| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/00897/И |
| Дугаар | 102/ШШ2024/04165 |
| Огноо | 2024-09-04 |
| Маргааны төрөл | Ажлаас буруу шилжүүлсэн, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 102/ШШ2024/04165
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, тоотод оршин суух, Х овогтой Э Иийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, өөрийн байрлах Нийслэлийн Бд холбогдох,
Сэлгэн ажиллуулах тушаал, өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах, 2023 оны 2,3,4 сарын цалин хөлс 5,073,438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.И, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.И нь хариуцагч Нийслэлийн Бд холбогдуулан сэлгэн ажиллуулах тушаал, өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах, 2023 оны 2,3,4 сарын цалин хөлс 5,073,438 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Нийслэлийн Бийн даргын 2023.09.04-ний өдрийн А/144 дугаар бүхий Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3 дугаар хэсэг 3.1 дэх заалтаараа Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга ажлын байранд ажиллаж буй Э.Иийг Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга ажлын байранд, сэлгэн ажиллуулсугай, 5 дах заалтаараа Сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн орлогч дарга Э.И, Д.Ө нарын урьд авч байсан албан тушаалын цалинг бууруулахгүй хэвээр олгохыг тус тус Санхүүгийн албаны даргад зөвшөөрсүгэй гэсэн тушаалыг 2023 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр надад танилцуулсан болно.
Дээрх сэлгэн ажиллуулах тушаалын үндэслэлээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.1.1 дэх хэсэгт заасан ажлын ачааллыг тэнцүүлэх гэсэн үндэслэлийг заасан. Миний эрхэлж буй ажлын чиг үүрэг "Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга-ын ажлын байрыг харилцан сольсноор яг ямар ажлын ачааллыг тэнцүүлэх гээд байгаа талаараа тодорхой бус байна энэ талаар байгууллагын Удирдлагын төвшинд судалгаа хийж, Удирдлагын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хуралдсан хурлаар хэлэлцсэн асуудал огт байхгүй. Энэ талаар Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга надад танилцуулсан надаас сэлгэн ажиллуулах санал авч тохиролцсон асуудал байхгүй болно.
Иймд Эрүүл мэндийн төвийн хоёр орлогч даргыг хооронд нь сэлгүүлэн сольсноор ажлын ачаалал тэнцвэржих үндэслэлгүй байна. Э.И миний Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд ажил үүрэг гүйцэтгэсний хөлсөнд Нийгмийн даатгалын газраас олгодог цалинг төвийн даргын тушаалаар Санхүүгийн алба нөхөж олгох нь өөрөө хууль зөрчсөн асуудал болох тул таны 2023 оны 09 дүгээр сарын 04-ний А/144 дугаар тушаалаар одоо ажил үүрэг гүйцэтгэж байгаа албан тушаал дээр авдаг цалин буурч байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан Сэлгэн ажиллуулахыг хориглох хэм хэмжээнд хамаарч байгаа.
Ажил хүлээлцэх комиссын гишүүд 4 дэх удаагаа 2023.09.11-ний өдөр дахин ажил хүлээлцэхийг шаардаж ирэхдээ Э.И миний урьд авч байсан цалин, орлогыг бууруулахгүй байх талаар дарга шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ даргын зүгээс таныг ажлаа нэн даруй хүлээлцэн Бодлого төлөвлөлт Үйл ажиллаагаа хариуцсан орлогч даргын үүрэгт ажлыг хүлээн авч Эмнэлэг Хөдөлмөрийн магадлалын хуралдаа үргэлжлүүлэн суухыг даалгасан болохыг мэдэгдсэн. Дээрх З.Бдаргын шийдвэр нь Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах комиссын дүрэм-ийн 2.11 дэх заалт Орон нутгийн комиссын дарга нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, орлогч дарга нь аймгийн хувьд нэгдсэн эмнэлэг /бүсийн оношилгоо эмчилгээний төв/, дүүргийн хувьд Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байна. гэсэнтэй нийцэхгүй байгаа гэдгийг ажил хүлээлцэх комиссын гишүүдэд уншиж танилцуулсны дагуу гишүүд З.Бт хэлж танилцуулан дарга нэгэнт шийдвэрээ гаргасан та даргын үүрэг даалгаврыг биелүүлэх үүрэгтэй гэсэн хариу өгсөн.
Иймд Бийн даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгож Эмнэлэг магадлалын комиссын үйл ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг хангаж, Э.И миний хувьд байгууллагын даргын хүсэл, дур зоргоор даргын зааж өгсөн ажил үүргийг үг дуугүй гүйцэтгэх, эс биелүүлсэн тохиолдолд ажил үүргээ хэвийн явуулах боломжгүй нөхцөл байдалд хүрээд байгаа тул ажилтан миний Хөдөлмөрлөх эрх ажил мэргэжлээ хуулийн дагуу чөлөөтэй сонгох эрхийг сэргээн тогтоож Нийслэлийн Бийн даргын 2023.09.04-ний өдрийн А/144 дугаар бүхий Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3 дугаар хэсэг 3.1 дэх заалтыг хүчингүй болгож, Бийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эгүүлэн тогтоож өгнө үү.
1.2 Э.И миний бие Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг 2023.01.20-ны өдрийн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 00197 тоот магадлалаар "...Э.Иийг Бийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эргүүлэн тогтоож, хариуцагчаас 13,529,248 төгрөг гаргуулж, нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн болно. Гэтэл хариуцагч болох Б намайг ажилд 2023.5.08-ны өдөр ажилд эгүүлэн авсан боловч 2023 оны 2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийж өгөхгүй байгаа бөгөөд мөн хугацааны цалин хөлс олгохгүй байгаа болно.
Иймд 2023 оны 2,3,4 дүгээр сарын цалин буюу нэг сарын 1,691,146 төгрөгөөр бодож нийт гурван сарын 5,073,438 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү.
1.3 Э.Ит сахилгын шийтгэл оногдуулах тухай 2023.06.02-ны өдрийн Нийслэлийн Бийн даргын Б/284 тоот тушаалаар Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Э.И нь Үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагыг мэдээллээр хангаагүй гэсэн хоёр үндэслэл зааж нээлттэй сануулах сахилгын шийтгэл оногдуулсан.
Дээрх сахилын шийтгэл оногдуулах болсон үндэслэлээ Удирдлагын Зөвлөлийн 2023.05.30-ны өдрийн хурлын шийдвэрийг үндэслэн тушаалаа гаргасан гэж тодорхойлжээ. 2023.05.30-ны өдрийн Удирдлагын Зөвлөлийн хуралд Э.И миний бие биечлэн оролцон бөгөөд тус хурлаар Э.И миний бие болон Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга-ын ажил үүрэгтэй холбоотой аливаа асуудлыг огт хэлэлцээгүй бөгөөд энэ талаар Удирдлагын Зөвлөлийн хурлаас ямар нэгэн шийдвэр гараагүй болно. Дээрх хурлаар тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргад сахилгын шийтгэл оногдуулах асуудлыг огт хэлэлцээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй талаар тухайлан сануулаагүй, ажил үүргээ гүйцэтгээгүй талаар ямар нэгэн холбогдох хууль тогтоомж, заавар стандарт, хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд заасан сахилгын шийтгэл оногдуулах нэг ч үндэслэлийн талаар санал, шүүмж тайлбар хэлээгүй энэ талаар Удирдлагын зөвлөлийн гишүүдээр хэлэлцүүлээгүй болно.
Надад сахилын шийтгэлийг оногдуулахдаа Удирдлагын зүгээс шийтгэл оногдуулах гэж байгаа талаараа огт мэдэгдээгүй, үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагаа мэдээлэл өгөөгүй талаар ямар нэгэн тайлбар огт аваагүй намайг огт мэдээгүй байхад шууд сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг ажлын бус цагаар танилцуулсан. Э.И миний зүгээс тус төвийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил албан тушаалын үүргээ Хөдөлмөрийн гэрээ, байгууллагын дотоод журамд нийцүүлэн ажлын байрны тодорхойлолтод заасан дагуу, удирдлагын зүгээс өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлж, энэ талаар тухай бүрд нь бичгээр болон амаар тайлагнаж ирсэн. Миний зүгээс Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажил үүргийг хүлээн аваад 18 хоног үүрэг гүйцэтгэж байсан бөгөөд энэ хугацаанд Удирдлагын зөвлөлийн өмнөх хуралдаан дээр төвийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж энэ талаараа 2023.05.30-ны өдрийн Удирдлагын зөвлөлийн хуралдаан дээр өөрийн биеэр үүрэг даалгаврын биелэлтийг тайлагнасан.
Гэтэл төвийн дарга өөрийн дур зоргоор үзэмжээрээ хууль бус тушаал гарган сахилгын шийтгэл оногдуулснаас болж ажилтан Э.И миний 2023 оны III, IV дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 60 хувь буюу нийт 1,684,800 төгрөг хасагдаж хохирсоор байгаа тул надад оногдуулсан 2023.06.02-ны өдрийн нээлттэй сануулах сахилгын шийтгэлийг бүхэлд нь хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож олгох ёстой байсан үр дүнгийн урамшуулал болох 1,684,800 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү. гэжээ.
1.4 Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Үүнд: ...Хэрэг хянан шийдвэрлэх явцад Бийн даргын зүгээс Сэлгэн ажиллуулсан ажлын байран Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаж 2024.05.01-ний өдөр 311 тоот Мэдэгдэх хуудас өгсөн байдаг. Уг албан бичгээр Э.Иийг дурдсан хугацаанд Хөдөлмөрийн гэрээ байгуулахыг шаардаад хэрэв Хөдөлмөрийн гэрээ байгуулахгүй эс үйлдэхүй гаргаж буй нь Хөдөлмөрийн гэрээ байгуулах тогтвор суурьшилтай ажиллах сонирхолгүй байна гэж үзэхээр нөхцөл үүсээд байгаа гэж мэдэгдсэн. 2024.05.15-ны өдөр Нийслэлийн Бийн даргын 2023.09.19-ний өдрийн Б/471 дугаар бүхий Э.Иийг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэсэн тушаалыг танилцуулж өгсөн.
Э.И миний бие дээрх Б/471 тоот тушаалыг огт мэдэхгүй үзээгүй хараагүй танилцаагүй бөгөөд ийм тушаал гарсан гэдгийг 2024.05.15-ны өдөр анх удаа мэдсэн болно. Дээрх тушаалаар Э.И миний биеийг Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байрнаас чөлөөлсөн байна. Өнөөдрийн байдлаар Э.И миний биеийг өөр ажилд томилсон, сэлгэн ажиллуулсан, урьд эрхэлж байсан албан тушаалаас чөлөөлсөн агуулга бүхий хоёр тушаал гарчхаад байгаа тул 2023.09.19-ний өдрийн Б/471 дугаар бүхий "Э.Иийг өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай гэсэн тушаалыг хүчингүй болгож, Бийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажлын байранд эргүүлэн тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна. гэжээ.
2. Хариуцагч Нийслэлийн Б хариу тайлбартаа: Бийн 2023.08.31-ний өдрийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар-ын асуудал зонхилон яригдсан бөгөөд цаашид бид үйл ажиллагаагаа улам эрчимжүүлэх, зарим шаардлагатай арга хэмжээг дотооддоо авч хэрэгжүүлэх талаар дорвитой ажил зохион байгуулах зайлшгүй шаардлагатай байгаагаа бид дотооддоо хэлэлцсэн.
Байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах үүднээс тушаалын 3 дугаар зүйлээр Эрүүл мэндийн төвийн орлогч дарга нарыг хооронд нь сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн байдаг. Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга нь Хүн амд хэвтүүлэн эмчлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг тэгш, хүртээмжтэй, чанартай, шуурхай явуулах ажлыг зохион байгуулан ажиллах үүрэгтэй. Эмнэлгийн хэмжээнд хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар доголдсон, хоног болоогүй нас баралтын тоо өссөн үзүүлэлттэй байхад үүний шалтгаан нөхцөлийг тодорхойлох, нас баралтыг бууруулах, авч болох хариу арга хэмжээний талаар тодорхой ажил төлөвлөх тухайд нэхэмжлэгчийн зүгээс зохих арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, байгууллагын гаргасан төлөвлөгөө, тайлангийн чанар, үр дүнгийн хэрэгжилтийг хангах ажил нь хангалтгүй, эмчилгээ, үйлчилгээний доголдлын талаар бодитой, баримттай мэдээлэл өгдөггүй, гарсан доголдлыг арилгахад чиглэсэн бодит ажлыг цаг алдалгүй хийгээгүй, өгсөн үүрэг, чиглэлийн дагуу арга хэмжээг зохих түвшинд авч хэрэгжүүлдэггүй, улирлын шинжтэй өвчний талаарх тусламж, үйлчилгээний төлөвлөгөөг хугацаанд нь гаргаж, батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохих ёсоор хийгээгүй зэрэг ажлын байрны тодорхойлолтод заасан албан тушаалын зорилтот ажлуудыг хангалтгүй гүйцэтгэж байгаа нь Удирдлагын зөвлөлийн хурал дээр голчлон хэлэлцэгдсэн байдаг.
Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн гүйцэтгэлээс Эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар шууд хамаатай тул мэдээгүй, сонсоогүй гэх тайлбар гаргаж, хоног болоогүй нас баралтын тоо өссөн гэх статистик мэдээг зүгээр л уншаад зогсож байгаа Э.Иийг цалин хөлс, албан тушаалыг бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан нь өөрөө түүний хөдөлмөрлөх эрхийг нь хүндэтгэсэн хэрэг болсон болно. Эрүүл мэндийн төв нь Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Эрүүл мэндийн сайдын баталсан Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай тушаал болон Хөдөлмөрийн дотоод журамд заасан зохицуулалтын хүрээнд өөрийн дотооддоо зохион байгуулалтын арга хэмжээ авсан, уг арга хэмжээний хүрээнд Э.Иийн албан тушаал болон тухайн албан тушаалын цалингийн хэмжээ огт буураагүй тул гомдлыг үндэслэлгүй гэж үзэж байна. Ажил олгогчийн зүгээс ажилтан авч ажиллуулах, уг хөдөлмөрийн харилцааны явцад ажилтны цалин хөлсийг бууруулахгүйгээр ажлын байр хооронд ажилтныг сэлгэн ажиллуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг байгууллага дотроо авч хэрэгжүүлсэн нь Хөдөлмөрийн дотоод журам болон холбогдох хууль тогтоомж зөрчөөгүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2,154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандах эрхтэй" гэж заасан.
2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүл мэндийн төвийн даргын А/144 тоот тушаалын дагуу Э.И, Д.Өнарын ажлыг хүлээлцсэн байдаг. Э.И нь ажлаа хүлээн авсныхаа дараа Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэсэн тушаалыг эс зөвшөөрсөн гомдлоо гаргасны дагуу 2023 оны 11 дүгээр сарын 16-ны дөр мөн хороо хуралдсан. Уг хугацаанд гомдол гаргагч Э.И өөрийн биеэр оролцсон бөгөөд хуралдааны үед талууд эвлэрэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон учир Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны гишүүн Ц.Бадамхандаас "...талууд эвлэрэх боломжгүй гэдэг нь тогтоогдож байна. И даргын хувьд цаашид тэмдэглэлийг хүлээн аваад шүүхэд гомдол гаргах боломжтой талаар түүнд тайлбарласан. Ийнхүү маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээ 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон байхад нэхэмжлэгч нь 45 тоот тэмдэглэлийг 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр гардан авсан үндэслэлээр 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр шүүхэд энэ нэхэмжлэлийг гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2, 154.8, 158 дугаар зүйлийн 158.1.1, 158.2.2-т заасан хугацаа зөрчигдсөн байна. 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр танилцуулснаас хойш 30 хоногийн дотор шүүхэд шууд хандаж, хөдөлмөрийн эрхийн маргаанаа шийдвэрлүүлж болох байтал ийнхүү нэхэмжлэл мөн гаргаагүй байдаг. Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооноос маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосныг мэдсээр байж тэмдэглэлийг 61 хоногийн дараа гардан авсан нь хөөн хэлэлцэх хугацаандаа шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэх, эсхүл уг хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх хуулийн үндэслэл болохгүй. Иймд Э.И нь хуулиар тогтоосон хугацаанд ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн гомдлоо шүүхэд гаргаагүй, мөн ажил олгогчийн тушаал хууль зүйн үндэслэлтэй тул түүний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
2024 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлс 5,073,438 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хураамжийг төлснийг баталгаажуулахыг даалгах шаардлагын тухайд:
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 тоот магадлал, Улсын Дээд шүүхийн 2023 оны З дугаар сарын 16-ны өдрийн Иргэний хэргийн Нийт шүүгчдийн хуралдааны тогтоолын дагуу Э.Иийг 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 тоот тушаалаар 2023 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар эгүүлэн ажиллуулсан байдаг. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасны дагуу Э.Иийн ажилгүй байсан 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлстэй тэнцэх 13,529,248 төгрөгийг түүнд олгож, шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Шүүхийн шийдвэрт 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлсийг гаргуулах талаар заагаагүй, Э.И 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн тушаалаар ажилдаа эргэж томилогдсоноос хойш 2024 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл энэ талаарх гомдол, нэхэмжлэлийг Хөдөлмөрийн тухай хуульд заасан 90 хоногийн дотор огт гаргаж байгаагүй бөгөөд одоо энэ талаар шаардах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн болно.
Иймд энэхүү шаардлагыг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Э.Ит нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан Бийн даргын 2023.06.02-ны өдрийн Б/284 дүгээр тушаалыг хүчингүй болгуулж, 2023 оны III, IV улирлын үр дүнгийн урамшуулалд авах ёстой байсан 1,684,800 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд:
Эрүүл мэндийн төвийн даргын 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар үүрэг даалгавар бийлүүлээгүй, удирдлагыг мэдээллээр хангаагүй үндэслэлээр Э.Ит нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Энэхүү тушаалтай 2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр танилцсан Э.И эс зөвшөөрсөн гомдлоо Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гаргаж, тус хорооны 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас талууд харилцан тохиролцох боломжгүй үндэслэлээр маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгосон 37 тоот тэмдэглэл гарсан.
Уг хуралдаанд Э.И биечлэн оролцсон бөгөөд гарсан шийдвэрийг мэдсэн, мэдэж байсан атлаа мөн л хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй байдаг. Ийнхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн тул сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Мөн сахилгын шийтгэл ногдуулсан тушаал үндэслэлтэй, хүчин төгөлдөр тул Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4 дэх заалтын дагуу түүнд 2023 оны III, IV улиралд үр дүнгийн урамшуулал олгох ёсгүй.
Иймд олгох ёстой байсан үр дүнгийн урамшуулалд 1,684,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй болно.
Дээр дурдсан үндэслэлүүдээр нэхэмжлэгч Э.Иийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан гэж бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-10/, Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-11/, Нийслэлийн Бийн даргын 2023.5.01-ны өдрийн Б/228 дугаар тушаал /хх-12/, Нийслэлийн Бийн 2023.09.04-ний өдрийн А/144 тушаал /хх-13-15/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-16-19/, Хөдөлмөрийн гэрээ /хх-20-22/, Албан тушаалын тодорхойлолт /хх-23-24/, Ажил хүлээлцсэн тухай тэмдэглэл /хх-25-26/, Нийслэлийн Бийн даргын 2023.06.02-ны өдрийн Б/284 дүгээр тушаал /хх-27/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-28-31/, 2023.06.30-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-32-36/, 2023.11.16-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-37-43/, Нийслэлийн Бийн даргад санал хүргүүлэх тухай /хх-44-45/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-159-160/, Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага /хх-177-179/, Бийн даргын 2023.09.19-ний өдрийн Б/471 дүгээр тушаал /хх-180, 205/, 2024.6.05-ны өдрийн Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх-188-193/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-50/, Хариу тайлбар /хх-56-62/, Нийслэлийн Бийн Хөдөлмөрийн дотоод журам /хх-62-90/, 2023.8.31-ний өдрийн Удирдах зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл /хх-138-151/, 2023.5.30-ны өдрийн Удирдах зөвлөлийн шуурхай хурлын тэмдэглэл /хх-152-156/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.И дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 2023.09.04-ний өдрийн А/144 дугаар бүхий Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3 дугаар хэсэг 3.1 дэх заалт, 2023.09.19-ний өдрийн Б/471 дугаар бүхий тушаалын үндэслэлдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйл 59.1.1 дэх хэсгийг заасан боловч яг ямар ажлын ачааллыг тэнцүүлэх гээд байгаа талаараа тодорхой бус энэ талаар Удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудал огт байхгүй, надаас сэлгэн ажиллуулах санал авч тохиролцсон асуудал байхгүй. 2023.01.20-ны өдрийн 00197 тоот магадлал хуулийн хүчин төгөлдөр болсон ба намайг 2023.5.08-ны өдөр хариуцагч ажилд эгүүлэн авсан боловч 2023 оны 2,3,4 дүгээр сарын нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын бичилтийг хийгээгүй, цалин хөлс олгоогүй. Мөн 2023.06.02-ны өдрийн Б/284 тоот тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан ба миний зүгээс ажил үүргийг хүлээн аваад 18 хонож байсан бөгөөд энэ хугацаанд Удирдлагын зөвлөлийн болон төвийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж байсан ба 2023 оны III, IV дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 60 хувь буюу нийт 1,684,800 төгрөгийг хасч хохирсон. Иймд сэлгэн ажиллуулах тушаал, өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг хүчингүй болгож, урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах, 2023 оны 2,3,4 сарын цалин хөлс 5,073,438 төгрөгийг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг даалгаж өгнө үү. гэжээ.
3. Хариуцагч Нийслэлийн Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн гүйцэтгэлээс Эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар шууд хамаатай тул мэдээгүй, сонсоогүй гэх тайлбар гаргаж, хоног болоогүй нас баралтын тоо өссөн гэх статистик мэдээ уншсан Э.Иийг цалин хөлс, албан тушаалыг бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан нь хуульд нийцсэн. 2023.09.11-ний өдөр ажил хүлээлцсэн учраас үүнтэй холбоотой тушаалын талаар нэхэмжлэгч өөрөө Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн. Мөн шүүхийн шийдвэрт 2023 оны 2, 3, 4 сарын цалин хөлсийг гаргуулах талаар заагаагүй. Иймд Э.Иийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагууд хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн, хууль зүйн үндэслэлгүй. гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй, 154.2 дах хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.8-д Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны энэ хуулийн 154.5-д заасан тэмдэглэлийг хүлээн авснаас хойш, эсхүл энэ хуулийн 154.7-д заасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор маргалдагч тал шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж заажээ.
Нэхэмжлэгч Э.И нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023.11.16-ны өдөр 45 дугаартай шийдвэрээр ...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр... ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг 2024.01.16-ны өдөр авснаас хойш шүүхэд 2024.01.25-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
4.2 Нэхэмжлэгч Э.И нь 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс Нийслэлийн Бд Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаар томилогдон ажиллаж байсан болох нь Хөдөлмөрийн гэрээ /хх20-22/, Албан тушаалын тодорхойлолт /хх23-24/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
4.3 Нийслэлийн Бийн даргын 2023.06.02-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.2.2, эмнэлгийн дүрмийн 2.6.1, 2.6.3, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.7.4, 2.7.7, 8.4.9, 9.8, хөдөлмөрийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.1, 9.3, 9.4, Удирдах зөвлөлийн 2023.5.30-ны өдрийн хурлын тэмдэглэл шийдвэрийг тус тус үндэслэн Э.Ит үүрэг даалгавар биелүүлээгүй, удирдлагын мэдээллээр хангаагүй гэсэн үндэслэлээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байна.
4.4 Мөн Нийслэлийн Бийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1.1, 43.1.7, 47 дугаар зүйлийн 47.1,59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.3, Эрүүл мэндийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 20 дугаар зүйлийн 20.2.3, "Нэгдсэн эмнэлгийн бүтэц үйл ажиллагаа МNS5095:2017 стандартын 5.4, 5.5 дахь заалт, Эрүүл мэндийн сайдын 2019 оны Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулах зарим арга хэмжээний тухай А/566 дугаар тушаал болон Хөдөлмөрийн дотоод журмын 1.3, 2.9.1.6, 2.9.1.8, 2.9.2.1, 2.9.2.5, 2.9.3.3, 2.9.3.4, 3.9, 5.1.3, 5.2.9, 6.1.1, 6.1.3, 6.1.9, 6.4.3 дахь заалт, Удирдлагын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31 -ний өдрийн хурлын тэмдэглэлийг тус тус үндэслэн 3 дугаар зүйлд Байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах албан ажлын зайлшгүй шаардлагатай гэсэн үндэслэлээр 3.1-т Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга Э.Иийг Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч даргын ажлын байранд, Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч дарга ажлын байранд ажиллаж буй Д.Өлзийсайханыг Эмнэлзүй эрхэлсэн орлогч дарга ажлын байранд сэлгэн ажиллуулсугай гэжээ.
4.5 Улмаар тус төвийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дүгээр Э.Иийг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1, 59.3, Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1. 4 дүгээр хавсралт, 2023 оны 241 дүгээр тогтоолын 6 дугаар хавсралт, Хөдөлмөрийн дотоод журмын 4 дүгээр зүйлийн 4.1.8, 4.1.15, 6 дугаар зүйлийн 6.2.9-д заасныг үндэслэн Э.Иийг 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргаас чөлөөлж, мөн өдрөөс Бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа хариуцсан орлогч даргаар сэлгэн ажиллуулж хөдөлмөрийн гэрээ байгуулахыг үүрэг болгосон үйл баримт тогтоогдож байна.
5. Талуудын маргааны зүйл нь сахилгын шийтгэл ногдуулсан болон сэлгэн ажиллуулах, өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалууд хуулийн үндэслэлтэй эсэх, 2023 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлс мөн 2023 оны 3, 4 улирлын урамшууллыг олгох эсэх байна.
6. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно. Мөн зүйлийн 123.3-т ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ. Хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг бичгээр гаргана гэж заасан.
Ажил олгогч буюу хариуцагч нь 2023.06.02-ны өдрийн Б/284 дүгээр тушаалаар ажилтан Э.Ит нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан байх бөгөөд ажилтны зүгээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.2 дах хэсэгт Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй гэж заасны дагуу Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд ханджээ.
7. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрээр Э.Иийн эрхээ зөрчигдсөн талаарх гомдолтой Нийслэлийн Бд холбогдох хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлэх арга хэмжээг дуусгавар болгож, шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 10 өдөрт багтаан шүүхээр хянан шийдвэрлүүлэх шаардлагатай гэсэн хариу өгсөн байна /хх32-36/.
Нэхэмжлэгчээс шүүх хуралдаанд ...гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг авах гэсэн боловч гишүүд нь амралтаа авсан байсан, тиймээс 2023 оны 10 дугаар сард гардан авсан, харин энэ талаар 10 хоногт багтаан шүүхэд хандсан зүйл байхгүй... гэж тайлбар гаргасан ба Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.9 дэх хэсэгт Сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо хөдөлмөрийн эрхийн маргааныг хянан шийдвэрлэснээс хойш ажлын 10 өдрийн дотор талууд шүүхэд нэхэмжлэл гаргаагүй бол уг шийдвэрийг талууд заавал биелүүлэх үүрэгтэй. гэж заасан байх тул нэхэмжлэгчийн гаргасан 2023.06.02-ны өдрийн Б/284 тоот тушаалаар нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Э.И Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн хурлын шийдвэрийг хэзээ гардан авсан болох нь тодорхойгүй бөгөөд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй.
8. Ийнхүү Нийслэлийн Бийн даргын 2023.06.02-ны өдрийн Б/284 дүгээр тушаал нь хүчинтэй байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээний 9.4-т Сахилгын шийтгэл хүчинтэй байх хугацаанд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр мөнгөн урамшуулал олгохгүй, Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсэгт Сахилгын шийтгэлтэй байх хугацаанд ажлын гүйцэтгэл, үр дүнгийн үнэлгээгээр мөнгөн урамшуулал олгохгүй гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгчийн 2023 оны 3, 4 дүгээр улирлын үр дүнгийн урамшуулал үндсэн цалингийн 60 хувь буюу нийт 1,684,800 төгрөгийг гаргуулах шаардлага үндэслэлгүй юм.
9. Ажилтны албан тушаалыг сэлгэн ажиллуулах тухай тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг сэлгэн ажиллуулах үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
Хариуцагчийн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын нэхэмжлэгчийн ажлын байрыг сэлгэн ажиллуулахтай холбоотой үндэслэлүүдийг үзвэл,
...Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1.1-т ажлын ачааллыг тэнцүүлэх;,
59.3 дах хэсэгт Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.,
Хөдөлмөрийн дотоод журмын 2.9.1.6-д Хууль, тогтоомжид нийцүүлэн ажилтныг албан тушаалд томилох, албан тушаалаас нь бууруулах, өөр албан тушаалд шилжүүлэх, сэлгэн ажиллуулах, түр түдгэлзүүлэх, чөлөөлөх, сахилгын шийтгэл ногдуулах, ажлаас чөлөөлөх, хөдөлмөрийн гэрээ цуцлах, дуусгавар болгох арга хэмжээ авна.,
2.9.1.8-д Байгууллагын бодлого зохицуулалтын ажлын шаардлагаар ажилтантай зөвшилцсөнөөр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд ажлын ачааллыг тэнцүүлэх, тодорхой ажлын байранд ажиллуулахаар бэлтгэх, мэргэшүүлэх, хэд хэдэн ажлын байранд ажиллах чадвар эзэмшүүлэх,нэг ажлын байран дээр удаан ажилласнаас үүсэж болох зүй бус гаднын нөлөөллөөс урьдчилан сэргийлэх зорилгоор албан тушаал өөрчлөх, дэвшүүлэх, шилжүүлэн,сэлгэн ажиллуулах, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгох, шинээр хөдөлмөрийн гэрээ байгуулна.,
6.1.1-т Дарга ажилтныг албан тушаалд томилох асуудлыг ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн мэдлэг, боловсрол, мэргэжил, туршлага, ур
чадвараар нь нээлттэй сонгон шалгаруулах замаар шийдвэрлэнэ. Сонгон шалгаруулалтын журмыг даргын тушаалаар батална.,
6.1.3-т Орлогч, албаны дарга, тасгийн эрхлэгч нарыг эмнэлгийн дарга ажлын
зайлшгүй шаардлагаар шууд томилж болно. Шууд томилсон удирдах албан
тушаалтны хувьд материалыг шуурхай бүрдүүлэн Авлигатай тэмцэх газарт хүргүүлнэ.... гэжээ.
Мөн хариуцагчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дүгээр Э.Иийг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалын үндэслэлд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 Ажил олгогч ажилтантай харилцан тохиролцсоны үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд дараах үндэслэлээр ажилтныг гурван жил хүртэл хугацаагаар сэлгэн ажиллуулж болно:,
59.3 дах хэсэгт Ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно.,
Хөдөлмөрийн дотоод журмын 4.1.8-д Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэлээр ажилтантай тохиролцсоноор, эсхүл байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс удирдлагын санаачилгаар ажилтан (Орлогч дарга, албаны дарга, тасгийн эрхлэгч, эмч, сувилагч)-ыг мэргэжлийн дагуу өөр ажилд шилжүүлэн томилох, эсхүл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэх.,
4.1.15-т Байгууллагын зохион байгуулалтын нэгж, ажилтны албан тушаалын тодорхойлолтод ажлын уялдаа, ачааллыг жигдрүүлэх, давхардлыг арилгах зорилгоор ажил үүргийг оновчтой тогтоож мөрдүүлэх.,
6.2.9-т Ажилтныг Хөдөлмөрийн тухай хуулийн 58, 59 дүгээр зүйлд заасан үндэслэл болон байгууллагад шаардлагатай байгаа мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага бүхий хүний нөөцийг бүрдүүлэх, онцгой чухал буюу онц төвөгтэй албан даалгавар биелүүлэх, байгууллагын үйл ажиллагаа, зохион байгуулалт, үйлчилгээний чанарыг сайжруулах зэрэг албан ажлын зайлшгүй шаардлагын үүднээс өөр ажилд шилжүүлэн томилох, эсхүл сэлгэн ажиллуулахаар шийдвэрлэж болно. гэж заажээ.
10. Хариуцагч дээрх тушаалуудыг хууль зүйн үндэслэлтэй гэж тайлбарлаж байгаа боловч ажил олгогчоос ажилтантай сэлгэн ажиллуулах талаар харилцан тохиролцсон, ажилтныг ямар хугацаагаар Бодлого төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан орлогч даргаар сэлгэн ажиллуулах нөхцөл байдал үүссэн, аль ажлын байр ачаалалтай байсныг тэнцүүлэх зайлшгүй шаардлага үүссэн, албан тушаал болон цалин хөлс буураагүй болох нь ямар баримтаар хэрхэн тогтоогдож байгаа нь нотлогдохгүй байна.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлд ажилтныг өөр ажилд түр сэлгэн ажиллуулах үндэслэлийн талаар тодорхой зохицуулсан ба 59.1.1-58.1.4-т заасан үндэслэлээр ажилтныг аж ахуйн нэгж, байгууллага дотроо, харьяа нэгж, салбарын хооронд сэлгэн ажиллуулахад хүндэтгэн үзэх шалтгаан байх ёстой бол, харин 59.1-т зааснаар ажил олгогч болон ажилтан нар харилцан тохиролцсон байх ёстой. Мөн ажилтантай тохиролцоогүй бол ажилтныг албан тушаал, цалин хөлсийг бууруулж сэлгэн ажиллуулахыг хориглоно гэж 59 дүгээр зүйлийн 59.3-т заасан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаар хариуцагчаас Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажил үүргийн гүйцэтгэлээс Эрүүл мэндийн төвийн тусламж, үйлчилгээний чанар шууд хамаатай тул мэдээгүй, сонсоогүй гэх тайлбар гаргаж, хоног болоогүй нас баралтын тоо өссөн гэх статистик мэдээг зүгээр л уншаад зогсож байгаа Э.Иийг цалин хөлс, албан тушаалыг бууруулахгүйгээр сэлгэн ажиллуулах зохион байгуулалтын арга хэмжээг авсан нь өөрөө түүний хөдөлмөрлөх эрхийг нь хүндэтгэсэн хэрэг болсон. гэсэн тайлбар нь дээрх сэлгэн ажиллуулах тушаалуудын үндэслэлд заасан ажлын ачааллыг тэнцүүлэх болон хуульд заасан бусад үндэслэлд хамаарахгүй, мөн нэхэмжлэгчтэй харилцан тохиролцсон гэж үйл баримт тогтоогдоогүй ба Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.1.1, 59.1.2, 59.1.3, 59.1.4-т заасантай нийцээгүй байна.
Өөрөөр хэлбэл, хариуцагч Нийслэлийн Бийн нь нэхэмжлэгч Э.Иийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажлын байрыг Бодлого төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан орлогч даргаар сэлгэн ажиллуулах тушаалуудыг гаргасан боловч Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт заасан ажилтны албан тушаал, цалин хөлсийг бууруулаагүй болохоо нотлоогүй, Бодлого төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан орлогч даргын албан тушаалын ангилал зэрэглэл, ажлын байрны тодорхойлолт, цалингийн шатлал зэрэг баримтыг шүүхэд ирүүлж тайлбар, татгалзлаа нотлоогүй, мөн 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр тушаалын үндэслэлд Удирдлагын зөвлөлийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлийг заасан атлаа удирдах зөвлөлийн шуурхай хурлаар нэхэмжлэгчийн ажлын байрыг сэлгэн ажиллуулах талаар шийдвэрт огт тусгаагүй болох нь тогтоогдсон. /хх-151/
Дээрх тушаалын үндэслэлд Хөдөлмөрийн дотоод журмын 5.1.3, 5.2.9, 6.4.3 гэх заалтууд заасан нь уг журамд тусгагдаагүй байх тул тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэг Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 59 дүгээр зүйлд нийцээгүй байна.
Түүнчлэн, нэхэмжлэгчээс Эмнэлэг Хөдөлмөрийн Магадлах комиссын дүрэм-ийн 2.11 дэх заалт Орон нутгийн комиссын дарга нь аймаг, дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн дарга, орлогч дарга нь аймгийн хувьд нэгдсэн эмнэлэг /бүсийн оношилгоо эмчилгээний төв/, дүүргийн хувьд Эрүүл мэндийн төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга байна. гэж заасан 2024 он гарснаас хойш намайг Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын хуралд суулгаагүй тул Нийгмийн даатгалын хэлтсээс авдаг цалин хөлс буурсан... гэх тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт гэж зааснаар нотлох баримтаар үнэлэх бөгөөд хариуцагч баримтаар няцааж чадаагүй.
11. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9-д хөдөлмөрийн гэрээ гэж хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажил олгогч, ажилтан харилцан тохиролцсоны дагуу хийсэн тохиролцоог хэлнэ гэж заасан.
Гэтэл хариуцагчийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дүгээр Э.Иийг өөр ажилд томилж, хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалд нэхэмжлэгчийг албан тушаалын тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулах талаар заасан байх ба Бодлого төлөвлөлт үйл ажиллагаа хариуцсан орлогч даргаар сэлгэн ажиллаж, хөдөлмөрийн гэрээ байгуулахыг ажил олгогч болон ажилтан харилцан тохиролцсон гэх үйл баримт хэргийн баримтаар тогтоогдоогүй ба Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.9, 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч, ажилтан харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг байгуулахаар заасныг зөрчсөн гэж үзнэ.
Мөн нэхэмжлэгчээс Нийслэлийн Бийн 2023.09.19-ний өдрийн Б/471 дугаар тушаалыг түүнд 2024 оны 05 дугаар сарын 15-ны өдөр танилцуулсныг нотлох баримтаар гаргаж өгснийг хариуцагч баримтаар үгүйсгээгүй.
12. Дээр дурдсанаар Нийслэлийн Бийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3 дугаар хэсэг 3.1 дэх заалт, 2023.09.19-ний өдрийн Б/471 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Иийг Нийслэлийн Бийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй байна.
13. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2022/03865 шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Э.Иийг Нийслэлийн Бийн Эмчилгээ эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилсон шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болжээ. /хх-16-19/
Хариуцагч Нийслэлийн Б шийдвэрийг биелүүлж, 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 дугаар тушаалаар Э.Иийг Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн томилсон байна. /хх-12/
14. Нэхэмжлэгчийн 2023 оны 2,3,4 дүгээр сарын цалин хөлс нийт 5,073,438 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хангах үндэслэлтэй.
Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг иргэн, хуулийн этгээд заавал биелүүлнэ. гэж заасан. Ажил олгогч нь ажилтныг ажилд эгүүлэн томилох үүрэгтэй, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ ажил олгогч хэрэгжүүлээгүй явдалд ажилтан буруугүй юм.
2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 210/МА2023/00197 дугаар магадлал хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажил олгогчоос ажилтныг ажилд эгүүлэн томилсон тухай 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Б/228 дугаар тушаал гарсан, 2023 оны 2, 3, 4 дүгээр сарын цалин хөлс олгогдоогүй, нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй болох нь тогтоогдсон тул Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 2.3, 2.3.5-д Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно зааснаар дээрх шүүхийн шийдвэрт заасан 1 сарын дундаж цалин хөлсийг 1,691,156 төгрөгөөр тодорхойлох нь зүйтэй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговрыг шүүхийн шийдвэр гарсан хугацаанаас хойш буюу 2023 оны 2 дугаар сарын 01-ний өдрөөс 2023 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл тооцож, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний олговорт 5,073,438 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.
15. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Иийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч Нийслэлийн Бд даалгах нь зүйтэй.
16. Иймд сэлгэн ажиллуулах тушаалын 3.1, өөр ажилд томилж хөдөлмөрийн гэрээ байгуулах тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд ажиллаж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсний нөхөн олговорт хариуцагчаас 5,073,438 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлээс үлдэх сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Э.И улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 124,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 96,125 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулж, улсын орлогод оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Бийн даргын 2023 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн А/144 дүгээр Зохион байгуулалтын зарим арга хэмжээний тухай тушаалын 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалт, 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Б/471 дугаар тушаалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгч Э.Иийг Нийслэлийн Бийн Эмнэлзүй эрхэлсэн орлогч даргын ажилд эгүүлэн тогтоож, нэхэмжлэлээс үлдэх Нийслэлийн Бийн 2023 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн Б/284 дүгээр нээлттэй сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгох, улирлын урамшуулал 1,684,800 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.2, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч Нийслэлийн Бөөс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 5,073,438 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Ит олгож, цалин хөлстэй тэнцэх олговроос хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Э.Иийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч Нийслэлийн Бд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 124,000 төгрөгийг улсын орлогоос гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 96,125 төгрөгийн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ