| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2017/0080/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/81 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 2017/ШЦТ/81
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн
улсын яллагч Э.Нямбилэгт,
шүүгдэгч М.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Монголын Дэлгэрсайханд холбогдох эрүүгийн 1717000820034 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 07 дугаар сарын 31-нд Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, хувиараа мал малладаг, ам бүл 2, эхнэрийн хамт Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, 4 дүгээр баг, Гүн жалга гэх газар оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овгийн Монголын Дэлгэрсайхан /РД:ЕЙ89073119/
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч М.Дэлгэрсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Улаан загалмайн хашаанд оршин суух Ж.Цэрэннадмидын гэрт иргэн Ц.Багабаярыг зүүн гарны тохойн тус газар шүүрээр онож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2017 оны 11 дүгээр сарын 22-ны орой 23 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Улаан загалмайн хашаанд оршин суух Ж.Цэрэннадмидын гэрт хохирогч Ц.Багабаяр луу шүүр шидэж улмаар түүний зүүн гарны тохойн тус газар онож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч М.Дэлгэрсайхан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр байх би нүүрс авахаар хөдөөнөөс орж ирсэн. Уурхайгаас нүүрс авах гэхэд уурхай хаасан байсан. Тэгээд Чойрт ирж найзынхаа гэрт хоноод өглөө нүүрсээ авахаар болсон. Найзындаа очиход Багабаяр найзтайгаа хамт ирсэн байсан. Тавуулаа нийлж архи уугаад 3 дахь шил архийг ууж байхад би тасарсан байсан. Би Багабаяртай муудалцаад юм шидэлцсэн гэсэн. Тэгээд хогийн шүүр шидээд гарыг нь урсан гэсэн... гэв.
1.2. Хохирогч Ц.Багабаяр мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
…2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр би найз Цэрэннадмид руу 16 цагийн үед яриад хаана байгаа талаар нь асуухад найз Шивээгийн уурхай дээр хүмүүстэй явж байна гэхээр нь би түүнийг уулзах юмуу гэхэд манай гэрт очоод байж бай гэрийн түлхүүр хатавчинд байгаа ороод гал түлээд байж байгаарай гэсэн. Тэгээд би Улаан загалмайн хашаанд байх гэрт нь найз Сувд-Эрдэний хамт 17 цагийн үед очсон. Гэрт нь ороод гал түлээд гэрийг нь дулаацуулаад байж байхад харанхуй болчихсон хойно 18 цаг өнгөрөөгөөд Цэрэннадмид, Дэлгэрбат, Дэлгэрсайхан 3 ирсэн. Тэгээд бид нар нийлж архи уухаар болцгоогоод 3 шил 0.75 литрийн Ерөөл архи авчирч хувааж ууцгаасан. Архи ууж дуусаад би согтуу гэртээ харивал аав ээжид загнуулна гэж бодоод Цэрэннадмидынд хонохоор болоод тэдний гэрийн зүүн орон дээр нь Сувд-Эрдэний хамт унтахаар болоод хэвтсэн. Харин гэрийн эзэн Дэлгэрбат 2 газраар, Дэлгэрсайхан баруун орон дээр унтацгаахаар хэвтсэн. Бид нар архи ууж байхдаа маргалдаж муудсан зүйл болоогүй. Харин унтахаар хэвтэцгээсний дараа Дэлгэрсайхан намайг пизда, гичий, янхан гээд ямар ч шалтгаангүйгээр доромжлоод байсан. Тэгэхээр нь би босоод чи муу одоо хүн зүгээр байхад юу гэж доромжлоод байгаа юм бэ гэхэд өөдөөс битгий хуц гэх мэтээр элдвээр хэлээд би ч өөдөөс нь хэрэлдээд дайраад байсан. Би гэрийн зүүн орны өмнө зогсож байхдаа түүн рүү тогоо, хусуур авч шидсэн боловч оноогүй, харин баруун орны өмнө зогсож байсан Дэлгэрсайхан над руу эхлээд хогийн сав шидсэн боловч оноогүй, харин түүний дараа иш нь хугараад богинохон болчихсон шүүрийг баруун орны өмнөөс над руу авч шидээд миний зүүн гарын тохойны доод хэсэгт ишний ар үзүүртэй хэсгээр оносон. Тэгэхэд миний гарнаас цус гоожоод байхаар нь би уурандаа цагдаад дуудлага өгөөд цагдаа нар удалгүй ирээд би эмнэлэг явж оёдол тавиулсан... гэх мэдүүлэг /хх-ийн 14-15 дугаар хуудас/
1.3. Гэрч Ж.Цэрэннадмид мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 11 сарын 22-ны өдөр Улаан загалмайн хашаанд манай гэрт найз Дэлгэрсайхан, түүний ах Дэлгэрбат, эмэгтэй найз Багабаяр түүнтэй хамт ирсэн танихгүй нэг эмэгтэй бид 5 нийлж манайд архи ууцгаасан. 19 цаг болж байхад дэлгүүрээс 3 шил 0.75 литрийн Ерөөл архи авчирч уусан. Би унтахаар 23 цагийн үед гэрийнхээ хоймор хэсэгт бүхлээрээ хэвтээд өгсөн. Намайг хэвтэж байхад манай гэрийн гэрэл асаалттай байсан. Миний баруун талд Дэлгэрбат, зүүн орон дээр нөгөө 2 эмэгтэй, баруун орон дээр Дэлгэрсайхан унтахаар хэвтсэн. Хэвтээд нэг их удаагүй байтал зүүн орон дээр байсан Багабаяр, баруун орон дээр байсан Дэлгэрсайхан нар хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Яг юунаас болж хэрэлдсэн талаар нь би мэдэхгүй. Хэрэлдэж байгаад 2 талаас босоод ирсэн. Би тэр 2-г хоорондоо зодолдох нь гэж бодоод босоод Багабаярыг хориход Дэлгэрбат босч Дэлгэрсайханыг хорьсон. Тэгээд тэр 2 бие бие рүүгээ дайрч давшлаад байсан бөгөөд Багабаяр гэрийн баруун урд байсан бандан, хусуур, тогоо, халбага зэрэг эд зүйлийг Дэлгэрсайхан руу шидсэн боловч оноогүй. Тэгэхэд хариуд нь Дэлгэрсайхан гэрийн урд хэсгээс хогийн сав авч шидэхэд оноогүй, дахиад хогийн шүүр авч шидээд зүүн гарын хэсэгт нь оносон. Тэр хэсгээс нь цус гоожоод байсан. Тэгээд л Багабаяр өөрөө цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 16-17 дугаар хуудас/
1.4. Гэрч М.Дэлгэрбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 11 сарын 22-ны өдөр дүү Дэлгэрсайханы хамт хөдөөнөөс нүүрс авахаар Говьсүмбэр аймагт дүүгийн Портер машинтай ирсэн. Бид 2 Шивээгийн уурхай ороход уурхай хаачихсан гээд нүүрсээ авч чадаагүй эргээд Говьсүмбэр аймагт ирээд найз Цэрэннадмидын гэрт Улаанзагалмайн хашаанд 18 цаг өнгөрч байхад ирсэн. Тэнд ирэхэд Багабаяр бас нэг танихгүй эмэгтэйтэй байж байсан. Тэгээд бид хэд нийлээд 3 шил 0.75 литрийн Ерөөл архи авчраад хувааж уусан. 23 цаг өнгөрч байхад бид нар архиа ууж дуусаад нийлээн согтоцгоогоод унтахаар хэвтэцгээсэн. Би гэрийн хойд хэсэгт газраар бүхлээрээ хувцасаа тайлалгүй хэвтсэн. Гэрийн эзэн миний зүүн талд хэвтэж байсан. Харин манай дүү баруун орон дээр нөгөө 2 эмэгтэй зүүн орон дээр хэвтэцгээсэн. Би хэвтээд нэг их удалгүй унтаад өгсөн байсан. Унтаж байгаад хүмүүсийн хэрэлдэх чимээнээр сэрэхэд Багабаяр манай дүү Дэлгэрсайхан нар хоорондоо хэрэлдээд Багабаярыг Цэрэннадмид хориод зогсож байхаар нь би босоод дүүгээ хорьсон. Тэгээд гэрийн зүүн хэсгээс Багабаяр хусуур, цайны шүүр, тогоо зэрэг зүйлүүдийг манай дүү рүү шидсэн боловч оноогүй тэгээд манай дүү хариуд нь хогийн цэнхэр өнгийн хувин авч шидээд оноогүй, дараа нь гэрийн баруун урд хэсэгт байсан хогийн шүүр авч шидэхэд Багабаярын зүүн гарын тохойны хэсэгт оносны дараа түүний гараас нь цус гоожоод байсан. Тэгээд Багабаяр өөрөө цагдаад дуудлага өгсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
1.5. Гэрч М.Сувд-Эрдэнэ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
2017 оны 11 сарын 22-ны өдөр найз Багабаярын хамт Улаанзагалмайн хашаанд орой болж нар шингэхийн алдад очсон. Тэднийд очиход хүн байгаагүй. Тэгээд Багабаяр тэднийд ороод гал түлээд гэрийг нь дулаацуулаад байж байтал гаднаас гэрийн эзэн нь гээд танихгүй залуу танихгүй 2 залуугийн хамт ирсэн. Тэд нар ирэхдээ 3 шил 0.75 литрийн Ерөөл нэртэй архи авчирсан байсан. Түүнийг бид 5 хувааж уусан. 2 дахь архиа ууж байгаад би тасарсан байсан. Түүнээс цааш юу болсон талаар би огт санахгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 436 дугаартай дүгнэлтэд:
Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 23 дугаар хуудас/
1.7. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 008/070 дугаартай дүгнэлтэд:
ГСА-ийн ШША-ны криминалистикийн шинжээч, цагдаагийн дэслэгч С.Дарханбаатар гэжээ. /хх-ийн 27 дугаар хуудас/
1.8. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/
1.9. Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-6, 28 дугаар хуудас/
1.10. Согтуурлын зэрэг тогтоосон тухай тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр хуудас/
1.11. Эд зүйлд үзлэг хийж хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 12 дугаар хуудас/
Иймд шүүгдэгч М.Дэлгэрсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч М.Дэлгэрсайханд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч М.Дэлгэрбат мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...М.Дэлгэрсайхан нь миний төрсөн дүү байгаа юм. 1989 онд төрсөн. Айлын 5 дахь хүүхэд. Одоо манай Сүмбэр сумын 4-р багт эхнэр Хэрлэнгийн хамт мал маллаж амьдардаг. Манай дүү нь даруу төлөв зантай, үг дуу цөөнтэй, хүний үг сонсохдоо сайн, тамхи татдаггүй. Архийг хаая хаая л уудаг. Муу зуршилгүй, урьд өмнө нь ял эдлэж байгаагүй. Өчигдөр ийм зүйл хийснийг гайхаад байна. Архинаас болж ийм хэрэгт холбогдсон байх гэж бодож байна гэсэн мэдүүлэг. /хх-ийн 18-19 дүгээр хуудас/
2.2. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36-37 дугаар хуудас/
Шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Иймд шүүгдэгч М.Дэлгэрсайханд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дэлгэрсайханы бусад орлого олох боломжийг харгалзан түүнд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй байна.
Шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь торгох ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Монголын Дэлгэрсайханыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Монголын Дэлгэрсайханыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дэлгэрсайханд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тус тус тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч М.Дэлгэрсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримт, иргэний бичиг баримт хураагдан ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Дэлгэрсайханд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ