Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00843

 

Д.Гын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Г, хариуцагч “ЗД” ХХК, “З” ХХК, Н бүтцийн газарт холбогдох

164 087 700 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагч “ЗД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Дагиймаа, хариуцагч  “ЗД” ХХК, “З” ХХК  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Д.Г би Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот, нэгж талбарын 1864331280978 дугаартай, газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000135415 дугаарын гэрчилгээтэй, 606 м.кв талбайтай газар, тус газар дээрхи 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн Ү-2203016842 дугаартай хувийн орон сууцтай байсан. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2013 оны 2/29, 3/31 тоот тогтоолын дагуу гэр хорооллын дахин төлөвлөлтийг хэрэгжүүлэх 2 талт 31/8-138 тоот гэрээг, 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах 14/5 тоот гэрээг байгуулж, эд хөрөнгөө худалдсан. Нийслэлийн Өмч газрын харилцааны газар /одоо Өмчийн харилцааны газар/ миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140 000 000 төгрөг надад өгсөн ба үлдэгдэл 106 000 000 төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 2 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхраас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон юм. Энэхүү гэрээ нь гурван талт гэрээний салшгүй хэсэг байна гэж заасныг үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 31/8-138 тоот гурван талт гэрээг байгуулж хуучнаар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газар /Гэр хорооллын хөгжлийн газар/-ын дарга Ш.Ганхуяг гэрээнд гарын үсэг зурж тамга дарсан. Гэвч 2016 оны 2 дугаар улиралд дуусахад надад гэрээнд заасан 2 өрөө сууцыг олгоогүй учир 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр 14/5 гэрээнд нэмэлт оруулах гэрээг байгуулж гэрээний хугацааг 6 сараар сунгаж, сунгасан 6 сарын хугацаанд сар бүр 650 000 төгрөгийг орон сууцны түрээс түр суурьшуулах зардалд төлөхөөр тохиролцсон. Миний өмчлөлд байсан газар дээр одоо төслийн шинэ орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьж ашиглалтад орон 2 жил гаруй хугацаа өнгөрүүлж байна. Гэвч “ЗД” ХХК уг асуудлыг шийдвэрлэхгүй өнөөдрийг хүрч байна. “ЗД” ХХК, “З” ХХК, Н бүтцийн газраас гэрээгээр өгөхөөр тохиролцсон байрны үнэ 100 000 000 төгрөг, түр оршин суух түрээсийн зардалд 41 900 000 төгрөг, алданги 22 187 700 төгрөг буюу нийт 164 087 700 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЗД” ХХК Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 онд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын 12/43 дугаартай Гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршил тогтоох тухай тогтоол батлагдсан. Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн байршилд хамарсан. Энэ үед Нийслэлийн иргэдийн төлөөлөгчийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 23 дугаартай тогтоолоор батлагдсан Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны шинэчлэгдэн батлагдсан журам үйлчилж байсан. Журмын 3.17.3-т зааснаар хэрэв тухайн газарт үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах тохиролцоо хийсэн бол төлбөр төлөх хугацааг тохиролцсон байна, худалдах худалдан авах тохиролцоог төсөл хэрэгжүүлэгч нь тухайн газрын үл хөдлөх хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчтэй худалдах худалдан авах гэрээг байгуулж болно, байгуулахгүй ч байсан болно гэдэг зохицуулалт тусгасан. Мөн уг журмын 4.24-д зааснаар тухайн газрын өмчлөл, эзэмшил нь “ЗД” ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчид шилжихгүй, харин тухайн төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаа, хугацаанд тэр газрыг ашиглаад төслийн хугацаанд орон сууц барих юм уу ямар нэгэн байдлаар төслийн хүрээнд үйл ажиллагаа явуулаад бүгдийг нь төрд буюу Гэр хорооллын дахин төлөвлөлтийн газарт хүлээлгэн өгөх ёстой. “ЗД” ХХК нь төслийнхөө хүрээнд орон сууцаа барина, харин худалдах худалдан авах гэрээний дагуу тухайн газар, үл хөдлөх хөрөнгийн авсан тохиолдолд зөвхөн ашиглаад бүх юмаа хийж гүйцэтгээд хүлээлгэж өгөөд нөхөн олговрыг төрөөс өгөх ёстой. Тиймээс бид Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчидээс баталсан тогтоолын дагуу худалдах худалдан авах гэрээг, 2 талт гэрээтэй хамт байгуулсан. Гэтэл энэ худалдах худалдан авах гэрээг байгуулахаас өмнө Ганболд нь Нийслэлийн газрын албатай нөхөн олговортойгоор тохиролцоо хийсэн байсан. Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуульд иргэний өмчлөлийн газарт барилга байгууламж юм уу, дэд бүтцийн асуудлаар төрд шилжих тохиолдолд нөхөн олговрын асуудлыг шийдээд төр авах асуудлыг зохицуулчихсан. Энэ хүрээнд тэр газар нь дэд бүтцийн трасст өртсөн буюу шугам сүлжээний трасст өртсөн байсан. Тэр газарт “ЗД” ХХК нь барилга байгууламж барихаар ерөнхий төлөвлөгөөгөөр баталчихсан байсан. Энэ талаар Нийслэлийн газрын албанаас болон Гэр хорооллын дэд бүтцийн газраас бидэнд мэдэгдээгүй учраас бид дээрх тогтоолоор олгосон эрхийхээ дагуу худалдах худалдан авах гэрээгээ байгуулсан. Уг газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг 315 000 000 төгрөгөөр хувийн компани үнэлж тогтоосон байна, тухайн иргэнтэй зөвшилцсөний үндсэн дээр 150 000 000 төгрөгөөр нөхөн олговортойгоор шийдвэрлэлээ гэдгийг харилцан тохиролцсон. Түүнээс биш Нийслэлээс 150 000 000 төгрөгөө ав, үлдсэн хэсгийг “ЗД” ХХК буюу төсөл хэрэгжүүлэгчээс ав гэсэн харилцан тохиролцоо явагдаагүй. Нөгөө талаар энэ газрын өмчлөх, эзэмших эрх “ЗД” ХХК-д шилжиж ирээгүй. Уг нь талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээгээр өмчлөгч нь эзэмшил, өмчлөлийнхөө газрыг худалдан авагч талд шилжүүлнэ гэдэг үүргийг гэрээнд хүлээчихсэн байгаа. Үүний дараа манайхаас 5 хоногтоо багтаж 30 000 000 төгрөг шилжүүлнэ гэдэг үүргийнхээ дагуу 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн боловч манайд огтхон ч газрын гэрчилгээ, өмчлөлийн асуудал шилжиж ирээгүй. 2016 онд төсөл хэрэгжүүлэгчийн үйл ажиллагааны эрхийг 6 сарын дотор төсөл хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа явуулаагүй гээд цуцалчихсан. Манайх барилгажилтынхаа үйл ажиллагаагаа хэрэгжүүлээгүй ч гэсэн төсөлтэй холбогдуулаад холбогдох үйл ажиллагааг хэрэгжүүлээд явж байсан. Ингээд манайд эзэмшил, өмчлөлийн асуудал ч ирээгүй, байшин барилгаа ч бариагүй, эрхээ цуцлуулчихсан. Иймд 106 000 000 төгрөг нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Дээр нь нэмэлт гэрээ байгуулахад иргэн ирж уулзсан, гэр хорооллын асуудалд ямар нэгэн нөхөн олговор авчихлаа гэдэг асуудлыг ярьсан учраас 6 сарын хугацаатай нэмэлт гэрээ байгуулсан. Гэрээгээр түр суурьшуулах түрээсийн төлбөр буюу 1 сарын 650 000 төгрөгөөр тохирч 6 900 000 төгрөгийн төлбөр төлөхөөр харилцан тохиролцож 6 900 000 төгрөгийг төлсөн. Нэхэмжлэгч гэрээний холбогдолгүй асуудлаар мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “З” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“З” ХХК болон “ЗД” ХХК-иуд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоосон байршлын ХЕТ-2013-1 багцын 3, Е, Ё1, К1, Л, Ш хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон Д.Г, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус байгуулсан. Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаяг байрлалтай 606 ам.дөрвөлжин метр талбай бүхий газар, тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг худалдагч талд 130 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч тал тухайн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон юм. Худалдан авагч “ЗД” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.2.1-д зааснаар ажлын 5 хоногт багтаан худалдагч тал болох Д.Год урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэтэл нэхэмжлэгч Д.Г нь 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газартай Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны орон сууцны 7 дугаар хорооллын дэд бүтцийн трасст орсон Д.Гын өмчилж буй газрыг чөлөөлөх, нөхөн олговор олгох асуудлыг хэлэлцэн тохиролцож 150 000 000 төгрөгийн нөхөн олговрын үнэлгээгээр газрыг чөлөөлөхөөр тохиролцооны бичиг үйлдсэн байдаг. Энэ нь Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5-д зааснаар газрыг улсын тусгай хэрэгцээг үндэслэн нөхөх олговортойгоор эргүүлэн авах тухай тохиролцоо бөгөөд 2014 оны 12 дугаар сарын 04-ны өдөр нийслэлийн Засаг даргын А/1011 дугаар Нөхөх олговор олгох тухай захирамжаар Д.Гын газар, үл хөдлөх хөрөнгийг 150 000 000 төгрөгөөр тооцож нөхөх олговор олгох тухай захирамж гарч урьдчилгаа 140 000 000 төлбөрийг авсан байдаг. Д.Г нь худалдах худалдан авах гэрээний 2.3-д энэ гэрээний 1.1 дэх хэсэгт дугаар болон хаяг бүхий газрын өмчлөх эрхийн гэрчилгээ, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг худалдан авагчийн нэр дээр шилжүүлэн өгч, улсын бүртгэлд бүртгүүлэх ажлыг Худалдан авагчийн томилсон төлөөлөгчтэй хамтран зохион байгуулж, өөрийн зүгээс шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллана хэмээн заасан боловч худалдагч Д.Г нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт болон гурван талт гэрээ дуусгавар болох хүртэл газар, үл хөдлөх эд хөрөнгийн эзэмших эрхийг худалдан авагч “ЗД” ХХК-д шилжүүлээгүй үүргийн зөрчил гаргасан явдал нь дээрх нөхөн олговрын харилцан тохиролцоо болон холбогдох Засаг даргын захирамжуудтай холбоотой. Иймд худалдагч Д.Гын зүгээс газар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг эзэмших эрхтэйгээр “ЗД” ХХК-ийн нэр дээр шилжүүлж өгөх үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн сонгогдсон талбайд гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх боломжгүй байдал үүсч улмаар нйислэлийн Засаг даргын захирамжаар гэр хорооллын дахин төлевлөлтийн төслийн барилгажилтын ажлыг 6 сар хүртэлх хугацаанд эхлүүлээгүй гэж үзэн “З” ХХК болон “ЗД” ХХК-иудын төсөл хэрэгжүүлэгчийн эрхийг цуцалсан билээ. Ийнхүү төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээ цуцлагдсан. Мөн нэхэмжлэгч Д.Гоос Нийслэлийн Өмч газрын харилцааны газар миний өмчлөлийн уг газар болон үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлэн тохиролцож тухайн үедээ Нийслэлийн төрийн сангаас 140 000 000 төгрөг өгсөн ба үлдэгдэл 106 сая төгрөгийн төлбөрт гэр хорооллыг барилгажуулах төслийн 3 дугаар блокоос 2016 оны 02 дугаар улиралд ашиглалтад орох орон сууцны 5 дугаар давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохирсон гэх боловч газар, үл хөдлөх эд хөрөнгийг төрөөс нөхөх олговортойгоор эргүүлэн авч буй тохиолдолд уг газар, үл хөдлөх эд хөрөнгөө бусдад худалдах тохиолдол давхар байх боломжгүй байтал ийнхүү 2 давхар төлбөр нэхэмжилж байгаа нь огт үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Гэр хорооллын дэд бүтцийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түвшинзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н бүтцийн газар нь Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Орон сууцны дэд бүтцийн газар гэж өөрчлөгдсөн тул надад итгэмжлэл олгосон. Иргэн Д.Г нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Нийслэлийн өмчийн харилцааны газар уг, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн гэж дурдсан нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Нөхөх олговор олгох тухай А/1011 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтаар Сүхбаатар дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт хэрэгжиж буй Орон сууцны VII хороолол төслийн дэд бүтцийн трасст өртсөн иргэн Д.Гын газар, үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэн 150 000 000 төгрөгийн нөхөн олговрын хэмжээг тогтоосон байна. Нийслэлийн Өмчийн харилцааны газар иргэн Д.Гын газар, үл хөдлөх эд хөрөнгийг 280 000 000 төгрөгөөр үнэлсэн нь нотлогдохгүй байна. Мөн иргэн Д.Гтой байгуулсан 31/8-138 дугаар гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.1, 2.2.3-т 50 м.кв бүхий 2 өрөө байр, 30 000 000 төгрөгийг бэлнээр олгов гэсэн тохиролцоо хийсэн. Тус гэрээг Гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.17-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр байгуулах бөгөөд талууд гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлэх үүрэгтэй. Гэвч иргэн Д.Г нь Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/1011 дугаар захирамжийн дагуу газар, үл хөдлөх эд хөрөнгийн нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэх аж ахуйн нэгж болон манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан хэмээн үзэж байна. Газар, үл хөдлөх эд хөрөнгө, худалдах, худалдан авах 14/5 дугаартай гэрээг 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулж тус гэрээндээ 2016 оны 07 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт өөрчлөлт оруулсан нь гэр хорооллын дахин төлөвлөлтийн үйл ажиллагааны журмын 4.18-д Төсөл хэрэгжүүлэх хоёр болон гурван талт гэрээг Төслийн удирдах хорооны баталсан гэрээний Звараар байгуулах бөгөөд өөр Звар ашиглан гэрээ байгуулахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна. Иргэн Ганболд нийслэлийн засаг даргын захирамжийн дагуу нөхөн олговор авсан боловч төсөл хэрэгжүүлэгчтэй манай байгууллагыг хууран мэхлэх замаар дахин гэрээ байгуулсан байгаа юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “ЗД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “ЗД” ХХК-иуд нь Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үйл ажиллагаанд оролцож Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тоггоосон байршлын ХЕТ-2013-1 багцын 3, Е, Ё1, К1, Л, Ш хэсэгчилсэн талбайд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан. Уг төслийн үйл ажиллагааны хүрээнд Д.Гтой 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт гэрээ болон Д.Г, Нийслэлийн Засаг даргыг төлөөлж Гэр хорооллын хөгжлийн газартай гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээг тус тус байгуулсан. Газар болон үл хөдлөх эд хөрөнгө Худалдах худалдан авах гэрээгээр худалдагч тал Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаяг байрлалтай 606 ам.дөрвөлжин метр талбай бүхий газар, тус газар дээрх 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг Худалдагч талд 130 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авагч тал тухайн газрыг өөрийн өмчлөлд шилжүүлэхээр харилцан тохиролцсон. Худалдан авагч “ЗД” ХХК нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээний 1.2.1-д зааснаар ажлын 5 хоногт багтаан худалдагч тал болох Д.Год урьдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Нэхэмжэгч Ганболд нь газар, үл хөдлөх эд хөрөнгөө нөхөх олговортойгоор төрд шилжүүлэхээр тохиролцсон талаараа мэдэгдсэн бол ЗД ХХК ийн зүгээс Худаладх худалдан авах гэрээг байгуулахгүй байсан буюу нэхэмжлэгчийн зүгээс бодит байдлыг мэдсээр байж нуун дарагдуулсны улмаас уг гэрээг байгуулсан байдаг. Манай компани худалдах худалдан авах гэрээний хувьд 30 000 000 төгрөгийг шилжүүлээд гэрээний үүргээ биелүүлсэн. Иргэн Д.Г гэрээний үүргээ биелүүлэхгүй, хууран мэхэлж хийсэн шинжтэй хэлцэл байгаа учраас үүргийн гүйцэтгэлд шилжүүлсэн 30 000 000 төгрөгөө эргүүлэн авахаар сөрөг нэхэмжлэлээ гаргасан. Иймд талуудын хооронд байгуулагдсан 14/5 тоот Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-дэх хэсэгт заасны дагуу Д.Гыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж түүнд шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг гаргуулж З деволопер ХХК-д гаргуулан мөгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Д.Г сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:  Д.Гын нэр бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 2 гэрчилгээг “ЗД” ХХК-ийн мэдэлд шилжүүлэн өгсөн, уг газрыг чөлөөлөхөөр газар дээр байсан үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн зардлаар буулгаж нүүлгэсэн, одоо тэнд орон сууцнуудыг ус цахилгаанаар хангах ЦТП барьсан тул бид газрыг шилжүүлэхгүй гэж маргах асуудал ерөөс байхгүй, гэрчилгээнүүд бидэнд байхгүй, “ЗД” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Эрдэмбаяр, төслийн удирдагч Х.Лагвасүрэн нар шаардаж авсан. “ЗД” ХХК-тай гэрээ хийхээс өмнө 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Нийслэлийн өмчийн харилцааны газрын газар чөлөөлөх хэлтсийн дарга Н.Баяртай протоколоор газар чөлөөлөх нөхөн олговорыг 150 000 000 төгрөгөөр тохирсон байсан тул түүнийг хасч тооцон, “ЗД” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 14/5 тоот газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулсан ба энэ гэрээний 1.2 дахь хэсэгт худалдан авч буй газрын төлбөр болох 130 000 000 төгрөгийн төлбөрийг дараах нөхцөлөөр төлнө. Урьдчилгаа 30 000 000 төгрөгийг энэ гэрээ талуудын хоооронд байгуулж, хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн ажлын 5 хоногт багтаан худалдагч тал төлнө. 1.2.2 энэ гэрээний үлдэгдэл 100 000 000 төгрөгийн төлбөрт худалдан авагч тал гэр хорооллыг барилгажуулах төлсийн 3 блокоос 2016 оны 02 дугар улиралд ашиглалтад орох орон сууцны 5-р давхараас 53 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг худалдагчид бартер хэлбэрээр төлнө гэж гэрээгээр 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх хоёр талт 31/8-138 тоот гэрээний 2.2.3 дахь хэсэгт 3 блокоос 2 өрөө 50 м.кв орон сууц өгнө, нэг м.кв нь 2 000 000 төгрөг 30 000 000 төгрөгийг бэлнээр олгов. Гэрээний 2.5-д 2016 оны 2 дугаар улиралд дуустал ЗД ХХК түр суурьшуулан зардалд тооцон орон сууцны З м.кв нэмж өгөхөөр тохиролцов гэсэн гэрээний заалт тодорхой байгаа. Дээрхи 2 гэрээний заалтын дагуу 2014 оны 11-р сарын 13-ны өдөр ЗД ХХК-иас Н.Дамчийгийн Төрийн банкны дансаар 30 000 000 төгрөгийн төлбөр орж ирсэн. Бидний амьдарч байсан газар, хашаа байшинг тухайн үедээ сайн сайхан юм ярьж ятгаж ухуулж, мөнгө байр өгнө гэж итгүүлж гэрээ хийгээд газрыг нь эд хөрөнгөтэй нь буулгаж үгүй хийчихээд биднийг олон жилээр чирэгдүүлж өнөөдрийг хүртэл шийдэж өгөхгүй байж гэрээний дагуу өгсөн 30 000 000 төгрөгөө буцааж нэхэмжилж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 227 дугаар зүйлийн 227.3, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ЗД” ХХК-иас 130 940 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Год олгон нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 33 147 700 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагч “З” ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт тус тус холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.Гоос 30 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “ЗД” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 243 695 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 307 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ЗД” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 812 650 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

Хариуцагч “ЗД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Билгүүн давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Хариуцагч “ЗД” ХХК болон нэхэмжлэгч Д.Г нарын хооронд 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулагдсан ‘Тазар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу газар чөлөөлөлт хийгдэж, инженерийн дэд бүтцийн барилга байгууламж барьсан хэмээн шүүх илтэд үндэслэлгүй тайлбарыг хийсэн. Учир нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 118 дугаар “Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэх зарим төсөл, арга хэмжээний тухай тогтоолын Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Санхүүжилтийг хөгжлийн банкаар дамжуулан “АGZ” ХХК, “Жаргал констракшн” ХХК, “begins” llc зэрэг компаниуд хийж гүйцэтгэсэн. Иргэн Д.Гын газар, түүн дээрх үл хөдлөх эд хөрөнгө нь “ЗД” ХХК-ийн орон сууцжуулах талбайд бус улсын чанартай инженерийн шугам сүлжээ, барилга байгууламж барих талбайд өртсөн учраас Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.1.3-т тус тус заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн А/101 дугаар захирамж, тус өдрийн “Иргэний өмчийн газрыг нөхөх олговортойгоо эргүүлэн авах тухай өндөр үнээр нөхөн олговор тогтоолгосон. 0.7 га газар бодит үнэлгээ 9 200 000 төгрөг байдаг. Тухайн үед 280 000 000 төгрөгөөр үнэлнэ гэж байсан тэгээд 150 000 000 төгрөгөөр үнэлсэн. Нийслэл нөхөн олговрыг 100 хувь хариуцаж олгож байсан. Зөрүү гээд байгаа мөнгийг хэн ч олгохгүй. 150 000 000 төгрөг дээр зөвшилцөөд Д.Г өөрөө зөвшөөрөөд гарын үсгээ зураад асуудал дууссан” гэж нөхцөл байдлын талаар хангалттай мэдүүлэг өгсөн нь хавтаст хэрэгт авагдсан байдаг. Гэрчийн мэдүүлгүүдийг шүүх үнэлэх байсан боловч огт авч хэлэлцээгүйн дээр дан ганц Н.Бат-Эрдэнэ гэгчийн мэдүүлгийг үндэслэж байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж үзэхээр байна. Дэд бүтцийн трасст өртөж Нийслэлээс иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг үнэлээд, харилцан зөвшилцөөд нөхөх олговортойгоор эргүүлэн авч байхад “ЗД” ХХК тухайн иргэний газар болон үл хөдлөх эд хөрөнгийг Худалдах, худалдан авах гэрээ хийх шаардлагагүй байсан. Монгол Улсын Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг Худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлж байгаа бол Үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлж байж өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүссэн гэж үзэхээр зохицуулсан. Хавтаст хэрэгт авагдсан Нийслэлийн Сүхбаатар дүүргийн улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 736 дугаар албан тоот, нэхэмжлэгчийн тайлбар зэргээр өнөөдрийг хүртэл үл хөдлөх эд хөрөнгө нэхэмжлэгч Д.Гын нэр дээр бүртгэлтэй хэвээр байгаа буюу Худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр үл хөдлөх эд хөрөнгө “ЗД” ХХК-ийн нэр дээр шилжиж ирээгүй болно. Гэтэл шүүх ямар үндэслэлээр “Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу Худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө болох өөрийн өмчлөлийн 110 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө болон газрыг “ЗД” ХХК-д шилжүүлсэн байх тул худалдан авагч /”3аг девелопер” ХХК/ нь Д.Год хэлэлцэн тохирсон үнийн төлөх үүрэгтэй” гэснийг ойлгохгүй байна. Иймд анхан шатны шүүх талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний харилцаа. түүний үр дагавар, тухайн үеийн үүссэн нөхцөл байдал, хэн ямар эрх зүйн харилцаанд ямар эрх, үүрэгтэйгээр оролцдог болохыг ялгаж салгалгүйгээр, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь ялгаж, үнэлэлгүйгээр, хэт нэг талыг баримталж үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байх тул Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шарадлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Д.Г нь хариуцагч “ЗД” ХХК, З ХХК, Гэр хорооллын дэд бүтцийн газарт холбогдуулан 164 087 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хариуцагч эс зөвшөөрөн маргажээ.

Нэхэмжлэгч Д.Г хариуцагч “ЗД” ХХК-тай 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр “Газар болон үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээ” байгуулж, нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо Зүүн сэлбийн 8 дугаар гудамж 138 тоот хаягтай  байгуулан Сүхбаатар дүүргийн 606 мкв талбайтай газар, 110 мкв талбайтай хувийн сууцыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч 130 000 000 төгрөгөөр төлөх, уг мөнгөнөөс 30 000 000 төгрөгийг бэлнээр, үлдэх 100 000 000 төгрөгт Гэр хорооллыг барилгаажуулах төслийн 3 блокын орон сууцнаас 5 дугаар давхраас 53 м.кв 2 өрөө орон сууцыг өгөхөөр тохиролцсон байна. /1дүгээр хавтас хуудас 10 дугаар тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнээс үзэхэд нэхэмжлэгч өөрийн өмчлөлийн газар болон орон сууцыг хариуцагчийн барих 2 өрөө орон сууцаар солих, хөрөнгийн үнийн зөрүү болох 30 000 000 төгрөгийг бэлнээр авахаар тохиролцсон талуудын тохиролцооноос үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1 дэх хэсэгт заасан арилжааны гэрээний харилцаа үүссэн гэж үзэх  үндэслэлтэй байна.

2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нэмэлт гэрээ байгуулан үл хөдлөх эд хөрөнгө худалдах-худалдан авах гэрээг 6 сараар сунгаж, худалдагч талд орон сууц түрээслэх зорилгоор 3 900 000 төгрөг олгохоор тохиролцжээ. /1хх.15/

Мөн нэхэмжлэгч Д.Г, хариуцагч “ЗД” ХХК, Нийслэлийн засаг даргыг төлөөлж гэр хорооллын хөгжлийн газартай 2015 оны 12 дугаар сарын 9-ний өдөр “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ”-г байгуулсан байна.  /1 хавтас , хуудас 11-12 дугаар тал/

Нэхэмжлэгч Д.Г Нийслэлийн өмчийн харилцааны газартай Иргэний өмчийн газрыг нөхөн олговортойгоор эргүүлэн авах тухай гэрээ байгуулж, өөрийн өмчлөлийн газрыг 107 476 500 төгрөгөөр, орон сууцыг 42 523 000 төгрөгийн нөхөн олговортойгоор шилжүүлэхээр тохиролцсон, уг мөнгөө авсан үйл баримт тогтоогджээ.  /1хх.8-10/

Талуудын хооронд хийсэн гэрээгээр хариуцагч “ЗД” ХХК гэрээнд зааснаар 30 000 000 төгрөгийг бэлнээр 5 хоногийн дотор төлөх, 100 000 000 төгрөгт тооцож ашиглалтад орох 2 өрөө байр өгөх үүрэг тус тус хүлээсэн байна. Хариуцагч байгууллага уг үүргийг биелүүлэх бодит боломжгүй болсон байх тул Иргэний хуулийн 226 дугаар зүйлийн 226.1 дэх хэсэгт заасан нэмэлт хугацаа тогтоох шаардлагагүй, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч гэрээнээс татгалзах эрхтэй.

Нийслэлийн өмчийн харилцааны газар Д.Г нар 2014 оны 12 дугаар сарын 04-ний өдөр газраа чөлөөлсөн талаар акт үйлдсэн, энэ үйл баримтын талаар зохигчид маргаагүй. /1хх.192-194/

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар биетээр буцаан авах эрхтэй. Гэвч талуудын маргааны зүйл болж буй нэхэмжлэгчийн өмчлөлийн 604 м.кв талбайтай газар 110 м.кв талбайтай хувийн сууцын өмчлөх эрхийг буцаан сэргээх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж үзнэ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн А/571 дугаар захирамжаар төсөл хэрэгжүүлэгч “ЗД” ХХК-ийн эрхийг цуцалсан байна. Иргэний хуулийн 220 дугаар зүйлийн 220.1 дэх хэсэгт “Гэрээ байгуулах үндэслэл болсон нөхцөл байдал гэрээ байгуулсны дараа илтэд өөрчлөгдсөн, ийнхүү өөрчлөгдөхийг талууд урьдчилан мэдэж байсан бөгөөд гэрээг байгуулахгүй байх буюу өөр агуулгаар байгуулах боломжтой байсан бол гэрээг өөрчлөгдсөн нөхцөл байдалд нийцүүлэхийг талууд харилцан шаардах эрхтэй” гэж заасан. Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэтгэснээр, Иргэний хуулийн 236.1.3-т заасан талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд “ЗД” ХХК гэрээний үүргээ биелүүлсэн, өөр үүргээр сольсон гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

Д.Г нь хариуцагч “ЗД” ХХК-аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.2, 205.2.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ биелүүлэхийг шарадах эрхтэй. /2хх.174/ Хэргийн нотлох баримтаас үзэхэд  “ЗД” ХХК нь гэрээнд заасан 2 өрөө орон сууц өгөх үүргээ биелүүлэх боломжгүй болсон тул нэхэмжлэгч мөнгөөр буцаан шаардах эрхтэй.

Иймд хариуцагч байгууллагаас хоёр өрөө 50 м.кв орон сууцны үнэ 130 000 000 төгрөг шаардах эртэй байх бөгөөд хариуцагчийн нэхэмжлэгчид шилжүүлсэн 30 000 000 төгрөгийг хасч тооцоход 100 000 000 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж үзнэ.

Мөн талууд 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр байгуулсан нэмэлт гэрээгээр орон сууцны түрээсийн төлбөрийг 3 900 000 төгрөг төлөхөөр тохиролцсон байх тул гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг гэрээнээс  татгалзсан учир гэрээний дагуу алдангийг шаардах эрхгүй.  Уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Хариуцагч “ЗД” ХХК-ийн хариуцагч Д.Гоос 30 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Учир нь, талуудын хооронд байгуулсан гэрээ цуцлагдсанд нэхэмжлэгчийн буруу гэх үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

Харин хариуцагч байгууллагын хувьд өөрийн байгууллагад хохирол учирсан гэж үзэж байгаа тохиолдолд буруутай этгээдээс хохирлоо нэхэмжлэхэд энэ шийдвэр саад болохгүй болно.   

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/00312 дугаар  шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтын “... 130 940 000 төгрөг “ гэснийг “... 103 600 000 төгрөг” гэж, “...33 147 700 төгрөг” гэснийг “...60 487 700 төгрөг” гэж,

шийдвэрийн 3 дахь заалтын “... 812 650 төгрөг “ гэснийг “ ...675 950 төгрөг” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид Хариуцагч “ЗД” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн төлсөн 821 869 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс  хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                      ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                         Ц.ИЧИНХОРЛОО