Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0506

 

 

2020 оны 8 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2020/0506

Улаанбаатар хот

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч У.Бадамсүрэн би,  А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр ирүүлсэн хүсэлтдээ: А  ХХК нь Нийслэлийн засаг дарга-д холбогдуулан Нийслэлийн засаг даргын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн №А/609 дүгээр захирамжийн А ХХК- д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан

Дээрх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хийгдэж буй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцож буй Нийслэлийн Засаг Дарга нь 2020 оны 5 сарын 5-ны өдөр №А/623 тоот захирамжийг гаргаж А ХХК-ийн МУ-019330 дугаартай түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг сэргээн олгож, Нийслэлийн засаг даргын 2017 оны 08 сарын 21-ний өдрийн №А/609 дүгээр захирамжийн 1 дүгээр хавсралтын 41 дэх хэсгийг буюу  А ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, уг захирамжийн хуулбарыг бидэнд 2020 оны 6 сарын 5-нд хүлээлгэн өгсөн болно.

Энэхүү нөхцөл байдлын талаар тодруулсан Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн албан бичигт Нийслэлийн засаг даргын Тамгын газраас 2020 оны 8 сарын 4-ний өдрийн №07/4201 тоот албан бичгээр хариу хүргүүлэхдээ  А ХХК-ийн МУ-019330 дугаартай тусгай зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын 2020 оны А/623 дугаар захирамжаар сэргээсэн тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү хэмээгээд тусгай зөвшөөрлийг сэргээсэн 2020 оны 5 сарын 5-ны өдрийн №А/623 тоот захирамжийн хуулбарыг хавсарган хүргүүлсэн нь хэргийн материалд авагджээ.

Хариуцагч нь дээрх шийдвэрийг гаргаж, манай компанийн тусгай зөвшөөрлийг сэргээснээр А  ХХК-ийн зөрчигдсөн эрх сэргэсэн байх тул уг баримтыг үндэслэн Нэхэмжлэгч  А ХХК нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй хэмээн заасны дагуу хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг сайн дураар хүлээн зөвшөөрч биелүүлсэн шалтгаанаар нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байна... гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 А ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох Нийслэлийн Засаг даргын 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн  А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах тухай нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах хүсэлтийг бичгээр гаргаж, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

Энэхүү хүсэлт нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх буюу багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй, мөн хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д: нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т: ...нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэхчлэн зохицуулсан заалтын агуулгын хүрээнд байна.

Иймд нэхэмжлэгч А ХХК нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тохиолдолд шүүгч захирамж гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн асуудлыг мөн адил шийдвэрлэхээр хуульд зохицуулсан тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.5-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Мөн Нэхэмжлэгч  А ХХК Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан бол уг асуудлаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах эрхээ алдах, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар ...хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлаж буюу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч  А ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн А/609 дүгээр захирамжийн  А ХХК-д холбогдох хэсгийг илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж,  А холбогдох 128/2019/0493/3 индекстэй захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч А ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ У.БАДАМСҮРЭН