Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 119/ШШ2024/0019

 

                                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

            Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: “Э” ХХК,

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Б,  

            Хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ,

Хамтран хариуцагч: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороо,

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Нандинчулуун, Б.Октябрь, Г.Цогтгэрэл нарын хоорондын  

Нэхэмжлэлийн шаардлага: “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626”, “ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлийн дагуу “Э" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I”  Худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-тай байгуулахыг  захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” нэхэмжлэлийн шаардлагатай тендерийн маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.   

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ш.Д, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун, Б.Октябрь, Г.Цогтгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгонтуяа нар оролцов

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэг. Нэхэмжлэгч “Э” ХХК нь:

1.1. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301248 дугаартай тендерт 2023 оны 11-р сарын 28-ны өдөр оролцсон, манай компанийн тендер хамгийн сайн тендер байсан тул захиалагчаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ДҮ-112-12/7676 дугаартай албан бичиг ирүүлж манай компанид гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг мэдэгдсэн.

1.2. Захиалагчаас 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн СЭ-112-12/7992 дугаартай албан бичиг ирүүлж “тендерт оролцогчоос гомдол гаргасан тул Сангийн яам гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн” болохыг мэдэгдсэн.

1.3. Мөн захиалагчаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг дахин ирүүлж мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дотор ирж гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авч мэдэгдэлд заасан хугацаанд буюу ажлын 6 хоногт багтааж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр компанийн захирал Ш.Д нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст очиж захиалагчаас боловсруулан 2 хувь гэрээг компанийн тамга, гарын үсгээр баталгаажуулж, компанийн гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлэн гэрээтэй хамт захиалагчид өгсөн.

1.4. Манайх гэрээг байгуулагдсан гэж үзэж Голомт банкны “Орхон зээлийн төв” тооцооны төвөөр гүйлгээ хийж 110,552,553.00 /Нэг зуун арван сая таван зуун тавин хоёр мянга таван зуун тавин гурван/ төгрөгийн гүйцэтгэлийн баталгаа байршуулсан, мөн Швейцарын төв банк болох Сredit Swiss банкинд байрших Финланд улсын “Ф” компанийн харилцах дансанд 95,788.24 /Ерэн таван мянга долоон зуун наян найман евро хорин дөрвөн/ центийн урьдчилгаа төлбөр шилжүүлж захиалагчтай байгуулсан гэрээний үүргээ хэрэгжүүлж эхэлсэн.

 

1.5.Гэтэл захиалагчаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ЭҮТӨҮГ/202301248 дугаар тендерийн хүчинтэй байх хугацаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байх тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэж хууль бус шийдвэр гаргаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн тул зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шүүхэд хандаж байна”,

 

Хоёр. Хариуцагч талаас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005/-ийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж тус тус заасан нөхцөл байдал үүсэж, тухайн компанитай гэрээ байгуулах нь хуулийн дагуу гэрээ хүчин төгөлдөр бус байсан тул нэхэмжлэгч “Э” ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин зарлахаар болсон талаар мэдэгдэж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон нь үндэслэлтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тус тус маргасан.

 

Гурав. Нэхэмжлэгч “Э” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 сарын 20-ны өдрийн СЭ-122-12/626 тоот албан бичгийг эс зөвшөөрч Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасныг 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 03/1221 тоот албан бичгээр хариу хүргүүлсэн байна ./ХХ-ийн 8 дугаар тал/

Дөрөв. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

4.1. “...Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийг чанд мөрдөж захиалагчаас ирүүлсэн шийдвэр болгоныг биелүүлэн ажиллаж байсан. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно,” 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж зааснаар манай компани захиалагчийн тогтоосон хугацааны дотор гэрээний төслийг албажуулан захиалагчид хүргүүлсэн тул гэрээг байгуулагдсан гэж үзэхээр байна.

4.2. Захиалагчаас манай компанид гэрээ байгуулах эрх олгох тухай 2 дахь удаагаа мэдэгдэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ мэдэгдлийг ирүүлэх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2023 оны хууль хэрэгжиж эхэлсэн байсан.  

4.3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2023 оны хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно.” гэж тус тус зааснаар захиалагч нь манай компанитай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж байна.

4.4. Захиалагчаас манай компанид гэрээ байгуулах мэдэгдлийг анх ирүүлснээс хойш манай компани гэрээ байгуулахад бэлэн байсан бөгөөд гагцхүү хуульд заасан журмын дагуу оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам шийдвэрлэхийг болон захиалагчаас гэрээ байгуулах талаар манай компанид мэдэгдэхийг хүлээж байсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээг байгуулахгүйгээр хойшлуулах, удаашруулах зэрэг аливаа үйлдэл, эс үйлдэхгүй гаргаагүй болно.

4.5. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүлээн авч эс зөвшөөрөн Сангийн яаманд гомдол гаргахад Сангийи яамнаас 2024 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 03/1221 дугаартай албан бичгээр гомдлыг хянан шийдвэрлэх боломжгүй талаар хариу ирүүлсэн тул зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргаж байна” гэжээ.

6. Нэхэмжлэгч Ш.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манайх 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж, нэмэгдүүлсэн байгаа. Тухайн өөрчилж, нэмэгдүүлсэн шаардлагуудаа дэмжиж оролцож байна. “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" захиргааны актыг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хурлын шийдвэрийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлийн дагуу “Э" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”  гэсэн нэхэмжлэлийн шаардлагууд гаргасан байгаа. Манай компани 2017 онд байгуулагдсан. Үүнээс хойш нилээн олон тендерт оролцсон. Нийт 80 гаруй тендерт оролцож, 20 гаруй хувьд нь шалгарч, бараа материал нийлүүлж байсан. Өмнөх оролцож байсан тендер шалгарууулалт дээр манайх шүүхэд гомдол гаргаж байгаагүй. Энэ удаа компанид их хэмжээний хохирол учрах эрсдэл үүссэн учир арга буюу шүүхэд хандахад хүрсэн. Манай компани нь “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ЭҮТӨҮГ/202301248 дугаартай тендерт 2023 оны 11-р сарын 28-ны өдөр оролцсон. Дээрх тендерт оролцогчдоос манай компанийн тендер “хамгийн сайн” тендер байсан тул захиалагчаас 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн ДҮ-112-12/7676 дугаартай албан бичиг ирүүлж манай компанид гэрээ байгуулах эрх олгож, гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Гэтэл гэрээ байгуулах мэдэгдэл явуулснаас хойш 37 хоногийн дараа дахин Үнэлгээний хороо хуралдаж захиалагчаас 2023 оны 12 дугаар 27-ны өдрийн СЭ- 112-12/7992 дугаартай албан бичиг ирүүлж “тендерт оролцогчоос гомдол гаргасан тул Сангийн яам гүйцэтгэгч сонгох ажиллагааг 2023 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлсэн” болохыг мэдэгдсэн.

 Мөн захиалагчаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай “Гэрээ байгуулах эрх олгох тухай” албан бичгийг дахин ирүүлж мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 6 хоногийн дотор ирж гэрээ байгуулахыг мэдэгдсэн. Уг мэдэгдлийг хүлээн авч мэдэгдэлд заасан хугацаанд буюу ажлын 6 хоногт багтааж 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр би өөрийн биеэр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст очиж захиалагчаас боловсруулсан 2 хувь гэрээг компанийн тамга, гарын үсгээр баталгаажуулж, компанийн гэрчилгээ, захирлын иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг нотариатаар гэрчлүүлэн гэрээтэй хамт захиалагчид өгсөн. Энэ хугацаанд гэрээг баталгаажсан гэж үзээд манайх үйлдвэрлэгчид их хэмжээний мөнгийг урьдчилгаа болгож шилжүүлээд үйлдвэрлэлийг эхлүүлсэн байсан. Өчигдөр Финлянд улсын “Ф" ХХК-аас танай захиалсан бараа бэлэн болсон тул үлдэгдэл төлбөрөө шилжүүлээд бараагаа татаж аваарай гэж мэдэгдсэн. Одоо 14 хоногийн дараа тоног төхөөрөмж Монголд ирнэ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Баяжуулах цех дээр тоног төхөөрөмжийн хэр хэмжээний нөөцтэй байдаг үгүйг мэдэхгүй байна. Дахиад тендер зарлах юм бол цаг хугацаа алдана цаашилбал нөөцгүй болохыг ч үгүйсгэхгүй.

Захиалагчаас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгээр “ЭҮТӨҮГ/202301248 дугаар тендерийн хүчинтэй байх хугацаа Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасны дагуу дуусгавар болсон байх тул тендер шалгаруулалтыг дахин зарлахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгдье” гэж хууль бус шийдвэр гаргаж, манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Манай компани нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг чанд мөрдөж захиалагчаас ирүүлсэн шийдвэр болгоныг биелүүлэн ажиллаж байсан. Нөгөөтэйгүүр Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-д Дараах үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно” 196.1.2-д “Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж зааснаар манай компани захиалагчийн тогтоосон хугацааны дотор гэрээний төслийг албажуулан захиалагчид хүргүүлсэн тул гэрээг байгуулагдсан гэж үзэхээр байгаа. Захиалагчаас манай компанид гэрээ байгуулах эрх олгох 2 дахь удаа  мэдэгдэхдээ 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай албан бичгээр мэдэгдсэн бөгөөд энэ мэдэгдлийг ирүүлэх хугацаанд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2023 оны хууль хэрэгжиж эхэлсэн байсан. Тиймээс энэ хэрэг маргааныг 2023 оны хуулиар шийдвэрлэх байх гэж бодож байна. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай 2023 оны хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-т “Шалгарсан оролцогч гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын зургаагаас доошгүй өдрийн дараа, захиалагчаас тогтоосон хугацаанд багтаан гэрээг баталгаажуулж, эх хувиар, эсхүл цахим системээр захиалагчид хүргүүлнэ”, 30.4-т “Захиалагч шалгарсан оролцогчийн баталгаажуулан ирүүлсэн гэрээг хүлээн авснаас хойш ажлын таван өдрийн дотор, энэ хуулийн 49.4.13-т заасан мэдэгдлийн дагуу гэрээ байгуулах тохиолдолд ажлын 10 өдрийн дотор тус тус гэрээнд гарын үсэг зурж баталгаажуулаагүй бол гэрээ байгуулах эрх олгосон шийдвэрт заасан нөхцөлөөр гэрээ байгуулсанд тооцно” гэж тус тус зааснаар захиалагч нь манай компанитай гэрээ байгуулахаас татгалзаж байгаа нь хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж байна.

Захиалагчаас манай компанид гэрээ байгуулах мэдэгдлийг анх ирүүлснээс хойш манай компани гэрээ байгуулахад бэлэн байсан бөгөөд гагцхүү хуульд заасан журмын дагуу оролцогчоос гаргасан гомдлыг Сангийн яам шийдвэрлэхийг, мөн захиалагчаас гэрээ байгуулах талаар манай компанид мэдэгдэхийг хүлээж байсан бөгөөд манай компанийн зүгээс гэрээг байгуулахгүйгээр хойшлуулах, удаашруулах зэрэг аливаа үйлдэл, эс үйлдэхүй гаргаагүй. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ оны 47 дугаар зүйлийн 47.2.2-т “Үнэлгээний хороо тендерийг хянан үзэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх чиг үүрэгтэй” байна гэж заасан. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж, тендерийг хянан үзэж, “Э” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох” шийдвэрийг гаргаж, захиалагчид хүргүүлснээр захиалагчаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ДҮ-112-12/215 тоот албан бичгээр гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдэл гаргасан нь тус тендерийн Үнэлгээний хорооны чиг үүрэг дуусгавар болсон. Гэтэл захиалагчтай гэрээ байгуулах явцад буюу дээрх шийдвэр гаргаснаас хойш Үнэлгээний хороо бүтэн 1 сарын дараа дахин хуралдаж, тендерийг дахин зарлах шийдвэрийг гаргаж байгаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005/ 47 дугаар зүйлийн 47.2.2-т заалтыг зөрчиж байна. Хэрэгт авагдсан баримт болох Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэлд Үнэлгээний хороо ямар хууль, дүрэм, журмыг үндэслэж хуралдаж, шийдвэр гаргаж байгаа нь тодорхойгүй байдаг.

Ямар шалтгаанаар тендерийн хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон, энэ нь хэний буруутай үйл ажиллагаанаас болсон талаар огт дурдаагүй. Зүгээр л Үнэлгээний хорооны гишүүд хоорондоо утсаар ярьж байгаад хуралдсан юм шиг харагдаж байгаа. 2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Сангийн сайдын 103 дугаартай тушаалын хавсралтын “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 5.2-т “Захиалагч үнэлгээний дүгнэлтийг өөрчлөх, эсхүл гэрээ байгуулах эрх олгох зөвлөмжид зааснаас өөрөөр гэрээ байгуулах эрхгүй”, 5.3-т “Захиалагчаас үнэлгээний дүгнэлтийг хууль тогтоомж зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзвэл дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор энэ тухай Үнэлгээний хороонд бичгээр мэдэгдэнэ, энэхүү мэдэгдлийг тусгайлан албан бичгээр үйлдснээс бусад тохиодолд үнэлгээний дүгнэлтийг холбогдох хэсэгт хууль тогтоомж зөрчигдсөн гэж үзсэн үндэслэл, тайлбарыг тэмдэглэж, захиалагчиийн эрх бүхий этгээдийн гарын үсгээр баталгаажуулан үнэлгээний хороонд хүргүүлж болно”, 5.4-т “Энэ журмын 5.3-т заасан мэдэгдлийг захиалагчаас хүлээн авснаас бусад тохиолдолд Үнэлгээний хороо захиалагчид хүргүүлсэн үнэлгээний дүгнэлтэд өөрчлөлт оруулах, эсхүл шинээр дүгнэлт гаргах эрхгүй” гээд тус тус заасан. Мөн журмын 5.7-т “Үнэлгээний хороо захиалагчийн мэдэгдлийг хүлээн авснаас хойш ажлын 2 хоногийн дотор хуралдаж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргаж, захиалагчид хүргүүлнэ”, Үүнд: 5.7.1-т “захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлтэй гэж үзвэл хууль тогтоомжид нийцүүлэн зөрчлийг арилгаж, үнэлгээний дүгнэлтийг дахин гаргах, эсхүл өөрчлөлт оруулах”, 5.7.2-т “захиалагчаас ирүүлсэн шаардлага үндэслэлгүй гэж үзвэл захиалагчийн үндэслэлтэй холбогдуулан тайлбар хийж, өмнөх үнэлгээний дүгнэлтийг дахин хүргүүлж буйг мэдэгдэх”, 5.8-т “Үнэлгээний хорооны нарийн бичиг захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон, тендерээс татгалзсан болон тендер шалгараагүй тухай мэдэгдлийг шийдвэр гарсан өдөрт багтаан тендерт оролцогчдод хуульд нийцүүлэн нэгэн зэрэг хүргүүлэх, "Тендер шалгаруулалтын материалыг тухайн тендерт оролцогчдод ил болгох журам"-ын 2.5-д зааснаар шалгарсан тендерт оролцогчийн тендерийн ил болгох баримт бичгийг гэрээ байгуулах эрх олгох мэдэгдлийн хамт цахим системд байршуулах үүргийг хүлээнэ” гэсэн байдаг.

 Гэтэл Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж шийдвэр гаргасан. Энэ мэдэгдэл нь шийдвэр гарснаас хойш 8 хоногийн дараа буюу 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ирсэн. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ- 112-12/215 дугаартай “Гэрээ байгуулах тухай” мэдэгдэл хүргүүлснээс хойш 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл ямар үндэслэл, шалтгаанаар гэрээнд гарын үсэг зурахаас татгалзаж, гэрээ байгуулах явцыг удаашруулсан нь тендерийн хүчинтэй байх хугацааг дуусгах зорилготой хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэж байна. “Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай албан бичиг, үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл зэргээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Э” ХХК-ийг шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр гаргасан тул тус үйлдвэрийн газартай гэрээ байгуулах эрх зүйн үр дагавар үүсэж, бид дараах ажлуудыг гүйцэтгэсэн.

 Үүнд: Голомт банкинд 2024 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 110,552,553 төгрөгийн гүйцэтгэлийн баталгааг байршуулсан. Голомт банкаар дамжуулан Финлянд улсын “Ф" ХХК-д 2024 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 95.788.24 еврогийн дүнтэй урьдчилгаа төлбөр шилжүүлж үйлдвэрлэл эхлүүлсэн. Төлбөрийн шимтгэл болох 74.320 төгрөгийг төлсөн ба манай компанийн зүгээс тендер шалгаруулалтын дараа захиалагчийн зүгээс тавих шаардлагуудыг бүрэн биелүүлсэн, эс үйлдэхүй гаргаагүй болно. Үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон мэдэгдлийн дагуу бид дээрх ажлуудыг гүйцэтгэснээр өнөөдрийн байдлаар 95.788.24 евро, 74.320 төгрөгийн шимтгэлийг буцаан олгогдох нөхцөлгүйгээр бусдад шилжүүлсэн бөгөөд тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон үнэлгээний хорооны шийдвэр, захиалагчийн мэдэгдлийн улмаас бидэнд их хэмжээний алдагдал хүлээх эрсдэл учраад байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т захиргааны үйл ажиллагаанд баримтлах зарчмуудыг тусгайлан заасан бөгөөд 4.2.8-т “Хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчмыг баримтлана гэж заасан байдаг. Хуульд заасан тайлбараар хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж “нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно” гэж заасны дагуу манай компани захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай гэрээ байгуулснаар энэхүү хууль ёсны итгэлийг хамгаалах нөхцөл үүссэн. “Э” ХХК-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу үүссэн эрхийг Үнэлгээний хороо болон захиалагчийн зүгээс хууль бус үндэслэлээр хүчингүй болгож, өөрийн дураар цуцалж байгаа нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхол ноцтой зөрчигдөж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-т “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох", 106.3.4-т “захиргааны акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох” гэж заасан тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг зөрчиж, шийдвэр гаргасан Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хурлын тэмдэглэл, захиалагчийн 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн СЭ-112-12/626 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай" албан мэдэгдлийг хүчингүй болгож, гэрээ байгуулахгүй байгаа захиалагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэв.

6.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Нандинчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч талын үндсэн болон нэмэгдүүлж, өөрчилсөн шаардлагатай танилцсан хариуцагч талаас дараах тайлбарыг хэлье. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь 2023 оны худалдан авалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу тус үйлдвэрийн Ерөнхий захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дүгээр тушаалын 73 дугаар хавсралтаар “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороонд хариуцагч талыг төлөөлж байгаа гурван оролцогч оролцсон. Үнэлгээний хорооны нарийн бичгийн даргаар Б.Октябрь, Үнэлгээний хорооны даргаар Г.Цогтгэрэл, хуул эрх зүйн асуудал хариуцсан гишүүнээр миний бие оролцсон. Үнэлгээний хороо болон захиалагчаас гарсан шийдвэр нь хууль ёсны бөгөөд хууль, дүрэм, журамд нийцсэн шийдвэрүүд гарсан. Үнэлгээний хорооноос 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 01 дугаартай хурлаар “Тендерийн баримт бичгийг боловсруулан олон нийтэд нээлттэйгээр зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр дахин олон нийтэд нээлттэйгээр байршуулан зарлаж, 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тендерийг нээхэд “О” ХХК, “Д” ХХК, “Э” ХХК-ууд тендер ирүүлсэн.

Үнэлгээний хорооны 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хурлаар тендерийг хянан үзээд “Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийг шаардлагад нийцсэн, хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, захиалагчид үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.

Захиалагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005/-ийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалт, Сангийн сайдын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 103 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журам”-ын 3.9 дэх заалтуудыг тус тус үндэслэн хяналтыг 2023.12.06, 2023.12.13-ны өдрүүдэд хийж, үнэлгээний хорооны дүгнэлт, зөвлөмжийг баталгаажуулснаар тус үйлдвэрийн газрын Тамгын газрын даргаас 2023.12.14-ний өдөр “Э” ХХК-д “Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэл”-ийг хүргүүлсэн.

Гэвч Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 03/9338 дугаар албан бичгээр тендерт оролцогч “Д” ХХК-аас гомдол гаргасан үндэслэлээр гүйцэтгэгч сонгох ажиллагааг 3 хоногоор түр түдгэлзүүлсэн. Тус үйлдвэрийн газар нь Сангийн яамнаас ирүүлсэн дээрх мэдэгдлийн дагуу оролцогчдод нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн талаар 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр тендерт оролцогчдод мэдэгдсэн. Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03/9571 дугаартай “Гомдол хянасан тухай” албан бичгээр захиалагчийн дээрх мэдэгдлийг хүчингүй болгож, дахин үнэлгээ хийхийг даалгасан шийдвэр гаргасан. 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл бүх нийтийн амралтын өдөр таарсан. Энэ нөхцөл байдлаас үүдэж Үнэлгээний хороо 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/85 дугаартай албан бичгээр тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах мэдэгдлийг ирүүлсэн. Үнэлгээний хорооноос “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 3.10 дахь заалтыг үндэслэн Сангийн яамны “Гомдол хянасан тухай” албан бичгийн дагуу үнэлгээг дахин хийж, “Э” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэсэн. 2024 оны 01 дүгээр сарын 06, 07-ны өдрүүд нь амралтын өдөр таарсан ийм асуудлууд байгаа.

Тус компанийн 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичгийг үндэслэн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн хурлаар “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах дүгнэлтийг захиалагчид хүргүүлсэн. 2024 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүлээн авч, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга Үүрийнтуяагийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр мэдэгдлийг “Э” ХХК-д хүргүүлсэн. Гэрээ байгуулах гэсэн боловч тендерийн хүчинтэй хугацаа дууссан байсан. Захиалагчаас үл хамааран тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгаж болно гэсэн хуулийн заалтын дагуу Монгол Улсын Сангийн яам руу тендерийн хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгуулах хүсэлт гаргаж, 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 03/85 дугаартай албан бичгээр тендер хүчинтэй байх хугацааг 15 хоногоор сунгах мэдэгдлийг ирүүлсэн. Тендерийн хүчинтэй байх хугацааг тооцоод үзэхээр 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Гэрээний төслийг “Э” ХХК-ийн захирал өөрийн биеэр авч ирж өгсөн гэж тайлбартаа дурдаж байна.

 Ирэхэд нь 2024 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан гэдэг асууудлыг ярьсан. Ингээд Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэс, Хөрөнгө оруулалт худалдах авах ажиллагааны бодлогын газар, Санхүү эрхэлсэн дарга, холбогдох мэргэжлийн хүмүүс гарын үсэг зураад явж байгаад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон дээр очоод гэрээ буцсан. Ерөнхий захирлаас яагаад гэрээ буцсан гэхээр хуулийн дагуу дахин үнэлэхийг даалгаж 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Үнэлгээний хороонд буцаасан. Яг тухайн өдөр Үнэлгээний хороо хуралдаж 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн Үнэлгээний хорооны хурлын шийдвэрээр гэрээ байгуулах хүчин төгөлдөр байх хугацаа дууссан байна гэх үндэслэлээр захиалагчид үнэлгээний дүгнэлтийг хүргүүлсэн. Захиалагчаас 7 хоногийн дараа буюу 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр тендер шалгаруулалтыг дахин зарлахаар болсон талаар “Э” ХХК-д мэдэгдэж, тендер шалгаруулалтыг хүчингүй болгосон. Нэхэмжлэгч сая 2023 оны Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн дагуу гэрээ байгуулах үүрэгтэй гэдэг зүйлийг хэлж байна. Үндсэн нөхцөл байдал дээр аль аль тал нь гэрээ байгуулахыг хүсэж байгаа боловч хуулийн хүчин төгөлдөр байх хугацааг хуулиар тогтоож өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Улсын Их хурлын 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгыг дагаж мөрдөх журмын тухай хууль гэж гарсан. Энэ журмын тухай хуулийн 1-т “Шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендерийг 2005 оны 12 дүгээр сарын 01-ний өдөр батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохион байгуулж дуусгана” гэсэн.

Өөрөөр хэлбэл 2005 оны хуулиар зохион байгуулна. Энэ тендер шалгаруулалт 2023 онд эхэлсэн. Өмнөх хуулийн үйлчлэлээр тендерийг нээж, үнэлгээг хийж, тендерийг зохион байгуулсан, маргаан гараагүй. 2005 оны хуулийн дагуу тендерийг явуулах шаардлага үүссэн боловч тендерийн хүчинтэй байх хугацаа дууссан. Гэвч тендер хүчинтэй байх хугацааг тооцоолж үзэхэд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”, 42 дугаар зүйлийн 42.1-т “Худалдан авах гэрээг дараах тохиолдолд хүчин төгөлдөр бус гэж үзнэ”, 42.1.2-т “захиалагч энэ хуулийн 27, 28, 29 дүгээр зүйлд заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан” гэж тус тус заасан нөхцөл байдал үүсэж, тухайн компанитай гэрээ байгуулах нь хуулийн дагуу гэрээ хүчин төгөлдөр бус байсан тул нэхэмжлэгч “Э” ХХК-тай гэрээ байгуулах боломжгүй гэх мэдэгдлийг хүргүүлсэн. Тендерийн хүчинтэй байх хугацааг нарийн тооцоолж үзсэн байх. 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр тендерийг нээсэн. Энэ өдрөөс хойш 30 хоногоор тооцохоор 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр тендерийн хугацаа дууссан. Үүн дээр 15 хоногоор сунгасан хугацааг нэмж байгаа. Ингээд Сангийн яамнаас 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр тендерийн хүчинтэй хугацааг түр түдгэлзүүлж тендерийн үйлчлэлийг зогсоосон. Буцаагаад 2024 оны 01 дугаар сарын 28-ны өдөр “Гомдол хянасан албан бичиг” ирснээр тендерийн хүчинтэй хугацаа үргэлжлээд явсан. Үндсэн болон нэмэгдэл хугацааг нэмэхээр 2024 оны 02 дүгээр сарын 22-ны өдөр тендерийн хүчинтэй хугацаа дууссан. Финлянд улсын “Ф" ХХК-аас бараа материалаа ав гэж мэдэгдсэн гэж нэхэмжлэгч сая хэлж байна. Гэрээний эрх зүй, гэрээний харилцаа гэрээ байгууллагдсан цагаас эхэлдэг өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд гарын үсэг зурснаар гэрээ хүчин төгөлдөр болдог. Мөн захиалагчийн хуулийн хэлтэст бүртгэгдснээр гэрээ хүчин төгөлдөр болох байсан. Энэ нөхцөл байдал дээр гэрээ хүчин төгөлдөр болоогүй учир гэрээний дагуу шаардах эрх үүсэхгүй. Үнэлгээний хорооны эхний 2 шийдвэрийг сүүлийн шийдвэрээр хүчингүй болгосон.

2021 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Монгол Улсын Сангийн сайдын 103 дугаартай тушаалын хавсралтын “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын 5.3, 5.4 дэх заалтыг дурдаж байна. Үнэлгээний хороо захиалагчид хүргүүлсэн үнэлгээний дүгнэлтэд өөрчлөлт оруулах, эсхүл шинээр дүгнэлт гаргах эрхгүй гэж байгаа ч захиалагч хууль зөрчсөн үндэслэлээр хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг үндэслэлээр дахин хуралдах боломжтой байдаг. Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга гэрээ байгуулах, эрх олгохтой холбоотой шийдвэрийг удааж гаргасан гэдэг асуудлыг ярьж байна. 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шийдвэрээ гаргасан. Энэ өдрөө бүх тендерт оролцогч нарт мэдэгдэж, цахим систем дээр 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр нийтэлсэн. Монгол Улсын Сангийн сайдын 103 дугаартай тушаалын хавсралтын “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшууллыг зохицуулах, үнэлгээний хорооны бүрэлдэхүүнд орох иргэний мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх журмын дагуу тендерийн Үнэлгээний хорооны бүх үйл ажиллагаа явагдсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Цогтгэрэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бүх болсон процесс ажиллагааг Б.Нандинчулуун төлөөлөгч хэлчихлээ. Захиалагчаас гаргасан шийдвэрийн дагуу Үнэлгээний хороо хуралдсан. Эрх зүйн актын хүрээнд бүх шийдвэр гарсан. Үнэлгээний хороо ирц бүрэн хуралдаж шийдвэр гаргасан тул шийдвэрүүд бүгд хуулийн дагуу хүчин төгөлдөр гарсан гэж үзэж байна. Өөр нэмж хэлэх тайлбар байхгүй” гэв.

 

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ маргаан дээр нийт 2 янзын хугацаа яригддаг. Тендер хүчинтэй байх хугацаа, гэрээ байгуулах эрх олгосон ажлын 6 хоногийн хугацаа гээд. Тэгэхээр тендер хүчинтэй байх хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болсон. Энэ өдөр тендерт шалгарсан компани гэрээний төслийг баталгаажуулж хүргэж өгсөн. Гэрээ байгуулах эрх олгох мэдэгдэлд заасан ажлын 6 өдрийн хугацаа нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусаж байгаа. Оролцогч компани гэрээний төслийг баталгаажуулан хүргүүлж байхад захиалагч болон Үнэлгээний хороо хайхрамжгүй хандсан гэж харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл Сангийн яамны гомдол хянасан буюу 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн албан бичиг очсоноос хойш 8 хоногийн дараа үнэлгээ хийсэн. Үнэлгээг хийснээс хойш 8 хоногийн дараа захиалагчийн шийдвэр гарч оролцогчдод мэдэгдэнэ гээд хуульд заасан. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд заасан захиалагч өөрөө түргэн шуурхай, үр ашигтай зохион байгуулах үүргээ биелүүлж хэрэгжүүлээгүй гэж үзэж байна. Ингэж хэрэгжүүлээгүйн үр дагаврыг өнөөдөр нэхэмжлэгч рүү булзааж байгаа үйл явц харагдаж байна.

 Захиргааны байгууллагын шийдвэр нь Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу зорилгодоо нийцсэн байх ёстой. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ болон Үнэлгээний хорооны зорилго нь энэ сэлбэг хэрэгслүүдийг түргэн шуурхай, чанарын шаардлага хангасан байдлаар нь авах зорилготой гэж үзэж байгаа. Тендерийн хүчинтэй байх хугацаа 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр дууссан гэж үзээд байгаа нь өөрөө зорилгодоо нийцээгүй шийдвэр гарсан гэж үзэж байгаа. Гэрээний хүчинтэй байх хугацаа дуусаагүй байхад дууссан мэтээр ингэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлд эрх зүйн боломжийг сонгох талаар заасан байдаг. 2024 оны 02 дугаар сарын 22-ны өдөр гэрээ хүчин төгөлдөр баталгаажсан байдлаар хүргэгдсэн гэрээг хүчин төгөлдөр гэж үзээд цаашаа баталгаажуулаад явах уу?, үгүй бол хүчингүй гэж үзэх үү? гэдэг нь захиргааны байгууллагын өөрийнх нь сонгох боломжийн асуудал. Гэтэл сонгох боломж нь юунд тулгуурладаг вэ? гэхээр хуульд заасан шаардлагад үндэслэсэн зорилгодоо нийцүүлээд аль боломжийг нь сонгох вэ? гэдэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэрээг хэзээ байгуулагдсан гэж үзэх вэ? гэдэг асуудлыг Иргэний хуульд тодорхой тусгасан байдаг. Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-д “Гэрээг бичгээр байгуулах тохиолдолд хуульд заасан талууд гэрээний саналыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан бол гэрээ байгуулагдсан гэж үзнэ” гэж заасан байгаа. Өөрөөр хэлбэл гэрээний нөхцөлийн талаар нэхэмжлэгч “Э” ХХК гэрээний нөхцөл дээр санал тусгах эрхгүй орж байгаа. Захиалагч буюу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гэрээний нөхцөлийг баталж боловсруулж, түүнийг нь Үнэлгээний хорооны нарийн бичиг нь баталгаажуулаад “Э” ХХК-д өгөөд гэрээнд заасан хугацаанд захиалагч гэрээг баталгаажуулж өгсөнөөр гэрээ байгуулагдсан гэж үзэж байгаа. Бид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирал Г.Ёндон гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай гэрээ байгуулж байгаа. Г.Ёндон гэдэг хүн дандаа энэ газрыг төлөөлөөд бүх үйл ажиллагаанд оролцоод яваад байхгүй. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын газар хэлтсүүдээр дамжуулж, буюу Үнэлгээний хорооны нарийн бичгээр дамжуулж гэрээ байгуулах үйл ажиллагааг хэрэгжүүлж байгаа нэг хэлбэр юм.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас гэрээ байгуулах саналыг хүлээн авч гарын үсэг зурснаар манай талаас шаардагдах зүйлийг хэрэгжүүлсэн гэсэн үг. Гэрээг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захиралд 2024 оны 02 дугаар сарынхаа 22-ны өдөр зуруулах уу гэдэг нь бол “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дотоод зохион байгуулалтын асуудал. Энэ нь гадагшаа чиглэсэн зүйл биш. 22 хоногийн дараа удирдлага дээр гэрээ очсон. Магадгүй 01 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэгч гэрээнд гарын үсэг зурсан ч гэсэн 01 дүгээр сарын 23-ны өдөр буюу 22 хоногийн дараа очоод гэрээний хугацаа дууссан гэж ингэж үзэх юм байна. Тендерийн хүчинтэй байх хугацааны дотор Г.Ёндон гэдэг хүний гар дээр гэрээ очно гэдэг ийм ойлголт байхгүй. Тийм учраас энэ гэрээг хэрэгжүүлэх ёстой гэж бид үзэж байгаа. Бид нар тендерийн хүчинтэй байх хугацааны дотор “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас ирсэн төслийг баталгаажуулж өгөх ёстой ойлголт юм. Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэл хамгаалагдах зарчим” энэ кэйс дээр заавал хангагдах ёстой. Оролцогч өөрөө үүргээ биелүүлээд түргэн шуурхай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ урт удаан хугацаанд хамтарч ажиллах, хамтын ажиллагаа болоод гэрээний төсөл гарын үсэг зурсан өдрөөс эхэлж гүйцэтгэлийн баталгаа болон цаашаагаа захиалгуудаа өгөөд явсан нь хэрэгт авагдсан баримтуудаар  тогтоогдож байна. Захиалагчаас ирсэн саналын хугацаанд гэрээг баталгаажуулж өгчихсөн учраас гэрээ байгуулагдсан гэж үзээд үүргээ биелүүлээд явж байгаа буюу нэхэмжлэгч компанид эдийн засгийн үр дагавартай нөхцөл үүссэн. Үүн дээр хуулийн этгээдийн хууль ёсны итгэлийг захиргаа заавал хамгаалах ёстой. Захиргааны байгууллагын шийдвэр тийм урвуу шарвуу байж болохгүй. Хуулиар тогтоосон хугацаандаа багтаагаад тендерийг нээсэн, хянасан, үнэлсэн, гэрээ байгуулах, холбогдох ажлуудыг хийсэн. Энэ нь түргэн шуурхай явуулах, гаргасан шийдвэрийн талаар тендер оролцогч нарт цаг тухайд нь мэдэгдэх, энэ үүргээ захиалагч өөрөө биелүүлээгүй  үр дагаврыг нэхэмжлэгч хүлээх боломжгүй. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Нэхэмжлэлийн шаардлага хангагдаж шийдвэрлэгдсэнээр магадгүй 14 хоног юм уу, 21 хоногийн дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын хүсээд байгаа тэр зорилго буюу нөгөө конусан бутлуурын сэлбэгүүд ирж нийлүүлэгдэнэ. Улсын хэмжээний том үйлдвэр цаг тухайдаа нэг ч гэсэн сэлбэг нь дутагдалгүй ажиллаасай гэж бодож байна. Дээрээс нь худалдан авах ажиллагаа нь үр дүнтэй, түргэн шуурхай зохион байгуулагдах ёстой” гэв.

Шүүх хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч  нь анх Эрдэнэт үйлдвэр ТӨҮГазрын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/626 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах”, “Конусан бутлуурын сэлбэгүүд нийлүүлэх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулахыг даалгах” шаардлага гаргасан. /ХХ-ийн 1-3   дугаар тал/

1.1. Нэхэмжлэгчээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад:

-“Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626,

-“ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хурлын шийдвэрийг тус тус хүчингүй болгуулах,

-“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ДҮ-112-12/215 дугаартай гэрээ байгуулах тухай мэдэгдлийн дагуу “Э" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, “Э” ХХК-тай гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах”-аар  нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, өөрчилсөн. /ХХ-ийн 107-110 дугаар тал/

1.2. Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн дээрх нэмэгдүүлж өөрчилсөн шаардлагаа дэмжин шүүх хуралдаанд мэтгэлцэж оролцов.

2. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарууд, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 /Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй/ дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт өгч, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

3. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын захирлын 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/99 дугаартай тушаалаар ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хороог байгуулсан бөгөөд тус үнэлгээний хороо нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2-т зааснаар байнгын бус ажиллагаатай байна. /Хэрэгт авагдсан CD-нд авагдсан/

4. Үнэлгээний хороо нь ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах чиг үүрэгтэйгээр байгуулагдсан байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдсан байх тул Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж зааснаар түүнийг байгуулсан эрх бүхий этгээд болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь түүний эрх зүйн үр дагаврыг хариуцна. 

Тав. Нэхэмжлэлийн ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

5.1.  Тендерийн Үнэлгээний хороо анх 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хуралдаж 05 дугаартай шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4 дэх заалтуудыг үндэслэн “Э” ХХК-ийн тендерийг “хамгийн сайн” тендер гэж үнэлжээ. /ХХ-ийн 47-51 дүгээр тал/

5.2. Дээрх тендерийн Үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Гэрээ байгуулах эрх  олгох тухай” ДҮ-112-12/7676 дугаартай албан бичгээр “Э” ХХК-тай  гэрээ байгуулахыг мэдэгдэж  хүргүүлсэн байна. /ХХ-ийн 40 дүгээр тал/

5.3. Тендерт оролцогч “Д” ХХК-иас дээрх тендер сонгон шалгаруулалтад гомдол гаргасныг Монгол улсын Сангийн яам хянаж 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн “Гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” 03/9338 тоотоор захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлж, мөн 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9571 тоотоор  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 14-ний ДҮ-112-12/7676,  ДҮ-112-12/76768 дугаартай албан бичгээр гаргасан шийдвэрүүдийг хүчингүй болгожээ. /ХХ-ийн 37-38 дугаар тал/

5.4. Дээрх Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Гомдол хянасан тухай” 03/9571 дугаар  албан бичгийн дагуу Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 07 дугаар шийдвэрээр дахин үнэлгээ хийж, “Э” ХХК-иас тодруулга авахаар шийдвэрлэсэн бөгөөд тодруулгыг авч тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 08 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн, “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулсан болох нь тогтоогдож байна. /ХХ-ийн 61-66 дугаар тал/

5.5. Энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын дарга /Д.Үүрийнтуяа/-аас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ХХК-д “Конусан бутлуурын сэлбэгүүд I” гэрээ байгуулах ДҮ-112-12/215 дугаар бүхий  шийдвэр, мөн ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” Худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-д цахимаар 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр  тус тус хүргүүлжээ.  /ХХ-ийн 43 дугаар тал/

 

5.6. “Э” ХХК нь дээрх албан бичиг болон гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч гэрээг зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан захиалагчийн заасан хугацаа болох 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр /ажлын эхний өдөр Даваа гаригт/ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст гэрээг авчирсан болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна. /ХХ-ийн 98-105 дугаар тал/

 

5.7. Хариуцагч талаас “...Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2 /Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна/ дахь хэсэгт зааснаар гэрээ байгуулах хүчинтэй хугацаа 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан, уг үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал гэрээ байгуулахаас татгалзсан тул тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдөр дахин хуралдаж 09 дугаар шийдвэрээр “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр  тендер шалгаруулалтыг дахин зарлах”-аар шийдвэрлэснийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” СЭ-112-12/626 дугаар албан бичгээр “Э” ХХК-д мэдэгдсэн байна.

5.8. Захиалагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргын 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/215 дугаар /...энэхүү мэдэгдлийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 6 хоногийн дараа ... ирж гэрээ байгуулна уу/ албан бичгээс үзвэл гэрээ байгуулах сүүлийн өдрийг 2024 оны 01 дүгээр сарын  23-ны өдөр гэж үзэхээр байна.

5.9. Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т “Тоолох хугацааны эцсийн өдөр ажлын бус өдөр байвал түүний дараагийн ажлын өдөр уг хугацаа дуусна” заасан бөгөөд хуанлийн 2024 оны 01 дүгээр сарын 20, 21-ний өдрүүд нь ажлын бус өдөр бөгөөд түүний дараагийн ажлын өдөр нь 01 дүгээр сарын 22-ны өдөр бөгөөд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан ажлын 6 –аас доошгүй өдрийн дараа...” нь 2024 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр ба гэрээний хүчинтэй хугацаа мөн өдөр дуусахаар байжээ.

5.10. Иймд “Э” ХХК-ийн гэрээг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулан захиалагчийн заасан хугацааны дотор буюу 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Бараа, материал худалдан авах ажиллагааны хэлтэст хүргүүлсэн нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна”-т заасан хугацааг хэтрүүлээгүй байх тул ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.

Зургаа. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626 дугаартай захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд

6.1. Хариуцагч буюу захиалагч нь гэрээний хүчинтэй хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан гэж буруу тогтоон, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай хууль бус шийдвэрийг үндэслэн “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626 дугаар шийдвэрээр “Э” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй бөгөөд маргаан бүхий тендерт “хамгийн сайн” үнэлэгдсэн  нэхэмжлэгч “Э” ХХК-ийн ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” Худалдах, худалдан авах гэрээ байгуулах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж байх тул “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626 дугаар шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

6.2. Захиргааны хэргийн шүүх нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-т заасанчлан хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, сэргээн тогтоох зорилготой.

 

Долоо. Нэхэмжлэлийн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай хурлын тэмдэглэл, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/215 дугаартай мэдэгдлийн дагуу “Э" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, гэрээ байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгах” шаардлагын тухайд:

 

7.1. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тендерийн Үнэлгээний хороо 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр хуралдаж 08 дугаар шийдвэрээр “Э” ХХК-ийн тендерийг шаардлагад нийцсэн “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер гэж шалгаруулж, энэ дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Тамгын газрын даргаас 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр “Э” ХХК-д “Конусан бутлуурын сэлбэгүүд I” гэрээ байгуулах ДҮ-112-12/215 дугаар шийдвэр, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I”  Худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-д тус тус хүргүүлсэн болох нь тус тус тогтоогдсон.

 

7.2. “Э” ХХК нь дээрх албан бичиг болон гэрээг 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн  авч, захиалагчийн гэрээний саналыг хүлээн зөвшөөрч 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

7.3. Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “дараах харилцаанд захиргааны гэрээг хэрэглэж болно”,  52.2.2-т “захиргааны байгууллага өөрийн зарим чиг үүрэг, эрх мэдлийг бусад этгээдэд шилжүүлэх харилцаанд”, 58 дугаар зүйлийн 58.1-т “Захиргааны гэрээнд энэ хуулийн Тавдугаар бүлэгт зааснаас гадна Иргэний хуульд заасан гэрээний суурь зохицуулалт нэгэн адил үйлчлэх бөгөөд өөрөөр зохицуулсан захиргааны хэм хэмжээ байхгүй тохиолдолд нөхөн тохируулж хэрэглэнэ”,  Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т  “Дараахь үндэслэлээр гэрээг байгуулсанд тооцно”, 196.1.1-т “эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр”, 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж тус тус заасан.

7.4. Тендерийн Үнэлгээний хороо болон Захиалагч нь гэрээний хүчинтэй хугацааг 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дууссан гэж буруу тогтоон, “Э” ХХК-тай гэрээ байгуулахаас татгалзсан нь бодит байдал дээр үндэслэлгүй,  “Э" ХХК нь гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан хугацаанд гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн байх тул дээрх хуульд заасан үндэслэлүүдээр гэрээг байгуулсанд тооцно.

7.5. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиалагч тухайн тендер шалгаруулалтад тавигдах чадавхийн шалгуур үзүүлэлт, шаардлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд нийцүүлэн тогтоож, тендерийн баримт бичигт тусгана”, 12.2-т “Тендерт оролцогчдыг тэгш боломжоор хангаж, шударга өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор тендер шалгаруулалтад оролцохыг сонирхсон этгээдүүдийн ерөнхий, санхүүгийн, техникийн чадавхи болон туршлагыг энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасан үзүүлэлтээр хянан үзэж магадлана”, 27 дугаар зүйлийн 27.3-т “тендер нь энэ хуулийн 27.1-д заасан бүх нөхцөлийг нэгэн зэрэг хангасан бол шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч тендер нээснээс хойш ажлын 15 өдрийн дотор энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ”, 29.2-т “Гэрээ байгуулах эрх олгох тухай мэдэгдсэнээс хойш ажлын 6-аас доошгүй өдрийн дараа, тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулна” гэж тус тус зааснаар “Э” ХХК-ийн тендер нь тендерийн баримт бичигт заасан нөхцөл шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж тендерт шалгаруулж, гэрээ байгуулах үндэслэлтэй.

7.6. Захиалагчаас “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 29 дүгээр зүйлийн 29.4 дэх хэсэгт зааснаар дуусгавар болсон байх тул тендер шалгаруулалтыг дахин зарлах” үндэслэлээр тендерээс татгалзаж, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох үндэслэлтэй байна. Иймд уг алдаатай шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдсөн болох нь тогтоогдож байх тул даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I”  Худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-тай байгуулахыг   “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгаж шидвэрлэлээ.

7.7. Дээрх үндэслэлүүдээр тендерийн Үнэлгээний хорооны шийдвэр болон түүнийг үндэслэн гаргасан захиалагчийн шийдвэр нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Худалдан авах ажиллагаанд ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, үр ашигтай, хэмнэлттэй, хариуцлагатай байх зарчмыг баримтална” гэж заасан тендер үр ашигтай байх, хариуцлагатай байх, хэмнэлттэй байх зэрэг худалдан авах ажиллагааны зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэв.

7.8. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

7.9. 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана” гэж заасан бөгөөд маргаан бүхий тус тендер нь 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрөөс эхэлсэн тул уг захиргааны хэргийг шийдвэрлэхдээ 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг баримтласан болно.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.12, 106.4 дэх заалтуудыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 27 дугаар зүйлийн 27.3, 29 дүгээр зүйлийн 29.1, 29.2, Захиргааны ерөнхий хуулийн 52 дугаар зүйлийн 52.2, 52.2.2, 58 дугаар зүйлийн 58.1, Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1, 196.1.1, 196.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2024 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай" СЭ-112-12/626”, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 09 дугаартай шийдвэрийг тус тус хүчингүй болгож, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 08 дугаартай шийдвэр, захиалагчийн 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Гэрээ байгуулах эрх олгох тухай” ДҮ-112-12/215 дугаар мэдэгдлийн дагуу “Э" ХХК-тай гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, ЭҮТӨҮГ/202301248 дугаартай “Конусан бутлуурын сэлбэгүүд I”  Худалдах, худалдан авах гэрээг “Э” ХХК-тай байгуулахыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 113 дугаар зүйлийн 113.1, 113.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд  гомдол гаргах эрхтэй.

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Д.САРАНГЭРЭЛ