Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 951

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“В-” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Туяа даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 2 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “В-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “Б-” ХХК-д холбогдох

 

Түрээсийн гэрээний үүрэгт нийт 5 866 737 742 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Б.Б

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: О.Д

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: О.Онар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “В-” ХХК нь “Б-” ХХК-тай 2015 оны 2 сарын 02-ны өдөр RPO15/02-02 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 5 сарын 01-ний өдөр RPO15/03-01 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 5 сарын 27-ны өдөр RPO15/05-03 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 8 сарын 21-ний өдөр RPO15/08-06 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 8 сарын 21-ний өдөр RPO15/08-07 тоот түрээсийн гэрээ, 2015 оны 9 сарын 28-ны өдөр RPO15/09-06 тоот түрээсийн гэрээг тус тус байгуулан нэг жилийн хугацаатайгаар 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг түрээслүүлсэн. Түрээсийн гэрээнд заасны дагуу түрээсийн төлбөр тус бүр нэг сарын 773E(KEG00146) – 50 000 000 төгрөг, 773E(KEG00129) – 50 000 000 төгрөг, 385C(KGB00422) – 72 000 000 төгрөг, 77E(KEG00266) – 50 000 000 төгрөг, 336DL(KKT01064) – 18 676 350 төгрөг, 980H(KZL00665) – 26 045 250 төгрөг, 773E(KEG00165) – 50 000 000 төгрөг, 773E(KEG00167) – 50 000 000 төгрөг, 773E(KEG00174) – 50 000 000 төгрөг байхаар талууд тохиролцсон бөгөөд гэрээний 7.4-m заасны дагуу түрээслэгч нь түрээсийн хугацаанд түрээслүүлэгчид төлбөртэй гарвал нэхэмжлэх хүлээн авсан өдрөөс хойш 3 хоногийн дотор төлөх үүрэг хүлээсэн. Манай компани түрээсийн техникийг түрээслэгч талд гэрээнд заасан нөхцөл хугацаанд шилжүүлэн өгсөн бөгөөд түрээслэгч нь техникийг түрээслэх хугацааг сунгаж ашигласан атлаа гэрээг ноцтой зөрчиж, төлбөрийг хугацаандаа төлөхгүй удаасан. Бид түрээслэгчид гэрээнд заасны дагуу 2015 оны 10 сарын 21-ний өдрөөс 2017 оны 3 сарын 25-ны хооронд нэхэмжлэх хүргүүлж байсан. Түрээсийн гэрээний талууд түрээслэгч нь түрээсийн төлбөр, холбогдон гарах бусад зардлыг гэрээний 7.4-т заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хоцроосон хоног тутамд 0,5%-тай тэнцэх хэмжээний алданги нэмж төлнө хэмээн тохиролцсон тул түрээсийн гэрээний дагуу алданги төлөх үндэслэлтэй. Иймд “Б-” ХХК нь RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 дугаартай тоног төхөөрөмжийн түрээсийн гэрээний дагуу түрээсийн төлбөрийн үлдэгдэл төлбөр 3 378 266 983 төгрөг, алданги 1 689 133 492 төгрөг, тоног төхөөрөмжийн сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532 891 511 төгрөг, төлбөрийн хугацаа хэтрүүлсний алданги 266 445 755 төгрөг, нийт 5 866 737 742 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс түрээсээс худалдах гэрээнүүдийг Иргэний хуулийн 59 дүгээр зүйлд заасан хууран мэхэлж, хийсэн хэлцэл гэж үзэж байгаа тул нэхэмжилж буй мөнгийг хүлээн зөвшөөрөхгүй. Бидний хувьд гэрээ байгуулах зорилго нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах байсан. Тиймдээ ч нэхэмжлэгчтэй түрээсээс худалдах худалдан авах гэрээ байгуулсан гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Манай компанийн зүгээс автомашинуудыг худалдан авах сонирхолтой байсан боловч урьдчилгааг нэг дор бөөнөөр нь төлөх боломжгүй байсан. Машины урьдчилгаанд төлөх төлбөрийн хэмжээ нь тухайн машины үндсэн үнийн 15-30% байдаг. Гэтэл бидний энэ байдлыг “В-” ХХК овжноор ашиглан, дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулах санал тавьсан бөгөөд тайлбарлахдаа түрээсийн гэрээнүүд нь ерөнхийдөө танай компани урьдчилгаанд төлөх мөнгөө техник тоног төхөөрөмжөө ашиглан бүрдүүлж байгаа хэлбэр юм. Хугацааны эцэст танай түрээсэнд төлсөн мөнгийг тоног төхөөрөмжийг худалдах үнийн дүнгээсээ хасаад танай байгууллагатай лизингийн гэрээ байгуулна гэж ойлгуулан дээрх түрээсээс худалдах гэрээнүүдийг байгуулсан. Хэрвээ бид худалдан авах сонирхолгүй байсан бол хэзээ ч ийм өндөр түрээс төлж дээрх гэрээг байгуулахгүй байсан. Бид 190 956 060 төгрөгийг авто засварын үнэд төлсөн бөгөөд ашиглалтын зардал тул нэхэмжлэхгүй болно. Гэрээний а хэсэг тусгай нөхцөл гэсэн хэсгийн 2 дугаар заалтад худалдан авах үнээс түрээсэнд төлсөн дүнг хасаж тооцсон дүн 1% хүү тооцно гэсэн заалт байгаа. Мөн гэрээ болгоны хавсралт болгон харилцан ойлголцын санамж бичгийг байгуулсан. Энэ хэлцлээр талууд худалдан авах техникийн үнийг ам.доллараар тодорхойлсон байдаг бөгөөд хэлцлийн 3.4-т хэлцлийн нөхцөл болзол ойлголцлууд нь талуудын хувьд заавал биелэгдэх шинжтэй ба эрх зүйн үр дагавар үүсгэнэ гэж заасан байгаа нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1-д заасан хэлцэл гэж үзнэ. Энэ нөхцөл байдлаас үзвэл дээрх 6 түрээсийн гэрээ, 6 харилцан ойлголцлын санамж бичгүүд нь агуулгын хувьд зээлээр худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж байсан. Дээрх худалдааны хэлцлүүд нь утга агуулгаараа хууль болон түүнтэй нийцэн гарсан эрх зүйн бусад хэм хэмжээг зөрчөөгүй байх ёстой гэсэн шаардлага тавигдана. Гэвч талуудын хооронд байгуулсан нийт 12 хэлцэл нь хуульд нийцээгүй гэрээ хэлцэл гэж үзэх үндэслэлийг агуулж байна. Бараа үйлчилгээний үнийг Монгол улсын нутаг дэвсгэрт зөвхөн үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлж түүгээр төлбөр тооцоог гүйцэтгэх ба Монгол банкны албан ёсны зөвшөөрөлгүйгээр гадаад валют тооцооны нэгжээр үнэ тогтоох төлбөр тооцоо гүйцэтгэх зарлан сурталчлахыг хориглоно. Энэ нь Төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан хориглосон зохицуулалт байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ тус бүрээр дараах үнэлгээтэй байсан. 2015 оны 2 сарын 02-ны өдрийн 1 080 575 ам.долларын үнэ бүхий 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/02-02 дугаартай гэрээгээр, 2015 оны 5 сарын 01-ний өдрийн 590 000 ам.долларын үнэ бүхий 385C маркын эксковаторыг RPO15/03-01 дугаартай гэрээгээр, 2015 оны 5 сарын 27-ны өдрийн 750 000 ам.долларын үнэ бүхий 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/05-03 дугаартай гэрээгээр, 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 266 000 ам.долларын үнэ бүхий 336DL маркын эксковаторыг RPO15/08-06 дугаартай гэрээгээр, 2015 оны 8 сарын 21-ний өдрийн 402 000 ам.долларын үнэ бүхий 980H маркын авто ачигчийг RPO15/08-07 дугаартай гэрээгээр, 2015 оны 9 сарын 28-ны өдрийн 2 250 000 ам.долларын үнэ бүхий 3 ширхэг 773E маркын өөрөө буулгагчийг RPO15/09-06 дугаартай гэрээгээр, нийт 9 ширхэг машин механизм тоног төхөөрөмжийг тус бүрийг нь өөр өөр үнээр авахаар тохиролцсон. Иймээс дээрх хэлцлүүд нь хуульд нийцээгүй, түүнийг зөрчсөн хэлцэл байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан хүчин төгөлдөр бус байх хэлцэлд хамаарч байна. “Б-” ХХК нь маргаан бүхий 9 техникийг худалдан авахаар урьдчилгаа төлбөрөө түрээс хэлбэрээр төлөхөөр нэхэмжлэгч хуулийн этгээдтэй зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан. Иймээс талуудын хооронд байгуулсан тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээ, харилцан ойлголцлын санамж бичиг зэрэг хэлцлүүд нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2 дах хэсэгт заасан нөхцөл байдалд орсон гэж үзэж байна. Хэрэв талуудын хооронд хийсэн гэрээг түрээсийн гэрээ гэж үзсэн тохиолдолд зарим гэрээний хугацаа дуусаагүй байсан, техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан гэж үйл баримтыг дүгнэх шаардлагагүй болно. Энэхүү дүгнэлтийг хийснээр алданги тооцох, төлбөр нэхэмжлэх шаардах эрх үүссэн эсэхийг гэрээ тус бүрээр тодруулах нь хэрэг маргааныг шударгаар тал бүрээс нь бүрэн дүүрэн шийдвэрлэх нь ач холбогдолтой. Тухайлбал RPO15/09-06UB дугаартай гэрээний хугацаа нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр, RPO15/05-03 UB дугаартай гэрээний хугацаа 2017 оны 5 сарын 27-ны өдөр дуусах байсан. Харин үлдсэн 4 гэрээний хугацаа аль хэдийнээ дууссан байсан. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх заалтад түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320.3-т заасан журмыг баримтална. Иргэний хуулийн 320.3 дах хэсэгт гэрээг түрээсийн жилийн эцэст буюу түрээсийн жил дууссанаас хойш нэг сарын дотор цуцалж болно гэж заасан. Хуулийн энэ зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш гэрээнээс татгалзсан явдал болж байна. Түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтын Иргэний хуулийн 320 дугаар зүйлд хуульчилсан. Нэхэмжлэгч “В-” ХХК-ийн 2017 оны 02 сарын 24-ний өдөр тоног төхөөрөмжийг хариуцагч “Б-” ХХК-ийн эзэмшил ашиглалтаас татан авсан үйлдлийг гэрээнээс татгалзсан гэж үзэж байна. “В-” ХХК-ийн хувьд Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 дугаартай 4 гэрээг цуцалж, түрээслэсэн хугацаанд төлбөл зохих төлбөрийг шаардсан гэж үзвэл хугацаа дуусаагүй 2 гэрээний хувьд нэхэмжлэгч тал иргэний хуулийн 320 дугаар зүйлд зааснаар гэрээг цуцлаагүй, эсрэгээрээ гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэлтэй байна. Иймээс нэхэмжлэгч нь үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй. Иймд RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/05-03, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06 тоот түрээсийн гэрээнүүдийг иргэний хуулийн 56.1.1, 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д заасны дагуу хүчин төгөлдөр бусад тооцуулах, мөн дээрх гэрээний дагуу буюу бидний хувьд худалдан авч буй машин механизмын үнийн урьдчилгаанд төлсөн нийт 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулах, RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээ, түүний салшгүй бүрдэл хэсэг болох хамтран ажиллах санамж бичгүүд нь худалдах худалдан авах гэрээний эрх зүйн харилцаа болохыг тогтоолгох, RPO15/02-02, RPO15/03-01, RPO15/08-06, RPO15/08-07 гэрээнүүдийг цуцалсан болохыг тогтоолгох, RPO15/09-06UB, RPO15/05-03UB дугаартай гэрээнээс татгалзсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

 

Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: “Б-” ХХК нь гэрээний үүргээ зөрчин түрээсийн төлбөрүүдийг харилцан тохиролцсон хугацаанд төлөөгүйгээс гадна, гэрээгээр тохирсон хугацаанд тоног төхөөрөмжүүдийг худалдан авах болон лизингийн гэрээ байгуулаагүй юм. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаас харахад хариуцагч нь хугацааны эцэст тоног төхөөрөмжүүдийг худалдан авсан тохиолдолд түрээсэнд шилжүүлсэн төлбөрүүдийг тоног төхөөрөмжүүдийн үнийн урьдчилгаанд тооцохоор заасныг зөв ойлгосон буюу ямар нэгэн байдлаар төөрөгдөөгүй нь илэрхий байна. Хариуцагч өөрөө гэрээнд заасан болзлоо биелүүлээгүй, тоног төхөөрмжүүдийн түрээсийн хугацаа дуусахаас өмнө тоног төхөөрөмжүүдийг худалдан аваагүй зэрэгт түрээслүүлэгч “В-” ХХК буруугүй юм. “Б-” ХХК нь түрээслүүлэгчийн техникүүдийг хангалттай ашигласан. Гэтэл өөрсдийн сайн дураар хийсэн хэлцлээ хууран мэхэлж хийсэн хэлцэл, хууртагдсан мэт зүйл бичиж байгаа нь хуулийн үндэслэлгүй байна. “В-” ХХК нь хариуцагчтай түрээсээс худалдах гэрээ байгуулах зорилгоор хариуцагч компанийг огт хуурч мэхлээгүй бөгөөд тийнхүү хуурч мэхэлсэн гэж үзэх үндэслэлгүй, түрээсээс худалдах гэрээ, санамж бичгүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан баримтууд тэдгээрийн төлбөрийн баримтууд, талуудын хооронд солилцсон албан бичгүүд зэрэг бүхий л нотлох баримтуудаар талууд тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. Хуурч мэхэлж хийсэн хэлцэл нь аль нэг талын хууран мэхлэх субьектив санаа зорилгоос үүдэлтэй байх учиртай байтал энэхүү гэрээн дээр талуудын санаа хүсэл зорилго нэгдсэн байгаа нь байгуулсан гэрээ, солилцсон албан бичгүүд санхүүгийн баримт зэргээр нотлогддог. “Б-” ХХК-ийн 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 01/65 дугаартай албан бичигт бид түрээсээр ашиглаж байгаа техникүүдээ улирлын байдлаас шалтгаалан сул зогсолт хийсэн ... түүнчлэн 2015 онд түрээсийн 1 409 758 611 төгрөгийн өглөг үүссэн байгаа. Энэ өглөгийн бид 2016 оны 5, 6, 7 сард 3 хуваан төлөх хүсэлтэй байна гэж, мөн 2017 оны 2 сарын 20-ны өдрийн 1/33 дугаартай албан бичигт бид 2017 оны 4 сарын 15-ны өдөр түрээсийн төлбөрт 700 000 000 төгрөг, цаашид олборлолтын үйл ажиллагаатай уялдуулан сар бүр тогтоосон графикийн дагуу түрээсийн төлбөрийг төлж, компани хоорондын төлбөрийн тооцоог 2017 оны 12 сарын 30-ны өдөрт багтаан дуусгах саналтай байна гэх зэргээр түрээсийн төлбөр төлж байснаа хүлээн зөвшөөрсөн байдаг. Урьдчилгаа гэдэг нь аливаа бараа, ажил үйлчилгээний төлбөр эсхүл ажлын хөлсний хувийг урьдчилан өгч авалцсан тухай ойлголт юм. Гэтэл талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдаагүй, ямар нэгэн урьдчилгаа авах, өгөх асуудал огт үүсээгүй. Талуудын хооронд байгуулагдсан санамж бичиг, гэрээ болон бусад баримт бичигт урьдчилгаа өгч авах тухай тохиролцоо байхгүй бөгөөд хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ тоног төхөөрөмжийн түрээсэнд төлсөн мөнгөө урьдчилгаа төлбөр гэж байгаа нь үндэслэлгүй байна. Иргэний хуулийн 8 дугаар зүйлд Иргэний эрх зүйн харилцаа үүсэх үндэслэлийг, мөн хуулийн 9 дүгээр зүйлд Иргэний эрх зүйн хамгаалалтыг тус тус тодорхойлон зааж өгсөн байдаг байхад хариуцагч талуудын хооронд байгуулсан гэрээг иргэний хуулийн 8.1.1-д заасан хэлцэл гэж үзнэ гэж байгааг ойлгохгүй байна. Түрээсээс худалдах гэрээ, санамж бичгүүд, тоног төхөөрөмжүүдийг хүлээн авсан баримтууд, тэдгээрийн төлбөрийн баримтууд, талуудын хооронд солилцсон албан бичгүүд зэрэг бүхий л нотлох баримтуудаар талууд тэгш эрхтэйгээр, харилцан тохиролцож гэрээ байгуулсан болох нь тогтоогдож байна. Нөгөөтэйгүүр хариуцагчийн шүүхэд өгсөн сөрөг нэхэмжлэлээс үзэхэд ч хоёр компаний хооронд түрээсээс худалдах гэрээний талаар анхнаасаа ямар нэгэн ойлголцлын зөрүү байхгүй болох нь тодорхой харагдаж байна. Талуудын аль нэг нь Иргэний хуулийн 204, 205 дугаар зүйлд зааснаар гэрээнээс татгалзаагүй. Түрээсийн төлбөрөө төлөхгүй, хугацаа авахын тулд ийм арга хэрэглэх нь ёс зүйгүй үйлдэл болно. Нэхэмжлэгчийн хувьд талуудын хооронд байгуулсан гэрээнд заасан эрхийнхээ дагуу түрээслүүлсэн тоног төхөөрөмжүүдээ буцаан авч холбогдох түрээсийн төлбөр, хугацаа хожимдуулсны төлбөр нэхэмжилсэн. Өөрөөр хэлбэл гэрээний үүргийн асуудал яригдаж байгаа бөгөөд хариуцагч нь Талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргээ биелүүлээгүй. Энэ талаараа ямар нэгэн тайлбар хийдэггүй бөгөөд гэрээний төлбөрийн үүрэг зөрчсөнөөс үүдэлтэй алданги нэхэмжилж байгааг хариуцагч сайн мэдэж байх учиртай. Нэхэмжлэгч ямар нэгэн гэрээ цуцлаагүй, гэрээнээс татгалзаагүй байна. Хариуцагч нь ямар хэлцлийг худалдааны хэлцэл гэж нэрлээд байгаа нь тодорхойгүй байна. “Б-” ХХК нь түрээсийн гэрээ байгуулсан болон түрээсийн төлбөр төлж байсан талаараа огт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн ба хүсэл зориг нь тодорхой байсан болох нь хэрэгт авагдсан 2016 оны 2 сарын 29-ний өдрийн 01/65, 2017 оны 2 сарын 20-ны өдрийн 1/33 дугаартай албан бичгүүдээр тогтоогддог. Мөн түрээсийн төлбөр төлж байсан болох нь түрээслүүлэгч компанийн дансны хуулга зэргээр хангалттай тогтоогдох юм. Өөрөөр хэлбэл хариуцагчийн түрээсийн төлбөрт урьдчилгаа төлж байсан гэсэн тайлбар нь илэрхий ташаа бөгөөд нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Иймд хариуцагч “Б-” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар “Б-” ХХК-иас түрээсийн төлбөрт 5 866 737 742 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В-” ХХК-д олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.2.1, 58.2.2, 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 491 638.71 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б-” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 29 491 638.71 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “В-” ХХК-д олгож, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 15 064 600 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид дутуу төлсөн 5 360 246 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас гаргуулан улсын төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо: Эрх зүйн харилцааны тухайд “Б-” ХХК-ийн иргэний эрх зүйн харилцаанд орсон үндсэн гол хүсэл зориг нь техник тоног төхөөрөмжүүдийг худалдан авах зорилготой байсан. Хэрэв манай компани дээрх техник тоног төхөөрөмжүүдийн төлбөрийг хугацаанд нь төлж барагдуулсан бол дээрх техник хэрэгсэл нь манай компанийн өмч болох байсан нь ойлгомжтой. Нөгөө талаар гэрээний А хэсэг буюу тусгай нөхцөл хэсэгт “Түрээсээс худалдаанд шилжих хугацаа нь 1 жил буюу 12 сар байна”, “Хүү 1% машины хасагдах дүнгээс тооцно” гэж худалдах, худалдан авах гэрээний шинжийг тусгасан тусгайлсан зохицуулалтыг оруулсан байна. Тодруулбал, Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан “Зээлээр худалдах, худалдан авах гэрээ”-г байгуулсан гэж үзэх үндэслэлтэй маргаан бүхий эрх зүйн харилцаа байна. Энэ нөхцөл байдлаас үзвэл дээрх 6 гэрээ нь түрээсийн гэсэн нэртэй боловч агуулгын хувьд худалдах, худалдан авах гэрээний эрх зүйн харилцааг зохицуулж байсан. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, нөхцөл байдалд дүн шинжилгээ хийлгүйгээр хэт нэг талыг барьсан шийдвэр гаргажээ. Өөрөөр хэлбэл гэрээний нэр “Тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах” гэрээ, түрээсийн төлбөр гэж нэрлээд байгаа төлбөр нь тоног төхөөрөмжийн өнөөдрийн зах зээлийн үнээс хасагдах төлбөр буюу хариуцагчид урьдчилгаа төлбөр гэж ойлгуулан түүнийгээ нэхэмжлэгч өмнө нь хүлээн зөвшөөрсөөр байхад гэрээний агуулга, эрх зүйн харилцааг зөв дүгнэлгүй Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасны дагуу “Түрээсийн гэрээ гэж дүгнэн шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдэл болж чадаагүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь хариуцагчийн худалдан авах хэрэгцээ шаардлагад дөрөөлөн хууран мэхэлж өөрт ашигтай гэрээг байгуулан, асар их хэмжээний ашиг олсон гэж үзэх үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан 6 ширхэг харилцан ойлголцлын санамж бичигт талууд техникийн худалдан авах үнийг тохиролцсон байх бөгөөд энэ нь худалдах, худалдан авах гэрээний үндсэн нөхцөлийг тохиролцсон хэлцэл байх тул анхан шатны шүүх гэрээний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй гэж үзэж байна. Талуудын маргаан бүхий гэрээ нь холимог гэрээ байх бөгөөд 198 дугаар зүйлийн 198.5 дахь хэсэгт зааснаар тодорхойлоход ихээхэн маргаантай, хүндрэлтэй байх тул 198 дугаар зүйлийн 198.6 дахь хэсэгт заасан арга замаар гэрээг тайлбарлах нь бодит байдалд илүү нийцэхээр байна. Сэлбэг бараа материалыг бид худалдан авсан бөгөөд анз тооцох талаар бичгийн хэлбэрээр гэрээг байгуулаагүй байхад түүнд нэхэмжлэгч болон шүүгч анз тооцон шийдвэрлэсэн нь Иргэний хуульд нийцэхгүй байна. Хариуцагч нь нэхэмжлэгчээс худалдан авах захиалгыг өгсөн захиалгын хуудас нэмэлт нөхцөлд техникийн худалдан авах үнийг тодорхойлсноос гадна сервис зардлын түрээсийн орлогоос суутгахгүй байхаар тохиролцсон байдаг. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь КРО15/03-01, RPO/08-07 тоот гэрээний төлбөрт төлсөн. Тэгэхээр дээрх хуулийн заалтын дагуу энэхүү 2 гэрээний шаардах эрх дуусгавар болсон гэж үзэхээр байна. Тодруулбал RРО15/03-01 гэрээг 2015 оны 5 сарын 01-ний өдөр байгуулсан байна. Гэрээ байгуулсан өдрөөс үүрэг үүссэн гэж үзэн тухайн ү-ийн Монгол банкны албан ханш 1 ам.доллар 1 959.23 төгрөг, нийт 1 115 945 700 төгрөг, RРО15/08-07 тоот гэрээг 2015 оны 8 сарын 21-ний өдөр байгуулсан байх бөгөөд мөн адил тухайн өдрийн албан ханш 1 ам.доллар 1 992.62-аар тооцвол 801 061 380 төгрөг болж байна. Тэгэхээр аль гэрээний төлбөр тооцоо дууссан, аль гэрээний төлбөр тооцоо дутуу, аль гэрээний дагуу шаардах эрх үүссэн гэх мэтээр тодорхойлон гаргаж нэхэмжлээгүй гэж үзэж байна. Мөн түрээсийн гэх гэрээний үнийн дүн нь бүхэл дүнгээр байхад нэхэмжлэлийн үнийн дүн нь эсрэгээрээ задгайгаар нэхэмжилсэн байгаа нь илтэд зөрүүтэй байсаар байна. Гэрээнүүдийн хугацааны тухайд зарим гэрээний хугацаа дуусаагүй байхад техникийг буцааж татан авч гэрээний үүргийг шаардсан байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Алданги тооцох, төлбөр нэхэмжлэх эрх үүссэн эсэх нь эргэлзээтэй байхад шүүх хүлээн авч шийдвэрлэсэн. Мөн шийдвэрт “Гэрээнүүдийн дагуу нэхэмжлэгч нь 9 ширхэг тоног төхөөрөмжүүдийг хариуцагчид нэг жил буюу 12 сарын хугацаатайгаар түрээслүүлсэн” гэж дүгнэхдээ доор дурьдсан гэрээнүүдийг байгуулсан хугацааг буруу дүгнэсэн. Тухайлбал: RРО15/09-06 UВ дугаартай гэрээний хугацаа нь 2017 оны 10 сарын 05-ны өдөр, харин RРОІ5/05-031 UB дугаартай гэрээний хувьд 2017 оны 5 сарын 27-ны өдөр дуусах байсан. Дээрх гэрээнүүдийн   хугацаа  дуусаагүй байхад нэхэмжлэгч тал хууран мэхэлж техник тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилдээ оруулж, гэрээний үүргээ гүйцэтгэхээс татгалзсан нь гэрээнээс татгалзсан гэж үзэх үндэслэл болж байна. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах биш, гэрээнээс татгалзсан явдал болж байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дах хэсэгт “энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх тул энэ бүлэгт түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуүлалтыг 320 дугаар зүйлд хуульчилсан байна. Хуулийн энэхүү заалтыг шүүх буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх бүрэн үндэслэл байна. Иймээс нэхэмжлэгч нь манай компанитай байгуулсан худалдах, худалдан авах RР015/09-06 UВ, RРО15/05-03 UВ дугаартай 2 гэрээнээс татгалзсан учир үүргийн гүйцэтгэл шаардах эрхгүй гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. Хэрэгт авагдсан буюу нэхэмжлэгчийн шүүхэд гарган өгсөн алдангийн тооцоолол үндэслэлгүй байна. Тодруулбал нэхэмжлэлийн шаардлага нь түрээсийн гэрээний дагуух төлбөр тооцоо байхад тооцоололд сэлбэг, бараа материалын тооцоог оруулсан байх бөгөөд үүндээ нэмж алданги тооцон нэхэмжилсэн. Хэрэв худалдах, худалдан авах гэрээний дагуу нэхэмжлэх бол ийм шаардлага нэхэмжлэгч талаас гаргаагүй байхад анхан шагны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэсэн. Сэлбэг, болон засвар үйлчилгээний төлбөрт 266 445 755 төгрөгийн алданги тооцсон нь нотлох баримтгүй бөгөөд хуульд заасан шаардлагыг хангаагүй байхад алдангийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Нэхэмжлэлийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөелогч Ц.Хатантуул гаргасан байдаг. “В-” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2017 оны 5 сарын 17-ны өдрийн 017/05/17 дугаартай итгэмжлэл нь албан ёсны орчуулгагүй, нотариатын тэмдэггүй байх тул хүчин төгөлдөр итгэмжлэл гэж үзэх үндэслэлгүй байна. Мөн “В-” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд нь 2017 оны 9 сарын 04-ний өдөр солигдож, гүйцэтгэх захирлаар Келвин Эндрыю кокинэн томилогдсон, түүнээс итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт дахин итгэмжлэл олгоогүй байгаа нь эрх хий этгээд нэхэмжлэл гаргаагүй гэж үзэх үндэслэлтэй. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх /түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах тохиолдолд энэ хуулийн 320 дугаар зүйлийн 320.3-т заасан журмыг баримтална/ заалтыг хэрхэн хэрэгжүүлсэн талаар дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна. Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.3 дахь хэсэгт гэрээг түрээсийн жилийн эцэст буюу турээсийн жил дууссанаас  хойш нэг сарын дотор цуцалж болно  гэж заасан байна.  Хуулийн дээрх зохицуулалтаас харахад нэхэмжлэгч талын үйлдэл нь гэрээг цуцлах, эсхүл гэрээнээс татгалзсан явлын аль нь болохыг дүгнэлгүйгээр хянан шийдвэрлэсэн байна. Учир нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт “энэ бүлэгт өөрөөр заагаагүй) бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ” гэж заасан байх тул энэ бүлэгт түрээсийн гэрээг цуцлах талаар тусгайлсан зохицуулалтыг Иргэний хуулийн 320 дугаар зүйлд хуульчилсан байна. Мөн шийдвэрт “... В-” ХХК нь Иргэний хуулийн 288 дугаар зүйлийн 288.2.3, 294 дүгээр зүйлийн 294.2.1-т зааснаар 2015 оны 5 сарын 27, 2015 оны 9 сарын 28-ны өдөр байгуулагдсан 2 гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, түрээсэлсэн хугацаанд төлбөл зохих төлбөрийг шаардах эрхтэй гэж үзнэ” гэж дүгнэсэн атлаа анзыг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Дээрх тохиолдолд нэхэмжлэгч тал гэрээнээс татгалзсан, гэрээг цуцалсан гэх үндэслэл байгаа тул анхан шатны шүүхээс гэрээнээс татгалзсан, гэрээг цуцлахад үүргийн харилцаа буюу гэрээний үүргээс үүдсэн шаардах эрх дуусгавар болдог байхад гэрээний үүрэг болох анз гаргуулсан зэрэг хууль хэрэглээний алдаа гаргажээ. Анхан шатны шүүх 2020 оны 2 сарын 04-ний өдрийн шүүх хуралдааныг товлохдоо хэргийн оролцогчдоос санал асуусан бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- миний бие Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд 11:00 цагаас 3 гэрч асуух тов гарсан байгааг хэлсэн. Шүүгч энэ өдөр 16:00 цагт хурал товлох гэсэн боловч оройтох гээд байна 15:00 цагт товлоё гэхэд миний бие 3 гэрч асууна удах, амжихгүй байх гэж тайлбарлахад шүүгч Ч.Ичинхорлоо амжина гэж хэлээд хурлаа хүчээр товлосон. Гэрчүүд хоцорч, хугацаа сунжирсан бөгөөд 15:00 цаг гэхэд гэрчийг асуух ажиллагаа бүрэн дуусаагүй, 15:20 цагт дуусаад 15:40 минутын үед очсон боловч шүүх хуралдаан эхэлчихсэн байсан. Шүүхэд мэтгэлцэх боломж олголгүй хэрэг маргааныг хянан шийдвэрлэсэнд гомдолтой байна. 2020 оны 2 сарын 04-ний өдөр Санхүүгийн зохицуулах хорооноос нэхэмжлэгч болон хариуцагч талуудын хооронд байгуулсан түрээсээс худалдах гэрээтэй холбоотой зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн тогтоолыг нотлох баримтын шаардлага хангуулан авсан, үүнийгээ шүүхэд гарган өгөхөөр болсон тухайгаа шүүгчийн туслахад хэлсэн байсан. Санхүүгийн зохицуулах хорооноос дээрх нотлох баримтыг гаргуулан авах талаар шүүхэд хүсэлт гаргасан боловч хүлээн аваагүй. Гэхдээ зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэгдэж байгаа эсэх талаар Санхүүгийн зохицуулах хорооноос нотлох баримт гаргуулан авч, улмаар шүүх хуралдаан хойшилсон үйл баримт байсаар байхад ямар ч ач холбогдолгүй нотлох баримт гаргуулахаас татгалзаж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Энэхүү нотлох баримт нь хариуцагч талын сөрөг нэхэмжлэлд дурьдсан хууль зөрчсөн хэлцэл болохыг тоггоолгох ач холбогдол бүхий баримт юм. Мөн шүүгчийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Цэрэнжээтэй хувийн харьцаатай гэсэн үндэслэлээр татгалзахад хуульд заасан ажиллагаат хийлгүйгээр миний гаргасан хүсэлтийг өөрөө дур мэдэн шийдвэрлэсэн. Мөн О.Баяржаргал итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүгчээс татгалзах хүсэлт гаргасан боловч хүсэлтийг хүлээн авалгүйгээр шийдвэрлэж хууль тогтоомжийг илтэд зорчсөн. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д- миний зугээс гэрч асуух хүсэлтийг гаргасныг шүүх хүлээн авсан бөгөөд гэрчээс асуух асуултыг асуулгалгүйгээр, өөрөөр хэлбэл итгэмжлэгдсэн төлөөлөгчийн асуух асуулт, хариултыг ач холбогдолтой гэж үзэхгүйгээр урьдаас таамаглан, гэрчийг асуухгүйгээр шүүх хуралдааныг явуулсан нь шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим, гэрч заавал мэдүүлэг өгөх зарчмыг илтэд зөрчин яаран сандран, шийдвэрлэсэн нь хэргийг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлж, дүгнэн, шударгаар шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Захиалгын хуудсуудыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Гэвч нэхэмжлэгч тал захиалгын хуудас байдаг, тийм хуудас үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн атлаа хүндэттэн үзэх шалтгаангүйгээр захиалгын хуудсыг нотлох баримтын шаардлага хангуулан гаргаж өгөөгүй. Чухам яагаад гаргаж өгөөгүй талаараа үндэслэлтэй тайлбар хийгээгүй боловч энэхүү нотлох баримт нь өөрт ашиггүй нөхцөл байдлыг үүсгэх байх гэсэн шалтгаанаар булзааруулан хаашаа хэнд өгсөн талаараа дэлгэрэнгүй тайлбарлаагүй гэж үзэж байна. Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ нь анхнаасаа худалдан авах зорилгыг агуулсан гэрээ бөгөөд талууд худалдан авах техникийн үнийг тохиролцож байсан хэлэлцээ, тохиролцоо байсан юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-д холбогдуулан түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөр 3 378 266 983 төгрөг, алданги 1 689 133 492 төгрөг, тоног төхөөрөмжийн сэлбэг болон засвар үйлчилгээний төлбөрт 532 891 511 төгрөг, алданги 266 445 755 төгрөг, нийт 5 866 737 742 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, түрээсээс худалдах гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох, гэрээний дагуу төлсөн 1 898 816 267 төгрөгийг буцаан гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

Зохигчид 2015 оны 2 сарын 12-ны өдөр RPO15/02-02UB тоот тоног төхөөрөмжийг түрээсээс худалдах гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-д 2 ширхэг өөрөө буулгагчийг /самосвал/ тус бүрийг нь нэг сарын 50 000 000 төгрөгөөр, 2016 оны 2 сарын 12-ны өдөр хүртэл хугацаагаар, /хх-ийн 13-14-р тал/

2015 оны 5 сарын 01-ний өдөр RPO15/03-01UB тоот гэрээ байгуулж, 1 ширхэг экскаваторыг, нэг сарын 72 000 000 төгрөгөөр, 2016 оны 5 сарын 1-ний өдөр хүртэл хугацаагаар, /хх-ийн 29-30-р тал/

2015 оны 5 сарын 27-ны өдөр RPO15/05-03UB тоот гэрээ байгуулж, 1 ширхэг өөрөө буулгагчийг /самосвал/, нэг сарын 50 000 000 төгрөгөөр, 2017 оны 5 сарын 27-ны өдөр хүртэл хугацаагаар, /хх-ийн 44-45-р тал/

2015 оны 8 сарын 21-ний өдөр RPO15/08-06UB тоот гэрээ байгуулж, 1 ширхэг гинжит экскаваторыг, нэг сарын 18 676 350 төгрөгөөр, мөн өдөр RPO15/08-07UB тоот гэрээ байгуулж, 1 ширхэг дугуйт ачигчийг, нэг сарын 26 045 250 төгрөгөөр, 2016 оны 8 сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар, /хх-ийн 60-61, 75-76-р тал/

2015 оны 9 сарын 28-ны өдөр RPO15/09-06UB тоот гэрээ байгуулж, 3 ширхэг өөрөө буулгагчийг /самосвал/ тус бүрийг нь нэг сарын 50 000 000 төгрөгөөр, 2017 оны 10 сарын 5-ны өдөр хүртэл хугацаагаар түрээслүүлэх, хариуцагч “Б-” ХХК нь түрээсийн төлбөрийг сар бүрийн эцэст нэхэмжлэхийн дагуу төлөхөөр харилцан тохиролцсон болох нь зохигчдын тайлбар, тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ зэргээр тогтоогдож байна. /хх-ийн 91-92-р тал/

 

  Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, талуудын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн талаар зөв дүгнэжээ.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК нь гэрээгээр тохирсон нийт 9 ширхэг тоног төхөөрөмжийг шалгах хуудас үйлдэн, гэрээнд заасан нөхцөл хугацаанд хариуцагч “Б-” ХХК-д хүлээлгэн өгсөн байна. /хх-ийн 27-28, 43, 58, 74, 90, 105, 106-110-р тал/ 

 

Хариуцагч “Б-” ХХК нь тоног төхөөрөмжүүдийг ашигласан хугацааны түрээсийн төлбөрт нийт 1 898 816 267 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй бөгөөд хариуцагч нь түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй болох нь зохигчдын тайлбар, нэхэмжлэгч “В-” ХХК болон хариуцагч “Б-” ХХК-ийн албан бичгүүдээр тогтоогдож байна. /хх-ийн 113-126, 131-132-р тал/

 

Талуудын байгуулсан тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээний 2.10-т “түрээслэгч нь гэрээний дагуу түрээсийн төлбөрийг төлөөгүй бол түрээслүүлэгч нь хэдийд ч тоног төхөөрөмжийн үйл ажиллагааг зогсоож, түүнийг өөрийн байранд авч ирэх эрхтэй” гэж заажээ. Нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагч “Б-” ХХК-ийг гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүй гэх үндэслэлээр 2017 оны 3 дугаар сард тоног төхөөрөмжүүдийг хураан авсан үйл баримт тогтоогдсон байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж,

мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ” гэж зааснаас гадна талуудын байгуулсан гэрээний 7.4-т “түрээслэгч гэрээний дагуу төлбөл зохих төлбөрийн нэхэмжлэхийг хүлээн авснаас хойш 3 хоногийн дотор төлөөгүй бол төлөгдөөгүй байгаа бүхий л мөнгөн дүнгийн 0.5 хувьтай тэнцүү алдангийг хоног тутам төлнө” гэжээ.

 

Иймд нэхэмжлэгч “В-” ХХК нь хариуцагчаас түрээсийн төлбөрийг, алдангийн хамт шаардах эрхтэй юм. Тодруулбал, 1) 2015 оны 2 сарын 12-ны өдрийн RPO15/02-02UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 646 749 412 төгрөг, алданги 323 374 706 төгрөг, 2) 2015 оны 5 сарын 01-ний өдрийн RPO15/03-01UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 700 994 572 төгрөг, алданги 350 497 286 төгрөг, 3) 2015 оны 5 сарын 27-ны өдрийн RPO15/05-03UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 383 279 682 төгрөг, алданги 191 639 841 төгрөг, 4) 2015 оны 8 сарын 21-ний өдрийн RPO15/08-06UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 303 386 001 төгрөг, алданги 151 693 001 төгрөг, 5) 2015 оны 8 сарын 21-ний өдрийн RPO15/08-07UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 336 042 701 төгрөг, алданги 168 021 350 төгрөг, 6) 2015 оны 9 сарын 28-ны өдрийн RPO15/09-06UB тоот гэрээний түрээсийн үлдэгдэл төлбөр 1 007 814 612 төгрөг, алданги 503 907 305 төгрөг буюу нийт 5 067 400 475 төгрөг болсон байна. /4хх-ийн 4-5, 9-14-р тал/.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5 дахь хэсэгт түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчлэх талаар зохицуулсан. Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.2.2-т “хөлслөгч нь хөлслөн авсан эд хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хангахтай холбогдсон зайлшгүй зардлыг хөлслүүлэгчээс шаардах эрхтэй”, мөн хуулийн 288 дугаар зүйлийн 288.1.3-т “хөлслүүлэгч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлслүүлсэн эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүрэгтэй” гэж тус тус заажээ.

 

Өөрөөр хэлбэл, талууд гэрээндээ өөрөөр заагаагүй бол эд хөрөнгөд засвар, үйлчилгээ хийх үүргийг хөлслүүлэгч буюу түрээслүүлэгч хариуцахаар байна. Харин зохигчдын байгуулсан гэрээний 7.9-д “түрээслэгч нь тоног төхөөрөмжийн тээвэрлэлт, ашиглалт, эзэмшил, үйл ажиллагаа, засвар, үйлчилгээ, ... гэмтэл, гэм хор, алдагдал, зардал зэргийг түрээслүүлэгчид бүрэн хэмжээгээр нөхөн төлнө” гэж тохиролцсон байна.

 

Нэхэмжлэгч “В-” ХХК нь гэрээний 7.9-т заасны дагуу тоног төхөөрөмжүүдэд засвар үйлчилгээ хийж, тухай бүр төлбөрийн нэхэмжлэхүүдийг хариуцагч “Б-” ХХК-д хүлээлгэн өгч байсан болох нь хэрэгт авагдсан засвар үйлчилгээний ажлын тайлангаар тогтоогдсон болно. Хариуцагч “Б-” ХХК нь сэлбэг, засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөр 532 891 511 төгрөг, гэрээний 7.4-т зааснаар алданги 266 445 755 төгрөг нийт 799 337 267 төгрөгийг төлөх үүрэгтэй, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдол үндэслэлгүй болно. /хх-ийн 225-250, 2хх-ийн 1-250, 4хх-ийн 4-14-р тал/

 

Иймд түрээсийн гэрээний үлдэгдэл төлбөрт 3 378 266 983 төгрөг, түүний алдангид 1 689 133 492 төгрөг, сэлбэг, засвар үйлчилгээний төлбөрт 532 891 511 төгрөг, алдангид нь 266 445 755 төгрөг, нийт 5 866 737 742 төгрөгийг хариуцагч “Б-” ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч “В-” ХХК-д олгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасантай тус тус нийцжээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд: Тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээний 6.1-д “түрээслэгч нь энэхүү гэрээний аливаа нөхцөл шаардлагыг хангасан бөгөөд түрээсийн хугацаа дуусахаас өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдсэний үндсэр дээр тоног төхөөрөмжийг худалдан авах гэрээний дагуу шууд эсхүл лизингийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу худалдан авах эрхтэй” гэж, 6.5-д “тоног төхөөрөмжийг худалдан авах эрхийг хадгалахын тулд түрээслэгч нь энэ гэрээний нөхцөл шаардлагыг ягштал биелүүлсэн байна” гэж тус тус заажээ. Өөрөөр хэлбэл, талуудыг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээ байгуулсан гэж дүгнэх үндэслэлтэй. Харин тодорхой болзол, нөхцөл хангагдсан тохиолдолд худалдах, худалдан авах гэрээний нөхцөл үйлчлэх талаар тохиролцсон гэж үзнэ.

 

Гэтэл хариуцагч “Б-” ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, худалдах, худалдан авах гэрээний нөхцөл хангагдсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй бөгөөд гэрээнд заасны дагуу тоног төхөөрөмжүүдийг худалдан авах саналыг бичгээр гаргаагүй байна. Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэж зааснаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулан, хариуцагч “Б-” ХХК нь гэрээний нөхцөл, агуулгыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байна.

 

Иймд нэхэмжлэгч “В-” ХХК нь “Б-” ХХК-тай тоног төхөөрөмжийн түрээсээс худалдах гэрээ байгуулахдаа хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, хэлцлийнхээ агуулгыг эндүүрсэн, хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн, хууран мэхэлсэн үйл баримт тогтоогдохгүй талаар дүгнэж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.

                                                      

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах гомдолдоо анхан шатны шүүх Иргэний хуулийн 320 дугаар зүйлийн 320.4 дэх хэсэгт заасан түрээсийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах талаар дүгнэлт хийгээгүй, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй, шүүгчийг татгалзан гаргах хүсэлтийг хүлээн аваагүй, нэхэмжлэгч компанийн шинээр томилогдсон гүйцэтгэх захирлаас итгэмжлэл олгоогүй байгаа нь эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэжээ.

 

Иргэний хуулийн 320 дугаар зүйл нь түрээсийн гэрээний хугацааг зохицуулсан байх бөгөөд талуудын байгуулсан гэрээний маргаан нь үүргийн зөрчилтэй хамааралтай байна. Иргэний хуулийн 294 дугаар зүйлийн 294.1 дэх хэсэгт “нэг тал нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй гэм буруутай бол нөгөө талын санаачилгаар талууд гэрээг цуцалж болно” гэж, 294 дугаар зүйлийн 294.3 дах хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно” гэж тус тус заасан байна. Тодруулбал, гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна, энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолохоор заажээ. 

 

Гэвч талуудын байгуулсан гэрээний 7.14.1-т түрээслэгч нь төлбөл зохих төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд түрээслэгчийг гэрээг зөрчсөн гэж үзэх, хэрэв гэрээг зөрчсөн тохиолдолд түрээслүүлэгч нь 7.15.3-т зааснаар тоног төхөөрөмжийг өөрийн эзэмшилд буцаан авах талаар заажээ. Хариуцагч “Б-” ХХК нь гэрээний хугацаанд түрээсийн төлбөрийг төлөөгүй, гэрээний үүргийг зөрчсөн байх тул нэхэмжлэгч “В-” ХХК нь гэрээний 7.15.3-т зааснаар тоног төхөөрөмжүүдийг хураан авч, гэрээг цуцалснаар Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан хугацааг баримтлах шаардлагагүй юм.

 

Шүүх хуралдааны товыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д-т мэдэгдсэн, тэрээр шүүх хуралдаан болох өдөр хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Шүүх хуралдаанд оролцсон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Баяржаргал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан хүсэлт шийдвэрлэсний дараа шүүгчээс татгалзсаныг шүүх хүлээж аваагүй нь хууль зөрчсөн гэж үзэхгүй. 

 

Түүнчлэн, нэхэмжлэгч “В-” ХХК-иас олгосон итгэмжлэлүүд нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дахь  заалтыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 сарын 04-ний өдрийн 181/ШШ2020/00380 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29 491 639 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.  

 

     

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Т.ТУЯА

           

                                         ШҮҮГЧИД                                                Д.ЦОГТСАЙХАН

                                                                                                 

                                                                                                            Г.ДАВААДОРЖ