Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 520

 

Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цэвэгмидийг  оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: “О*******” ХХК

Хариуцагч: Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга Н.Чинбаатар,

Нэхэмжлэлийн шаардлага: “О*******” ХХК урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаанд 2003.09.21-2005.02.16 өдрийг хүртэлх хугацаанд зарцуулсан 1 жил 5 сар 5 хоногийг ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай зөвшөөрлийн хугацаанд нэмж тоолуулах, 5036 дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхийг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “О*******” ХХК-ний өмгөөлөгч Б.Болдбаатар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч “О*******” ХХК-ний захирал Ш.Очирбат 2016 оны 5 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай компани Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг “Хоолон тал-3” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийг 2002 оны 10 дугаар сараас эхлэн Т*******ын Б******* гэдэг хүний нэрээр эзэмшиж байгаад Ашигт малтмалын тухай хууль шинэчлэн батлагдсантай холбоотойгоор “О*******” ХХК-нд 2007 онд шилжүүлсэн. 2003 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр манай ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас /хуучин нэрээр/ хүчингүй болгосон юм. Бид бүтэн 3 жил 10 сар 10 хоногийн хугацаанд төрийн захиргаан байгууллага болон шүүхээр заргалдсаны эцэст шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол манай талд гарч 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр тусгай зөвшөөрлөө сэргээлгэсэн болно. Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2008 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дугаар шийдвэрээр 5036Х дугаар тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2008 оны 06 дугаар сарын 22-ны өдрөөс 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгасан. Дээрх сунгасан шийдвэр гарах гол үндэслэл болсон Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 138 дугаартай шийдвэрийг үндэслэсэн бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “..шүүхэд маргаантай байсан буюу хайгуулын ажил явуулах боломжгүй байсан хугацааг, Геологи уул, уурхайн кадастрын албаны даргын 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 921 дүгээр шийдвэрээр 5036Х хайгуулын тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэж, шүүхэд гомдол гаргасан өдөр буюу 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс 2007 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн хүртэлх хугацаагаар буюу 2 жил 5 сар 10 хоног байна...” гэж дүгнэсэн байдаг. Тухайн үед шүүхийн бусаар тодруулбал захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаанд зарцуулсан хугацаа болох 1 жил 5 сар 5 хоногийн хугацааг хэрхэх талаар хянан шийдвэрлэсэн шүүх ч дээр асуудлыг үгүйсгэсэн эсхүл нотолсон дүгнэлт хийгээгүй байдаг. Бидний зүгээс ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл дуусгавар болсноос хойш гэнэт гомдол гаргаад я аваад байгаа юм биш тухайн асуудлаар Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад удаа дараа өргөдөл гомдол гарах, удаа дараа биечлэн уулзахад танай асуудлыг удахгүй шийдвэрлэнэ судалж байна гэсэн хариуг өгдөг байсан. “О*******” ХХК урьдчилсан хянан шийдвэрлэх ажиллагаанд 2003 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хугацаанд буюу 1 жил 5 сар 5 хоног зарцуулсныг тогтоолгох, улмаар ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацаан дээр 1 жил 5 сар 5 хоногийн хугацааг нэмж тооцуулах, 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээлгэхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэжээ.

Хоёр. Хариуцагч Кадастрын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Одончимэг 2016 оны 6 дугаар сарын 22-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Анх Суврага-Уул ХХК-ийн эзэмшлийн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших “Хоолон тал” нэртэй 4213 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 2118Х дугаар тусгай зөвшөөрлийн талбайгаас Ашигт малтмалын газрын хэрэг эрхлэх газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2002 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 762 дугаар шийдвэрийг үндэслэн “Хоолон тал-3”  нэртэй 225 га талбай хэсэгчлэн шилжүүлсэн Т.Б*******д шинээр хайгуулын 5036Х дугаар тусгай зөвшөөрлийг олгосон байна. Иргэн Т.Б******* нь ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн талбайн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2003 оны 09 дүгээр сарын 11-ний 921 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч 2005 оны 02 дугаар сарны 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3-н шатны шүүхээр шийдвэрлэсэн. Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2003 оны 09 дүгээр сарын 11-ний 921 дүгээр шийдвэрийн Т.Б*******д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Үүний дагуу Ашигт малтмалын Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17000 дугаар шийдвэрээр ашигт малталтын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн. Ашигт малтмалын Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1902 дугаар шийдвэрээр 5036Х дугаар тусгай зөвшөөрлийг “О*******” ХХК-нд шилжүүлснийг бүртгэсэн байна. “О*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхэд маргаантай байсан буюу хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгахыг Геологи уул уурхайн кадастрын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 138 дүгээр шийдвэрийг биелүүлж Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс тооцож 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгасан байна.

Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэлгүй юм. Харин “О*******” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эсвэл уг тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн / хуучин хууль / 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан байна гэжээ. Мөн энэ үед Ашигт малтмалын газрын даргын 2009 оны 410 дугаар тушаалаар батлагдсан “Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны гэрээ байгуулах журам” хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. “О*******” ХХК дээрх 2 нөхцөл шаардлагыг биелүүлээгүй тул Ашигт малтмалын тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д заасны дагуу тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацаа дууссаныг Кадастрын бүртгэлийн системд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр дуусгавар болгож бүртгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гурав. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Болдбаатар 2016 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Төрийн захиргааны байгууллагын холбогдох албан тушаалтнууд Захиргааны хэргийг урьдчилан хянан шийдвэрлэх ажиллагаа, Захиргааны хэргийн шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны ялгаа, онцлогийг  зөв  таниж  мэдэхгүй мөн шүүхийн нөхцөлт харьяалал, тусгай харьяалал, альтернатив харьяаллын үед хөөн хэлэлцэх хугацаа тооцох журмын дагуу тооцохгүй байна. Өөрөөр хэлбэл бидний зүгээс шүүхээр захиргааны хэргийг хянан шийдвэрлүүлэхэд зарцуулсан 2 жил 5 сар 10 хоногийг авсан дээр маргахгүй байгаа харин захиргааны хэргийг урьдчилан шийдвэрлэх ажиллагаа буюу Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 7, 8 дугаар зүйлд заасан ажиллагаанд зарцуулсан 1 жил 5 сар 5 хоногийг хугацааг төрийн захиргааны байгууллага урьд нь амласан амлалтын дагуу өгнө үү гэж хандахад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр орж байсан хүн ажлаас гарсан тухайн үеийн нөхцөл байдлыг мэдэх албан тушаалтнууд байхгүйгээс энэхүү асуудал шийдэгдэхгүй өнөөг хүрсэн билээ. 

“О*******” ХХК нь энэхүү тусгай зөвшөөрлийг нийт эзэмшсэн хугацааг тооцож үзвэл 1999 оны 6 дугаар сарын 22-ны өдөр анх олгоод 2003 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр цуцлагдаад 2007 оны 6 дугаар сарын 14-ний өдөр сэргээж шүүхийн шийдвэрийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дүгээр шийдвэрээр 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүртэл сунгасан ба нийт хугацаа нь 8 жил 9 сар 12 хоног болох ба бидний хүсэлтийг хүлээн авч 2014 онд Ашигт малтмалын тухай хуульд орсон өөрчлөлтийн дагуу тусгай зөвшөөрлийг сунгах боломжтой байна. Мөн Ашигт малтмалын газрын даргын 2015 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 1/3279 дүгээр албан бичгээр шүүхэд хандаж гомдлоо шийдвэрлүүлэх утга агуулга бүхий хариу өгсөн бөгөөд тус албан бичгийн дагуу Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандахад тус шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн дугаар 101/ШЗ2016/13080 дугаар захирамж, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШЗ2016/16110 дугаар захирамжаар тусгай зөвшөөрөлтэй холбоотой хэрэг маргаанаа төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх, уг шийдвэрийг зөвшөөрөхгүй бол захиргааны хэргийн шүүхэд гомдлоо гаргах эрхтэй гэж үзээд нэхэмжлэлийг буцаасан гэв.

Дөрөв. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э******* 2016 оны 7 дугаар сарын 6-ны өдөр шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Иргэн Т.Б******* нь ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн талбайн ээлжит жилийн төлбөрийг төлөөгүй тул Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2003 оны 09 дүгээр сарын 11-ний 921 дүгээр шийдвэрээр тусгай зөвшөөрлийг цуцалсан. Уг шийдвэрийг эс зөвшөөрч 2005 оны 02 дугаар сарны 16-ны өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн албаны даргын 2003 оны 09 дүгээр сарын 11-ний 921 дүгээр шийдвэрийн Т.Б*******д холбогдох заалтыг хүчингүй болгосон. Үүний дагуу Ашигт малтмалын Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 17000 дугаар шийдвэрээр ашигт малталтын хайгуулын тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээсэн. Ашигт малтмалын Газрын тосны хэрэг эрхлэх газрын даргын 2007 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 1902 дугаар шийдвэрээр 5036Х дугаар тусгай зөвшөөрлийг “О*******” ХХК-нд шилжүүлснийг бүртгэсэн байна. “О*******” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхэд маргаантай байсан буюу хайгуулын үйл ажиллагаа явуулах боломжгүй байсан 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгахыг Геологи уул уурхайн кадастрын газарт даалгуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 138 дүгээр шийдвэрийг биелүүлж Геологи уул уурхайн кадастрын газрын даргын 2008 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 1090 дугаар шийдвэрээр ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн хүчин төгөлдөр байх хугацааг 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдрөөс тооцож 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг дуустал 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгасан байна. Ашигт малтмалын тухай хуулиар 9 дэх жилийн хугацаа дуусгавар болж байгаа тусгай зөвшөөрлийг сунгах эрх төрийн захиргааны байгууллагад олгогдоогүй бөгөөд сунгах хууль зүйн үндэслэлгүй юм. Харин “О*******” ХХК нь 2011 оны 12 дугаар сарын 02-ны өдөр буюу тусгай зөвшөөрлийн 9 дэх жилийн хугацаа дуусгавар болохоос өмнө Ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргах эсвэл уг тусгай зөвшөөрлийн талбайн ашиглалтын өмнөх гэрээ байгуулах хүсэлт гаргаж, Ашигт малтмалын тухай хуулийн / хуучин хууль / 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хайгуулын ажлын явцад ашигт малтмалын орд тогтоогдож түүний нөөцийг нь улсын бүртгэлд бүртгэснээс хойш ордыг ашиглах зураг төсөл, техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах, уурхай барьж байгуулах, бүтээгдэхүүн гаргах хүртэлх үеийг уурхайн ашиглалтын өмнөх үйл ажиллагааны үе гэж үзнэ” гэж заасны дагуу өөрийн талбай дээрх нөхцөл шаардлагуудыг тооцсоны үндсэн дээр Ашиглалтын өмнөх үйл ажиллагааны тухай гэрээг 3 хүртэлх жилийн хугацаатай байгуулах боломжтой байсан байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь: 

Т.Б******* нь 2002 оны 10 дугар сараас эхлэн Дорнод аймгийн Дашбалбар сумын нутаг “хоолойн тал-3” нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа явуулах 5036Х дугаартай зөвшөөрлийг эзэмшиж байжээ. 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас /хуучин нэрээр/ ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийг нь хүчингүй болгожээ.  Нэхэмжлэгч  анх Чингэлтэй дүүргийн шүүхэд 2004 оны 10 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэл гаргаж, уг захиргааны актыг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрээр хүчингүй болгожээ. Энэхүү шийдвэрийг 2005 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Монгол Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 85 дугаар магадлалаар хянаж хэвээр үлдээж, 2005 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 44 дүгээр тогтоолоор хянаж Т.Б*******ы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. 2007 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Ерөнхий шүүгчийн 02 дугаар дүгнэлтээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2005 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 33 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.  2007 оны 07 дугаар сарын 26-ны өдөр  Геологи уул уурхай кадастрын газар “Оч Гүн” ХХК-ний 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийг олгожээ. “Оч Гүн” ХХК-ний тусгай зөвшөөрлийн хугацаа 2008 оны 6 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болохоор байсан тул 2008 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр дахин шүүхэд хандаж Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2008 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 138 дугаар шийдвэрээр “Оч Гүн” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхэд маргаантай буюу хайгуулын ажил явуулах боломжгүй байсан 2 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар сунгахыг Геологи, уул уурхайн кадастрын газарт даалгаж шийдвэрлэсэн байна. 

“Оч Гүн” ХХК нь 2008 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 3 жил 10 сар 15 хоногийн хугацааг сунгаж өгөхийг даалгахыг хүсч байсан боловч Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрт 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 921 дүгээр шийдвэрээр 5036Х тусгай зөвшөөрлийг цуцалсныг мэдэж шүүхэд гомдол гаргасан өдөр буюу 2005 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс “Оч Гүн” ХХК-д тусгай зөвшөөрлийг дахин олгосон өдөр хүртэлх хугацаа буюу 2 жил 5 сар 10 хоногийг тооцохоор тохиролцсон байна. Харин 2003 оны 6 дугаар сарын 11-нээс 2005 оны 2 дугаар сарын 16-ы өдрийг хүртэлх хугацааг  шүүх хангах боломжтой байсан боловч талууд хоорондоо тохиролцсоны үндсэн дээр шүүх тогтоогоогүй байна. Тухайн үед нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзсан тухай шүүхийн шийдвэрт тусгаагүй байх тул шүүхээр тогтоолгосон хугацаанаас бусад хугацаа буюу үлдэх 1 жил 5 сар 5 хоногийг захиргааны байгууллагатай тохиролцсон гэж үзэхээр байна. Иргэн Т.Б******* нь 2003 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 921 дүгээр шийдвэрийг мэдсэнээс хойш тасралтгүйгээр захиргааны байгууллага, шүүхээр  явсан болох нь  Дорнод аймгийн Засаг даргын 2003 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 1/797 дугаар албан бичгийг Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын геологи уул уурхайн кадастрын албанд явуулсан “  ... тус аймаг ашигт малтмалын хайгуул хийж байгаа Т.Б******* нь нийт 130,0 сая төгрөгийн зардал гаргасан тул лицензийн хугацааг сунгаж өгнө үү” гэсэн албан бичиг, 2004 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Чингэлтэй дүүргийн шүүхэд хандаж гаргасан нэхэмжлэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна. Захиргааны байгууллага нь “Оч Гүн” ХХК-д ямарч үйл ажиллагаа явуулах боломж олгохгүйгээр хууль зүйн үндэслэлгүйгээр тусгай зөвшөөрлийг нь цуцалж иргэн, хуулийн этгээдийг хохироож байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан шат шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоол, Дээд шүүхийн Ерөнхий шүүгчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна. Дээр нь Төрийн албаны үйл ажиллагаа тогтвортой, үргэлжилсэн байх зарчим алдагдсанаас өмнөх албан тушаалын үйл ажиллагааг дараагийн албан тушаалтан үргэлжлүүлэхгүй байгаа зэргээс шалтгаалан “Оч Гүн” ХХК нь олон жил үйл ажиллагааны болон эдийн засгийн хүнд байдалд орж байсан болох нь тодорхой байна. Ашигт малтмалын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.5-д “энэ хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангасан тохиолдолд цацраг идэвхт ашигт малтмалаас бусад төрлийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн хугацааг 3 жилийн хугацаагаар 3 удаа сунгуулах” гэж зааснаар “Оч Гүн” ХХК нь тусгай зөвшөөрлийн хугацаагаа 3 жилийн хугацаагаар 3-н удаа сунгуулах эрх зүйн боломжтой болжээ. Мөн хуулийн 31 дүгээр зүйлд заасан шаардлагыг урьдчилан шийдвэрлүүлэх болон шүүхэд маргаантай байсан  хүндэтгэн үзэх шалтгаанаар “Оч Гүн” ХХК нь хангаж ажиллаж чадаагүй гэж үзэх үндэслэлтэй байна. Төрийн албан тушаалтны болон төрийн үйл ажиллагааны буруугаас болж алдагдсан цаг хугацаанд “Оч Гүн” ХХК буруугүй болох нь тогтоогдож байх тул 2003.09.11-2005.02.16-ны өдрийн хоорондох хугацаа буюу 1 жил 5 сар 5 хоногийг ашигт малтмалын хайгуулын 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийн хугацаан дээр  нэмж тооцож, 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын кадастрын хэлтсийн даргад даалгах нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

 

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106. 3.12-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 22 дугаар зүйл, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-д заасныг баримтлан “ОЧ  Гүн” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын 5036Х тусгай зөвшөөрлийн хугацааг шүүхэд маргаантай байсан буюу хайгуулын ажил явуулах боломжгүй байсан 1 жил 5-н сар 5 хоногийн хугацаагаар сунгаж, 5036Х дугаартай тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээхийг Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн даргад даалгасугай.

2.Захиргааны хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр  зүйлийн 51.1, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийн хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

                                    

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ