Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2020/ДШМ/1490

 

 

Б.С, Т.Х нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Оюунтунгалаг,

шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, С.Намжилмаа,

шүүгдэгч Т.Х, түүний өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

            Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.С, Т.Х нарт холбогдох 201725020252 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Ч овгийн Бгийн С, 1978 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дундговь аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;

            Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 466 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 260 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

            2.  Я овгийн Тын Х, 1986 оны 6 дугаар сарын 9-ний өдөр Өмнөговь аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Нийслэлийн статистикийн газарт төсөв, нийгмийн даатгал хариуцсан мэргэжилтэн ажилтай байсан, ам бүл 2, нөхрийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй, /РД: /;

            Б.С нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг Т.Хаар дамжуулан В.Т, Х. С нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Т.Хы хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

            Т.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан Б.Сийн олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг В.Т, Х. С нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Б.Сийн хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэмт хэрэгт холбогджээ.

            Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Б.Сийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн 3.3 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Т.Хы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ч овогт Бгийн Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч  Я овогт Тын Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусадтай бүлэглэн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С, Т.Х нарт оногдуулсан хорих ялыг тус бүрийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сэс 14.700.000 төгрөгийг, шүүгдэгч Т.Хаас 33.500.000 төгрөгийг тус тус гаргуулж үүнээс 6.250.000 төгрөгийг хохирогч Х. Ст, 41.950.000 төгрөгийг хохирогч В.Тт тус тус олгож, шүүгдэгч Б.Сийн 02-90 УНУ дугаартай “Х.Портер” загварын тээврийн хэрэгсэл, 48-82 УНА дугаартай “Х.Соната 6” загварын тээврийн хэрэгсэл зэргийг захиран зарцуулах эрхийг хязгаарласныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С 2 хоног цагдан хоригдсоныг эдлэх ялд нь оруулан тооцож, шүүгдэгч Т.Х цагдан хоригдсон хоноггүй болохыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан нэг талдаа 24, нөгөө талдаа “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гантель 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч Б.С давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тус шүүхийн шүүх хуралдаанаар намайг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцсныг би ойлгон хүлээн авсан. Гэвч шүүхийн тогтоолд бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийсэн. Надад оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг зөвшөөрөх боломжгүй байна. Шийтгэх тогтоолд намайг өрөө дарахын тулд хохирогч гэх хүмүүст төмөр туухай хуурч зарсан гэж буруу дүгнэжээ. Би тэднийг үнэхээр хуурсан бол гантилийн жинхэнэ эсэхийг шалгуулахаар хамт явахгүй, дотроос нь юм гарахгүй болохоор “хуурамч байна, хулхидуулжээ” гэж хэлэх ёсгүй юм. Мөн тогтоолд Х надад мөнгө зээлдүүлсэн байсан мэтээр үндэслэлгүй дүгнэжээ. Ер нь хэргийг бодитой бус баримтуудад тулгуурлан бүрдүүлсэн байгаад шүүх анхаарсангүй. Гэрч болсон Насанбуян, Цогт-Отгон, Мөнхболд, Мягмарсайхан, Намбар зэрэг хүмүүс миний адил гантил, улаан, цагаан мөнгөн усны наймаа хийж байсан хүмүүс юм. Иймд хууль бус үйлдлүүд нь илрэхээс айж, бүх бурууг надад тохож ихэнх тохиолдолд худал мэдүүлэг өгсөн. Энэ хэрэгт хэн хохирогч болох ёстойг ч үнэн зөв тогтоох шаардлагатай. Учир нь, Хд өгсөн гантилийн мөнгөний ихэнхийг Цэрэнбилэг гэдэг буриад гаргасныг би Улан-Үдэ хотоос тэдэнтэй хамт ирсний хувьд сайн мэдэж байгаа. Иймд Хд өгсөн мөнгийг хэн хэн гаргасныг банк, санхүүгийн баримтыг үндэслэж тогтоох нь зөв юм. Анхан шатны шүүхээс намайг гэм буруутайд тооцонгуут би өөртөө дүгнэлт хийн хохирлыг төлөхөө бичгээр албан ёсоор илэрхийлсэн. Үүнээс үндэслэн би хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр шийдвэрлэж өгөхийг хүссэнийг шүүх хүлээж аваагүй. Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг үндэслэн хэргийг бодит байдалд нийцүүлэн шударгаар шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг бүрэн хэмжээгээр төлсөн. Шүүгдэгч өөрөө хориотой байгаа учир эх нь хохирлыг нөхөн төлсөн. Хохирогч  С хохирол төлбөрийг хүлээн авсан, санал гомдолгүй талаар тодорхойлолт хийж өгсөн. Шүүгдэгч Б.С гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар давж заалдах гомдолдоо дурдсан. Энэ хэрэгт холбогдсоноос хойш удаан хугацаанд цагдаагийн байгууллагад шалгагдсан. Энэ нь түүний амьдралд хүндээр тус ч буруу хүмүүстэй нөхөрлөж байсан талаар дүгнэлт хийсэн. Цаашдаа үнэнч шударгаар ажиллах талаар удаа дараа хэлж байсан. Түүнд оногдуулсан хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч С.Намжилмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагвагын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Шүүгдэгч давж заалдах шатны шүүхэд хохирол төлбөрийг төлсөн талаар баримтаа гаргаж өгсөн. Би энэ хэрэгт 2017 оноос хойш явж байна. Шүүгдэгч энэ хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж хохирол төлбөрийг төлсөн. Шүүгдэгч Б.Сий уурхайд ажиллаж байсан талаар баримт хавтас хэрэгт авагдсан. Иймд хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой. Шүүгдэгч Б.Сий давж заалдах гомдлыг хүлээн авч хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Х давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 8 дугаар сард Б.Сд зээлсэн 25.000.000 төгрөгийг нотлох баримттай авахдаа Б.Сийн үгэнд итгэн, төмөр гантил дотор үнэнд хүрэх зүйл байгаа эсэхийг өөрөө ч мэдэхгүй байж  С, Т нарт худалдан борлуулж мөнгийг нь авч, өрөндөө өгсөндөө чин санаанаасаа гэм буруугаа ухаарч, гэмшиж байна. Олон гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Би учруулсан хохирлоо төлж барагдуулахаа илэрхийлж байна. Б.Сд мөнгөө өгч би өөрөө бас хохирсон. Иймд би Б.Стэй холбоотой мөнгөний асуудлаа зохих газарт нь хандан, хууль ёсны дагуу шийдүүлэх хүсэлтэй байна. ...Эх орондоо ихийг хийж бүтээх, чадварлаг боловсон хүчин нь байх ёстой атал ингээд сууж байгаадаа гэмшиж, гутарч, ичиж, сэтгэлээр их унаж байна. 2013 онд гэр бүл болсноос хойш манай гэр бүл үр хүүхэдтэй болоогүй. Энд ирснээс хойш маш их зүйлийг ухаарч ойлгосон. Надад нэг удаа боломж олгож нарт хорвоод хүний заяаг олж мэндлэх хүүхдийг минь бодож тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Ц.Дэлгэрням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч Т.Х нь өөрийн нөхөр Г.Мөнхболдын хамт Б.С гэгч этгээдэд итгэн, түүнийг гирний наймаа эрхэлдэг гэж итгэн, түүний ятгалгаар түүнд 2016.08.11-ний өдөр хүүтэй мөнгө зээлдүүлсэн байдаг. Миний үйлчлүүлэгч Т.Х нь Б.Сд хүүтэй мөнгө зээлдүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан шүүгдэгч Т.Хы нөхөр Г.Мөнхболд, тус хэрэгт хувийн сонирхолгүй гэрч Ц.Мөнхдалай, О.Мягмарсүрэн нарын мэдүүлэг, хэрэгт авагдсан бичгэн нотлох баримт болох Ц.Мөнхдалай болон Б.С нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ болон шүүгдэгч нарын мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогддог. Б.С нь анх мөнгийг зээлэхдээ 7-10 хоногийн хугацаанд мөнгийг чинь хүүтэй нь төлнө гэж байсан боловч тохирсон хугацаандаа мөнгөө өгөлгүй, байнга зээлийн төлбөрийг нэхүүлж, улмаар шүүгдэгч Т.Х нь Б.Сд өгсөн мөнгийг бусдаас хүүтэй зээлж авсан тул санхүүгийн маш хүнд нөхцөл байдалд орсон байдаг. Анхан шатны шүүхээс энэ талаар шүүхийн шийдвэр гаргах дүгнэлт хэсэгтээ бодитой дурдсан болно. Ингээд миний үйлчлүүлэгч Т.Хаас авсан мөнгө нэхэгдэж, мөнгийг тохирсон хугацаанаасаа удаан хугацаанд хоцрогдуулж байсан Б.Сийн үйлдэл нь анхнаасаа зохион байгуулалтай шунахайн сэдэлтэй байсан. Б.С нь өөрийг нь цагдаагийн байгууллагад хандаж магадгүй гэж эрсдэлийг тооцоолон үзэж, миний үйлчлүүлэгчийн, төлбөрийг барагдуулах, өөртөө хууль бус ашиг олох зорилготой гэмт үйлдэлдээ Т.Хыг ашигласан байсан. Хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр Б.С нь тус гэмт үйлдлийг зохион байгуулж, хохирогчийг болон шүүгдэгч Т.Хыг төөрөгдөлд оруулж, гэмт хэрэгтээ татан оролцуулсан бөгөөд миний үйлчлүүлэгч нь өөрийн хууль эрх зүйн мэдлэггүй, өөрийн үйлдлийг гэмт хэрэгт хамтран оролцож байна гэж ухамсарлаагүйгээр Б.Сэс өгсөн үүрэг даалгаврын дагуу гирийг бусдад худалдсан байдаг. Анхан шатны шүүхээс хэргийн бодит үйл баримтын талаар дүгнэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснийг шүүгдэгч Т.Хы хувьд бодитой хүлээн авч, өөрийн үйлдлийг бусдыг хохироосон гэмт хэргийн шинжтэй үйлдэл байсныг ойлгож ухаарсан. Шүүгдэгч нь одоо гэм буруугаа хүлээж, өөрийн үйлдэлдээ маш их гэмшиж байгаагаа болон хохирогчид учирсан гэм хорыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа болно. Шүүгдэгч Т.Хы нөхөр Г.Мөнхболд нь өөрийн 2.000.000-4.000.000 төгрөгийн цалин хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах бусад орлогоос хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулах боломжтой болно. Шүүгдэгчийн хувийн байдлыг авч үзвэл Т.Х нь 32 настай, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй, Нийслэлийн статистикийн газарт төсөв, нийгмийн даатгал хариуцсан мэргэжилтэн, шударгаар ажил хөдөлмөр эрхэлж байсан ба цалингаас гадуур нэмэлт орлого олох, гэр бүлийн амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор бусдад буюу шүүгдэгч Б.Сд хөрөнгө оруулах зорилгоор мөнгө зээлүүлэн залилуулснаас шалтгаалан тус хэрэгт холбогдсон. Мөн түүний эрүүл мэндийн байдлыг авч үзвэл нөхөртэйгөө гэр бүл болсноос хойш 7 жилийн хугацаанд үр хүүхэд тогтоогүй. Цаашилбал, хэзээ ч үр хүүхэдтэй болохгүй байх эрсдэл тулгарч байгаа бөгөөд гэр бүлийн хүний хамт “Өөжин Мед” үр шилжүүлэн суулгах төвд тогтмол эмчийн хяналтад үзлэг шинжилгээнд хамрагдаж, үр шилжүүлэн суулгах мэс ажилбар хийлгэн жирэмслэх, эмэгтэй хүний амьдралын хамгийн чухал цаг хугацаа тохиосон боловч бусдад итгэн, өөрийн хууль эрх зүйн мэдлэггүйн улмаас хийсэн үйлдэлдээ хорих ял шийтгүүлэн, шүүхээс ялыг биечлэн эдлэхээр шийдвэрлэсний улмаас үр шилжүүлэн суулгах ажиллагаа хойшлогдох, цуцлагдах нөхцөл байдал үүсээд байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэх заалт, 1.1-д заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх. эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх” гэх заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дэх хэсэгт заасан “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэх заалт тусгагдсан байна. Миний үйлчлүүлэгч Т.Х нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн ба түүний гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөлийг авч үзвэл шүүгдэгч Б.Сд хууртаж, түүнд залилуулсан мөнгөө буцаан авах зорилгоор өөрийн хууль эрх зүйн мэдлэггүйгээс шалтгаалан Б.Сийн зохион байгуулсан гэмт хэрэгт хамтран оролцсон байдаг нь хавтас хэрэгт авагдсан бичгэн нотлох баримтаар тогтоогдсон байдлыг эрхэм шүүгч та бүхэн анхаарна уу. Иймд шүүгдэгчийн хувийн байдал, түүний гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтын дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэх оногдуулж өгнө үү. Цагдан хоригдсон хугацааг дүйцүүлж аль болох боломжит хувилбараар шийдэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Т.Багахүү гаргасан давж заалдах гомдолдоо: “...Шүүгдэгч Т.Х нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өөрийн үйлдлийн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулалгүй болсон үйл явдлыг нэг бүрчлэн мэдүүлсэн. Өмгөөлөгч би Т.Хы гэм буруутай эсэх талаар огт маргахгүй бөгөөд зөвхөн шүүх эрүүгийн хариуцлагыг Эрүүгийн хуульд зааснаар хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглээгүй талаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн 2020 оны 8 дугаар сарын 28-ний өдрийн 770 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Т.Хд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна гэсэн хирнээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан хорих ялын дээд хэмжээтэй дүйцэхүйц хэмжээтэй хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчим алдагдсан гэж үзэж байна. Учир нь, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар болон гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх ёстой байтал шүүх Т.Хы зайлшгүй харгалзан үзэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзээгүй байна. Мөн шүүгдэгч Т.Хы өөрийн болон гэр бүлийн хувийн байдлын талаар хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар түүнийг төрийн албан хаагчаар буюу санхүү эдийн засгийн чиглэлээр олон жил үр бүтээлтэй ажиллаж, төрийн байгууллагын хүндэтгэл хүлээж олон удаа шагнал, урамшуулал авч байсан бөгөөд энэ хугацаанд сахилгын болон зөрчлийн хариуцлага хүлээж байгаагүй нь нотлогддог. Анхан шатны шүүхэд өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол учруулсан үйлдэлдээ харамсаж, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хуульд заасан зохих хариуцлагаа хүлээхээ илэрхийлсэн нь түүнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал биш юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн эрүүгийн хариуцлага нь торгох, эсхүл нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл хорих ялаар шийтгэж болох бөгөөд хорих ялын санкци нь 6 сараас 3 жил хүртэл хугацаатай. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” байгаа тохиолдолд тухайн тусгай ангид заасан зүйл заалтын хугацаанд ялыг хүндрүүлж болдог. Гэтэл шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заагаагүй үндэслэлээр буюу хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх энэ зүйлд заагаагүй нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна. Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь заалт, 36.1 дүгээр зүйлийн 8.1 дэх заалт, 36.7 дугаар зүйлийн 3.1 дахь заалтад зааснаар шүүх нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох бөгөөд түүний үндэслэлийг шүүхийн шийдвэрт тусгасан байх хуулийн зохицуулалттай. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Т.Х нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлоо төлсөн”, 1.3 дахь заалтад заасан “эд хөрөнгийн байдлаар эрхшээлд орсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн хууль бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн”, 1.6 дахь заалтад заасан “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”, мөн тус хуулийн 6.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар өөрийн гэм буруутай үйлдлийг мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн үнэн зөв мэдүүлэг өгч, гэмт хэрэг үйлдсэн эд зүйлийг гарган өгсөн, хохирогчид учирсан хохирол, хор уршгийг арилгах арга хэмжээ авч, цаашид ч авахаа илэрхийлж, хохирогч нарт хохирол учруулсандаа уучлал гуйж гэмшиж байгаа зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал юм. Т.Х нь 2013 оноос эхлэн Г.Мөнхболдтой гэр бүл болсон боловч өнөөдрийг хүртэл тэд үр хүүхэдтэй болж чадаагүй байдаг. Ингээд Т.Х нар нь гадаад дотоодын олон эмнэлгийн байгууллагаар эмчлүүлж байсан бөгөөд 2020 оны 7 дугаар сараас эхлэн Монгол Улсын “Өөжин Мэд” эмнэлгийн хяналтад орж, эмэгтэйчүүдийн үргүйдэл гэсэн оноштойгоор эмчилгээ хийлгэж эхэлсэн бөгөөд эмчилгээний үр дүнд үр шилжүүлэн суулгах ажиллагаа нь амжилттай болж эхэлсэн, лабораторын аргаар үр хөврөл явагдаж Т.Хы биед /саванд/ үр хөврөлийг суулгаж, жирэмслэлт нь ердийн байдлаар явагдахад бэлэн болсон байхад анхан шатны шүүхээс түүнд хорих ял оногдуулсны улмаас түүний болон гэр бүлийнх нь үр хүүхэдтэй болох, эцэг, эх байх эрхийг хязгаарласан байх тул энэхүү хувийн байдлыг харгалзан үзэх шаардлагатай байна. Мөн Т.Хы биеийн эрүүл мэндийн хувьд эмэгтэйчүүдийн үргүйдэл, биеийн жингийн илүүдэлтэй, даралт, сахарын өвчний улмаас жирэмслэлт, үр хөврөлийн хугацаанд зайлшгүй дэглэм барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн хяналтад байх ёстой боловч шүүхээс оногдуулсан ялын улмаас энэхүү зайлшгүй барих дэглэм, үзлэг, хяналт тавих боломжгүй болж улмаар түүний бие эрүүл мэнд, цаашид үр хүүхэдтэй болох эсэхэд аюул учирч болзошгүй нөхцөл байдал үүсээд байна. Шүүгдэгч Т.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд учирсан хохирлын нөхөн төлөх бүрэн боломжтой юм. Учир нь, түүний нөхөр Г.Мөнхболд нь “Оюу толгой” ХХК-ийн “Ред Пад” ХХК-д гүний уурхайчин ажилтай, сарын цалин хөлс 2 500 000 төгрөгийг авдаг. Мөн гэр бүлийн дундын өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсанд байрлалтай 2 өрөө байр, автомашинтай, түүнчлэн гэр бүлийн хэрэгцээний бизнес эрхэлдэг, “Ачлалт асаргаа” ХХК гэх үйл ажиллагаа хэвийн явагдаж буй хөдөлмөр зуучлалын хуулийн этгээдийн хувьцааг эзэмшдэг юм. Т.Хы хувьд төрийн байгууллагад ажилладаг болохын хувьд өөрийн гэсэн цалин орлоготой бөгөөд гэр бүлийн хөрөнгө орлого өөрийн орлогоос дээрх гэмт хэргийн хохирлыг барагдуулах бүрэн боломжтой юм. Эдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзвэл Т.Хд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй, харин хөнгөрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хорих ялыг тэнсэх арга хэмжээг авч болох бүрэн боломжтой байна. Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу шүүгдэгч Т.Хд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэжээ.

            Прокурор Э.Оюунтунгалаг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэргийн бодит байдалд оновчтой зөв дүгнэлт хийсэн. Өмгөөлөгч нар хэргээ хүлээн мэдүүлсэн хохирлоо нөхөн төлсөн гэж байгаа боловч мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй, шалгах ажиллагааг ээдрээ төвөгтэй болгодог нөхцөл байдлыг үүсгэж байсан. Анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн нөхцөл байдал байхгүй. Хэрэв шүүх намайг гэм буруутай гэж үзэх юм бол би хохирлоо нөхөн төлнө гэдэг байдлаар илэрхийлж байсан. Би энэ гэмт хэргийн ингэж үйлдсэн гэж гэм буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Энэ гэмт хэрэг 2016 онд үйлдэгдсэн. 2016 оноос хойш хохирогч нарт 49.700.000 төгрөгийг төлж хохирогч нарыг хохиролгүй болгох талаар хандаж байгаагүй. Прокурорын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг нөхөн төлж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргах боломжтой байсан. Гэтэл анхан шатны шүүх хуралдааны явцад ийм байдал гаргаж байгаагүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдал болон ялын бодлогод зөв дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

            Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

            Б.С 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан өөрийнхөө олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг Т.Хаар дамжуулан В.Т, Х. С нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Т.Хы хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн,

            Т.Х нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн хашаан дотор төмөр гир (гантель) дотроос улаан мөнгөн ус хайж, цааш үнэд хүргэж зарах гэсэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан Б.Сийн олж ирсэн “СССР” гэсэн бичиглэлтэй төмөр гирийг “жинхэнэ гир мөн байна, худалдаж авах нь зүйтэй” гэж итгүүлэн, уг гирийг В.Т, Х. С нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж мөнгийг нь Б.Сийн хамтаар хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн тус тус гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            хохирогч Оросын Холбооны улсын иргэн Т Васильевичийн “...  С, С хоёр Улан-Үдэд ирэхдээ Эрхүүгээс төмөр гантил худалдаж авна гэж явсан. С “тэр төмөр гантил дотор өндөг байдаг, тэр өндгөн дотор шингэн металл байдаг” гэж хэлсэн. Тэр шингэн металлыг авах зорилготой байсан бөгөөд С төмөр гантилын мэргэжилтэн шиг байсан. Эрхүүгээс явуулсан төмөр гантилын видеог харчихаад “энэ бол жинхэнэ биш хэрэггүй” гээд мэдээд байсан. Тэгсэн чинь маргааш нь  С “Монголд нэг төмөр гантил байна” гээд видео үзүүлсэн. Тэгтэл С түүнийг харчихаад “өө мөн байна, жинхэнэ байна, очиж авъя” гэсэн. Тэгээд тэр төмөр гантилыг авахаар болсон. Тэгэхэд “энэ гантилыг аваад цааш нь хятадуудад үнэтэй зарна, хятад худалдан авагч байгаа, би тийм хүн танина” гэж С хэлсэн. Тэгэхдээ одоо уг төмөр гантилыг бид нар өөрсдөө худалдаж авах мөнгө хэрэгтэй гэсэн бөгөөд 50.000.000 төгрөг хэрэгтэй гэсэн. Тэгээд би өөрөөсөө 15.000.000 төгрөг гаргаад өөрийн ах Цэрэнбилэгээс 30.000.000 төгрөг зээлээд нийт 45.000.000 төгрөгийг аваад Монгол Улсад ирсэн. Тэгээд тэр худалдаж авах газар очиж,  С мөнгөө авч ороод төмөр гантил авч гарч ирсэн. Тэгээд тэр гантилыг зүсч дотор нь юм байгааг харъя гээд нэг газар очсон. Тэгэхэд С ирчихсэн байсан. Тэгээд нэг газар очоод тэр гантилыг хувааж үзэхэд цутгачихсан тугалган дээр хар төмөр дунд нь зоочихсон, орой дээр нь хоёр соронз байрлуулсан байсан. Тэгсэн чинь бид нар гайхсан, С өөрөө бүүр гайхчихсан “энэ хуурамч байна, их сайн мэддэг хүн үүнийг хийсэн байна, бид нар хулхидуулчихсан байна” гэж хэлсэн. ...Тэгээд тэд нар худалдаж авсан хүнээ олоогүй, тэр хүн нь бүх утсаа салгачихсан байсан.  Сыг тэр хүнийг олоорой гэчихээд би гэр рүүгээ буцсан. Намайг Оросын Холбооны Улсад байхад  С Монгол Улсад цагдаагийн байгууллагад хандсан байсан. ...” /2хх 124-126/,

            хохирогч Ж. Сын “... Би С гэдэг хүнтэй 2016 оны 7 дугаар сарын үеэр танилцсан. С гэдэг хүн төмөр гантил өндөр үнээр авна гээд фэйсбүүкээр зар тавьсан байсан ба би нэг төмөр гантил үзүүлж, танилцаж байсан. ... С нь танилцахад “чи Оросын Холбооны Улс руу наймаа хийдэг хүн, Оросын Холбооны улсад яг жинхэнэ оригинал хуучны “СССР” гэсэн бичигтэй төмөр гантил байгаа түүнийг олоод ирээ, тэгэх юм бол 1 гантилыг цаашаагаа Хятадууд 150.000.000 төгрөгөөр авч байгаа би тэгж авч байгаа хүнийг мэднэ, чи олоод би зараад хоёулаа ашгаа хуваая” гэж хэлсэн. Би тэгээд төмөр гантил С, Намбаяр нарт өндөр үнээр зарах гээд хайж эхэлсэн. Тэгтэл сураглаж байгаад Оросын Холбооны улсад нэг тийм гантил байна гэж сонсоод Сд хэлээд С бид хоёр Оросын Холбооны улс руу тэр гантилыг үзээд мөн байвал авах гээд явсан. Оросын Холбооны улсад очоод нэг гантил үзсэн чинь С үзээд “энэ өндөр үнэд хүрэх гантил биш байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай ах Мягмарсайхан тухайн үед над руу залгаад “энд Монголд нэг гантил байна гэж та хоёр ирж үзээ, Заяа гэдэг эмэгтэй зарна гэж байна” гээд бичлэгийг нь явуулсан. Тэр бичлэгийг Сд үзүүлэхэд “наад гантил чинь жинхэнэ үнэд хүрэх гантил мөн байна” гэж хэлсэн. Тэгээд Монголд ирээд тэр Заяа гэдэг хүүхэнтэй нь 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүр дээр уулзахад “та нар яг худалдаж авах юм бол мөнгөтэйгээ ирээд л худалдаж ав, тэгэхгүй бол үзүүлэхгүй, хүмүүс дээрэмдэж магадгүй гэж айж байна” гэсэн. Тэр үед С ах над руу залгаад “чи наад гантилаа заавал аваарай, наадах чинь яг мөн шүү, яаж хийгээд мөнгө олоод аваарай” гэж хэлсэн. Тэгээд тэр гантилыг худалдаж авахаар болоод Заяатай нь хамт бид хоёр Оросын Холбооны улсад байхдаа найзаасаа зээлсэн рубль байсныг солиулаад, Мягмарсайхан ахаас 2.000.000 төгрөг зээлээд, Жаажаа гэдэг ахаасаа 7.000.000 төгрөг зээлээд яг 50.000.000 төгрөг болоод Заяа нь “хөдөөнөөс гантил авчирсан хүүхдийн парк дээр байгаа гэнэ, олон хүнтэй газар уулзахгүй” гээд бид хоёр хамтдаа хүүхдийн паркийн хашаан дотор очиход нүдний шилтэй, шаравтар царайтай, 23-24 орчим насны эрэгтэй хүүхэд төмөр гантилтай ирчихсэн байсан. Тэгээд би Сэс асуух гээд залгатал утас нь холбогдохгүй байхаар нь мөнгөө бүгдийг нь Заяад нь тоолж өгөөд гантилыг аваад явсан. Гантилаа аваад Мягмарсайхан ах дээр очоод бид хоёр хамтдаа байж байхад С “за юу болсон бэ, би 2.000.000 төгрөг оллоо” гэсэн. Тэгээд гантилыг хараад “өө энэ мөн байна” гээд Стэй хамт түүний гантилыг 150.000.000 төгрөгөөр худалдаж авна гэсэн Хятад хүнтэй уулзах гээд Сансарын ар тал руу нэг гэр хороололд очоод С гантилыг авч буугаад нэг хашаа руу орчихоод гарч ирэхдээ “энийг зүсэхгүй бол авахгүй гэж байна” гээд тэр дор нь гантилыг зүсээд үзэхэд хүний гараар хийсэн, өмнө зүсээд гагначихсан дотор нь тугалга хайлуулаад хийчихсэн гантил байсан. Тэгсэн чинь С хараад “өө энэ чинь хулхи байна аа, биш байна хулхидуулчихлаа, одоо нөгөө авсан хүн рүүээ ярь буцаа” гэхэд эргээд худалдаж авсан Заяа гэдэг хүн рүү нь ярихад “би наад гантилыг чинь мэдэхгүй, тэр хөдөөний хүүхэд авчирсан, одоо тэр хүүхэд Сүхбаатар аймаг руу унаанд суугаад явсан байж магадгүй утас нь холбогдохгүй байна, би та нартай уулзахгүй, би тэр хүүхдийн Налайхад байдаг гэрийг нь зааж өгье, утасны дугаарыг нь өгье, та нартай бол уулзахгүй” гэж хэлсэн. Манай Насанбуян гэдэг ах над руу залгаад “наад С болон хулхи гантил зарсан Заяа гэдэг хоёр хүн чинь холбоотой юм байнаа, чамайг зохиомлоор хуурч мөнгийг чинь авсан байна” гэж хэлсэн. Тэгээд би Насанбуян ах дуудаад намайг очиход Өнөрбат, Оти гэдэг Насанбуян ахын найз нартай цуг С, Заяа, Заяагийн нөхөр Мөнхболд гээд гурвыг Хил хамгаалахын ар талд зочид буудалд байхад нь олж очиж уулзсан. Тэгэхэд Заяа нь Х гэдэг нэртэй болж, С тэр гантилыг хийсэн болж бүгд өөрсдөө үнэнээ хэлээд С нь Заяа, Мөнхболд хоёрт өртэй байж байгаад тэр гантилыг үлдээгээд “одоо хүн залгангуут нь 50.000.000 төгрөгөөр зараарай, тэр хүн заавал авна” гэж хэлээд надад заруулсан байсан. Тухайн үед С “би мөнгийг чинь буцааж өгнө өө, надад 10 хоногийн хугацаа өгчих” гээд түүнтэй гэрээ байгуулах гэтэл миний иргэний үнэмлэх байхгүй байж таараад Насанбуян ахтай Сийг нотариатаар орж зээлийн гэрээ байгуулсан. Тэрнээс хойш Насанбуян ахын данс руу С 1.500.000 төгрөгийг хийгээд л тэрнээс хойш гар утсаа салгаад алга болчихсон. С тухайн үед Заяа буюу Хыг танихгүй гээд л бид нартай нийлж түүнийг хайгаад л жүжиглээд л байсан. Анхнаасаа ийм зохион байгуулалттай байсан. Хд бэлэн 49.700.000 төгрөгийг өгсөн. Тухайн мөнгийг солиулсан боловч 300.000 төгрөг дутсан юм. Тухайн үед рубль 35-37 орчим ханштай байсан. Би 30.000 гаран рубль солиулсан. Мөнгийг тоолж аваагүй, тухайн мөнгө хар өнгийн гялгар ууттай байсан. Тэр чигээр нь тэр залууд өгсөн. Тэгэхэд Х тэр хоёр машинаас буугаад өөр нэг машинд суугаад явсан. ...” /1хх 5-6, 3хх 148/,

            гэрч Ө.Насанбуянгийн “...Х. С С гэдэг хүнтэй хамт Оросын Холбооны улс руу гантил авах гээд хамт явах гэж байхад нь танилцсан юм. ...Х. С, С хоёр Монгол Улс руу гантил авах гээд ... Оросын холбооны улсаас ирсэн байсан. Х. С Монгол Улсад ирээд "Заяа гэдэг хүүхнээс 50.000.000 төгрөгөөр төмөр гантил авсан чинь хулхидуулчихлаа” гэсэн. ...Тэгтэл С “миний буруу, би бүх мөнгийг чинь төлнө өө, надад хугацаа өгөөч ээ, би зээлийн гэрээ хийж өгье” гээд тухайн үед  Ст бичиг баримт байгаагүй учраас би Стэй зээлийн гэрээ хийсэн юм. ... Заяа гэдэг эмэгтэйгийн жинхэнэ нэрийг Х гэдэг. Гэхдээ гэрийнхэн болон найзууд нь түүнийг Заяа гэж дууддаг учраас би ч гэсэн тэгж дууддаг юм. ...” /1хх 30/,

            гэрч Б.Цогт-Отгоны "... С нь Заяа, түүний нөхөр хоёроор мөнгө зээлүүлсэн. Тэр өрөө төлөхийн тулд өөрөө хуурамч гийр хийгээд Заяагаар Х. Ст өөрөө хийсэн гэж мэдэгдэлгүйгээр 50.000.000 төгрөгөөр заруулсан байсан. Өөрөө түүнийгээ хүлээн зөвшөөрөөд надад хэд хоногийн хугацаа өгөөч, би мөнгийг чинь төлнө гэж хэлсэн. ...” /1хх 32/,

            гэрч Г.Мөнхболдын "... С нь манай эхнэр Хд “Чи 25.000.000 төгрөг олоод өгчих, энэ мөнгөөр чинь Москва явж төмөр гантил буюу гийр аваад цааш нь зарна. Цаашаа хужаад маш үнэтэй авдаг юм. Би чиний мөнгөөр ийм гантил худалдан авч цааш нь үнэтэй зараад чамд мөнгийг чинь 65.000.000 төгрөг болгоод өгнө, чи ямар нэгэн аргаар мөнгө олоод өгчих" гэж хэлсэн. Тэгээд найз Мөнхдалайгаас 10.000.000 төгрөгийг, найз Мягмарсүрэнгээс 15.000.000 төгрөгийг 50 хувийн хүүтэй зээлэхээр тохиролцсон. Тэгээд Мөнхдалай мөнгө зээлж байгаа хүнтэйгээ гэрээ хийнэ гээд Стэй 22.000.000 төгрөгийн гэрээ хийж нотариатаар батлуулсан. Гэхдээ 25.000.000 төгрөгийг түүнд өгсөн. ...Манай эхнэрийн нэр нь хүндэдсэн гээд лам Заяа гэж дуудаж бай гэсэн юм. Тэгээд Заяа гэж дууддаг болсон юм. Манай эхнэр  Ст төмөр гантил зарсныг сүүлд мэдсэн. С энэ явдлаас хойш 1 сарын дараа буюу 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гараад манай эхнэр бид хоёрыг гэртээ байж байхад 24кг хэмжээтэй төмөр гантил авчирч өгөөд "ах нь Улан-Үдэ явлаа, энийг өөртөө байлгаж бай, ах нь ирээд энэ гантилыг зараад мөнгийг чинь өгчихье” гэж хэлээд явсан юм. Тэгээд хэд хоногийн дараа манай эхнэр рүү С мессежээр нэг хүний дугаар явуулаад “энэ хүн рүү яриад уг төмөр гантилыг зар” гэж хэлсэн байсан. Тэгээд манай эхнэр тэр хүн рүү нь холбогдоход Мийгаа гэдэг хүн байсан гэсэн. Тэгээд ярьж байгаад тэр хүнд уг төмөр гантилыг Сийн хэлснээр 50.000.000 төгрөгөөр зарсан байсныг сүүлд мэдсэн. Тэгээд тэр авсан хүн нь "үнэд хүрдэг гантил биш байна" гэж манай эхнэр рүү буцааж залгаад бөөн юм болоход нь манай эхнэр С рүү залгахад "зүгээрээ санаа зовох юм байхгүй" гэж хэлсэн. Үүнээс хоёр хоногийн дараа С бид хоёрыг "та хоёр хөдөө яв, хэд хоног явж байгаад ир, та хоёрыг нөгөө хүмүүс чинь хайж байгаа" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би эхнэр рүүгээ "чи ямар хүнтэй танилцаж, юу хийчхээд одоо ингэж оргодол шиг зугтаж явах ёстой юм. Чи анх наад Сэ танилцуулсан Насанбуян ах руу залгаж юу болоод байгааг нь асуу" гэж хэлээд манай эхнэр Насанбуян руу залгахад Насанбуян нь шөнө ирээд бүх учрыг хэлтэл "за би маргааш ирье” гээд маргааш нь ирээд бид хоёрыг Холидэй гэдэг зочид буудал руу оруулаад тэнд Сийг дуудуулсан. Сийг ирэхэд тэнд Насанбуян, түүний хоёр найз, манай эхнэр бид хоёр бид хэд байсан. ...С тухайн үед "би Заяагаар заруулдаг л буруудлаа, дэмий Заяагаар зарууллаа, миний буруу би мөнгийг чинь төлнө” гэж өөрөө үнэд хүрдэггүй гантилыг албаар  Ст заруулснаа хүлээн зөвшөөрч, “мөнгийг чинь өгнө хугацаа хэрэгтэй" гээд Насанбуян ахтай гэрээ байгуулсан байсан. ...Манай эхнэр бол  Сыг нэг ч удаа хараагүй, Сийн хэлснээр тэр гантилыг зарсан байсан. ...” /1хх 38/,

            гэрч Ж.Отгонбаярын "... Х эгч над руу залгаад “манай гэрт төмөр гантил байгаа, түүнийг аваад парк дээр хүрээд ир, хүнд зарах гэж байгаа юм” гэсэн. Тэгэхлээр нь би гэрээс нь очиж тэр төмөр гантилыг аваад парк дээр очиход Х, мөн тэр төмөр гантилыг худалдаж авах гэж байгаа гээд туранхай залуу байсан. Тэгээд тэр эрэгтэй төмөр гантилыг үзээд цаашаагаа хүн рүү бичлэг, зураг үзүүлээд байх шиг байсан. Тэгээд Т.Хаас тэр залуу “найдвартай юм байгаа биз дээ, хамт явж задалж үзье” гэхэд Х “би мэдэхгүй ээ, наадахыг чинь мэдэхгүй, би энэ чигээр нь л зарна, та нар цаашаагаа яаж ашгаа олно уу, өөрсдөө мэд, сайн шалгаад өөрсдөө ав” гэж хэлээд тэд нар нь хажууд нь утас тавьж үзээд л унагаж, босгоод л шалгаж байгаад авахаар болоод мөнгөө өгөхөд би 50.000.000 төгрөг байсныг тоолж авсан. ...Анх удаа мэдүүлэг өгөхөд 50.000.000 төгрөг гэж бодож өгсөн. Тухайн үед мөнгө тоолж авахад 50.000.000 төгрөг хүрэхгүй, 200-300 гаруй мянган төгрөг дутаж байсан. Мөнгө багцаараа байсан учир нэг бүрчлэн тоолж аваагүй, тэд нарын яриагаар дутаж байгаа гэж хэлж байсан. ...” /1хх 40, 3хх 149/,

            гэрч Н.Мягмарсайханы “...Миний утас руу танихгүй дугаараас “төмөр гантил өндөр үнээр авдаг хүн мөн үү” гэсэн мессеж ирсэн. ...С хуурамч гантилыг  Стай хамт байж бид нараар дамжуулан Заяа буюу Хаар  Ст заруулсан гэдгээ хэлж мөнгийг чинь удахгүй өгнө гэж хэлж байсан. ...” /1хх 50/,

            гэрч Б.Намбаярын "...С над руу залгаад "би нөгөө 15.000.000 төгрөгийн үнэтэй гантилыг чинь зохицуулаад авчихсан, мөнгөө нэхээд амар заяа үзүүлэхгүй байхаар нь Хд өгчихсөн, үүнийг л зарна” гэж хэлсэн. ...Нөгөө гантилаа Хд үлдээчхээд  Стай хамт Оросын холбооны улс руу явчихсан байсан. ...С манайд өглөөгүүр ирсэн. Тэгэхдээ надад “нөгөө Хд үлдээсэн гантилаа Улан-Үдээс ирсэн 3 буриадад Хаар 45.000.000 төгрөгөөр заруулчихлаа. Гэхдээ  С, би, тэр 3 буриад бид 5 хэрвээ тэр гантил дотор юм байхгүй болбол хувааж 9, 9 сая төгрөгөө төлж шархаа нөхнө гэж тохирсон. Би тэр гантилыг худалдаж авснаа, дотроо юмгүй гэдгийг  С болон тэр гурван буриадад хэлээгүй ээ” гэж хэлсэн. ...С надад “хүмүүсийн өрийг өгөх шаардлагатай байна, нөгөө үлдсэн 400.000 гаруй рубль байгаа, хоёулаа гантил олж цааш нь үнэд хүргэж зарж хүмүүсийн өрийг өгье” гэж ятгаад тэгээд бид хоёр гантил хайж байгаад дотроо юмгүй гэх тэр 24 кг гантилыг очиж үзсэн юм. Тэгсэн чинь С надад мэдэгдэлгүйгээр тэр гантилыг худалдаж аваад Хд үлдээчхээд өөрөө  Стай хамт Оросын холбооны, улс руу явсан байсан. ...” /1хх 53/,

            яллагдагч Б.Сийн “...  С “Улаанбаатарт нэг гантилын сураг гарлаа 50.000.000 төгрөг гэж байна" гэсэн. ...  Стай би “ямар гантил вэ, хэнээс авах гэж байгаа юм бэ” гэхэд Мийгаа ахтай уулзаж байж болохгүй бол би мэдэхгүй байна, гантил байна гэсэн найдвартай гэсэн гэж хэлсэн. Тэгээд үзэхэд миний Хд өгсөн гантил мөн байсан. ...Би  Сд тэр гантилын талаар хэлээгүй. ...Би Хд гантил худалдаж авсан талаараа хэлээгүй, өөрөө хийсэн гэж хэлсэн. ...Тухайн үед мөнгө нэхээд надаас шалаад байсан. Тэгэхлээр нь цаг хугацаа авахын тулд гантил хийж байна гээд хэлчихсэн юм. ...” /1хх 81-82/,

            яллагдагч Т.Хы "... С 2015 оны 8 дугаар сард надад “чи надад 25.000.000 төгрөг өгчих би чамд нэмээд 40.000.000, нийтдээ 65.000.000 төгрөг болгоод өгье, Оросын Холбооны улс руу явж төмөр гантил аваад 100.000.000 төгрөгөөр зарна, тэгээд чамд мөнгийг чинь өгөөд би  С, Намбаяр гэдэг хоёр найзтайгаа үлдсэн мөнгийг хувааж авна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би мөнгө хайя гээд хэлчихсэн байсан. Би Сд “мөнгө олдохгүй байна” гэсэн чинь "би Оросын Холбооны улсад хүн хүлээлгэчихсэн байна, чи юу яриад байгаа юм, мөнгө олооч дээ" гээд байсан. Тэгэхлээр нь би найз Мөнхдалай, Мягмарсүрэн хоёроос 50 хувийн хүүтэй, Мөнхдалайгаас 10.000.0000 төгрөгийг, Мягмарсүрэнгээс 15.000.000 төгрөгийг нийтдээ 25.000.000 төгрөгийг зээлсэн. Тэгээд С явахаар болоход нь би нөхрөө заавал хамт явуулна гээд С манай нөхөр хоёр явахаар болж 25.000.000 төгрөгөө очоод ажил бүтэхээр Оросын Холбооны улс руу гуйвуулна гэж тохирсон. Тэгээд тэнд очсоных нь дараа холбогдоход С “ажил төрөл бүтэж байна, төмөр гантил мөн байна, мөнгө явуул” гэсэн. Тэгэхээр нь би ОХУ-руу 25.000.000 төгрөгнөөс үлдсэн мөнгийг нь Төрийн банкаар дамжуулан 550.000 рубль буюу 18.700.000 төгрөгийг явуулсан. Тэгсэн чинь 3 хоногийн дараа “ажил бүтэхээ больчихлоо” гээд над руу 450.000 рублийг буцааж явуулсан. Тухайн үед С “наймаа бүтээгүй, гэхдээ санаа зоволтгүй, энд зөндөө төмөр гантилын сураг байна, ах нь өрийг чинь дарж өгнөө, наад мөнгөө байлгаж бай” гэж хэлсэн. Тэгэхээр нь би түүнд итгэсэн. 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр С “Мөнхболд бид хоёр Улан-Үдэд ирчихлээ, энд зөндөө гантилын сураг байна, чи наад мөнгөө манай найз Намбаярт өгөөд явуул” гээд би тэр өдөрт нь Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн хажууд байдаг Худалдаа хөгжпийн банкны ойролцоо Намбаярт уг мөнгийг уулзаж өгсөн. Мөнгө өгсөн талаар бичлэг байгаа, түүнийг гаргаж өгсөн. Тэгээд тэд нар 2016 оны 8 дугаар сарын 25, 26-ны үед наймаа бүтсэнгүй гээд л хүрээд ирсэн. Би ирснээс нь хойш байнга “би хүнээс мөнгө зээлээд танд өгчихсөн өр нэхэгдэж байна ядаж наад 450.000 рублиэ өгөө нөгөө өрөндөө өгье” гэхэд С “байж бай одоо зөндөө гантилын наймаа байгаа санаа зоволтгүй” гэж байсан. 2016 оны 9 дүгээр сарын сүүлчээр С “би Улан-Үдэ явлаа, тэнд жинхэнэ юм олчихсон авах хүмүүсээ тэнд дуудчихсан, явлаа, ах нь мөнгийг чинь юм болгочихсон, одоо мөнгө байхгүй надад замын зардал хэрэгтэй байна” гээд надаас 3 сая таруй төгрөг зээлж авсан. Тэгэхдээ надад “нэг ачааны машин байгаа тэрийгээ ломбардад тавиад энэ мөнгийг чинь гаргаад өгнө” гэж хэлсэн. Тэгээд явах өдрөө “чамд нэг гантил үлдээчихье, чи аваад байж бай” гээд нэг гантил үлдээсэн. Явснаасаа хойш 1-2 хоногийн дараа надтай холбогдоод нэг утасны дугаар өгөөд “энэ утсаар холбогдоод наад гантилаа 40.000.000 төгрөгөөр зараадах” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “энэ чинь тэгээд найдвартай юм уу” гэж асуухад “наадах чинь асуудалгүй дотроос нь бол юм гарна” гэж хэлсэн. Тэгээд тэр утас руу нь залгахад Мийгаа гэж хүн байсан, түүний найз Энхбаатар гэж хүн байсан ямар ч байсан энэ хоёр хүнтэй холбогдоод тэр хоёр хүнд “надад энд нэг төмөр гантил байна, би төмөр гантил мэдэхгүй ээ, чи өөрөө үзээд нөгөө үнэтэй гантил мөн байвал ав” гэж хэлээд тэр хоёртой уулзахад “наадах чинь яг мөн юм шиг байна авъя" гээд явсан. Тэгэхээр нь би Сд тэр хүмүүс авъя гэж байна гэж хэлэхэд “одоо тэр хүмүүсээсээ мөнгийг нь үзье гэж хэл гэхдээ 50.000.000 төгрөг гэж хэлээрэй” гээд тэгээд тэр хүмүүст би Сийн хэлснээр “мөнгөө үзүүл” гэж хэлэхэд мөнгөнийхөө зургийг надад явуулж үзүүлсэн. Тэгсэн чинь уг гантилыг авъя гээд Х. С гэдэг хүн надтай холбогдсон. Тэгэхэд С “чи наад гантилаа хүнээр заруулаарай, өөрөө авч очиж болохгүй шүү, эмэгтэй хүнийг шууд дээрэмдээд аваад явчихдаг юм” гэж хэлсэн. Би Х. Стай 2016 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улсын Их дэлгүүрийн баруун талд уулзаад гантилыг зарахаар болж Х. Сын мөнгийг зарим нь рубль байсныг солиулаад 50.000.000 төгрөгийг бүрдүүлэх гэхэд мөнгө нь хүрэхгүй 300.000 гаруй төгрөг дутаад тэгээд нөгөө гантилыг Сийн хэлснээр би өөрийнхөө Отгонбаяр /99802868/ гэдэг найзаар хүүхдийн парк дээр авчруулаад Х. Стай би хамт хүүхдийн парк дээр очоод “энэ хүний гантил байгаа юм, чи сайн үзээд биш бол битгий аваарай, үнэхээр мөн аваарай” гэж хэлээд Х. С тэр гантилыг тухайн үед үзээд зургийг нь аваад, бичлэгийг нь хийгээд видео дуудлага хийгээд цааш нь хүнд үзүүлээд нөгөө хүн нь “мөн байна аваа ав” гэж хэлсэн. Тэгээд 49.700.000 орчим төгрөгийг манай найз Отгонбаяр тоолж аваад Х. С гантилыг аваад явсан. Тэгээд тэр авсан мөнгөө би бүхэлд нь өрөндөө өгөх гэтэл С “бүгдийг нь өгч чадахгүй, чи наад гантил заруулсан хүндээ 1.500.000 төгрөгийг өгөөд өөрөө 25.000.000 төгрөгөө, нэмээд 7 сая төгрөгийг л ав, үлдсэнийг нь надад өг” гэсэн гэхдээ тэр өдөр бол завгүй байна гээд надтай уулзаагүй ба 6.000.000 төгрөгийг нь хуваагаад ээжийнхээ дансаар авсан. Үлдсэн мөнгийг бэлнээр өөрөө авсан. Гантил зарсан орой буюу 2016 оны 9 дүгээр сарын 25-ны орой Энхбаатар над руу залгаад “энэ гантил чинь хуурамч байна, нөгөө хүн чинь хаана байна, мөнгөө буцааж авмаар байна” гэсэн. Тэгэхээр нь би С рүү “энэ гантил чинь хуурамч байна гэж байна ш дээ, дотроос нь юм гараагүй гэж байна” гэж хэлтэл “санаа зоволтгүй ээ, ах нь өөрөө зохицуулна, чи утсаа унтраагаад нөхөртэйгөө хамт 1, 2 сар хөдөө яваад ирээ, ирэхээр чинь ах нь бүх зүйлийг зохицуулчихсан байна” гэж хэлсэн. Тэгсэн чинь манай нөхөр “наад Сэс чинь хамаг юм болж байна, чи наад хүнээ танилцуулсан Насанбуян ах руугаа ярь энэ болсон явдлыг бүгдийг нь хэл” гээд би Насанбуян ах руу ярьж энэ бүх явдлыг хэлээд Х. С руу залгаж бас болсон бүх учрыг нь хэлэх гээд Насанбуян ахаас утасных нь дугаарыг асуухад Насанбуян ах “чи Х. С руу битгий хэл ээ, намайг очтол байж бай, би очоод бүх явдлын учрыг нь олоод өгнө, би Х. С, С хоёрыг хоёуланг нь танина гэсэн. Тэгсэн чинь Насанбуян ах бид хоёр дээр үүрээр ирээд бид хоёрыг сансарт “Холидэй” гэдэг нэртэй зочид буудал руу хүргэж өгөөд энд байж бай өглөө ирье гэсэн. Тэгээд би өглөө нь Насанбуян ах руу ярьтал Өнөрөө, Оти гэдэг хоёр найзтайгаа ирсэн ба би болсон бүх явдлаа ярьсан. Тэгээд “цагдаагийн байгууллагад хандъя,  Сд хэлье” гэхэд “цагдаад хэлээд хэрэггүй, бид гурав бүх явдлыг зохицуулна, асуудалгүй” гэж хэлсэн. Тэгсэн чинь тэд нар “за одоо Сийг дууд” гэсэн. Тэгэхээр нь би С рүү залгахад гар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь “асуудал гарлаа, яг одоо холбогдохгүй бол би цагдаад мэдэгдлээ” гэж мессеж бичсэн. Тэгсэн чинь С залгахаар нь би байгаа зочид буудалдаа дуудсан. Тэгсэн чинь С ирсэн, Насанбуян, Оти, Өнөрөө гурав доор хүлээж байгаад араас нь орж ирсэн.  С болон Мийгаа хоёр араас нь ирсэн. Тэгээд болсон бүх явдлыг ярьсан. С ч тухайн үед “за яахав миний буруу, Заяагаар заруулсан нь ёстой буруу болчихлоо, би бүх буруугаа хүлээж байна, гэхдээ би мөнгийг чинь төлнө надад хугацаа өгчих” гэж хэлсэн. Би бол тухайн үед бүх үнэнгээ тэр хүмүүст энэ хэрэгт ямар ч хамааралгүй гэдгээ хэлсэн. Манай нөхөр бас тэнд байсан. Тэр мөнгө бол  Сын мөнгө байсан. Тэд нар Сд хугацаа өгч зээлийн гэрээ хийсэн байсан. ...Сд 16.200.000 төгрөгийг, зээлдээ 32.000.000 төгрөгийг, гантил зарж өгсөн найздаа 1.500.000 төгрөгийг тус тус өгсөн. Мөн С надаас энэ хугацаанд хүүхдийн сургууль орох боллоо, ломбардад тавьсан автомашиныхаа хугацааг сунгамаар байна гэх зэргээр мөнгө хэрэг болоод байна гээд надаас цувуулаад 3.000.000 төгрөг зээлж авсан тэр мөнгөө одоо хүртэл өгөөгүй байгаа. ...” /2хх 196-198/ гэсэн мэдүүлгүүд,

            эд зүйлд үзлэг хийж хураан авсан тухай тэмдэглэл /1хх 17, 1хх 23, 2хх 88/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /1хх 127/, вальют арилжааны баримт /1хх 19/, зээлийн гэрээ /1хх 20, 43, 48,/, Г.Мөнхболдын депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 122-123/, Г.Бгийн депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 129-130, 228-229/, Т.Х, Б.С нарын харилцаж байсан баримтууд /1хх 21, 126, 230-233/, Б.С, Б.Намбаяр нарын харилцаж байсан баримтууд /1хх 236-242/, хохирогч Т Васильевич /2хх 124-126/, ханшийн лавлагаа /Зххн 152/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

            Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.С, Т.Х нарыг хохирогч В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан “СССР” гэсэн бичиглэлтэй гирийг В.Т, Х. С нарт нийт 49.700.000 төгрөгөөр худалдаж, мөнгийг нь хуваан авсан буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

            Шүүгдэгч Б.Сийн Т.Хтай бүлэглэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 49.700.000 төгрөгийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч Т.Хы Б.Стэй бүлэглэн В.Т, Х. С нарын хүсэл сонирхлыг ашиглан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 49.700.000 төгрөгийг авч залилсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.С, Т.Х нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байна.

            Иймд шүүгдэгч Б.Сэс “...Би хохирлыг төлж барагдуулсан. Энд байхад миний сахарын өвчин хүндэрсэн тул хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Б.Сийн өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагваас “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирлыг бүрэн хэмжээгээр төлсөн. ...Хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Т.Хаас “...Надад нэг удаа боломж олгож нарт хорвоод хүний заяаг олж мэндлэх хүүхдийг минь бодож тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Ц.Дэлгэрнямаас “...Шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг харгалзан үзэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно” гэх заалтын дагуу шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг тэнсэж, хянан харгалзах эсхүл хорихоос өөр төрлийн ял шийтгэх оногдуулж өгнө үү. ...” гэсэн,

            шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Т.Багахүүгээс “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлд зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д заасны дагуу шүүгдэгч Т.Хд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэг болон 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх арга хэмжээ авч, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгч нар шүүгдэгч Ч.Сэргэлэнг дарамтад оруулж, эрүү шүүлт тулган хэрэг хүлээлгэсэн, прокурор ял тохирсон гэх нөхцөл байдал баримтаар тогтоогдохгүй байна.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно. ...” гэж заасан заалт нь шүүхэд эрх олгосон заалт бөгөөд заавал хэрэгжүүлэхээр үүрэг болгосон заалт биш юм.

            Нөгөөтэйгүүр, шүүх дээрх зүйл, хэсгийг хэрэглээгүй явдал нь Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн үндэслэлд хамаарахгүй юм.

            Харин шүүгдэгч Б.Сийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулсан, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөн шүүгдэгч Т.Хы үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчид учирсан хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж, шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Т.Хыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй байна.

            Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 2020/ШЦТ/770 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сийг 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва, шүүгдэгч Т.Хы өмгөөлөгч Т.Багахүү, Ц.Дэлгэрням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

                        ДАРГЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ЧУЛУУНЦЭЦЭГ

                        ШҮҮГЧ                                                            Б.ЗОРИГ

                        ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ