Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2024/03873

 

 

 

 

 

 

 

 

 

2024 оны 08 сарын 07 өдөр                Дугаар 102/ШШ2024/03873                           Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ................,

Хариуцагч: .....................,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хаалттайгаар хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд  нэхэмжлэгч ............., хариуцагч ...........нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Урантэс хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ...... шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Миний бие 2008 онд ........тай хамтран амьдарч, ........гэх охинтой болсон. Тухайн жилд охин маань 6 сартайдаа өөд болж, түүнээс хойш бид хамтран амьдрахаа болиод 16 жил болж байна. Бидний дунд ямар нэгэн хөрөнгө, үр хүүхэд байхгүй, олон жил холбоогүй байж тус тусын амьдралаар амьдарч байгаа тул гэрлэлтийн бүртгэлээ салгуулах хүсэлт гаргаж байна. Тус шүүхэд 2024 оны 4 дүгээр сард .........гийн хаягийг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны цагдаагийн хэсгээс холбогдон хаягийг тогтоож өгсөн. ........ хаяг тодорхойгүйн улмаас холбогдож чадахгүй байсан учир энэ хаягийн дагуу шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулахаар нэхэмжлэл гаргасан. Бид цаашид хамтран амьдрах боломжгүй, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй...гэв.

2. Хариуцагч ........ шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ......... бид хоёрын дунд эд хөрөнгийн болон үр хүүхдийн ямар нэгэн маргаан байхгүй. Хоорондын харилцааны доголдлоос болж салаад тусдаа амьдарсан. Тэр үеэсээ хойш уулзалдаагүй. Тиймээс нэхэмжлэлийг зөвшөөрч байна. Эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд..........ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна...гэв.

3. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан нотлох баримтын шаардлага хангасан баримтууд болох: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-3/, өөрийн иргэний үнэмлэхийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-4/, гэрлэлтийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /хх-5/, ........оршин суух хаягийг тогтоосон Баянгол дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичгийн эх хувь /хх-6/, өөрийн байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-7/ зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан байна.

4. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүхэд аливаа бичмэл нотлох баримт гаргаагүй болно.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. ..... нь .........д холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргасныг шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч шаардах эрхийн үндэслэлээ “хариуцагчтай хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарсан, цаашид хамтран амьдрах боломжгүй” гэж тодорхойлсон.

3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн ба шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй тухай тайлбарлав.

4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

4.1. Гэрлэгчид 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлж хууль ёсны гэр бүл болжээ.

4.2. Тэдний дундаас 2008 онд охин ......... төрсөн боловч 6 сартайдаа нас барж, гэрлэгчид хоорондын таарамжгүй харилцааны улмаас 2009 оноос хойш тусдаа амьдарсан байна.

5. Гэрлэгчид 2009 оноос хойш тусдаа амьдарсан, хоорондын зан харилцааны хувьд таарамжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон талаар хэн аль нь тайлбарлаж гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн.

6. Гэрлэгчид тусдаа амьдраад олон жил болсон, тэдний дунд 18 насанд хүрээгүй хүүхэд байхгүй, шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаан байхгүй үед Гэр бүлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны журмаар гэрлэлтээ цуцлуулах боломжтой.

7. Гэвч олон жил холбоогүй байсны улмаас хариуцагчийн хаягийг шүүхийн шийдвэрийн дагуу эрэн сурвалжлуулан олж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хэргийн харъяалал зөрчсөн гэж үзэхгүй тул шүүхийн журмаар тэдний гэрлэлтийг цуцалж болно.

8. Иймд Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар ....., ..........нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.  

9. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан Монгол улсын иргэн ..............., Монгол улсын иргэн ................нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч .........ас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ............д олгосугай.

3. Гэрлэгчид шүүхээр шийдвэрлүүлэх гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба, зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 А.САРАНТУЯА