Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 21

 

 

 

 

 

 

2019          12             26                                          21                                                                      

 

Э.Б, Д.М, Ц.М,

Б.Ө нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч М.Алдар, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Н.Гэрэлмаа,

яллагдагч Э.Бий өмгөөлөгч Ц.Дэлгэрням,

яллагдагч Ц.М, Б.Ө нарын өмгөөлөгч Д.Баттулга,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/3363 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Э.Б, Д.М, Ц.М, Б.Ө нарт холбогдох 1806032920245 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Хотгойд овгийн Э.Б, 1990 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Монголын Үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 24 дүгээр хороо, хоршоолол 2 дугаар гудамжны, 2 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:УУ90122651/,

Дархчуул овгийн Д.М, 1964 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нислэгийн удирдагч мэргэжилтэй, Иргэний нисэхийн Ерөнхий газрын харьяа Нислэг хөдөлгөөн үйлчилгээний албаны хэсгийн дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 46-б байрны, 11 тоотод оршин суух бүртгэлтэй боловч, Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа 703-63 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЧМ64072473/,

  Шархай овгийн Ц.М, 1992 оны 3 дугаар сарын 4-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эксковаторчин мэргэжилтэй, Өмнөговь аймгийн Гурван тэс суманд “Хит констракшн” ХХК-д мужаан ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, амины орон сууц, 3 дугаар гудамжны, 230 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:НА92030411/,

  Сартуул овгийн Б.Ө, 1995 оны 7 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, эхийн хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, амины орон сууц, 3 дугаар гудамжны, 228 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: УХ95070370/,

  Яллагдагч Э.Бнь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Энхболд, Б.Ө, Ц.М нарыг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэн, зэвсэг тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Монгол бөхийн өргөөний эд хөрөнгө гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэрэг бусдаар үйлдүүлсэн,

  Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Батсуурийг тус байгууллагын менежерийн албан тушаалд томилж, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэж, Монгол бөхийн өргөөний эд хөрөнгө гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг бусдаар үйлдүүлсэн,

  Яллагдагч Д.Мнь “Монголын Үндэсний бөхийн холбоо” төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа, хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр тус холбооны хуулийн зөвлөх Э.Бийг Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Монгол бөхийн өргөөний эд хөрөнгө гэмтээх үйлдэлд өдөөн турхирч, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг бусдаар үйлдүүлсэн,

  Яллагдагч Ц.М нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Үндэсний бөхийн холбооны хуулийн зөвлөх Э.Бий хууль бус шийдвэрийг биелүүлж, бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Монгол бөхийн өргөөний эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан,

  Яллагдагч Б.Ө нь 2018 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр Монголын Үндэсний бөхийн холбооны хуулийн зөвлөх Э.Бий хууль бус шийдвэрийг биелүүлж, бусадтай бүлэглэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдад хүч хэрэглэн, зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, Монгол бөхийн өргөөний эд хөрөнгө гэмтээж, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Бий үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

“Хуулийн этгээдийн нэрийн өмнөөс 2018 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

Д.Мөнх-Эрдэнийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар,

Ц.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар

Б.Өын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Яллагдагч Э.Б, Д.М, Б.Ө, Ц.М нарт холбогдох хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасан тэдний өмгөөлөгч нарын хүсэлтүүд үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоогүй. Үүнд: Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нотлох зайлшгүй шаардлагатай байна. Мөн Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдэгдсэн бол хохирогч нь хэн болох, ямар нотлох баримтыг үндэслэн хохирогчоор тогтоож байгаа болох нь тодорхойгүй байна.

Иймд Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус  журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Б, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.М, Б.Ө, Ц.М нарт холбогдох хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор Н.Гэрэлмаа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхээргүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй ба мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт ямар ажиллагаа хийх нь тодорхойгүй байна.

Шүүхийн шийдвэрээс үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан “шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэж дүгнэж байна. Үүнд: Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, эд хөрөнгө устгаж гэмтээсний улмаас тус Бөхийн өргөөнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжийн эд хөрөнгө өмчлөх эрхийг зөрчиж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн хэвийн үйл ажиллагаа, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдсон ба хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон. Хэрэгт Монгол Бөхийн өргөөнд гэрээ байгуулан, үйл ажиллагаа явуулдаг, хувь хүн, байгууллагын нэр бүхий хүмүүсийг хохирогчоор тогтоосон. Харин хохирогчоор тус холбооны нярав С.Олонбаярыг тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасантай нийцэхгүй, зөрчсөн гэх үндэслэл тогтоогдвол өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.11-д зааснаар шүүх нотлох баримтаар тооцохгүй байх боломжтой байна.

Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 3363 дугаартай шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлийг хангахгүй байх тул хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн...” гэв.

Яллагдагч Ц.М, Б.Ө нарын өмгөөлөгч Д.Баттулга тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх өмгөөлөгч миний хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Хохирогчоор хэнийг тогтоох вэ гэдгийг шалгах шаардлагатай. Өөрөөр хэлбэл, Монгол бөхийн өргөөний итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд нь хэн гэдэг нь тодорхойгүй. Үүнээс үүдэн Ц.М, Б.Ө нарын гаргасан үйлдэл гэм буруугийн санаа зорилго байгаа эсэхийг шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай. 2018 оны 4 дүгээр сарын 3-ны өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр томилогдсон эрх бүхий албан тушаалтнуудаас үүдэлтэйгээр, тодорхой хөлс амалсаны дагуу Ц.М, Б.Ө нар Монгол бөхийн өргөөний хаалгыг онгойлгосон асуудал байгаа. Тэгэхээр энэ нь нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахаар, шууд гэм буруугийн санаа зорилготойгоор тухайн хаалгыг эвдэлж орсон эсэх асуудал яригдана. Эдгээрийг тогтоолгүйгээр яллах дүгнэлт үйлдсэн нь ойлгомжгүй байна. Мөн хохирогчоор тогтоох асуудал байгаа. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй байсан учраас хэргийг прокурорт буцаасан шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

Яллагдагч Э.Бий өмгөөлөгч Ц.Дэлгэрням тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгтээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт заасныг журамлан...” гэж бичжээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт гэсэн заалт байхгүй. Энэ нь яллах дүгнэлтийн шаардлага хангаагүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангахгүй байна. Мөн прокурорын эсэргүүцэлд “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлд заасан...” гэж бичжээ. Энэ зүйлд нотлох баримтын тухай ойлголтыг буруу баримталж бичсэн. Үүнийг шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж байна. Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт очсоны дараа Монгол бөхийн өргөөний захирлыг албан ёсоор тогтоосон атал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөлийг тогтоох ёстой. Монгол бөхий өргөөний хууль ёсны эзэмшигч буюу эрх бүхий албан тушаалтныг хэн бэ гэдгийг тогтоогоогүй. Улсын Дээд шүүхээр энэ талаарх асуудлыг хэлэлцэж тогтоосон байхад, яллах талыг баримтлан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, прокурор ч мөн хяналт тавиагүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийн бодит байдлыг тогтоох ёстой. Мөн хуулийн 2 дахь заалтад заасан “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасныг хэрэгжүүлээгүй. Улсын дээд шүүхийн 2018 оны 11 сарын 10-ны өдрийн 715 дугаартай тогтоолоор Нямдорж гэх хүнийг тэргүүнээр бүртгэснийг хүчингүй болгосон. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 483 дугаартай гүйцэтгэх хуудасны дагуу гүйцэтгэх ажиллагаа явагдаж, Л.Чинбатыг тэргүүнээр сонгосон. Энэ асуудлыг зөв тогтоолгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Мөн хүчин төгөлдөр бус тамга тэмдгийг ашиглаж, албан бичгүүд гаргаж байгааг шалгаж тогтоогоогүй. Гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээллийг удаа дараа өгсөн боловч үүнийг шалгаагүй. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэхэд, яллагдагч Э.Б, Д.М, Ц.М, Б.Ө нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд, мөрдөн шалгах ажиллагааг гүйцэд хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг гүйцэд тогтоогоогүй, уг ажиллагааг  шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж дүгнэн мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй байна.

Хэргийн материалыг судлан үзэхэд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан заалтыг мөрдөгч, прокурор хэрэгжүүлээгүй байх бөгөөд хэргийн бодит байдлыг буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж, эргэлзээгүй байдлаар тогтоогоогүй байх тул мөрдөн шалгах ажиллагааны явцад дараах байдлыг шалгах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. Үүнд:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэрэг гарсан байдал”-ыг бүрэн тогтоох шаардлагатай.

Тухайлбал, прокурорын яллах дүгнэлтэд “...Д.М, Э.Бнарыг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс...” гэж бичсэн нь ойлгомжгүй, тодорхойгүй бөгөөд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс уг үйлдлийг хийснээр тэдгээрийн эрх зүйн байдалд хөнгөрүүлэх, хүндрүүлэх ямар нөхцөл байдалд үйлдэгдсэн эсэхийг дүгнэх, мөн Эрүүгийн хуулийн 9 дүгээр бүлэгт хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой хуульчилсан. Д.М, Э.Бнар нь хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан мөн эсэх, тэдний үйлдэлд хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө хийсэн үйлдэл, эс үйлдэхүй байгаа эсэх, хуулийн этгээдийг тогтоон хариуцлага хүлээлгэх үндэслэлийг тодорхой болгох,

2. Мөн тухайн гэмт хэргийн хохирогчийг зөв тогтоох,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэгт хамтран оролцсон оролцооны хэлбэрийг яллагдагч нэг бүрээр зөв тогтоох шаардлагатай.

Энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэх Б.Энхболд, Х.Батсуурь нарт холбогдох яллагдагчаар татсан тогтоолуудыг хүчингүй болгож, хэрэг бүртгэлтэд буцаасан /3хх-217-218/ үндэслэл тодорхойгүй байх тул хэргийг нэг мөр шалгаж шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэхүү магадлалд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг бүрэн гүйцэд, нэг мөр хийж ирүүлбэл зохино.  

Дээрх үндэслэлээр яллагдагч Э.Б, Д.М, Ц.М, Б.Ө нарт холбогдох хэргийг прокурорт буцаасан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/3363 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 2019/ШЗ/3363 дугаартай шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор Н.Гэрэлмаагийн бичсэн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 130 дугаартай прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

                        ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ