Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2020/00840

 

Г.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ц.Ичинхорлоо нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Г.Бийн нэхэмжлэлтэй, хариуцагч “АГ” ХХК-д холбогдох орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ц.Ичинхорлоогийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн Б.Хонгорзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Б нь “Атмор  групп” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв үнэ 2 800 000 төгрөг нийт үнэ 205 000 000 төгрөгөөр худалдан авах зорилгоор “Орон сууц захиалгын гэрээ”-г харилцан тохиролцож байгуулсан. Г.Б 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр урьдчилгаа төлбөрт 15 000 000 төгрөгийг “АГ” ХХК-ийн данс руу шилжүүлсэн. Гэвч “АГ” ХХК нь тус гэрээний 2.3-т заасны дагуу нийт үнийн дүнгийн 160 000 000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлд хамруулж өгөөгүйгээс үлдэгдэл төлбөрийг төлж орон сууцандаа орох боломжгүй болсон. Иймд нэхэмжлэгч гэрээнээс татгалзах тухай мэдэгдлийг хариуцагчид хүргүүлж, урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг буцаан нэхэмжилсэн боловч хариуцагч нь одоог хүртэл урьдчилгаа төлбөрийг буцаан олгохгүй байгаа тул тус гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 15 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд хуульд заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Туяажаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Г.Б нь манай “АГ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2 800 000 төгрөг буюу нийт үнэ 205 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Ингээд дээрх талуудын хооронд байгуулагдсан Орон сууц захиалгын гэрээ-ний графикийн дагуу нийт төлбөр болох 205 000 000 төгрөгийг дараах графикийн дагуу захиалагч Г.Б нь төлөхөөр тохиролцсон юм. Гэрээний 2.3-т “гэрээний нийт үнийн дүнгээс 160 000 000 төгрөгийг Үндэсний хөрөнгө оруулалтын банк ХХК-ийн зээлд хамруулж, 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор багтааж, гүйцэтгэгч талын дансанд төлбөрийг шилжүүлсэн байна”, 2.4-т гэрээний нийт үнийн дүнгээс үлдэгдэл төлбөр болох 30 000 000 төгрөгийг захиалагч 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор гүйцэтгэгчийн дансанд шилжүүлж, төлбөр барагдуулж дуусгахаар болсон юм. Гэтэл захиалагч Г.Б нь дээрх гэрээнд заасан төлбөрийн үүргээс зөвхөн урьдчилгаа төлбөр болох 15 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд гэрээнд заасан бусад төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсээр байсан атлаа тус орон сууцанд амьдарсаар байсан тул манай гүйцэтгэгч компанийн зүгээс уг гэрээний 2.3, 2.4-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад захиалагч нь уг гэрээний 4.12 болон 6.1-д тус тус зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан юм. Гэрээний 4.12-т Захиалагч өөрийн хүсэлтээр эсвэл энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан тохиолдолд уг орон сууцыг дараагийн захиалагч худалдан авахаар гэрээ байгуулж, захиалагчийн төлсөн төлбөртэй дүйцэхүйц хэмжээний төлбөр орж ирсэн үед гэрээний 6.1-д заасан торгуулийг суутган тооцуулж, үлдсэн төлбөрийг гүйцэтгэгчээс эргүүлэн авах эрхтэй, мөн гэрээний 6.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсэхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн төлөгдсөн төлбөрийн 20%-тай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заажээ. Иймд одоогийн байдлаар гэрээний 4.12-т заасанчлан уг орон сууцыг дараагийн худалдан авагч худалдан авсан зүйл байхгүй буюу уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд ямар нэгэн төлбөр орж ирсэн зүйл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.

            Шүүх: . Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг баримтлан “АГ” ХХК-аас 15 000 000 төгрөгийг гаргуулж Г.Бт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 232 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 232 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Шүүхийн шийдвэрийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хуулийн этгээдээс төлбөр гаргуулах журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн байна.

Хариуцагчийн төлөөлөгч С.Саруулсайхан давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ... Иргэн Г.Б нь манай “АГ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орон сууц захиалгын гэрээ-г байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 5 дугаар хэсэг, Дүнжингарав гудамж, 50/2 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 1 м.кв-ын үнэ 2 800 000 төгрөг буюу нийт үнэ 205 000 000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцсон. Гэтэл захиалагч Г.Б нь дээрх гэрээнд заасан төлбөрийн үүргээс зөвхөн урьдчилгаа төлбөр болох 15 000 000 төгрөгийг 2018 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн бөгөөд гэрээнд заасан бусад төлбөрийг төлөх үүргээ биелүүлэлгүй хугацаа хэтрүүлсээр байсан атлаа тус орон сууцанд амьдарсаар байсан тул манай гүйцэтгэгч компанийн зүгээс уг гэрээний 2.3, 2.4-т заасан төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардахад захиалагч нь уг гэрээний 4.12 болон 6.1-д тус тус зааснаар өөрийн хүсэлтээр гэрээг цуцалсан юм. Гэтэл захиалагч Г.Б нь тус шүүхэд нэхэмжлэл гаргахдаа гэрээнд заасан захиалагч талын төлбөр төлөх үүргийг, гүйцэтгэгч талын үүрэг байсан мэтээр тайлбарлаж захиалагч талын буруутай үйлдлээс болж, уг гэрээг захиалагч талын санаачилгаар цуцалсан бодит нөхцөл байдлыг буруугаар тайлбарласан байна. Гэрээний 6.1-д Захиалагч нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс эсэхүл цаашид биелүүлэх боломжгүй болсон, эсхүл захиалагчийн хүсэлтээр гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн төлөгдсөн төлбөрийн 20%-тай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлнө гэж тус тус заасан байдаг. Одоогийн байдлаар гэрээний 4.12-т заасанчлан уг орон сууцыг дараагийн худалдан авагч худалдан авсан зүйл байхгүй буюу уг орон сууцыг худалдан авахаар гэрээ байгуулсан зүйл байхгүй бөгөөд ямар нэгэн төлбөр орж ирсэн зүйл байхгүй тул уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэргийн бодит нөхцөл байдлыг тодруулаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Хянавал

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч Г.Б нь хариуцагч “АГ” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, орон сууцны урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөг буцаан гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ. /хх.1,17, 25-26/

            Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ эс зөвшөөрсөн үндэслэлээ “...гэрээ цуцлагдсан тохиолдолд орон сууцны үнийн төлөгдсөн төлбөрийн 20%-тай тэнцэх торгуулийг гүйцэтгэгчид төлөх ёстой” гэжээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд Г.Б, хариуцагч “АГ” ХХК-тай 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулж Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо 5 хэсэг Дүнжингарав гудамжинд байрлалтай 50/2 дугаар байрны 10 тоот хаягт байрлах 75 м.кв талбайтай орон сууцыг 205 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцжээ. Хариуцагч орон сууцны урьдчилгаа төлбөрт 15 000 000 төгрөгийг төлсөн үйл баримтын талаар маргаагүй байна. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь зөв болжээ./хх 4-6/

            Худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдан авагч буюу нэхэмжлэгч Г.Б нь орон сууцны үлдэгдэл төлбөр 160 000 000 төгрөгийг “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” ХХК-ийн зээлээр 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн дотор, 30 000 000 төгрөгийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн дотор тус тус төлж барагдуулах, төлбөрийг бүрэн барагдуулсан үед худалдагч буюу хариуцагч “АГ” ХХК нь орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн байна.

            Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар талуудын аль нэг нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн бөгөөд үүрэг гүйцэтгэх нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй бөгөөд нэхэмжлэгч Г.Б гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болсон үйл баримт тогтоогдсон байна.

Гэрээ биелэгдээгүйд талуудын хэн альнийг буруутгах боломжгүй байх бөгөөд нэхэмжлэгч тал гэрээний үүрэг биелэгдэх боломжгүй болсон тул гэрээг цуцалж урьдчилгаанд төлсөн 15 000 000 төгрөгийг нэхэмжилсэн гэж тайлбарлаж байгаа бөгөөд хариуцагч гэрээ цуцлагдсан талаар маргаагүй тул гэрээ цуцлагдсан гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй юм. 

            Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлагдсан гэж дүгнэж Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч байгууллагаас 15 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.5 дахь хэсэгт “Үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал нь төлөхөөр хууль болон гэрээнд урьдчилан тодорхой хэмжээгээр заасан, эсхүл гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн тодорхой хувиар тогтоосон анзыг торгууль гэнэ” гэж заасан бөгөөд торгууль нь үүргийн гүйцэтгэлийг хангах нэг арга бөгөөд цуцлагдсан гэрээнд үүргийн гүйцэтгэлийг хангах аргыг хэрэглэх боломжгүй юм. Энэ талаар давж заалдсан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 181/ШШ2020/00443 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 235 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                   ШҮҮГЧИД                                  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                      Ц.ИЧИНХОРЛОО