Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 2022/ДШМ/858

 

 

                                                                         

     2022            8           30                                          2022/ДШМ/858

 

Д.Нхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Тэгшбаяр,  

хохирогч В.Л, түүний  өмгөөлөгч Б.Цолмон,

шүүгдэгч Д.Н,    

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,  

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Дайрийжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч В.Л, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Нхолбогдох эрүүгийн 22050021299 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.   

 Д.Н, 

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 461 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийг 147.2-т зааснаар 8 жил 01 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэгдсэн.

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчимд хохирогч В.Лийг зодож, түүний биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

             Баянгол дүүргийн прокурорын газраас: Д.Нын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

             Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Дамдингийн Д.Ныг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, шүүгдэгч Д.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хохирогч В.Л өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Д.Н энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирүүлээгүйг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Д.Навсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

          Хохирогч В.Л давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн гэмт хэрэг 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн орчимд үйлдэгдсэн ба ялтан Д.Н нь “Чи яахаараа миний машины дугуйг сольдог юм бэ” гэсэн шалтаг, шалтгаан гаргаж ирээд ямар ч гэм зэмгүй намайг зодож гэмтээн, миний биед халдсан гэмт хэрэг үйлдсэн билээ. Энэ этгээд нь урьд өмнө ч гэсэн дээрмийн гэмт хэрэг үйлдэж, шүүхээс ял шийтгүүлж байсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаас надад харагдаж байсан. Гэтэл Д.Н нь намайг зодсоныхоо маргааш нь 1 сая төгрөг өгсөн боловч үүнээс хойш өнөөдрийг хүртэл 4 сар гаруй хугацаанд нэг ч төгрөг нэмж төлөөгүйд хохирогч миний бие асар их гомдолтой байна. Учир нь би зодуулсныхаа дараа Улсын төв 1 дүгээр эмнэлэг болон “Орбита” нүдний эмнэлгүүдээр явж, ямар эмчилгээ хийлгэх вэ, мөн түүнчлэн эмчилгээ хийлгэсэн тохиолдолд хэдэн төгрөгийн зардал гарах вэ гэдгийг судалж үзсэн. Тэгэхэд Улсын төв 1 дүгээр эмнэлэг нь миний хагалгаанд 3 сая орчим төгрөгийн зардал гарна гэж надад хэлж байсан ба харин “Орбита” нүдний эмнэлэг нь 3.500.000 төгрөгийн зардал гарна гэж хэлж байсан. Гэхдээ хохирогч миний хувьд “Орбита” нүдний эмнэлгийг сонгосон ба үүний шалтгаан гэвэл 2018 онд би бас л бусдад зодуулж зүүн нүдэндээ гэмтэл авсны улмаас имплант суулгуулсан ба уг хагалгааг Улсын төв 1 дүгээр эмнэлэгт хийлгэж байсан. Гэтэл тухайн эмнэлэг нь уусдаггүй имплантыг миний нүдэнд суулгаснаас болж, тухайн имплант нь зүүн талын нүдний мэдрэлийн судсыг дарж, энэ шалтгаанаас болоод өнөөдрийг хүртэл байнгын зовиуртай байгаа юм. Энэ тухайгаа би “Орбита” нүдний эмнэлгийн эмч нарт хэлэхэд тэд “Та уг нь манай эмнэлэгт тэр хагалгаагаа хийлгэсэн бол бид нар таны нүдэнд уусдаг имплантыг суулгах байсан. Энэ тохиолдолд өнөөдөр таны зүүн нүдэнд ямар ч зовиур шаналгаа илрэхгүй байсан юм” гэж хэлсэн. Тиймээс өвчтөн миний хувьд өнөөдөр баруун нүдэнд үүссэн гэмтлийнхээ хагалгааг “Орбита” нүдний эмнэлгээр хийлгэх нь зүйтэй юм байна гэсэн шийдэлд хүрсэн. Энэ тухайгаа ч би удаа дараа Д.Нт хэлж байсан боловч энэхүү этгээд нь өнөөдрийг хүртэл надтай огт холбоо барихгүй бүтэн 4 сар алга болсон бөгөөд шүүх хурал дээр би түүнийг харсан. Гэхдээ би болон миний өмгөөлөгч бид нар анхан шатны шүүхэд итгэж байсан бөгөөд шүүхээс “3.500.000 төгрөгийн эмчилгээний зардлыг Д.Наас гаргуулж В.Лид олгосугай” гэсэн шийдвэр гарна гэдэгт 100 хувь итгэж байсан билээ. Харамсалтай нь анхан шатны шүүх нь ийм шийдвэр гаргаагүй бөгөөд тэр ч байтугай Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн Д.Нт хэт хөнгөн ял шийтгэл оноосон гэж хохирогчийн хувьд үзэж байна. Тиймээс дараах хоёр хүсэлтийг гаргаж байгааг хүлээн авна уу. Д.Нт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. Мөн Д.Наас “3.113.380 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Л надад олгосугай” гэсэн заалтыг анхан шатны шүүхээс гаргасан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү.” гэв.

          Хохирогчийн өмгөөлөгч Б.Цолмон давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэж болохгүй учраас “шүүгдэгч Д.Нын үйлдсэн гэмт хэрэгт хэт хөнгөдсөн ял гэж үзэж байгаа бөгөөд энэхүү этгээд нь үйлдсэн хэрэгтээ огт гэмшээгүй, дүгнэлт гаргаагүй, улмаар бусдад учруулсан хохирлоо бүрэн гүйцэт нөхөн төлөөгүй билээ. Тиймээс энэхүү ялтанд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон ял буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 3 төрлийн ялаас 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг оноож өгнө үү” гэх гомдлоосоо татгалзаж байна.  Харин анхан шатны шүүх нь хохирлын тооцоог гаргахдаа хэдийгээр хохирогч В.Лид бичгийн баримтаар бол нийт 386.620 төгрөгийн зардал тухайн үед гарсан гэдгийг зөв тооцоолсон боловч хохирогчийн зүгээс “Орбита” нүдний эмнэлэгт яаралтай хагалгаанд ороход зайлшгүй шаардлагатай зардал болох 3.500.000 төгрөгийг ялтан Д.Наас гаргуулаагүйд хохирогч болон өмгөөлөгч миний хувьд маш их гомдолтой байна. Анхан шатны шүүх нь хохирогчийн зүгээс “Орбита” нүдний эмнэлэгт яаралтай хагалгаанд ороход зайлшгүй шаардлагатай зардал болох 3.500.000 төгрөгийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэргийн хор уршиг” гэж дүгнэснийг өмгөөлөгч миний хувьд хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа юм. Өөрөөр хэлбэл дээрх 3.500.000 төгрөг нь тухайн гэмт хэргийн улмаас хохирогч В.Лийн эрүүл мэндэд шууд учирсан үр дагавар учраас энэ мөнгийг буюу хохирлыг “гэмт хэргийн хохирол” гэж тооцох ёстой. Тиймээс энэхүү гэмт хэргийн хохирлыг анхан шатны шүүх нь өөрийн гаргасан “Шийтгэх тогтоол”-д шууд тусгаж өгөх ёстой байсан. Гэтэл дээрх хохирлыг анхан шатны шүүх нь “Ирээдүйд учрах хохирол” гэж үзээд, улмаар хохирогч В.Л нь өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэж шийдвэрлэснийг бидний хувьд огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ мөнгийг хүлээж, хохирогч В.Л болон түүний өмгөөлөгч миний бие нь өнөөдрийг хүртэл 4 сарын турш горьдож байсан боловч хэргийг эцэслэн шийдвэрлэсэн анхан шатны шүүх нь дээрх байдлаар хууль бус шийдвэр гаргаснаас болж, өнөөдөр хохирогч В.Л нь яаралтай хагалгаанд орж чадахгүй байж байна. Хэрэв ийм байдлаас болоод, хохирогч В.Лийн нүд нь хараагүй болвол үүний хариуцлагыг Д.Н хүлээх үү, эсвэл буруу шийдвэр гаргасан анхан шатны шүүх хүлээх үү гэдэг асуулт зайлшгүй гарч ирэх болов уу. Тиймээс анхан шатны шүүхийн гаргасан дээрх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан буюу “хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах” гэж зааснаар, дээрх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “ялтан Д.Наас 3.113.380 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Лид олгосугай “ гэсэн заалтыг оруулж өгнө үү.” гэв.

Прокурор Б.Тэгшбаяр тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогчид цаашид гарах хохирлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хохирогч В.Л, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Д.Н нь 2022 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Гандангийн орчимд хохирогч В.Лийг зодож, түүний биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч В.Лийн: “... Тэр хооронд би дугуйг нь сольчихоод бид хоёр миний машинд суугаад тамхи татаж байсан ба миний баруун талын цонх онгорхой байсан чинь гэнэт Д.Н гарч ирснээ чи миний машины дугуйг сольдог хэн бэ гэснээ толгой нүүр рүү гараараа цохиод зодсон. Тэр үед нөгөө эмэгтэй болиоч гээд Д.Ныг цааш нь салгаж байсан. Би тэр үед жаахан холдохоор нь би машинтайгаа хол очиж зогсож байгаад цагдаад дуудлага өгсөн. Би эрүүл мэндээрээ хохирсондоо гомдолтой байна. Эмчилгээний зардал мөнгөө нэхэмжилнэ.” /хх 23-24/,

гэрч Г.Гандолгорын “... Д.Н ажилдаа яваад гэртээ ирсэн ба согтуу байсан болохоор нь би гадаа хүнээр дугуй янзлуулж байгаа гэж хэлчихээд үүдэн дээр нь жолоочтой хамт зогсож байсан чинь Д.Н араас гарч ирснээ нөгөө жолоочтой маргалдаад жолооч нь машиндаа суусан чинь араас нь очоод хоёр гурван удаа нүүр рүү нь гараараа цохисон. Тэр үед би Д.Ныг салгасан. Тухайн үед Д.Н машиных нь жолооч талаас гараа оруулаад жолоочийг нүүр рүү нь цохисон.” /хх 58-59/,

яллагдагчаар Д.Нын “... манай хашааны ойролцоо байсан миний өөрийн эзэмшлийн 94-76 УНА улсын дугаартай тоёота “приүс 20” загварын автомашины урд талын дугуйг нэг танихгүй залуу тайлаад сольж байсан ба “юун хүн бэ” гэсэн чинь цаанаас манай найз эмэгтэй Гандолгор энэ хүн чиний машины хагарсан дугуйг сольж өгч байгаа юм гэхээр нь би яагаад танихгүй хүн миний машины дугуйг сольдог юм гэж уурласан. Тэр үед нөгөө дугуй сольж байсан залуу В.Л өөрийнхөө “инсайт” загварын машины жолоочийн хүрдний ард очоод суусан ба би очоод “чи яагаад миний машины дугуйг сольдог юм” гээд уурлаад толгой нүүр рүү нь хоёр удаа гараараа цохисон. /хх 48-49/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2021 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 4281 дугаартай “...В.Лийн биед баруун нүдний ухархайн ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 15-16/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Ныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж, Д.НЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.  

Хохирогч В.Л, түүний өмгөөлөгч Б.Цолмон нар “...Д.Нт хэт хөнгөн ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Иймд Д.Нт 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү. ...мөн Д.Наас 3.113.380 төгрөгийг гаргуулж, хохирогч В.Лид олгуулж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус гаргажээ.

Гэвч шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хүндрүүлж шийдвэрлэх эрх зүйн зохицуулалт байхгүй учраас шүүгдэгч Д.Нын үйлдсэн гэмт хэрэгт хэт хөнгөдсөн ял шийтгэл оногдуулсан гэх гомдлын үндэслэлээсээ татгалзаж байна.” гэсэн тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

Харин хохирогч “Орбита” эмнэлэгт хагалгаанд орох 3.500.000 төгрөг нэхэмжилсэн ба энэ талаарх хагалгаанд орох тухай эмнэлгийн нэхэмжлэх болон бусад баримт хэрэгт авагдаагүй байх тул анхан шатны шүүх ирээдүйд гарах зардлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, хохирогч В.Л өөрт учирсан хохиролтой холбогдох зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Д.Наас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч В.Л, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/535 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч В.Л, түүний өмгөөлөгч Б.Цолмон нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус  хэрэгсэхгүй болгосугай. 
  2. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

                

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ

                                    ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

                                    ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ