Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 380

 

Н.А-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар

аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:                      Х.Батсүрэн

                                     Б.Мөнхтуяа

                                     П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:            Ч.Тунгалаг

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг

Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, өмнө хариуцан гүйцэтгэж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажилд эгүүлэн томилох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг даалгах тухай.

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0247 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогч:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ж.

Нэхэмжлэгч Н.А-ийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Өмнөх шатны шүүхийн шийдвэр:

1. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.4.3, 47 дугаар зүйлийн 47.1.3 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Агийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Н.Аг ажлаас чөлөөлөх тухай Б/31 тоот захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч Н.Аг өмнө нь гүйцэтгэж байсан Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Н.Ад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс шүүх хуралдаан хийсэн 2018 оны 03 дугаар сарын 02-ныг дуустал ажилгүй байсан 80 хоногийн хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговорт 3319680 /гурван сая гурван зуун арван есөн мянга зургаан зуун ная/ төгрөгийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс гаргуулан олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлөхийг Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд даалгаж шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан гомдлоор хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд 221/МА2018/0247 дугаар магадлалаар Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 122/ШШ2018/0002 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д заасныг баримтлан Н.Агийн гаргасан “Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн Б/31 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоон, өмнө эрхэлж байсан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга бөгөөд ажлын албаны даргын үүрэгт ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын нөхөн төлөхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагч Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбатын давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэжээ.

        Хяналтын журмаар гаргасан гомдол:

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123.2.1-д заасан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 221/МА2018/0247 дугаар магадлалыг хянуулахаар гомдол гаргаж байна.

4. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” мөн хуулийн 25.1-д “Хурал хэлэлцсэн асуудлаар тогтоол гаргах бөгөөд түүнийг тухайн Хурлын хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн болон баг, хорооны Хурлын хуралдаанд оролцсон иргэдийн олонхийн саналаар тус тус батална” гэж заасан. Гэтэл аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга н.Мөнхбат нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3-д заасан өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид тогтоолоор шийдвэрлэх асуудлыг өөрийн эрх хэмжээгээ хэтрүүлэн илт хууль бус захиргааны акт гаргасан.

5. Сүхбаатар аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 16 дугаар тогтоол нь хүчин төгөлдөр хэвээр байгаа ба энэ тогтоолын хууль зүйн үндэслэлийн талаар маргаагүй байтал давж заалдах шатны шүүхээс хуульд заасны дагуу томилогдоогүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.

6. Нэхэмжлэгч миний бие аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн тогтоолыг үйлдэх эрх хэмжээ байхгүй ба түр, бүр томилох гэсэн агуулгаар тогтоол гаргасан эсэх нь миний эрх ашгийг зөрчих, намайг буруутгах үндэслэл болохгүй.

7. Миний охин А.Номинсувд нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн 1 нас 11 сартай байсан. Төрийн албаны тухай хуулийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 100.1-д “Ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглоно” гэж тус тус зөрчиж ажлаас чөлөөлөх шийдвэрийг гаргасанд давж заалдах шатны шүүх дүгнэлт хийлгүй орхисон.

8. Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлаж хэрэглээгүй, захиргааны акт хууль бус бөгөөд үүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн бол зөрчигдсөн эрхийг сэргээх байтал төрийн жинхэнэ албан тушаалд ажиллах болзлыг хангаагүй, мөн түр томилогдсон этгээдийн эрхийг сэргээж шийдвэрлэсэн нь буруу, энэ үндэслэлээр давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь зөв байна.

10. Сүхбаатар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар тогтоолоор Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22.1.6-д заасныг баримтлан Н.Аг Хурлын нарийн бичгийн даргаар 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн түр томилон ажиллуулахаар шийдвэрлэсэн, мөн өдрийн Тэргүүлэгчдийн хуралдаанаар Н.Агийн томилгооны асуудлыг хэлэлцээгүй, Н.А нь төрийн жинхэнэ албан хаагч биш бөгөөд Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанд ажиллаж байгаагүй үйл баримт тогтоогдсон, уг үйл баримттай хэргийн оролцогчид маргаагүй байна.

11. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.11-т заасны дагуу аймгийн  иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн даргын албан тушаал нь төрийн захиргааны албан тушаалд хамаарсан ба мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журмыг Засгийн газар тогтооно” гэж, Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн 62 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх журам”-д зохицуулснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд албан хаагчийн албан үүргийг тухайн байгууллагад ажиллаж байгаа этгээдээс өөр бусад этгээдээр /гаднаас/ гүйцэтгүүлэхийг хоригложээ.

12. Иймээс, нэхэмжлэгч Н.Аг ажлаас чөлөөлсөн хариуцагчийн шийдвэрийг буруутгах үндэслэлгүй, нэгэнт Н.Аг “түр” томилохдоо Тэргүүлэгчдийн хуралдаанд санал оруулж шийдвэрлүүлээгүй нь тогтоогдсон тул чөлөөлөхдөө мөн санал авах байсан гэж үзэх боломжгүй байна.

13. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, ... гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж зааснаар иргэн, хуулийн этгээдийн захиргааны шүүхэд хандаж сэргээхээр шаардаж буй эрх нь хууль ёсны байж гэмээн хамгаалагдах учиртай байхын зэрэгцээ түр томилогдсон тохиолдолд нэхэмжлэлийн шаардлага хангаснаар мөн түр томилогдсон эрх сэргэх тухай ойлголт байхгүй юм.

14. Түүнчлэн Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.6-д “Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилуулах саналыг Тэргүүлэгчдийн хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх” гэснээс үзвэл “чөлөөлөх” тохиолдолд зайлшгүй Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авна гэж үзэхгүйн дээр Н.Аг чөлөөлөх асуудлыг Хурлын дарга дангаар шийдвэрлэсэн нь мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.3-т “Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албаны үйл ажиллагаатай холбогдсон асуудлаар аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын дарга захирамж гаргах эрхтэй” гэж заасанд нийцсэн, нэхэмжлэгчийн “...тогтоолоор шийдвэрлэх асуудлыг эрх хэмжээгээ хэтрүүлэн илт хууль бус акт гаргасан” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

15. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “захиргааны акт, ...гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгох”-оор заасныг хариуцагч хэрэгжүүлээгүй нь буруу боловч уг үндэслэлээр маргаан бүхий захиргааны актыг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

16. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна” гэж заасан, төрийн жинхэнэ албан тушаалд ажиллаж, төрийн жинхэнэ албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэх харилцааг тус хуулиар тогтоосон учир энэ маргааны хувьд Хөдөлмөрийн тухай хуулийг хэрэглэхгүй.

17. Иймд, дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Агийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлгэхээр хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 221/МА2018/0247 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Н.Агийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

ШҮҮГЧ                                                                    Ч.ТУНГАЛАГ