Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 128/шш2020/0679

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ би О.Г*******-О******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч О.Г*******-О тус шүүхэд 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлснийг хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.Г*******-О шүүхэд бичгээр ирүүлсэн хүсэлтдээ: Тус шүүхэд О.Г*******-О******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн улсын бүртгэлд бүртгэхээс татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан билээ.

Нэхэмжлэгч О.Г*******-О миний бие тус нэхэмжлэлийн шаардлагаасаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно. гэж заасны дагуу нэхэмжлэгч миний бие нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж байна. Тиймээс хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

О.Г*******-О******* нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Монголын Залуучуу******* холбооны 6 дугаар их хурлаас гарсан шийдвэрүүдийг бүртгэхийг даалгах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно, 66.2-т нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсанаа бичгээр илэрхийлнэ... гэж заасны дагуу нэхэмжлэгч О.Г*******-О нь 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдөр нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан тухай хүсэлтээ шүүхэд бичгээр ирүүлсэн байна.

Мөн нэхэмжлэгч О.Г*******-О Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх талаар тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ талаар ойлгож, түүнийг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.

Иймд нэхэмжлэгчийг нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т заасныг баримтлан О.Г*******-О******* гаргасан 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Монголын Залуучуу******* холбооны 6 дугаар их хурлаас гарсан шийдвэрүүдийг бүртгэхийг даалгах, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5, 69 дүгээр зүйлийн 69.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т тус тус заасны дагуу нэхэмжлэгч нь уг асуудлаар шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд хэргийн оролцогчид нь уг захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ       Б.МӨНХ-ЭРДЭНЭ