэл хийгдсэн 2009 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс хойш 5 жилийн хугацаанд хүчингүй болгох тухай Захиргааны ерөнхий хуулийн заалтыг зөрчиж шийдвэрлэсэн байхад давж заалдах шатны шүүх ямар ч үнэлэлт дүгнэлт өгсөнгүй.

5. Түүнчлэн нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны түрүүчийн хурлаар хүчингүй болгож хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэхийг дахин нягтлах, нотлох баримт байгаа эсэхийг тогтоолгох зорилгоор хэргийг анхан шатны шүүхэд буцаасан боловч хөөн хэлэлцэх хугацаа алдсан талаар хүндэтгэн үзэх шалтгаантай байсан ямар нэг нэмэлт ямар ч нотлох баримт нэхэмжлэгч талаас гаргаж өгөөгүй юм.

6. Хэрэгт байгаа баримт материалын огноо нь нэхэмжлэл гаргах хугацаа заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн заалтыг зөрчиж байхад 2 сарын дараа түрүүчийн шийдвэрийнхээ эсрэг шийдвэр гаргасан нь ойлгомжгүй байна.

7. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаанд Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийг баримтлан нэхэмжлэлийг хангасан нь хууль буруу тайлбарлан хэрэглэсэн гэж давж заалдах гомдлын үндэслэлд давж заалдах шатны шүүх бас л ямар ч үнэлэлт дүгнэлт хийгээгүй байна.

8. Хүүхдийн язгуур, дээд эрх ашиг, гэрлэлт цуцлагдсан, хүүхдийг эхийн асрамжид үлдээсэн зэрэг 2009 оны нөхцөл байдал өөрчлөгдсөн. Хүүхэд 2009 оны төрөлтийн бүртгэлд бүртгэгдсэн регистрийн дугаараар Монгол Улсад байнга оршин сууж байгаа. 2017 оны 01 дүгээр сараас хойш хугацаанд нийгмийн харилцаанд идэвхтэй оролцож байгааг үл харгалзан Э-гийн төрсний улсын бүртгэлийг хүчингүй болгосонд гомдолтой байна.

9. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна гэжээ.

ХЯНАВАЛ:

10. Анхан болон давж заалдах шатны шүүх “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, түүний эрх хэрхэн сэргэх талаар эрх зүйн дүгнэлт хийгээгүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 3 дугаар зүйлийн 3.1.3, 52 дугаар зүйлийн 52.5.1, 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасан хуулийн нөхцөл шаардлагад нийцэхгүй байна.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 3 дугаар зүйлийн 3.1.3-д “нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг, 52 дугаар зүйлийн 52.5.1-д “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах ... нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.1-д “захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй” болгох гэж тус тус заажээ.

12. Дээр дурдсан хуулийн зохицуулалтуудаас үзвэл захиргааны хууль бус актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын хувьд маргаан бүхий захиргааны акт хууль бус байхын зэрэгцээ уг актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь сэргэх учиртай.

13. Малайз улсын иргэн Ч Т Л, Монгол Улсын иргэн Б-ийн М нар 2008 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Малайз улсын Путражай хотын төв байгууллагад гэрлэлтээ батлуулсан, тэдний хүү болох Ч З Ч-ий Э 2008 оны 06 дугаар сарын 21-ний өдөр тус улсын Санвэй эрүүл мэндийн төв П.Жайад төрсөн болох нь гэрлэлтийн бүртгэлийн 256327, төрсний бүртгэлийн СА 76115 дугаартай бүртгэлээр тус тус тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс хүчингүй болгуулахаар маргаж буй бүртгэл хийгдэх үед буюу  2009 онд Малайз улсын иргэн Ч Т Л, Монгол Улсын иргэн Б-ийн М нар гэр бүлийн хамтын амьдралтай байжээ.

14. Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.16-д “Эцэг, эхийн хэн нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол тэдний дундаас гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн хүүхдийг эцэг, эхийн харилцан тохиролцсоноор бүртгэнэ” гэж заасан байна.

15. Захиргааны байгууллагаас иргэний гэр бүлийн байдлын бүртгэлийн нэг төрөл болох “төрсний”-г бүртгэхдээ /шийдвэр гаргах ажиллагаанд тавигдах/ “эцэг, эхийн харилцан тохиролцсон” байх хуулийн шаардлагыг хангаагүй боловч тухайн тохиолдолд “М гэдэг хүн өөрийн хүүхдээ бүртгүүлэхэд Монгол Улсад бүртгэгдсэн гэрлэлтийн бүртгэл байгаагүй учир түүнээс гэрлэлтийн гэрчилгээ шаардах шаардлагагүй, ...гэрлэлтийн бүртгэл байхгүй тохиолдолд хүүхдийг эхээр овоглож бүртгэдэг..” гэсэн хариуцагчийн тайлбарыг үгүйсгэх боломжгүйн зэрэгцээ бүртгэлийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх нь тодорхойгүй байна.

16. Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэл нь Малайз улсын иргэн Ч Т Л өөрийн нэрээр хүү Э-г овоглох, эдийн болон эдийн болон эдийн бус баялагтай  холбоотой, түүний эцэг хүүхдийн хооронд үүсэх аливаа эрх үүргийг хязгаарлахааргүй байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс маргаан бүхий захиргааны актын зөвхөн хууль зүйн үндэслэлд дүгнэлт хийх замаар хэргийг шийдсэн нь буруу болжээ.

17. Түүнчлэн нэхэмжлэгч Ч Т Л-ээс хүүдээ эдийн болон эдийн бус хөрөнгө өвлүүлэх эрхийг үгүйсгээгүй бөгөөд өөрөөрөө овоглох хүсэлт гаргах замаар улсын бүртгэлд өөрчлөлт оруулах эрх нээлттэй юм.

18. Дээрх үндэслэлээр шийдвэр магадлалыг хүчингүй болгон, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 06 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 221/МА2018/0335 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.16-д заасныг баримтлан Малайз Улсын иргэн Ч Т Л-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С-ын Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан “Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2009 оны төрсний бүртгэлийн 0165 дугаарт бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан гуравдагч этгээдээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                        ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН