| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00361/И |
| Дугаар | 130/ШШ2024/00538 |
| Огноо | 2024-05-28 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 130/ШШ2024/00538
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Баян-Өлгий аймгийн Алтай сумын 5 дугаар багт оршин суудаг, утас:****, И овогт Бн К,
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, регистрийн ***дугаартай, Баян-Өлгий Нийгмийн даатгалын газрын (дарга М.А, утас *****)
Хүсэлтийн шаардлага: Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд тракторчинаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хүсэлт гаргагч Б.Кы итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е.
(Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус газарт Сангийн нягтлан бодогч ажилтай Т.Ботакөзд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.3-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хүсэлт гаргагчийн хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Б.К анх шүүхэд гаргасан хүсэлтэд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд малчнаар 1985 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал, мөн тус нэгдэлд малчнаар 1991 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагыг өөрчилж дахин тодорхойлон Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд тракторчинаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд:
1.1.Хүсэлт гаргагч Б.К нь Төв аймгийн Угтаал дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг хөдөө аж ахуйн трактор слесарь мэргэжлээр төгсөөд, Сэлэнгэ аймгийн Н Сангийн аж ахуйд 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл тракторчинаар ажилласан.Энэ талаар Хөдөлмөрийн дэвтэрт бүрэн бичигдсэн.
1.2.Хүсэлт гаргагч 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр ар гэрчийн гачигдлын улмаас нутагтаа эргэн ирээд мэргэжлийн дагуу Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал тус тус ажиллаж байгаад 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд явсан байна.
1.3.Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гарахаар улсад ажилласан байдлаа тооцуулахад Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд трактор комбайнчаар 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд орсон тушаал нь байна. Харин ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивд байхгүй, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь архивд байхгүй байна.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд трактор-комбайнчаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хүсэлт гаргагчаас Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай архивын лавлагаа, Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бор бургас, Улаан хад хэсгийн 70 дугаар дансны 1990 оны цалин хөлсний баримт, 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээсэн Хөдөлмөрийн дэвтэр, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цэргийн батлах-ын хуулбар, Барилгын цэргийн 023 дугаар ангиас 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр олгосон №536 дугаартай Мэргэжлийн үнэмлэх, 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн хуулбар, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №005 дугаар лавлагаа, Төв аймгийн Угтаал дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг хөдөө аж ахуйн трактор слесарь мэргэжлээр төгссөн тухай 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №86/0285 дугаартай Мэргэжлийн Үнэмлэх зэрэг бичгийн нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн.
3.Шүүхийн санаачилгаар Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 552 дугаартай албан бичгээр Б.Кы ХААТР маягтуудыг хуулбарлан шүүхэд хүргүүлсэн байна.
Мөн тус шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 08-ы өдрийн 635 дугаартай албан бичгийн дагуу ирүүлсэн Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай албан бичиг, Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 213 дугаартай Архивын магадлагаа, Сэлэнгэ аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах тухай тушаал зэрэг бичгийн нотлох баримт хэрэгт авагдсан болно.
ҮНДЭСЛЭХ нь:
4.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд хүсэлт гаргагч Б.Кы хүсэлтийн шаардлагын зармыг хангаж, зармыг хэрэгсэхгүй болгож хянан шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Хүсэлт гаргагч Б.К дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хүсэлт гаргагч өндөр насны тэтгэвэрт гарахаар улсад ажилласан байдлаа тооцуулахад Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд трактор комбайнчаар 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс ажилд орсон тушаал нь байна. Харин ажлаас чөлөөлөгдсөн тушаал нь архивд байхгүй, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар ажилд орсон, ажлаас чөлөөлсөн тушаалууд нь архивд байхгүй тул холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд трактор-комбайнчаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл, мөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлаа тус тус тогтоолгохыг хүссэн байна.
6.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:
6.1.Хүсэлт гаргагч Б.К Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд трактор-комбайнчаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:
6.1.1.Хүсэлт гаргагч Б.К Төв аймгийн Угтаал дахь Хөдөө аж ахуйн техник мэргэжлийн сургуулийг хөдөө аж ахуйн трактор слесарь мэргэжлээр төгссөн тухай 1986 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн №86/0285 дугаартай Мэргэжлийн Үнэмлэх-ээр нотлогдож байна.
6.1.2.Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 44 дугаартай албан бичгээр Б.Кд холбогдох архивын баримтыг шүүн үзэж архивын хуулбар, магадлагаа гарган хүргүүлсэн байна.
6.1.3.Сэлэнгэ аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйн даргын 1987 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 239 дугаартай ТМС төгсөгчдийг ажилд авах тухай тушаалаар Төв аймгийн Архус, Угтаалын ХАА-н ТМС-ийг төгсөж ирсэн доорх нэр бүхий хүмүүсийг 6-р сарын 28-аас тракторч комбайнчаар ажиллуулсан ба нэрсийн жагсаалтын 11-д Б Камелханыг тракторчиноор авч ажиллуулсан байна.
6.1.4.Сэлэнгэ аймгийн архивын тасгийн 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 213 дугаартай Архивын магадлагаа-нд: Сэлэнгэ аймгийн Н САА-н даргын 1988 оны тушаалыг шүүн үзэхэд Б овогтой Кд холбогдох ажлаас чөлөөлсөн тухай архивын баримт олдоогүй гэсэн байна.
6.1.5.Хүсэлт гаргагч Б.Кы 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн 6-7 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд 1987 оны 07 дугаар сарын 8-ны Н САА-н даргын 239 тоот тушаалаар ХАА-н ТМС төгсөж ирсэн тул трактор-комбайнчаар 1987 оны 6 дугаар сарын 28-ны өдөр авч ажиллуулав, Н САА-н даргын 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 02 тоот тушаалаар өөрийн хүсэлтээр нь тракторч комбайнчаас 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс чөлөөлөв гэж бичиж, Сэлэнгэ аймгийн Н Сангийн Аж Ахуйн тамгын дарж баталгаажуулсан байна.
Энэхүү Хөдөлмөрийн дэвтэр-т бичигдсэн Б.Кыг ажилд авсан 1987 оны 07 дугаар сарын 8-ны Н САА-н даргын 239 тоот тушаал нь дээрх Сэлэнгийн аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн тушаалтай тохирч байна.
Эдгээр нотлох баримтаар хүсэлт гаргагч Б.К нь Сэлэнгэ аймгийн Н сангийн аж ахуйд тракторчоор 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал ажилласан болох нь нотлогдож байна.
6.2.Хүсэлт гаргагч Б.Кы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагын талаар:
6.2.1.Баян-Өлгий аймгийн архивын тасгийн 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 38 дугаартай Архивын лавлагаа-нд Алтай сумын Я нэгдлийн Шарговь хэсгийн 1985-1990 онуудын цалин хөлсний баримтуудыг шүүн үзэхэд иргэн Б.Кд холбогдох архивын лавлагаа гаргаагүй гэсэн байна.
6.2.2.Хүсэлт гаргагч Б.Кы 1987 оны 6 дугаар сарын 25-ны өдөр нээлгэсэн Хөдөлмөрийн дэвтэр-ийн 8-9 дугаар хуудасны ажлын тухай мэдээнд Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдлийн даргын 1988 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 15-р тоот тушаалаар нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс эхлэн авч ажиллуулав, нэгдлийн даргын 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 20 тоот тушаалаар Ардын цэргийн албанд явсан тул 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдөр чөлөөлөв гэж бичсэн боловч нэгдлийн тамгын дарж баталгаажуулаагүй, тухайн тушаалууд нь архиваас олдоогүй, эргэлзээтэй байгаа тул Хөдөлмөрийн дэвтрийн энэхүү бичилт нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
6.2.3.Хүсэлт гаргагч Б.К нь 1989 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 023 дугаар ангид алба хааж, 1991 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 626487 дугаартай цэргийн батлахтай халагдсан нь 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан олгосон Батлан хамгаалахын төв архивын Хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Цэргийн батлах-аар тус тус нотлогдож байна.
6.2.4.Хүсэлт гаргагч Б.Кы Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдлийн даргаас олгосон гэх 1985 оны 06 дугаар сарын 01-ний өдөр нээлгэсэн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр-ийн эх хувийг шүүхэд гаргаж өгөөгүй тул дарж баталгаажуулсан тамганы үгийг унших боломжгүй, 1985-1989 оны дуусталх хугацаанд ажилласан хоног, авсан хөлсний талаар бичилт хийгдсэн нь бодит байдалтай нийцэхгүй ямар эх сурвалжийг үндэслэн бичсэн нь тодорхой бус эргэлзээтэй, дээрх хууль ёсны нотлох баримтаар үгүйсгэгдэж байгаа тул энэ Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний Хөдөлмөрийн дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4, 38.5 дах хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийн үндэслэл болж чадахгүй болно.
Иймд хүсэлт гаргагч Б.К нь Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан нь хууль ёсны нотлох баримтаар тогтоогдохгүй байна.
7.Баян-Өлгий аймгийн архивын тасгаас хуулбарлан өгсөн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Бор бургас, Улаан хад хэсгийн 70 дугаар дансны 1990 оны цалин хөлсний баримт, Барилгын цэргийн 023 дугаар ангиас мужаан мэргэжлийн 3-р зэрэг олгосон 1991 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн №536 дугаартай Мэргэжлийн үнэмлэх, Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн №005 дугаар лавлагаа зэрэг нь цаг хугацаа огнооны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
Мөн Баян-Өлгий аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 481 дугаартай албан бичгээр хүргүүлсэн хүсэлт гаргагч Б.Кы ХААТР маягтууд нь цаг хугацааны хувьд энэ хүсэлтийн шаардлагад хамааралгүй болно.
8.Хүсэлт гаргагч Б.К нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
Дээрх нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Б.К Сэлэнгэ аймгийн Н Сангийн аж ахуйд тракторчинаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоолгох нь зүйтэй байна.
Харин хүсэлтийн шаардлагаас нотлох баримт байхгүй тул хүсэлт гаргагчийн Баян-Өлгий аймгийн Алтай сумын Я нэгдэлд тракторчинаар 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг дуустал ажилласан байдлыг тогтоолгохыг хүссэн хүсэлтийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-г баримтлан хүсэлт гаргагч И овогт Бн К Сэлэнгэ аймгийн Н Сангийн аж ахуйд тракторчинаар 1987 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс 1988 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажилласан байдлыг тогтоож, хүсэлтийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60 дугаар зүйлд зааснаар хүсэлт гаргагч Б.Кы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг хүсэлт гаргагч, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК