Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 183/ШШ2024/03666

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 16 өдөр Дугаар 183/ШШ2024/03666 Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүргийн ** дугаар хороо Ривер гарден ** тоотод оршин суух Дын Л  /РД:УЗ*******/-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн * дугаар хороо Үндсэн хуулийн гудамж * хаягт байрлах Ш  газар Банкны өр барагдуулах газарт холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Ө , нарийн бичгийн дарга Э.Дулмаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь: 

 

1. Нэхэмжлэгч Д.Л  нь хариуцагч Ш газар Банкны өр барагдуулах газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.

 

2. Нэхэмжлэгч Д.Л шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь заалтыг үндэслэн шинжээчийн тогтоосон эд хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч, хянуулахаар гомдол, нэхэмжлэл гаргаж байна. Нэхэмжлэгч миний бие Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дүгээр захирамжаар Хаан банканд 620.717.050 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжийн 1 665 868 төгрөгийн төлбөртэй, уг зээлийн үүрэгт Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Их Монгол гудамж, *** дугаар байр, *** тоотод байрлах 351.5 м.кв талбайтай, эрхийн улсын Ү-2******** дугаарт бүртгэлтэй, хувийн орон сууцаа барьцаалсан юм. Дээрх шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааг Банкны төлбөр барагдуулах газраас гүйцэтгэж байгаа бөгөөд үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хувийн сууцыг шинжээч томилж, 1.872.207.117 төгрөгөөр үнэлүүлсэн. Уг үнэлгээ нь өнөөгийн зах зээлийн үнэ ханшид нийцээгүй, хэт доогуур үнэлгээ тогтоогдсоны гадна хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл явц нь холбогдох хуульд нийцээгүй, өмчлөгч миний эрхийг хөндөж, дараах хуулийг зөрчиж, албадлагын арга хэмжээ хэрэгжүүлж байгаад гомдолтой байна. Үүнд: Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд хөрөнгийн үнэлгээг харилцан тохиролцоогүй гэх үндэслэлээр шийдвэр гүйцэтгэгч 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр Шинжээч томилох тухай 05/44 дүгээр тогтоолоор С ХХК-ийг шинжээчээр томилж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулсан байна. Дээрх 2024 оны 05/44 дүгээр тогтоолын тогтоох хэсгийн 2-т шинжээчийн эрх. үүргийг хэн, ямар этгээдэд танилцуулсан нь тодорхойгүй, бичвэр огт үйлдээгүй тогтоол баталсан атлаа үнэлгээчин Д.Э д тогтоол танилцуулсан тухай гарын үсэг зуруулсан байна. Мөн шийдвэр гүйцэтгэгчээс уг үнэлгээчинд шинжээчээр ороллохтсй холбоотой хууль зүйн үндэслэл, хуулиар олгогдсон эрх, үүргийг танилцуулж холбогдох баримтуудыг үйлджээ. Шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05/44 дүгээр тогтоол, эрх, үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлд тусгагдсан зүйл, заалтуудыг одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиас харахад тухайн ажиллагаанд огт хамааралгүй, хууль зүйн үндэслэлүүд байх юм. Өөрөөр хэлбэл шийдвэр гүйцэтгэгч хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй, 2022 онд хүчингүй болсон Шүүхийн шинжилгээний хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн заалтуудыг хэрэглэсэн, түүнчлэн шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримтууд нь хугацааны хувьд 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр, мөн оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэсэн өөр хоорондоо зөрүүтэй огноотойгоор үйлдэгджээ. Шийдвэр гүйцэтгэгчийн уг тогтоол, тэмдэглэл нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 3.1, 12.2, 13.2 дахь заалтуудад нийцээгүй, хуулиар тогтоосон үндэслэлээ зөрчсөн байна. Шийдвэр гүйцэтгэгч С  ХХК-ийг шинжээчээр томилсон ч уг хуулийн этгээдээс үнэлгээчин Д.Э ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах эрх олгосон баримт байхгүй бөгөөд үнэлгээчин хөлсөөр, гэрээгээр ажиллаж байгаа эсхүл хамаарал бүхий этгээд болох тухай ямар ч баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй, ийм баримтуудыг талуудад шийдвэр гүйцэтгэгч огт танилцуулаагүй болно. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланг С ХХК-аас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/0085 дугаар албан бичигт хавсаргаж, хариуцагчид ирүүлсэн байна. Уг албан бичгийг захирал И.З  баталгаажуулсан ч хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин Д.Э , туслах Г.Д нар баталгаажуулж, гарын үсэг зурсан байна. Шинжээчээр томилогдсон С  ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд үүсгэн байгуулагчаар 2 этгээд бүртгэгдсэн, хугацаагүй эрхтэй үнэлгээчин гэх Д.Э ы талаарх мэдээлэл байхгүй байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42.1-д шийдвэр гүйцэтгэгчээс томилсон этгээд шинжээчээр ажиллахаар хуульчилсан, үнэлгээчин Д.Э г шинжээчээр томилсон ямар ч шийдвэр байхгүй байхад шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд эрхгүй этгээдийг оролцуулж, өөр хоорондоо зөрүүтэй баримтуудыг үйлдсэн байна. Хөрөнгийн үнэлгээний тайлантай танилцахад өртөгийн болон зах зээлийн жишиг үнийн харьцуулалтын аргыг ашиглаж, үүнээс зах зээлийн аргыг сонгон төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээг тогтоосон байна. Зах зээлийн жишиг үнэ тогтоох эх сурвалж болгон ашиглаж, харьцуулалт хийсэн гэх 3 үл хөдлөх эд хөрөнгө нь хэдийгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байршилтай ч хүрээлэн байгаа орчин, байршил, зай, зах зээлийн үнэ цэнийн хувьд эрс ялгаатай байхад адилтган авч үзэж, үнийн жишиг эх сурвалж болгож, харьцуулалт хийсэн нь үндэслэлгүй байна. Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 8-9 дүгээр хуудаст бичигдсэн, зах зээлийн үнийн харьцуулалтын эх сурвалж гэх цахим хаягт байршуулсан өөр хувийн сууцны мэдээлэлтэй танилцахад зах зээлийн үнэ ялгаатай байна. Тухайлбал.Зарын 81**** дугаарт бүртгэгдсэн, 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цахим хаягт оруулсан ХУД-ийн 11 дүгээр хороонд байрлах Эрдэнийн төгөл хотхоны ** давхар 210 м.кв талбай бүхий хувийн сууцны худалдан борлуулах үнэ 2.4 тэрбум төгрөг байна. Гэтэл хөрөнгийн үнэлгээний тайланд бичигдсэн дээрх хөрөнгөтэй нэгэн адил байршилд байгаа хувийн сууц 1.8 тэрбум төгрөг гэж, харьцуулалт хийсэн, түүнчлэн үнийн харьцуулалт хийхээр сонгосон 3 хөрөнгийг ямар үндэслэлээр сонгож, харьцуулалтын эх сурвалж болгон ашигласан нь тодорхойгүй байна. Мөн төлбөрт хураагдсан хувийн сууц нь 351.5 м.кв талбайтай байхад 32.0 хувиар бага буюу 240м.кв талбай бүхий хувийн сууцыг сонгож, харьцуулалт хийж бодитой бус хөрөнгийн үнэлгээ тогтоосон гэж үзэж байна. Иймд төлбөрт хураагдсан хөрөнгийн үнэлгээ тогтоох үйл явцыг хянаж, хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож, өмчлөгчийн эрхийг хамгаалж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Ө  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үүссэн. Төлбөр төлөгчид төлбөрийг төлөхийг удаа дараа мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй учраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах гэж заасан учраас хөрөнгийг битүүмжлэн, хураасан. Талуудаас үнийн санал авахад талууд харилцан тохиролцож тогтоогоогүй тул шинжээчээр Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны дагуу Сүлд үнэлгээ ХХК-ийг томилсон. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан шаардлага, 17 дугаар зүйлийн 17.4, 15 дугаар зүйлийн 15.8 дахь хэсэгт зааснаар шинжээчийг томилсон. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хөрөнгийн үнэлгээний тайланг харьцангуй бага гаргасан гэж байгаа боловч түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн харьцуулсан хөрөнгө Эрдэнийн төгөл хотхон ийм үнэтэй гэж тухайн зард гаргасан тухайн хүн өөрийн хөрөнгөө үнэлсэн санал болохоос биш, хөрөнгийн үнэлгээний тайлангаар баталгаажсан үнийн дүн биш байна. Мөн м.кв талбайн үнийг тогтоогоод уг үнийг гаргасан. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэв.

 

4. Нэхэмжлэгч тал нотлох баримтаар: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 3/2415 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг, нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Сү айлан, иргэн Г.Б д олгосон итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.

 

5. Хариуцагч тал нотлох баримтаар: иргэн Э.Б , М.Өл  нарт олгосон итгэмжлэл, 2021 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн 183/ГХ2022/00149 дугаар гүйцэтгэх хуудасны хуулбар, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дугаар шүүхийн шийдвэрийн хуулбар, 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 2***дугаар шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 23360718/06 дугаар эд хөрөнөг битүүмжлэх тухай тогтоолын хуулбар, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 23360718/11 дугаар эд хөрөнгө хураах тухай тогтоолын хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл, 2024 оны 5 дугаар сарны 03-ны өдрийн 3/2102 дугаар Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 34/2600 дугаартай Хаан банкны үнийн санал хүргүүлэх тухай албан бичиг, үнийн саналыг мессеж чатаар авсан зураг, 2024 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 3/2102 дугаар Банкны төлбөр барагдуулах газрын албан бичгийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 05/44 дугаар шинжээч томилох тухай тогтоолын хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн Шинжээч дүгнэлт, үнэлгээний тайлан хүлээлцсэн баримт, 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэлийн хуулбар, шинжээч үлд үнэлгээ ХХК-ийн тайлан хүргүүлэх тухай албан бичиг, С  ХХК-ийн Хөрөнгийн үнэлгээний тайлан 22 хуудас, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/2414 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар, 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлийн хуулбар, 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 3/2415 дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгийн хуулбар зэргийг гаргаж өгсөн.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагчийн хариу тайлбар болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Нэхэмжлэгч Д.Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч Д.Л  нь Ш  газар Банкны өр барагдуулах газарт холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

3. Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байна.

 

4. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 183/ШШ2020/03204 дугаартай захирамжаар хариуцагч Д.Л  нь зээлийн гэрээний үүрэгт төлөх 620.717.050 төгрөгийг төлөхөө хүлээн зөвшөөрсөн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна. /хх-ийн 42/

 

5. Төлбөр төлөгч Д.Л  нь зээлийн гэрээний төлбөрийг сайн дураараа төлөөгүй тул төлбөр авагч Хаан банк нь албадан гүйцэтгүүлэхээр хүсэлт гаргаж 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр гүйцэтгэх хуудас бичүүлж Н  газарт хүргүүлсэн байна. /хх-ийн 41/

 

6. Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн №23360718 дугаартай Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэх тухай тогтоол-оор 215 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч, ахлах дэслэгч М.Ө  шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахаар болжээ. /хх-ийн 44/

 

7. Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №23360718/06 дугаартай Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол-оор нэхэмжлэгч Д.Л йн үл хөдлөх эд хөрөнгө болох:

Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Их монгол гудамж *** дугаар байр *** тоотод байрлах Ү-2****** улсын бүртгэлийн дугаартай 351.5 мкв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжилсэн байна. /хх-ийн 45-47/

 

8. Банкны төлбөр барагдуулах газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн №23360718/11 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоол-оор дээрх битүүмжилсэн үл хөдлөх эд хөрөнгийг хураан авах ажиллагааг хийж гүйцэтгэсэн байна. /хх-ийн 48-52/

 

9. Төлбөр авагч Хаан банк болон эд хөрөнгийн өмчлөгч Д.Л  нараас үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнийн санал авахад Хаан банк 559.316.753 төгрөг гэж, Д.Л  2.000.000 амдоллар гэж тус тус үнэлсэн байна. /хх-ийн 54, 55/

 

10. Талууд үл хөдлөх эд хөрөнгийг өөр өөрөөр үнэлсэн, гаргасан үнийн саналыг харилцан хүлээн зөвшөөрөөгүй тул шийдвэр гүйцэтгэгч нь 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн №05/44 дугаартай Шинжээч томилох тухай тогтоол-оор С  ХХК-ийн үнэлгээчин Б.Э ыг шинжээчээр томилжээ. /хх-ийн 57/

 

11. Ийнхүү С  ХХК-ийн үнэлгээчин Б.Э нь Хан-Уул дүүргийн * дүгээр хороо, Их монгол гудамж *** дугаар байр *** тоотод байрлах Ү-2  улсын бүртгэлийн дугаартай 351.5 мкв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгөд үнэлгээ тогтоохоор болж, хөрөнгийн үнэлгээний тайлангаа гаргаж тайланг Банкны төлбөр барагдуулах газарт 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүргүүлсэн байна. /хх-ийн 62/

 

12. Банкны төлбөр барагдуулах газраас явуулсан үл хөдлөх эд хөрөнгийг битүүмжлэх, хураан авах, хөрөнгийг үнэлэхээр шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49, 54 дүгээр зүйлүүдэд заасан төлбөр төлөгчийн хөрөнгийг битүүмжлэх, хураах журмыг зөрчөөгүй байна.

 

13. Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д Үнэлгээчин гэж энэ хуулийн 15.1-д заасан үнэлгээ хийх эрх авсан иргэнийг хэлнэ гэж, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.3.1-т Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээдийн нэр, хөрөнгийн үнэлгээ хийх эрх, зөвшөөрлийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, мэргэжлийн хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл-ийг хөрөнгийн үнэлгээний тайланд тусгана гэж заажээ.

 

14. С  ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд хуульд заасан дээрх мэдээллийг бүрэн гүйцэт тусгасан байна. /хх-ийн 65/

 

15. С  ХХК нь даатгалын хохирлын үнэлгээ хийх хугацаагүй эрхтэй бөгөөд хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөлтэй болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 80-82/

 

16. С ХХК-ийн үнэлгээчин Д.Э  нь тусай зөвшөөрөл эзэмшигч мөн бөгөөд түүнд хөрөнгийн үнэлгээчний эрхийг хугацаагүйгээр олгосон байна. /хх-ийн 84/

 

17. Нэхэмжлэгч Д.Л  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа ... шийдвэр гүйцэтгэгч С  ХХК-ийг шинжээчээр томилсон ч уг хуулийн этгээдээс үнэлгээчин Д.Э ыг шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд оролцуулах эрх олгосон баримт байхгүй, үнэлгээчин хөлсөөр, гэрээгээр ажиллаж байгаа эсхүл хамаарал бүхий этгээд болох тухай ямар ч баримт шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэгт байхгүй, ийм баримтуудыг талуудад шийдвэр гүйцэтгэгч огт танилцуулаагүй ... түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланг Сүлд үнэлгээ ХХК-аас 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 1/0085 дугаар албан бичигт хавсаргаж, хариуцагчид ирүүлсэн байна. Уг албан бичгийг захирал И.З баталгаажуулсан ч хөрөнгийн үнэлгээний тайланг үнэлгээчин Д.Э , туслах Г.Д нар баталгаажуулж, гарын үсэг зурсан ... шийдвэр гүйцэтгэгчийн 2024 оны 05/44 дүгээр тогтоол, эрх үүрэг танилцуулсан тухай тэмдэглэлд тусгагдсан зүйл заалтууд одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Шүүх шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулиас харахад тухайн ажиллагаанд огт хамааралгүй, хууль зүйн үндэслэлгүй байх юм ... өөрөөр хэлбэл хүчингүй болсон хуулийн заалтуудыг хэрэглэсэн түүнчлэн шинжээчид эрх, үүрэг танилцуулсан баримтууд нь хугацааны хувьд 2024.5.08, 2024.08.08 гэсэн огноотойгоор үйлдэгдсэн ... гэж тайлбарласан,

хариуцагч байгууллагын төлөлөөгч М.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ... тойргийн журмаар шинжээч томилогддог. Манайхтай гэрээ байгуулаад тойргоороо С  ХХК томилогдсон, би С ХХК-ийг томилъё гэх эрх надад байхгүй 2024 оны 5 дугаар сарын 08-ны өдөр гэснийг 2024 оны 8 дугаар сарын 08-ны өдөр гэж техникийн алдаа юм байна лээ. 5 гэсэн тоо 8 болсноороо хөндлөнгийн үнэлгээнд нөлөө үзүүлэх зүйл байхгүй гэж тайлбарлаж байна.

 

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад үнэлгээчин Д.Э д мэргэжил, ажлын дадлага, туршлага, мэргэшсэн байдал, тухайн хэрэгт хувийн сонирхолтой эсэхийг тодруулан, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан эрх, үүрэг, хариуцлагыг тайлбарлан танилцуулсан, мөн шийдвэр гүйцэтгэгч нь үнэлгээчин Д.Энхтайванд Шүүх шинжилгээний тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Эрүүгийн хуулийн холбогдох заалтуудыг танилцуулсан, Шүүхийн шийдвэр гүцэтгэх тухай хуулийн 43.1, 43.4-т заасан шийдвэр гүйцэтгэх ажиллагаанаас татгалзан гарах үндэслэл байгаа эсэх, Шийдвэр гүцэтгэх ажиллагааны талууд тэдгээртэй хамаарал бүхий этгээдтэй хамааралтай эсэх зэрэг холбогдох хуулийг тайлбарлан, сануулсан болох нь Банкны төлбөр барагдуулах газрын шинжээчид эрх, үүрэг тайлбарласан баримт-аар нотлогдож байна. /хх-ийн 59-61/

 

Мөн хариуцагч байгууллагын төлөлөөгч М.Ө  нь дээрх хуулийн зүйл заалтыг тайлбарлан танилцуулахдаа 2024.05.08-гэснийг 2024.08.08 гэж бичиж техникийн шинжтэй алдаа гаргасан байна гэж үзэхээр байх бөгөөд энэхүү алдааг гаргаснаар хөрөнгийн үнэлгээний тайланг үндэслэлгүй гарсан байна гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шинжээчид хөрөнгийн үнэлгээ хийхэд шаардлагатай мэдээллийг тодруулсан, холбогдох хуулийг сануулсан байна гэж үзлээ.

 

Өөрөөр хэлбэл үнэлгээчин Д.Э д

 

18. Иймд нэхэмжлэгч Д.Л ийн хөрөнгийн үнэлгээтэй холбоотой гаргасан дээрх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

 

19. Үнэлгээчин Д.Э  нь Хан-Уул дүүргийн ** дүгээр хороо, Их монгол гудамж *** дугаар байр *** тоотод байрлах Ү-22***** улсын бүртгэлийн дугаартай 351.5 мкв талбайтай орон сууцны зориулалтай үл хөдлөх эд хөрөнгийг 1.872.207.117 төгрөгөөр үнэлж, хөрөнгийн үнэлгээний тайлангаа Банкны төлбөр барагдуулах газарт хүргүүлсэн болох нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн С  ХХК-ийн 1/0085 дугаартай албан бичгээр нотлогдож байна. /хх-ийн 62-79/

 

20. Шийдвэр гүйцэтгэгч нь хөрөнгийн үнэлгээчин Д.Э ы гаргасан хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн аваад төлбөр авагч Хаан банк, төлбөр төлөгч Д.Л нарт 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр танилцуулсан болох нь Ш  газар Банкны төлбөр барагдуулах газрын 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 3/2414, 3/2415 дугаартай мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичиг болон шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр тус тус нотлогдож байна. /хх-ийн 85-88/

 

21. Нэхэмжлэгч Д.Л  хөрөнгийн үнэлгээний тайланг 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр танилцаад эс зөвшөөрч тус шүүхэд 2024 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 

22. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж санал хүсэлтийг авч тэмдэглэл хөтөлнө гэж, мөн хуулийн 55.7-д талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо энэ хуулийн 55.3-т заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргаж болно гэж тус тус заасан байна.

 

23. Нэхэмжлэгч Д.Л нь хөрөнгийн үнэлгээний тайланг мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдлоо гаргах эрхтэй байсан боловч энэхүү хугацааг хэтрүүлсэн байна. Өөрөөр хэлбэл хөрөнгийн үнэлгээний тайланг эс зөвшөөрч гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн байна.

 

24. Иймд Ш газар Банкны өр барагдуулах газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д.Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

25. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б д шүүх хуралдааны товыг 2024 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр мэдэгдсэн байна.

 

Шүүх хуралдаанд оролцвол зохих этгээдэд шүүх хуралдааны товыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүхэд ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүрэлцэн ирээгүй шалтгаан нь тодорхой бус байвал түүнийг шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байна гэж үзнэ.

 

Товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Баярхүү нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагч байгууллагын төлөөлөгч нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ирээгүй тул эзгүйд нь хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөлөөгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг тэмдэглэлээ.

 

26. Хэрэгт авагдсан дээрхи баримтууд нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, бичмэл нотлох баримтын шаардлага хангасан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв баримт гэж үнэлсэн болно.

 

27. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Лхагвадоржийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 119 дүгээр зүйлд заасныг удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар Ш газар Банкны өр барагдуулах газарт холбогдох хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч Д ын Л ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, мөн хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Л ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ОЮУН-ЭРДЭНЭ