| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэнд-Аюушийн Ичинхорлоо |
| Хэргийн индекс | 102/2019/03770/И |
| Дугаар | 210/МА2020/00842 |
| Огноо | 2020-04-13 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 13 өдөр
Дугаар 210/МА2020/00842
Б.Л, Д.Э нарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00439 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нарын нэхэмжлэлтэй
Хариуцагч “ТУ” ХХК-д холбогдох
2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах, “ТУ” ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн газар, баригдсан 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг тус тус “ТУ” ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Л, Д.Эрднэбилэг нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.Л, Д.Э нь хувийн худалдааны бизнес эрхлээд үр бүтээлтэй ажиллаж байна. Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамж 31 тоотод байрлах “ТУ” ХХК-ийн нийт 16279 ширхэг хувьцааг эзэмшдэг. “ТУ” ХХК нь геологи, өрөмдөх, тоног төхөөрөмжийн худалдааны чиглэлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллага юм. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн Тэнхлэг ус ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах тухай шаардлагын тухайд “ТУ” ХХК-ийн хувьцааг нийт 6 иргэн эзэмшдэг ба 2008 оноос өнөөдрийн байдлаар хувьцаа эзэмшигчдийн хурлаа хууль бусаар явуулдаг ямар нэгэн байдлаар хурлын товыг мэдэгдээгүй. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр болсон хуралд оролцуулахгүйгээр 2018 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг хэлэлцэн баталсан ба үйл ажиллагаа санхүүгийн байдлыг сайн байна гэж сайшаасан байна. “ТУ” ХХК нь алдагдалтай ажлаад байхад яагаад маш сайн гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй. 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх дараалалд Тэнхлэг ус ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Шинэбаярын гүйцэтгэх захирлаас чөлөөлөх тухай саналыг хүргүүлэхэд, саналыг хурлын дараалалд оруулахгүйгээр орхигдуулсан. “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Л нь өөрийн санхүүжилтээр тус компанийн санхүүжилтээр тус компанийн газар дээр нь 3 барилга барьсан. Үүнд: Төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай, 24м х 54м хэмжээтэй, 1296 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, 2018 онд дээрх барьсан барилгуудын “ТУ” ХХК-ийн хөрөнгөд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан боловч хүлээж авдаггүй. 2019 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэх дараалалд оролцуулахыг шаардсан боловч хэлэлцүүлэхгүйгээр орхигдуулсан. “ТУ” ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах тухай шаардлагын тухайд “ТУ” ХХК-ийн санхүүгийн үйл ажиллагаа танилцуулдаггүй, ямар учраас алдагдалтай ажилладаг талаар мэдээлэл авахыг хүсэхээр хүсэлтийг гүйцэтгэх захирал хүлээж авдаггүй , 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг танилцуулах, мөн аудитын шалгалт оруулах тухай шаардлага, хүсэлт гаргахаар авдаггүй, бидэнд хуулиар олгогдсон эрхийг зөрчиж байгаа тул 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хураас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах, “ТУ” ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулж өгнө үү. Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард компанийн эзэмшлийн хашаанд баригдсан төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулахыг тус тус “ТУ” ХХК-ийн хөрөнгөд бүртгүүлэхээр удаа дараа хүсэлтийг гаргасан боловч компанийн удирдлага хүлээж авдаггүй, ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэх талаар ямар нэг арга хэмжээ авдаггүй. Иймд Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард Үйлдвэрийн төвийн бүс Энгельсийн гудамж 31 тоотод байрлах компанийн эзэмшлийн хашаанд төмөр бетонон дээвэртэй, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй, 24м х 30м хэмжээтэй, 720 м.кв талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга, 15м х 30м хэмжээтэй 450 м.кв талбай бүхий нэг давхар агуулахыг тус тус “ТУ” ХХК-ийн өмчлөлд бүртгүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТУ” ХХК-ийн эзэмшил газар дээр Б.Л, Д.Э нар компанийн бизнесийн үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлж, ашиг орлогыг нэмэгдүүлэх үүднээс өөрсдийн хөрөнгөөр 3 обьект барьсан. Барилгаа бариад “ТУ” ХХК болон компанийн ТУЗ-д компанийн өмчлөлд бүртгүүлэхээр хүсэлт гаргасан. Хүсэлтийг компани хүлээн авч шийддэггүй. Иймд энэ 3 обьектыг “ТУ” ХХК-ийн өмчлөлд бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурлаас гадна өмнө нь болсон хурлууд болон ТУЗ-ийн хурлууд байдаг. Эдгээр хурлын хэлэлцэх асуудлын жагсаалтад 3 объектийг компанийн өмчид бүртгүүлэх саналыг оруулах, санал бодлоо илэрхийлэх эрхээ эдлэх, хувьцаа эзэмшигч ногдол ашгаа авах гэх зэрэг асуудлаар удаа дараа хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг хүлээн авдаггүй, шууд олонхиороо асуудлыг шийдвэрлээд яваад байдаг. “ТУ” ХХК нь 2008-2019 оны хооронд байнгын алдагдалтай ажилласан. Бизнесийн үйл ажиллагаа хэрхэн явагдаж байгаа, яагаад алдагдалтай ажиллаж байгаа талаар мэдэхээр хүсэлт тавьж, санхүүгийн тайлангаа үзүүлээч гэхэд үзүүлдэггүй. Иймд бид 2008-2019 оны “ТУ” ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг үзэх хүсэлттэй байна. Мөн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаас гарсан шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Эдгээр байдал нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байгаа учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн төлөөлөгч Д.Шинэбаяр шүүхэд гаргасан тайлбартаа: “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын товыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр гэж зарлахдаа компанийн төлөөлөн удирдах зөвлөл 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тогтоол гаргаж, уг тогтоолд Б.Л, Д.Э нар гарын үсэг зурсан байдаг. “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн ээлжит хурал компанийн байранд 15 цагт эхэлсэн бөгөөд уг хуралд хувьцаа эзэмшигч Б.Л өөрийн биеэр хувьцаа эзэмшигч Д.Эийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох оролцож, ирцийн бүртгэлд гарын үсгээ зурсан байдаг. Гэвч энэ хоёр хүн хурал эхэлсний дараа хурлыг орхиж явсан. Хурлын ирц хангалттай бүрдсэн учраас хурлыг үргэлжлүүлэн хийж зохих шийдвэрүүдийг Компанийн тухай хууль, компанийн дүрмэнд заасны дагуу олонхи хувьцаа эзэмшигчдийн санал 54,9 хувиар батлан гаргасан. Гүйцэтгэх захирал Д.Шинэбаярыг 2018 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаа томилж баталсан ба энэ үед нэхэмжлэгч нар зөвшөөрсөн байдаг. 2019 онд нэхэмжлэгчдийн зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө болон хурлын эхэнд гүйцэтгэх захирлыг чөлөөлөх тухай ямар нэгэн санал гаргаагүй болно. Хэрэв гаргасан гэж байгаа бол үүнийгээ нотолсон баримтаа гаргавал зохино. “ТУ” ХХК-ийн 43,12 хувийн хувьцаа эзэмшигч Б.Л, Д.Э нар 2007 онд тус компанийн эзэмшил газрын 50 орчим хувьд ногдох хэсгийг дээрх гражийн барилгын хамт өөрсдийн эзэмшилд авч тусдаа бие даасан үйл ажиллагаа явуулах, компанийн үйл ажиллагаанд оролцохгүй байх хүсэлт гаргасныг бусад хувьцаа эзэмшигчид зөвшөөрсөн. Энэ үеэс одоог хүртэл нэхэмжлэгч нар тусдаа үйл ажиллагаа явуулж олсон орлого, гарсан зардлаа өөрсдөө хариуцагч тайлан тооцоогоо тусдаа хийж ирсэн. Тэд орлого зарлагаа өөрсдийн эзэмшлийн “Уран ган” ХХК-ийн тайлан тэнцэлд тусгадаг гэж ярьдаг. Ийнхүү тусдаа 10 гаруй жил болохдоо компанийн эзэмшил газар дээр ямар нэг зөвшөөрөлгүйгээр граж агуулахын зориулалттай 3 хэсэг барилга барьсан. Үүнээс хоёр барилга нь нийтийн эзэмшлийн газрын талбайд хэсэгчлэн орж баригдсан ба үүнийг буулгахыг шаардаж Нийслэлийн газрын албанаас 2 удаа мэдэгдэл хүргүүлж байсан. Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар өөрсдөө хүсэлтээ гаргаж 2017 оноос эхлэн компаниа нэг удирдлага дор байлгах, энэ зорилгоор өөрсдийн мэдэлд шилжүүлэхээр тохиролцсон. Ингэж тохиролцсоны дагуу хувьцаа эзэмшигчдийн хуралд 2018 оноос эхлэн Б.Л, Д.Э нар оролцох болсон. Гэвч өнөө хүртэл эзэмшилдээ авсан газар, барилгыг хувьдаа ашигласан хэвээр, орлого зардлаа компанийн тайлан тэнцэлд тусгуулахгүй байна. Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэлийн эхний шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. “ТУ” ХХК-ийн 2008 оноос 2019 оны үйл ажиллагаа санхүүгийн тайланг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар компанийн 50 орчим хувийн газах, түүн дээрх барилга хөрөнгийг эзэмшиж ашигласнаас 2008 оноос 2016 онд олсон орлого зардал ашгаа компанид тайлагнасан нөхцөлд эдгээр хугацааны тайланг гаргаж өгөх боломжтой. 2017 оноос 2018 оны үйл ажиллагаа санхүүгийн тайланг нэхэмжлэгч Б.Л, Д.Э нарт хувьцаа эзэмшигчдийн хуралд ирэх үед тухай бүр гарган өгч байсан гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бат-Амгалан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТУ” ХХК нь хувьцаа эзэмшигчдийн хурлаа 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр зарлаж, компанийн ТУЗ-ийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр тогтоол гаргасан. Тогтоолд Д.Э, Б.Л нар гарын үсэг зурж хэлэлцэх асуудлаа баталсан. Тогтоолын А-д компанийн үйл ажиллагааны санхүүгийн тайлан, компанийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг батална гээд хэлэлцэх асуудлаа урьдчилан баталсан. 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр 15 цагт хурал эхэлсэн. Хурлын тэмдэглэл авагдсан. Уг хуралд хувьцаа эзэмшигч Б.Л өөрийн биеэр, Д.Эийн төлөөлөгч Г.Баттогтох нар оролцсон. Гэвч энэ хоёр хүн хурал эхэлсний дараа хурлыг орхиж явсан. 2019 онд нэхэмжлэгч нарын зүгээс хувьцаа эзэмшигчдийн хурлын өмнө хурал дээр хэлэлцүүлэхээр ямар нэгэн санал гаргаагүй байсан. “ТУ” ХХК-ийн 43,12 хувийн хувьцаа эзэмшигч нь Б.Л, Д.Э нар байдаг. Тус компанийн эзэмшил газрын 50 орчим хувь болох 6 800 м.кв ногдох хэсгийг нэхэмжлэгч нар өөрсдийн эзэмшилд авч тусдаа үйл ажиллагаа явуулж байгаа. Кадастрын зураг дээр байгаа. 6 800 м.кв газрыг эзэмшиж байгаа. Орлого, зарлагаа өөрсдийн эзэмшлийн “Уран гар” ХХК-ийн тайланд тусгасан гэж ярьдаг. Тусдаа 10 орчим жил болохдоо компанийн эзэмшил газар дээр зөвшөөрөлгүйгээр 3 барилга барьсан. Үүнээс 2 барилга нь нийтийн эзэмшлийн талбайд баригдсан. Үүнийг буулгах тухай мэдэгдлийг Нийслэлийн газрын албанаас удаа дараа ирүүлж байсан. Нэхэмжлэгч нь 2017 оноос хойш өөрөө хүсэлтээ гаргаж өөрсдийн мэдэлд байгаа газар, барилгыг компанийн нэр дээр шилжүүлэхээр тохирсон. Тохиролцсоны дагуу 2018 оноос эхлэн Б.Л нар нь хувьцаа эзэмшигчдийн хуралдаа албан ёсоор оролцож, тайлан мэдээгээ сонсож явсан. Гэвч өнөөдрийг хүртэл барилгыг ашигласан орлого, зарлага нь компанийн төсөвт суудаггүй хэвээрээ байгаа. Иймд эхний нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хоёрдугаарт, “ТУ” ХХК-ийн үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах шаардлага гаргасан байсан. Б.Л нь 2008-2016 онд компанийн эзэмшил газар дээр барьсан барилгыг ашигласнаас олсон орлого, зарлагыг компанид тайлагнасан тохиолдолд эдгээр хугацааны тайланг гаргаж өгөх боломжтой. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа 3 ширхэг барилгыг компанийн өмчид бүртгүүлэхийг шаардсан. “ТУ” ХХК-ийн газар дээр баригдсан эдгээр барилгууд нь зөвшөөрөлгүй баригдсан барилгууд байдаг. Нэг сэндвичэн барилга нь Барилга хот байгуулалтын яам, Мэргэжлийн хяналтын газраас гаргасан албан ёсны зөвшөөрөлгүй. Мөн нийтийн эзэмшлийн газар дээр баригдсан учир барилгаа буулга гэдэг хариу өгсөн. Тодорхой эрхийн зөрчилтэй байгаа учир Компанийн тухай хуулийн дагуу дотоод асуудлаа ТУЗ-өөр шийдэж, энэхүү барилгыг хамтран буулгаж, цаашид албан ёсны зөвшөөрөлтэй дараагийн том хэсгийг хамтарч, босгох боломжтой гэж хариуцагчийн зүгээс үзэж байгаа. Иймд үүнийг заавал шүүхээр даалгуулж, ТУЗ-ийн эрх хэмжээнд халдах боломжгүй. Иймд эрхийн зөрчилтэй 3 барилгыг компанийн өмчлөлд авах боломжгүй. Компанийн өмчлөлд авах байсан ч хувьцаа эзэмшигчдийн хурал, ТУЗ-өөр шийдэх боломжтой. Компанийн тухай хууль болон компанийн дүрмийн 5.2-т бүх санал өгнө гэж заасан. Тухайн барилга эрхийн зөрчилгүй, зөвшөөрөлтэй байсан бол үнэлгээний асуудал яригдана. Үндсэн хөрөнгөд бүртгүүлэх юм уу ямар хөрөнгөд бүртгүүлэх болохоо тодорхойлох ёстой. “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчдийн саналаар асуудлаа шийдэхээс биш хувьцаа цөөн, олноос хамаарахгүй бөгөөд олонхиороо асуудлыг шийдээд байна, миний хүссэн шийдвэрийг гаргуулж өгөөч гэж шүүхээр шийдвэр гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх: Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 9.4.7 дахь хэсэгт заасныг баримтлан “ТУ” ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах шаардлагыг хангаж, 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэрийг хүчингүйд тооцуулах, Баянгол дүүрэг 3 дугаар хороолол Дунд голын ард, Үйлдвэрийн төвийн бүс, Энгельсийн гудамжны 31 тоотод байршилтай компанийн эзэмшлийн газарт баригдсан төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг “ТУ” ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 210 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч “ТУ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Л, Д.Э нарт олгож шийдвэрлэсэн байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баттогтох давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 439 дугаартай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Компанийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасан журмаар хувьцаа эзэмшигч нь хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудалд санал оруулах эрхтэй бөгөөд энэхүү журмын дагуу нэхэмжлэгч нар нь компанийн гүйцэтгэх удирдлагыг чөлөөлөх болон нэр заасан эд хөрөнгүүдийг компанийн хөрөнгөд бүртгүүлэх саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлын хэлэлцэх асуудлын дараалалд оруулахаар хүсэлт гаргаагүй байна” гэж, “Харин дээрх саналаа хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлэх хүсэлтээ хувьцаа эзэмшигч Б.Л 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр гаргасан боловч уг асуудлыг хэлэлцэх эсэх талаар хувьцаа эзэмшигчид саналаа хэлээгүй буюу тухайн асуудлыг хэлэлцэх эсэхийг шийдвэрлээгүй байхад хурлыг орхиж гарсан үйл баримт тогтоогдов” гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй нэг болохоор 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурал дээр хүсэлт гаргаагүй, нөгөө талаар хүсэлт гаргасан боловч шийдвэрлээгүй байхад орхиж гаргасан гэж үзээд байгаа нь ойлгомжгүй, хэт нэг талыг барьж, хэрэгт авагдсан баримтыг хариуцагч талд ашигтайгаар тайлбарласан байна. Хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудаас гаргасан хүсэлтийн дагуу нотлох баримтыг холбогдох байгууллагаас гаргуулан авч тухайн баримтыг шүүх үнэлэлт дүгнэлт огт хийгээгүй. Тухайн хэрэгт 2 нэхэмжлэгч байгаа бөгөөд шүүх зөвхөн нэхэмжлэгч Б.Лгийн тухайд үнэлэлт дүгнэлт өгч дүгнэсэн ба нэхэмжлэгч Д.Эийн нэхэмжлэлийн тухайд огт үнэлэлт өгч дүгнээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Хянавал:
Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд зөв дүгнэлт хийсэн боловч тухайн харилцаанд хамааралтай хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх тул уг үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагатай байна.
Нэхэмжлэгч Б.Л, Д.Э нар нь “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хурлаас гаргасан тогтоолыг хүчингүйд тооцуулах, “ТУ” ХХК-ийн 2008-2019 оны үйл ажиллагаа, санхүүгийн тайланг гаргуулах, компанийн эзэмшлийн газар, хашаанд баригдсан 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар, 720 метр квадрат талбай бүхий нэг давхар, 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахуудыг тус тус “ТУ” ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг, хариуцагч байгууллага эс зөвшөөрч маргажээ. /хх.1-2, 19-21/
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “...төлөөлөн удирдах зөвлөлийн хурал хуульд заасан шаардлагыг хангаж хийгдсэн, тус компанийн өмчид гурван агуулахыг бүртгэх эсэх нь компанийн эрх хэмжээний асуудал” гэсэн агуулгаар тайлбарласан байна.
“ТУ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн тогтоолоор хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 15 цаг 00 минутад хуралдуулах, тус хурлаар компанийн үйл ажиллагааны ба санхүүгийн тайланг хэлэлцэн батлах, компанийн үйл ажиллагааны хэтийн төлөвлөгөөг батлах болон бусад асуудлыг хэлэлцэхээр шийдвэрлэсэн. “ТУ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн хуралд хувьцаа эзэмшигч Б.Л, Д.Э нар оролцсон, ирцийн бүртгэлд гарын үсгээ зурсан бичгийн баримт авагджээ. /хх.26-27/
Компанийн тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт “Төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/, эсхүл энэ хуулийн 61.7-д заасан этгээд хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулах тухай шийдвэрийг гаргана” гэж заасан бөгөөд “ТУ” ХХК-ийн 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн хувьцаа эзэмшигчдийн хурал хуульд заасан шаардлагыг хангасан, хурал хууль болон Компанийн дүрэмд заасан журмын дагуу явагдсан байна.
Өөрөөр хэлбэл компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг зарлах хуралдуулахдаа хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэх, хурлын зарыг зохих ёсоор гаргаагүй, зохих асуудлыг урьдчилан танилцуулаагүй зэрэг хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл хэргийн баримтаар байдал тогтоогдохгүй байна. Дээрх хурал нь хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй учраас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан зөрчигдсөн эрхийг сэргээлгэж шийдвэрийг хүчингүй болгуулах агуулгатай нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй юм. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж хувьцаа эзэмшигчдийн хурлыг хүчингүй болгуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь зөв болжээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн нэг шаардлагаа ““ТУ” ХХК-ийн 2008-2019 оны санхүүгийн тайланг гаргуулна” гэж тодорхойлж, үндэслэлээ санхүүгийн үйл ажиллагааг танилцуулдаггүй, алдагдалтай ажилладаг талаарх мэдээлэл өгдөггүй, аудитын шалгалт оруулах тухай шаардлага хүсэлт гаргахаар авдаггүй” гэж тайлбарласан.
“ТУ” ХХК-ийн дүрмийн 5 дугаар зүйлийн 5.4 дэх хэсэгт “ хувьцаа эзэмшигч компанийн үйл ажиллагааны байдал, санхүүгийн болон бусад бичиг баримт мэдээ тайлантай танилцах эрхтэй” гэж зааж, уг заалтаар нь компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг нэмж тодорхойлсон нь хуулиар хориглоогүй үйл ажиллагаа юм. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийн уг шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь үндэслэлтэй.
Иргэний эрх зүйн харилцаанд оролцогчид хууль болон гэрээнд зааснаар үүрэг үүсэх талаар Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан. Нэхэмжлэгч компанийн эзэмшлийн газар, хашаанд төмөр бетонон ханатай, тоосгон ханатай 24 метр х 54 метр хэмжээтэй 1296 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, төмөр бетонон ханатай, сендвичин дээвэртэй 24 метр х 30 метр хэмжээтэй, 720 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулах, сендвичин барилга 15 метр х 30 метр хэмжээтэй 450 метр квадрат талбай бүхий нэг давхар агуулахыг “ТУ” ХХК-ийн өмчид бүртгэхийг даалгах шаардлага гаргасныг анхан шатны шүүх хэрэгсэхгүй болгосныг буруутгах боломжгүй юм.
Компанийн тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.5 дахь хэсэгт “Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг компанийн дүрэмд тусгасан байна”, “ТУ” ХХК-ийн дүрмийн 7.4-д “”Компани нь өөрийн хуримтлагдсан ашгийн хэмжээгээр дүрмийн сангаа нэмэгдүүлж болно” гэж тус тус заасан байх тул уг асуудлыг шүүх бус харин компанийн дүрэмд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэх бөгөөд компанийн дүрэмд өөрчлөлт оруулах асуудлыг хувьцаа эзэмшигчдийн хурлаар шийдвэрлэнэ.
Тухайн асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн шийдвэр байхгүй байгаа тохиолдолд шүүхээс Иргэний хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан иргэний эрх зүйн харилцаанд оролцогчдын бие даасан байдал, хувийн эрхт оролцохгүй байх зарчмын үүднээс шүүх хууль болон гэрээ, Компанийн дүрэм зэрэгт заагдаагүй үүрэг ногдуулах эрхгүй болно. Иймд хөрөнгө бүртгэхийг даалгах боломжгүй. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв.
Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2020/00439 дугаар шийдвэрийн
тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “Компанийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1” гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс төлсөн 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
Ц.ИЧИНХОРЛОО