Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 2020/ДШМ/1476

 

 

З.Ж, Б.М нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Б.Батзориг, Г.Есөн-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загира, К.Мурагүл, тэдгээрийн өмгөөлөгч Ц.Амар, Б.Бат-Ерөөлт,

шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Наранцэцэг, Х.Даваахүү, Б.Гэрэл-Очир

нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/794 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Наранцэцэг, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудаар З.Ж, Б.М нарт холбогдох 1927000710226 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Г.Есөн-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            1. Г   овгийн Бы М, 1993 оны 2 дугаар сарын 8-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Өвөрхөнгай аймаг дахь Цагдаагийн газрын харьяа Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах хэлтсийн мөрдөн байцаагчаар ажиллаж байсан, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт ... оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            2.  Х овгийн Зын Ж, 1955 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Завхан аймагт төрсөн, 64 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 1, ... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

            Шүүгдэгч Б.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 99-52 УНЦ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт,

            шүүгдэгч З.Ж нь 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэрт байх “Уугант” гэх газар 04-44 УБҮ улсын дугаартай “Nissan Patrol” загварын тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.”, 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэснийг тус тус зөрчиж, Х.Быг дайрч, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

            Тээврийн прокурорын газраас: Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар, З.Жын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Г   овогт Бы Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан Автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч  Х овогт Зын Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 7 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жт тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж 1 жил хорих ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Б.М, З.Ж нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан Авлигатай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа хохирогч Х.Бын хувцаснууд, “ESSE” тамхины хайрцаг 1 ширхэг зэргийг устгахыг Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хэргийн хамт ирүүлсэн З.Жын 70387 дугаартай “В С О” ангиллын жолооны үнэмлэх, Б.Мийн В ангиллын 766620 дугаарын жолооны үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж, “Nissan Patrol” тээврийн хэрэгслийн 1 ширхэг дугуй, “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийн 2 ширхэг дугуй, 00378417 дугаарын гэрчилгээ, 02068213 дугаарын тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгож, 4 ширхэг сиди-г хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Жын цагдан хоригдсон 105 хоног, шүүгдэгч Б.Мийн цагдан хоригдсон 161 хоногийг тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тоолж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч нар бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч З.Ж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 65 настай Завхан аймагт амьдардаг. Би 2019 оны 2 дугаар сарын 24-ний орой 18 цагийн орчим Улаанбаатар хотоос гарч Хархорин сумаас 10 км орчим зайд 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө тухайн хэрэг болж байгаа газарт ирсэн. Цав цагаан царайтай талийгаач болсон хүнийг зам дээр хөндлөн бариад зогсож байсан. Би машинаа унагах шахаад тойрч гарсан. Үүнийг машинд явсан хүмүүс гэрчилнэ. Би хавтас хэргээс талийгаачийн цээж хувцсан дээрх дугуйны хээ 04-44 УБҮ “Потрал” машиных биш гэдгийг олж уншсан. Би энэ хэргийг хийгээгүй, хэлмэгдлээ гэж бодож ирсэн. Иймд намайг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хуралдаанд яллагдагч З.Жын холбогдсон хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд нотолбол зохих зүйлийг хуульчлан зааснаар хэргийн сэдэл шалтгаан нөхцөл, уг гэмт хэргийг хэн үйлдсэн талаар бүрэн дүүрэн нотолж чадалгүй гэрч Наранболдын мэдүүлгээр миний үйлчлүүлэгчийг яллагдагчаар татсан яллагдагчийн хууль ёсны эрх ашгийг зөрчиж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн дүүрэн хийгдээгүй байгаа учраас хэргийг прокурорт буцааж дахин мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай талаар өмгөөллийн дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс гэм буруутайд тооцсон. Хэргийн нөхцөл байдлын хүрээнд хавтаст хэрэгт улсын яллагчийн зүгээс Наранболдын мэдүүлэг, шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 154 дугаартай шинжээчийн дүгнэлтээр буруутгаж яллах дүгнэлт үйлдэж оруулж ирсэн. Гэрч Наранболд нь хэрэгт удаа дараа мэдүүлэг өгдөг боловч болсон хэргийг талаар үнэн зөв мэдүүлэг огт өгдөггүй хэрэгт ашиг сонирхол хамаарал бүхий этгээд юм. Наранболд нь “Тухайн үед бид гурав Хархорин сум руу явж байхад талийгаач Берикбол “бие засмаар байна, би буумаар байна” гэж хэлсэн. Тэгэхэд М “удахгүй сумын төв орлоо, төв орж байгаад бие зас” гэж хэлээд зогсохгүй яваад байсан. Тэгэхэд талийгаач Берикбол “зогсооч” гээд Мийн хажуугаас жолооны хүрдийг нь бариад машиныг дайвалзуулаад, би хойноос нь “зогс, зогс” гэж хэлээд М машинаа зогсоосон. Ингэхэд М машинаасаа бууж ирээд талийгаач Берикбол дээр очсон, тэр үед талийгаач Берикбол машинаас буугаад тэр хоёр машины хажууд барьцалдаж авсан, би ч жолооны эсрэг тал руу буугаад тэр хоёрын дундуур ороод “боль, боль” гэж хэлээд салсан. Тэгээд бид гурав машины хойд талд гараад “та хоёр хэрэлдэж маргахгүй шүү, бие засчихаад явья” гэж хэлсэн тэр үед тэр хоёр хоорондоо маргалдах, зодолдох шинжгүй байхаар нь би цаашаа далан руу буугаад бие зассан. Бие засах үед Мийн машин хаазлах чимээ гарахаар нь эргээд харахад М машин хөдлөөд явсан, ...тэгэхэд талийгаач Берикбол зам дээр зогссон нааш цааш гуйвж байснаа урагшаа хөллөж унаад улмаар дээшээ харсан. ...” гэсэн удаа дараагийн мэдүүлэг байдаг. Уг мэдүүлгээс амь хохирогч М хоёрын хооронд хувийн таарамжгүй харьцаа байсан болох мөн амь хохирогч Мийг машинтайгаа хөдлөхөд газар унаад дээшээ харж хэвтсэн болох нь тогтоодлоо гэж үзвэл хавтас хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн гэрч Ж, Амгалан, Ишжамц, Бархас, Чимгээ нарын мэдүүлгийн юу гэж үзэх вэ. Хэрэг болсон зам дээр хоёр суганаас нь өргөөд талийгаачийг чирээд явж байсан талаар харсан гэрч нарын мэдүүлгийг үнэлэхгүйгээр дан ганц Наранболдын мэдүүлгийг үнэлж, Жыг буруутгаж болохгүй. Шүүх эмнэлгийн 2018 оны 641 дугаартай шинээчийн дүгнэлтээр “...Цээж, хэвлийн хөндийг нээхэд дотор эрхтнүүдийн байрлал зөв, цээж, хэвлийн хөндийд илүүдэл агууламжгүй. ...Цээжний хэнхэрцэг, нугалам, нугас, дээд мөч, зүүн хөлийн яс бүтэн гэмтэлгүй. Баруун 10, 11 дүгээр хавирганы түвшинд суганы дунд шугамаар хавирганы гадна зөөлөн эдэд 12x7 см цус хуралттай, уг цус хуралтын доод талаас 12 дугаар хавирганаас эхлээд бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны доод хэсэг хүртэл гадна болон ар талаар 47x41 см уутлагдсан том шархтай, шархны хөндийд их хэмжээний нөжирсөн болон шингэн цус, няцарсан зөөлөн эд өөхөн дусал бүхий агууламжтай. Аарцагт умдагны хоёр талын дээд, доод салаа эрвээхий хэлбэрийн хугаралтай, зөрсөн, дээд салааны хугарлууд хэлтэрхий үүсгэсэн, баруун сүүжний дэлбэнд ууц сүүжний 2.5 см зайнаас эхлэн үелэмжээс хөндлөн аарцагны цагираг бүрэн тасарсан хугаралтай, уг хугарлаар гадагш зөрөхгүй хугарлын ирмэгүүд хоорондоо тээглэнэ, дотогш аарцагны хөндийрүү бүрэн салж зөрнө, зүүн сүүж ууцны үелэмжээр салж ангайсан хугаралттай өсгийнөөс дээш 69 см зайд дунд чөмөгний дунд 1/3 хэсгийн ар гадаргууд 4 см өргөн суурьтай гурвалжин хэлбэрийн хэлтэрхий үүсгэсэн хугаралтай, зөрөөтэй, дүгнэлт хэсэгт талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний Бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал, хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно. ...” гэсэн бөгөөд Ж амь хохирогчийг газар хэвтэж байхад нь дайрсан гэж анхан шатны шүүх дүгнэж үзэж байгаач уг дүгнэлтийг үгүйсгэх дараах нөхцөл байдлууд хэрэг нотлох баримтаар авагдсан. Гэрч Наранболд “амь хохирогч дээшээ хараад хэвтэхэд нь 04-44 УБҮ авто машин дайрсан” гэж мэдүүлдэг. Гэтэл шинжээч дүгнэлтдээ амь хохирогч доошоо харсан байхад уг гэмтлийг үүсэх боломжтой гэж шүүх дүгнээд байгаа нотлох баримтууд хоорондоо зөрчилдсөн. Ялтан Жын унаж явсан Ү-62 дугаартай 04-44 УБҮ улсын дугаартай машины бодит жин 4 дүгээр хавтаст хэргийн 121 талд 2720 тн жинтэй. Уг машинаар амь хохирогчийг 60-70 км цагийн хурдтай яваа машин дайрсан тохиолдолд яг юу болох вэ гэдэг хэнд ч ойлгомжтой. Амь хохирогчид бүтэн эрхтэн нэг ч үгүй байх байсан. Гэвч дээрх шинжээчийн дүгнэлтүүдээр амь хохирогчийн дотор эрхтнүүд ямар нэгэн няцрал бэртэл байхгүй. Харин баруун талд л гэмтэлтэй зүүн талын хөл бүтэн байгаа нь амь хохирогчийн Ж дайрсан болох нь хангалттай үгүйсэгддэг. Техникийн шинжээчийн дүгнэлт /хх 82-83/-д “...Дугуй хээний гүн нь баруун урд дугуй 9.21 мм, зүүн урд дугуй 10.26 мм, баруун хойд дугуй 9.3 мм, зүүн хойд дугуй 10.26 мм байгаа нь стандартын шаардлага хангаж байна” гэжээ эндээс үзэхэд 04-44 дугаартай авто машины дугуйн хээний гүний хэмжээ харагдаж байгаа бөгөөд амь хохирогчийн дайрсан тохиолдолд уутлагдсан шарх биш гадна хувцас болон бие эрхтэнд маш их хэмжээний хохирол учруулахаар байна. Улсын яллагчийн зүгээс 1534 дугаартай 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 191/-ээр буруутгаж байгаа бөгөөд уг нотлох баримтыг гэм буруутайд тооцох гол нотлох баримт болгосон. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /1хх/-д “...04-44 УБҮ улсын дугаартай ... маркийн автомашинд үзлэг хийхэд баруун талын урд дугуйны гадна хэсэгт юманд хавирч, үрэгдсэн байж болох ул мөр дугуйн резинэн хэсэгт байсан тул уг дугуйг жолоочоор нь тайлуулан авч нарийвчлан үзлэгийг нь хийхээр тогтов. ...” гэж эндээс үзэхэд уг дугуйг хураан авсан болох нь нотлогдож байна. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1624 дугаартай шинжээчийн дүгнэлт /2хх 111/ авагдсан бөгөөд уг шинжилгээгээр 04-44 УБҮ улсын дугаартай машины зүүн урд дугуйнд биологийн ул мөр байгаа эсэхийг шинжилсэн бөгөөд шинжилгээнд ирүүлсэн уг дугуйнд цус илрээгүй болох талаар дүгнэсэн байна. Энэ талаар ялтан Ж шүүхийн хэлэлцүүлэгт “...Анх миний машины дугуйг аваад бодис дусааж үзэхэд миний дугуй зүгээр байсан, ямар нэгэн зүйл гараагүй, харин миний дугуйнд Мийн хамааралтай хүмүүс биологийн шинжилгээг сольсон гэж үзэж байна. ...” гэж мэдүүлдэг нь ч үндэслэлтэй байхаар байгааг анхан шатны шүүхээс анхаарч үзнэ үү. Мөн уг хэргийг Хархорингийн цагдаагийн газраас Жт л холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан болохоос биш Мийг холбогдуулж шалгахыг хүсээгүй. Энэ нь ч тодорхой үйл баримтаар нотлогдоно. 1 дүгээр хавтаст хэргийн 6 дугаар талд “...92-52 УНЦ улсын дугаартай автомашины хойд гупер хэсэг нь цуурч хагарсан, скочор тогтоосон нь хуучирсан байдалтай, баруун талын кабины урд хаалганы шилэн дээр цус мэт зүйлийн улаан өнгийн толбо тогтсон байсныг тэмдэглэлд тусгаж авав. ... хавтаст хэргийн 18 дугаарт талд авагдсан зураг 28, 29 “, хавтаст хэргийн 70-73 дугаар тал 2019 оны 2 сарын 26-ны өдөр 99-52 УНЦ улсын дугаартай машинд үзлэг хийсэн бөгөөд “...кузовын зүүн доод хэсэг буюу зүүн лонжромны зүүн хажуу хэсгээс биологийн гаралтай эд зүйлийг гэрэл зургийн аргаар бэхжүүлж, хөвөн бамбайд шингээж хураан авав. ...хавтаст хэргийн 7 дугаарт талд авагдсан фото зураг 8, 9, 10 дугаартай фото зураг ...” зэргээр нотлогдсоор байхад уг тодорхой эд мөрийн баримт нь шүүх шинжилгээний дүгнэлтэд тэнцэхгүй, харин Жын авто машины зүүн дугуй дээрх цус нь талийгаачийн цус гэж гарч ирсэн нь хэргийн бодит байдлыг өөрчлөхийн тулд зориуд зохион байгуулалттай хийгдсэн гэж үздэг. Хархорин сумын цагдаагийн газрын мөрдөгч нар 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Жын авто машины зүүн урд дугуйг хураан авсан бөгөөд хураан авсан тогтоол үйлдээгүй тухайн ажиллагаагаа хүчинтэйд тооцуулах прокурорын тогтоол үйлдээгүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасны зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу олж авсан аливаа баримт мэдээллийг нотлох баримт гэнэ”, 6 дахь хэсэгт “Нотлох баримтыг хууль бус арга, хэрэгслээр цуглуулж , бэхжүүлэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн. Иймд хэргийг прокурорт буцааж амь хохирогчийн 04-44 улсын дугаартай машиныг барьж явсан З.Ж дайрсан эсэх, 2680 тн жинтэй авто машин 70-80 км цагийн хурдтай яваа машинд дайрагдсан тохиолдолд амь хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлээс илүү хүнд бяцрал, няцрал үүсэхээр байвч үүнийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрэв шүүхээс хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэвэл хавтас хэрэгт авагдсан эргэлзээ бүхий нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ял оногдуулсан. Уг хэргийн хүрээнд Жын унаж явсан машин амь хохирогчийг дайрсан тохиолдолд бяцрал, няцрал гээд маш олон тооны гэмтэл гарах байсан бөгөөд энэ талаар ч шинжээч эмч шүүх хуралдаан дээр тодорхой тайлбарласан. Ж нь болсон үйл баримтын талаар анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж ирсэн бөгөөд түүний мэдүүлгийг холбогдох нэр бүхий гэрч болох Ишжамц, Бархас, Чимгээ, Амгалан нар нотлон мэдүүлсээр байхад хэрэг үйлдээгүй хүнийг гэм буруутайд тооцож байгаад гомдолтой байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, шүүхээс 1 жилийн хорих ял авсан миний үйлчлүүлэгч З.Жын үйлдлийг 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч З.Жын өмгөөлөгч Д.Батбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...З.Ж 2019 оны 2 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө хэрэг үйлдэгдсэн гэх хэргийн газар очиход уг гэмт хэрэг үйлдэгдсэн байсан гэж үзэж байна. Хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас үзэхэд, шинжээчийн дүгнэлтүүд, гэрч Ө.Амгалан, Б.Чимгээ. Г.Бархас нарын мэдүүлгүүдээр энэ гэмт хэргийг шүүгдэгч Б.М үйлдсэн байсан нь нотлогддог. Гэрч Б.Наранболдын мэдүүлгээс дүгнэхэд “манай 2 маргалдаад нэгнийгээ машинаас унагачихсан, барьж авч чадсангүй” гэж анх хэлж байсныг гэрч Ө.Амгалан, Б.Чимгээ, Г.Бархас нар тодорхой мэдүүлдэг. Мөн амь хохирогчийг зам дээр чирчихсэн явж байсан нь тогтоогддог. Анхан шатны шүүх болсон үйл явдал, гэрчийн мэдүүлгүүд, шинжээч эмч Б.Тэнүүний 1624 дугаартай шинжээчийн дүгнэлтэд үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй. Дээрх нөхцөл байдлаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эргэлзээ төрж байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/794 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж З.Жт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.М давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн 1927000710226 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газар нь харьяалах мөрдөн шалгах байгууллагаар шалгуулаагүй. Мөрдөн шалгах байгууллагын харьяалал тогтоох Улсын Ерөнхий прокурорын А/67 дугаартай тушаалыг зөрчсөн. Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдөр баталж, 2018 онд өөрчлөлт оруулсан Мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоох А/67 дугаартай тушаалд Авлигатай тэмцэх газар нь Цагдаагийн албан хаагчийн ажлын байранд үйлдэгдсэн болон эрүүдэн шүүсэн гэмт хэргийг харьяаллын дагуу шалгана. Цагдаагийн албан хаагчийн үйлдсэн бусад гэмт хэргийг Цагдаагийн Ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъект үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс шалгана гэж заасан. Гэтэл намайг холбогдуулан шалгасан гэмт хэрэг нь Авлигатай тэмцэх газрын харьяаллын мөрдөн шалгах хэрэг биш Мөрдөн байцаах албаны тусгай субъект үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст харьяалагдах хэрэг байтал прокуророос мөрдөн шалгах ажиллагааны харьяалал зөрчиж Авлигатай тэмцэх газарт харьяаллыг тогтоож шалгуулсан. Уг хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хуулийн хүрээнд бүрэн гүйцэд хийгдээгүй. Миний бие гэм буруугүй болохоо нотлуулах зорилгоор мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр Авлигатай тэмцэх газар болон Тээврийн прокурорын газарт шат дарааллаар нь хүсэлтүүдийг гаргаж байсан боловч миний гаргасан хүсэлтүүдийг бүгдийг нь хүлээн авахаас татгалзсан хариу өгсөн. Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгууллага болон прокурорын зүгээс илтэд намайг буруутгах зорилгоор хэт нэг талыг барьж, нотлох баримтуудыг цуглуулсан. Энэ нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд хоорондоо уялдаа холбоогүй, эрс зөрүүтэй, хэргийн материал эмх замбараагүй байгаа байдлаас харагдана. Гэрч Б.Наранболд нь намайг талийгаачийг мөргөөгүй, талийгаач нь миний машины ард байсан, өөрөө гуйвж яваад дөрвөн хөллөж унаад улмаар Жын тээврийн хэрэгсэлд дайруулсан гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа, шүүх хуралд нэг удаа мэдүүлсэн. Хэрвээ талийгаач нь миний тээврийн хэрэгслийн урд хэсэгт мөргүүлж хөлдөө гэмтэл авсан бол тээврийн хэрэгслийн хойно алхаж явах, дөрвөн хөллөх боломжгүй гэдгийг шинжээч эмч Ч.Эрдэмболор шүүх хуралдаанд оролцохдоо мэдүүлсэн ба өөрийн гаргасан 641 дугаартай задлан шинжилгээний дүгнэлтийнхээ талаар эргэлзээтэй, дүгнэлттэйгээ нийцэхгүй, дүгнэлтээ гуйвуулж үгүйсгэсэн ноцтой зүйлүүдийг ярьж мэдүүлдэг. Дээрх нотлох баримтуудаар миний хувьд талийгаачийг тээврийн хэрэгслээрээ мөргөөгүй, талийгаач тээврийн хэрэгслийн ард байсан учраас би түүнийг тээврийн хэрэгслийнхээ урд хэсгээр араас нь хөл рүү нь мөргөх боломжгүй. Энэ гэмт хэрэгт би гэм буруугүй болох нь харагддаг. Гэтэл Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хавтас хэрэгт авагдсан эргэлзээтэй нотлох баримтуудаар намайг 7 жилийн хорих ялаар 2 дахь удаагаа шийтгэсэн. Миний бие өөрийн гэм буруугүй болохоо мөрдөн шалгах ажиллагаа, прокурор, шүүхийн шатанд хэлсээр ирсэн. Би 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс одоог хүртэл 196 хоног цагдан хоригдож байна. Би эхнэр 0-2 насны хоёр хүүхдийн хамт амьдардаг. Эхнэр маань одоо 2 нялх хүүхэдтэйгээ, эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй өдөр хоногийг хэцүүхэн өнгөрөөж байна. Миний хувьд эхнэр хүүхдүүдээ тэжээдэг байсан. Иймд миний гаргасан гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж, шаардлагатай мөрдөн шалгах ажиллагаануудыг бүрэн гүйцэд хийлгэж, намайг гэм буруугүй болохоо нотлуулах нөхцөл боломжоор хангаж, хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.М, З.Ж нарын гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт хуулийн шаардлага хангаагүй, үндэслэл муутай байна. Тухайлбал, Б.Мийн үйлдсэн хэрэг нь шүүгдэгч З.Ж, гэрч Ө.Амгалан, Б.Чимгээ, Б.Наранболд, Г.Бархас, Ч.Ишжамц, Д.Мөнхзул, Ц.Цоггэрэл, Г.Эрдэнэбат, Г.Уртнасанбаатар, шинжээч Ч.Эрдэмболор, Э.Энхболд, хохирогч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна /шийтгэх тогтоолын 22-26 дугаар хуудас/. З.Жын үйлдсэн хэрэг нь шүүгдэгч З.Ж, гэрч Ө.Амгалан, Б.Чимгээ, Б.Наранболд, Г.Бархас, Ч.Ишжамц, Д.Мөнхзул, Ц.Цоггэрэл, Г.Эрдэнэбат, Г.Уртнасанбаатар, шинжээч Ч.Эрдэмболор, Э.Энхболд, хохирогч нарын мэдүүлгүүд, бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна /шийтгэх тогтоолын 26-30 дугаар хуудас/ гэж тус тус дурджээ. Б.М, З.Ж нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, тэдгээрийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлтийг бүхэлд нь дүгнэвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан: “ ...Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, “ ... Гэмт хэрэг үйлдсэн хүн ... -ийг тогтоон шударгаар ял оногдуулах ... “ зарчмууд алдагдаж, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангаагүй байна. Эрүүгийн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үзвэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 4 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэнэ”, “Гэрч ... саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол ... хариуцлага хүлээлгэнэ” гэжээ. Гэрч Б.Наранболд “Би анх утсаар цагдаа руу мэдэгдэж, түргэн дуудсан” /1хх 3/, “Талийгаач “бие засмаар байна, зогс” гэсэн. М хөдлөөд явсан. Тэр үед талийгаач машины цаад талд замын эсрэг талд байсан. Талийгаач өөрөө явж байгаад дөрвөн хөллөөд унасан. Бүр дээшээ хараад хэвтээд өгсөн. Тэр үед Мийн машинтай нэг машин зөрөөд гараад ирсэн. Би “босоорой” гээд талийгаачийн мөрөн дээрээс татсан. Хар өнгийн “Патрол” талийгаачийн бөгсөн бие дээгүүр дайраад гарсан. Тэр машин нилээн явж байгаад замын хажуу руу орж зогссон. Тэр машины хүмүүс бууж ирэхгүй удсан. Би цагдаа, түргэн дуудсан. Талийгаач Мийг машинаа хөдөлгөөд явснаас хойш унасан. Би татаж авах гээд чадаагүй, “Та дээгүүр нь гарчихлаа” гэхэд ахимаг насны жолооч “Би дайраагүй, тойроод гарсан” гээд байсан” /1хх 109/, “04-44 дугаартай хар өнгийн “Патрол” маркийн машин талийгаачийн бөгсөн бие орчмоор дайрч гарчихаад 50-60 метр яваад зогссон. Жолооч нь машинаасаа бууж ирэхгүй байсан. Би очиж машины дугаарыг нь мэдэж авсан. Тэр “дайраагүй, тойроод гарсан” гээд байсан. М нь “талийгаач бид хоёрыг суучихлаа” гээд хөдөлсөн гэсэн” /1хх 120, 121/, Машин талийгаачийн бөгсөн бие дээгүүр дайраад гарсан. Талийгаач машинд дайрагдаад, дайрсан машины явж байсан чиглэл рүү бөмбөрөөд миний зогсож байсан газраас 2-3 м зайд доошоо харсан байрлалтай хэвтсэн. Талийгаачийг дайрсан машин зайтай зогссон. Талийгаачийг дайрагдах үед М хөдлөөд явсан байсан” /4хх 181/ гэж тус тус мэдүүлжээ. Гэрч Б.М “Би машинаа эргүүлээд гэрэл тусгах үед Наранболд миний өмнөөс ирсэн. Тэр үед, тэр талийгаач машинд дайруулчихлаа. Тэр хар “Патрол” гэсэн. ...” /1хх 100, 102/, Гэрч Ө.Амгалан “Дээлтэй залуу нь “та хөл нь дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. “Яасан бэ” гэж асуухад “манай 2 согтуу маргалдаж муудаж, энэ хүнийг машинаас унагаачихлаа” гэж хэлсэн /1хх 103/, Гэрч Б.Чимгээ “Юу болов оо, хүн чирчихсэн явж байна” гэж Жиндээ, Амгалан нарыг хэлэх үед би сэрсэн. “Хүн чирчихсэн явж байна” гэхэд Жиндээ машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. Монгол дээлтэй хүрэмтэй залуу “Жиндэд та хөл дээгүүр нь гарчихлаа” гэсэн /1хх 105/, Гэрч Г.Бархас “Нэгийгээ чирээд явж байтал танай машин манай хүний хөл дээгүүр гарчихлаа гэж байсан” /1хх 112/, Гэрч Ч.Ишжамц “Дээлтэй хүн, бид хоорондоо маргаад манай хүн машинаас уначихсан. Харин “Та нар хөл дээгүүр нь гараад явчихлаа гэж байсан” /1хх 118/, Яллагдагч З.Ж “Би чирэгдэж явсан хүний хөл дээгүүр зүүн урд дугуйгаараа дайраад гарсан. Миний ард “Маяти” маркийн машин зогссон. Энэ машины жолооч “миний машины дугаарыг хэлээд өг гэж байна” гэхээр нь би буусан. Намайг очоод 10 минут болоход талийгаач амьсгал хураасан. Зам дээр талийгаачийг чирч явсан залуу “хөлийг нь дайрчихлаа” гэж байсан. Би 70-80 км хурдтай явсан”, Яллагдагч З.Ж нь өмгөөлөгч С.Чулуунбаатарын хамт байцаалт өгөхдөө “Би хөл хэсгээр нь дайрчихсан гэвэл “алчихсан” гээд буруудах болов уу гээд “дайраагүй” гэсэн” /2хх 44, 45/ гэж тус тус мэдүүлжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3 дахь хэсэгт “Мөрдөгч яллагдагчаас бусад хүний мэдүүлэгт ноцтой зөрөө байвал хоёр хүний хооронд нүүрэлдүүлж мэдүүлэг авч болно”, “Нүүрэлдүүлэхийн өмнө гэрчид санаатай худал мэдүүлбэл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулж, энэ тухай тэмдэглэлд тусгана” гэжээ. Гэрч Б.Наранболд, Ишжамц болон Б.Наранболд, Г.Бархас нарыг хооронд нь нүүрэлдүүлж мэдүүлэг авчээ. Дээрхээс дүгнэхэд, гэрч Б.Наранболд нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар удаа дараа тогтвортой мэдүүлж, шүүгдэгч З.Жын талаас ар гэрийнхэнтэй болон өөртэй нь холбогдохыг хүсэхэд үл зөвшөөрөн өмгөөлөгч Э.Туулыг авч, энэ тухай тодорхой тайлбарлаж мэдүүлэг өгч байсны дээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар “З.Жыг гэмт хэрэг үйлдсэн” гэж шууд заажээ. Б.Чимгээ, Ө.Амгалан, Г.Бархас, Ч.Ишжамц, Б.М нар гэрчээр, Б.Наранболд, Ч.Ишжамц, Г.Бархас нар нүүрэлдүүлэн байцаагдахдаа хэрэгт ач холбогдолтой байж болох нөхцөл байдлын талаар тодорхой мэдүүлсэн. Түүнчлэн, З.Ж мөрдөн шалгах ажиллагааны явцад холбогдож байгаа хэргийнхээ талаар хүлээн зөвшөөрч мэдүүлсэн байдаг. Уг хэргийг шүүгдэгч Б.М үйлдээгүй, харин шүүгдэгч З.Ж үйлдсэн байх боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Прокурорын яллах дүгнэлтэд “2019 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 216/1 дугаартай шинжээч Э.Энхболдын гаргасан шинжээчийн дүгнэлтээр “Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, хохирогчийг машиныхаа зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй” гэснээр анхан шатны шүүх яллаж шийтгэлээ. Шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлтэд З.Жыг дайрахаас өмнөх зам тээврийн ослын үе шатыг сэргээн дүрслэх боломжтой. 99-52 дугаартай машинд үүссэн гэмтэл, урд гуперийн өндрийн хэмжээ, хохирогч гуталтай байсныг тооцох, зүүн урд шил, хаалга хэсэгт цус мэт зүйлс байсан, 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн зам тээврийн ослын газар хийсэн нөхөн үзлэгийн хэмжилтийн бүдүүвч зэргээр хохирогчийн баруун хөлийг мөргөсөн байх үндэслэлтэй /4хх 214-216/ гэжээ. Эдгээрээс дүгнэхэд, шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлтээр Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, хохирогчийг машиныхаа зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй гэснийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд хүлээн зөвшөөрөхгүй байна. Энэ тухай дурдвал, шинжээч М.Энхбатын 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр гаргасан 5 тоот дүгнэлтэд “99-52 дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд гуперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөх шүргэхэд үүсч болно. Харин шинэ болон хуучин эсэхийг тогтоох боломжгүй”, Түүнчлэн, шинжээч М.Энхбатын гаргасан 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн 3 дугаар дүгнэлтэд 99-52 дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйг авч юм ивсэн байсан. Баруун урд талын гуперт 1.5 см хэмжээтэй гажилт буюу сэнж нь хоногоосоо салсан байсан. Энэ гажилт ямар хүчний үйлчлэлээр үүссэн, шинэ үү, хуучин эсэхийг шинжээчийн зүгээс шалгаж үзээгүй” гэж тус тус дүгнэснийг үндэслэлтэй гэж үзэж байна. Шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлтэд “зүүн урд шил, хаалга хэсэгт цус мэт зүйлс байсан” гэсэн нь энэ хэрэг учрал гарахаас өмнө шүүгдэгч Б.М, талийгаач нар хоорондоо маргалдсанаас үүссэн байх боломжтой, энэ нь авто осолтой огт хамаагүй. Түүнчлэн, шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлтэд 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээч, ахмад Н.Шинэбаатарын зам тээврийн ослын газар хийсэн нөхөн үзлэгийн хэмжилтийн бүдүүвч зэргээр хохирогчийн баруун хөлийг мөргөсөн байх үндэслэлтэй гэсэн нь ихэд эргэлзээтэй. Хэргийн материалаас үзэхэд, 99-52 дугаартай машины зүүн урд талд ямар нэгэн гэмтэл үүсээгүй байна. Б.М, З.Ж нарт холбогдох хэргийг мөрдөж, шалгах үүрэг хүлээсэн мөрдөгч, комиссар Э.Ганбат нь 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хийгдсэн гэмт хэргийн газрын нөхөн үзлэг хийх ажиллагаанд мөрдөгчөөр оролцох ёстой атал огт өөр мэргэжлээр буюу криминалистикийн шинжээчээр оролцсоны гадна урд нь гаргасан үзлэг, ослын схемүүдээс онцын зөрүүтэй хийж, хуулийг зөрчсөн байна. Прокурорын яллах дүгнэлтэд Архангайн техникийн хяналт үзлэгийн инженер М.Энхбатын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 5 тоот дүгнэлтэд “Хэмжилтээр 99-52 дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн овойсон хэсэг газраас 65 см, баруун урд булангийн овойсон хэсэг газраас 63 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг газраас 70 см, баруун булангийн товойсон хэсэг газраас 68 см байна. 99-52 дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд гуперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөх шүргэхэд үүсч болно” гэснээр анхан шатны шүүх яллаж шийтгэлээ. Дээрхээс дүгнэж, шинжээч М.Энхбатын гаргасан 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 5 тоот дүгнэлтийг бүрэн гүйцэд судалвал, “... тээврийн хэрэгслийн урд гуперийн ... баруун булангийн товойсон хэсэг газраас 68 см байна. 99-52 дугаартай тээврийн хэрэгслийн баруун урд гуперт үүссэн гэх гажилт нь тээврийн хэрэгсэл нь гадны биет мөргөх шүргэхэд үүсч болно. Харин шинэ болон хуучин эсэхийг тогтоох боломжгүй” гэжээ. Түүнчлэн, шинжээч М.Энхбат 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан 3 дугаар дүгнэлтдээ “... 99-52 дугаартай тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйг авч юм ивсэн байсан. Баруун урд талын гуперт 1.5 см хэмжээтэй гажилт буюу сэнж нь хоногноосоо салсан байсан. Энэ гажилт ямар хүчний үйлчлэлээр үүссэн, шинэ үү, хуучин эсэхийг шалгаж үзээгүй” гэжээ. Дээрх баримтаар Б.М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7, 10.1 дэх хэсгийг тус тус зөрчиж, хохирогчийг машиныхаа урд хэсгээр мөргөөгүй болох нь тогтоогдож байна. Прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаж шинжээч Ч.Эрдэмболорын гаргасан “Хохирогчид учирсан гэмтлүүд мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд юм. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Хохирогч босоо байрлалтай байхдаа мөргүүлж улмаар дайрагдсан. Хохирогчийн баруун дунд чөмгөнд үүссэн хугарал гэмтэл нь машинд мөргөгдөх үед үүснэ. Бампер хугарал хохирогчийн хөлний өсгийнөөс дээш хэмжихэд 69 см. байсан” гэж дүгнэснээр анхан шатны шүүх яллаж шийтгэлээ. Энэ тухай шинжээч Ч.Эрдэмболор “Бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал, хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Дээрх гэмтлийн баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины салзан хальсан доорх цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 м өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. ...” /2хх 73-75/ гэж мэдүүлж байсан. Дээрхээс үндэслэвэл, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Ч.Эрдэмболор “40-45 км цагийн хурдтай явж машинаар мөргөхөд бампер хугарал авна. Энэ нь хүндэвтэр гэмтэлд хамаарна. Анагаах ухааны судалгаагаар дөнгөж хөдөлж байгаа машин ийм хэмжээний гэмтэл үүсгэх боломжгүй гэж мэдүүлсэн нь Б.М нь тээврийн хэрэгслээ жолоодож хөдөлгөж байсан гэх боловч ийм хэмжээний хурдтай буюу 40-45 км цагийн хурдтай яваагүй, энэ нь түүнийг хохирогчийг мөргөөгүйг харуулж байна. Түүнчлэн, шүүхийн хэлэлцүүлгийн үед Б.М нь машиныхаа их гэрлийг шилжүүлж, ойр дээр нь тавьсан байсан гэж мэдүүлснийг анхаарна уу. Ахлах мөрдөгч Ц.Балдоржийн шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн тогтоолоор 99-52 дугаартай машины зүүн талын 2 дугуйнд шинжилгээ хийлгэхийг даалгасан /2хх 99/, шинжээч Б.Тэнүүний гаргасан 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн 1626 дугаар шинжээчийн дүгнэлтэд, шинжилгээнд ирүүлсэн зүйл “04-44 УБҮ дугаартай “Патрол” машины зүүн урд талын дугуй 1 ширхэг, тавьсан асуулт 99-52 дугаартай машины зүүн талын 2 дугуйнд биологийн мөр байгаа эсэх, дүгнэлт “99-52 дугаартай машины зүүн талын 2 дугуйнд цус болон эд илрээгүй” /2хх 100/ гэжээ. Шинжээч Ш.Пүрэвдуламын гаргасан 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн 1540 дугаар шинжээчийн дүгнэлтэд, шинжилгээнд ирүүлсэн 04-44 УБҮ дугаартай машины зүүн урд талын дугуйны зүүн хацар хэсэгт үүссэн мөрөөс авсан арчдас гэсэн марлиаас эрэгтэй ДНХ-ийн тогтоц илэрсэн нь хохирогч Х.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна /2хх 195, 196/ гэжээ. Эндээс дүгнэхэд, шүүгдэгч З.Жын жолоодож явсан 04-44 УБҮ дугаартай машины зүүн урд талын дугуйны зүүн хацар хэсэгт үүссэн мөрөөс авсан арчдас марлиас илэрсэн ДНХ-ийн тогтоц нь хохирогч Х.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байгаа нь авто ослын гэмт хэрэгт шүүгдэгч З.Жыг буруутгах үндэслэл болж байна. Түүнчлэн, шинжээч Б.Тэнүүн 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан 1626 дугаар дүгнэлтдээ, шинжилгээнд ирүүлсэн зүйл нь “99-52 дугаартай машины зүүн талын 2 дугуй” байхад “04-44 УБҮ дугаартай “Патрол” машины зүүн урд талын дугуй 1 ширхэг” гэж андуурч бичсэнийг дурдах нь зүйтэй байна. Шинжээч Б.Тэнүүн ч шүүхийн хэлэлцүүлэгт оролцож, энэ тухай залруулж мэдүүлсэн болно. Хэрэгт авагдсан гэмт хэргийн газрын үзлэг, нэмэлт үзлэг, нөхөн үзлэг явуулсан тухай болон ослын схем зэрэг баримтуудыг үзвэл, 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хийгдсэн гэмт хэргийн газрын үзлэг, ослын схем зэрэгт үл хөдлөх цэгийг “Б-122 шон” гэж авсан, энэ актаар З.Ж хохирогчийг дайрсан байх магадлалтай. 2019 оны 2 дугаар сарын 26-ны өдөр хийгдсэн гэмт хэргийн газрын нэмэлт үзлэг, ослын схем зэргийг үзвэл, үл хөдлөх цэгийг тэмдэглээгүйн гадна урд нь гаргасан үзлэг, ослын схемээс зөрүүтэй байна. 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр хийгдсэн гэмт хэргийн газрын нөхөн үзлэг, ослын схем зэргийг үзвэл, хэргийг мөрдөгч, Авилгатай тэмцэх газрын комиссар Э.Ганбат криминалистикийн шинжээчээр оролцсоны гадна урд нь гаргасан үзлэг, ослын схемүүдээс онцын зөрүүтэй болсныг тэмдэглэх нь зүйтэй байна. Улсын Дээд шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 242 дугаар тогтоолд “Аливаа гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоо байгаа нь ... хүний амь насыг болгоомжгүй хохироох гэмт хэрэгт ч энэ шинж хадгалагдах болно. Санаатай гэмт хэрэгт сэдэлт зорилго өөр, шууд бус санаагаар үйлдсэн тохиолдолд хохирогчийн үхлийг чухалчлаагүй боловч үйлдлийн үр дүнд хохирогч үхэхийг мэдэж зориуд хүргэсэн байдаг. ... Аюултай үйлдэл хийж байгаагаа мэдэх ёстой боловч мэдээгүй, ... хайхрамжгүй, хөнгөмсөг хандлагаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж болгоомжгүйгээр бусдын амь насыг хохироосон гэм буруутайд тооцно” гэжээ. Дээрх бүх нөхцөл байдлуудад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэг, 16.15 дугаар зүйлийн 15 дахь хэсэгт “Шүүх, ... энэ хэрэгт хамааралтай энэ хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлнэ”, “ ... нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана”, 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч ... шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч ... -д ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг сайтар нягталж, Б.Мийг гэм буруугүйд тооцож өгнө үү. Б.М нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож захиргааны зөрчил гаргасан, тодорхой хугацаа өнгөрсөн, хийсэн үйлдлээ ойлгож, маш их гэмшдэг. Түүнчлэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдааны үед үнэн зөв мэдүүлсэн. Хорих 409, 461 дүгээр ангиудад удаан хугацаагаар цагдан хоригдож байгаа бөгөөд дахин ямар нэгэн хэрэг, зөрчилд холбогдохгүй гэж ярьдаг. Иймд дээрх байдлыг анхаарч, асуудалд бодитойгоор хандаж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Наранцэцэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэг шийдвэрлэсэн нотлох баримтууд асар их зөрөөтэй, зөрчилтэй. Энэ нь амь хохирогч Х.Быг автомашинаар хэн ч мөргөөгүй, дайраагүй хэмээн шүүх хурал дээр шүүгдэгч нар мэдүүлдэг бөгөөд З.Жын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэрлээ шилжүүлсэн боловч урдаас гэрлээ шилжүүлэхгүй байсан. ...” гэх мэдүүлгээс харахад шүүгдэгч гэрлийн гялбаанд орсноо шударгаар мэдүүлсэн. Гэвч гялбаа хэдэн секунд үргэлжлэх, гялбаанд орсон хүн зам дээр байгаа хүнийг ухаангүй, цагаан царайтай нас барсан, зүүн гарыг нь цагаан даавуугаар битүү ороосон гэх мэтээр мэдүүлэг өгч байгаа нь хэр үндэслэлтэй эсэх, ослын схем зурагт гялбаанд орсон, хурд хэтрүүлж явсан З.Жын Ниссан патрол машин “А” цэгээс маш хол очиж зогссон нь гэрч нарын мэдүүлэг, ослын схем зургаас тогтоогдож байна. Энэ талаар зам тээврийн ослын актад огт дурдаагүй, дутуу орхигдуулжээ. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Ч.Эрдэмболор нь мэдүүлэхдээ “Машин 40-45 км/цагийн хурдтай явж байгаа нөхцөлд бампер хугарал үүснэ. Түүнээс бага хурдтай явж байсан бол бампер хугарал үүсэхгүй” хэмээн мэдүүлснээс харахад шүүгдэгч Б.М нь машинаа дөнгөж хөдөлгөж байсан бөгөөд энэ үед амь хохирогч замын зүүн талд зогсож байсныг гэрч Б.Наранболд тодорхой мэдүүлдэг бөгөөд мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд шүүгдэгч Б.М удаа дараа гаргасан гомдол хүсэлтдээ “99-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэл хаана зогсож байгаад хөдөлсөн ул мөрийг тогтоох, 99-52 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл осол болсон цэгээс ямар зайд яваад хаана буцаж эргээд зогссоныг тогтоох” зэрэг хүсэлтүүдийг бичгээр гаргасан боловч үүнийг аль ч шатанд хангахыг хүссэнгүй, тогтоосонгүй. Ослын акт гаргасан шинжээч Энхболд мэдүүлэхдээ “...Субару 20 км/цагийн хурдыг 2-3 сек авах боломжтой. 20 км/цагт гэмтэл авах нь 20%, 80 км/цагт гэмтэл авах, нас барах нь 80% хэргийн газрын анхны үзлэг хийсэн баг асуудлыг тодорхой болгосон бол зам тээврийн ослын талаар дүгнэлт гаргахад дөхөм байх байсан болов уу” хэмээн мэдүүлснээс харахад Б.Мийн “Субару Простер” машин амь хохирогчийг мөргөсөн гэх үндэслэл эргэлзээтэй болж байна. Техникийн шинжээч М.Энхбат нь машинд үзлэг хийсэн анхны үзлэгээр “Субару Простер” машинд гэмтэл тогтоогдоогүй, гупер бүрэн бүтэн байсныг тогтоож, дараа нь 2019 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр гаргасан дүгнэлтдээ “Субару Простер” машины бамперын өндрийг тогтоохдоо дугуйг нь авсан үед ивээс хийж, хэмжиж буруу дүгнэлт гаргасан бол 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 5 тоот дүгнэлтээр дахин хэмжилт хийж өөр тоо гаргаж ирсэн. З.Жын “Ниссан Патрол” машиныг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж хэмжээгүй. Энэ нь 4 том хүн суусан, ачаатай байсан зэрэг жинг тооцолгүй хэмжилт хийсэн нь мөн л алдаатай, эргэлзээтэй тоо гарсан. Эцэст нь хүсэхэд 2 машины бамперын өндрийг, амь хохирогчийн өндөртэй хүн, шүүгдэгч, гэрч, хөндлөнгийн гэрч нарыг оролцуулан, машинуудыг тухайн үеийн жинг тооцож, нөхцөл байдлыг сэргээж дахин хэмжилт хийх нь шударга үнэнийг тогтооход зайлшгүй хэрэгтэй байна. Шүүхээс техникийн шинжээчийг бүрэлдэхүүнтэй томилох шийдвэр гарсан байтал дахин М.Энхбатаар 2 дахь дүгнэлт гаргуулж байгаа нь эдгээр дүгнэлтийн эргэлзээтэй гарах үндэслэл болж байгаа болно. М.Энхбат нь 5 тоот дүгнэлтдээ “Субару Простер” машины урд гуперт үүссэн гэх гажилтыг шинэ хуучин болохыг тогтоох боломжгүй хэмээн тогтоосон байдаг бөгөөд шүүгдэгч Б.М мөрдөн байцаалт, прокурор, шүүхийн шатанд удаа дараа гаргасан хүсэлтдээ “2018 оны 10 дугаар сарын 20-ны үеэр Өвөрхангай аймгийн Хужирт суманд цогцос оршуулсан газраас нь гаргаж шинжилгээ хийх гэж яваад гол гарах үед мөс цөмөрч урд гуперээ гэмтээсэн. Энэ үед хамт явсан цагдаагийн бүрэлдэхүүн болох шинжээч эмч Э.Хүрэлсүх, криминалистик шинжээч д/ч Г.Очирпүрэв нарыг гэрчээр асуулгах, гэмтлийн шинэ хуучныг тогтоолгох хүсэлт гаргасныг хүлээн аваагүй бөгөөд М.Энхбат шинжээч 5 тоот дүгнэлтдээ “шинэ хуучныг тогтоох боломжгүй” хэмээн дүгнэсэн нь Б.Мийг ийм нотлогдоогүй нотлох баримтаар буруутгах үндэслэл болохгүй юм. Техникийн шинжээчийн эргэлзээтэй дүгнэлтийг үндэслэж 216, 216.1 гэсэн ослын актыг гаргасан. Шинжээч Э.Энхболдын гаргасан дүгнэлт ч мөн эргэлзээтэй, Б.Мийн гэм буруутай болохыг нотолж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүх 794 тоот шийтгэх тогтоолд шүүгдэгч Б.Мийн гэм буруутайг дүгнэсэн дүгнэлтдээ энэ хэргийн гол гэрч хамт байсан, 7 удаа мэдүүлэг өгсөн, 2 удаа цагдаа дээр хонож байсан, өмгөөлөгч хүртэл авч байсан. Гэрч Б.Наранболдын өгсөн “Бид гурав машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан, би бие засаад эргэж харах үед Б.М машинаа хаазлаад хөдөлж таарч байсан. Тэр үед талийгаач замын зүүн талд зогсож байсан. Б.М машинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач “ёо ёо” гээд дөрвөн хөллөчихсөн байсан” гэх мэдүүлгийг нотлох баримтаар үнэлж тооцож байгаа нь Б.М нь амь хохирогч Х.Быг мөргөж дайраагүй болохыг нотолж байгаа ба бампер хугарал авсан хүн зогсож ч чадахгүй, дөрвөн хөллөж ч чадахгүй гэдгийг шинжээч эмч Ч.Эрдэмболор өмнөх шүүх хуралдаанд тайлбарлаж мэдүүлж байсан. Иймд шүүх Б.Наранболдын мэдүүлгийг үгүйсгэсэн ямар нэг үндэслэлийг шийтгэх тогтоолдоо заагаагүй болно. Талийгаач амь хохирогч Х.Бын бие дээрээс илэрсэн дугуйны хээг 2 машины дугуйны хээтэй харьцуулж дүгнэлт гараагүй бөгөөд энэ нь энэ хэрэгт мөн чухал ач холбогдолтой нотлох баримт байх байсан болов уу. Эцэст нь Б.М нь мөрдөн байцаалт, прокурорын шатанд хэргийн үнэнийг олуулахын тулд 5 удаа хүсэлт гаргаж байсан боловч хүсэлтүүдийг хангаагүй. Тэр ч байтугай анхан шатны хурал болсон 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 6 сар гаруй хугацаанд цагдан хоригдож байгаа бөгөөд цагдан хорих арга хэмжээг өөрчлүүлэх өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг ч шүүх нэг ч удаа хангаагүй бөгөөд энэ нь хэргийг анхнаасаа нэг талыг барьж шалгасан, хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн эргэлзээгүй нотолж чадаагүй учраас Б.Мд холбогдох хэргийг прокурорт буцааж анхан шатны шүүхийн 794 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Х.Даваахүү давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн шүүх хурлын явцад 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр шинжлэн судлагдаагүй, шинээр илэрсэн нотлох баримтууд шинжлэн судалж, шинээр илэрсэн нөхцөл байдал үүссэн гэж үзэж байна. Анхны хэргийн газрын үзлэг Өвөрхангай аймгийн Шүүх эмнэлгийн шинжээч эмч Л.Амгалан /1хх 4/ оролцсон байдаг. Гэтэл эмч Амгалан 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргахад оролцсон байдаг. Гэхдээ шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолтой огт танилцаагүй, гарын үсэг зураагүй /2хх 61/. Үзлэгт оролцсон мөртлөө шинжээчийн дүгнэлт гаргасан нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.5-д заасныг зөрчсөн. Хууль сануулаагүй шинжээчээр дүгнэлт гаргуулж, шинжээч татгалзах хуулийг зөрчсөн. 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 614 дугаартай шинжээчийн дүгнэлт гаргах бүрэлдэхүүнд оролцсон эмч Эрдэмболор, 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдрийн 343 дугаартай шинжээчийн дүгнэлтийг дахин гаргасан байдаг. Энэ дүгнэлтийг гаргах мөрдөгчийн тогтоол хавтас хэрэгт байхгүй. Нэгэнт дахин шинжээч томилох байсан бол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөр шинжээчид даалгах байсан. Шүүх хуралдаанд шинжээч эмч Эрдэмболороос “Таныг Улаанбаатар хотоос хэн томилж явуулсан бэ” гэх асуултад “манай дарга, удирдлагууд томилж явуулсан” гэж хариулсан. Дүгнэлтийг гаргуулахаар эрх бүхий этгээд буюу мөрдөгч, прокурорын тогтоолоор биш, албан тушаалтны шийдвэр, нөлөө орсон гэж үзэж байна. Дөрөвдүгээр хавтас хэргийн 3 дахь талд шинжээчийн дүгнэлт гаргахад огт оролцоогүй шинжээч эмч Ганболдын мэдүүлэг авагдсан байгаа нь хэргийг хувийн сонирхлоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 2, 5 дахь хэсгүүд болон Шүүх шинжилгээний тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийг зөрсөн гэж үзэж байна. Шүүх хуралдаанд шинжээч эмч Эрдэмболороос мэдүүлэг авахад өөрийн гаргасан дүгнэлтийг тайлбарлаж, хамгаалж чадахгүй байсан. Жишээлбэл, хохирогчийн хөлд үүссэн хугарлыг 69 см гэж хэмжсэн мөртлөө хавтас хэрэгт авагдсан ямар баримтаар буюу фото зурагт байгааг зааж чадахгүй байсан. Бампер хугарлыг 40-45 км цагийн хурдтай явахад үүсдэг гэсэн. Гэтэл Мийн жолоодон явсан тээврийн хэрэгслийн хурдыг тогтоогоогүй. Мийг зогсож байгаад хөдлөхдөө гэмтэл учруулсан гэж буруутгадаг. Үзлэгээс үзэхэд 0 хурдтай зогсож байгаа машин 40-45 км хурдтай явах ямар ч боломжгүй. Ямар хүчний зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсан гэж үзэх боломгүйгээр хариулсан. Бампер хугарлыг “гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, эдгэрэх боломжтой гэж хэлж байсан” гэж мэдүүлж байснаар ойлгогдож байна. Ослын шалтгаан нөхцөлийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримт болох фото зургууд болон схем зургууд өөр хоорондоо илт зөрүүтэй. Хамгийн сүүлд буюу гурав дахь удаагийн нөхөн үзлэгээр мөрдөгч маань криминалистик шинжээч болсон байдаг бөгөөд схем зурагт явган зорчигчийг Мийн жолоодон явсан машины чиглэлийн эсрэг талаас ирсэн гэж үзсэн нь хохирогч нь Мийн жолоодон явсан машинд мөргүүлээгүйг нотолж байна. Хэрвээ Мийн жолоодон явсан машин 40-45 км цагийн хурдтай явж хохирогчийг мөргөсөн бол шинэ эвдрэл заавал үүсэх байх. Олон удаагийн үзлэг, Техникийн шинжээчийн дүгнэлтээр шинээр илэрсэн гэмтэл огт илрээгүй. Хуучин гэмтлийг авах үед байсан цагдаагийн албан хаагчдаас мэдүүлэг авах хүсэлтийг гаргаж байсан боловч хүлээж аваагүй. Энэ нь хохирогчийг дайраагүйг нотолж байна. Улсын Ерөнхий прокуророос хэргийн харьяалал өөрчлөх тухай 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 5/244 дугаартай тогтоол, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.3 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг үндэслэн хэргийн харьяаллыг өөрчилж, Авлигатай тэмцэх газраар мөрдөн шалгах ажиллагааг явуулахаар заасан үндэслэлгүй. М албан үүргээ гүйцэтгэж байхдаа авлига авсан, эрүүдэн шүүсэн үйлдэл хийгээгүй тул тусгай субъектийн хэргийг шалгах ёстой газар шалгах байсан. Мөн дээрх тогтоол гарснаас хойш харьяалал өөрчлөгдөх ёстой. Гэтэл Өвөрхангай аймгийн прокурорын газрын хяналтын прокурорын тогтоолоор хэргийн харьяаллыг өөрчилж Авлигатай тэмцэх газраар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан нь хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна. Цорын ганц гэрч Наранболд хохирогчийг М дайраагүй, машины ард байсан гэж тогтвортой мэдүүлдэг. Шинжээч эмч Эрхэмболор бампер хугарал авсан хүн явж, мөлхөх үйлдэл хийж чадахгүй тухай тодорхой мэдүүлдэг. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Гэрэл-Очир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд үйлчлүүлэгч Б.Мийг гэм буруугүй гэж үзэж байна. Шүүх эмнэлгээс гэмтлийн зэрэг тогтоотон, цогцост хийсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дүгнэлтээр бампер хугарал буюу дунд чөмөгний хугарлын яс нь Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хүндэвтэр зэргийн гэмтэлд хамаардаг. Уг гэмтлийг миний үйлчлүүлэгчид хамааруулж буруутгахдаа 69 см-ийн өндөртэй тээврийн хэрэгсэлд мөргөгдөж дайрдагдсан 69 см-ийн өндөртэй бампер хугарал байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүх хуралдааны явцад шинжээч мэдүүлэхдээ гутлын өндрийг тооцоогүй гэдэг. Өөрөөр хэлбэл, миний үйлчлүүлэгчийн жолоодон явсан тээврийн хэрэгслээс гутлынх нь өндрийг оруулж тооцвол бампер хугарал нь өндөр болно. Бампер хугарал өндөр болсноор Б.М нь амь хохирогчийг “Subaru Forester” маркийн тээврийн хэрэгслээр дайрсан эсэхэд эргэлзээ үүсч байгаа юм. Нөгөө талаараа хавтас хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийн хэрэгслийн зүүн урд гупер хэсэг нь гэмтэлтэй байна гэсэн үндэслэлийг шинжээч дүгнэлтийнхээ гол үндэслэл болгосон. Гэтэл энэ талаар миний үйлчлүүлэгч маш тодорхой ярьдаг бөгөөд энэ гэмтэл нь хэзээ, хаана, хэрхэн яаж тээврийн хэрэгсэлд учирсан талаарх асуудлыг шалгуулахаар Хархорин сумын мөрдөн байцаах тасгийн дарга Отгонбаяр, шинжээч Пүрэвсүрэн нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасан. Өөрийнх нь тээврийн хэрэгсэлд учирсан гуперийн гэмтэл нь мөстэй гол руу ороод гарахдаа татагдах байдлаар үүссэн гэж ярьдаг. Энэ нөхцөл байдлыг олж шалгаагүй. Түүнчлэн Авлигатай тэмцэх газарт мөрдөн шалгах ажиллагааны харьяалал тогтоосон прокурорт гомдол гаргасан. Прокурорын тогтоолд хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж, Тээврийн Ерөнхий прокурорт гомдол гаргаж, улмаар Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргах гэхэд хэргийг шүүхэд шилжүүлсэн байсан тул Улсын Ерөнхий прокурорт гомдол гаргах эрхийг хязгаарласан. Мөн өмгөөлөгч Б.Дашдорж болон Б.Гэрэл-Очир миний бие мөрдөн шалгах ажиллагааны үед прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч нэг ч хүсэлт хүлээж аваагүй. Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай огт нийцээгүй дүгнэлт хийсэн. Миний үйлчлүүлэгчийг тээврийн хэрэгслээр хүний биед гэмтэл учруулж дайрч, улмаар хүндэвтэр гэмтэл учруулсан гэж үзсэн бол энэ нь яагаад амь насанд нь аюул учруулах боломжтой гэмтэл байсан талаар шүүх дүгнээгүй. Шүүх гэмтлийн зэрэг тогтоох заавраар хүндэвтэр гэмтэл нь хүний амь насанд аюулгүй байдаг. Одоогийн шийтгэх тогтоолоор хоёр хүний амь насыг хоёр хүн хохироосон мэт үнэлсэн. Тээврийн хэрэгслийн ашиглалтын улмаас нэг хүний амь нас хохирсон. Харин хэний буруутай үйлдлээс болсон болох нь тогтоогдоогүй. Прокурор хэргийн бодит байдлыг тогтооё гэхээсээ илүүтэй гагцхүү Б.Мийг буруутгах талыг барьж ажиллагаа явуулж, яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх ч энэ талаас нь харж хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан эргэлзээ бүхий гэрчийн мэдүүлгүүдийн хоорондоо зөрүүтэй байдал, хэргийн газрын үзлэгийг хуульд заасан үндэслэл журмын дагуу хийх, шүүгчийн захирамжид дурдсан прокурорт буцаах тухай нэмэлт ажиллагааг нэг мөр хийх зэрэг асуудлуудлыг бүхэлд нь орхигдуулсан. Гагцхүү хохирогч нарын аашлах, гомдоллох, дайрч давшлах байдлыг харж шүүх шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хэргийн газрын нөхөн үзлэг хийх зайлшгүй шаардлагатай. Мөн шинжээчийн дүгнэлт гаргахдаа комистой байдлаар Шүүх шинжилгээний хүрээлэнгээс эмнэл зүй болон зам тээврийн осол талаасаа бүрэлдэхүүнтэй шинжээч гаргах нөхцөл байдал үүснэ. Мөн гэрчийн мэдүүлгүүдийн зөрүүтэй байдлыг арилгахгүй бол энэ хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдэж явагдах боломжгүй. Гэрч Наранболдын мэдүүлгээр миний үйлчлүүлэгч гэм буруугүй гэж ойлгогддог. Тухайн хүн нь хэргийн газрын цорын ганц гэрч. Миний үйлчлүүлэгчийг хөдөлж явсны дараа талийгаач босоо байсан гэж мэдүүлдэг. Мөргүүлээд босоо байх боломжтой эсэх талаар шинжээч Эрдэмболороос асуухад “дунд чөмөгний хугарлын үед босоо байх боломжгүй хийгээд дөрвөн хөллөх ч боломжгүй” гэж мэдүүлдэг. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шүүхээс зайлшгүй дахин шинжээч томилох замаар нөхөн гүйцэтгэж мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцааж шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн болох нь шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээнээс тодорхой харагдана. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загира тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.М хүүхдийг минь мөргөчхөөд хэргийн газраас зугтаж, анхны тусламж үзүүлээгүйд нь маш их гомдолтой байна. Хэрэв Авлигатай тэмцэх газар болон прокурорын байгууллага байгаагүй бол хүүд минь холбогдох хэрэг хүчингүй болох байсан. Тийм учраас шүүгдэгч нар оногдуулсан ялыг нэмж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Мурагүл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогчийн эхнэр бөгөөд маш их гомдолтой байна. Шүүгдэгч Б.М анхан шатны шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээж байсан боловч одоо огт гэм буруугүй, ямар ч хэрэг үйлдээгүй мэт ярьж байна. Нөхөр маань 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр нас барсан бөгөөд 1 жил 8 сар гаруй хугацаанд ар гэрийнхнийг нь зовлонд унагачихаад ийм зүйл ярьж байгаад гомдолтой байна. Ө.М манай гэрт удаа дараа согтуу ирэхдээ омголон давилуун зантай байсан. Гэртээ ирээд зүгээр амарч байсан хүнийг авч яваад зохион байгуулалттайгаар гэмт хэрэг хийсэн байж хийгээгүй гэж байна. Мөн Б.М зөвхөн З.Ж гэх хүнийг дайрсан гэж Хархорины цагдаагийн газарт асуудал үүсгэсэн. Тийм ч учраас Улаанбаатар хотоос 120 цагийн дараа Шүүхийн шинжилгээний багийнхан ирж сайн ажилласны үр дүнд Б.Мийг өөрийг нь мөргөсөн гэдгийг тогтоосон. Нөхцөл байдлыг тодорхойгүй болгосноор өөрийнхөө байдлыг ашигтайгаар шийдвэрлүүлнэ гэж ярих нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна З.Ж болон түүний өмгөөлөгч нар түүнд холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү гэж байгаад маш их гомдолтой байна. Хүний амь нас хохирсон хэрэг учир гэм буруутай этгээдүүдэд оногдуулсан ялыг хүндрүүлж, хаалттай хорих байгууллагад эдлүүлэх хүсэлтэй байна. Түүнчлэн энэ хэргийг санаатай бүлэглэж үйлдсэн, ингэхдээ автомашин ашиглаж хохирогчийн амь насыг хохироосон, уг нөхцөл байдлаа Наранболд, М нар харанхуйд далдлан нууж, М ганцаараа хийсэн гэсэн тул Авлигатай тэмцэх газраас шалгасан. Гэтэл энэ хэргийг зам тээврийн хэрэг болгож чадсанаар 7 жилийн хорих ял шийтгүүлсэн нь ял хөнгөдсөн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд маш их гомдолтой байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.Загирагийн өмгөөлөгч Ц.Амар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө талийгаач нь мөргөгдөх болон дайрагдах гэмтлийн улмаас нас барсан болох нь эргэлзээгүй тогтоогдсон. Шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын давж заалдах гомдолдоо талийгаач нас барсан эсэхэд эргэлзээ төрөхөөр зүйл ярьж байна. Мөргөгдөх болон дайрагдах үед ямар гэмтэл учирсан талаар шинжээчийн дүгнэлтэд маш тодорхой дурдсан бөгөөд аль аль нь амь насанд аюултай хүнд гэмтэл гэж дүгнэсэн. Энэ талаар шинжээчийн дүгнэлтүүд, мэдүүлгээр хангалттай нотлогддог. Талийгаачийг нас барахад Б.М болон З.Ж нарын үйлдэл шууд шалтгаант холбоотой болох нь хавтас хэрэгт авагдсан техникийн шинжээчийн дүгнэлт, хэргийн газрын үзлэг, бусад гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмгөөлөгч Д.Батбаяр нэг гэмт хэрэгт нэг ял гэж ярьж байна. Энэ нь шалтгаант холбооны онолоор давхардсан шалтгаан бөгөөд аль алиных нь үйлдлийн улмаас талийгаач нас барах боломжтой хүнд гэмтэл авсан байдаг. Тэгэхээр прокурорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тус тусад нь зүйлчилсэн нь Эрүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Гэхдээ Б.Мийн хувьд гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл болох субъектив санаа нь болгоомжгүй гэмт хэргийн шинжтэй юу, эсхүл үйлдлээрээ бусдын амь насыг хохироосон санаатай гэмт хэргийн шинжтэй юу гэдгийг давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянаж эрх хэмжээнийхээ хүрээнд хянаж өгнө үү. Өмгөөлөгчийн зүгээс Б.Мийн үйлдлийг шууд бус санаатай үйлдлээр хүний амь насыг хохироосон гэж үзэж байна. Иймд Б.Мд холбогдох хэргийг тусгаарлаж, прокурорт буцаан хэргийн зүйлчлэлийг зөвтгүүлж өгнө үү. ...” гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К.Мурагүлийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс хэргийн бодит нөхцөл байдалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь, хэргийн зүйлчлэлийн талаар хэргийн үйл баримтыг бүхэлд нь дүгнэхэд шүүгдэгч нарын үйлдлийг зүйлчилсэн зүйлчлэл нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг гэж үзсэн боловч хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байгаа нөхцөл байдал эргэлзээтэй байдаг. Ялангуяа хэрэгт гэрчээр мэдүүлэг өгсөн Наранболдын мэдүүлэгт эргэлзээ бүхий нөхцөл байдал их байдаг. Түүний нийт 13 удаагийн мэдүүлэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нийлээд 9 удаагийн маршрут тогтоогддог. Мэдүүлгийн шинж чанарыг үнэлж үзэхэд тухайн хөдөлсөн газраасаа эхлээд таарамжгүй харьцаа үүссэн, хохирогчийн үйлдэл байсан, хоорондоо зодолдсон, цус гарсан гэх мэдүүлэг өгсөн нь таарамжгүй харьцаа байсан гэдгийг нотолдог. Өөрөөр хэлбэл, З.Жтай хамт явсан гэрчүүдийн мэдүүлгээр нэг хүн нэгнийгээ чирээд явж байсан гэдэг. Энэ нөхцөл байдлаас үзэхэд амь хохирогч нас барахад ямар нэг гадны нөлөө байгаагүй гэж байгаа нь үндэслэлгүй. Наранбаатарын мэдүүлэгт “би буугаад бие засах үед машин огцом хаазлах чимээ гаргаж ёоёо гэх чимээ гэх дуу гараад дөрвөн хөллөсөн байсан” гэдэг. Энэ мэдүүлэгт дүгнэлт хийхэд хоорондын таарамжгүй харилцааны улмаас Б.М амь хохирогчийн эсрэг тээврийн хэрэгсэл ашиглан амь насыг нь санаатайгаар хохироосон гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж байна гэж үзэж мөрдөн байцаалтын шатанд өмгөөлөгчийн зүгээс удаа дараа хүсэлт тавьсан. Гэвч анхан шатны шүүх үүнийг няцаасан дүгнэлтийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34, 35 дугаар зүйлд заасны дагуу няцааж дүгнэлт хийгээгүй. Энэ нь шударга ёсны зарчим болон Эрүүгийн хуулийн зорилгод нийцээгүй гэж үзэж байна. Түүнчлэн мөргөгдөх болон дайрагдах шинж хоёр өөр байхад шүүх энэ талаар дүгнэлт хийгээгүй. Шүүгдэгч нар тус тусдаа хүн дайраад хөнөөсөн мэт дүгнэсэн. Иймд хэргийн үйл баримт, Наранболдын удаа дараа өгсөн зөрүүтэй мэдүүлэг, гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь тэдний хоорондын хувийн харьцаанаас хамааралтай болох нь тодорхой харагдаж байхад хэргийг буруу зүйлчилсэн байх зүйлчлэлийг зөвтгүүлэхээр, хэргийг прокурорт буцааж өгнө үү. Хэрэв шүүх прокурорт буцаах боломжтой гэсэн хууль зүйн дүгнэлтэд хүрвэл гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, мөргөгдөх, дайрагдах нөхцөл байдал, яагаад эргэсэн, гэрлээ шилжүүлээгүй зогссон зэрэг нөхцөл байдлууд туйлын эргэлзээ бүхий байдаг тул хэргийг буцаах нь зүйтэй. ...” гэв.

            Прокурор С.Оюунжаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн гэж үзэж байна. Талийгаачид учирсан гэмтэл автомашинд мөргөгдөх болон дайрагдах хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн. Өмгөөлөгч нараас Б.Мийг дайрсан гэж байгаа боловч Б.М автомашинаар мөргөсөн. Хэргийн материал, яллах дүгнэлтээс үзвэл тухайн хэрэгт ямар нөхцөл байдлаар хэний үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэнийг тодорхой дурдаж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн болно. Мөн өмгөөлөгч нар шинжээч эмч Эрдэмболор нь 40-45 км/цагийн хурдтай явж байгаа автомашин гэж хэлсэн гэж байгаа боловч энэ нь шүүх хуралдаанд өмгөөлөгч нарын асуусан асуултад хариулсан хариулт юм. Түүнээс биш шинжээчийн дүгнэлтэд 40-45 км/цагийн хурдтай явж байсан тээврийн хэрэгсэл хохирогчид ийм хэмжээний гэмтэл учруулна гэж тогтоосон зүйл нэг ч байхгүй, тогтоох боломжгүй. Учир нь, өмгөөлөгч нар шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээчийг оролцох үед дүгнэлттэй нь холбогдуулж тодруулж асуусан. Задлан шинжилгээний оношоор 2019 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн 641 дугаартай шинжээчийн дүгнэлтэд талийгаачид ямар гэмтэл учирсан, аль нь тээврийн хэрэгслийн мөргөлтийн үед, аль нь тээврийн хэрэгслийн дайралтын үед үүсэх талаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд тодорхой тайлбарласан. Иймд оролцогч нараас гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Б.М нь 2019 оны 2 дугаар сарын 24-нөөс 25-нд шилжих шөнө Өвөрхангай аймгийн Хархорин сумын Нарийн хүр багийн нутаг дэвсгэр, “Уугант” гэх газар орон нутгийн зам дээр 99-52 УНЦ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ... хэрэглэсэн ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох:” 10.1-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, Х.Быг мөргөж, амь насыг нь хохироон Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн болох нь:

гэрч Б.Наранболдын “...Бид гурав цуг машинаас буугаад би замын хажуу руу очиж бие зассан. Тэр үед нөгөө хоёр машины ард зогсож байсан. Би бие засаад эргэж харах үед М машинаа хаазлаад хөдөлж таарч байсан. ...Машинаа хөдөлгөөд явснаас нь хойш унасан. М машинаа хөдөлгөөд 20-30 метр зайтай явж байх үед талийгаач “ёо ёо” гээд дөрвөн хөллөчихсөн байсан. Тэр үед замын эсрэг урсгалаар нэг машин гараад ирсэн. Тэр машин их хурдтай явж харагдахаар нь би татаж босгох гэж очоод мөрнөөс нь татах үед нөгөө машин талийгаачийн бөгсөн бие хэсэг дээгүүр гараад явсан. Тэр машинд дайруулснаас хойш 1 цаг орчим хугацаанд талийгаач амьсгаатай байсан. Яагаад хөдөлсөн талаар асуухад “та хоёрыг суусан юм байх гэж бодоод хөдөлсөн, тэгээд харсан чинь байхгүй байсан” гэж ярьж байсан. ...Миний мэдэж байгаагаар талийгаачийг зам дээр унасан байхад явж өнгөрсөн машины эхний машин нь 04-44 дугаартай хар өнгийн машин байсан. ...Бид нар хойноос урагш явж байсан бөгөөд би замын баруун гар талд гарч бие зассан. Харин талийгаач зам дээр байж байгаад ойчсон тэр үед М хөдөлсөн. Тэгээд бие засаад эргэж хартал ... Хархорин сумаас хойш чиглэлтэй автомашин гарч ирсэн. ...Очоод татах гэтэл машин гэнэтхэн талийгаачийн дээгүүр гарчихсан. ...М машинтайгаа хөдлөөд явсан. ...Талийгаач машины хүчинд машин явсан тал руу эргээд доошоо харсан. ...М автомашиныг зогсоох үйлдэл хийхдээ бага зэрэг зам руу захалж, араас ирж байсан автомашин урсгал сөрөхгүйгээр зөрөөд өнгөрөх зай үлдээн чөлөөлж зогссон. Гэхдээ замыг бүрэн чөлөөлөөгүй. ...” /1хх-109-110, 119-120, 125-126, 2хх-46-52, 241-242/,

гэрч Г.Бархасын “...Хүн харагдлаа гээд дарсан байх, сайн мэдэхгүй байна. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. ...Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. ...Тэгээд “манай хоёр маргалдаад нэгийгээ машинаас унагачихсан, тэгээд би чирээд явж байтал танай машин манай хүний хөл дээгүүр гарчихлаа. ...” гэж байсан. Тэр хүмүүсээс ... архи үнэртэж байсан. ...” /1хх 112/,

гэрч Г.Уртнасанбаатарын “...Хархорин ... руу явах зам дээр ... цагаан өнгийн жижгэвтэр жийп маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн жийп ангиллын машин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчим зайтай газар тэр хар өнгийн машин зогсож байсан. ...” /1хх 151-153/,

гэрч Ө.Амгалан “...Дээлтэй залуу нь “та хөл нь дээгүүр гарчихлаа” гэж хэлсэн. Яасан бэ гэж асуухад “манай хоёр согтуу маргалдаж муудалцаад энэ хүнийг машинаас унагаачихлаа” гэж хэлсэн. ...” /1хх 103/,

гэрч Б.Чимгээ “... “Юу болов оо, хүн чирчихсэн явж байна” гэж Жиндээ, Амгалан нарыг хэлэх үед би сэрсэн. “Хүн чирчихсэн явж байна” гэхэд Жиндээ машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. Монгол дээлтэй хүрэмтэй залуу “Жиндэд та хөл дээгүүр нь гарчихлаа” гэсэн. ...” /1хх 105/,

гэрч Ч.Ишжамц “...Дээлтэй хүн “бид хоорондоо маргаад манай хүн машинаас уначихсан, харин та нар хөл дээгүүр нь гараад явчихлаа” гэж байсан. ...” /1хх, 118/,

гэрч Д.Мөнхзулын “...2019 оны 02 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө 00:25 минутад сувилагч Д.Оргилцэцэг яаралтай дуудлага ирлээ гэж дуудсан. ...Дуудлага өгөхдөө “машинд хүн дайруулсан байна” гэж Д.Оргилцэцэг хэлсэн. Тэгээд тухайн хэргийн газар нь очиход бид нарын очиж байгаа байрлалаар ярьвал баруун гар талд 2 автобус, 1 цагдаагийн жижиг машин, бас цагаан өнгөтэй дунд оврын жийп гэж хэлмээр машинууд замын хажууд замаасаа гараагүй зогсож байсан. Тухайн машинууд миний хэлсэн дарааллаар Хархорин талаасаа Архангай руу чиглэсэн байдалтай зогсож байсан. Тухайн зогсож байсан машинуудын урд талд засмал замын голд тухайн осолд орсон гэх хүн газар хэвтэж байсан. Тэр хүнд очиж үзлэг хийхэд толгой нь ертөнцийн зүгээр баруун урагш харсан байрлалтай байсан ба биеийн ерөнхий байдлыг харахад царай хөхөрсөн, дээшээ харсан байдалтай үзлэг хийхэд хүүхэн хараа 2 талдаа жигд өргөссөн, гэрлийн урвалгүй, зовхи нь нээлттэй, гүрээт судас, цавьны судас, том судаснууд тэмтрэгдэхгүй, захад пульс байхгүй /судасны цохилт байхгүй/, зүрхний цохилт байхгүй, амьсгал байхгүй, бүх бие хөрсөн байсан. Тэнд нэг цагдаа байсан. Тэр цагдаад тухайн үзлэг хийсэн талаараа хэлээд нас барсан байна шүү гэдгийг нь хэлж өгсөн. ...” /1хх 128-129/,

гэрч Ц.Цоггэрэлийн “...Эмч автомашин дотор орж ирэхдээ хүн нь нас барсан гэж хэлж байсан. Мөнхзаяа эмч бид хоёр хэргийн газраас Хархорин сумын төв рүү 01 цаг 35 минутад хөдөлж нэгдсэн эмнэлэг дээр 01 цаг 50 минутад ирсэн. ...” /1хх 133-134/,

гэрч Г.Эрдэнэбатын “...Би 2019 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 17 цагийн орчимд Архангай аймгийн Тариат сумын харьяат Уртнасанбаатар гэх хүний хамт Уртнасанбаатарын худалдаж авсан 06-49 УБП улсын дугаартай машинаар Улаанбаатар хотоос Архангай аймгийн Тариат сум руу гарсан. ...Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өнгөрөөд явж байхад зам дээр осол гарсан байсан. Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүү дүү байрлалтай их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан. ...” /1хх 146-150/,

шинжээч Ч.Эрдэмболорын “...Амь хохирогч Х.Бд учирсан гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. ...Мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. ...Хохирогч босоо байрлалд байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. ...Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. ...” /2хх 73-75/,

шинжээч Э.Энхболдын “...”Субару форестер” маркийн автомашины гуперын зүүн урд хэсгээр амь хохирогчийг мөргөх үед гуперын зүүн хэсэг хүчний үйлчлэлээр дотогшоо шахагдана энэ үйлчлэлийн улмаас машины гуперын баруун урд хэсэг урагшаа /гадагш/ тэмүүлэлтэйгээр хөшигдөнө. Энэ хөшилтийн улмаас гуперын баруун хэсэг гадагшаагаа салж, гупер автомашины бэхэлгээнээс мултардаг. ...Автомашины баруун урд гуперт үүссэн гэмтлийг шинэ хуучин гэдгийг тогтоох боломжгүй байна. Гэхдээ хавтас хэргийн материалтай танилцаж байхад 1-р хавтасны 70-р хуудсанд 99-52 УНЦ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэлийн уг хуудасны ард “...урд бамбайн баруун талд үзүүр хэсэг хүртэл 1.5 см хэмжээтэй ангайж салсан гэмтэлтэй” гэж дурдсан байна. Энэ үзлэгийг хийхэд жолооч Б.М нь байлцсан байсан бөгөөд үзлэг хийх үед автомашинд үүссэн гэмтлүүдийг хэзээ ямар цаг хугацаанд үүссэн гэдгээ тэмдэглүүлэх, өөрөөр бичиж тэмдэглэх боломжтой байсан. Физикийн хуулиар зогсож байсан автомашин богино зайд огцом хурд авч тухайн тээврийн хэрэгслээс бага жин, масс бүхий хөдөлгөөнгүй биетийг мөргөх үед автомашины мөргөсөн хэсгийн эд анги хагарч бутрахгүй байх боломжтой. Учир нь, хөдөлгөөнгүй биетийн мөргөгдсөн хэсэг нь уян хатан, зөөлөн /гадуур хувтас, хүний биеийн мах, өөх зэрэг/ эд нь автомашинд үүсч болох эвдрэл гэмтлийн хүчийг өөртөө шингээж тэр хүч нь өөрт нь хатуу биет болох ясанд гэмтэл учруулсан байх үндэслэлтэй. Энэ гэмтлийг үүсэх үе шатын талаар шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтэд мөргөлтийн хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ гэж тайлбарлаж байсантай тохирох юм. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай онолоор автомашины хурд 20 км цагийн хурдтай явж байхад хүн мөргөж хүний биед гэмтэл учруулахад хүн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулах магадлал 20% хувь байдаг. Энэ хурд нь ихэснээр 80% км цагийн хурдтай явж байх үедээ явган зорчигчийг мөргөх үед амь насаа алдах эрсдэл 80%-иас дээш болдог. Тиймээс замын хөдөлгөөний дүрэмд хороолол дотор автомашин 20 км/цагийн хурдаас дээш хурд хэтрүүлэхийг хориглодог юм. Тэгэхээр “Субару форестер” маркийн /уралдааны зориулалттай/ хөдөлгүүрийн багтаамж, хурд авалт нь бусад энгийн суудлын автомашинтай харьцуулахад илүү техникийн үзүүлэлттэй үйлдвэрлэгдсэн байдаг тул 20 км цагийн хурдыг 2-3 секундэд авах боломжтой юм. Хамгийн багадаа 20 км/цагаас дээш хурдтайгаар яваа тээврийн хэрэгсэл хүний биед хүнд гэмтэл учруулах боломжтой юм. ...” /3хх 245-248/ гэсэн мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1542 дугаартай “...”Б.М 38 эр” гэсэн хаягтай цусанд 1.6 промили спиртийн зүйл илрэв. ...Согтолтын дунд зэрэгт хамаарна. ...” /2хх 212/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 641 дугаартай “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтэний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тармал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал. ...Баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт Х.Б нь автомашинд мөргөгдөж, дайрагдснаас үүссэн олон тооны хүнд гэмтлийн шокоор нас барсан. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна. ...” /2хх 63-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 343 дугаартай “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хураглт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал, хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно. ...” /2хх 72/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 1540 дугаартай “...04-44 УБҮ машины зүүн талын дугуйнаас авсан арчдас гэж хаягласан марлиас эрэгтэй хүний ДНХ-ийн тогтоц илэрсэн нь амь хохирогч Х.Бын гэх цусны ДНХ-ийн тогтоцтой тохирч байна. ...” /2хх 195-196/,

Техникийн хяналт үзлэгийн инженерийн 3 дугаартай “...99-52 УНЦ улсын дугаартай “Субару Форестер” маркийн автомашины ... урд гүперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 70 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 69 см, хойд гүперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 67 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 66 см байна. ...” /2хх 89-90/,

Техникийн хяналт үзлэгийн инженерийн 216 дугаартай “...99-52 УНЦ улсын дугаартай “Субару Форестер” маркийн машины жолооч Бы М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. Жолоочид дараахь зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа ...хэрэглэсэн ...үедээ тээврийн хэрэгсэл жолоодох; 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана гэснийг тус тус зөрчиж амь хохирогчийг ...мөргөсөн байх үндэслэлтэй байна.

0444 УБҮ улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн машины жолооч Зын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. ...” /2хх 89-90/,

Техникийн хяналт үзлэгийн инженерийн 5 дугаартай “...04-44 УБҮ Ниссан Патрол маркийн тээврийн хэрэгслийн урд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 82 см, баруун урд булангийн товойсон хэсэг нь газраас 82 см, хойд гуперийн зүүн булангийн товойсон хэсэг нь газраас 84 см, баруун булангийн товойсон хэсэг нь газраас 84.5 см байна. ...” /4хх 190-199/,

Техникийн шинжээчийн 216/1 дугаартай “...99-52 УНЦ улсын дугаартай “Субару Форестор” маркийн машины жолооч Бы М нь Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/-д ...согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн” үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэснийг зөрчсөн байна. ...Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-т зааснаар “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэснийг зөрчиж амь хохирогчийг зүүн урд талаараа мөргөсөн байх үндэслэлтэй байна.

04-44 УБҮ улсын дугаартай “Ниссан Патрол” маркийн машины жолооч Зын Ж нь Замын хөдөлгөөний дүрмийн 12.2. Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна, 12.3. Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэснийг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна. Явган зорчигч болох амь хохирогч Х.Б нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. ...” /4хх 214-216/ гэсэн дүгнэлтүүд,

хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-8, 26-30, 4хх 205-207/, ослын газрын схэм зураг /1хх 9, 31, 4хх 208/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 11-24, 32-42, 4хх 209-210/, “Ниссан Патрол” загварын 04-44 УБҮ улсын дугаартай автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 76-81/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 82-87/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 43-60/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 62-63/, согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэл /2хх 1-3/ зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг судлан үзэхэд, шүүгдэгч Б.М нь осол гарсны дараа тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн замын үзэгдэх орчин хязгаарлагдмал, гадаа харанхуй болсон байхад өөрийн тээврийн хэрэгслийг замыг бүрэн чөлөөлөхгүйгээр зогсоож, гэрлээ холын тусгал дээр нь шилжүүлж, эсрэг урсгалаас ирэх тээврийн хэрэгсэлд саад учруулж, дахин зам тээврийн осол гарахаас урьдчилан сэргийлэх талаар ямар нэг арга хэмжээ аваагүйн улмаас “Nissan Patrol” загварын, 04-44 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч З.Ж нь замын зорчих хэсэг дээр хэвтэж байсан амь хохирогчийг дайрсан үйл баримт тогтоогдож байна.

Түүнчлэн, амь хохирогч Х.Б нь замын зорчих хэсэг дээр анх “Subaru Forester” загварын, 99-52 УНЦ улсын дугаартай тээврийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Мд мөргүүлж, дараа нь “Nissan Patrol” загварын, 04-44 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Жт дайрагдсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 641 дугаартай “...Х.Б нь автомашинд мөргөгдөж, дайрагдсанаас үүссэн олон тооны хүнд гэмтлийн шокоор нас барсан. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна. ...” гэх дүгнэлт, шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Амь хохирогч Х.Бд учирсан гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. ...Мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. ...Хохирогч босоо байрлалд байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. ...Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. ...” гэх мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Мийг согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Бын амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Мийн 99-52 УНЦ улсын дугаартай “Subaru Forester” загварын тээврийн хэрэгслийг жолоодон хөдлөхдөө автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Быг мөргөж, амь насыг хохироосон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “...согтуурсан, мансуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон бол тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.” гэж заасан.

Шүүгдэгч Б.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж 7 жил хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохирсон байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцүүлэн тухайн зүйл, хэсэгт заасан хорих ялын төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан гэж үзэв.

Иймд шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Б.Наранцэцэг, Х.Даваахүү нарын гаргасан “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэсэн,

шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч З.Цэнгэнбаярын гаргасан “...Б.Мийг гэм буруугүйд тооцож өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Прокуророос З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг анхан шатны шүүх хэлэлцээд болсон үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, З.Жыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Х.Быг мөргөж, амь насыг хохироосон гэж дүгнэн ял шийтгэл оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй.

Учир нь, гэмт хэрэгт холбогдсон аливаа этгээдийн гэм бурууг тогтоохдоо гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт санаа зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг бодитой хууль зүйн дүгнэлт хийх, хуулийн шаардлага бий.

Хэргийн үйл баримтаас үзэхэд, анх “Subaru Forester” загварын 99-52 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.М нь согтуугаар талийгаач Х.Бийг замын зорчих хэсэг дээр мөргөж, үүний дараа тэрээр тээврийн хэрэгслийн гэрлээ холын тусгалд шилжүүлэн замын эсрэг урсгалыг хааж байршуулсны улмаас үзэгдэх орчин хязгаарлагдаж “Nissan Patrol” загварын, 04-44 УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З.Ж нь зам дээр мөргөгдөн унасан талийгаач Х.Быг дайрсан болох нь Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 641 дугаартай шинжээч эмчийн “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтэний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тармал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, ...баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг шилбэнд цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Х.Б нь автомашинд мөргөгдөж, дайрагдснаас үүссэн олон тооны хүнд гэмтлийн шокоор нас барсан. Талийгаачийн хэвлийн хэсэг дэх зулгаралт нь автомашины дугуйгаар үүсгэгдсэн байна. Талийгаач нь эхлээд автомашинд мөргөгдөөд дараа нь дайрагдсан байна. ...” /2хх 63-65/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 343 дугаартай “...Талийгаач Х.Бын цогцост баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хуралт, бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцаг ясны хугарал, баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, хэвлий, баруун, зүүн өвдөгт зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хуруу, баруун өгзөгт шарх, баруун гуя, өвдөг, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Эдгээр гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлээс баруун дунд чөмөгний бампер хугарал, дотор эрхтний доргилт, их тархины зүүн тал бөмбөлгийн дагзны дэлбэн, бага тархины аалзан хальсан доорх тархмал цус харвалт, уушги, элэгний саран холбоос, өрцний цус хураглт баруун гуя өвдөг, шилбэний цус хуралт нь автомашинд мөргөгдөх үед, тухайлбал, хүний босоо байрлалд биеийн араас буюу баруун гуяны хэсэгт ойролцоогоор 69 см өндөр бампертай машинаар мөргөсөн үед үүснэ. Бүсэлхий баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны уутлагдсан шарх, аарцагясны хугарал, хэвлийн хэсгийн зулгаралт, баруун өгзөгний шарх нь автомашинд дайрагдах үед, тухайлбал хүний хэвтээ байрлалд доош харж хэвтсэн үед нь бүсэлхийн баруун тал, ууц, баруун өгзөг, ташаа, гуяны хэсгээр автомашины дугуй гарсан нөхцөлд үүснэ. Харин баруун хөмсөг, шанаа, хамар, зүүн хацар, эрүү, баруун, зүүн өвдөгний зулгаралт, зүүн гарын хоёрдугаар хурууны шарх нь ямар ч байрлалд, автомашинд мөргөгдөх, дайрагдах аль ч үед үүсч болно. ...” /2хх 72/ гэсэн дүгнэлтүүд,

шинжээч Ч.Эрдэмболорын “Амь хохирогч Х.Бд учирсан гэмтлүүд нь мөргөгдөх, дайрагдах гэсэн хоёр хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлүүд байгаа. ...Мөргөгдөх, дайрагдах хоёр хүчний аль алиных нь үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтлийн улмаас шоконд орж нас барсан. ...Хохирогч босоо байрлалд байхдаа машинд мөргүүлж, улмаар дайрагдсан. ...Бампер хугарал нь автомашинд мөргүүлсэн үед үүсдэг онцлог хугарал бөгөөд уг хугарлыг хохирогчийн хөлийн өсгийнөөс дээш хэмжихэд 69 см байсан ба тухайн өндөртэй ойролцоо хэмжээтэй өндөр бампертай машин мөргөсөн байх боломжтой. Уг хугарал нь хүч үйлчилсэн хэсгээр хугардаг онцлогтой. ...” /2хх 73-75/,

гэрч Б.Наранболдын “...Бид нар хойноос урагш явж байсан бөгөөд би замын баруун гар талд гарч бие зассан. Харин талийгаач зам дээр байж байгаад ойчсон тэр үед М хөдөлсөн. ...Хархорин сумаас хойш чиглэлтэй автомашин гарч ирсэн. ...Очоод татах гэтэл машин гэнэтхэн талийгаачийн дээгүүр гарчихсан. ...М машинтайгаа хөдлөөд явсан. ...Талийгаач машины хүчинд машин явсан тал руу эргээд доошоо харсан. ...М автомашиныг зогсоох үйлдэл хийхдээ бага зэрэг зам руу захалж, араас ирж байсан автомашин урсгал сөрөхгүйгээр зөрөөд өнгөрөх зай үлдээн чөлөөлж зогссон. Гэхдээ замыг бүрэн чөлөөлөөгүй. ...” /1хх-109-110, 119-120, 125-126, 2хх-46-52, 241-242/,

гэрч Г.Эрдэнэбатын “...Цагаан өнгийн машин замын голын зураасны зүүн талд жишүү дүү байрлалтай, их гэрэл нь асаатай зогсож байхаар нь би хажуугаар нь гараад чигээрээ явтал замын голын цагаан зураасны зүүн талд зам дээр нэг хүн хэвтэж харагдсан. Тэгээд цааш явж байтал замын баруун гар талд замаа шахаад зогссон хар өнгийн жийп ангиллын машин зогсож байсан. ...” /1хх 146-150/,

гэрч Г.Бархасын “...Хүн харагдлаа гээд дарсан байх, сайн мэдэхгүй байна. Тэр хүн нь замын нөгөө урсгалд байсан. ...Тэр хүний нэг хөл нь замын дундах цагаан зураасыг дөнгөж давсан байдалтай байсан. ...” /1хх 112/,

гэрч Г.Уртнасанбаатарын “...Хархорин ... руу явах зам дээр ... цагаан өнгийн жижгэвтэр жийп маягийн загвартай машин байсан. Тэр машиныг өнгөрөөд явах үед зам дээр нэг хүн хэвтэж байсан. Тэгээд цааш явтал зам дээр хар өнгийн жийп ангиллын машин бас зогсож байсан. Газар хэвтэж байсан хүнээс 60-80 метр орчим зайтай газар тэр хар өнгийн машин зогсож байсан. ...” /1хх 151-153/,

гэрч Б.Чимгээ “...Жиндээ машинаа их эвгүй дараад өнгөрсөн. Машин дайвалзаад бараг замын хажуу руу орчих дөхөөд машинаа зогсоосон. ...” /1хх 105/ гэсэн мэдүүлгүүд зэргээр тогтоогдож байна.

Дээрх бичгийн нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Б.М зам тээврийн осол гаргасан даруй болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар Замын  хөдөлгөөний дүрэмд заасан үүргээ биелүүлээгүй буруутай эс үйлдэхүйгээр жолооч З.Жыг зам тээврийн осол гаргах нөхцөлийг бүрдүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримт, бичгийн баримтуудаар шүүгдэгч З.Ж нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын зорчих хэсэгт байсан амь хохирогчийг дайрсан үйл баримт тогтоогдож байх боловч түүнийг үйлдэлд хэргийн нөхцөл байдлын улмаас учирч болох хохирол, хор уршгийг урьдчилан мэдэх боломжгүй байсан нөхцөл байдлыг харгалзан прокуророос шүүгдэгч З.Жыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, ял дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруугүйгээр Эрүүгийн хуульд заасан хохирол, хор уршиг учруулсан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд шийтгэх тогтоолын шүүгдэгч Б.Мд холбогдох хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Жт холбогдох хэсгийг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгохыг хүссэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/794 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Прокуророос шүүгдэгч З.Жт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгасугай.” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгээс шүүгдэгч З.Жт холбогдох хэсгийг бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч З.Ж, түүний өмгөөлөгч Б.Дашдорж, Д.Батбаяр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Наранцэцэг, Х.Даваахүү нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Шүүгдэгч З.Ж нийт 203 хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, түүнийг нэн даруй суллаж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

4. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

            ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            Г.ЕСӨН-ЭРДЭНЭ