Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 128/шш2020/0471

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би, Д.Х*******ын нэхэмжлэлтэй, Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга бөгөөд Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн ахлагч Д.Т*******д холбогдох  захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Х******* нь шүүхэд бичгээр гаргасан хүсэлтдээ: Миний бие Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн 2019 оны 07 дугаар 10, 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, хасагдсан хязаалангийн мэдээллийн хүснэгтийн 11,14 хасагдсан дааганы мэдээллийн хүснэгтийн 14 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Үндэсний их баяр наадмын хурдан морины салбар хорооны дарга, бригадын генерал н.Б*******, мөн Хурдан морины үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн ахлагч Д.Т*******, нарийн бичгийн дарга Н.Б*******, гишүүн П.Б*******, Ц.Т*******, Ж.Ж*******, Б.Г******* нартай нэхэмжлэгч миний бие дараах байдлаар харилцан тохиролцло.

Уяач миний уяж сойсон, Үндэсний Их баяр наадам, Ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн 2019 оны 07 дугаар 10, 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, хасагдсан хязаалангийн мэдээллийн хүснэгтийн 11, 14 хасагдсан дааганы мэдээллийн хүснэгтийн 14 дэх заалтыг тус тус заасан хоёр насны гурван үрээг Үндэсний их баяр наадамд Монгол морьдоос эрлийз морьдыг тусад нь уралдуулах журам-ын 3.2 дахь хэсэгт заасан хэмжээнд, өндөрт харшлаагүй /хүрээгүй/ бол энэ жилийн наадам буюу Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 99 жилийн ойн хурдан морины уралдаанд уралдуулахаар тохиролцлоо.

Иймд Д.Х******* миний бие тус шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзаж байгаа тул холбогдох хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх нь Д.Х*******ын Үндэсний Их баяр наадам, ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн 2019 оны 07 дугаар сарын 10, 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, хасагдсан хязаалангийн мэдээллийн хүснэгтийн 11, 14, хасагдсан дааганы мэдээллийн хүснэгтийн 14 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Үндэсний Их баяр наадам, ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн ахлагч Д.Т*******д холбогдуулан гаргасан нэхэмжлэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Х******* нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2.3-д нэхэмжлэлийн шаардлагаас бүрэн, эсхүл хэсэгчлэн татгалзах, 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлэх... гэж заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4-т Нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсан этгээд уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд харин бусад этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргахад саад болохгүй, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

  1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар

зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Х*******ын нэхэмжлэлтэй Үндэсний Их баяр наадам, ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн 2019 оны 07 дугаар сарын 10, 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, хасагдсан хязаалангийн мэдээллийн хүснэгтийн 11, 14, хасагдсан дааганы мэдээллийн хүснэгтийн 14 дэх заалтыг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий Үндэсний Их баяр наадам, ардын хувьсгалын 98 жилийн ойд уралдах морьдын үүлдэрлэг байдлыг тогтоох ажлын хэсгийн ахлагч Д.Т*******д холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                Б.МӨНХ-ЭРДЭНЭ