Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0496

 

2020 оны 8 сарын 07 өдөр

Дугаар 128/ШШ2020/0496

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би, О.Д-н нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Д 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: Миний бие Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 07-ний өдрийн Зөрчил арилгах тухай 14/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа анхан шатны шүүхэд явагдаж байгаа ба О.Д намайг хууль зөрчин томилогдоогүй талаарх баримтууд хангалттай цуглараад байгаа билээ.

Миний бие Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны даргын 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн Б/121 дүгээр тушаалаар тус албаны Захиргааны хэлтсийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байсан ба миний бие суралцахаар болсон тул өөрийн хүсэлтээр төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Нийслэлийн газрын албаны даргын 2020 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн Б/206 дугаар тушаалаар төрийн албанаас чөлөөлөгдсөн болно.

Иймд Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдуулан гаргасан Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн Зөрчил арилгах тухай 14/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзаж байгааг хүлээн авч, зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн О.Д Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 14/02 дугаар Зөрчил арилгах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг 2020 оны 8 дугаар сарын 05-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсан заалтын агуулгын хүрээнд байна.

Иймд нэхэмжлэгч иргэн О.Д нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар О.Д зүгээс улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн Нэхэмжлэгч О.Д Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д Нийслэл дэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлийн 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийн 14/02 дугаар Зөрчил арилгах тухай шийдвэрийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, иргэн О.Д нэхэмжлэлтэй, Нийслэл дэх Төрийн албаны салбар зөвлөлд холбогдох 128/2020/0408/З индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Д улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН