Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 08 өдөр

Дугаар 76

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч А.Нарантуяа даргалж,

нарийн бичгийн дарга Э.Нарантуяа,

улсын яллагч Н.Бадам,

шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар  

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт **************од холбогдох эрүүгийн 1733000600040 дугаартай хэргийг 2017 оны 12-р сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан шийдвэрлэв. 

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,  0000 оны 11-р сарын 06-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумд төрсөн, 00 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын операторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Улаанбаатар хот Баянгол дүүрэг, 00-р хороо, 0-00 тоотод оршин суух хаягтай, ******* овогт ************** /РД: МБ-/.

 

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Хавцал гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн хүсэлтээр: Хохирогч *******ы мэдүүлэг /хх-ийн 22-23, 24 дугаар хуудас/, гэрч *******н 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12 дугаар хуудас/, Дархан-Уул аймагт хохирогч ******* оёдол тавиулсан талаархи зураг/ хх-ийн 6-7 дугаар хуудас/, Хохирогч *******ы эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэргийг тогтоосон Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 880 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18 дугаар хуудас/ зэргийг шинжлэн хэлэлцүүлэв.

Шүүгдэгч ******* нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Хавцал гэх газарт иргэн *******ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

  1. Мөрдөн байцаалтад хохирогч *******ы өгсөн “...Сэлэнгэ аймгийн

Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг Хавцал гэх газарт Батбаярынд манайх 2017 оны 05 дугаар сард хэдэн бог мал тавьчихаад 2017 оны 09 дүгээр сард тавьсан бог малаа авах гээд очсон. Тэгээд очоод Батбаярынхаас малаа авах гэж байгаад Батбаярынд тавьсан малнаасаа болоод бид хоёр жаахан ам муруйж хэрэлдсэн юм. Тэгтэл Батбаярынд хүргэн нь гээд******* ирээд намайг чи яасан том бацаан бэ гээд намайг үгээр идээд байхаар нь би чи яах гээд байгаа юм бэ гээд*******ын цээж рүү нь түлхсэн чинь******* зөрүүлээд миний уруул руу гараа зангидаж байгаад нэг удаа цохисон. Тэр үед миний уруулнаас цус гоожход нь би гараараа дараад Батбаярынд үлдээсэн байсан бог малаа аваад гэр рүү гээ харьсан. Тухайн үед гэрт ямар нэг хүн байгаагүй би уруулныхаа цусыг арилгасан. Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-р хуудас/,    

2. Мөрдөн байцаалтад гэрч *******н өгсөн “...*******ы гэр манай гэр хоёр хоорондоо ойр зуссан. Тухайн үед *******ы гэрийн бог мал манай малтай нийлчихээд авахгүй байсан. Тэгэхээр нь 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ирж малаа ав гэж хэлэхэд ******* ганцаараа ирээд дахиад жаахан байлгаж болох уу гэхээр нь үгүй гээд жаахан хэрэлдсэн. Тэр үед манай хүргэн дүү ******* хажууд зогсож байсан бөгөөд *******ыг чинь настай хүнтэй яаж ярьж байгаа юм чи зүгээр малаа аваад яв гэж хэлэхэд ******* *******ыг түлхчихсэн юм. Тэгсэн чинь ******* *******ы нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. ******* малаа аваад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/, 

3. Ял шалгах хуудас /хх-ийн 44-р хуудас/,

            4. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 09-р сарын 07-ны өдрийн №880 дугаартай шинжээчийн дүгнэлтийн “...1. *******ы биед доод уруулд шарх, зулгаралт бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх  хэсэг /хх-ийн 18-р хуудас/,

5. Хохирогч *******ы биед анхны үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт /хх-ийн 05-р хуудас/,   

6. Хохирогч *******ы бусдад зодуулсан гэх зураг /хх-ийн 6-7-р хуудас/,

7. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *******ын өгсөн “...Би 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Иргэн *******ы биед хөнгөн гэмтэл учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч *******ы мал манай хадам ах Батбаярын дээр байдаг юм. Манай хадам ах хадлангын ажилтай байна малаа ав гэж *******ыг дуудсан. ******* ирж малаа авахдаа ******* ахтай жаахан маргалдахаар нь би цохисон... Би эхлээд тэр хоёрыг салгах гээд дундуур нь орсон юм. Тэр хоёр зууралдаад маргалдаад байсан юм. Би тэр хоёрыг болиулах гээд дундуур нь орсон чинь ******* над руу уурлаад цааргалаад миний цээж рүү түлхэхээр нь би уурандаа цохичихсон юм. Гараараа нүүрэн тус газар нь нэг цохисон... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашдаа ийм алдаа гарахгүй. Би гэм буруугаа ойлгож байна...” гэх мэдүүлэг зэргээр   хангалттай тогтоогдож байна.

Шүүгдэгч *******ыг хохирогч *******ыг зодож хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.    

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *******ы биед хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь эмчилгээний зардалд 16 000 төгрөг төлсөн байна. Хохирогч, шүүгдэгч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогч нь цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж заасан ялын төрлөөс шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан байдлыг харгалзан таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч  ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг  05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, энэ хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй  бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдэх нь зүйтэй.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10  заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

            1.Шүүгдэгч ******* овогт **************ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг 05 сар /тав/ хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

  6. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд үүнээс хойш 15 хоногийн дотор шүүхийн шийтгэх тогтоолыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгчид гардуулсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д  тус тус зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        А.НАРАНТУЯА