Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

улсын яллагч Н.Бадам,

шүүгдэгч О.Энхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бангаанхан овогт Отгонбаярын Энхбаярт холбогдох эрүүгийн 1733000360019  тоот хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 0000 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Дархан-Уул аймагт төрсөн, 00 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, бага эмч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон З дугаар багт оршин суудаг, урьд Орхон аймгийн сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 02 жилийн хорих ялыг тэнсэж 01 жилийн хугацаагаар хянан харгалзсан, Бангаахан овогт Отгонбаярын Энхбаяр /РД: МФ-/.

           Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч О.Энхбаяр нь 2017 оны 07-р сарын 21-ний орой 23 цагийн орчим Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3-р багийн нутагт оршин суух иргэн Б.Батгэрэлийн гэрт нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга хулгайлан 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

2017 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-4-р хуудас/, эд мөрийн баримтыг хураан авсан тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь үнэлгээний комиссын 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн №82 дугаартай акт /хх-ийн 23-р хуудас/, хохирогч Б.Батгэрэлийн мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, гэрч Н.Сарантуяагийн мэдүүлэг /хх-ийн 11-р хуудас/, гэрч Э.Эрдэнэтуяагийн мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/, гэрч Ц.Одмаагийн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Т.Урантуяагийн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/, яллагдагч О.Энхбаярын мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/ зэргийг тус тус уншиж сонсгон шинжлэн хэлэлцүүлэв.

Шүүгдэгч О.Энхбаяр нь архи ууж согтуурсан үедээ 2017 оны 07-р сарын 21-ний орой өөрийн хуурай ах гэх Б.Батгэрэлийн цоожтой гэрийн цонхоор нэвтэрч орон 3 тооны мөнгөн аяга хулгайлж хохирогчид 500 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Мөрдөн байцаалтад хохирогч Б.Батгэрэлийн өгсөн “...Би эхнэр Сарантуяа болон нэг хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3-р багт амьдардаг. 2017 оны 07-р сарын 13-аас 2017 оны 07-р сарын 23-ы өдөр хүртэл эхнэр Сарантуяагийн хамт Хөвсгөл аймгийн Цагаанхайрхан сумд амрахаар очоод гэртээ 2017 оны 07-р сарын 23-ны шөнө ирэхэд манай жижиг өрөөний вакум цонх онгорхой байсан. Том өрөөндөө ороход мөлхөө стенкний тавиур дээр байсан 3 мөнгөн аяга алга болсон байсан. 2 аяга нь дунд гарын 1 аяга нь жижиг гарын мөнгөн аяга байсан. Батгэрэл Сарантуяа хоёрын гэр бүлд гэсэн бичигтэй аяганууд байсан. 2017 оны 07-р сарын 26-ны өдөр манай эхнэр Сарантуяад эмнэлэгт ажилладаг Алтанбаганын эхнэр Урантуяа нэг ширхэг дунд гарын мөнгөн аягыг авчирч өгсөн байсан. 2017 оны 08-р сарын 27-ны өдөр эхнэр Сарантуяад Урантуяа жижиг гарын мөнгөн аягыг дунд гарын мөнгөн аягатай цуг авчирч өгсөн болно... Манай эхнэр Сарантуяагийн ангийн хүүхэд нь Урантуяа байгаа юм. Тийм болохоор Урантуяаг хулгай хийсэн хүнийг мэдэж байгаа гэж бодож байна. Эзэн холбогдогчийг нь олуулах хүсэлтэй байна. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Э.Эрдэнэтуяагийн өгсөн “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 5-р баг, 20-04 тоотод ломбард ажиллуулдаг юм. 2017 оны 07-р сарын 22-ны өдрийн 10-11 цагийн хооронд Отгобаярын Энхбаяр МФ89073110 регистртэй цахим үнэмлэхтэй, бор царайтай 165-170 см нуруутай залуу орж ирээд дунд гарын мөнгөн аяга 1 ширхэгийг 15 хоногийн хугацаатай 06% хүүтэй 50 000 төгрөгөөр тавьж бэлнээр 50 000 төгрөг авч явсан. Удалгүй 2017 оны 07-р сарын 26-ны 15-16 цагийн хоород нөгөө үл таних Отгонбаярын Энхбаяр гэгч нь 1 ширхэг дунд гарын мөнгөн аягаа 53 000 төгрөгт бэлнээр өгч ломбарданд тавьсан аягаа аваад явсан болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р хуудас/,   

Мөрдөн байцаалтад гэрч Ц.Одонмаагийн өгсөн “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 6-р баг, 17-р байрны Дэнс дэнлүү ломбарданд зээлийн мэргэжилтэн ажил хийдэг. 2017 оны 07-р сарын 25-ны өдрийн үдээс хойш 25 орчим насны үл таних залуу орж ирээд 2 аяга барьцаанд аваач гээд гуйгаад байхаар нь дунд гарын аягыг 70 000 төгрөгөөр 1450 зээлийн гэрээгээр Батгэрэл гэсэн нэрээр ломбарданд тавиад явсан. Ингээд 2017 оны 08-р сарын 02-ны үдээс өмнө санахгүй байна 72 800 төгрөг бэлнээр төлөөд 2 мөнгөн аяга Батгэрэл гэсэн нэрээр танилцуулаад үл таних хүн ирээд ломбардны барьцаанд тавьсан хоёр мөнгөн аягыг аваад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Н.Сарантуяагийн өгсөн “...“...Би Сайхан сумын Номгон тосгоны Эрүүл мэндийн төвд бага эмчийн ажил хийдэг юм. Надтай хамт Номгон тосгоны Эрүүл мэндийн төвд сувилагчаар ажилладаг 1997-2007 он хүртэл Сайхан сумын Номгон тосгоны Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуулийн нэг ангийг төгссөн Тн Уа 2017 оны 07-р сарын 26-ны орой ажил тарахаас өмнө өрөөндөө байж байхад орж ирээд манай хамаатан болох Энхбаяр танай гэрт орсон юм шиг байна гээд хулгайд алдагдсан дунд гарын мөнгөн аяганы 1 ширхэгийг өгөөд явсан. 3-4 хоногийн дараа Эрүүл мэндийн төв дээр ажилтай цайны цагийн үеэр Т.Урантуяа манай өрөөнд орж ирээд дунд гарын 1 ширхэг мөнгөн аяга, бага гарын Батгэрэл Саранцэцэг нарт дурсгав гэсэн бичигтэй миний нэрийг Сарантуяа гэхийг Саранцэцэг гэж бичсэн мөнгөн аяга хоёрыг оруулж ирчихээд өгчихөөд яваад өгсөн болно...” гэх мэдүүлэг /хх-10-11-р хуудас/,

Мөрдөн байцаалтад гэрч Т.Урантуяагийн өгсөн “...Манай ээж Тунгалагтуяагийн төрсөн дүү Бямбаагийн Амартуяа гэгчийн гэрт нь очиход 2017 оны 07-р сарын 23-аас 24-ний үед Б.Амартуяа ярихдаа О.Энхбаяр буюу Томоо гэж дууддаг хүүхдийнхээ цүнхэн дотор мөнгөн аяга байна өөрөөс нь асуухаар хүний аяга байгаа юм аа гэж хэлж байна гэсэн. Би сайн тодруулж асуугаагүй гэж ярьсан. Ингээд би 2017 оны 07-р сарын 25-ны орой 22 цагийн үед манай ажлын эх баригч мэргэжилтэй Сарантуяа эмнэлэг дотор тариа хийлгүүлсэн юм. Манай гэрт хулгай орж гурван ширхэг мөнгөн аяга алга болсон талаар хэлсэн. Би Б.Амартуяа эгчийн хүүхэд О.Энхбаяр нь хулгай хийжээ гэж бодсон. Маргааш нь 2017 оны 07-р сарын 26-ны өдөр Б.Амартуяагийн гэрт нь орж Энхбаярт чи ямар сонин юм бэ? хулгай хийсэн байнаа. Цагдаа нар ирээд явсан гээд хэлэхэд Дархан-Уул аймгийн ломбарданд мөнгөн аягыг тавьсан гэж хэлсэн. Би уурлаж загнаж байгаад хэдэн төгрөг болсон бэ% гээд өөрийн эзэмшлийн цагаан өнгийн приус-20 маркийн 46-45 УНБ улсын дугаартай өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг жолоодож О.Энхбаярыг дагуулаад Дархан-Уул аймгийн биржийн захын замын эсрэг талын захын хэсэгт байдаг ломбарданд очсон. О.Энхбаяр түрүүлж ороод гарч ирсэн. Надад ломбардны ордог хаалгыг зааж өгөөд би ортол 30 орчим насны эмэгтэй ломбарданд байхаар нь О.Энхбаярын тавьсан нэг ширхэг мөнгөн аягыг 53 000 төгрөг бэлнээр өгч аваад үлдсэн 2 ширхэг мөнгөн аягыг авахаар Дархан-Уул аймгийн шинэ дарханы 16-н давхарын  хажуу талын байранд байдаг ломбарданд очиход хаалттай байсан учир бид хоёр Номгонд ирээд орой эмнэлэг дээр Сарантуяад нэг ширхэг мөнгөн аягыг өгсөн юм. Хэд хоногийн дараа 2017 оны 08-р сарын 02-ны үдээс өмнө шиг санаж байна. О.Энхбаярыг гэртээ байхад нь дагуулж гарч ирээд өөрийн эзэмшлийн Приус-20 маркийн 46-45 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож Дархан-Уул аймаг руу О.Энхбаяртай цуг шинэ Дарханы 16-р байрны хажуу талын ломбарданд очсон би гадаа нь машин дотроо сууж байсан. О.Энхбаяр ломбард руу ороод 2 ширхэг мөнгөн аягыг аваад гарч ирсэн би мөнгөн аяга ломбарднаас авах 72 200 төгрөгийг бэлнээр О.Энхбаярт өгсөн юм. Орой Номгон Эрүүл мэндийн төвд ирэхэд Сарантуяа ажлынхаа өрөөнд байхаар нь мөнгөн аягыг буцааж өгснө болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/ болон

2017 оны 08-р сарын 28-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-4-р хуудас/,  2017 оны 10-р сарын 02-ны өдрийн эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-9-р хуудас/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын үнэлгээний комиссын 2017 оны 09-р сарын 27-ны өдрийн 82 дугаартай актын “...орчин цагийн мөнгөн аяг 2 ширхэг нэг бүрийн үнэ 200 000 төгрөг, бага гарын мөнгөн аяга 1 ширхэг нэг бүрийн үнэ 100 000 төгрөг...” гэх хэсэг /хх-ийн 23-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт О.Энхбаярын өгсөн “...Би 2017 оны 7 дугаар сарын 22-ны орой 11-12 цагийн үед согтуу Батгэрэлийн хаалгыг нь нүдэхэд хаалгаа онгойлгохгүй байсан. Цонхон дээр нь очсон чинь байхгүй байхаар нь цонхоор нь ороод орон дээр нь унтаж байгаад гарахдаа мөнгөн аягыг нь аваад гарсан. Маргааш өглөө нь 8 цагийн үед урд зам дээрээс Дархан ороод биржийн урдаас харсан ломбарданд том мөнгөн аягыг нь тавьсан. Нөгөө хоёр мөнгөн аягыг нь  Шинэ-Дарханы 9 давхарын ломбарданд тавиад мөнгөөр нь архи уугаад дууссан.  Нэг өдөр гэртээ байсан чинь үеэл эгч орж ирээд манай ажлын Сарантуяагийн гэрээс 3 мөнгөн аяга нь алга болсон гэж байна.  Чи авсан юм биш биз гэж хэлсэн. Би тийм ээ би авсан гээд тэр өдрөө Дархан ороод эхлээд том мөнгөн аягыг нь авч өгсөн. Нөгөө хоёр мөнгөн аягыг нь тавьсан ломбардны хүн нь хот явчихсан гээд байхгүй байсан учраас 5,6 хоногийн дараа очиж авсан... Би ийм гэмт хэрэг хийсэндээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч О.Энхбаярын үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч О.Энхбаяр нь хулгайлж авсан мөнгөн аягануудаа Дархан-Уул аймагт ломбарданд тавьж  авсан гэх 120 000 төгрөгөөр архи авч уусан болох нь  түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч О.Энхбаяр нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирогчийн гэрт архи уусан учир ээжээс айгаад унтахаар орсон...” гэж мэдүүлж байгаа боловч хохирогч Б.Батгэрэл нь гэр бүлийн хамт хөдөө явсан байсныг мэдэж байсан учир эзгүй гэрийн цонхийг эвдэж орсон болох нь хавтаст хэргийн материалаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн “...тэдний гэрт хүн байхгүйг мэдэж байсан...” гэх мэдүүлгээр нотлогдож байна.

Хохирогч Б.Батгэрэл алдсан мөнгөн аягаа аягаар нь буцааж авсан болох нь

Гэрч Т.Урантуяагын мөрдөн байцаалтад өгсөн “...О.Энхбаярыг дагуулаад Дархан-Уул аймгийн Биржийн захын замын эсрэг талын захын хэсэгт байдаг ломбарданд очсон. О.Энхбаярын тавьсан мөнгөн аягыг 53 000 төгрөг бэлнээр өгөөд авсан... Номгонд ирээд 1 ширхэг мөнгөн аягыг өгсөн... 2017 оны 08-р сарын 02-ны өдөр О.Энхбаярыг дагуулж Дархан-Уул аймаг руу явж 2 ширхэг мөнгөн аягыг 72 800 төгрөгөөр ломбарднаас авч орой нь Сарантуяад өгсөн...” /хх17-18/ гэж мэдүүлж байгаа бөгөөд  2017 оны 10-р сарын 05-ны өдөр хохирогч Б.Батгэрэл 2 дахь удаа мөрдөн байцаалтад байцаалт өгөхдөө “...Надад одоо ямар нэг гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж өгсөн мэдүүлэг зэргээр гэмт хэргийн улмаас учирсан хохирол бүрэн төлж барагдсан гэж үзлээ. Хохирогч Б.Батгэрэлд учирсан хохирол хэдийгээр төлөгдсөн байгаа боловч шүүгдэгчийн бусдад учруулсан хохиролыг түүний нагац эгч Т.Урантуяа өөрийнхөө мөнгөөр төлж барагдуулсан байдал тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч өөрөө бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулсан гэж үзэх боломжгүй  байна.

Шүүгдэгч О.Энхбаяр нь 2017 оны 04-р сарын 21-ний өдөр Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 113 дугаартай  шийтгэх тогтоолоор бусдын гэрт 2 удаа хууль бусаар нэвтрэн орж мөнгөн аяга хулгайлсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар гэм буруутайд тооцож 02 жилийн хорих ялаар шийтгүүлж нэг жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан байна. Шүүгдэгч нь тэнсэн хянан харгалзсан хугацаа тоологдож  эхэлснээс хойш 3 сарын дараа  дахин дээрх гэмт хэрэгтэй ижил аргаар бусдын гэрээс мөнгө аяга хулгайлах гэмт хэрэг үйлдсэн байна. Иймд шүүгдэгчийг өмнөх үйлдсэн хулгайлах гэмт хэрэгтээ  гэмшээгүй байна гэж дүгнэлээ.

Иймд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан  Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т зааснаар ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэлгүйгээр ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч О.Энхбаярт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2017 оны 07-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлд заасан журмыг хэрэглэх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд хөрөнгө битүүмжээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэснийг тэмдэглэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлин 1, 38.2 дугаар зүйлин 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.Шүүгдэгч Бангаахан овогт Отгонбаярын Энхбаярыг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн  гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар 02 жил 01 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

            3. 2002 оны Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт энэ тогтоолоор оногдуулсан 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял дээр 2017 оны 04-р сарын 21-ний өдрийн 113 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 02 жилийн хорих ялын зарим болох 01 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 03 жил 01 сарын хугацаагаар тогтоосугай.

            4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч О.Энхбаярт оногдуулах 03 жил 01 сарын хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.

            5.Шүүгдэгч О.Энхбаяр нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй  зэргийг дурдсугай.

            6.Шүүгдэгч О.Энхбаярт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьсугай.

            7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч нарт гардуулсугай.

            8. Шүүгдэгч, хохирогч тэдгээрийн  хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан, хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА