| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2024/01104/И |
| Дугаар | 102/ШШ2024/03134 |
| Огноо | 2024-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2024/03134
2024 оны 06 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2024/03134 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чонбуг Иксан хот, Уангүн Мён Дун Юун гудамж, .........тоот хаягт оршин суух, Бүгд Найрамдах Солонгос улс /цаашид БНСУ гэх/-ын иргэн ............
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баянгол дүүргийн 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаагийн гудамж, ......... дүгээр байрны .......... тоот хаягт оршин суух, ...........овогт..............ын ..................,
Нэхэмжлэл: .......... болон ........... нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн .......... дугаартай гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай иргэний хэргийг онцгой ажиллагааны журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ........., гуравдагч этгээд ............, гуравдагч этгээдийн өмгөөлөгч............нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэл.
1.1. Нэхэмжлэгчийг төлөөлөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч ...........шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлд: Нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ..........нь гэр бүлтэй болохын тулд Монгол улсын иргэн ............тай найзынх нь тусламжтайгаар 2023 онд танилцаж, анх Монгол улсад ирсэн бөгөөд гэрлэлтээ бүртгүүлэхээр Монгол улсын Иргэний бүртгэлийн байгууллагад 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр очиж гэрлэлтээ бүртгүүлэн гэр бүл болсон. ...........нь ............тай сайхан амьдарна гэсэн сэтгэл өвөрлөн Монгол улсад ирсэн боловч ........... нь ..........тэй хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлээгүй, БНСУ-д байнгын оршин суух виз авахад тус улсын иргэнтэй гэр бүл болсон байх хуулийн шаардлагад тэнцэхийн тулд ........тэй гэрлэлтээ бүртгүүлж, байнгын виз авах зорилготой байсан байна. ....... болон ...... нар нь хамтдаа амьдарсан нэг хоног ч байхгүй тул тэдний гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “...гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд гэрлэгчдийн хэн нэгний, эсхүл эрх нь зөрчигдсөн бусад хүний болон хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах байгууллагын нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцно” гэж заасан. Уг хуулийн зүйл заалтыг УДШ-ийн 2008 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 46 дугаар тогтоолын 11.1 дэх хэсэгт “Гэр бүл болох зорилгогүйгээр бүртгүүлсэн гэдэгт тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших, хуульд заасан хөнгөлөлт, халамж эдлэх, гадаадад зорчих ба оршин суух зөвшөөрөл авах зэргээр гэрлэгчдийн хэн нэг нь эдлэх ёсгүй эрхийг эдлэх, эсхүл хүлээх ёстой үүргээсээ зайлсхийхийн тулд гэрлэлтийг ашиглах зорилгоор бүртгүүлэхийг ойлгоно” гэж тайлбарласан байдаг. Иймд .........нь БНСУ-д байнгын оршин суух визтэй болох зорилгоор гэрлэлтээ бүртгүүлсэн тул БНСУ-ын иргэн ........олон ......... нарын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 0204 дугаарт бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Буян шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт бүртгүүлсний дараа .........ын хувьд чин сэтгэлээсээ гэр бүл болох зорилго байхгүй гэдэг нь ..........д харагдаж, цаашдаа надтай амьдрах бодол байхгүй, эдийн засаг болон өөр бусад ашиг сонирхол байна гэж үзэж байгаа. Гэр бүлийн тухай хуульд заасан гэр бүл болох зорилгогүй гэдэг нь харагдаж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн эрх зүйн ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох буюу онцгой ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх хэрэгт энэ хэрэг хамаарч байгаа. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах нөхцөл байдал илэрсэн гэж үзэж байгаа тул талуудын 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү гэж хүсэж байна. .......... нь ...........г гэрийнхэнтэйгээ танилцуулаагүй, дараа ирэхэд нь таксинд суугаад явахдаа өөрийнхөө таньдаг залуутай цуг яваад тэр хүнтэйгээ дотно байсан гэсэн. Гэр бүл болсон бол хүндлээд явах ёстой байтал .........ын хувьд нөхөр гэж хүлээн зөвшөөрч байгаа зүйл байхгүй байна. Гол санаа нь орон сууц захиалж байртай болох зорилготой. Өөрөө энэ орон сууцанд нэг ч төгрөг өгөөгүй. Захиалуулсан орон сууц нь хулхи залилангийн зүйл байгаад байгаа учир цаашдаа цагдаагийн журмаар шийдүүлнэ. ........... гэрлэлт бүртгүүлэхээр гаргасан өргөдөл дээрээ бичсэнээр гэр бүл болсныхоо дараа Солонгос улсад амьдрах сонирхол байсан. Бодит байдал дээр гэрийнхэн болон хүүхэдтэйгээ танилцуулаагүй, ........тэй нэг ч өдөр хамт хонож үзээгүй. Насан туршдаа амьдрах хүнээ сонгож байгаа бол тэр дундаа гадаадын иргэнтэй гэрлэх гэж байгаа хүн бол соёл болон зан аашийн хувьд таарахаар байна уу, миний хүүхдэд эцэг болж чадахаар байна уу гэдгийг мэдэхэд тодорхой хугацаа хэрэгтэй болов уу гэж бодож байна. Чин хүсэл байхгүй гэдэг нь хэд хэдэн удаа харагдсан гэж .......... хэлдэг. Тэдний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулснаар гуравдагч этгээдийн ямар нэгэн эрх ашиг зөрчигдсөн зүйл тайлбар болон хэрэгт нотлох баримтаар тогтоогдохгүй байна. .......гийн хувьд гэр бүл болох зорилготой байсан учраас тэр орон сууцыг гэрлэхээсээ өмнө захиалаад 80,000,000 төгрөгийг урьдчилгаа болгож .........ын найзынх нь данс руу хийсэн. .........өөрийнхөө дансаар ч аваагүй. Найз н.Ууганаа гэдэг хүний данснаас н.Саранцэцэг гэдэг хүний данс руу хийж гэрээгээ байгуулсан байдаг. Иймд хүсэлтийг хангаж тэдний гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцож өгнө үү...гэв.
2. Гуравдагч этгээдийн тайлбар.
2.1. Гуравдагч этгээд ......... шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Би анхны нөхрөөсөө 15 гаруй жилийн өмнө гэрлэлтээ цуцлуулж, түүнээс хойш өөрийн хүүгийн хамт өдийг хүртэл амьдарч ирсэн. Эмэгтэй хүний хувьд цаашид түшиг тулгуур болох хань ижилтэй болохыг хүсэж мөрөөсөж байсны хувьд санаа сэтгэл нийлсэн тохиолдолд Монгол ч бай, гадаад ч бай сайн хүнтэй учирвал гэр бүл болох зорилготой байсан. Ийм ч учраас 2023 онд .........эй танилцаад, уулзаж ярилцахад Монгол эхнэртэй болохыг хүссэн түүний сонирхол, мөн насны хувьд ч тэр, амьдрал үзсэн хүний хувьд ч тэр түшиг тулгатай, хүнд хань болох боломжтой хүн байна гэсэн итгэл төрүүлсэн учраас ........... бид хоёр хэний ч шахалт шаардлагагүйгээр, харилцан тохиролцож, сайн дурын үндсэн дээр Монгол улсын хуульд заасны дагуу 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, албан ёсоор гэр бүл болсон. Гэтэл ......... нь гэнэт намайг буруутгаж, БНСУ-д байнгын оршин суух виз авахад БНСУ-ын иргэнтэй гэр бүл болсон байх хуулийн шаардлагад тэнцэхийн тулд гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үндэслэлгүйгээр буруутгаж байгаад үнэхээр гомдолтой байна. Би гадаад хүнтэй гэр бүл болсон хэдий ч эх орондоо амьдрахыг чухалчилж үздэг. Учир нь би өөрөө Солонгос улсад тодорхой хугацаанд ажиллаж амьдарч байсны хувьд эх орны үнэ цэнийг маш сайн мэддэг. Түүнчлэн, хүү маань сургуулиа төгсөөгүй, оюутан учраас хүүгээ амьдралд байр сууриа олтол нь дэргэд нь хамт байхыг хүсдэг. Нөгөөтэйгүүр Монголдоо амьдрах учраас.......... бид хоёр харилцан ярилцаад орон сууц хүртэл захиалсан. Хэрэв ........ цаашид надтай амьдрахыг хүсэхгүй байгаа бол Монгол улсын хуулийн дагуу, эсхүл БНСУ-ын хуулийн дагуу гэрлэлтээ цуцлуулж болно шүү дээ. Хамтын амьдралаар амьдрахыг хүсэхгүй байгаа хүнийг би хориглож чадахгүй учраас гэрлэлтээ цуцлуулахад татгалзахгүй. Харин .........өөрийгөө буруугүй, хууртагдсан мэтээр авч үлдэхийн тулд заавал намайг үндэслэлгүйгээр буруутгаж, миний амьдралд цаашид сөргөөр нөлөөлөхүйц шүүхийн шийдвэр гаргуулах гээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Би буруугүй байж буруутай мэт шошго зүүчихвэл миний цаашдын амьдралд улам л хүндээр тусна. Нэхэмжлэлд намайг ...........тэй хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлээгүй, хамтдаа нэг ч хоног хамт байгаагүй гэсэн үндэслэл гаргасан байна. Гэтэл эдгээр нь гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ бүртгүүлсэн гэж үзэх үндэслэл биш юм. Монгол улсын Гэр бүлийн тухай хуульд заавал хайр сэтгэлтэй байх, заавал хамтдаа нэг хоног ч амьдарсан байх ёстой гэсэн шаардлага тавигддаггүй бөгөөд энэ нь гэрлэлтээ хүсэл зоригийнхоо дагуу бүртгүүлснийг үгүйсгэх үндэслэл биш юм. Хуульд заасан харшлах шалтгаан байхгүй бол гэр бүл болохыг эр, эм хоёр харилцан тохиролцсон тохиолдолд ямар ч шалтгаанаар гэрлэлтээ бүртгүүлэх боломжтой бөгөөд насаараа амьдрах хүмүүсийн хувьд нэг хоног ч хамт амьдраагүй гэж ядмагхан асуудал ярьж байгаа нь гэрлэлтийг хүчингүйд тооцуулах үндэслэл биш юм. Хамт амьдраагүй гэх тухайд гэрлэлтээ бүртгүүлээд маргааш нь ......... өөрөө БНСУ руу буцаж, Монгол улсад эргэж ирээгүй, өөрөөс нь шалтгаалсан нөхцөл байдал болохоос миний буруугаас болсон, надаас шалтгаалсан зүйл байхгүй. Миний хувьд ...........тэй гэрлэсэн гэрлэлт жинхнээсээ эр хүний хайр, халамжийг хүсэж, гэр бүл болох зорилгоор гэрлэсэн гэрлэлт байсан болохоор надад үнэхээр муухай санагдаж, сэтгэл их өвдөж байна. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах үндэслэл байхгүй, зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...гэжээ.
2.2. Гуравдагч этгээд .......... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ хүн 8 дугаар сард надтай танилцах хүсэлтэй гэж байсан. Ирээд шууд гэрлэлтээ батлуулсан юм биш. Эхлээд ирчихээд дараа нь Монгол хүнтэй сууя гэж хэлсэн байсан. Сүүлд 10 дугаар сарын 13-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн. Би Солонгос улсад гэрээгээр ажиллаж 3 сараар явж байсан. Солонгос улс миний амьдарч үзээгүй орон биш. Би хэрвээ гэрлэхдээ виз хүссэн бол өнөөдөр юм уу маргааш виз гаргуулах боломжтой. Энэ хүн надаас 20 гаруй насаар ах, дээрээс нь 3 хүүхдийн эцэг, эхнэр нь өөд болсон учраас надад бас түшиг тулгуур болох болов уу гэсэн үүднээс гэр бүл болсон. Ямар учраас гэнэт ингэж байгааг ойлгохгүй байна. Энэ хүн 2 дахь удаагаа ирэхдээ миний ажил амьдралтай танилцаад, 3 дахь удаагаа ирэхэд нь гэр бүл болсон. Би 44 настай, тэр хүн 60 гаруй настай хүн. Миний үгээр надад залилуулах хүн биш. Би оёдлын цех ажиллуулдаг. Тэрийг маань дэмжиж тусална гэсэн. Эндээ суурин амьдарна гээд байр захиалсан байсан. Хууль журмын дагуу бүх зүйлээ бэлдэж гэрлэсэн. Гэрлэе гэж гэрлэсэн хэр нь одоо болохоор яасан нь мэдэгдэхгүй хүчингүйд тооцуулах тухай хэлж байгаа нь үнэхээр муухай санагдаж байна. Ийм учраас хүлээн зөвшөөрөхгүй...гэв.
2.3. Гуравадагч этгээдийн өмгөөлөгч Р.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хүсэлтийн үндэслэлээр ........ыг буруутгаад, хүнийг хуурч мэхэлдэг гэх нөхцөл байдлыг үүсгэх гээд байна. Ингэснээр .........д ирээдүйд хувийн байдалд нь сөрөг үр дагавар үүсгэх учраас зөвшөөрөхгүй байгаа. Гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах гэж байгаа маргаан учир орон сууц захиалахтай холбоотой асуудал энэ хэрэгт хамааралгүй гэж үзэж байна. Энэ орон сууцтай холбоотой асуудал тусдаа яригдана. Бид баримт дээр үндэслэж ярих ёстой. Илт буруутгасан зүйл яриад байна. ........ын хувьд ...........тэй гэрлэлтээ бүртгүүлж, маргааш нь И......... БНСУ руу явсан. Хил хамгаалах ерөнхий газрын лавлагааг харахаар хүсэлт гаргагч нь их богино хугацаанд ирээд буцдаг байсан байна. Байр орон сууцаа бэлдэнэ гэж байснаа өмгөөлөгч аваад гэнэт ийм асуудал гаргаад байгааг гайхаж байна. Өдий насны хүн хэн нэгэнд хууртагдаад яваад байна гэж байхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлд заасан онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх асуудал бол эрх зүйн ямар нэгэн маргаангүй үйл явдлыг тогтоож шийдвэрлэх, хэн нэгэнд эрх үүсгэх ач холбогдол бүхий зохицуулалт юм. Хэдий онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэх ёстой асуудал боловч хүний эрх ашиг зөрчигдөөд байна шүү дээ. Маргаан үүсээд байна. Гэр бүл болох зорилгогүй байсан нь тогтоогдсоны дараа онцгой ажиллагааны журмаар шийдвэрлэнэ. Гэр бүлийн тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар гэрлэгчид олон үүрэг хүлээнэ. Нэхэмжлэгч энэ үүргүүдийг хүлээхгүйн тулд ийм асуудал үүсгэж байна гэж ойлгогдож байна. Сүүлд үүссэн нөхцөл байдлыг өмнө нь болсон мэтээр яриад байна. Хамтарч орон сууц захиалсан гэдэг асуудал ярьж байгаа учир дундын эд хөрөнгө үүссэн байх магадлалтай гэж харагдаж байна...гэв.
3. Хүсэлт гаргагч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-4/, итгэмжлэл /хх-5-12/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй.
5. Шүүхээс бүрдүүлсэн баримтууд.
5.1. Шүүгчийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 06689 дүгээр захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, нотлох баримт бүрдүүлэхээр шийдвэрлэж /хх-33/, захирамжийн дагуу:
5.1.1. Монгол улсын Хил хамгаалах ерөнхий газраас 2024 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр нэхэмжлэгч БНСУ-ын иргэн ............Монгол улсын хилээр нэвтэрсэн тухай тодорхойлолтыг /хх-37-38/;
5.1.2. Улсын бүртгэлийн ерөнхий газраас ....., ............. нарын гэрлэснийг бүртгэсэн бүртгэлийн бүрдүүлбэрийн баримтын хуулбарыг /хх-42-58/;
5.1.3. Гадаадын иргэн, харьяатын газраас ...........Монгол улсын виз, визийн зөвшөөрөл, оршин суху зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээ аваагүй тухай тотодорхойлолтыг /хх-68/ тус тус нотлох баримтаар ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. БНСУ-ын иргэн ..........нь Монгол улсын иргэн ............тай бүртгүүлсэн 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн №0204 дугаартай гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай хүсэлт бүхий нэхэмжлэл гаргажээ.
2. Шүүх .......гийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ “гуравдагч этгээд .......... нь нэхэмжлэгч ..........тэй хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлээгүй, гэр бүл болох зорилгогүйгээр буюу БНСУ-д байнгын оршин суух виз авах зорилгоор гэрлэсэн, Монгол улсад ирэх үед хамт амьдраагүй, уулзах үед өөр эрэгтэйтэй явдаг байсан” гэж тодорхойлсон байна.
4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагчтай гэрлэлтээ бүртгүүлсэн Монгол улсын иргэн ........ хүсэлт гаргаснаар шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 04449 дүгээр захирамжаар түүнийг бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулахаар шийдвэрлэсэн.
4.1. Гуравдагч этгээд ..........нэхэмжлэлтэй холбогдуулан өөрийн эрх үүрэгт сөргөөр нөлөөлж байгаа талаар “.........тэй гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлтээ батлуулаагүй, гэр бүл зохиох хүсэлтэй байсан, хамт амьдрахаар төлөвлөж орон сууц захиалсан байсан. Хүн хуурч мэхлэх зорилготой байсан гэж байгаад гомдолтой байна” гэж тайлбарлаж байна.
5. Зохигчоос нотлох баримтаар гаргасан болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхийн журмаар бүрдүүлсэн бичмэл нотлох баримтууд, шүүх хуралдаанд оролцогчдын гаргасан тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
5.1. БНСУ-ын иргэн, .......оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, ............ болон Монгол улсын иргэн, .........оны 6 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, Сартуул овогт Л........нар 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болж, Монгол улсын Иргэний гэр бүлийн гэрлэлтийн .........дугаарт бүртгэгдсэн байна.
5.2. ......... Монгол улсын хилийн Чингис хаан агаарын замын боомтоор 2020 оноос 2024 оны хооронд 4 удаа орж, гарсан байх бөгөөд анх 2023 оны 8 дугаар сарын 07-ны өдөр орж 8 дугаар сарын 11 өдөр гарсан, үүний дараа 9 дүгээр сарын 25-ны өдөр орж, 29-ний өдөр гарсан, дахин 10 дугаар сарын 11-ний өдөр орж, 14-ний өдөр гарсан, хамгийн сүүлд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр орж, 14-ний өдөр гарчээ.
5.3. Гэрлэгчид гэрлэсний бүртгэлд бүртгүүлэхийг хүсэгчдийн анкетад Монгол улсад оршин суух хаягаа Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, ......... ресиденс .......тоот гэж хэн аль нь тодорхойлж, тухайн орон сууцанд хамт амьдрахаар төлөвлөж урьдчилгаа 80,000,000 төгрөгийг ..............төлж, орон сууц захиалан бариулах гэрээг хамтран байгуулсан талаар шүүх хуралдаанд тайлбарлав.
5.4. ........, ............ хэн аль нь Гэр бүлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасан гэрлэхэд харшлах шалтгаангүй болохыг нотлохоор тус тусын өргөдлийг өөрийн эх хэл дээр бичиж, өмнө гэрлэсэн эсэх талаарх лавлагаа, гэмт хэрэг зөрчилд холбогдоогүй тухай лавлагаа, эрүүл мэндийн тодорхойлолт, шинжилгээний хариу зэргийг Улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн байна.
5.5. Нэхэмжлэгч ......... нь 2024 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар виз, визийн зөвшөөрөл, оршин суух зөвшөөрөлтэй холбоотой үйлчилгээг Монгол улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Гадаадын иргэн, харьяатын газраас аваагүй талаар тус байгууллагаас тодорхойлсон.
6. И Гансүгийн нэхэмжлэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь хэсэгт заасан “онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлүүлэхээр хуульд заасан асуудлаар сонирхогч этгээдээс гаргасан хүсэлт”-д хамаарах тул нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.10 дахь хэсэгт заасны дагуу онцгой ажиллагааны журмаар хянан шийдвэрлэв.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг иргэн өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана. Нэхэмжлэгч .........БНСУ-ын иргэн бөгөөд тус улсдаа байнга оршин суудаг. Ийнхүү нэхэмжлэлийг түүнтэй гэрлэлтээ бүртгүүлсэн .........ын байнга оршин суух газрын харьяалах нутаг дэвсгэрийн шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүхийн харьяалал зөрчсөн гэж үзэхгүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 192.1, 192.2 дахь хэсгүүдэд зааснаар Монгол улсын шүүх өөрийн харьяалалд авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжтой байна.
8. Шүүхэд гаргасан хүсэлт бүхий нэхэмжлэлийн тухайд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2, 135.2.10-т “гэрлэлтийг хүчин төгөлдөр бус, гэрлэлт цуцлалтыг хүчин төгөлдөр бус гэж тооцох” эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоохоор хуульчилсан.
9. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа нь эрхийн маргаантай холбоогүй, шүүхээр тогтоохоос өөр байдлаар тогтоох боломжгүй эрх зүйн үйл явдал болон үйлдлийг тогтоох ажиллагааг хэлэх бөгөөд энэ ажиллагаа нь эрх зүйн ямар нэгэн маргаангүй байж, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар шаардахгүй, эсрэг талын зохигч байхгүй байхыг ойлгоно.
10. Гэтэл тус гэрлэлтийн нэг гэрлэгч тал болох гуравдагч этгээд ......ын зүгээс нэхэмжлэгчтэй хайр сэтгэлийн үндсэн дээр гэрлэж, цаашид хамтран амьдрах зорилготой байсан, нэхэмжлэлд ........ ............ хууран мэхлэж гэрлэсэн гэж дурдсаныг хүлээн зөвшөөрөхгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж, гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэхгүй байгаагаа илэрхийлж байна.
11. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт “...гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь илэрсэн тохиолдолд” гэрлэгчдийн хэн нэгний нэхэмжлэлээр шүүх гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцохоор хуульчилсан.
12. Нэхэмжлэлд гуравдагч этгээд .........ыг нэхэмжлэгч ...........тэй гэр бүл болох зорилгогүйгээр буюу цаашид БНСУ-д байнга оршин суух виз авах зорилгоор гэрлэсэн, нэхэмжлэгчтэй хамт нэг удаа хоноогүй гэж тайлбарлах боловч нэхэмжлэлийн уг үндэслэлээ баримтаар нотлоогүй, гэр бүл болох зорилгогүйгээр гэрлэлт бүртгүүлсэн нь хэрхэн яаж илэрсэн гэдэг нь тодорхой бус, ............ гэрлэлт бүртгүүлснээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд БНСУ-д оршин суух виз хүссэн өргөдөл гаргаагүй гэж тайлбарласан ба нэхэмжлэгч тал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний үндэслэлээ баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байна.
13. Иймд гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцох үндэслэл тогтоогдохгүй, хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд цаашид хамтран амьдрахаар орон сууц захиалж, төлбөрийн урьдчилгаа төлсөн талаарх гуравдагч этгээдийн тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй тул ............гийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.
14. Түүнчлэн, нэхэмжлэгчтэй гэрлэлтээ бүртгүүлсэн ..........нь уг гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг хүсэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй талаар тайлбарлаж байх тул Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2 дахь хэсэгт “...эсхүл гэрлэлтээ хүчин төгөлдөр бус гэж тооцуулахыг зөвшөөрөөгүй бол шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож болно” гэж зааснаар ......., ..........нарын гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж үзэх боломжгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.2 дахь хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ........тай 2023 оны 10 дугаар сарын 13-ны өдөр бүртгүүлсэн гэрлэлтийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай БНСУ-ын иргэн ............гийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА