Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 155

 

 С.Б-т холбогдох

        эрүүгийн хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, нарийн бичгийн дарга Н.Энхжил нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаар магадлалтай, С.Б-т холбогдох 1808015460391 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нуурын хулан” ХХК-д туслах мужаан ажилтай, ам бүл 2, эхнэрийн хамт, ял шийтгүүлж байгаагүй, С овогт С-н Б-.

С.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэр Хилчин хотхоны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт хөзөр тоглож байгаад маргалдсаны улмаас иргэн И.О-н цээжин тус газар нь 1 удаа хутгалж эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Б-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар 5 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэлийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч С.Б- гаргасан гомдолдоо “...Магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Учир нь миний бие 2018 оны 12  дугаар сарын 21-ний өдөр давж заалдах шатны шүүхэд цагдан хорих 461 дүгээр ангийн тоо бүртгэлээр дамжуулан гомдол гаргасан боловч миний гомдлын талаар магадлалд огт тусгаагүй байх тул дахин гомдол гаргаж байна.

1. Миний бие хэрэгт холбогдсон орой мэдүүлэг өгөхдөө гэм буруугаа хүлээсэн. Гэм буруу дээрээ маргадаггүй. Үйлдсэн хэргээ чин сэтгэлээсээ ухамсарлан ойлгож байна. Дахин гэмт хэрэг үйлдэхгүй гэдгээ нотолж байна. Иймд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, хохирогчтой эвлэрсэн, хохирогч ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т зааснаар хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулж өгөхийг хүсье.

2. Хэрэгт холбогдсон орой би эрүүлжүүлэх байранд хоносон. Маргааш нь намайг цагдан хорих 461 дүгээр ангид хорьсон. Энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүхийн магадлалд огт дурдаагүй байна. Үүнийг тодруулж миний хорих ялын хэмжээг тооцож, цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд оруулан хорих ялын хэмжээг багасгаж өгөхийг хүсье.

Миний давж заалдсан гомдлыг хүргүүлсэн цагдан хорих хаалттай 461 дүгээр ангийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/3787 тоот албан бичгийн хуулбарыг өмгөөлөгчид гаргаж өгсөн байгаа” гэжээ.

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хэлсэн саналдаа “Үйлчлүүлэгчийнхээ хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. С.Б-т холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянагдах үед миний үйлчлүүлэгч гаргасан гомдлоо Цагдан хорих 461 дүгээр ангийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 1/3787 дугаар албан бичгийн хамт хүргүүлсэн боловч Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд очоогүйн улмаас гомдол нь хэлэлцэгдэж чадаагүй. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдааны дараа тус ангиас лавлахад гомдлыг хүргүүлсэн албан бичгийг хуулбарлаж өгсөн. Миний үйлчлүүлэгч давж заалдах шатны шүүхэд гомдлоо хэлэлцүүлж чадаагүй боловч Улсын дээд шүүхээр хянуулах нь зүйтэй гэж үзэн гомдол гаргасан байна.

С.Б-ын ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээж авах боломжтой гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Яагаад гэвэл өөрөө гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо төлсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах боломж байгаа учраас хорих ялыг багасгаж өгнө үү гэж хүсч байна.

Мөн хэрэг шийдвэрлэгдэхээс өмнө буюу 2018 оны 03 дугаар сарын 29-нөөс 31-ний өдрийн хооронд С.Б- сэжигтнээр татагдаж баривчлагдсан байдаг. Энэ талаар Цагдан хорих 461 дүгээр ангиас лавласан боловч ямар нэгэн баримт бичгээр гаргаж өгөөгүй байна. Тийм учраас хяналтын шатны шүүх үүнд дүгнэлт хийнэ үү” гэв.

Прокурор Ц.Бурмаа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “С.Б-т холбогдох хэргийн нотолбол зохих байдлыг бүрэн нотолсон, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгчийн хүн хутгалсан үйлдлийн улмаас хохирогчийн биед хүнд гэмтэл учирсан талаар дүгнэлт гарсан. Хэрвээ анхан шатны эмнэлгийн тусламж аваагүй бол амь нас нь эрсдэх байсан нь шинжээчийн дүгнэлтээс харагддаг. С.Б-аас хохирогчид эмчилгээний зардал 4,000,000 гаран төгрөг төлөгдсөн. Шүүгдэгч үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлсэн. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч давхралдаж унасан гэж мэдүүлсэн байдаг. Шүүх үүнийг үгүйсгэж дүгнэлт хийсэн байгаа.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, С.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэм бурууд тохирсон ял шийтгэл оногдуулж, хорих ялыг нээлттэй байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хууль буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б-ын гаргасан гомдлыг үндэслэн түүнд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

С.Б- нь 2018 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин хотхоны 83 тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хамт хөзөр тоглож байсан И.О-тэй маргалдсаны улмаас цээж рүү нь 1 удаа хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд С.Б-ын гэм бурууг хянан хэлэлцэж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т заасан “Зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Харин шүүгдэгч С.Б-т оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг хянан үзвэл тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан шууд хохирлыг нөхөн төлсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар дүгээр зүйлийн 1.4-т заасныг баримтлан оногдуулсан ялыг хөнгөрүүлэн өөрчлөх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангасан байхыг шаарддаг болно.

Мөн шүүгдэгч С.Б- нь “Цагдан хорих 461 дүгээр ангид хоригдсон талаар анхан болон давж заалдах шүүх дүгнэлт хийгээгүй, үүнийг тодруулж цагдан хоригдсон нэг хоногийг эдлэх ялд оруулан тооцуулах” агуулгатай гомдол гаргасан боловч үүнийг нотолсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар дүгнэлт хийх боломжгүй болохыг дурдах нь зүйтэй.

Иймд шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч С.Б-т оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчийн гаргасан “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэж, хорих ялын хэмжээг багасгаж өгнө үү” гэсэн гомдлыг хангахаар шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 990 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 93 дугаар магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч С.Б-ыг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сар хорих ял шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

                                              ДАРГАЛАГЧ                                               Б.ЦОГТ

                                              ШҮҮГЧ                                                       Б.БАТЦЭРЭН

                                                                                                                Д.ГАНЗОРИГ

                                                                                                                Ч.ХОСБАЯР

                                                                                                                Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН