Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 2020/ДШМ/452

 

А.Бд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Мягмаржав, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Оюунцэцэг,

шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Бямбажав даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдол болон прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн эсэргүүцлээр А.Бд холбогдох 1804001630129 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

А овгийн Агийн Б, 1993 оны 10 дугаар сарын 27-ны өдөр Хэнтий аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт - тоотод оршин суух бүртгэлтэй, /РД:-/;

Багануур дүүргийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 53 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

Багануур дүүргийн шүүхийн 2009 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 90 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 8 дугаар сарын 6-ны өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Багануур дүүргийн шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 38 дугаартай шүүгчийн захирамжаар Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар эдлээгүй үйлдсэн 1 жил 7 сар 18 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлж сулласан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн 262 дугаартай шүүгчийн захирамжаар эдлэх ялыг 8 сар 20 хоног болгон хөнгөрүүлэн өөрчилж, 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ялын хугацаа дуусч суллагдсан,

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлсэн;                          

А.Б нь 2018 оны 7 дугаар сарын 14-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн хооронд - тоот хашаанд оршин суух хохирогч Ш.Цгийн байшингийн вакум цонхоор орж, уг байшинд байсан цахилгаан хөрөө, цахилгаан өрөм, цахилгаан тасдагч, модон иштэй мужааны гар харуул, 4 литрийн савалгаатай эмульс зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, нийт 170.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Багануур дүүргийн прокурорын газраас: А.Бгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овгийн Агийн Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А овгийн Агийн Бг 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил нэг 1 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.Бгийн цагдан хоригдсон 60 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ВQDA8 DS6-180E гэсэн бичигтэй, саарал өнгийн цахилгаан хөрөө, бор өнгөтэй цахилгаан залгуур утастай, нэр нь мэдэгдэхгүй цахилгаан өрөм, модон харуул зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ш.Цд буцаан олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар А.Б нь хохирогч Ш.Цд 70.000 төгрөгийн хохирол төлснийг, шүүгдэгчид холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, энэ хэрэгт гарсан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал тодорхойлж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.Б гаргасан давж заалдах гомдолдоо: “...2018 онд гэмт хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Сүүлд илэрсэн хэргийнхээ хохирлыг бүрэн барагдуулсан байхад ялын бодлогодоо харгалзаж үзсэнгүй. Мөн ялаа эдэлж дуусаагүй байхад 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгон нэгтгэж, ял оногдуулж болох байсан талаар сонсож мэдсэн. Хэрэв тийм боломж байдаг бол шийтгэх тогтоол гарахаас өмнөх үйлдлийг нэгтгэж шийдвэрлэж өгнө үү. Ганцхан үйлдэл дээр хуульд заасан заалтыг эдлэх боломжгүй шийтгэл авсандаа гомдож байх тул миний хэргийг хянаж өгнө үү. ...” гэжээ.

Прокурор Б.Оюунцэцэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхээс шийтгэх тогтоол гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн дараах үндэслэл тогтоогдож байна. Үүнд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж хуульчилсан. Шүүх хуралдаан даргалагчаас шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг хянаж шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн агуулга, тогтоох хэсгийг уншиж сонсгохдоо “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх, ...А.Бд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх”-ээр дурдаж шийдвэрлэсэн. Гэтэл Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдөр ирүүлсэн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж, 7 дахь заалтад “Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол А.Бд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.” гэж шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг, гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй бичигдсэн нь шүүх хуралдааны явцыг баталгаажуулсан дуу дүрсний бичлэгээр тогтоогдож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” гэх үндэслэлтэй байна. Үүнээс гадна шүүгдэгч А.Б нь урьд Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 6-ны өдрийн 54 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 40 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 20.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 10 жил 1 сарын хорих ялаар тус тус шийтгэгдсэнийг Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолын “Удиртгал”, “Тодорхойлох” хэсгүүдэд 2012 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар “5 жил 1 хоногийн хорих ял”, 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар “10 жил 1 хоногийн хорих ял”-аар шийтгүүлж байсан гэж ташаарч бичсэнийг залруулах шаардлагатай байна гэж дүгнэж байна. Иймд анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Бд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар “...шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй...” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. ... “ гэв.

Шүүгдэгч А.Бгийн өмгөөлөгч Д.Цэнд-Аюуш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, нэг шийтгэх тогтоолоор ял шийтгүүлснээр эрх зүйн байдал нь дээрдэнэ гэж үзэж байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, А.Бд холбогдох хэргийг хэлэлцэж шийдвэрлэсэн Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Бг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Бг 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2018 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 сар 5 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялд нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 1 сар 5 хоногийн хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэтэл анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрс бичлэгт шийтгэх тогтоолыг уншиж танилцуулахдаа “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Бд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэсэн атлаа бичгээр гарсан шийтгэх тогтоолдоо нээлттэй хорих байгууллагад гэж зөрүүтэй бичигдсэн байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэсэн заалтын шаардлагад нийцээгүй байна.

Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт тодорхойлон хуульчилсан бөгөөд шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсэг гардуулсан шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зохицуулан хуульчилсан.

Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно.” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх энэ талаар дүгнэлт хийсний дараа уг асуудлын талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийх үндэслэл, нөхцөл бүрдэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцаасантай холбогдуулан шүүгдэгч А.Бгийн гаргасан давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүйг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 2020/ШЦТ/24 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурор Б.Оюунцэцэгийн бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, А.Бд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч А.Бд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ,

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

            ШҮҮГЧ                                                                       Д.МЯГМАРЖАВ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ