| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2024/02558/И |
| Дугаар | 102/ШШ2024/04258 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 102/ШШ2024/04258
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 20 дугаар хороо, давхарт байршилтай А ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тоотод оршин суух З овогтой НД холбогдох,
323,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч А ю ХХК нь Н.Дд холбогдуулан 323,410 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 Нямдорж овогтой Д нь Баянгол дүүргийн 4 хороонд Б нэртэй хүнсний дэлгүүр ажиллуулдаг бөгөөд манай байгууллагын харилцагч билээ. Н.Д нь 2023.07.20-ны өдөр манай байгууллагаас өөрийн ажиллуулдаг Б дэлгүүртээ 196,920 төгрөгийн үнийн дүнтэй бүхий Харбин, Др.Дизель шар айраг худалдан авсан. Гэвч худалдан авсан барааны төлбөрийг төлөхгүй байсан тул 2023.10.07-ны өдөр №23/07 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. Гэрээнд заасны дагуу 2023.10.20-ны өдөр төлбөр тооцоог төлж дуусгах байсан боловч төлбөр төлөлт хийгдээгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3, 5 дугаар зүйлийн 5.1 дахь заалтыг баримтлан шүүхийн байгууллагаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Н.Д нь 196,920 төгрөгийг тохиролцсон хугацаа буюу 2023.10.20-ны өдрөөс өнөөдрийг хүртэл буюу 2024.04.05-ны өдрийг хүртэл хугацаа хэтэрсэн байгаа ба Иргэний хуулийн 232.4-т заасны дагуу нэхэмжилж буй мөнгөн дүнгийн 50 хувиар буюу 96,490 төгрөгийн алдангийг нэмж тооцон нэхэмжлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.
Иймд хариуцагчаас компанид төлөх шаардлагатай үнсдэн төлбөр 196,920 төгрөг, алданги 96,490 төгрөг, нотлох баримтыг нотариатаар батлуулсны төлбөр 30,000 төгрөг, нийт 323,410 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч Н.Д шүүхэд хариу тайлбар ирүүлээгүй болно.
3. Нэхэмжлэгчээс Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, А ю ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ, Итгэмжлэл, Төлбөр барагдуулах гэрээ, Бараа материалын зарлагын баримт, Нэхэмжлэх зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч А ю ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Н.Д нь 2023.07.20-ны өдөр манай байгууллагаас өөрийн ажиллуулдаг дэлгүүртээ 196,920 төгрөгийн бараа худалдан авсан боловч төлбөрийг төлөөгүй учраас 2023.10.07-ны өдөр №23/07 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулан төлөхөөр харилцан тохиролцсон. Хариуцагч гэрээнд заасны дагуу төлөөгүй тул гэрээний 3 дугаар зүйлийн 3.3-т зааснаар 196,920 төгрөг, алданги 96,490 төгрөг, нотлох баримтыг нотариатаар батлуулсны төлбөр 30,000 төгрөг, нийт 323,410 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч Н.Дд шүүх 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
4.1 Нэхэмжлэгч А ю ХХК, хариуцагч Н.Д нар 2023.07.20-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ-г амаар байгуулж, уг гэрээгээр А ю ХХК-аас 196,920 төгрөгийн үнийн дүн бүхий Харбин, Др.Дизель шар айрагийг Н.Д худалдан авахаар тохиролцсон болох нь 2023.07.20-ны өдрийн зарлагын баримт, А ю ХХК-ийн №2023-AU дугаар бүхий нэхэмжлэхээр тогтоогдож байна.
4.2 Талуудын хооронд 2023.10.07-ны өдрийн 23/07 тоот Төлбөр барагдуулах гэрээ байгуулагдсан байх ба гэрээгээр Н.Д нь 2023.07.20-ны өдөр худалдан авсан бараа бүтээгдэхүүн үнэ 196,920 төгрөгийг 2023.10.20-ны өдрийн дотор А ю ХХК-д төлөх, төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,5 хувийн алданги төлөх үүргийг хүлээхээр харилцан тохиролцжээ.
5. Энэ нь зохигчдын хооронд 2023.07.20-ны өдөр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болно.
Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ болон төлбөр барагдуулах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр гэж үзнэ.
6. Нэхэмжлэгч А ю ХХК-аас 196,920 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг хариуцагч Н.Дын өмчлөлд шилжүүлж, хариуцагч уг хөрөнгийг хүлээн авсан боловч хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргээ биелүүлээгүй болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх тул гэрээний үүрэгт хариуцагчаас 196,920 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч шаардах эрхтэй юм.
7. Талуудын хооронд 2023.10.07-ны өдрийн 23/07 тоот Төлбөр барагдуулах гэрээний 3.3-т төлбөр төлөгч нь төлбөрийг тохиролцсон хугацаанд төлөөгүй хугацаа хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувийн алдангийг хоног тутамд төлнө гэж тохиролцсон байх бөгөөд уг тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, 232.6-д заасантай нийцжээ.
Алдангийн хэмжээг гэрээний 3.2-т заасан төлбөр төлөх хамгийн сүүлийн хугацаа буюу 2023.10.20-ны өдрөөс хойш нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл гүйцэтгээгүй үүрэг болох 196,920 төгрөгийн 0,5 хувиар тооцоход гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх ба нэхэмжлэгчээс гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 49 хувь болох 96,490 төгрөгийг шаардсаныг буруутгах боломжгүй байна.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дах хэсэгт зааснаар хариуцагч Н.Д нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийг хүртэл биелүүлээгүй байна.
Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дах хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэх хуулийн зохицуулалттай. Иймээс хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэхээр тогтсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч үүргээ хэрэгжүүлээгүй болно.
9. Нэхэмжлэгчээс шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардалд зарцуулсан 30,000 төгрөгийг нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан гэрээнээс учирсан хохирол гэж үзэх үндэслэлтэй тул уг шаардлагыг хангах нь зүйтэй байна.
10. Иймд нэхэмжлэгч А ю ХХК-д Худалдах-худалдан авах гэрээ гэрээний дагуу 196,920 төгрөг, алданги 96,490 төгрөг, нотариатын зардалд 30,000 төгрөг, нийт 323,410 төгрөгийг хариуцагч Н.Д төлөх үүрэгтэй байна.
11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.4, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Даас 323,410 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А ю ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 10,352 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,352 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ