Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 102/ШШ2024/03133

 

 

 

 

 

 

 

2024 оны 06 сарын 13 өдөр                   Дугаар 102/ШШ2024/03133                             Улаанбаатар хот

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 6 дугаар бичил хороолол, Хасбаатар гудамж, ........дугаар байрны .....тоот хаягт оршин суух, .........нар овогт .....................,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, ..........дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж өөрийн байранд байрлах Ни.....................,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: С...............

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун,

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд,

Гэрч: Ц.Оюунчимэг нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага.

1.1. Нэхэмжлэгч .........  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01243 дугаар тогтоолоор ........-иас 187,540,674 төгрөг гаргуулж ..........К-д олгох, үүргээ сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ............. нарын өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ............. дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, ............тоот хаягт байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Дээрх шийдвэр болон шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг хэрэгжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах зорилгоор хөрөнгийн үнэлгээг хийлгэхээр тогтоож, 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-144/7260 дугаар мэдэгдлээр миний өмчлөлийн дээрх үл хөдлөх эд хөрөнгийг 868,806,000 төгрөгөөр үнэлэгдсэн болохыг мэдэгдсэн. Хуульд заасны дагуу уг үнэлгээг эс зөвшөөрч, 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргаж байна. Шийдвэр гүйцэтгэгч нь миний өмчлөлийн хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ хийх гэж байгаа талаар надад огт мэдэгдээгүй бөгөөд шинжээч нь үнэлж буй хөрөнгийг харьцуулж буй хөрөнгүүдтэй ямар үзүүлэлтээр харьцуулсан нь тодорхойгүй, үнэлгээний тайланд харьцуулсан гэх 3 үл хөдлөх эд хөрөнгийг бичсэн байгаа ч шинжээч тухайн харьцуулж буй хөрөнгүүдтэй газар дээр нь очиж танилцсан эсэх нь тодорхойгүй, ийнхүү зөвхөн зарыг үндэслэн хөрөнгийн үнэлгээний тайлан гаргасан нь тухайн тайлан үндэслэлтэй, тодорхой байх шаардлагыг хангаагүй гэж үзэхээр байна. Миний өмчлөлийн орон сууц нь байрлалын хувьд хотын А бүсэд байрлах, худалдаа үйлчилгээний төвүүдэд ойр, зам дагуу, дотоод зохион байгуулалт сайтай, давуу талтай ямар ч чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжтой бөгөөд нэг м.кв нь 6,000,000 төгрөгөөс буухааргүй үнэлгээтэй хөрөнгө юм. Гэтэл шинжээч миний хөрөнгийн үнэлгээг хэт үнэгүйдүүлэн, үндэслэлгүйгээр 1 м.кв талбайг 4,344,030 төгрөгөөр үнэлсэнд гомдолтой байна. Иймд .............ийн өмчлөлийн уг үл хөдлөх хөрөнгийг 868,806,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэжээ.

1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ичинхорлоо шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт зааснаар хөрөнгийн үнэлгээний тайлан дараах шаардлагад нийцсэн байна, 8.2.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэлтэй, тодорхой байна, 8.3 дахь хэсэгт хөрөнгийн үнэлгээний тайлан олон улсын болон үндэсний стандартад нийцсэн байх, 8.3.9 дэх хэсэгт хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, нотолгоо, шинжилгээ, үнэлгээний тооцоолол, түүний үндэслэл гэж тус тус заасан. Гэвч хөрөнгийн үнэлгээний тайланг шинжлэн судлахад манай хөрөнгийг итгэлцүүрээр үнэлгээг нь багасгаж, харьцуулсан 2 үл хөдлөх хөрөнгийн биет байдал болон давхрыг нь үндэслэн үнэлгээг багасгасан байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаар Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу үүнийгээ нотолсон нотолгоо, нотлох баримтыг үнэлгээний тайланд хавсаргаж чадаагүй, өгөөгүй гэж үзэж байна. Тийм учраас хөрөнгийн үнэлгээний тайлан үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй. Гэрчээс энэ тухай тодруулахад очиж үзсэн гэж амаар тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон баримтуудыг тайланд хавсаргаагүй байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна. Биет байдлын хувьд Номин худалдааны төв нь засвар хийсэн, манай харьцуулж байгаа хөрөнгөөс дээр байсан гэж байгаа боловч тухайн хөрөнгөд ороход ямар засвар үйлчилгээтэй, хэдэн м.кв байсан гэдэг талаар баримт, мэдээлэл байхгүй байна. Мөн давхрын хувьд Баянгол дүүргийн 5 дугаар хороо 10 дугаар хорооллын зам дагуу байдаг барилга нь нэг давхарт байдаг, би очиж үзсэн гэж тайлбарладаг. Гэвч өөрийнх нь тухайн хөрөнгийн үнэлгээний тайланд авагдсан зар дээр нэг давхарт байдаг гэдэг нь нотлогдож, харагдаж байгаа юм байхгүй. Гэрч энэ 3 хөрөнгөөс зөвхөн Номин худалдааны төв дээр очиж үзсэн гэж тайлбарласан. Бусад 2 хөрөнгөтэй очиж танилцаагүй гэж ойлгож байна. Тийм учраас ямар баримтыг үндэслээд энэ байрыг 1 давхарт байдаг гэж үзээд, манай үл хөдлөх хөрөнгийг 2 давхарт байдаг гэж итгэлцүүрийн оноог багасгаж байгаа нь ойлгомжгүй байна. Энэ нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд нийцээгүй, шаардлага хангаагүй хөрөнгийн үнэлгээний тайлан болсон гэж үзэж байгаа учир нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү...гэв.

2. Хариу тайлбар.

2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Намуун шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 1243 дугаар тогтоолоор ........-иас 187,540,674 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,095,558 төгрөгийг тус тус гаргуулж..........-д олгохоор шийдвэрлэсэн гүйцэтгэх баримт бичигт шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үүсгэж, тус газраас шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч........-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Т.Загдсүрэнгийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 119 дүгээр байрны 07 тоот хаягт байршилтай, 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22370131/02 тоот тогтоолоор битүүмжлэн, 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22370131/06 тоот тогтоолоор хурааж, үнийн санал өгөхийг талуудад мэдэгдэхэд нэхэмжлэгч Т.Загдсүрэн үнийн санал ирүүлээгүй тул төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн хүсэлтээр 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн ....... дүгээр тогтоолоор шинжээч томилж хөрөнгийг үнэлүүлэхэд 868,806,000 төгрөгөөр үнэлсэн. 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-144/7260 дугаар үнэлгээний мэдэгдлийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д заасны дагуу нэхэмжлэгч ..........гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ..........д 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр гардуулж, тэмдэглэлээр баталгаажуулсан. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тус хөрөнгийг битүүмжилж хураах процесс ажиллагаа хийгдээд надад мэдэгдээгүй гэж нэхэмжлэл дээрээ дурдсан байна. Бүх ажиллагааг өмчлөгчид мэдэгдэж тэмдэглэлээр баталгаажуулсан баримтууд хэрэгт авагдсан байгаа. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Үнэлгээ гаргах гол цөм нь 3 аргаар үнэлж байж нэг үнэ болж гарч ирнэ. Үнэлгээ тогтоосон үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө нь одоогоор орлого олох ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, дотор нь ороод бодитоор үзэхээр нэлээн хуучирсан байгаа. Харьцуулсан хөрөнгө нь тухайн үнэлүүлж байгаа хөрөнгийг бодоход үйл ажиллагаа явуулдаг, засвар үйлчилгээ сайтай байсан учир эдгээртэй харьцуулсан үнэлгээгээр бага гарсан. Миний зүгээс тухайн хөрөнгө хангалттай үнэлэгдсэн гэж үзэж байна..гэв.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01243 дугаар Улсын дээд шүүхийн тогтоолын дагуу 187,540,670 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,097,558 төгрөгийг ............-иас гаргуулахаар үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн. Уг шүүхийн шийдвэрийг хариуцагч ............ нь сайн дураар биелүүлээгүй тул албадан гүйцэтгүүлэхээр 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж эхэлсэн. Үүнээс хойш төлбөр төлөгч нь ямар нэг төлбөр төлөх сонирхолгүй, нэг ч төгрөг төлөөгүй. Өмчлөлийн маргаан, өв нээгдэх асуудлаас шалтгаалан шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хойшлогдсон. 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хураах ажиллагаа явагдаж, 4 сард дуудлага худалдаа явагдахаар үнэлгээ гаргасан байтал төлбөр төлөгчийн зүгээс үнэлгээнд гомдол гаргаж байгаа байдал нь цаг хугацаа хожиж Худалдаа хөгжлийн банк ХК-ийн эрх ашгийг ноцтой зөрчиж, банканд хохирол учруулсаар байгаа. Хөндлөнгийн шинжээч үл хөдлөх хөрөнгийн шинж байдал, түүний үнэлгээний талаар дэлгэрэнгүй тусгаж, зах зээлийн өнөөгийн ханшаар үнэлсэн нь хууль зөрчөөгүй гэж үзэж байна. Иймд Худалдаа хөгжлийн банк ХК-ийн эрх ашиг хөндөгдөж байгааг харгалзан үзэж төлбөр төлөгчийн зүгээс гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж хүсэж байна...гэв.

4. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн үндэслэлээ нотлохоор: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01344 дүгээр Гүйцэтгэх хуудас /хх-6-7/, мөн шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03201 дүгээр шийдвэр /хх-8-14/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал /хх-15-22/, Улсын дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01243 дугаар тогтоол /хх-23-28/ зэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-144/7260 тоот мэдэгдлийн эх хувь /хх-29/ зэрэг хуульд заасан хэлбэрийн шаардлага хангасан нотлох баримтуудыг гаргасан байна.

5. Хариуцагч талаас тайлбар татгалзлаа нотлохоор Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэргийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбарыг нотлох баримтаар гаргасан. /хх-67-153/

6. Гуравдагч этгээд “Худалдаа хөгжлийн банк” ХК-иас шүүхэд Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-162/-ыг нотлох баримтаар гаргасан байна.

7. Шүүхээс бүрдүүлсэн нотлох баримт: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 10155 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шинжээчээр оролцож, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон үнэлгээчин ..........-ийн үнэлгээчин ..........ийг шүүх хуралдаанд гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн. /хх-157/

7.1. Гэрч ........ шүүх хуралдаанд: “...Т............ нарын өмчлөлийн энэ үйлчилгээний талбайд үнэлгээ хийсэн. Олон улсын стандартад үнэлгээний 3 арга, аргачлалыг ашигладаг. Эдгээр 3 аргыг бүгдийг нь ашигласан. Хөрөнгийн үнэлгээний өртгийн арга, зах зээлийн жиших хандлагын арга, орлогын хандлагаар хөрөнгийн үнэ цэнийг тодорхойлох 3 арга аргачлалаар үнэлгээ хийсэн. Бид мэдээлэл ирэхэд орчны судалгааг нь хийдэг. 10 дугаар хороолол, 5 дугаар хорооны зам дагуу байршилтай 2 давхар үйлчилгээний талбай байгаа. Үүнтэй ижил төстэй 3 байршлыг очиж үзсэн. Байршлуудыг сайтаас авсныгаа тайлан дээрээ хавсаргасан. Энэ байршлуудын талаар дэлгэрэнгүй тайлбар, тооцоо бүх зүйл үнэлгээний тайланд агуулагдсан байгаа. Номингийн талбай доторх тохижилт, хэмжээ зэргийг нь орж харсан. 10 дугаар хороолол, 5 дугаар хорооны зам дагуу 2 газартай утсаар нь холбогдсон. Байршлыг нь аль байшин гэдгийг нь үзсэн. Гэхдээ эзэнтэй нь холбогдоогүй. Би судлагдаж байгаа энэ материалуудаа бүрэн хавсаргаад, тооцоолол хийгээд тайлбарласан байгаа. Иргэнтэй уулзаад зарах гэж байна уу, гарын үсэг зур гэдэг шаардлагыг тавиагүй. Зөвхөн худалдах гэж байна уу, ямар хэмжээтэй, ямар завсар үйлчилгээтэй, хэдэн давхар гэдэг талаар тодруулдаг. Номин худалдааны төвийн доторх тайлбай нь тохижилтын хувьд бидний үнэлгээ хийж байгаа байршлаас илүү нарийн тохижилттой, засвар үйлчилгээ сайтай барилга байсан. Энэ 200 м.кв талбайд ийм хэмжээний засвар хийхэд нарийн тооцооллыг хийдэг. Засварын хувьд Номин худалдааны төвийн доторхоос харьцангуй доогуур, муу байсан учир үнэ цэнийг нь 2 хувиар бууруулж тооцсон байгаа. Нөгөө нь давхрын ялгаатай байсан. 1 болон 2 дугаар давхар ялгаатай байдаг. Баримт байхгүй гэж ойлгож болохгүй. Энд бүх тайлбарыг нь хийсэн бөгөөд үнэ цэнэ нь байгаа. Зөрүү байгаа эсэх нь бүх тоонуудаас харагдаж байна. Объектуудын дотор тал нь манай судлагдаж байгаа байртай ижил төстэй байна уу, илүү, дутуу байна уу гэх мэтээр бүх зүйлийг нь хардаг. 4,327,301 төгрөгөөр үнэлсэн гэдгийг нотлохын тулд бид үнэлгээний олон арга, аргачлалыг хэрэглэдэг. Энэ байшингийн өнөөдрийн өртгийн үнэ цэнэ хэд юм, энэ үйлчилгээ хэр борлуулалттай байдаг гэдгийг бид орлого, өртгийнхөө хандлагаар тооцооллыг нь хийгээд боломжит үнэ цэнэ байна гэдгийг нотолж гаргадаг. Миний тайланд байгаа өртгийн хандлага нь Сангийн сайдын шийдвэрээр тооцогдож хийгддэг үнэлгээ юм. Нөгөө нь тухайн үйлчилгээний өнөөгийн үнэ цэнийг орлого талаас нь тооцоолбол ямар үнэ цэнэтэй байна вэ? гэдгийг гаргасан байгаа. Орлогын хандлага дээрээс харахад өнөөгийн зах зээлийн үнэ цэнэ нь 872,000,000 төгрөг гэж гарсан. Би зах зээлээр 865,000,000 төгрөг байна гэж ерөнхийд нь тооцооллоо хийсэн. Үүнийгээ орлогын хандлагаар нотолж байгаа. Тэрнээс гадна өртгийн хандлагаар хийсэн тооцоолол маань 478,000,000 төгрөг, мөн орлогын хандлагаар үнэлэхэд 462,700,000 төгрөг гэсэн үнэ цэнэ гарч байгаа учир өнөөдөр тогтоосон 865,000,000 төгрөгийн үнэ цэнэ хангалттай нотлогдож байна гэж үзэж байна...” гэж мэдүүлэв.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх ............ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсан ба нэхэмжлэлийн үндэслэлээ “нэхэмжлэгчийн өмчлөлийн 200 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв үнэ 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй байхад хэт үнэгүйдүүлж, 1 м.кв-ыг 4,344,030 төгрөгөөр үнэлсэн, хөрөнгийг битүүмжилж, хурааж, үнэлгээ хийх гэж байгаа талаар мэдэгдээгүй, шинжээч үнэлж буй хөрөнгийг харьцуулж буй хөрөнгүүдтэй ямар үзүүлэлтээр харьцуулсан нь тодорхойгүй, давхрын зөрүүтэйг болон хөрөнгүүдийг очиж үзсэн болохоо баримтаар нотлоогүй, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8.2, 8.3 дахь хэсгүүдийг зөрчсөн учир хүчингүй болгохоор шаардаж байна” гэж тодорхойлсон.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан, хөрөнгө битүүмжлэх, хураах болон үнэлгээ хийлгэх талаар мэдэгдэж, тэмдэглэл үйлдсэн. Шинжээч үнэлгээг хийхдээ Хөрөнгийн үнэлгээний хуульд заасны дагуу өртгийн, зах зээлийн болон орлогын хандлагыг тус тус судалж тооцсоноор нэгдсэн үнэлгээ тогтоосон учир нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй” гэж тайлбарлан маргаж байна.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс уг нэхэмжлэлтэй холбоотойгоор “2021 онд эхэлсэн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа өнөөдрийг хүртэл дуусаагүй байгаа нь банкны эрхийг зөрчиж байна, үнэлгээтэй холбоотой нэхэмжлэл гаргаж байгаа нь цаг хугацаа хожиж, шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулан, банкийг хохироож байна” гэж тайлбарласан.

5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг болон зохигчдын тайлбар зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 03201 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдрийн 236 дугаар магадлал, Монгол улсын Дээд шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 01243 дугаар тогтоолоор ...........-иас 187,540,674 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 1,095,558 төгрөг тус тус гаргуулан “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д олгож, хариуцагч үүргийг гүйцэтгээгүй тохиолдолд хариуцагч ...............нарын өвийн журмаар хүлээн авсан улсын бүртгэлийн Ү-2205040301 дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, ........дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 6 тоотод байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, мөн улсын бүртгэлийн ............ дугаарт бүртгэгдсэн Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоотод байрлах 200 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

5.2. Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэхээр “Худалдаа хөгжлийн банк” ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 01344 тоот гүйцэтгэх хуудас  бичигдэн, 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 22370131 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэж, мөн өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа эхэлжээ. /хх-67-93/

5.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад шийдвэр гүйцэтгэгчийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22370131-144/04 дугаар Хөрөнгийн эрх түдгэлзүүлэх тухай тогтоолоор ............-ийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан .......... нарын хамтран өмчлөлийн эрхийн улсын .......... дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 5 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 19 дүгээр байрны 7 тоот хаягт байрлах 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл, хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлж, тогтоолыг Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 4-144/25446 дугаар албан бичгээр хүргүүлж, тогтоолын дагуу дээрх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдэглзүүлж, тусгай тэмдэглэл хийсэн байна. /хх-94-96/

5.4. Шийдвэр гүйцэтгэгчийн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 22370131/02 дугаар Эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор барьцаа хөрөнгө болох дээрх үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, эд хөрөнгийг хураахаар 2022 оны 8 дугаар сарын 23, 29-ний өдрүүдэд очсон боловч эзгүй байсны улмаас хураах ажиллагаа хийгдээгүй, төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-иас 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр гомдол гаргаж, тус гомдолд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 4/644 тоот албан бичгээр хариу мэдэгдэн, хариуцагч .........ийн асран хамгаалагч ............ээс 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгө битүүмжилсэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хүчингүй болгуулах, хөрөнгө битүүмжлэлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргаж, шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн болохыг мэдэгджээ. /хх-98-104/

5.5. Улмаар шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 22370131/06 тоот Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор дээрх хөрөнгийг хөндлөнгийн хоёр гэрч байлцуулан, эд хөрөнгийг хадгалагч .........ыг байлцуулснаар хурааж, тэмдэглэл үйлдсэн байна. /хх-108-111/

5.6. Шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 4-144/6060 тоот албан бичгээр төлбөр төлөгч ...........-ийн захирал С.Баттулгад, мөн өдрийн 4-144/6059 тоот албан бичгээр төлбөр авагч “Худалдаа хөгжлийн банк” ХХК-д тус тус тухайн хураагдсан эд хөрөнгийн үнийн саналаа өгөхийг мэдэгдэж /хх-112-116/, төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Өнөболд 2024 оны 3 дугаар сарын 18-ны өдөр шинжээч томилуулан үнэлгээ тогтоолгох тухай хүсэлт гаргасныг хүлээн авч, шийдвэр гүйцэтгэгчийн 3/94 тоот тогтоолоор ............шинжээчээр томилон, эрх үүргийг тайлбарлажээ. /хх-117-121/

5.7. Төлбөр төлөгч ......... нь 2024 оны 3 дугаар сарын 20-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд өөрийгөө төлөөлөн оролцох итгэмжлэлийг ........д олгосон байна. /хх-122-123/

5.8. Шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор томилогдсон шинжээч........-ийн захирал ......с үнэлгээний тайланг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 58/2024 тоот албан бичгээр хүргүүлж, Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний 012 дугаар тайлангаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг 868,806,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-124-148/

5.9. Шийдвэр гүйцэтгэгчээс 2024 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 4-144/7258, 4-144/7259, 4-144/7260 тоот албан бичгүүдээр төлбөр төлөгч болон төлбөр авагч нарт Хөрөнгийн үнэлгээг мэдэгдэж, талууд үнэлгээтэй 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр танилцаж, гарын үсэг зурсан байна. /хх-149-153, 125/

6. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаар төлбөр төлөгч талаас санал гаргаагүй ба төлбөр авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу шийдвэр гүйцэтгэгч Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2 дахь хэсэгт зааснаар хөндлөнгийн шинжээчээр ........-ийн мэргэшсэн үнэлгээчин ............ийг томилсон нь хуульд нийцжээ.

7. Шийдвэр гүйцэтгэгч шинжээчийн тогтоосон үнэлгээг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу дүгнэлтийг хүлээн авсан өдрөө шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудад мэдэгдэхээр хүргүүлж, талууд 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр танилцсан болох нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсан мэдэгдлүүд, хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцсан тухай талуудын гарын үсэг, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдсон.

8. Нэхэмжлэгч .........нь үнэлгээний мэдэгдлийг 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, 2024 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр уг үнэлгээг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан гомдол гаргах 7 хоногийн хугацааг хэтрүүлээгүй байна.

9. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт заасны дагуу шинжээч мэргэшсэн үнэлгээчин ..........К-ийн захирал ........ нь шинжилгээ хийж, дүгнэлт гаргахдаа Хөрөнгийн үнэлгээний тухай хууль, Үнэлгээний Олон улсын стандартыг мөрдлөг болгон ашиглан, хөрөнгийн үнэлгээний өртгийн, зах зээлийн болон орлогын хандлага зэргийг үндэслэн дүгнэлтээ гаргасан талаар хөрөнгийн үнэлгээний тайланд тусгасан ба энэ талаар шүүх хуралдаанд гэрчээр оролцохдоо тайлбарласан.

10. Эд хөрөнгийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилохдоо хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай болон Иргэний хуульд заасан журмын дагуу, хуулиар тогтоосон хугацаанд шинжээчийг томилж, шинжээчийн дүгнэлтийг талуудад хуульд заасан хугацаанд мөн мэдэгдсэн байх тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

11. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад томилогдсон шинжээч нь шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор шинжээчээр томилогдсоноос хойш тухайн хураагдсан хөрөнгийн байдалтай 2024 оны 3 дугаар сарын 21-ний өдөр танилцаж, үнэлгээний тайланг 2024 оны 3 дугаар сарын 25-ны өдөр гаргасан байх бөгөөд барилгын өртгийн хандлагаар өнөөгийн үнэ цэнэ 478,950,868 төгрөг, орлогын хандлагаар 872,152,750 төгрөг, зах зээлийн хандлагаар 865,460,248 төгрөг байхаар тус тус тогтоогдож, эдгээр үнэлгээний арга хандлагуудын харилцан хамаарал <2% байх тул орлого олох боломжийг харгалзан үзэж зах зээлийн хандлага болон орлогын хандлагад тэнцүү ач холбогдол өгч, тухайн хөрөнгийн өртгийн сонголтыг 868,806,000 төгрөгийн үнэлгээ тогтоож, уг үнэлгээний тайланд холбогдох баримтуудыг хавсаргасан байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан шаардлага хангасан гэж үзэх үндэслэлтэй.

12. Нэхэмжлэгч ..........нь өөрийн өмчлөлийн, тухайн хураагдсан үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбайн зах зээлийлн үнэ ханш 6,000,000 төгрөгийн үнэлгээтэй байгаа тухай нэхэмжлэлд тодорхойлсон боловч нэхэмжлэлийн шаардлагын уг үндэслэлээ баримтаар нотлоогүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад тогтоогдсон шинжээчийн дүгнэлтийг баримтаар няцаагаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн бодит үнэ ханш хэдэн төгрөг болж байгаа талаар баримтаар нотлоогүй байх тул эдгээр үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

13. Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай ........гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА