Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/857

 

                                                 

Х.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Х.Эрдэнэтуяа,  

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э, түүний  өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг,

шүүгдэгч Х.Б, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,  

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2100002489 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 Х.Б

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 123-551Б тоотод өөрийн гэртээ танил П.Төмөр, П.Баярхүү, Г.Батзориг, Н.Н.Д нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Дмаргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

             Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Х.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Сүхдээ овогтой Хүүхэний Х.Бг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Х.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Х.Боногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар Х.Бгийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д тус тус зааснаар шүүгдэгч Х.Бгаас 9.724.420 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эд олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н.Н.Д болон түүний хууль ёсны төлөөлөгч Н.Э нь гэм хорын хохиролд гарсан зардал болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Х.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Х.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Х.Б давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие 47 настай, эмэгтэй, 3 хүүхэд, зээ нарын хамт өрх толгойлон амьдардаг. Миний бие 2003 онд ханиа алдаад үр хүүхдүүдээ өсгөх ачааг үүрч улсад болон хувиараа хөдөлмөр эрхэлж байгаад дотоод шүүрлийн булчирхайн дутмагшил, бамбай булчирхайн хавдрын үрэвслийн улмаас хөдөлмөр эрхлэх чадваргүй болж, 2022 оны 9 дүгээр сард төлөвлөгөөт хагалгаанд орохоор бэлтгэл ажил болох артерийн даралт тогтворжуулах, зүрхний хэм хэвийн түвшинд оруулахаар амбулаториор эмчлэгдэж, гэнэт хоригдсоноос болж биеийн байдал муудаж, тогтмол эм хэрэглэж нэмэлт дагавар өвчнүүдээр хавсарч өвдөөд хүнд байдалд байна. Одоогийн байдлаар артерийн даралт 160-200 хооронд хэлбэлзэж сэтгэл санааны зовиураас болж зүрхний хэм алдагдаж, пульс ихсээд эмийн эмчилгээгээр өдөр хоногийг өнгөрөөж байна. Миний бие 2021 оны 11 дүгээр сарын 13-ны шөнө багын найз Н.Н.Д, түүний найз Т.Төмөр, Г.Батзориг, хуурай эгч Баярхүү нарын хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад, цаг хэт орой болсон тул гэртээ харьцгаахыг сануулсан боловч, найз Н.Н.Д маань гарахгүй болохоор нь “ яг одоо гар” гэж хэлээд түлхсэн, гэтэл найз маань хэт согтуугаас биеэ авч явах чадваргүй байдлаасаа түлхэлтийн хүчинд унаж, газарт байсан биет зүйлийг мөргөснөөр гэмтэл авсан гэх үйлдэлд гэм буруутайд тооцогдож яллагдсан. Тухайн үед ямар ч хэрүүл маргаан болоогүй, бид нарын хооронд өш хонзон, гомдол, тэмцэл байхгүй, багаасаа үерхэж нөхөрлөсөн найз нөхөд байсан, би түүнийг гэмтээх ямар ч санаа зорилго байхгүй хэтэрхий шөнө болсон тул охин хүүхдүүдээ хамгаалж, үр хүүхдүүд ач зээ нараа амар тайван байлгах гэсэн эх хүний сэтгэлээр өөрийн гэрээсээ гаргах шаардлагыг удаа дараа тавиад, ганцхан түлхэж гаргах гэснээсээ болж, найздаа гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би бусдын адил ажил хийж, ажлын хоногийн урамшуулал авах боломжгүй тул миний эрүүл мэндийн аргагүй байдлыг харгалзан үзэж надад оноосон ялыг багасгаж өгч тусална уу. Цаашдаа хохирлыг барагдуулна. Надад нөхрөөс минь үлдсэн хашаа байшин байдаг. Хашаа байшингаа зараад хохирлыг барагдуулах бодолтой байна.” гэв.

Шүүгдэгч Х.Бгийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Х.Б нь 2021 оны 11 дүгээр сараас 2022 оны 1 дүгээр сар хүртэл 2 сар гаруй хугацаанд хоригдохдоо 461 дүгээр ангийн эмнэлэгт бамбай булчирхай, дотоод шүүрлийн тархмал хордлого бахуу гэдэг өвчний оноштойгоор хэвтэн эмчлүүлж байсан. Эрүүл мэндийн шалтгаанаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж байсан. Х.Б нь гэм буруу, хохирол дээрээ маргаагүй. 9.700.000 төгрөгийг төлөх боломжтой болсон талаараа ярьж байна. Дээрх нөхцөл байдлыг харгалзаад 4 жилийн хорих ялыг нь багасгаж өгнө үү.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Э тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний ах ямар ч хөдөлмөрийн чадваргүй болсон. Бие засах ч чадваргүй болсон. Бид шүүгдэгчийг эмэгтэй хүн, 4 жилийн хорих ялаа эдлээд дуусагдээ гэж бодоод давж заалдах гомдол гаргаагүй. Ах минь 4 сар ухаангүй байхад нэг памперс ч авчирч ирж уучлалт гуйгаагүй. Хохирол төлнө гэж нэг ч хэлээгүй. Шүүгдэгч Х.Б бол хүмүүжих ёстой хүн.” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын өмгөөлөгч Ц.Төмөрцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. Шүүгдэгч талаас эд зүйлийн болон сэтгэл санааны туслалцаа огт үзүүлээгүй. Хэрэг учрал болсон өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хугацаанд уучлалт гуйгаагүй. Харин ч эсрэгээрээ хэл амаар доромжилж байсан.” гэв.

Прокурор Х.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо 123-551Б тоотод өөрийн гэртээ танил П.Төмөр, П.Баярхүү, Г.Батзориг, Н.Н.Д нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх явцдаа Н.Дмаргалдаж “яг одоо гэрээс гар” гэж түүнийг хоёр гараараа түлхэн унагаж улмаар түүний биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Эын “...2021 оны 11 дүгээр сарын 13-ны орой Х.Б гэх эмэгтэйн гэрт Г.Батзориг, Х.Б, түүний нөхөртэй хамт дөрвүүлээ архи уусан гэж ээж хэлсэн. Ээж ирэхгүй болохоор нь Н.Н.Д руу залгатал утсаа аваагүй байхаар нь Г.Батзориг руу залгаад хүүгээ асуугаад “архи дарс уугаад согтсон байвал дөхүүлээд ирээрэй” гэж гуйсан гэсэн. Тухайн үед цаана нь хүмүүс зодолдоод Х.Б орилоод байхаар нь ээж хувцсаа өмсөөд гэрт нь очиж явахад уг айлын хаалга онгойгоод Н.Н.Дыг түлхэж унагаасан гэсэн. Тэгээд ээж гүйгээд “миний хүүг яаж байна аа” гэж орилоход нь Н.Н.Дын толгой руу Х.Б өшиглөөд “битгий жүжиглээд бай босооч” гэж хэлээд орчихсон гэсэн. Ээж Х.Бтай хэрэлдэж байхад нь манай ах нүдээ нэг нээчихээд "чи миний ээжийг зодоод байгаа юм уу, болохгүй шүү” гэж хэлээд шууд хурхираад явчихсан гэж хэлсэн.” /1хх 15-16/,  

гэрч П.Баярхүүгийн: "... 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дүү БаярХ.Б /Х.Б/, түүний нөхөр н.Төмөр бид гурвыг байж байхад гаднаас н.Зоригоо, Н.Н.Д гэх хүмүүс орж ирсэн ба орж ирэхдээ халамцуу нэг шил архи аваад ороод ирсэн. Тэр хоёр Баясаагийн гэрт орж ирээд архиа хувааж уугаад байж байхад н.Зоригоогийн утас руу Н.Н.Дын ээж нь залгаад Н.Н.Дыг дуудаад байхад Н.Н.Д нь явахгүй байхаар нь БаярХ.Б /Х.Б/ нь Н.Н.Дын хувцаснаас нь зуурч байгаад цааш түлхэхэд Н.Н.Д нь гадаа газарт унасан ба тэрнээс хойш гэр дотор нь байж байхад Н.Н.Дын ээж нь гэх эмэгтэй ирээд “миний хүүхдийг зодоод гаргачихлаа, түлхээд гаргалаа” гээд орилоод ороод ирэхээр нь Баясаа “гарахгүй байсан юм чинь түлхэж гаргалаа” гэж хэлсэн.” /1хх 23-24/,

гэрч Г.Батзоригийн: “... Тэгээд бид нар уугаад байж байсан чинь 23 цагийн орчим Н.Н.Дын ээж Ц.Нэргүй над руу залгаад “миний хүү хаана байна” гэхээр нь “надтай хамт Х.Б эгчийн гэрт байна” гэсэн чинь ээж нь “наад бузар балиар айлдаа юу хийгээд байгаа юм бэ” гэсэн. Тэгээд Х.Б эгч ээжийнх нь ярьсныг сонсчихоод Н.Н.Дыг “яв” гээд хэлсэн боловч Н.Н.Д явахгүй хаалга алдлаад зогсоод байсан. Тэгсэн чинь Х.Б эгч араас нь түлхээд Н.Н.Д газарт унах шиг болсон. Би яг яаж унасныг нь хараагүй.” /1хх 26-27/,

гэрч Ц.Нэргүйн: “...Тэгээд тэр 2 ирэхгүй болохоор нь би дахиад 23 цаг 58 минутын үед би Г.Батзоригийн утас руу дахиад залгасан чинь Г.Батзориг өөрөө ярихгүйгээр нэг эмэгтэй хүнд утсаа өгсөн. Тэгсэн чинь тэр эмэгтэй нь миний өөдөөс “хүүхдийг чинь гадаа гаргаад хаячихсан шүү, хүүхдээ ирж аваарай” гэж ярьсан. Тэгсэн чинь сүүлд тэр хүн Баясаа /Х.Б/ гэх эмэгтэй байсан. Тухайн үед би бас тэрний дуу хоолойг нь таньсан. Тэгэхээр нь би шууд гэрээсээ ганцаараа хүүхдээ авах гээд Баясаагийн гэр рүү явсан. Баясаагийн гэр нь манай гэрээс хойш 2 гудамжны ард байдаг. Тэгээд би Баясаагийн гэрийнх нь гадаа очсон чинь миний хүү Н.Н.Д Баясаагийн байшингийнх нь гадаа газар хэвтэж байсан. Тэгээд би хүүгээ харсан чинь хүүгийн баруун талын хөмсөг хэсэг нь хавдчихсан, толгойн ар дагзны баруун талын хэсэг нь бас хавдсан битүү хавдартай байсан. Өөр ил харагдах гэмтэл шарх байгаагүй.” /1хх 33-35/,

гэрч Д.Оюуны: “...Эрүүл мэнд хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаал 2017 оны 1 дүгээр сарын 26-ны А/39, А/12 дугаартай тушаалыг үндэслэн 10.3 гавал тархины гэмтэл “тархи няцарч гэмтсэн, тархи ба бүрхэвчүүдийн дээр, доор цус хуралдсан буюу түүний хүндрэл үлдэц 70-100 хувьтай эхний 1 жил..." /1хх 169-170/,

шинжээч эмч О.Нансалмаагийн: “...Дээрх гэмтэл нь түлхүүлснээс толгойгоор унах, цохих, цохигдох зэргийн аль алинд нь үүсэх боломжтой. ...Дээрх гэмтлийг авч дээрх дурдагдсан үйлдлүүдийг гүйцэтгэсэн болно. Зарим тохиолдолд үйлдэл хийх боломжгүй ч байж болно. Гавал тархины гэмтлийн үед тухайн хүний бие, физиологи болон цус хуралт тархи дарагдлаас хамаараад харилцан адилгүй юм...” /1хх 166-167/,

яллагдагчаар Х.Бгийн: “...Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” /1хх 76/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11442 дугаартай дүгнэлтэд:

  1. Н.Н.Дын биед зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2.3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.

4.5. Зүүн зулайгаас зүүн чамархай, зүүн хөхлөг сэртэн дайрсан хугарал, зүүн зулай, дух, чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, баруун чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, дух, зүүн чих, баруун шилбэнд зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна..” гэх дүгнэлт /1хх 43-44/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан дуудлагын лавлагааны хуудас /1хх 2/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 6-9/, хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг асрах тухай гэрээ /1хх 156/, хохирогч Н.Н.Дын гэрэл зураг /1хх 188-190/, хохирлын баримт /1хх 116-149/, хохиролд 500.000 төгрөг шилжүүлсэн “Хаан” банкны баримт /хх 207/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Х.Бг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгч Х.Бгийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон төдийгүй Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн зарчим, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.

Шүүгдэгч Х.Б “...Би бусдын адил ажил хийж, ажлын хоногийн урамшуулал авах боломжгүй тул миний эрүүл мэндийн аргагүй байдлыг харгалзан үзэж надад оноосон ялыг багасгаж өгнө үү ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан боловч түүний хувьд хохирогч Н.Н.Дын биед хүнд гэмтэл учруулсан хэргийн гэм хорын хохирлыг төлж барагдуулаагүй, хохирлыг төлсөн баримт хэрэгт авагдаагүй байх тул шүүгдэгч Х.Бгийн ял хөнгөрүүлэх талаар гаргасан гомдлыг давж заалдах шатны шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.    

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч Х.Б нь 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд нийт 60 хоног цагдан хоригдсон ба Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу Давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд 67 хоног, нийт 127 /нэг зуун хорих долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ.   

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Бг 2021 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний хооронд цагдан хоригдсон 60 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцохоор дүгнэж шийтгэх тогтоолд заасан атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь хэсэгт “...Х.Б нь цагдан хоригдсон хоноггүй” гэж алдаатай бичсэн байх тул тус 7 дахь заалтад дээр дурдсанаар өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 2022/ШЦТ/974 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

7 дахь заалтын “...Х.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй.” гэснийг хасаж өөрчилсүгэй. 

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай. 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бгийн цагдан хоригдсон 127 /нэг зуун хорих долоо/  хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ