Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1475

 

О.Т, С.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Сундуй,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч, Д.Дарханбаатар, Б.Цолмон-Эрдэнэ,

шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш,

цагаатгагдсан этгээд С.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр, Н.Баатардорж,

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Б.Мөнх-Эрдэнэ, Д.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Онон, Д.Дарханбаатар, М.Баасанбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудаар О.Т, С.Б нарт холбогдох 1809052951233 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 21-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Б овгийн Огийн Т, 1989 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бид” банк бус санхүүгийн байгууллагад салбарын эрхлэгчээр ажиллаж байсан, ам бүл 2, дүүгийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            2. Б овгийн Сгийн Б, 1981 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “Бид” банк бус санхүүгийн байгууллагад зээлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РЮ:Л381122175/;

            Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 94 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт зааснаар санхүүгийн байгууллагад тодорхой албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгүүлж, Өршөөл үзүүлэх комиссын 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 3161 дугаартай тогтоолоор албан тушаал эрхлэх эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял болон эдлээгүй үлдсэн 8 сар 7 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн;

            О.Т, С.Б нар нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын оффист Б.Ттэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож алсан гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: О.Т, С.Б нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Б овогт Сгийн Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан шүүгдэгч Б овогт Огийн Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч Огийн Тод-Эрдэнийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч Огийн Тод-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.Тод-Эрдэнийн эдлэх ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тод-Эрдэнийн цагдан хоригдсон 540 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн баримтаар “EDEN” нэртэй архины шил 2 ширхэг, хагархай шаазан аяганууд, “бид бизнесийн дэмжигч ББСБ” гэсэн бичигтэй чернилэн ягаан өнгөтэй далбаа 1 ширхэг, мөнгөлөг өнгийн далбааны суурь 1 ширхэг, суурьтай хамт 95 см урттай нарийн босоо төмөр 1 ширхэг, салангид 147 см урттай 1 ширхэг төмөр, О.Т, С.Б, Б.Энхтуул нарын өмсөж байсан хувцаснуудыг тогтоол хүчин Т болмогц устгаж, “Juan” гэх нэртэй “JA-R5108-H” загварын бичлэг хадгалах төхөөрөмж 1 ширхэг, “Evergood” нэртэй барилгын болон Өвөр Монгол гэх нэртэй зочид буудлын хяналтын камеруудын бичлэгтэй нийт 3 ширхэг сиди, хохирогч Б.Мгаас гаргаж өгсөн ярианы бичгийг буулгасан 2 ширхэг сиди, 301 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 5 ширхэг сиди, 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж, талийгаачийн өмсөж явсан цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц, хар тэлээтэй хөх өмд, хар пүүзэн гутал 1 хос, хар хөх өвлийн куртик зэргийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Тэс 33.520.330 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, нэхэмжлэлээс 5.278.552 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, С.Б нь төлөх төлбөргүйг, С.Б 540 хоног цагдан хоригдсоныг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шийтгэх тогтоолд гэмт хэрэгт холбогдсон С.Б, О.Т нарт улсын яллагчаас зүйлчилсэн Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11-д заасан “хүнийг бүлэглэж” гэснийг хөнгөрүүлж, Тд Эрүүгийн хэргийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, С.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт сэлт, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэгтэй эрс зөрчилдөж байгаад шүүгч хэт нэг талыг баримталсан, хийсвэр таамагт тулгуурлан дүгнэлт гаргалаа гэж үзэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримт сэлтээр шүүгдэгч Б, Т нар нь хэрэг гарах мөчид ухамсарлах чадвартай, идэвхтэй хөдөлгөөн хийж байсан нь гэрчүүдийн олон удаагийн мэдүүлгээр, бусад нотлох баримт, ул мөр, өөрсдийнх нь үйл баримтаар хангалттай нотлогдсоор байтал шүүх яллагдагч этгээдүүдэд зүйлчилсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хөнгөрүүлж ял завшуулж байгаад мөн шүүхийн шийтгэх тогтоол нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа учраас ийнхүү эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж байна. Гэмт хэргийг санавал 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Энхтуул, Б, Т нар нь ажлын байрандаа 18 цагаас 01 цаг хүртэл архидан согтуурч байдаг. Энэ үеэр Энхтуул нь миний ахыг өөрийн ажлын байран дээрээ “...хүрээд ир, хамт гэртээ харьяа” гэж дууддаг. Миний ах гадны байгууллага руу орохыг хүсэхгүй удаа дараа Энхтуулын гар утас руу тухайн цаг мөчид залгадаг ч Энхтуул утсаа авахгүй байсаар ахыг минь тэр газар руу орохоос өөр аргагүйд хүргэдэг. Энхтуул, Б, Т, миний ах Төөс гадна жижүүр Батмөнх нар нь гэмт хэргийн газар байсан. Гэмт хэрэг гарах мөчид гэрч Батмөнх, Энхтуул нар нь хэргийн газрыг орхисон болох нь өөрсдийнх нь мэдүүлгүүдээр болон хэрэгт авагдсан “Ампер хаус” барилгын гаднах хяналтын камерын дүрс бичлэгээр нотлогддог. Иймээс ахын биед учруулсан олон тооны гэмтэл, тэдгээрээс үхэлд хүргэсэн гэмтлийг хэн учруулсан болохыг хэн ч хараагүй, үзээгүй учраас ямар ч гэрчийн мэдүүлгээр яллагдагч этгээдүүдийн үйлдэл оролцоог тодорхойлж нотолж чадахгүй. Харин энд зөвхөн миний ахын биед учирсан олон тооны шарх гэмтэл зэргээр эдгээр этгээдүүд нь үйлдлээрээ хамсаж бүлэглэж ахын минь аминд хүрсэн нь хөдөлшгүй нотлох баримт болно. Нэг үгээр бол ахын бие, цогцос энэ хэргийн цорын ганц шууд нотлох баримт болж байна. Миний ахын биед учирсан гэмтэл олон тооны гэмтэл болохыг 2018 оны 12 дугаар сарын 1-нд хийсэн цогцосны гадна биед үзлэг хийсэн “...Хүүрийн толбо ар дарагдаагүй хэсгээр хөхөрсөн, улаан хүрэн өнгөөр бүдэг үүсч эхэлсэн. Дарахад 30 секундын дараа цайгаад эргэж өнгөндөө орно. Нас бараад 3-5 цаг орчим болсон байдалтай. Цогцосны гэмтэл өөрчлөлт, толгойн орой, зүүн зулайн хуйхны дээд хэсэгт 1.5x0.2 см язарсан шархтай. Уг шархнаас цус мэт улаан хүрэн өнгийн зүйл урсан гарсан, зүүн хөмсөгний гадна хэсэгт 4х2 см талбай овойн хавдсан. Зүүн чамархай, шанаа, хөхлөг сэртэнгийн хуйх нэлэнхүйдээ овойн хавдсан. Зүүн чихний дэлбээ нэлэнхүйдээ хавдартай, хөхөлбөр өнгийн цус хуралттай, зүүн чихний дэлбэнгийн ар хэсэгт 0.6x0.1 см улаан хүрэн өнгийн зулгаралттай. Дээд уруулын дотор салстын баруун хэсэгт 2.5x1.0 см хөх өнгийн цус хуралттай, доод уруулын дотор салстын баруун хэсэгт 2х0.8 см хөхөлбөр цус хуралттай. Уг цус хуралтын дунд 0.5x0.2 см цайвар язарсан шархтай. Хүзүүний зүүн хажуу доод хэсэгт 2x0.3-0.5 см 1.5x0.6 см зөв бши хэлбэрийн хөхөлбөр цус хуралттай. Баруун мөрний урд хэсэгт 7х4 см улаан ягаан өнгийн алагласан цус хуралттай. Зүүн мөрний гадна хэсэгт 1.5х1.5 см, 1x1.2 см, зүүн эгэмнийгадна доод хэсэгт 2x2 см, баруун бугалганы дотор доод хэсэгт 1.5х1.5 см, 1.2х1 см, 09х0.6 см, зүүн сарвууны дотор доор хэсэгт 1.5х1.5 см, 1.5х0.8 см хөхөлбөр өнгийн цус хуралтууд. Зүүн сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар үений дээд доод хэсэгт 1.2x0.З см улаан хүрэн өнгийн зулгаралттай, эргэн тойрон 2.5х2.0 см талбайд хөхөлбөр цус хуралттай. Баруун сарвууны 5 дугаар хурууны 3 дугаар үений ар дээд хэсэгт 0.5х0.2 см улаан хүрэн өнгийн зулгаралттай” /1хх 24-30/ гэх шинжээчийн тэмдэглэлээс, 2018 оны 12 дугаар сарын 19 өдрийн Шүүх шинжээчийн 2657 дугаартай цогцост хийсэн задлангийн үзлэгийн тэмдэглэл мөн дүгнэлтээс, 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 20 дугаартай хувцаст үзлэг хийсэн тэмдэглэлүүд тус бүрээр нотлогдож байна. Өөрөөр хэлбэл, талийгаач ахын биед үлдсэн дээрх олон тооны бэртэл гэмтлийн ул мөр нь хэрэг гарах цаг мөчид миний ах яаж амь тэмцэж байсныг өгүүлж байна. Гэтэл шүүх ганц хоёрхон цохилтоос болж ахыг минь нас барсан мэт үзэж хэрэгт холбогдогч нарт ял завшуулж байна. Тухайлбал, 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн шүүхийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолд үхэлд хүргэсэн гэмтлийг гэрч Энхтуулын “...Т дахиад талийгаачийн зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед талийгаач газар унаад босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан /шийтгэх тогтоол 20 дахь тал/ гэж мэдүүлснийг шийтгэх тогтоолын үндэслэл болгосноо “...Энэ нь талийгаач хамгийн сүүлд О.Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна.” гэж тэмдэглэсэн байгаа нь хэтэрхий хийсвэр үндэслэлгүй дүгнэлт гэж үзэхээр байна. Энэ нь хэрэгтээ криминалистик, эмнэлгийн тусгай мэдлэгтэй мэргэшсэн шинжээчийн дүгнэлтийг няцааж байгаа хэрэг юм. Тодруулбал, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр шинжээч эмчийн “...талийгаачийн хувьд баруун зүүн тархинд хоёуланд хуйхны дотор гадаргууд цус хуралттай байсан. Гэхдээ гэрэл зургийн үзүүлэлт болон тэмдэглэлд зүүн чамархай болон зүүн чамархайн булчин хэсэгт тархмал шинжтэй байна. Харин баруун чамархайд бага зэрэг байгаагаас харах боломжтой. Үүнээс гадна зүүн чамархайг гадна хэсгээс авсан буюу нүүр хэсгээс харахад илт хавдсан байдалтай байгаа. Иймд баруун чамархайд үүссэнээс илүү зүүн чамархайд үүсэх цус хуралт зэрэг гэмтлүүд нь аалзан хальс доорх цус хуралт гэмтлүүд үүсэх илүү боломжтой гэж үзэж байна. Нэгдүгээрт хэмжээ хэлбэр тархсан талбай зэргээс хамаарч байна /7хх 155/ мэдүүлэг, мөн 2020 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн нэмэлт мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн “...Амь хохирогчийн толгойн битүү гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. “ /8хх 71-72/, мөн “...амь хохирогч тархины битүү гэмтэл авсны дараа ямар байдалд шилжин нас барах бэ” гэх мөрдөгчийн асуултад “...Энэ гэмтлийг авсан хүн ухаан алдаж, ухамсарт ухаан алдагдаж, эмгэг хурхирах, өтгөн шингэн гадагшилна, богино хугацаанд үхэлд хүргэнэ.” гэж мэдүүлсэн байдаг. Нэг үгээр гэрч Энхтуулыг хэргийн газар байх үед яллагдагч Тод-Эрдэнийн цохилт үхэлд хүргэсэн гэмтлийг учруулаагүй гэж ойлгогдож байна. Энэ тухай 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүхийн хэлэлцүүлгийн үеэр даргалагч шүүгчээс “...Гэрч болон шүүгдэгч нарын мэдүүлгээр харилцан заамдалцаад цохилцсон гэдэг. Тухайлбал, Т нь 2-3, 3-4 удаа зүүн шанаа хэсэгт гараараа талийгаачийг цохисон гэж мэдүүлдэг. Энэхүү үйлдлээс үхэлд хүргэх гэмтэл учрах уу” гэж асуухад шинжээч эмч “...Талийгаачид дээрх гэмтэл учирсан даруйд ухаангүй идэвхгүй болох ёстой. Гэтэл талийгаач нь дахин идэвхтэй хөдөлгөөн хийгээд байдаг. Иймд дээрх гэмтлийг авсан бол ямар нэгэн хөдөлгөөн хийхгүй даруй ухаангүй болно гэж ойлгож болно” /7хх 30/ гэж тов тодорхой хариулсан байдаг. Үүнээс гадна гэрч Энхтуул нь хэргийн газрыг 01 цаг 19 минутад орхин гарч, эргээд 01 цаг 27 минутад буцаж очсон байгаа нь “Ампер хаус”-ын гаднах талбайн хяналтын камерын дүрс бичлэгт бичигдсэн байдаг бөгөөд түүний орхиж явсан 8 минутын хугацаанд миний ах амь насаа алдсан байдаг. Үхэлд хүргэх цохилтыг авсан даруйдаа идэвхтэй хөдөлгөөн хийж чадахгүй, хурхирах, шингэн алдах гэх мэт эмгэг илэрнэ гэж шинжээч эмчийн хэлсэн дүгнэлт нь гэрч офицер Мөнхтулга, Ууганбаяр, түргэний эмч Хажидмаа нарын болон гэрч Жанжинхүүгийн мэдүүлгүүдэд ахын ямар байр байдалтай байсныг дүрсэлсэн шинж тэмдгүүдтэй яв цав таарч тохирдог. Өөрөөр хэлбэл, миний ах амь насаа алдаад удаагүй байх үед Энхтуул нь хэргийн газарт очсон байдаг ба энэ тухайгаа хэрэг явдал гараад удаагүй, ердөө хэдхэн цагийн дараа мэдүүлсэн “...Намайг ажлын өрөө рүү ороход цайны өрөөний хажуу талын сейфний хажууд нөхөр Т, Т, Б 3 шалан дээр ноцолдоод хоорондоо зодолдож байхад Т өндийгөөд босож ирэхэд хамраас цус гарсан байсан ба “юун цус вэ” гээд миний хажуугаар гараад явсан, Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан, тэр үед Т шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон. ...” гэж анхны мэдүүлэгтээ дурдсан байдаг. Нөгөөтэйгүүр, Б өөрийн толгойд учирсан гэмтлийн талаар 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “...талийгаач ажлын цайны жижиг өрөөнд архи уугаад сууж байсан, өрөө миний нүүрний шанаа, нүд, уруул, хамар хэсэгт гараараа цохих үед үүсгэгдсэн гэмтэл. Дагзны хэсгийн шарх гэмтлийг талийгаач ямар нэгэн хатуу зүйлээр цохиж учруулсан би юугаар цохисон гэдгийг харж амжаагүй. Би дагз руугаа цохиулснаас болж ухаан алдаж тодорхой хугацаанд ухаангүй байж байгаад сэргэсэн. Талийгаач над руу 2 удаа довтлоход миний биед учирсан дээрх гэмтлүүдийг учруулсан. 2 дахь удаагийн довтолгоогоор миний толгой руу хүнд хатуу зүйлээр цохисон. /2хх 19-21/ гэж мэдүүлдэг боловч түүний энэхүү мэдүүлэгт дурдагдсан 2 дахь удаагийн довтолгооны талаар мөн Бийн өөрийнх нь хэлсэн шиг ухаан алдаж унасан талаар хэргийн газарт байсан хүмүүсийн хэн нь ч мэдүүлдэггүй харин ч хачирхалтай байна. Энэ тухай 2 удаагийн шүүхийн хэлэлцүүлгээр гэрч Энхтуул мэдүүлдэг. Тодруулбал, 2020 оны 9 дүгээр сарын 1 өдрийн шүүхийн хэлэлцүүлгээр “...намайг байх хугацаанд Бийн хамраас цус гараагүй, Б ухаан алдаж унаагүй, намайг гарч явах үед бүгд зүгээр байсан” гэж мэдүүлдэг. Хэрвээ үнэхээр Б хэлж мэдүүлсэн шигээ зодоон цохионд оролцоогүй, хэрэг гарахаас өмнө цайны өрөөнд ухаан алдаж унасан юм бол түүний өмсөж байсан өмдний маш том урагдлыг (2018.12.24 өдрийн №23 шинжээчийн дүгнэлт /2хх 128/, эд мөрийн баримтаар тогтоон хэргийн газраас хурааж авсан туг далбаанаас Бийн В/III бүлгийн харьяалалтай цус илэрсэн тухай (2019.01.15 өдрийн №17 шинжээчийн дүгнэлт, /2хх 143/ яагаад өөрөө тайлбарлан хэлж чадахгүй байна бэ? Бийн толгойн хэсэгтээ авсан жижиг 3 оёдол нь харин ч миний ахтай зууралдаж ноцолдож байх үедээ өөрөө хурц ирмэгтэй зүйл мөргөж, эсвэл өөрөө ойчиж унахдаа авсан байх боломжтой бэртэл гэмтэл юм. Энэ нь эд мөрийн баримтад хийсэн биологийн гаралтай ул мөр илрүүлэх №17 дугаартай шинжилгээний дүгнэлтэд /2хх 153/ “...Нил ягаан өнгийн далбаанд В/III бүлгийн цус илэрсэн. 149 см, 106 см урттай нарийн төмөрт илэрсэн цусны бүлгийг тогтоох боломжгүй” гэсэн бол №741 дугаартай эд мөрийн баримт зэрэгт илэрсэн цусны ДНХ тогтоох шинжилгээний дүгнэлтэд /2хх 154-155/ 106 см, 149 см урттай төмөрт илэрсэн цусны ДНХ-ны давтагдашгүй тоонууд нь №767 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 164-165/ болох Тод-Эрдэнийн цусны ДНХ тогтоцтой тохирч байдаг. Энэ бүхнээс дүгнэхэд Б, Т нарын аль аль нь өөрсдийн ул мөрөө хэргийн газар үлдээсэн, идэвхтэй үйлдэл хийн газарт манарч унаагүй, зодолдсон, зууралдсан гэх үйл баримтууд нотлогдож байна. Түүнчлэн, 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хурлын хэлэлцүүлгийн үеэр Тэс даргалагч шүүгч бид ББСБ бичигтэй туг далбаа оффисын өрөөний хаана байрладаг тухай асуухад сэйфний ойролцоо гэж хариулдаг бөгөөд миний ахын бүлгийн цус хэргийн газрын үзлэгээр Тод-Эрдэнийн өрөө, том заалны сейфний урд хэсгийн их хэмжээний цус болон Тод-Эрдэнийн өмсөж байсан хувцас зэргээс илэрсэн байдаг. Эндээс миний ах бусдын гарт хэрцгийгээр зодуулж цохиулж үхэлд хүргэсэн гэмтлээ газарт хэвтэж байхдаа авсан болох дүр зураг гарч байна. 0/I бүлгийн харьяалалтай цус илэрсэн газрын ойролцоо ханан тушаа хэсэгт тугны суурь, иш, цусаар бохирлогдсон далбаа болон Бийн цустай зангиа зэрэг олддог. Дээр дурдсанчлан туг далбаанаас Бийн В/III бүлгийн цус илэрсэн байдаг. Гэрч Батмөнх, Энхтуул нарын мэдүүлэгт хэргийн газарт цус болсон зүйл мэдүүлдэггүй ба дээрх явдал зөвхөн Б, Т, талийгаач ах гурав байх үед болсон буюу Энхтуулыг хэргийн газрыг орхиж гарсан 8 минутын хугацаанд болсон гэж үзэхээр байна. Үнэхээр эдгээр этгээдүүдийн хэлж ярьж байгаа шиг талийгаач ах минь догшин хэрцгий байсан юм бол яагаад өөрсдөө 102 руу залгасангүй бэ? Ах минь ална, хядна гэх үед яагаад амиа аврахаар хэргийн газрыг хаяж зугтаасангүй бэ? Харин ч бүр эсрэгээрээ миний ах өөрийн гар утсаараа 102 руу залгасан байгаа нь хэрэг дээрээ миний ах энэ 2 хүнд зодуулж цохиулж байх үедээ ямар их амь тэмцэж байсныг үйлдлээрээ ч тэр, бие дээрээ авсан бэртлийн шарх сорвиороо ч тэр Б Т нарын ярьж мэдүүлээд байдаг шиг үйл явдал болоогүй гэж ойлгогдоод байна. Мөн Б, Т нар нь цагдаа нарыг ирэх үед шалан дээрх цус, гарынхаа цусыг арчиж цэвэрлэсэн, гадуур хувцсаа өмссөн байдалтай, хяналтын камерын дүрс бичлэгийг форматалж устгачихаад нууц кодыг мэдэхгүй гэж мөрдөн шалгах ажиллагаанд санаатай хүндрэл чирэгдэл учруулж цаашлаад өдийг хүртэл болсон явдлыг анхнаас нь үнэн шударгаар мэдүүлдэггүй, хорих ангид байхдаа бие биеэсээ болсон хэргийн талаар асууж лавлаж, мэдүүлэг өгөхдөө ингэж тэгж мэдүүлгээрээ гэж хоорондоо захиагаар болон нарлахдаа ярилцаж, бүр сүүлдээ хоорондоо эв зүйгээ ололцохгүй болоод ирэхээрээ өмгөөлөгчдөөрөө дамжуулж хий хоосон урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулан шүүхийн байранд үг тохиролцдог боллоо. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гээд ахыг минь дэндүү балмад этгээд шиг дүрсэлж амны зоргоороо худал мэдүүлж байгаа эдгээр этгээдүүд нь өнөөдрийг хүртэл хүний амь эрсэдсэн энэ хэрэгт гэм зэмээ хүлээхгүй, шүүх хурлын хэлэлцүүлэг бүрд өөр өөр зүйл ярьдаг, өмгөөлөгчид нь өөрсдөө ч тайлбарлаж чадахгүй дур зоргоороо урьдчилсан хэлэлцүүлэг зарлуулж хэргийг сунжруулж байгаа нь шүүх нэг талаараа хүний эрхийг хангаж байгаа мэт харагдаж байгаа боловч нөгөө талаараа хохирогч талдаа сэтгэл санаа, биеийн эрүүл мэндэд хор уршиг дагуулсан үйлдэл болж байна. Түүнчлэн, Б, Т нар нь шүүх хурал бүр дээр хэрэг наймаалцах тухай ил тод ярьж байдаг. Хамгийн сүүлийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хурлын завсарлагаанаар хүртэл 150.000.000 төгрөгийн тухай шүүгдэгчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн ам алдаад өнгөрсөн удаатай. Ер нь шүүгдэгч нарын өмгөөлөгчдөөс хохирогч талд сэтгэлзүйгээр нөлөөлөх гэсэн оролдлого, шүүх хуралдаанаас өмнө шүүгдэгч нар нь хэн хэндээ хэрэг наймаалцах яриа явдал нэг бус удаа болж байсан. Ийм тодорхой хэрэгт шүүх худал мэдүүлгийг үндэслэн үнэн гэж үзээд байгаа нь ойлгомжгүй байна. Монгол Улсын хууль, цааз зөв бурууг тунгаан гэмтнийг гэсгээж гэмгүйг хамгаалаасай хэмээн хүсч байна. Энэ хэрэг эцэстээ яллагдагчийн үйлдэл оролцоогүйгээр миний ах амь насаа алдсан мэт тайлбарлагдахад дэндүү ойрхон болчихлоо. Худал үгийг мянга яривал үнэн болдог гэдэг шиг гэмт этгээдүүдийн өмгөөлөгчид хэрэг гарах үед үйлчлүүлэгчтэйгээ хамт дэргэд нь байсан мэт болсон хэргийг санаанаасаа зохион хэргийн зүйлчлэлийг өөрчлөх тухай дураараа ярьж бүр сүүлдээ энэ яриа нь биеллээ олж хэргээс мултарч, ял завшин цагаатах тухай ярьж байгаад нь амь хохирогчийн ар гэрийнхэн Монгол Улсын хууль, шүүхийн байгууллагад туйлын их гомдолтой байна. Миний ахын биед учирсан олон тооны бэртэл гэмтэл, зодуур зовиурууд нэг хүний гараар үүсгэсэн бэртэл гэхэд дэндүү олон. Яллагдагчдийн биед учирсан бэртэл гэмтлийг талийгаач ахын минь биед учирсан бэртэл гэмтэлтэй харьцуулахад энэ тодорхой ажиглагдана. Иймд дээр дурдсан үндэслэлүүдийг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч Д.Онон, Д.Дарханбаатар, М.Баасанбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон өмгөөлөгч Д.Дарханбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй хэмээн хуульчилсан бөгөөд шүүх гэмт хэрэгт холбогдон шалгагдсан эсрэг ашиг сонирхол бүхий яллагдагч нарын мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэхдээ чухам ямар учраас тэдгээрийн яллагдагчаар өгсөн мэдүүлгийг үндэслэн дүгнэлт хийсэн нь ойлгомжгүй байна. Яллагдагч С.Б хамгийн анх 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр гэрчээр мэдүүлэхдээ “...Намайг сандал дээр сууж байхад Энхтуулын нөхөр Т миний толгой руу нэг зүйлээр цохих шиг болсон, яг юугаар цохисон талаар мэдэхгүй, тэгтэл миний толгойн зүүн хойд дагзнаас цус гарахаар нь би сандлаасаа босоод Энхтуулын нөхөр Ттэй барьцалдаж аваад хоорондоо 2-3 удаа цохилцсон, яг хаана нь яаж цохилцсон талаараа санахгүй байна, би цайны өрөөний сандал дээр суугаад үлдсэн, тэгээд удаагүй 3-4 минутын дараа цайны өрөөнөөс гараад заал руу ороход Энхтуулын нөхөр Т нь оффисын өрөөнөөс гарах хаалганы үүдэнд дээшээ харсан толгой нь үүд рүү чиглэсэн байдалтай шалан дээр унасан байсан. ... “ /3хх 125-128/ хэмээн мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл, яллагдагч С.Б нь хамгийн анхны мэдүүлгээрээ ухаан алдаж унасан талаар огт мэдүүлээгүй атлаа сүүлд өмгөөлөгч авсан цаг хугацаанаас эхлэн юу ч санахгүй, ухаан алдсан байсан мэтээр худал мэдүүлсээр ирсэн бөгөөд яллагдагч С.Б нь гэмт хэрэгт идэвхтэй үйлдлээр хамтран оролцсон болох үйл баримт хангалттай нотлогддог. Тухайлбал, хавтас хэрэгт нотлох баримтаар авагдсан 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлээр С.Бийн өмсөж явсан хувцсанд үзлэг хийхэд “...цэнхэр өнгийн брюкен өмдний зүүн салтааны хэсэг оёдол дагуу урагдалтай болохыг тогтоож гэрэл зургийн аргаар бэхжүүлсэн. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 23 дугаартай дүгнэлтэд “...шинжилгээнд ирүүлсэн хар хөх өмдөнд 13мм, 100*405 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр тус тус гарсан шинэ ханзралтууд байна...”, 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 14272 дугаартай дүгнэлтийн болсон хэргийн товч агуулга, зовиур хэсэгт тайлбарлахдаа толгой өвдөнө, чих, шүд, эрүү хөндүүр...” гэжээ. Энэ нь С.Б нь анхнаасаа хэргийн газарт ухаан алдаагүйг нотлох баримт бөгөөд С.Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын угт зулгаралт, дагзны зүүн хэсэг дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. ...” гэж дүгнэсэн нь түүнийг тухайн цаг хугацаанд хэргийн газарт О.Ттэй бүлэглэн амь хохирогчийг харгис хэрцгий, олон удаагийн довтолгооноор цохиж биед нь гэмтэл учруулан алсан гэх үндэслэлтэй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэлд “...С.Бийг ухаан алдсан хэвтэж байсан болохыг гэрч С.Батмөнх 2 дахь удаагаа дээшээ буцаад гартал нөгөө залуу 301 тоотод байсан 2 залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай... “ гэх мэдүүлгийг үндэслэн С.Бийн үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болжээ. Учир нь, энэхүү мэдүүлгээр гурвуулаа зодолдож байсныг гэрчилснээс гадна нэг намхан залуу нь газар унасан байдалтай гэснээс ухаан алдаад унасан байдалтай гэж огт мэдүүлээгүй байхад шүүх таамаглалд үндэслэн С.Бийг ухаангүй хэвтэж байсан мэтээр дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээс гадна Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 14 дэх хэсэгт заасан “...Нотлох баримтыг шинжлэн судлах явцад хэрэгт ач холбогдолтой, хамааралтай эсэхэд эргэлзэх үндэслэл байвал тухайн нотлох баримтыг шүүх, прокурорын шийдвэрийн үндэслэл болгохгүй... “ гэснийг зөрчсөн гэж үзнэ. Гэрч Б.Энхтуулын хамгийн анх удаа 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдөр мэдүүлэхдээ “...Намайг ажлын өрөө рүү ороход цайны өрөөний хажуу талын сейфний хажууд нөхөр Т, Т, Б 3 шалан дээр ноцолдоод хоорондоо зодолдож байхад Т өндийгөөд босож ирэхэд хамраас цус гарсан байсан ба юу цус вэ гээд миний хажуугаар гараад явсан, Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан, тэр үед Т шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон. ...” /3хх 170-174/ хэмээн мэдүүлдэг. Энэхүү мэдүүлгээс үзэхэд гэрч Энхтуулыг ажлын байрнаасаа гараад буцаад ороход Т, Б нар амь хохирогчийг бүлэглэн зодоод амь хохирогч шалан дээр доошоо харсан байдалтай, идэвхтэй үйлдэл хийх боломжгүй болсон байсан нь нотлогддог. Мөн амь хохирогчийг тухайн цаг хугацаанаас хойш шалан дээрээс зөөвөрлөн сандал тэгнүүлэн тавьсан болох нь тодорхой байхад шүүх талийгаач хамгийн сүүлд О.Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна гэж дүгнэсэн нь шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна. Түүнчлэн, анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тод-Эрдэнийг гэм буруутайд тооцож ял оногдуулахдаа О.Тод-Эрдэнийг сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон үедээ амь хохирогчийн зүүн чихний ар тал, зүүн чихний орчимд хамгаалалт хийж, хүчийг сулруулах зорилгоор цохисноос болж Тт үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж огт дүгнэлт хийгээгүй байхад шүүгдэгчийн өмгөөлөгчдөөс илт худал, үндэслэлгүй гомдол гаргаж, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт огт яригдаж байгаагүй зүйлээр буюу бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн мэтээр гомдол гаргасан нь ойлгомжгүй юм. Иймд дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч О.Т, С.Б нарт холбогдох эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаан шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн өмгөөлөгч Б.Цолмон-Эрдэнэ тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлгүй гарсан, хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлаж чадаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд С.Бт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, О.Тд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар зүйлчилж хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлаагүй, нотлох баримтыг бодитоор үнэлж чадаагүй шийдвэр болсон. Шүүх О.Т болон Энхтуулын мэдүүлгийг няцаах байдлаар шийтгэх тогтоолдоо дүгнэсэн байдаг. Энхтуулыг хэрэг гарах үед согтуу байсан гэдэг үндэслэлээр түүний мэдүүлгийг няцаасан. Гэтэл О.Т, С.Б, Энхтуул нар гурвуулаа согтуу байсан. Хэрэг гарсан даруйд холбогдогч нарын өгсөн хамгийн анхны мэдүүлэг маш чухал мэдүүлэг юм. Өөрөөр хэлбэл, холбогдогч нар тухайн үед өмгөөлөгчөөс эрх зүйн туслалцаа аваагүй байх үеийн буюу хэрэг гарсан даруйд өгсөн мэдүүлэг нотолгооны ач холбогдолтой гэж үзэж байна. О.Тод-Эрдэнийн мэдүүлэгт эрх зүйн дүгнэлт хийлгүйгээр яллагдагчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд өгсөн шүүгдэгчийн мэдүүлэгт дүгнэлт няцаалт хийсэн байдаг. Тухайлбал, Энхтуулын “гарчихаад орж ирэхэд талийгаач доошоо хэвтсэн, Б цаад талд нь өндийж байсан” гэх мэдүүлэг. Цагдаагийн ажилтан Мөнхтулга нарын анхны мэдүүлэг нь бие биенийхээ өгсөн мэдүүлгийг нотолж байсан боловч явцын дунд өөрчлөгдсөн. Явцын дунд Б мэдүүлэг мөн өөрчлөгдсөн “цохиулаад ухаан алдаад нэг сэрсэн чинь цагдаа ирсэн байсан” гэж мэдүүлдэг. Хэрэг гарсны дараа ухаан ороогүй гэдгийг дуудлагын цагдаа мэдүүлдэг. Цагдаа ирэхэд Б гараа цэвэрлээд цаана байсан цусыг цэвэрлэж байхаар нь дуудаж оруулсан гэж мэдүүлдэг. Хэргийн газрын эд мөрийн баримтыг устгаж байсныг таслан зогсоосон мэдүүлэг өгсөн. О.Тод-Эрдэнийн хийж байгаа үйлдэл нь амь хохирогчийн эсрэг санаатайгаар үйлдэгдэж байна. Амь хохирогч С.Б руу чиглэсэн үйлдэл гаргаж байсан. Амь хохирогч О.Тод-Эрдэнийг цохиогүй байхад О.Т өөрөө эхэлж цохисон. Ийм санаатай үйлдлээр хэрэг дуустал идэвхтэй үйлдэл гаргаж байсан. С.Б, О.Т нар үйлдлээрээ санаатай нэгдсэн гэтэл анхан шатны шүүхээс С.Бийг хэрэгсэхгүй болгож шийдэж байгаа нь хэрэгт авагдсан баримтуудад үндэслэж шийдвэр гаргаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Т давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Хохирогчийн төлөөлөгч Б.М, дуудлагаар ирсэн эргүүлийн цагдаа Г.Мөнхтулга, Г.Угтахбаяр, талийгаачийн найз Жанжинхүү, 103 төвийн эмч Э.Хажидмаа нарын мэдүүлгийг нотолгоо болгосон нь өрөөсгөл хандсан гэж үзэж байна. Учир нь, эдгээр хүмүүс хэрэг учрал болсны дараа ирж, тэр үедээ харсан нөхцөл байдлыг дүрсэлж ярьдаг болохоос яг юунаас болж талийгаач амьсгал хураав гэдгийг гэрчилдэггүй. Хэргийн газар байсан гэрч С.Батмөнх нь 4-5 удаагийн мэдүүлэгтээ үйл явдлыг өөр өөрөөр мэдүүлдэг. Энэ зөрүүтэй мэдүүлгүүдийн алийг нь шүүх үнэн зөв гэж тогтоон авч үзэж байгаа нь тодорхойгүй. Талийгаачийн эхнэр гэрч Б.Энхтуул нь мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлгээсээ анхны шүүх хурлын үед буцаж, хэлснээ үгүйсгэж байсан удаатай. Өөрийгөө ажлын байрнаас гарах үед талийгаач нь ухаан алдаагүй, талийгаач нь сандал дээр суусан, намайг тэр чигтээ зайл гээд хэлж байсан гэдгээ мэдүүлээд талийгаач амь хохирох гэмтэл авах үед байгаагүй, юу болсныг мэдэхгүй гэдгээ удаа дараа хэлдэг. Мөн өөрийгөө их согтолттой байсан гэдэг. Тэгэхээр энэ хэргийг тодорхойлох чадваргүй гэрч гэдэг нь харагдаж байна. Хэргийн газрын цусны толбоны шинжилгээнүүд, шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 12761 дугаартай АВО системээрх дүгнэлт /хх 184/, мөн 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 1299 дугаартай цусны ДНХ-ийн тогтцоор хийсэн дүгнэлт /6хх 27-28/ хоёр зөрүүтэй. Сүүлд хийсэн ДНХ-ийн тогтцоор хийсэн дүгнэлтээр хэргийн газарт байсан цусны толбонууд нь хэн хэнийх болох нь 2019 оны 1 дүгээр сарын 4-ний өдрийн хэргийн газар дээрх мэдүүлэг шалгах үеэр миний хэлж байсантай таардаг. Шүүх хөдөлшгүй нотлох баримт үндэслэн шийдвэр гаргах байтал, хоёр зөрүүтэй баримтыг шийтгэх тогтоолдоо оруулсан нь хэргийн эргэлзээгүй байдлыг хангаж чадалгүйгээр шийдвэр гаргасан гэдгийг илтгэж байна. Дээрхээс үзэхэд шүүх үнэн бодит байдлыг тогтоох бус шүүгдэгч намайг буруутгахын тулд, гэм буруутайд тооцох гэж хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр бүрэн гүйцэд гэрчлэх боломжгүй гэрч нарын мэдүүлгээс түүвэрлэн авсан, шинжээчийн зөрүүтэй хоёр дүгнэлтийг нотлох баримт болгосон нь шударга ёсны зарчим, шүүхийн үнэн зөвөөр шүүн дэнслэх үнэт зүйлийг хангаж чадаагүй, буруу хэрэглэсэнд гомдолтой байна. Шүүгдэгч Тод-Эрдэнийн мэдүүлэг үндэслэлгүй болох нь /шийтгэх тогтоолын 20х/ шинжээч эмч Болороо, гэрч Батмөнх, Энхтуул нарын мэдүүлгийг үндэслэл болгон үзжээ. Болсон хэргийн үйл явц 40 минут орчим хугацаанд үргэлжилсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Миний бие энэ хугацаанд болсон явдлыг өөрийн харсан, сонссон бүхий л явдлыг дэлгэрүүлэн ярьж, хэргийн бодит байдлыг мэдүүлж байсан. Хэргийн газарт хамт байсан Энхтуул шиг 20-25 минутын үйл явдлыг, мөн шүүгдэгч Б шиг өөрийгөө эхэнд ухаан алдаад унасан гэх 5-10 минутын үйл явцыг ярьж өөрсдийн эрх ашгийн төлөө хэргийн бодит байдлыг нуун далдлаагүй. Нэг бүрчлэн ярьж мэдүүлсэн нь намайг худалч гэж үзэхэд хүргэсэн юм бол шинжээч эмч Болороо 2020 оны 1 дүгээр сарын 8-ны өдрийн шүүх хурлын хэлэлцүүлэгт биечлэн оролцож, мэдүүлж байснаасаа буцаж, 2020 оны 6 дугаар сард хэрэг нэмэлт мөрдөн байцаалтад буцсан үед “...Бусад том хэмжээний цус хуралт гэмтэл нь тугны сууриар цохиход үүсэхгүй, харин нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, мохоо гадаргуутай зүйлээр цохиход үүссэн байх боломжтой. Тугны их буюу турба хэсгээр дээрх гэмтэл үүсэх магадлал багатай. Учир нь хөнгөн, нимгэн төмөртэй эд зүйл байна. ...” гэж дахин өөрөөр мэдүүлэх болсон нь гэрч Батмөнхийн “...хоёр дахь удаа дээшээ гартал нөгөө залуу 301-д байсан хоёр залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу нь цохиулаад газарт унасан байдалтай, өндөр залуу нь хамраас нь цус гараад, хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу “та нарыг ална” гээд орилоод зогсож байсан.” гэж мэдүүлснээр шүүгдэгч Бийг ухаан алдсаныг гэрчилсэн гэж шүүх үзсэн нь уг гэрчийн өгсөн бусад мэдүүлгүүд болох “...ажлын газрын залуу хаана байсныг анзаараагүй, ...”, “...Намайг 2 дахь удаагийн буюу маргалдаж, зодоон болж байх үед ороход амь хохирогч өрөөний голд, захирлын өрөөний шилэн хаалга чигтээ хараад зогсож байсан, харин захирал өрөөнийхөө үүдэнд амь хохирогч руу харчихсан зогсож байсан, захирлын зүүн талд ширээний ард хамт байсан эмэгтэй нь, баруун талд шилэн хана дагуу нөгөө залуу нь зогсож байсан, талийгаач залуу эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байсан.”, мөн Энхтуулын шүүхийн хэлэлцүүлэгт “...Хэн алинаас нь цус гарсан асуудал байхгүй, намайг байхад Б ухаан алдаж унасан асуудал болоогүй.” гэсэн мэдүүлгүүдтэй зөрүүтэй байгаа нь шүүгдэгч Т намайг явцын дунд талийгаачийг цохисон гэж гэрч Энхтуул нь “Т нь талийгаачийн зүүн талын шанаа руу 2-3 удаа цохисон, тэр үед талийгаач нь босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан, би очоод болиоч явъя гэхэд “чи тэр чигээрээ зайл” гээд хөөгөөд байхаар нь гараад явсан.” гэж удаа дараа мэдүүлдэг. Хэдийгээр би талийгаачийг цохисон гэсэн боловч үүнээс хойш идэвхтэй хөдөлгөөн хийж байсныг гэрчилдэг. Мөн шинжээч эмч Болороо “...үхэлд хүргэх гэмтэл авсан хүн идэвхтэй үйлдэл, хөдөлгөөн хийх боломжгүй” гэж мэдүүлдэг. Шүүх үзэхдээ гэрч ингэж мэдүүлж байсан болохоор талийгаач хамгийн сүүлд Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна гэж үзсэн нь үндэслэлгүй. Шүүхийн үйл ажиллагаа учир дутагдалтай, эргэлзээтэй дүгнэлт гаргаж, талийгаач яг аль агшинд, ямар үйлдлээс болж амь хохирсон нь тогтоогдоогүй байхад шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулсан нь хуульд нийцэхгүй, нотолбол зохих байдлуудыг хангалгүйгээр шийдвэрлэсэн. Мөн дээрх байдлаар гэрчүүдийн мэдүүлэг нь тогтворгүй, өөр хоорондоо зөрчилдөж хэргийн үйл явдлыг үнэн зөвөөр гэрчлэх боломжгүй нөхцөлд шүүх ямар үндэслэлээр, аль мэдүүлгийг, ямар шалгуураар хэргийн бодит байдлыг тогтоох нотолгоонд тооцон шүүгдэгчийг буруутган яллаж буй нь тодорхойгүй байна. Миний бие хэрэг гарсан 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс шүүх хуралдаанд болсон 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл тасралтгүй хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон. Энэ хугацааг тооцоход 640 хоног байдаг. Мөн яллах дүгнэлт дээр 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс цагдан хоригдсоныг тусгасан, шүүх хурлын үед улсын яллагч цагдан хоригдсон хоногийг 640 хоног гэж дурдсан байдаг. Анхан шатны шүүх цагдан хоригдсон хугацааг буруу тооцож тогтоосныг анхаарч хуулийн дагуу үнэн зөвөөр тогтоож өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад заасан хохирогчийн талаар оршуулгын зардалд нэхэмжилсэн дүнгээс 33.520.330 төгрөг гаргуулан олгохыг дурджээ. Энэхүү хохирлын дүнг ямар хуулийн, ямар заалтад үндэслэн хавтас хэрэгт авагдсан хохирлын баримтуудаас аль алиныг нь хохирол, хор уршигт тооцсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Дээрх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, гаргасан гомдол хүсэлтүүдийг минь тал бүрээс нь хянан үзэж, шударга ёсны шүүлтийг баримтлан хуулийн хүрээнд үнэн зөвийг тогтоож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Т өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаас, гэмт хэрэг үйлдэгдэн гарсан нөхцөл байдлыг судалж үзэхэд, Тийн, Бийг цохиж унаган ухаан алдуулж толгойн ар талд 6 оёдол тавиулсан гэмтэл учруулж, О.Тод-Эрдэнийн хамрын ясыг хуга цохисны дараа улам догширч та нарыг ална, гүйцээнэ гэж хашхирч зодохоор довтолгоон хийж, Тод-Эрдэнийг барьж авахад нь Т сэтгэл санааны гэнэтийн цочролд орсон үедээ Тийн зүүн чихний ар тал, зүүн чихний орчимд хамгаалалт хийж, хүчийг сулруулах зорилгоор цохисноос болж Тт үхэлд хүргэсэн гэмтэл учруулсан гэж шүүх дүгнэлт хийснийг хүлээн зөвшөөрч байна. Харин шүүх, шүүгдэгч Тод-Эрдэнийг “Хүнийг санаатай алах” гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож байна гэж дүгнэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд зааснаар 12 жилийн хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр таслан шийдвэрлэснийг өмгөөлөгч нар хүлээн зөвшөөрөх хууль зүйн үндэслэл муутай гэж үзнэ. Яагаад гэвэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон мөрдөн шалгах ажиллагаа, шүүх хуралдааны шинэчилсэн байцаалт зэргийг бүхэлд нь авч үзээд дүгтнэлт хийхэд ялтан Т амь хохирогч Тийг санаатай алаагүй болох нь хангалттай тогтоогдож байдаг. Бусдыг санаатай алах гэмт хэрэг нь хүний амь насанд халдаж түүнийг үхэлд хүргэсэн шууд санаатай үйлдлээр илэрдэг. Ийм шинж чанартай үйлдэл ялтан Тод-Эрдэнийн гэм буруутай үйлдэлд тогтоогдоогүй байдаг. Ялтан Т, амь хохирогч Тийн хууль бус үйл ажиллагаанаас болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон, балмагдсанаас болж оюун ухаанд нь өөрийн үйлдлийн уршгаар хүний амь нас хохирно гэдгийг мэдэх ёстой боловч яг тухайн агшинд мэдэх чадварт нь саатал учирсан байх магадлалтай гэж өмгөөлөгчийнх нь хувьд хэлэх нь зүйтэй гэж бодож байна. Учир нь, амь хохирогч Т ямар ч буруугүй байхад нь цохиж хамрын ясыг нь хугалж, үүндээ сэтгэл нь ханалгүй улам лавшруулан танхайрч та нарыг ална, гүйцээнэ гэж заналхийлж довтлоход яаж хүний оюун санаа нь тайван цэлмэг, гүйцээж юмыг бодож санах, зөв ухаалаг зохицуулж хийх билээ. Сэтгэл зүйн ийм хүнд нөхцөлд Т өөрийн үйлдлийн нийгмийн аюулын шинж, чанарт хайхрамжгүй хандах байдлаар бусдыг болгоомжгүй алах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай үндэслэл, бүрэн тогтоогдож байдаг юм. Иймд ялтан Тод-Эрдэнийн гэм бурууг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлд зааснаар “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэсэн зүйл ангиар зүйлчилж зохих ял шийтгэл оногдуулж өгөх саналыг хүндэт шүүх бүрэлдэхүүнд гаргаж байна. Мөн энэ шийтгэх тогтоолын тогтоох нь хэсгийн 8-дахь заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 -д зааснаар О.Тэс 33,250,330 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож өгөх гэсэн үнийн дүнгээс гэмт хэрэгт хамааралгүйгээр нэхэмжилсэн, амь хохирогч амьд ахуйдаа банкнаас зохих журмаар зээл авсан 13.000.000 орчим төгрөгийн зээлийг хасаж тооцож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч О.Т өмгөөлөгч Д.Бум-Аюуш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна. Шийтгэх тогтоолын 17 дугаар талд бичигдсэнээр шүүхээс “Эдгээрээс дүгнэхэд талийгаачийн биед учирсан тархины суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харваж, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтлийг шүүгдэгч О.Т гараар цохиж учруулсан болох нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар нотлогдож байна гээд мөн 21 дүгээр талын 5 дахь хэсэгт хэргийн гэрч нар талийгаачийг үүдний сандал дээр цээжин биеэ тавьсан, 2 хөл нь нугаларсан байдалтай байсныг бүгд мэдүүлсэн ба талийгаачийг шалан дээрээс сандал руу зөөвөрлөсөн нөхцөл үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байна.” гэж хэргийн үйл баримтыг дүгнээд энэхүү үйл баримтад тулгуурлан миний үйлчлүүлэгчийн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болгосон байна. Гэтэл хавтас хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар миний үйлчлүүлэгчийг гэм буруутайд тооцсон нотлох баримт түүнийг үнэлсэн шүүхийн хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй болох нь тодорхой харагдаж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Учир нь 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн шүүх хурлын тэмдэглэлд бичигдсэн шүүхийн хэлэлцүүлгийн явцад гэрч Б.Энхтуул гэрчээр мэдүүлэг өгөхдөө “талийгаачийг орж ирснээс хойш 20 минутын хугацаанд хамт байсан бөгөөд энэ хугацаанд О.Т талийгаачийг 2-3 удаа зүүн шанаанд нь цохих үед талийгаач цэнхэр сандал дээр суугаад үлдсэн” гэх мэдүүлгийг өгснөөс гадна “намайг өрөөнөөс гарах хүртэл талийгаачийн цохисон үйлдлийн улмаас С.Б нь ухаан алдсан, О.Тод-Эрдэнийн хамраас цус гарсан үйл баримт болоогүй” талаар мэдүүлсэн байдаг. Энэхүү мэдүүлэгт дурдсан талийгаачийн О.Тд цохиулаад цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсон гэх үйл баримтыг шүүхээс шийтгэх тогтоолын үндэслэлээ болгосон нь шинжээч эмч Болороогийн мэдүүлэгт дурдсан талийгаач тухайн үхэлд хүрэх гэмтлийг авснаас хойш ямар нэгэн идэвхтэй үйлдэл хийх боломжгүй гэсэн мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл, Б.Энхтуулыг гарч явахаас өмнө талийгаач амь хохирсон юм бол С.Б /2хх 19-21/, О. Т /2хх 3-5/ нарыг биед тэдний хохирогчоор өгсөн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүдэд /2хх 98/, /2хх 95/ дурдсан гэмтлүүдийг хэн учруулсан байх вэ мөн гэрч Батмөнхийн /2хх 25-27/ мэдүүлэгт дурдсан “301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогсож байсан. Гэрч Б.Энхтуулыг энэ үед байхгүй байсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг зэрэгт дурдагдсан үйл баримт хэзээ болсон үйл баримт юм бэ, үхэлд хүрэх гэмтэл авсан хүн хэзээ нь энэ үйлдлийг хийгээд байгаа талаар шүүх үндэслэл бүхий дүгнэлт, үгүйсгэсэн үндэслэлийг заавал заах ёстой байсан. Гэтэл үгүйсгэсэн үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан, үгүйсгэсэн үндэслэлийг тогтоолдоо заагаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал болох талийгаач нь хэний ямар сэдэлт зорилготой хийсэн үйлдлийн улмаас хэзээ нас барсныг тогтоолгүйгээр шийдвэр гаргаснаас гадна шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болгосон үйл баримт болох талийгаач хамгийн сүүлд О.Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр хөдөлгөөнгүй амь хохирсныг нотолж байсан гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй болох нь харагдаж байна. Зүй нь О.Тд цохиулаад үүдний цэнхэр сандал дээр сууснаас хойш талийгаач амьд идэвхтэй хөдөлгөөн хийж байсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна гэсэн үг юм. Дээр дурдсанчлан миний үйлчлүүлэгчийн хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо үндэслэл болгосон нотлох баримтууд нь хэргийн бодит үйл явдалтай нийцэхгүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3-т тус тус заасны дагуу дүгнэлт нь шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нөхцөл байдалтай байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, ноцтой зөрчсөн байна. Миний үйлчлүүлэгч нь 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурорт хүсэлт гаргасан байдаг бөгөөд энэхүү хүсэлтийг прокурор хүлээж аваад шийдвэрлэсэн эсэх нь тодорхойгүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй байдаг. Энэхүү үндэслэлээр өмгөөлөгч Ж. Яринпилын зүгээс урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлтийг өгөхөд прокурор энэ байдлаа хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд хэлсээр байтал шүүх хүсэлтийг үндэслэлгүйгээр хэрэгсэхгүй болгож гэм буруугийн шүүх хурлыг зарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч нь 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн шүүх хурал болох өдөр хүртэл 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл нийт 640 хоног цагдан хоригдсон байхад шүүхээс 540 хоног гэж тооцсон нь үндэслэлгүй байна. Иймд дээрх үндэслэлүүд байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийн бодит үнэнийг тогтоох ажиллагааг хийлгэхээр мөрдөн шалгах ажиллагаанд буцааж өгнө үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд С.Бийн өмгөөлөгч Н.Баатардорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Д.Батбаярын тайлбар, байр суурьтай санал нэг байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Бт холбогдох хэсэг хууль зүйн үндэслэлтэй гарсан. Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны үеэс оролцсон өмгөөлөгчийн хувьд камерын бичлэгийг авахуулах, тогтоолгох талаар хүсэлт гаргасан боловч камерын бичлэгийг сэргээж чадаагүй. Хэрэв камерын бичлэгийг сэргээсэн бол хэн аль нь ямар үйлдэл оролцоотой оролцсон болох нь илэрхий, тодорхой байх байсан. Анхан шатны шүүх энэ талаарх ажиллагааг бүхий л талаас нь бүрэн гүйцэд хийлгэхээр хэргийг мөрдөн байцаалтад буцааж, дүгнэлтээ зөв гаргасан гэж үзэж байна. Миний үйлчлүүлэгч С.Бийн тухайд гэрч Батмөнх, Энхтуул нарын мэдүүлгээр талийгаачийг цохиж зодсон үйлдэл гаргаагүй гэдэг нь тодорхой. Хавтас хэргийн хүрээнд тийм үйл баримт тогтоогддоггүй тул түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын С.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээх нь зүйтэй. О.Тод-Эрдэнийн үйлдлийг түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргаж байгаа тайлбараараа хүлээн зөвшөөрч байна гэж ойлгож байна. Өөрөөр хэлбэл, аргагүй хамгаалалт юм уу болгоомжгүй үйлдэл гэж байгаа нь ямар нэг байдлаар үйлдэл хийсэн гэдгээ тодорхой тайлбарлаж байгааг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү. ...” гэв.

            Цагаатгагдсан этгээд С.Бийн өмгөөлөгч Д.Батбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Учир нь, амь хохирогчид бүлэглэсэн үйлдэл тогтоогдоогүй буюу С.Б амь хохирогчийг цохисон үйлдэл тогтоогдоогүй. Энэ хэрэг анхан шатны шүүхээр хоёр удаа хэлэлцэгдсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хоёулаа байсан тул үхэлд хүргэсэн байх боломжтой гэсэн хийсвэр таамаглалд тулгуурлаж гомдол гаргадаг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч нар С.Бийг бүлэглэж оролцсон гэж байгаа боловч энэ асуудал удаа дараагийн шүүх хуралдаанд яригдаж тогтоогдсон. Мөн амь хохирогч миний үйлчлүүлэгчид гэмтэл учруулсны улмаас ухаан алдаад унасан болох нь тогтоогддог. Гэрч Батмөнх унасан байсныг нь харсан болохоос ухаан алдсан, алдаагүй талаар ярьж тодруулсан зүйл байдаггүй. Түүнчлэн энэ хэргийг О.Т гэмт хэрэг үйлдээгүй гэж байсан боловч өнөөдрийн шүүх хуралдаанд О.Т гэм буруугаа хүлээн зөвшөөрч оролцож байна. 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцэгдсэн шүүх хуралдаанд О.Т “С.Б тугны ишээр амь хохирогчийг цохисон” гэж мэдүүлж байсан. Тухайн үед хамт байснаар нь хүнийг гэм буруутай гэж болохгүй. Иймд анхан шатны шүүх миний үйлчлүүлэгч С.Бт холбогдох асуудлыг үнэн зөвөөр үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байх тул шийтгэх тогтоолын С.Бт холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

            Прокурор Г.Сундуй тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Өмнөх мөрдөн шалгах ажиллагаа уг гэмт хэргийн камерын бичлэг байгаа эсэх, уг камерын бичлэг сэргэх бололцоотой эсэх талаар явагдаж байсан. Үүнээс болж хэрэг удааширсан болон ээдрээ төвөгтэй байдал үүсгэсэн. Сүүлийн мөрдөн шалгах ажиллагаа амь хохирогч Тт учирсан гэмтэл ямар байдлаар яаж учирсан гэдэг талаар явагдсан. Уг ажиллагаа нилээд ахицтай явагдаж камерын бичлэг сэргэх бололцоогүй болох нь 4 шатны шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн талийгаачид учирсан гэмтлийн талаар аль ч талаас маргадаггүй. Үүнтэй холбоотой ямар нэг санал хүсэлт, гомдлыг прокурор болон шүүхэд гаргасан асуудал байдаггүй. Хэргийг анхан шатны шүүхээр 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хэлэлцээд хэргийг шийдвэрлэхэд хэд хэдэн нотлох баримтыг гол үндэслэл болгосон. Тодруулбал, амь хохирогчийн нас барсан шалтгаан нөхцөлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт, тухайн цаг мөчид байсан Энхтуул, “Ампер хаус” төвийн манаачаар ажиллаж байсан Батмөнх нарын гэрчийн мэдүүлэг, шинжээч Болорын 2 удаагийн мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлсэн. Эндээс амь хохирогч Тийг 00 цаг 50 минутад “Ампер хаус” төвийн 301 тоотод ороод 01 цаг 27 минутад нас барсан гэх үйл баримтыг тогтоосон. Нас барах үед гэрч Энхтуулын мэдүүлгээр “би 01 цаг 19 минутад гарч явсан, тухайн үед талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийж байсан, хэрүүл маргаан болсон шалтгаан нөхцөл нь биднийг архидан согтуурч байгаад Т уурлаж бухимдан асуудал үүсгэсэн. Улмаар С.Б руу дайрч довтолгооны үйлдэл гаргасан” гэж мэдүүлсэн. Үүнээс үзэхэд амь хохирогчийн гаргасан үйлдлийн улмаас эхний хохирсон хүн С.Б болох нь тогтоогддог. Улмаар С.Б, О.Т, Т нарын хооронд маргаан даамжирч зодоон үргэлжилсэн. Энэ талаар гэрч Энхтуул, Батмөнх нарын мөрдөн байцаалтын сүүлийн хугацаанд өгсөн мэдүүлэг буюу гэрч Батмөнхийн 3, 4 дүгээр мэдүүлэг, Энхтуулын хамгийн сүүлд мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгт “С.Б нь Тийг зодсон үйлдэл гаргаагүй, хамгийн түрүүнд Т Бийг зодсон шүү дээ” гэж тогтвортой мэдүүлдэг. Энэ талаар шүүх нотлох баримтыг үнэлж дүгнэлтээ гаргасан гэж үзэж байна. Түүнчлэн шинжээч эмч Болорын мэдүүлэг хэргийг шийдвэрлэхэд чухал нотлох баримт болсон. Шинжээч Болор нь уг гэмтлийг ямар шалтгаан нөхцөлийн улмаас үүссэн болохыг нарийн тодорхой заасан. Амь хохирогчид учирсан гэмтэл нь нэг хүний мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн. Гэмт хэрэг гарсан цаг хугацааг бодоход 00 цаг 50 минутаас 01 цаг 27 минут хүртэл 37 минутын хугацаанд маш олон удаагийн явцуурсан зодоон болсон нь тогтоогддог. Хамгийн сүүлд цохилт учирснаас амь хохирогч ямар ч үйлдэл гаргах бололцоо байхгүй болсон байдаг. Гэрч Энхтуулын мэдүүлгээр 01 цаг 19 минутад гарч явахад амь хохирогч идэвхтэй үйлдэл хийж байсан. Эргээд орж ирэхэд ямар ч хөдөлгөөн байхгүй нас барсан байдалтай. Цагдаагийн албан хаагч болон эмнэлгийн албан хаагчид ирэхэд нас барсан байдалтай байсан. Энэ 8 минутын хугацаанд С.Б, О.Т нар Ттэй хамт байсан. Нэгэнт камерын бичлэг байхгүй учир бусад нотлох баримтаар шийдэхээс өөр аргагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь нотлох баримтыг зөв зүйтэй дүгнэсэн гэж үзэж байна. Прокурорын зүгээс цагдан хоригдсон хоногийг зөрүүтэй тоолсон гэж үзэж байна. Шүүгдэгч нар 2018 оны 12 дугаар сарын 1-ний өдрөөс цагдан хоригдсон. 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл 640 хоног цагдан хоригдсон хоногийг анхан шатны шүүх буруу тооцсон. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нийт 38.798.882 төгрөгийн баримтыг гарган өгч нэхэмжилсэн. Анхан шатны шүүхээс 33.520.330 төгрөгийг нотлох баримтын шаардлага хангасан гэж дүгнэлт хийсэн. Шүүгдэгч О.Тод-Эрдэнийн өмгөөлөгч нараас 13.000.000 төгрөг нь тухайн хүний авсан зээл болохоор энэ нь хохирол төлбөрт хамаарахгүй гэдэг боловч энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг мөн гэж үзэж байна. Хэдийгээр зээл авсан хэдий ч хэрэв энэ гэмт хэрэг гараагүй байсан бол зээлийн төлбөр зохих журмаар төлөгдөөд явж байх байсан. Иймээс анхан шатны шүүхийн шийдвэрт байгаа 540 хоног гэснийг 640 хоног гэж өөрчилж бусад заалтыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            О.Т нь 2018 оны 11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын орчим, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын ажлын өрөөндөө хохирогч Б.Ттэй маргалдан зодолдож улмаар толгой тус газар нь цохиж алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн “...01 цаг 51 минутын орчим 88213005 гэх дугаараас Жанжинхүү гэх ахын найз залгасан. Тэр ... “Туулын ажил дээр хүрээд ир” гэсэн. ...Бид хоёрыг ярьж байхад Энхтуул цаана нь бахираад орилоод байсан. Тэгээд би уг газарт очиход “Ампер хаус”-ын жижүүр намайг тосч авсан. Тэгээд дээшээ гүйгээд гарахад шар хантаазтай хоёр цагдаа, Жажинхүүгийн хамт зогсож байсан. Мөн Энхтуул, ахын минь дэргэд сөгдөж суусан байдалтай. ...Тэднээс гадна Энхтуултай хамт байсан миний ахтай зодолдсон гэх хоёр нөхөр тэнд байсан. ...” /2хх 1-5, 6-9/,

            гэрч С.Батмөнхийн “... Тэгээд 01 цагийн үед нэг согтуу залуу байгууллагын үүдээр орж ирж байсан. ...Намайг түлхээд гадна шилэн хаалганы шилийг хага өшиглөөд яваад орсон. Тэгээд би араас дээш гартал 301 тоотод байсан эмэгтэйн нөхөр байсан. Тэгээд эхнэр нь өөдөөс очоод нөхөртэйгөө уулзаад ... “чи юу болоод байгаан, яах гээд байгаан” гэж хэлсэн. Тэгээд би доошоо буусан тэд нар хоорондоо маргалдсан учраас цагдаа дуудсан. Тэгээд буцаад гартал нөгөө залуу 301 тоотод байсан 2 залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуугийн хамраас цус гоожсон, хамраа дараад байж байсан. Нөгөө гаднаас ирсэн залуу дотор орилоод та нарыг ална гээд зогсож байсан. ...Гурван давхрын 301 тоотод ороход том өрөөнийхөө дунд хэсэгт Т гаднаас ирсэн залуутай заамдалцаад нэг нэгнийгээ гараараа цохилцоод байсан. ...Зодолдож байхыг нь би харсан. Намайг харахад Т захирал талийгаач залуутай заамдалцаад урд урдаасаа цохилцоод байсан. ...Намайг 2 дахь удаа буюу маргалдаж, зодоон болж байх үед ороход амь хохирогч өрөөний голд, захирлын өрөөний шилэн хаалга чигтээ хараад зосож байсан. Харин захирал өрөөнийхөө үүдэнд амь хохирогч руу харчихсан зогсож байсан. Захирлын зүүн талд, ширээний ард хамт байсан эмэгтэй нь захирлын баруун талд шилэн хана дагуу нөгөө залуу нь зогсож байсан. Намайг ороод харахад талийгаач залуу эхнэртэйгээ хэрэлдээд зогсож байсан. Тэгэхээр нь би “наад хүн чинь хаалга хага өшиглөчихлөө, та нар эв зүйтэй бай, нэг бол гадаа гарч наад учраа ол, та нар наад хүнтэйгээ учраа олоорой” гэж хэлчихээд гараад явсан. ...Намайг гурав дахь удаагаа цагдаагийн алба хаагч нартай орох үед талийгаач 301 тоотын хаалганы хажуугийн хана дагуулж тавьсан байсан сандал дээр түрүүлгээ буюу доошоо хараад хэвтэж байсан. ...” /2хх 23-24, 25-27, 28-32, 7хх 249-250/,

            гэрч Г.Мөнхтулгын “...Би жолооч цагдаагийн дэд ахлагч Г.Угтахбаярын хамт Бэлх-111 дуудлагаар үүрэг гүйцэтгэж байхад 00 цаг 50 минутын орчим “Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Ампер хаус”-т согтуу хүн хаалганы шил хагалаад танхайраад байна” гэсэн дуудлага ирсэн. Уг дуудлагыг аваад очиход “Ампер хаус”-ын 3 давхарт байрлах оффист 3 эрэгтэй, 1 эмэгтэй, нийт 4 хүн байсан. Хар цамцтай эрэгтэй нь үүдний хэсэгт сандал дээр цээжин биеэ тавьсан, хоёр хөл нь газарт өвдгөөрөө нугалсан байдалтай, өмд нь норсон байсан. Нөгөө хоёр эрэгтэй болох хар хүрэм өмссөн намхан эрэгтэйн толгойноос цус гарсан, нүүр нь цус болсон байдалтай, цаад өрөөнд зогсож байсан. Арай залуухан, өндөр залуугийн цэнхэр өнгийн сорочкин цамц нь цус болсон байдалтай байсан. Эмэгтэй нь саарал өнгийн хүрэм өмссөн, согтуу байсан. Бид хоёр ороод юу болсон талаар асуухад эмэгтэй нь унтаж байгаа залууг заагаад “манай нөхөр байгаа юм, согтуу орж ирээд намайг энэ хоёртой хардаад агсарч байгаад унтаад өглөө” гэж хэлсэн. Өндөр залуугаас юу болсон талаар асуухад “би зүгээр биеэ хамгаалсан, энэ хүн өөрөө агсраад байсан, бид нар баахан зодуулсан” гэж хэлж байсан. ...Толгойноос нь цус гарсан намхан залуу ямар нэгэн зүйл хэлээгүй. Тэгээд унтаж байгаа залууг очиж харахад хурхирсан, толгойноос нь цус гарсан, зүүн чих нь хөхөрсөн харагдаж байсан. .... /2хх 43-45, 46-49/,

            гэрч Г.Угтахбаярын “...Өрөөний гол хэсэгт шалан дээр цус болсон байсныг сонин тавьчихсан байхаар нь “юун цус бэ” гэхэд захирал залуу нь “энэ залуу бид хоёрыг зодсон, бид хоёр гар хүрээгүй” гэж хэлж байсан. Дугуй ширээний хажууд сууж байсан намхан залуугийн толгой хагарсан байсан. Тэрний толгойноос гарсан цус гэж хэлж байсан. ...” /2хх 50-53/,

            гэрч Д.Жанжинхүүгийн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ... ажлын оффист ганцаараа байхад 22 цагийн орчимд найз Т ах нь ганцаараа архи согтууруулах ундаа хэрэглэчихсэн, халамцуу орж ирсэн. ...Бид хоёр манай оффис дээр дараагийн хийх ажлын талаараа 1 цаг гаран ярилцсан. Энэ хооронд талийгаач Т нь 2-3 удаа гар утсаа сельфи хийж, зургаа эхнэр Энхтуул руу явуулж байсан. Тэгтэл 23 цаг 30-50 минутын орчимд байхаа Т ах ... гар утсаа эхнэртэйгээ чанга яригч дээр тавиад яриад, би хажуунаас нь сонсоход Энхтуул “ажил дээрээ байна, гэртээ хариагүй байна, хүрээд ирээ цуг гэр лүүгээ явъя” гэхээр нь би “Т ахаа та энд унтаад сэргэчхээд яв” гэхэд Т ах “би очиж авахгүй бол болохгүй, чи намайг дуудаж байгааг сонсож байгаа биз дээ” гээд 23 цаг 50 минутын орчимд гараад явсан. ...Би ажлаа дуусгаад ... такси бариад зүүн дөрвөн зам руу явж байхад 01 цаг 23 минутанд Энхтуул залгаад “би гэрлүүгээ орох гэж байна, цаадах чинь манай ажлын хүмүүстэй муудалцаж байгаа, одоо бараг цагдаа нар очиж байгаа байх, чи очоод цагдаа нартай уулзаад Тийг авчих уу” гэхээр нь би “тэгье гээд шууд Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ампер хаус” руу ... очиж дотогш ороод дээш 3 давхарт гарч 301 тоотод очиход дуудлагаар ирсэн 2 цагдаагийн алба хаагч, Т ахын эхнэр Энхтуул, 2 эрэгтэй хүн байсан. Тэгтэл Т ах 2 өвдөгөөрөө нугалаад шалан дээр суучихсан, өмдөндөө шээчихсэн ухаангүй байдалтай, хүчтэй амьсгалтай, нүд нь хагас аниатай, уруул нь хөхөрсөн, нүүрний дух, нүдний доод хэсэг, хувцас, хоёр гар нь цус болчихсон байсан. ...Би “юу болсон бэ” гэхэд нэг өндөр залуу нь цаад өрөөнөөс гарч ирээд “бид нар биеэ хамгаалсан юмаа” гэхээр нь “би энэ хүн яасан байдалтай байгаа юм бэ” гэхэд цагдаагийн албан хаагч нар “энэ хүн тасарчихсан юм шиг байна, чи аваад гэрт нь хүргэж өгч чадах уу, чадахгүй бол эрүүлжүүлэх байр руу авч явлаа” гэхээр нь “аваад явъя” гээд ... Т ахын ар хэсгээс нь харахад Т ахын зүүн чих нь нилээн дэлдийсэн, хавдсан, чихний ар хэсэгт үзүүртэй зүйлээр цохиж юм уу, хатгасан шарх, толгойн зүүн дээд хэсэгт зүсэгдэж язарсан байдалтай цус шүүрч байхаар нь би “энэ хүн чинь эвгүй байна, царай зүс яасан юм бэ, түргэн дуудсан юм уу” гэхэд түүний эхнэр Энхтуул надад “зүгээрээ би мэдэж байна, зүгээр аваад явъя, гэр ойрхон юм чинь гэрт оруулаад унтуулчихъя” гэхээр нь би “...гэрт нь хүргэж өгье гэхдээ түргэн дуудаж үзүүлэх шаардлагатай байна. ...” гэж хэлэхэд, цагдаагийн албан хаагч түргэн дууд гэсэн. Тэгтэл Т ахын эхнэр Энхтуул нь “зүгээрээ, үгүй яах гээд байгаа юм бэ, би мэдэж байна, зүгээр” гээд байсан. ...”, /2хх 55-59/

            гэрч Э.Хажидмаагийн “...Хэргийн газарт 01 цаг 50 минутанд очиход өрөөний хаалганы хажууд дээшээ харсан байдалтай хэвтэж байсан эрэгтэй хүнд үзлэг хийхэд амьсгал зүрх судасны үйл ажиллагаа бүрэн зогссон, том судаснуудад лугшилт үгүй, хүүхэн хараа 2 талдаа бүрэн өргөссөн, эвэрлэгийн рефлекс үгүй, мөчдөдийн үзүүрүүдэд хөрөлт үүссэн, хөшилт үүсээгүй, хөхөрсөн байдалтай байсан. Зүүн чамархай хэсэгтээ хавдсан, цус гарч тогтсон шархтай байсан. Тэр газарт шалан дээр нь цусны дусал байсан. ...Манаач эрэгтэй “дэлгүүрийн шилэн хаалга хагалсан, энэ өрөөнд хүмүүстэй зодолдсон” гэж хэлж байсан. ...Хөшилт үүсээгүй гэдэг нь нас бараад 2 цаг болоогүй байсан гэж үзэж байна. Амь насыг аврах боломжгүй амьсгал зүрх судас бүрэн зогссон байсан. ...” /2хх 71-73/,

            гэрч Г.Ариунбаярын “...Би “Ампер хаус”-ын салбарт очиход хоёр цагдаа ирсэн байсан. хоёр цагдаа намайг бичлэгийг үзүүл гэсний дагуу бичлэгийг ухрааж үзэх гэхэд алдаа заагаад бичлэг байгаагүй. ...” /2хх 36-38, 39-42/,

            гэрч Б.Энхтуулын “...00 цагийн орчимд нөхөр Т гэнэт манай ажил дээр ганцаараа орж ирээд шууд “та нар дөрвүүлээ сууж байна гэсэн биз дээ” гээд уурлаж Бийг зогсож байхад нэг их хүчтэй биш ч гэсэн ширээ рүү түлхсэн. Тэгтэл захирал Т нөхөр Тийг болиулах гээд цайны өрөөнөөс түлхээд заал руу гарсан. Би араас нь гараад зааланд зогсож байхад араас Б гарч ирэхэд нөхөр Т, Т хоёр хоорондоо ноцолдоод байсан. Бие биенийхээ хувцаснаас зууралдаад түлхэлцэж байхад Тод-Эрдэнийн ард Б зогсож байхад нөхөр Т Б руу дайрах үед Т дундуур нь орж салгаж байсан. Т манай нөхөр Ттэй ноцолдож байгаад Тийг газар унагаад хэвтүүлсэн байсан. Нөхөр Т шалан дээр хэвтсэн байхад Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Тийн хувцаснаас нь заамдаж байгаад зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж байгаад 2-3 удаа цохиод нөхөр Т босож ирээд уурлаж хашхираад “та нар дөрвүүлээ гэсэн яасан, нэгийгээ үзнэ” гээд байхаар нь би “боль” гээд алгадсан. Тэгтэл нөхөр Т нь сейфний хажууд Б, Т нарыг зогсож байхад Тод-Эрдэнийн хажуугаар гараараа Бийн нүүр шанаа руу 2-3 удаа цохисон. Т нөхөр Тийг болиулах гээд зогсож байхдаа Тийн нүүр рүү нь 2-3 удаа цохиж, хоорондоо ноцолдоод, ширээн дээр байсан комьпютерийг шидэх гэж байхад нь Т бид хоёр “боль” гэж хэлээд болиулсан. Тэгээд нөхөр Т цэнхэр өнгийн сандал дээр суугаад “цагдаагаа дуудахгүй юм уу, чи зайл” гээд намайг хөөгөөд байхаар нь хувцсаа өмсөөд гарч гэр рүүгээ явж байгаад зам дээрээс буцаад ажил руу очсон. Намайг ажлын өрөө рүү ороход цайны өрөөний хажуу талын сейфний хажууд нөхөр Т, Т, Б 3 шалан дээр ноцолдоод хоорондоо зодолдож байхад Т өндийгөөд босож ирэхэд хамраас цус гарсан ба “юун цус вэ” гээд миний хажуугаар гараад явсан. Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэр үед Т шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон. ...Талийгаач нь Б руу яах гэж дайраад байсныг мэдэхгүй, дайрахад нь Т дундуур нь салгах гэж орж ирээд талийгаач Т хоёр ноцолдоод байхаар нь би талийгаачид хандаж “одоо болилдоо явъя” гэхэд “чи тэр чигтээ зайл” гэж хэлэхээр нь би ажлын байрнаас гараад ... байгууллагынхаа хашаа руу хараад зогсож байхад талийгаач гарч ирэхгүй байхаар нь буцаад ажил руугаа орсон. Ажил руугаа ороход цайны өрөөний үүдэнд заалны шалан дээр талийгаачийн толгой нь баруун зүгт, хөл нь зүүн зүгт, баруун гар талаараа хажуулдаад хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Би “болиоч ээ” гэж хэлэхэд толгойны дээд хэсэгт Т явган сууж байгаад боссон. Б нь цээжин талд нь урдаас нь хараад явган сууж байгаад боссон. Т босоод шууд миний хажуугаар зөрөөд 00-ын өрөө рүү орж байсан. Б талийгаачийн хажуунаас босоод зааланд байсан. ...Талийгаач хаалга татаад орж ирээд яахаараа ингээд сууж байдаг юм гээд цайны өрөөг чиглээд алхаад дөхөж ирэх үед Т, Б бид гурав сандал дээрээс босоод зогсоход талийгаач Бийг түлхэхэд Б ширээ тулаад зогсоход Т талийгаачийг түлхээд заал руу орсон. Тэгээд Т талийгаач хоёр түлхэлцээд нэгнийгээ заамдаад байж байхад нь би дундуур нь ороод салгах гээд дийлэхгүй байсан. Тэр үед талийгаачийг Т зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед талийгаач газар унасан. Тэгээд талийгаач босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. Талийгаач сандал дээр удаан суугаагүй. Сандал дээрээс босож ирээд комьпютерийн дэлгэцийг шидэх гэж оролдсон. Тэгэхээр нь Т бид хоёр очиж комьпютерийн дэлгэцийг тавиулсан. Тэгэхэд талийгаач цаашаа цайны өрөөний үүд хэсэгт очоод Бийн зүүн шанаа руу баруун гараараа 1 удаа цохисон. Тэр үед Т дахиад талийгаачийг Боос салгах гэж дундуур нь орж талийгаачтай заамдалцаад ноцолдож зууралдаж эхэлсэн. Тэгээд бас нилээн түлхэлцээд заамдалцаад би тэр үед дундуур нь орж салгах гээд дийлээгүй. Тэр үед Т дахиад талийгаачийн зүүн шанаа руу нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Тэр үед талийгаач газар унаад босож ирээд үүдний цэнхэр сандал дээр суусан. Тэгэхээр нь би талийгаач дээр очоод “болиоч явъя” гэхэд талийгаач “чи тэр чигтээ зайл” гэж хэлэхээр нь би гараад явсан. ...” /Зхх 170-174, 8хх 1-5/ гэсэн мэдүүлгүүд,

            шинжээч О.Болороогийн “...Суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт, тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт гэмтлүүд нь нэг механизмаар үүсгэгдсэн тул дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар хүнд зэрэгт хамаарна. ...Зүүн чамархайд учирсан гэмтэлтэй харилцан холбоотой байх боломжтой. ...Мохоо зүйлийн үйлчлээр үүсгэгдэнэ. Хүний хүчээр буюу гар хөлөөр цохих, биет зүйлээр цохих үед үүсгэгдсэн байх боломжтой. ...Энэ гэмтэл нь аалзан хальсан доорх тархмал цус харвалт бөгөөд тэр дундаа тархины суурин хэсэг зузаан тохиолдолд амь нас аврах боломжгүй байдаг. ...Дээрх гэмтлийг авсан хүн идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. ...Мохоо зүйл гэдэгт хурц ир үзүүр, ирмэг зүйлээс бусад зүйлийг мохоо зүйл гэж ойлгож болно. Үүнд хүний атгасан гар, хөл, гутал зэрэг хамаарна. ...Зүүн зулайн шарх гэмтэл нь ирмэгтэй зүйл буюу тугны суурин хэсгээр цохигдох үед үүсэх боломжтой. Бусад том хэмжээтэй цус хуралт гэмтэл нь тугны сууриар цохиод үүсэхгүй. Харин нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр мохоо гадаргуутай зүйлээр цохиход үүссэн байх боломжтой. Тугны иш буюу турба хэсгээр дээрх гэмтэл үүсэх магадлал багатай. Учир нь, хөнгөн нимгэн төмөртэй эд зүйл байна. ...Амь хохирогчийн хувьд толгойн битүү гэмтэл авсан даруйд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжгүй. Богино хугацаанд түргэн тусламж авсан ч амь нас аврагдах боломжгүй. Идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийхгүйгээр богино хугацаанд нас барсан. ...Зүүн чамархай хэсэгт хүч үйлчлэлээр зүүн чамархайн булчин болон хуйхны доор цус хурч, улмаар суурийн баруун тараагуур судас бүрэн бус урагдаж тархины аалзан хальсан доор тархмал цус харвалт болон ховдлын цус харвалтууд үүснэ. ...Энэ гэмтлийг авсан хүн ухаан алдаж, ухамсарт ухаан алдагдаж, эмгэг хурхирах, өтгөн шингэн гадагшилна. ...” /2хх 207-208, 8хх 71-72/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14272 дугаартай “...С.Бийн биед тархи доргилт, хоёр нүдний дээд, доод зовхинд цус хуралт, дух, хамрын угт зулгарал, дагзны зүүн хэсэг, дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /2хх 95/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14299 дугаартай “...О.Тод-Эрдэнийн биед тархи доргилт, хамар ясны хугарал, хоёр нүдний дотор булан, баруун гуяны дотор дээд хэсэгт цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /2хх 98/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 дугаартай “...О.Т нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна. О.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна. О.Т нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /2хх 101-102/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 264 дугаартай “... Б.Энхтуул нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна. Б.Энхтуул нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. ...” /2хх 105-106/,

            Шүүх сэтгэц эмгэг судлалын 265 дугаартай “...С.Б нь үйлдэгдсэн хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч бусдад ойлгуулах чадвартай байна. С.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан гэх шинж тэмдэг үгүй байна. С.Б нь хэрэг хариуцах чадвартай байна. ...” /2хх 109-110/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн гадуур хүрэмний баруун суга 70 мм, хар ноолууран цамцны шошго болон баруун суганы оёдол дагуу 38 мм татах чангаах хүчний үйлчлэлээр шинээр гарсан ханзралтууд байна. ...” /2хх 113-116/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6737 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн шинжээч, цагдаагийн дэслэгч Т.Болдын ирүүлж бэхжүүлсэн “1,2,3,4,5,6” дугаартай 6 ширхэг гарын мөр шинжилгээнд тэнцэнэ. ...Шинжилгээнд ирүүлсэн “1, 2” дугаартай гарын мөр, шинжилгээнд ирүүлсэн Огийн Тод-Эрдэнийн зүүн гарын дунд, ядам хуруугаар, “3” дугаартай гарын мөр Балдангийн Энхтуулын зүүн гарын дунд хуруугаар, “4” дугаартай гарын мөр Сгийн Бийн баруун гарын ядам хуруугаар тус тус үүсгэгдэнэ. ...” /2хх 133-141/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 24 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн саарал өнгийн далбааны ишний нэгдүгээр үенд 10х25 мм, 20х7 мм, 25х30 мм, 27х30 мм хэмжээтэй хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус шинэ хонхойлт, гулзайлт гарсан, 65х25 мм хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр хонхойлт, суурины ёроолд 6x5 мм, 11х5 мм, 13x3 мм хэмжээтэй хатуу гадаргуутай зүйлтэй харилцан үйлчлэлээр хуучин халцралт гарсан байна. Чернилэн ягаан өнгийн далбаа гэмтэлгүй. ...” /2хх 148-151/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149 см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106 см урттай суурьтай мөнгөлөг нарийн зэрэгт цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаан дээр илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106 см урттай суурьтай мөнгөлөг нарийн төмөр зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /2хх 153/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 740, 742, 743, 744, 767, 769 дугаартай “...локусын аллелиар тогтоосон. ...” /2хх 154-155, 2хх 157-158, 2хх 159-160, 2хх 161-162, 2хх 164-165, 2хх 169-170, 2хх 178-179/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 20 дугаартай “...Талийгаач Б.Тийн өмсөж байсан гэх цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц, хар тэлээтэй хөх өмд, хар пүүзэн гутал 1 хос, хар хөх өвлийн куртик зэрэгт цус илэрсэн. ... Талийгаач Б.Тийн өмсөж байсан гэх цагаан майк, цагаан срочикон цамц, хар ноосон цамц зэрэгт илэрсэн цус нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” /2хх 156/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 19 дугаартай “...О.Тод-Эрдэнийн өмсөж байсан гэх цэнхэр өнгийн срочик, хар өмд зэрэгт цус илэрсэн. О.Тод-Эрдэнийн өмсөж байсан гэх цэнхэр өнгийн срочик дээр илэрсэн цус нь 0/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” /2хх 168/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Бийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд, хөх зангиа, хар ноосон дотуур өмд зэрэгт цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн С.Бийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд зэрэгт илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” /2хх 182/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 12761 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Ампер Хаус” байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлагаас ирүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд марьлд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, шилэн хаалттай О.Тод-Эрдэнийн өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал доор байх цус мэт зүйл гэсэн хаягтай гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Ампер Хаус” байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлагаас ирүүлж бэхжүүлсэн биологийн гаралтай ул мөр гэсэн бичигтэй цаасан уутанд 00-ийн цаасны хэсгүүд, ямар нэгэн хаяггүй гялгар уутанд 2 ширхэг 00-ийн цаасны хэсэг, дунд өрөө аяга хагарсан байна. Өрөөний шалан дээр байх цус мэт зүйл гэсэн бичигтэй уутанд 00-ийн цаасны хэсэг болон бор өнгийн цаасны хэсэг дээр цус илэрсэн. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо “Ампер Хаус” байрны 3 давхарт хүн нас барсан гэх дуудлагаас илрүүлж бэхжүүлсэн “биологийн гаралтай ул мөр” гэсэн бичигтэй цаасан уутанд мааралд шингээсэн хүрэн өнгийн хатсан зүйл, шилэн хаалттай О.Тод-Эрдэнийн өрөөний шалан дээрээс бэхжүүлж авсан цус мэт зүйл гэсэн бичигтэй цаасан ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл, том өрөөний гаднаас орсон хаалганы хажууд байх цэнхэр өнгийн сандал доор байх цус мэт зүйл гэсэн хаягтай гялгар ууттай цаасан уутанд улаан хүрэн өнгийн хатсан зүйл дээрх цус нь АВО системээр 0/I/ бүлгийн харьяалалтай байна. ...” /2хх 184/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2657 дугаартай “...Талийгаачийн цогцост хийсэн шинжилгээгээр суурийн баруун урд тараагуур судасны бүрэн бус урагдал, их, бага тархины суурь, орой, тархины багана хэсгийг хамарсан аалзан хальсан доорх тархмал цус харвалт. Тархины хоёр хажуугийн болон 3-4 дүгээр ховдлын цус харвалт, зүүн чамархайн булчин, баруун, зүүн чамархайн хуйхны дотор гадаргуугийн цус хуралт, зүүн зулайн хуйхны шарх, зүүн чамархай, зүүн чихний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэнэ. Талийгаач нь дээрх толгойн гэмтлийн улмаас төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас барсан болно. Талийгаач нь АВО системийн О/I/ бүлгийн цустай байна. ...Талийгаач нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. ...” /2хх 202-205/,

            хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 7-23/, цогцосны гадна биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 24-30/, хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 53-55, 57-61, 107-112/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 125-130/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 136-183/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх 187-250/ мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрчүүдийн мэдүүлгүүд ноцтой зөрүүгүйн зэрэгцээ тухайн гэмт хэргийн үйл явц болон өрнөлийг нүдээр харсан гэрч Б.Энхтуул /Зхх 170-174, 8хх 1-5/, С.Батмөнх /2хх 23-24, 25-27, 28-32, 7хх 249-250/ нарын мэдүүлгийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой гэж үзнэ.

            Хавтас хэргийн материалыг шинжлэн судлахад, гэрч С.Батмөнх “...Т гаднаас ирсэн залуутай заамдалцаад нэг нэгнийгээ гараараа цохилцоод байсан. ...Зодолдож байхыг нь би харсан. ...” гэж мэдүүлсэн нь гэрч Б.Энхтуулийн “...Нөхөр Т шалан дээр хэвтсэн байхад Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Тийн хувцаснаас нь заамдаж зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж 2-3 удаа цохиод нөхөр Т босож ирээд уурлаж хашхираад ... байхаар нь би “боль” гээд алгадсан. ...Т нөхөр ... Тийн нүүр рүү нь 2-3 удаа цохиж, хоорондоо ноцолдоод, ширээн дээр байсан комьпютерийг шидэх гэж байхад нь Т бид хоёр “боль” гэж хэлээд болиулсан. ...” гэсэн мэдүүлэг болон Шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогджээ.

            Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүгдэгч, хохирогч нарын болон гэрчүүдийн мэдүүлгээс дүгнэхэд шүүгдэгч О.Т нь тухайн нөхцөл байдалд цочрон давчдасны улмаас хохирогч Б.Тийг алсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Шүүгдэгч О.Т, амь хохирогч Б.Т нар хоорондоо маргалдаж улмаар хэн аль нь цохих, ноцолдох зэргээр бие биедээ халдан харилцан зодолдсон, улмаар шүүгдэгч, хохирогчийн толгой тус газарт цохиж алсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч О.Тод-Эрдэнийн ажлын өрөөндөө хохирогчтой маргалдан зодолдохдоо толгойн тус газар нь цохиж алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.

            Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Тод-Эрдэнийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг тодорхой хэмжээгээр барагдуулсан, гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим, ялын зорилгод нийцсэн шийдвэр болжээ.

            Прокуророос О.Т, С.Б нарыг “Ампер хаус” төвийн 301 тоотод үйл ажиллагаа явуулдаг “Бид” банк бус санхүүгийн байгууллагын ажлын өрөөндөө хохирогч Б.Ттэй маргалдаж, улмаар бүлэглэн зодож алсан гэмт хэрэгт буруутгаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.11 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүхээс шүүгдэгч С.Бийг энэ хэрэгт гэм буруугүй гэж үзэж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, үүнтэй холбоотойгоор шүүгдэгч О.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсөн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

            Хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч С.Б нь амь хохирогчид цохиулж ухаан алдсан болох нь гэрч Б.Энхтуулын “Б, Т нарыг зогсож байхад Т Тод-Эрдэнийн хажуугаар гараараа Бийн нүүр, шанаа руу 2-3 удаа цохисон. ...Т манай нөхөр Ттэй ноцолдож байгаад Тийг газар унагаад хэвтүүлсэн байсан. Нөхөр Т шалан дээр хэвтсэн байхад Т нь зүүн талд нь зогсож байгаад манай нөхөр Тийн хувцаснаас нь заамдаж байгаад зүүн талын шанаа, чих, зүүн дагз орчимд баруун гараараа атгаж байгаад 2-3 удаа цохисон. ...Т, Т, Б гурав шалан дээр хоорондоо зодолдож байгаад Т өндийгөөд босож ирэхэд хамраас цус гарсан ба ... Б босож ирэхэд толгойноос нь цус гарч байсан. Тэр үед Т шалан дээр доошоо хараад хэвтэж байхаар нь цохиулаад босож ирэхгүй хэвтэж байна гэж ойлгосон. ...” /3хх 170-174, 8хх 1-5/ гэсэн,

гэрч С.Батмөнхийн “...Нөгөө залуу 301 тоотод байсан хоёр залуутай зодолдож байсан. 301 тоотод байсан нэг намхан залуу цохиулаад газар унасан байдалтай, өндөр залуу нь хамраас цус гоожсон хамраа дараад байж байсан. ...” /2хх 23-24, 25-27, 28-32, 7хх 249-250/,

шүүгдэгч О.Тод-Эрдэнийн яллагдагчаар өгсөн “...С.Бийн толгойноос цус гарсан. Дээшээ харсан, хөдөлгөөнгүй хэвтэж байсан. Тэгээд очоод үзэхэд С.Б ухаангүй байсан. ...” /3хх 37-38, 6хх 202-203/,

цагаатгагдсан этгээд С.Бийн “...Энхтуулын нөхөр миний нүүр рүү 3-4 удаа гараа угсраад цохисон. ...Дахиад миний толгойн ар дагз хэсэг рүү хатуу зүйлээр Энхтуулын нөхөр цохисон. Тэр үед миний ухаан балартаад газар унасан. ...Ухаан ороод харахад ажлын цайны өрөөний шалан дээр хэвтэж байсан. ...” /3хх 33-35/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 14272 дугаартай “...С.Бийн биед тархи доргилт, 2 нүдний дээд доод зовхинд цус хуралт, дух, хамрын угт зулгарал, дагзны зүүн хэсэг дээд уруулын дотор салстад шарх тогтоогдлоо. ...” /2хх 95/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 17 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149 см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106 см урттай суурьтай мөнгөлөг нарийн зэрэгт цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаан дээр илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. Шинжилгээнд ирүүлсэн бид бизнесийн дэмжигч ББСБ гэсэн бичиглэлтэй нил ягаан өнгийн далбаа, 149см урттай мөнгөлөг нарийн төмөр, 106 см урттай суурьтай мөнгөлөг нарийн төмөр зэрэгт бусад биологийн гаралтай ул мөр илрээгүй. ...” /2хх 153/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 16 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн С.Бийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд, хөх зангиа, хар ноосон дотуур өмд зэрэгт цус илэрсэн. Шинжилгээнд ирүүлсэн С.Бийн өмсөж явсан гэх хөх срочик, хөх пиджак, хөх өмд зэрэгт илэрсэн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна. ...” /2хх 182/ гэсэн дүгнэлтүүд зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон байх ба шүүгдэгч О.Тод-Эрдэнийн үйлдэлд шүүгдэгч С.Бийн бүлэглэн оролцсон оролцоо байна гэж үзэхэд эргэлзээ төрж байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан зарчмыг баримтлан шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Талийгаач Б.Т нь С.Бийг цохиж О.Ттэй зодолдож, ноцолдсон үйл баримт, шүүгдэгч О.Т нь талийгаач Б.Тийн толгой руу хэд хэдэн удаа цохисон үйл баримтын талаар удаа дараа өгсөн мэдүүлгүүд агуулгын хувьд зөрүүгүй мэдүүлдэг, хэдийгээр цагаатгагдсан этгээд С.Б гэрчээр мэдүүлэг өгөхдөө талийгаачийг О.Т цохисон гэж мэдүүлж байсан боловч үүнээс хойш талийгаач идэвхтэй хөдөлгөөн хийж байсан талаар гэрч, шүүгдэгч нар мэдүүлсэн зэргээр энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлгүй байх тул С.Бийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж, шүүгдэгч О.Тод-Эрдэнийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, О.Тод-Эрдэнийг хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

            Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Онон, Д.Дарханбаатар, М.Баасанбат нарын хамтран гаргасан гэмт хэрэгт цагаатгагдсан этгээд С.Бийг шүүгдэгч О.Ттэй бүлэглэн оролцсон талаар гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгов.

            Шүүгдэгч О.Тод-Эрдэнийн өмгөөлөгч Ж.Яринпил давж заалдах гомдолдоо “...хэрэгт авагдсан нотлох баримтуудаар талийгаач Б.Тийн довтолгооны үйлдлийн улмаас О.Т аргагүй хамгаалалт, эсхүл санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсаны улмаас бусдын амь насыг хохироосон тул О.Тд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү” гэжээ.

            Арга хамгаалалт гэдэг нь халдагч этгээдийн хүч хэрэглэсэн довтолгооны үед эсрэг хамгаалалт хийж байгаа үйлдэл юм.

Хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд талийгаач Б.Т нь шүүгдэгч О.Тод-Эрдэнийн бус О.Б руу чиглэсэн үйлдэл хийснээр эхэлсэн бөгөөд О.Тод-Эрдэнийн хувьд аргагүй хамгаалалтын нөхцөл байдал байсан эсэх нь нотлогдохгүй байгаагаас гадна Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2657 дугаартай дүгнэлтээр амь хохирогч Б.Тийн биед учирсан олон тооны гэмтэл, шүүгдэгч О.Тд учирсан гэмтэл зэргээс үзэхэд аргагүй хамгаалалт хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн Шүүх сэтгэц эмгэг судлалын 263 дугаартай “...О.Т нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаагүй байна. ...” /2хх 101-102/ гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш нарын давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна.” гэж заажээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлахад, шүүгдэгч О.Т, цагаатгагдсан этгээд С.Б нар нь энэ хэрэгт 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл 640 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх 540 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөх нь зүйтэй байна.

            Түүнчлэн, анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой зардлыг нэхэмжилсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн гаргасан шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ, шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт энэ талаар тодорхой хууль зүйн дүгнэлт өгөөгүйн гадна, нийт хохирлын хэмжээг буруу тооцсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, зөвтгөн шийдвэрлэв.

            Хэргийн материалд авагдсан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн гаргаж өгсөн 22 ширхэг е-баримт, 62 ширхэг зарлагын баримт, амь хохирогч Б.Тийн цалингийн зээлийн гэрээ 3 хуудас баримтуудыг нягталж үзвэл, амь хохирогч Б.Тийн Төрийн банкнаас зээлийн гэрээгээр авсан 13.171.571 төгрөгийн үлдэгдэл /2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар/ 12.724.966 төгрөгийг хохиролд тооцож, шүүгдэгч О.Тэс нийт 33.520.330 төгрөгийг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.

            Учир нь, Иргэний хуулийн 115 дугаар зүйлийн 115.1.-д заасан “эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирол” гэдэгт Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр учруулсан гэм хорыг ойлгоно.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгахад гарах зардлын мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хэмжээг тогтооно.” гэж заажээ.

            Гэмт хэргийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээр гэм хор учруулсан этгээдээр хариуцуулан хор уршгийг арилгуулахаар хуульчилсан.

            Гэмт хэргээс улбаатай боловч тухайн гэмт үйлдэл, эс үйлдэхүйтэй шууд шалтгаант холбоогүй бусад хохирлын асуудлыг эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэхгүй.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мгийн хохиролд нэхэмжилсэн 33.520.330 төгрөгөөс 12.724.966 төгрөг талийгаач Б.Тийн банкны зээлийн үлдэгдэл бөгөөд асуудлыг шийдвэрлэхэд зээл авсан банкны эрх ашиг, мөн зээлийн хамтран зээлдэгчийн эрх, ашиг сонирхол давхар хөндөгдөх тул эдгээр этгээдүүдийг оролцуулж, эрүүгийн хэргээс тусад нь шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

            Өөрөөр хэлбэл, талийгаач Б.Тийн банкны зээлийн үлдэгдэл 12.724.966 төгрөгийг уг гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хохирлын дүн болох 33.520.330 төгрөгөөс 12.724.966 төгрөгийг хасаж, үлдэх 20.795.364 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, тэрээр хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийн 2020/ШЦТ/786 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тод-Эрдэнийн цагдан хоригдсон 540 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Б 540 хоног цагдан хоригдсонг дурдсугай...” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.Тод-Эрдэнийн цагдан хоригдсон 640 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, С.Б 640 хоног цагдан хоригдсонг дурдсугай...” гэж,

            шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар О.Тэс 33.520.330 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгож, нэхэмжлэлээс 5.278.552 хэрэгсэхгүй болгож, ...” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д зааснаар шүүгдэгч О.Тэс 20.795.364 төгрөг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мд олгож, нэхэмжлэлээс 18.003.518 хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч хохирол төлбөртэй холбоотой баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

            2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.М, түүний өмгөөлөгч Д.Онон, Д.Дарханбаатар, М.Баасанбат нарын хамтран гаргасан давж заалдах гомдол болон шүүгдэгч О.Т, түүний өмгөөлөгч Ж.Яринпил, Д.Бум-Аюуш нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                       

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

                        ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ