Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00841

 

О.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00518 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч О.Бгийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Гд холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Болдсайхан нар оролцов.

            Нэхэмжлэгч О.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Б миний бие 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Э.Гтай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ байгуулж нийслэлийн Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Гүнт 1 гудамж 507 тоот хаягт байрлалтай 179.4 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг худалдаж авсан. Тухайн үед Э.Г нь хувийн сууц, гаражийн доорх газар нь 1501204874 нэгж талбарын дугаартай 699 м.кв газар байгаа юм аа гээд 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-гээр уг газрын эзэмших эрхийг надад шилжүүлж өгсөн. Үүнээс хойш Чингэлтэй дүүргийн Газрын албанд хандан өөрийн эзэмших эрхийг шилжүүлэн авсан газрын кадастрын зургийг шинэчлэн гаргуулахаар очиход агаар, сансрын зургаар хувийн сууц миний эзэмшиж буй газар дээр байхгүй, зэргэлдээ газарт хамаарч байсан бөгөөд гараж л зөвхөн миний эзэмшиж буй газар дээр байсан. Энэ талаар Чингэлтэй дүүргийн Газрын албанаас тодруулахад миний хувийн сууц байрлаж буй газар нь 18638329945507 нэгж талбарын дугаартай 700 м.кв газар байсан бөгөөд Э.Гы нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан байсан болно. Ингээд би 2018 оны 04 дүгээр сард Э.Г нь надад хувийн сууц худалдахдаа хувийн сууцны доорх газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэлгүй зөвхөн гараж байрлаж буй газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн болохыг мэдсэн. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-т заасны дагуу газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмсыг үл хөдлөх хөрөнгө гэж ойлгодог. Тиймдээ ч Э.Г нь 179.4 м.кв талбайтай хувийн сууц, гаражийг худалдсан бол хувийн сууц, гаражийн доорх газрын эрхийг мөн адил шилжүүлэх үүрэгтэй байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийн доголдолтой эд хөрөнгийг шилжүүлсэн гэж үзэж байна. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу эд хөрөнгийн доголдлыг арилгуулахаар 2017 оны дугаар сарын 14-ний өдөр байгуулагдсан 162 дугаар Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасан эрхийн доголдолгүй эд хөрөнгө шилжүүлэх үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах буюу 18638329945507 нэгж талбарын дугаартай 700 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхийг Э.Гд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Иргэн О.Б нь гэрээ хийж зуслангийн байшин худалдаж авахдаа зохих бичиг баримтуудтай танилцаж уг наймаагаа хийсэн. Дараа нь өөрөө Чингэлтэй дүүргийн газрын албаны зохих хүмүүстэй уулзаж тодорхой мэдээлэл тодруулгыг авсан байсан. Энэ асуудлыг Чингэлтэй дүүргийн газрын алба, миний өмнөх эзэмшигч Н.Банзрагч нар илүү сайн тайлбарлах байх. Иймд уг асуудалд Чингэлтэй дүүргийн газрын алба болон иргэн Н.Банзрагч нарыг гэрчээр оролцуулан тайлбарлуулах нь зүйтэй. Миний хувьд байшин болон газрыг бичиг баримтын хувьд О.Бгийн таньдаг Н.Банзрагч гэж хүнээс худалдаж авсан байсан бөгөөд, яг худалдаж авсан тэр байдлаар нь буюу кадастрын зурагт нь ямар нэгэн өөрчлөлт хөдөлгөөн оруулалгүйгээр О.Бд шилжүүлж өгсөн болно гэжээ.

            Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгч О.Бгийн гаргасан Э.Гд холбогдох 2017 оны 02 сарын 14-ний өдрийн 162 дугаартай Хувийн сууц худалдах, худалдан авах гэрээ-ний 3 дугаар зүйлд заасны дагуу 18638323465507 нэгж талбарын дугаартай 700 м.кв талбайтай газрын эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхийг даалгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2019 оны 02 сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баясгалан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт "...Хариуцагч Э.Г нь Нэхэмжлэгч О.Бд эрхийн зөрчилтэй эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх бөгөөд энэхүү эрхийн зөрчил нь Иргэний хуулийн 252 дугаар зүйлд заасан эд хөрөнгийн эрхийн доголдолд хамаарна. Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх заалтад зааснаар худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна'' хэмээн дүгнэлт хийсэн нь үндэслэлтэй болсон. Харин Нэхэмжлэгч О.Бгийн Хариуцагч Э.Гаас шаардаж буй 18638323465507 нэгж талбарын дугаартай 700 мкв талбайтай газар эзэмших эрх нь Э.Гы нэр дээр бүртгэлтэй байгаа хэдий ч тухайн газар нь нэгж талбарын 1501210225 дугаар бүхий иргэн Т.Батдолгорын эзэмшлийн 699 мкв талбай бүхий газартай 110 мкв талбайгаар давхцалтай байгаа болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, уг доголдлыг хариуцагч өөрөө бие даан арилгах боломжгүй тул давхцал бүхий 18638323465507 нэгж талбарыг дугаартай газрын эзэмших эрхийг шилжүүлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэх боломжгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иргэн н.Батдолгор нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа үргэлжилж байх хугацаанд буюу Чингэлтэй дүүргийн Засаг даргын 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн А/591 дугаар захирамжийн дагуу Э.Гаас 18638329465507 нэгж талбарын дугаартай 700 мкв газар эзэмших эрхийг хуурамч бичиг баримт бүрдүүлэн шилжүүлэн авсан байх ба энэ талаар баримт хавтаст хэрэгт авагдсан. Гэтэл тэрээр бодит байдал дээр тус газрын эзэмшигч болоогүй харин иргэн С.Сийлэгмаагийн эзэмшиж байсан 18638329466531 нэгж талбарын дугаар бүхий газрын нэгж талбарын дугаарыг өөрчилж өөрт   шилжүүлэн   авсан   байх   бөгөөд   ингэхдээ   Нэхэмжлэгчийн   эзэмшилдээ   авахаар маргалдаж буй 18638329465507 нэгж талбарын дугаар газартай давхцуулан газар эзэмшсэн байна. Өөрөөр хэлбэл иргэн Т.Батдолгорын Хариуцагч Э.Гтай үгсэн хуйвалдаж бүхэлдээ хууль бус бичиг баримт бүрдүүлэн газрын эрхийг шилжүүлэн авсан баримт хавтаст хэрэгт байсаар байтал шүүх түүний эрхийг хамгаалан Нэхэмжлэгч О.Бгийн зөрчигдсөн эрхийг сэргээхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хянавал:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч О.Б газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэхийг даалгуулахаар нэхэмжлсэнийг, хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Нэхэмжлэгч О.Б хариуцагч Э.Г нар 2017 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Хувийн орон сууц худалдах- худалдан авах” гэрээ байгуулж Г-000296656, УБД-Ү-2202016924, 174 м.кв талбай хувийн орон сууцыг 50 000 000 төгрөгөөр худалдсан. Мөн О.Б нь 2017 оны 2 дугаар сарын 24-ний өдөр “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ байгуулж Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Гүнтийн зуслан 700 м.кв  талбайтай зуслангийн зориулалттай газрыг О.Бд шилжүүлсэн баримтууд тогтоогдсон байна. /хх.6-7/

Э.Г Т.Батдолгор нар 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдөр “Газар эзэмших эрх шилжүүлсэн гэрээ” байгуулж, уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 19-р хороо, Зуслан Нүхт хилст байрлах 700 м.кв газрыг Т.Батдолгорт шилжүүлэхээр тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ зэрэг бичиг баримтаар тогтоогдож байна.  /хх.45/

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч шинжээч томилуулах хүсэлт гаргаж, 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШЗ2019/06021 дугаар шүүгчийн захирамжаар Газар зохион байгуулалт, геодизи, зураг зүйн газрыг шинжээчээр томилсон байна.

2020 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн шинжээчийн дүгнэлтэд “Нийслэлийн Газрын кадастрын мэдээллийн сангийн 2019 оны 12 дугаар сарын зурган мэдээлэлд нэг талбарын 18638329464483 дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь иргэн О.Бгийн нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 18638329465507 дугаар бүхий 700 м.кв талбайтай газар нь иргэн Э.Гы нэр дээр газар эзэмших эрхтэйгээр, нэгж талбарын 1501210225 дугаар бүхий 699 м.кв талбайтай газар нь иргэн Т.Батдолгорын нэр дээр газар эзэмших эрхтэйгээр тус тус бүртгэгдсэн байна. Ингэхдээ нэгж талбарын 18638329465507, 1501210225 дугаартай газрууд нь хоорондоо 110 м.кв талбайгаар давхцсан байна” гэжээ. /хх.82-91/

Нэхэмжлэгч О.Бгийн эзэмших эрхийг нь шаардаж байгаа газрын хэмжээ Т.Батдолгор гэх иргэний эзэмшилтэй давхцаж байгаа эсэх, анхнаасаа тухайн газруудыг олгохдоо хэнд ямар хэмжээгээр олгосон болох хэргийн нөхцөл байдлыг тодруулах шаардлагатай байх тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх заалтад “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ” гэж заасан бөгөөд анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн маргааныг шийдвэрлэхдээ маргаантай байгаа үйл баримтыг хэрхэн тогтоосон, энэ талаар талуудыг хэрхэн мэтгэлцүүлсэн эсэх нь тодорхойгүй байна.

Талуудын маргаанаас үүдэн гуравдагч этгээдийн эрх ашиг хөндөгдөх эсэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.Батдолгор, Газрын албыг гуравдагч этгээдээр оролцуулах эсэх, нөхцөл байдлыг тодруулах зайлшгүй шаардлагатай байжээ.

             Иймд хэрэгт авагдсан баримтын хүрээнд нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлд дүгнэлт хийх боломжгүй байна. Маргааны үндэслэлд холбоотой баримт хэрэгт авагдаагүй, үйл баримт тогтоогдоогүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй болсон байна.       

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 181/ШШ2020/00518 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                          Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                Ц.ИЧИНХОРЛОО