| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төртогтохын Энхмандах |
| Хэргийн индекс | 165/2017/0083/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/83 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Нямбилэгт |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 2017/ШЦТ/83
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхмандах даргалж,
нарийн бичгийн дарга Э.Оюунсүрэн,
улсын яллагч Э.Нэргүй,
шүүгдэгч Б.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овгийн Б М-нд холбогдох эрүүгийн 1717000550040 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 11-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, операторчин мэргэжилтэй, Т-н үйлчлэгч ажилтай, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, дугаар баг, Х- тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Б овгийн Б-ны М /РД:
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Б.М нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.О 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр, 2017 оны 10 дугаар сарын 01, 02-ны өдрүүдэд байнга зодож, харгис хэрцгий харьцаж догшин авирласан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
НЭГ. Шүүгдэгч Б.М нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Хайгуулчин 1-6 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.О 2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр зодсон, 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр зодож ундааны савтай бензин цацаж зулын гол болгоно 2-лаа хамтдаа үхнэ гэж айлгасан, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зодсон буюу байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан,
Мөн шүүгдэгч Б.М нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Хайгуулчин 1-6 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.О 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
1.1. Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:
2017 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэр бүлийн хамааралтай хүн буюу эхнэр О пиво ууж ирээд хэл амаар доромжилсон. 10 дугаар сарын 01-ний өдөр мөн адил архи ууж ирээд гэрийнхээ гаднаас мотоциклоосоо бензин аваад юм угааж байсан эхнэрийнхээ биен дээрээс бензин асгаад зулын гол болгож шатааж хамт үхье гэж хэлсэн. Тэгээд гэртээ ороод унтсан. 10 дугаар сарын 2-ны өдөр мөн адил архи ууж ирээд эхнэрийгээ найз Э-гоо хардаж хэл амаар доромжилсон. Би эхнэр О зодсон үйлдлээ санахгүй байгаа. Унтах шиг болсон. Нэг мэдэхэд цагдаа ирээд аваад явсан. Маргааш нь цагдаа дээр байхдаа эхнэрээсээ сонссон гэв.
1.2. Хохирогч Б.О мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
…2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 23 цагийн үед нөхөр хүүхдийн хамт гэртээ байж байтал манай нөхрийн дүү болох О.Э орж ирээд хойд гэр лүүгээ орлоо гээд гарахад нь манай нөхөр Б.М дүүдээ манай хүүхдийг дагуулаад гэртээ ороод байж бай ах нь араас чинь ороод очьё гээд явуулсан. Тэгээд удалгүй би араас нь хойд гэр лүүгээ ортол манай нөхөр Б.Мдүү Э чи орон гэртээ ирж хоносонгүй гээд юм яриад байж байхаар нь би чи одоо согтуу байж яах гээд байгаан гэртээ орж унтаж амрахгүй юу гээд хүүхэдтэйгээ гурвуулаа гэртээ орцгоосон. Тэгээд манай нөхөр сууж байснаа чи манай найз Э-той унтаж явалдсан уу, янхан банзал гээд миний нүүр лүү гараараа 2 удаа цохиж, бас духаараа 2 удаа мөргөхөөр нь би Э цагдаа дуудчих гээд цагдаа дуудсан. Бид нэг гэрт амьдраад 7 жил болж байгаа. Дундаасаа нэг хүүхэдтэй хүүхэд маань удаа 3 настай. Өмнө нь жилд 1-2 удаа цохиж зоддог байсан. 2017 он гарснаас хойш архи уух болгондоо зодож хэл амаар доромжилдог байсан…
...2017 оны 09 дүгээр сарын 10-нд манай ажил дээр бараа ирээд түүнийг хурааж эмхэлж цэгцэлж байгаад шөнө 01 цагийн үед гэртээ ирэхэд М архи үнэртүүлчихсэн байсан бөгөөд над руу уурлаж энэ орой шөнө хаагуур хэнтэйгээ явалдаж байгаад ирж байгаа юм бэ гэж уурлаад намайг зодсон. Зодохдоо миний үснээс зулгаагаад нүүр лүү цохиж зодсон. Тухайн үед манай гэрт 3 настай охин М, бас манай 10 настай дүү байсан. Зодуулаад миний толгой өвддөг байсан. Би эмнэлэгт ч үзүүлж байгаагүй. Түүний дараа 10 дугаар сарын 01-ний өдөр би ажилгүй гэртээ амраад хувцасаа угаагаад байж байтал 11 цагийн үед гаднаас согтуу ундааны саванд жоохон бензин хийгээд бариад орж ирсэн. Орж ирээд тэр надад юу ч хэлэлгүй барьж байсан ундааны савтай бензинээ миний зүүн талын мөрөн дээр асгаад шүдэнз бариад асаах гээд зогсож байснаа чамайг би зулын гол болгоно, 2-лаа хамт үхнэ гэж хэлээд айлган сүрдүүлээд байхаар нь би болиоч гээд уйлаад зогсоод байсан. Тэгэхэд чамайг шатаана гээд шүдэнз асааж шидэх гээд байсан. Намайг тэр уйлаад байхаар шүдэнзээ зураагүй байх тэгэхэд манайд манай дүү Болд, охин М нар байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 9. 12-15 дугаар хуудас/
1.3. Гэрч О.Э мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шөнийн 23 цагийн үед гэртээ байж байтал манай ах М гэртээ согтуу орилоод байхаар нь би гэрт нь ортол ах М эхнэр О хэл амаар доромжлоод зодож цохиод байхаар нь би салгаад цагдаад дуудлага өгсөн. Нүүр лүү нь 2 удаа цохиод, толгой хэсэг рүү нь 1 удаа духаараа мөргөж байсан. Өөр хаана яаж цохиж зодсоныг би хараагүй…
Намайг ороход М нь согтуу байсан бөгөөд эхнэрээ хэл амаар доромжлоод хашгичаад байсан. М ах эхнэрээ зодчихсон эхнэр нь гэрийн зүүн орон дээр сууж байсан. О надад танай ах чинь зодоод аллаа цагдаа дуудаад өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би цагдаад дуудлага өгсөн. О-гийн духны гол хэсэгт бондойгоод хавдчихсан байгаа харагдсан. Мөн тэр уйлаад сууж байсан… гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 дугаар хуудас/
1.4. Гэрч Б.Отгонжаргал мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
...2017 оны 10 дугаар сарын 02-ны үед шиг санаж байна намайг орой ажлаа тараад 00 цаг өнгөрч байхад гэртээ ирэхэд О хүүхдээ тэвэрчихсэн манай гэрт уйлаад сууж байсан. Тэр 2-оос өөр хүн байгаагүй, тэгэхээр нь би түүнээс юу болсон талаар асуухад уйлаад дуугарахгүй суугаад байсан. Түүний духны орчим бондойгоод хавдчихсан байсан. Тэгэхээр нь би дух чинь яагаад хавдчихсан юм бэ гэхэд манай нөхөр миний духанд цохичихсон, манай нөхөр согтуу ирж агсан тавьсан гэж хэлж байсан. Өөр юм ярихгүй уйлаад суугаад байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
1.5. Насанд хүрээгүй гэрч Б.Болд мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ:
Би төрсөн эгч О-ийнд амьдардаг. Би одоо 1-р 10 жилийн 4А ангийн сурагч байгаа юм. Манай төрсөн эгч О М-н ах зоддог, гэрт байхад нь зодоод байдаг юм. Миний дэргэд 3-4 дуаа зодож байсан. Ер нь бол байнга хэл амаар доромжлоод хэрэлдээд байдаг. 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр намайг эгчийндээ байж байхад М ах согтуу орж ирээд О эгчийг дээрэлхээд хэл амаар доромжлоод байсан. Тэгснээ гэрээс гараад хашаанд байсан мотоциклиос ундааны саванд бензин хийж ирчихээд эгчийн мөрөн дээрээс асгаад би чамайг шатаана гээд байсан. Манай эгч болиоч гээд уйлаад байсан. Тэгэж байгаад М ах унтаад өгсөн гэсэн мэдүүлэг. /хх-ийн 22 дугаар хуудас/
1.6. Говьсүмбэр аймаг дахь шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 351 дугаартай дүгнэлтэд:
- Б.О-гийн биед тархи доргилт, духанд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгднэ.
- Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Сэргэлэн гэжээ. /хх-ийн 25 дугаар хуудас/
1.7. Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 42 дугаар хуудас/
1.8. Гэр бүлийн хүчирхийлэлийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 44 дүгээр хуудас/
Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг нь эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.М нь хамтран амьдрагч Б.О 2017 оны 09 дүгээр сарын 10-ны зодсон, 2017 оны 10 дугаар сарын 01-ны өдөр зодож ундааны савтай бензин цацаж зулын гол болгоно 2-лаа хамтдаа үхнэ гэж айлгасан, 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зодсон нь байнга зодсон, харгис хэрцгий харьсан, догшин авирласан үйлдэлд хамаарч байх бөгөөд энэ нь гэр бүлийн хүчирхийлэлийн бие махбодийн хүчирхийлэлийн хэлбэрт хамаарч байна.
Гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэдэг нь гурав буюу түүнээс дээш удаа дээрх үйлдлийг хийсэн байхыг ойлгох бөгөөд гэр бүлийн хүчирхийлэлийн онцлог шинж нь хүчирхийлэл давтагддаг, даамжирдаг, хүчирхийлэл үйлдэгч нь хохирогчийг хяналтандаа байлгах зорилгоор шүүмжлэх, доромжлох, улмаар зодох зэргээр хохирогчийн бие махбодь болон сэтгэл санааны хохирол учруулсан идэвхтэй үйлдлээр илрэн гардаг байна.
Мөн шүүгдэгч Б.М нь согтуугаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг Хайгуулчин 1-6 тоотод байх гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай буюу хамтран амьдрагч Б.О 2017 оны 10 дугаар сарын 02-ны өдөр зодож хөнгөн гэмтэл учруулсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгтэй тохирч байна.
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.М-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хуулийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Б.М-г гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар,
мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
ХОЁР. Шүүгдэгч Б.М-нд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:
2.1. Гэрч Д.Оюунаа мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
Б.М нь миний 3 дахь хүүхэд 1990 онд Говьсүмбэр аймагт төрсөн. Дээрээ 2 эгчтэй, доороо 2 эмэгтэй дүүтэй айлын ганц эрэгтэй хүүхэд байгаа юм. М нь Сүмбэр сумын 1-р 10 жилийн 8-р ангийг төгсөөд ПТК-д сурч төгссөн. Би хэдэн онд эхнэртэйгээ суусныг нь мэдэхгүй байна. О гэж охинтой суугаад 2014 онд 1 охинтой болсон. Охин нь одоо 3 настай, эхнэр аваад 2015 онд тусдаа гарсан өөрийн гэсэн 5 ханатай гэрт эхнэр хүүхдийн хамт манай хашаанд амьдардаг. Манай хүү одоо Тохижилт Сүмбэрт ажилдаг. Зан байдлын хувьд даруу төлөв зантай, хамт олон найз нөхдийн хувьд нэр хүнд сайтай, ажилсаг архи дарс нэг их уугаад байдаггүй. Харин сүүлийн үед жоохон уугаад байх шиг байгаа юм. Яагаад ийм хэрэгт холбогдсон талаар би мэдэхгүй байна. Тухайн үед би хотод байсан... гэх мэдүүлэг. /хх-ийн 19 дүгээр хуудас/
2.2. Гэрч Б.О мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
...Мэндсайхан нь миний төрсөн эгч О-ийн нөхөр байгаа юм. 2013 онд анх танилцаж нэг гэрт орсон. Манай гэр Төгрөгийн 2-16 тоотод байдаг. О нарыг сонсож байхад сонсож байхад хоорондын харилцаа жоохон тааруу гэж сонсож байсан. Гэр орноор нь орж гарахад энгийн харьцаатай байдаг. Архи уухаараа ааш зан нь эвдрээд эхнэрээ дарамтлаад байдаг юм шиг байгаа юм. Эрүүлдээ бол зүгээр л байдаг гэж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/
2.3. Гэрч Б.Цэвэлсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ:
О, М нар нь 2013 онд анх танилцаж гэр бүл болж байсан. Түүнээс хойш хамт амьдарч байгаад 2014 онд охинтой болсон. 2016 онд тусдаа гарч М ээжийн хашаанд амьдардаг болсон. Би тэр 2-той ойр дотно амьдардаггүй. Би хөдөө амьдарч байгаад сар гарангийн өмнөөс Рэгцэгийн 2-8 тоотод амьдарч байна. Тэр 2-ын талаар сайн мэдэхгүй, харин манайхыг нүүж ирснээс хойш 1 сар гаран болох хугацаанд 10 сарын эхээр манайд хүүхдээ дагуулаад хүрээд ирсэн. Яасан юу болсон талаар асуухад нөхөр М-д зодуулсан талаараа хэлж байсан, өөрөө нэг их хувийн амьдралаа яриад байдаггүй... гэх мэдүүлэг /хх-ийн 21 дүгээр хуудас/
2.4. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40-41 дүгээр хуудас/
Иймд шүүгдэгч Б.М-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар солих нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар сольсон 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ны гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч н овгийн Б-ны М-ныг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Б овгийн Б- М-ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-нд оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын ажлын найман цагийг хорих ялын нэг хоногоор тооцож 30 /гуч/ хоногийн хугацаагаар хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэг, 1.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар сольсон 30 /гуч/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М оногдуулсан 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Б.М нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, иргэний баримт бичиг, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шүүгдэгч Б.М-ны хорих ял эдлэх хугацааг 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.
8. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭНХМАНДАХ