Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/03965

 

 

 

 

 

2024 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 182/ШШ2024/03965

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч И.Амартөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, ********т оршин байрлах, К ХХ /Хуулийн этгээдийн регистрийн дугаар ********/-ийн нэхэмжлэлтэй,

 

Нэхэмжлэлийн шаардлага: С овогтой Б-ын Б /РД:********/-ийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ерлан.

/нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

 ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ш.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: "К ХХ НЬ Б овогтой Б /РД:********/ нь 2022 оны 03-р сарын 29-ны өдөр 41 тоот зээлийн гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүрэгт 5,003,223.33 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч 2024 оны 05-р сарын 14-ны өдрийн 183/Ш32024/11082 дугаартай шүүгчийн захирамжаар Иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.9-д заасан хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд хариуцагчийн оршин суугаа хаяг, утасны дугаар тодорхойгүй байх тул Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлд заасны дагуу эрэн сурвалжлуулж өгнө үү. гэжээ.

 

2.Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн хүсэлт, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, итгэмжлэл, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, 2022 оны 03 дугаар сарын 29-ны өдрийн Зээлийн гэрээ, Зээлийн бүтээгдэхүүний нөхцөл, Барьцааны гэрээ, иргэний үнэмлэхийн хуулбар, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 183/ШЗ2024/11082 дугаар Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Шүүх дараах үйл баримт, хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Хүсэлт гаргагч К ХХ нь хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б.Бийг эрэн сурвалжлуулж, оршин суудаг газрыг нь тодруулахаар хүсэлт гаргажээ.

 

Б.Б нь К ХХ-тай 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн гэрээ-г байгуулсан болох нь талуудын хооронд байгуулсан дээрх гэрээгээр тогтоогдож байх тул зээлийн гэрээний үүргийн нэхэмжлэлд Б.Б нь хариуцагч болох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэгт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох нь Б.Б Хан-Уул дүүрэг, ********-т оршин суудаггүй болох нь хүсэлт гаргагчийн төлөөлөгчийн тайлбар болон Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 14-ны өдрийн 183/ШЗ2024/11082 дугаартай Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.4-т заасны дагуу С овогтой Б-ын Б /РД:********/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь тогтоох ажиллагааг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газраар гүйцэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хүсэлт гаргагч К ХХ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас өөрийгөө эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар хүсэлт гаргагч талыг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар С овогтой Б-ын Б /РД: ********/-ийг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар С овогтой Б-ын Б /РД:********/-ийг эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг нь олж тогтоох ажиллагааг биелүүлэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч К ХХ-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. С овогтой Бын Б /РД:********/-ийг хаана байгааг тодруулсны эцэст нэхэмжлэгчийн төлөөлөгчид С.Б /Утас:********/, Б.У, О.М /Утас:********/ нарт мэдэгдэхийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ И.АМАРТӨГС