Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1491

 

 

Д.Мад холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Ц.Майбаяр,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1787 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Майбаярын бичсэн 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн 54 дугаартай прокурорын эсэргүүцлээр Д.Мад холбогдох 2011000000853 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 12 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Д овгийн Дын М, 1966 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 54 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, холбооны техникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт ... тоотод оршин суух, /РД:-/;

            Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/614 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

            Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цахирмаа” хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Ч.Хийг “хүүхэдтэй эмэгтэй хүн айлгалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд доод хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Д.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудтай танилцахад хохирогч Ч.Х нь гэрч Ш.Жавзандуламын эд хөрөнгө болох гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байна. Иймд түүний дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалган тогтоох шаардлагатай гэж үзлээ. Ч.Х нь Ш.Жавзандуламын гар утсыг дээрэмдэх гэмт хэрэг үйлдэгдэж байхад Д.М нь дээрх үйлдлийг таслан зогсоосон эсхүл гэмт хэрэг үйлдэгдэж дууссаны дараа Ч.Хийн биед халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан эсэхийг шалгаж яллагдагч Д.Мийн үйлдэлд гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоох, мөн гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлэг нь утсыг дээрэмдэж авч байхад хайчаар хатгасан гэх үйлдэл хийгдсэн, эсхүл утсыг авсны дараа хийгдсэн мэтээр өөрөөр мэдүүлсэн байх тул мэдүүлгийн зөрүүг арилгах зорилгоор холбогдох этгээдүүдээс дахин мэдүүлэг авах, Д.Мыг “Цахирмаа” дэлгүүрт байхад дуудсан гэх Ш.Жавзандуламын охиноос буюу насанд хүрээгүй гэрчээс мэдүүлэг авах зэрэг ажиллагааг хийж гүйцэтгэх шаардлагатай байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд тогтоож, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах дээрх ажиллагааг хийлгэх шаардлагатай. ...” гэсэн үндэслэлээр яллагдагч Д.Мад холбогдох эрүүгийн 2011000000853 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж, яллагдагч Д.Мад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Мад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улаан өнгийн иштэй хайч 1 ширхгийг хэргийн хамт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

            Прокурор Ц.Майбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хавтас хэргийн 106 дугаар хуудсанд хохирогч Ч.Хийн дээрх хууль бус үйлдлийг шалгуулахаар хэргээс холбогдох баримтуудыг хуулбарлан Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасагт шилжүүлэх тухай 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 3393 дугаартай албан бичиг авагдсаныг шинжлэн судалсан. Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг зарласан тухай товыг мэдэгдсэн бол прокурорын зүгээс Ч.Хэд холбогдох дээрх үйлдлийг гэмт хэргийн шинжтэй эсэхийг шалгаж тогтоохоор мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа эсэх, хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн, эсхүл нээхээс татгалзаж шийдвэрлэсэн эсэх талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаж өгөх бүрэн боломжтой байсан. Дээрх албан бичгийн дагуу Ч.Хийн үйлдлийг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 5742 дугаарт бүртгэн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Жадамба мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 2-ны өдрийн 2285 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна. Ч.Х нь иргэн Ш.Жавзандулмын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авахаар довтолсноос Ш.Жавзандуламын амь нас, эрүүл мэндийн эсрэг довтолгоо хийгээгүй, мөн Ч.Хийн хууль бус довтолгоо төгссөний дараа түүнээс улбаатай маргааны улмаас Д.М нь Ч.Хийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь санаатай хохирол учруулсан нь тогтоогдсон тул аргагүй хамгаалалт, гарцаагүй байдалд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлгүй, гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн хохирогч Ч.Хийн “...Би тэр эмэгтэйн гар утсыг булааж авахаар завдсан. Тэр эмэгтэй надаас буцаагаад булааж аваад хүүхдээ тэврээд аваад яваад өгсөн. Хажуугаар өнгөрч байсан танихгүй эрэгтэй хүн намайг “чи хүүхэдтэй эмэгтэй хүн айлгалаа” гээд бид хоёр хоорондоо хэрэлдсэн. Тэр хүн жижиг нэг мөрөөрөө үүрдэг цүнхээ ухаж байгаад улаан иштэй хайчирхуу зүйлээр миний цээжний зүүн талд нэг удаа хатгасан. ...” гэх, гэрч Ш.Жавзандуламын “...утсаар яриад сууж байсан чинь хажуу талаас миний утсыг нэг танихгүй ... ах булаах гэсэн. Би тэр үед нь хойшоо болж газар унасан чинь цаанаас 50 орчим насны хар өнгийн өмд, хар цамцтай, хажуудаа нэг цүнх үүрсэн ах намайг өмөөрч утас булаах гэж байсан ахтай муудалцсан. Намайг өмөөрсөн ахад би “ахаа одоо орхичих оо, би ар гэрээсээ хүн дуудчихъя” гэж хэлсэн. Тэр ах намайг “ар гэрийнхнээ дууд дууд” гэж хэлсэн. Манай аав машин дотроо сууж байгаа гэж бодоод яваад очиход байхгүй болохоор нь буцаад ирсэн чинь тэр хоёр ах хоорондоо муудалцаад зогсоод байсан. Би хүүхдээ аргалах гээд дэлгүүр орох гэж байхад тэр ах “намайг хутгалчихлаа” гэж хэлж байсныг хальт сонссон. Дэлгүүрээс гараад ирэхэд миний утсыг булаах гэж байсан ах руу харахад футболкных нь зүүн талын доод хавирганы тэнд эрхий хурууны хэмжээтэй адилхан цус болсон байсан. Тэгээд удаагүй цагдаа нар хүрч ирсэн. ...” гэх мэдүүлгүүд нь өөр хоорондоо зөрүүгүй тул бусад хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авах шаардлагагүй. Шүүгчийн захирамжид мэдүүлэг авахаар заасан Ш.Жавзандуламын охин гэх хүний талаар яллагдагч Д.М мэдүүлэхээс өөр бусад мэдүүлэгт тухайн охины талаар тусгагдаагүй болно. Хэрэв шүүх гэрч, хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг өөр хоорондоо зөрүүтэй гэж үзэж байгаа бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.10-т зааснаар шүүх хуралдаанд гэрч, хохирогчийг оролцуулахаар урьдчилсан хэлэлцүүлгийг явуулах боломжтой байсан. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар хянан хэлэлцсэн байхад шүүгчийн захирамжид 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хянан хэлэлцэв гэсэн байх тул уг захирамжийг хууль ёсны бус гэж үзэх үндэстэй байна. Иймд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1787 дугаартай захирамжийг хүчингүй болгож, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд буцаалгахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос Д.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 19 цагийн орчим Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Цахирмаа” хүнсний дэлгүүрийн хажууд иргэн Ч.Хийг “хүүхэдтэй эмэгтэй хүн айлгалаа” гэх шалтгаанаар маргалдан улмаар түүний цээжин тус газар нь хайчаар хатгаж, эрүүл мэндэд нь цээжний зүүн урд доод хэсэгт шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт буруутгаж, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай байна гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судлан үзэхэд прокуророос хохирогч Ч.Хийн гэрч Ш.Жавзандуламын эд хөрөнгө болох гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй байна.

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2020 оны 10 дугаар сарын 5-ны өдрийн 1/3393 дугаартай албан бичигт “Г.Мад холбогдох эрүүгийн 201100000853 дугаартай хэргээс “Ч.Х нь иргэн Ш.Жавзандуламын гар утсыг булаасан” гэх үйлдлийг шалгуулахаар холбогдох баримтуудыг хуулбарлан хүргүүлэв” гэсэн байх ба улсын яллагчийн эсэргүүцэлд “Ч.Хийн үйлдлийг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийн 5742 дугаарт бүртгэн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Б.Жадамба мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус прокурорын газрын хяналтын прокурор А.Нямсүрэн 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 2285 дугаартай тогтоолоор “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж шийдвэрлэсэн байна” гэжээ.

Хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаас үзэхэд хохирогч Ч.Х нь гэрч Ш.Жавзандуламын гар утсыг дээрэмдэх үед Г.М нь таслан зогсоосон талаар мөрдөн байцаалтын шатанд шүүгдэгч Г.М, хохирогч Ч.Х, гэрч Ш.Жавзандулам нарын мэдүүлэг авагдсан байна.

Мөн Ч.Хийн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авсан гэх үйлдлийг нарийвчлан шалгаагүй бөгөөд уг үйл баримт нь Г.Мын үйлдсэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хоорондоо шалтгаант холбоотой эсэх талаар зайлшгүй тодруулах шаардлагатай бөгөөд дээрх хоёр үйлдлийг хамтад нь мөрдөн шалгах ажиллагаагаар шалгах шаардлагатай байна.

Түүнчлэн, тухайн гэмт хэрэг гарсан гэх нөхцөл байдлыг тодруулах зорилгоор холбогдох этгээдүүдийг асуух, гэрч Ш.Жавзандуламын охиноос мэдүүлэг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн тодруулах шаардлагатай гэх анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гэж үзлээ.

Дээрх шүүгчийн захирамжид дурдсан нөхцөл байдлыг тодруулж хэргийн бодит байдлыг тогтоох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх “мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй” гэх заалтад нийцнэ.

Иймд анхан шатны шүүхийн Г.Мад холбогдох эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцаах тухай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын “...хавтас хэрэг авагдсан бичгийн баримтаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой” талаар бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 2020/ШЗ/1787 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               О.ЧУЛУУНЦЭЦЭГ

 

            ШҮҮГЧ                                                                       Б.ЗОРИГ

            ШҮҮГЧ                                                                       Г.ЕСӨН-ЭРДЭНЭ